НДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг "Ярилцъя” буланд зочилж байр сууриа илэрхийллээ.

-Фенгшүгийн Ганбаатар талбай дээр хэдэн өдөр сууж байгаад буух шиг боллоо. Энэ удаа нийгмийн даатгал тойрсон сэдэв барьж авсан юм шиг байна. Үнэхээр асуудал хөндөж байгаа юм уу, ээлжит тоглолтоо хийсэн юм уу. Энэ талаар сонирхох гэж л...?

-Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарын тавьсан шаардлага бол уг нь зөв. Тэр шаардлага нь үндсэндээ хангагдсан гэсэн үүднээс С.Ганбаатар ерөнхийлөгч суултаа зогсоосон байгаа.  Ямар үр дүнд хүрсэн бэ гэж мэдээж та асуух байх. Энэ бол үе үеийн Засгийн газруудын үед нэлээн урт хугацааны турш шийдэгдэж чадаагүй яваад байсан асуудал гэдгийг мэдээж ойлгож байгаа байх гэж бодож байна. Гэхдээ энэ удаа бид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, ажил олгогчид, үйлдвэрчний байгууллага бүгдээрээ хамтарч ажиллаад, 1,7 их наяд төгрөг энэ хүмүүсийн нэрийн дансан дээр бүртгэгдсэн байгаа юм байнаа гэдгийг баталгаажуулсан. Энэ суулттай холбосон холбоогүй  энэ бол үнэхээр том амжилт.

-Миний авсан мэдээллээр бол тэр суултын шоу эхлэхээс өмнө, урд өдөр нь та нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм биш үү?

-Суулт эхлэхийнх нь өмнөх өдөр бид баталгаажуулаад зурчихсан байсан нь үнэн. Уг нь бол тийм. С.Ганбаатар ерөнхийлөгчийн хөндөж ярьж байгаа асуудал нь зөв мөртлөө зарим зүйл дээр буруу ойлголт түгээж байсан нь бас үнэн. Банкинд хүний харилцах данс байж байдаг. Тэр харилцах дансны цаана мөнгө нь байршаад байж байдаг. Гэхдээ харилцагч нэг өдөр мөнгөө авах гээд ирэхээр нь чиний мөнгө энэ байна гээд аваад өгчихдөг зүйл биш. Банк бол ерөөсөө бүх мөнгийг аваад цааш нь эдийн засгийн эргэлтэнд оруулдаг газар. Мэдээж тухайн хүний нэр дээрх бүртгэлийг нь хийгээд явж байдаг. Тэгээд харилцагч хэзээ нэгэн цагт миний мөнгө хэрэг боллоо гээд хүсэхэд нь анхных нь хүсэлтээр май гээд гаргаад өгчихдөг. Хамгийн энгийн утганд шилжүүлж тайлбарлахад ийм юм.  Манай нэрийн дансанд байгаа мөнгө бол яг үүнтэй адилхан. Ерөөсөө л тухайн хүний нэр дээр хэдэн төгрөгний шимтгэл төлсөн юм. Тэр нь тухайн жилд хэдэн хувиар өссөн юм. Энэ явцыг бүртгээд л явж байна. Бүртгэлийн үүргийг банк хүлээдэгтэй адилхан манай Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ) тэр үүргийг хүлээнэ. 1,7 их наяд төгрөг гэдэг бол 1960 оноос хойш төрсөн  хүмүүсийн төлсөн бүх шимтгэл, жилийн өсөлтүүдийг нэмж нэгтгэсэн нэрийн дансных нь нийлбэр дүн юм.

-Хэдэн хүний нэрийн дансны нийлбэр дүн юм бэ?

-721 мянган хүний. Жаран оноос хойш төрсөн ажил хийж байгаа хүмүүсийн төлсөн шимтгэл ингээд бодогдоод гараад ирсэн гэсэн үг. Үүнийгээ баталгаажуулж аваад, тал талаасаа тохиролцоод тэр хүний дансанд тэдэн төгрөг байна шүү гэж баталгаауулсан нь өөрөө том амжилт болж байгаа юм. Одоо нэг их удахгүй манай НДЕГ-аас 1960 оноос төрсөн хүн болгонд нэрийн хуудасных нь мэдээлэх хуудас гэж очно. Түүн дээр хэдэн оноос хойш шимтгэл төлсөн юм. Хэдэн төгрөг төлсөн юм. Төлсөн шимтгэл чинь хэдэн төгрөгөөр өссөн юм бүгдийг дэлгэрэнгүй бүртгэсэн мэдээлэл очно.

-Наадах чинь ёстой гоё мэдээ байна ?

-Бүр тодруулбал таны нэрийн дансанд тэдэн төгрөг байнаа гээд ил тод гараад ирнэ. Тэгэхээр 2015 онд юм уу, 2020 онд 1960 оноос хойш төрсөн хүмүүс тэтгэвэрээ тогтоолгоод тэтгэвэртээ гараад эхлэхэд тэр хүний нэрийн дансанд бүртгэгдсэн мөнгө буцаад нөгөө хүндээ очно гэсэн үг. Тэгж очуулахын тулд санхүүжилтыг нь хэн хийх юм, тухайн үед хэдэн төгрөг хэрэг болох юм гэх мэт энэ талын бүх асуудлууд одоо олон нийтийн анхааралд оччихсон байгаа. Засгийн газар, УИХ бүгдээрээ ийшээ анхаараад, үүнийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг гарцыг хайгаад ажиллацгааж байгаа. Энэ мөнгө бол яг банк харилцахынхаа дансанд байгаа мөнгийг тухайн харилцагч хэзээ авна гэж хүсэхэд нь өгдөгтэй адилхан. Өөрөөр хэлбэл энэ хуримтлагдсан мөнгийг хэзээ хуулийнхаа дагуу нөгөө төлсөн иргэн маань тэтгэвэрээ тогтоолгоод, шаардлагаа хангаад авъя гээд ирнэ, тэр цагт нь өгнө.  

-Өгнө гэсэн баталгааг хэн өгөх билээ?

-Өгөх баталгаа нь өөрөө төр шүү дээ. Тэр тооцоо судалгаа, бүртгэлийг бүгдийг нь НДЕГ хийчихсэн. 1,7 их наяд төгрөг өөрөө нэг өдөр бүх хүнд тэтгэвэр болоод оччих мөнгө биш. Энэ бол урт хугацаанд, 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн 2015 оноос хойш нэлээн урт хугацаанд төлөгдөх мөнгө. Яг 2015, 2020 онд бол 1,7-гийн чинь дээд тал нь л 10 хүрэхгүй хувь нь тухайн жилдээ зарцуулагдана гэсэн үг.           

-Маш том шинэчлэлийн бодлого хэрэгжих бэлтгэл хангагдаж байгаа юм байна. Тэгээд яагаад танай салбарыг тойроод баахан асуултын тэмдэг улалзуулаад байгаа юм бэ?

-Нийгмийн даатгал нь хэдийгээр зарим хүмүүсийн нүдэнд сонирхолгүй харагддаг ч хувь хүний хамгийн эмзэг асуудлыг тээж байдаг салбар шүү дээ. Ирээдүйд орлогогүй болчихвол яах вэ, ирээдүйд эрсдэлд орчихвол би яах вэ гэсэн асуулт бол хамгийн эмзэг асуулт. Хийсч ирдэг гай хэзээ тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Тэр үед энэ чинь өөрөө амьдралын баталгаа болно гэдгийг бүх хүмүүс ухамсарлачихсан учраас одоо энэ байгууллага анхаарлын төвд орж ирж байгаа байх.  Одоо хүмүүс тэр дансан дахь мөнгө байна уу, үгүй юу гэдэг талаар ярих нь багасчихсан. Харин энэ салбар шилжилт хийх гээд байгаа юм байна. Шинэ тогтолцоо нэвтрүүлэх гээд байгаа юм байна. Тэр тогтолцоо нь юу вэ гэдгийг илүү сонирхоод эхэлчихсэн.

-Сүүлийн үед манайхан ямар нэг салбарыг шүүмжлэхдээ тогтолцоо болохгүй байна гэсэн ерөнхий тайлбарыг их хийдэг болсон. Иймэрхүү углуургатай хийрхүүдүү шүүмжлэлийг сониныхон танайх руу илгээгээд байгаа юм биш биз. Уг нь бол удаан ч гэсэн жамын гэх хөгжлийн явц урагшилж л байгаа шүү дээ?

-Би бол манайх руу дайрах гэсэн л санаа гэх маягаар асуудлыг хүлээж авахгүй байгаа. Ерөөсөө энэ нь өөрөө олон хүнийг хамарсан нийгмийн нэлээн эмзэг асуудлын нэг учраас манай хэвлэлүүд ач холбогдол өгөөд олон нийтийн анхаарлыг ийш нь татах зорилгоор хандсан болов уу. Ерөөсөө манайхны өнөөдрийг хүртэл явж ирсэн энэ тогтолцоо нь өөрөө миний төлж байгаа шимтгэл өөр хүнд тэтгэвэр болоод л оччихдог тогтолцоо. Бидний нэвтрүүлэх гээд байгаа тэр хуримтлалын тогтолцоо бол миний төлсөн шимтгэл надад болон миний гэр бүлд баталгаатай очдог тэр л тогтолцоо юм. Энэ бол хамгийн шударга тогтолцоо. Би өөрөө тэнхлүүн явах үедээ ирээдүйд учрах харих насандаа хэрэглэнээ гээд цааш нь хийгээд, шимтгэлээ төлөөд байна. Тэр мөнгө маань хуримтлагдаад  байна. Зах зээлийнхээ үнэ ханшийг алдахгүйгээр өсөөд байна. Ингээд ядраад ирэхийн цагт тэтгэвэрт гараад, ажил хөдөлмөр хийх чадалгүй болсон үедээ тэр мөнгөө би буцааж авч иднээ дээ. Тэгэхээр нэгэнт энэ  миний төлсөн мөнгө. Бас дээр нь үнэ ханшаа алдахгүй, өсчихсөн мөнгө. Энэ бол миний л хөрөнгө гэсэн үг биш гэж үү. Одоо манайхны зарим нь яриад байна л даа. 60 хүртлээ шимтгэл төлж яваад, арай гэж тэтгэвэртээ гараад л...  

-61-тэй чад хийнэ гэж үү?

-Тийм, 61-тэй чад хийчихээр ямар ашиг тус нь байгаа юм бэ гэж. Одоогийн энэ яриад байгаа миний тэр мөнгө, миний тэр хөрөнгө чинь би авч чаддаггүй юм гэхэд миний гэр бүлд зарцуулагдах боломжийг нь олгодог тэр хуримтлалын тогтолцоо гэдэг рүү л бид явж байгаа юм. Энэ хуримтлалын тогтолцоо руу орох явцыг ганц хоёрхон жилийн дотор шууруулаад л хийчихдэг юм бас биш ээ. 1999 онд анхны хууль гарсан. Хэрэгжээд найман жил явж байна.

-Саяны асуултаар би таны хэвлэл мэдээллийнхэнд ханддаг хандлагыг л тандсан юм ?

-Тийм үү.

-Та өрнөдөд боловсрол эзэмшсэн, шинэ удирдлагын төлөөллүүдийн нэг болохоор иймэрхүү юманд шинэ ханддаг бололтой?

-Баярлалаа.

-Ер нь бол энд явагдаж байгаа бодлогын шинэчлэлийг сурталчлах, таниулах, ойлгуулах ажил л шаарлагатай байгаа юм байна шүү дээ. Гэвч танайх өөрөө хэр нээлттэй байгууллага юм бэ?

-Тэгэхээр би хэлсэн. Аль 2000 оноос хэрэгжээд эхэлчихсэн нэрийн дансны хууль одоо ийм ашиг тустай, ийм байна шүү гэдгийг өнөө хүртэл найман жилийн хугацаанд яагаад ард түмэн бүрэн гүйцэд ойлгоогүй байгаа юм бэ. Яагаад даатгуулагч маань, мөнгөө өгч байгаа хүн маань юунд өгч байгаа юм бэ гэдгээ ойлгоогүй ирсэн юм бэ гэдгийг үнэхээр анхаарч үзэх цаг нь болсон. Гэхдээ одоо өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн арга барил маань зөв байж уу, буруу байж уу гэдгийг ярихаасаа илүү одоо байгаа харилцааны түвшиндээ ахиц гаргах уу үгүй юу гэдгээ л ярих хэрэгтэй байна. Тэгэхээр бид асуудлаа тайлбарлая, мэдээллийг нь өгье гэж нэлээд хичээж байгаа. Ярьж байгаа. Зарим тохиолдолд бидний ярьсан хэлсэн зүйл маань зөв ойлгогдох талаасаа биш эсрэг тал руу мушгигдсан хэлбэрээр цацагдах явдал гарч байна. Эсвэл нөгөө буруу талын мэдээллүүд нь сайн мэдээ болоод байдаг хэлбэрээр яваад байна уу даа гэсэн сэтгэгдэл төрдөг юм. Өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнтэйгээ бүгдийг нь урьж уулзаад, сайхан нээлттэй яриа дэлгэе, хүссэн мэдээллүүдийг нь өгье гэж уулзалт товлосон байсан ч ханиад томууны улмаас журам гараад больчихлоо. Удахгүй хорио цээр цуцлагдана биз. Тэр үед хийнээ.

-Асуудлаа дэлгэрэнгүй таниулсан семинар хийж болно. Та өөрөө  ч зангиагүй уулзалт хийж болно шүү дээ?

-Харин тийм.              

-Эсвэл ерөөсөө зангиа зүүдэггүй юм уу?

-Ер нь зангиа зүүдэг хүн л дээ. Харин сүүлийн үед зангиагүй байж болно гэсэн журам гарснаас хойш хааяа зүүхгүй байгаа. Гэхдээ бас тантай уулзахдаа энгийн, зангиа энэ тэр гэсэн албаны загваргүй байя гэж бодсон юм.

-Данс нь улайчихсан байна, болохоо байчихлаа гэсэн бачимдсан өнгөтэй дуулиан нэг хэрэг. Юм зөв чиг рүүгээ эргэсэн нь чухал шүү дээ. Надад бол тэгж л санагдаж байна?

-Ерөөсөө санд мөнгө нь байхгүй учраас энэ сан эрсдэлд орчихоод байна гэж шуугих нь хамгийн гол асуудал юм уу, энэ тогтолцоогоор шимтгэлээ төлөөд хураалгачихсан хүний тэтгэвэр ирээдүйд амьдралынх нь баталгаатай эх үүсвэр болж чадах уу үгүй юу гэдэг илүү чухал юм уу. Асуудлыг ойлгож, тунгааж, харилцан ярилцаж, зөвийг нь түшдэг харилцаа манай нийгэмд чухал байна. Хувиарлалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжсэн энэ түүхэн ахицыг, энэ тогтолцооны давуу талуудыг жишээ нь та бүхэн иргэдэд ойлгуулж өгмөөр байна. Тогтолцоогоо бид эрүүл, зөв авч явж чадахгүй бол энэ тогтолцооноос ухрахаас өөр арга зам байхгүй. Эргээд хувиарлалтын тогтолцоо руугаа орно. Тэр үед бол өвлөгдөх тухай асуудал ярихад хүндрэнэ, өөрөөр хэлбэл хуучин тогтолцоо руугаа буцаад очих магадлалтай.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав