“Дайсны хохирол нь бидэнд маш хэрэгтэй зүйл юм. Хэдийгээр энэ өдрүүдэд цаг агаарын таагүй байдал, бороо хур нь бидний ажлыг хүндрүүлж байгаа ч гэсэн манай цэргүүдийн бат хамгаалалт үр дүнгээ өгч байна. Одоо тулалдаж байгаа бүх хүнд, биднийг дэмжиж байгаа хүмүүст баярлалаа. Бид үйл ажиллагааны давамгай байдлаа хадгалан бэхжүүлж байна. Ялангуяа Бахмут хотынхонд талархаж байна, бид энэ чиглэлд хяналтаа нэмэгдүүлэх болно. Залуустаа, бас эзлэгдсэн тосгодын орон нутгийн хууль ёсны байвал зохих газартаа эргэн ирж буй Украины туг бүрт баярлалаа” гэж Украины ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ. Орос Украины дайны талаар түүний баримталж ирсэн бодлогыг олон ургальч үзлийн үүднээс тайлбарласаар байна.

Замаасаа ухрах хэрэггүй

Хэдийгээр ерөнхийлөгчтэй үзэл бодлын талаар зөрчилдөх явдал үе үе гардаг ч ерөнхийдөө Зеленскийг дэмждэг Украины нэрт сэтгүүлч, 1100 хүнээс маш сонирхолтой ярилцлага авснаараа олны дунд алдаршсан Дмитрий Гордон хэдхэн жилийн өмнө нэг удаа түүнээс “Хэрэв ерөнхийлөгчөөр сонгогдвол та Украиныг болон дэлхий дахиныг юугаар гайхашруулах байсан бэ?” гэж асуужээ. Тухайн үед энэ асуултын хариулт тодорхой биш байсан гэж улс төр судлаачид үздэг.

Тэгэхэд Дмитрий Гордон мөн Зеленскийн хүүхэд ахуй үе, орь залуу насных нь өдрүүд, улс төрийн амьдралд оролцох болсон шалтгаантай нь холбоотой олон зүйл асуусан байдаг. Тухайлбал.... 

-Хоёулаа энэ удаа бага насны өдрүүдийг чинь нэг эргэн харж болох уу...

-Яагаад болохгүй гэж, харин ч надад таатай байна. 

-Эцэг эх  тань юу хийдэг хүмүүс вэ?

-Аав ээж минь миний амьдралын гол хүмүүс , ялангуяа эхнэр хүүхэд гээд гэр бүлтэй болоогүй байсан үед бүр ч чухал байсан. Одоо ч гэсэн тэд миний хувьд намайг хайрладаг, дэмждэг, ойлгодог онцгой хүмүүс юм. Тэд миний суурь хүмүүжил, ертөнцийг мэдрэх мэдрэмжийг бий болгохыг хичээж, худал хуурмаг зүйлийн эсрэг байхыг ойлгуулахыг чармайж ирсэн. Аав маань профессор, их сургуулийн мэдээлэл зүй, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч, энгийн үгээр бол математикч хүн. Олон шавьтай, тэдний ихэнх нь хилийн чанадад ажиллаж байна. Ээж инженер, 40  жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.

-Багадаа Кривой Рог хотын сургуульд сурдаг байсан уу...

-Тийм. Гэхдээ нэгдүгээр ангиа Монголд төгсгөсөн. Ер нь би Монголд дөрвөн жил  байсан. Аав тэнд 20-иод жил ажиллаж, аварга том Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад оролцсон юм. Харин яг ямар ажил хийдэг талаар нь бусдад ярихыг зөвшөөрдөггүй байсан...

-Тэр үеийн талаар ой тойнд чинь үлдсэн ярьж болох дурсамж байгаа байлгүй...

-Тэгэлгүй яахав. Эрдэнэт сайхан газар. Гэхдээ цаг агаар нь тогтворгүй, ширүүн уур амьсгалтай. Жишээ нь,тэнд газарзүйн байршилаар нь дээд доод гэж нэрлэсэн хоёр дэлгүүр байдаг байлаа. Би нэг зун аав ээж хоёроо ажилдаа явсан хойгуур дэлгүүр орохоор  гэрийнхээ түлхүүрийг хүзүүнээсээ зүүгээд, богино өмдтэй гадагшаа гараад явж байсан чинь гэнэт цас орсон. Ингэж л цаг агаар нь өөрчлөгддөг газар байсан. 

-Монголоор ярьж сурсан уу ?

-Бараг үгүй дээ.  Одоо “байхгүй” гэдэг үгийг л сайн санаж байна.  Тэнд дэлгүүрт ороход олон юм байхгүй байдаг байсан. Тухайн үеийн ЗХУ-аас Эрдэнэтэд хүнсний зүйл байнга ирүүлдэг байлаа. Нэг удаа дэлгүүрт тарвас ирээд хүмүүс авах гэж урт дараалал үүсгэсэн. Би ч гэсэн авах санаатай тэнд зогссон. Тэгтэл яг намайг авахын даваан дээр тарвас дуусчихлаа. Би уйлсан чинь ээж “зүгээр ээ сарын дараа дахиад ирэхэд нь авчихад болно” гэж  намайг тайтгаруулсан. Харин аав маань надад хонины мах мөнгөн цаасаар ороогоод гал дээр шарж өгдөг байсан. Ямар сайхан амттай гээч...Ааваараа дандаа мах шаруулж иддэг байлаа. Бас би айраг ууж үзсэн. Ер нь тэнд сайхан байсан шүү. Харамсалтай нь, ээжийн бие муудаад, ээж бид хоёр Кривой Рог хотдоо эргэж ирсэн дээ...

-Энэ хотод англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд суралцаж төгссөн байх...

-Тийм л дээ. Манай сургууль их сайн сургууль.Тэнд би англи хэл сайн сурч чадсан. Ахлах ангиа төгсөх жилээ Израильд тэтгэлэгээр суралцахаар шалгарсан хэдий ч аав намайг гаднын орон руу явахыг зөвшөөрөөгүй. Нэг үе Москвад Олон Улсын Харилцааны Дээд сургуульд суралцахыг мөрөөдөж шалгалтад бэлтгэж байлаа. Харин аав минь намайг одоогийн хэллэгээр Ай Ти-гийн инженер болгох сонирхолтой байсан. Гэвч дипломатч ч, инженер ч болсонгүй. Ер нь бол тэгэхэд хотынхоо залуустай нийлж гадуур явж,хөгжим сонсож, тоглолт үзэх нь илүү таалагддаг байлаа. Тэгээд би Киевийн эдийн засгийн үндэсний нх сургуулийн Кривой Рог хот дахь хуулийн салбарт суралцаж, хуульч мэргэжилтэй болсон. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй.

-Оюутан байхдаа л олны танил болсон.

-Оюутан байхдаа телевизийн “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” нэвтрүүлэгт оролцож байсныг хэлж байна уу. Би ангийнхаа охидыг инээлгэх гэж элдэв янзын хошин шог юм ярьж, заримдаа алиалдаг байсан. Тэгээд ч тэр үү, энэ нь сайн дасгал болж, найзуудтайгаа оролцсон телевизийн тэр нэвтрүүлэг минь амжилтад хүрч цаашдаа шоу ертөнцөд хөл тавих боломж олгосон. Олны анхаарлыг татаж чадсан.

-Елена ч бас тэр нэвтрүүлгийг үздэг байсан байх....

-Магадгүй. Еленагийн анхаарлыг татах гэж хичээдэг байснаа санаж байна. Тэр манай сургуулийн зэргэлдээ ангид сурдаг байсан. Бид хоёр найман жил үерхээд дараа нь гэрлэсэн, охин хүү хоёртой болсон.

-Хэдийгээр мэргэжлээрээ ажиллаагүй ч гэсэн олонд алдартай жүжигчин, хөтлөгч, кино найруулагч,продюсер,”Квартал 95 студи”-ийн уран сайхны удирдагч болж чадсан шүү дээ. Үүнд эхнэр тань нөлөөлсөн үү?

-Үгүй гэж хэлж чадахгүй. Елена архитекторч болсон хэдий ч бас л над шиг мэргэжлээрээ ажиллаагүй. “Квартал 95 студи”-ийн зохиолчоор ажилладаг, бас “Слуга народа”теле цувралын зохиолч нь байсан. Өөрөөр хэлэхэд, бид хоёр нэг зорилготой хамтран ажиллаж ирсэн.Тэр миний бизнесийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэсэн хүн. ”Квартал 95 студи”-ийн ачаар Европын Холбооны бүх улсаар явсан.

-Та хоёрын өссөн Кривой Рог  ямар хот вэ?

-1990-ээд оны дээрэмчдийн хот... за,за наргиан /инээв/. Жижигхэн хот ,хүмүүс нь эвтэй, тусархуу сайхан сэтгэлтэй. Бидний байгуулсан студи “Квартал 95” гэдэг чинь манай хотын нэг дүүргийн нэр. Энэ хотод төрж өссөнөөрөө бид бахархдаг. Энд миний өвөг дээдсийг нутаглуулсан, аав ээж минь ч эндэхийн уугуул. Харин нэг үе манай хотын залуус хуулийг  дээдлэн сахихдаа тааруухан байлаа. Гэхдээ энд хууль журмаар тогтоогоогүй дүрмүүд үйлчилдэг байсан. Жишээ нь, охид бүсгүйчүүдтэй цуг яваа хүнийг өддөггүй, мөн залуус ээмэг зүүх ёстой гэх мэт... Тийм болохоор би гадуур Еленаг дагуулж явах дуртай, бас ээмэг зүүдэг байсан. Харин одоо миний чихэнд ээмэг зүүсэний ором л үлдсэн.

-Түрүүнд “Слуга народа”теле цувралын тухай цухас дурдсан... Тэр үед телевизэд ажилладаг байсныг тань санаж  байна.Тэндэхийн ажилтнуудтай хэр таарамжтай байсан вэ?

-Би нэг үе төв телевизийг оруулаад зургаан телевизийн сувгийн топ менежерээр ажилладаг байлаа.Тэгэхэд мэдээллийн албаныхантай байнга зөрчилддөг байсан. Тэндэхийн удирдлагууд “Чамд мэдээ, ер нь манайхны хөтөлбөр ямар ч хамаагүй. Чи зүгээр л өмнөх ажлаа хийж яв гэдэг байлаа”. Би ч мөчөөгөө өгөхгүй.  “Энэ бүхэн чинь телевизийн өнгө төрхөд нөлөөлнө. Үзэгчид мэдээллийг хүлээж авахдаа дүн шинжилгээ хийдэг” гэж хэлдэг байлаа. Тэгээд ч  удаагүй тэндээс гарсан.

-Шоу ертөнцөд явуулсан олон талт өргөн хүрээтэй ажлаараа алдаршиж чадсан хүний хувьд оросод ч хангалттай нэрд гарсан. Ингэхэд оросуудтай амжилттай хамтран ажиллаагүй гэж сонссон юм байна...

-Үнэн. Биднээс хамтран ажиллахыг оросын тал хүссэн юм. Тэгээд би нэлээн хэдэн жил  Москвад амьдарсан .Бидний бизнес бүтэлгүйдсэн. Үүний улмаас дээд тал нь 150-200-гаад мянган ам.долларын алдагдал хүлээсэн. Тэр ч яахав,нэг удаа Москвад кафенд  байхдаа хүмүүстэй ярьж суугаад ам зөрсөн. Тэд Крым, Донецкийг  Оросын мэдлийн газар нутаг,  Украиных биш гэж хэлснээс болж бид маргалдсан. Бидний маргааныг цагдаа ирж зохицуулсанаар дууссан даа. Тэгээд ч би удалгүй оросоос явсан. 

-Дахиж Москва яваагүй юу?

-Үгүй, манай гэр бүлийн хүний үеэл Москвад суурьшаад удаж байгаа юм. Хэдэн удаа биднийг урьсан боловч очиж чадаагүй. Бизнесийн түншүүд хамтран ажиллах санал тавьж байсан хэдий ч би татгалзсан.

-Шоу бизнесийнхээ амжилтын хүчээр дэлхийн талыг тойрсон хүн. Ямар улс орон сэтгэлийг тань хамгийн их татсан бэ?

-Швейцар. Тэндэхийн амьдралын түвшин таалагдсан... 

-Мөн цаг,бяслаг нь уу ?

-Юу ярина вэ... Манай бяслаг сайн шүү дээ. Тэднийхээс дутах юмгүй. Хамгийн гол нь банк санхүү, хуулийн систем нь гайхалтай уян хатан  яг л хүний тусын тулд үйлчилдэг. Үүнээс санаа авах юм их бий ялангуяа Украинд...

-Улс төрийн амьдралд оролцох болсон бас нэг шалтгаан тань үүнтэй холбоотой юу. Нэг үгээр хэлэхэд бусад оронд харсан үзсэн сайн бүхнийг энд бий болгох гэж үү?

-Яг тэгж хэлж болохгүй л дээ. Надад тохиолдсон нэг явдлыг хэлье. Анх Прошенког ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд би түүнийг идэвхтэй дэмжигчдийн нэг байсан. Тэр ч байтугай түүнийг дэмжихийг бусдад уриалж байлаа. Харин тэр ерөнхийлөгч болсныхоо дараахан бидний хэдэн хүнийг дуудаж уулзлаа. Тэгэхэд л урам хугарсан юм. Яагаад гэвэл тэрээр бидэнд “Улс орон даяар нэрд гарсан шилдгийн шилдэг та нөхөдтэй уулзсаны учир гэвэл удахгүй болох парламентын сонгуульд нэрээ дэвшүүлээрэй гэж хэлэх гэсэн юм. Үүний тулд манай намд ч орж болно шүү дээ” гэлээ. Би хувьдаа санаандгүй ийм юм сонссондоо эхлээд гайхсан, дараа нь хэрэв сонгуульд оролцохоор бол юу хийх хэрэгтэй вэ гэж бодсон. Эндээс л улс төрийн амьдралд оролцохоор шийдсэн байх. Өөр олон хүчин зүйл нөлөөлсөнийг ч  үгүйсгэх аргагүй.

-Харин  сонгуульд нэр дэвшсэний тань дараа олон хүн жирийн нэг “алиалагч” ерөнхийлөгч байж болох юм  уу гэж эргэлзсэн ... 

-Яагаад болохгүй гэж? Дэлхийд нэрээ дуурсгасан гайхамшигт алиалагч Чарли Чаплин цагтаа фашизмын эсрэг тэмцэж л байсан. Ер нь алиалагч ч бай, хэн ч бай улс төрийн тэмцэлд оролцож болно шүү дээ. Би тулаанд оролцохоор шийдсэн бол тэрнээсээ гардаггүй. Ялагдаж болно, гэхдээ тулааныг дундаас нь орхих ёсгүй. Цагаан туг миний барих туг биш гэж боддог. 

Эдүгээ 45 настай ерөнхийлөгч В.А.Зеленскийг Украины бие даасан байдлыг бэхжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд мөн тус орныг хүчирхэг армитай болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулсан. Энэ чиглэлд чамлахааргүй амжилт гаргасан. Гэхдээ түүнд гаргасан алдаа, хийх ёстой их ажил бий. Ялангуяа,Орос Украины зөрчилтэй асуудлыг дайнд хүргэлгүй шийдэх гарц хайх ёстой байсан ч цаг алдсан гэж “Free Europe”радио тэмдэглэжээ. 

Гэвч дэлхий дахинд Зеленскийн нэр хүнд өсч буйг дараах үйл явдал харуулж байна.  Жишээ нь, Польшийн палеонтологчдын  анги 2022 оны долоодугаар сарын 20-нд бүртгэж авсан шинэ амьтны төрөл болох эртний далайн сараана цэцгээ  “Эрх чөлөөт Украиныг хамгаалахад эр зориг ,зүрх сэтгэл гаргасаных нь төлөө” Владимир Зеленскийн нэрээр нэрлэжээ. Мөн Зеленскийг “Украины хүсэл зориг”-ийг илэрхийлэгч хүмүүсийн хамтаар Америкийн “Time” сэтгүүл 2022 оны арванхоёрдугаар сарын 07-нд “Оны хүн”-ээр тодруулсан байна. Орос Украинд довтлоход Зеленский Киевээс гаралгүй үлдэх шийдвэр гаргасан нь тус орны цаашдын хувь заяаг тодорхойлох үйлдэл болсон гэж тус сэтгүүлийн газар үзжээ.

Украины ерөнхийлөгчийн үйл ажиллагаа цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз. Юутай ч түүний сонгуульт хугацаа ирэх онд дуусна. Украины  үндсэн хуулийн дагуу тус орны ерөнхийлөгчийн ээлжит  сонгууль 2024 оны гуравдугаар сарын 31-нд болно. Тэр үед Зеленский нэр дэвших эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
П.Соёлдэлгэр

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав