Улс төр бужигнаж, ээлжит Засгийн газар уналаа. Их улс төрд иймэрхүү "газар хөдлөлт" болох дүйвээнээр дээр дооргүй хөл толгойгүй баахан юм болдог нь тэртэй тэргүй шинэ зүйл биш. Гэхдээ энэ удаа хэрээс хэтэрсэн хөгийн явдлууд арай ч илүү болж байх шиг.
Том улс төрийн толинд дүрс нь тэр бүр тодорч үзэгддэггүй ч том мөнгөний тоглоомон дунд гашуунаар хэлэхэд боолын хөдөлмөр эрхэлж амь зогоогсод ийм үеэр эзнийхээ хамгийн муухай зараалд тохоогдож, үхэх сэхэхээ мэдэхгүй нүдээ анин зүтгэх нэгэн эмгэнэлт үеийг туулдаг аж. Юун нөгөө алгын чинээ нүүр, эрхийн чинээ нэрийг бодох. Нэгэнт л хувь заяа түүний амьдралыг "Босс"-ын сүүдэрт зурж өгсөн болохоор тэрэнтэйгээ айхтар сүрхий эвлэрч авсан бололтой юм. Мөн ч олон мөрийн сайхан хүмүүсийг энэ хувь зохиол баллаж хаяжээ.
Үүний нэгэн жишээнээс иш татъя.
Маргааш нь огцрох гэж байсан нэг "сайд" харанхуй шөнөөр нойр хоолоо хугаслан яам руугаа гүйж очоод бушуухан нэгэн агентлагийн захирлаа огцруулах оролдлого хийгээд авчээ. Яг нөгөө чоно борооноор гэдэг шиг. Хэдхэн цагийн дараа үүр хаяарч, өглөө ирнэ. Хэдхэн цагийн дараа өөрөө сайд биш үүрэг гүйцэтгэгч болон хувирна. Нөхцөл байдал хамгийн тодорхой руу аль эрт эргэчихсэн, таксины жолооч нар хүртэл дараагийн танхимын бүтцийг таалцан ярилцаж байхад тэр "сайд" юу бодож тийм алхам хийгээд зогсч байдаг юм бол. Яаж ч бодсон хэвийн хүлээж авах аргагүй ийм үйл явдал болжээ.
Үйлдвэр, худалдааны яамны "сайд" Ц.Даваадорж гэдэг хүн үүрэг гүйцэтгэгч болохоосоо хэдхэн цагийн өмнө Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болдыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, түүнийгээ өөрийн биеэр очиж ажилтнуудад нь танилцуулсан дээрх ойлгомжгүй хошин гараа өнөөгийн төрд нүүрлээд буй нэгэн том согогийн жишээ юм. Учир нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргыг Үйлдвэр, худалдааны сайд биш Ерөнхий сайд томилдог. Энэ явдал өнгөн талаасаа төрт ёсонд суралцаж амжаагүй нэг сайд нь хөнгөдөөд Засгийн газрынхаа эсрэг шийдвэр гаргачихаж байгаа төдийхнөөр хялбархан харагдаж ч болно. Гэвч энэ бол төрийн албаны хууль зөрчсөн энэ тэр гэсэн албаны талын цонхоор биш ерөөсөө хүний ёсны үүднээс харахад муухай явдал. Улс төрийн ээдрээтэй, бэрх нөхцөл байдлын улмаас шахаанд орон унаж байгаа Ерөнхий сайдаа хэн ч биш болчихлоо гэж үзэн том толгойлж, нуруугаа ч харуулж амжаагүй байхад нь дур мэдэн тэрсэлсэн хүний үнэргүй явдал. Өөрөө үүрэг гүйцэтгэгч болж байж өрөөлийг халж солино хэмээн хийрхэж яваа нэг жижиг гарын зараалын гүйцэтгэгчийн эрээгүй гишгэдэл. Цааш нь ухвал Үйлдвэр, худалдааны яамыг өөрийн орон гэрээ юм шиг өмчлөөд авчихсан Буянгийн Жагаа хэмээх хэнээтийн хийж байгаа ажил. Ийм бохир ажлыг тэр л хийж чадна.
Нэг хүний нам байгуулан улс төрд тоглож, нэг хэсэгтээ саарал байшинд толгой хоргодож яваа энэ хүн төрийн яамыг мөн л нэг хүнийх болгон шоглож гадна дотныхны өмнө Монголын төрийг нүүр хийх газаргүй болгоод байна.
Энэ гудамжнаас ирсэн улстөрч Монголын төрийг гадна дотно элдвийн эмчилгээ дутуу эрхмүүд төлөөлж болдгийг олон нийтэд үзүүлсний сонгодог жишээ болжээ. Буянгийн Жагаагийн хувийн ааш аягаар төрийн нэр нүүр хэмжигдэж, хөрөнгө оруулагчид гайхаж мэгдээд гар барив уу, үгүй юу хаалга руу эргэж харахгүй алхдаг байсан. Тэр төрийн орой руу хэн ч авираад хүрчихдэг гэсэн нэгэн болчимгүй ойлголтыг тогтоож, улс төр рүү төрөл бүрийн "галзуу" хүмүүс шургах гэдэг вирусыг түгээснээрээ л хангалттай балаг тарьсан. МАХН энэ байдлыг таслан зогсоохын оронд төрийн сайдын сэнтийг бүр залгамжлуулан түрээсэлж Монгол төрийн боловсон хүчний бодлогыг гадаа гаргаж чулуудсан. Боловсон хүчнээр хахаж байдаг хэмээн аархдаг энэ намд Буянгийн Жагаагаас өөр түнш олдохгүй байна гэхэд дэндүү үнэмшилгүй.
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав