Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв ТББ-ын хуульч Ч.Одончимэгтэй гэр бүлийн хүчирхийлэл, түүний шалтгаан, үр дагаврын тухай ярилцлаа. Тэрээр зарим тохиолдолд эцэг эхчүүд хүчирхийлэл үйлдэх орчин нөхцлийг санамсаргүй байдлаар хангаж өгч буйг онцолсон юм.
-Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийг ихэнх хүмүүс улсын байгууллага гэж андуурдаг байсан. Одоо ч гэсэн хэвээрээ юу?
-Тэр талаар сайн мэдэхгүй юм. Ер нь тийм тал ажиглагддаг шүү. Манай Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв 1995 оны зургаадугаар сарын 15-нд байгуулагдсан. Монголд байгуулагдсан анхны төрийн бус байгууллагуудын нэг гэхэд хилсдэхгүй. Хамгийн анх хуульч эмэгтэйчүүдийн холбооноос охид, бүсгүйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалах зорилгоор байгуулсан юм. Чиглэлийн хувьд хууль эрх зүй, сэтгэлзүй, нийгмийн ажил гэж явдаг. Ер нь аль ч түүхийн цаг үед хүчирхийллийг гэр бүл дотроо зохицуулдаг байсан. Олгой хагаравч тогоондоо гэсэн уламжлалт ойлголттой байсан гэх үү дээ. Зодуулсан ч тэвчээд л байж байдаг. Угаасаа амьдрал ийм байдаг гэсэн ойлголт бүр суучихсан. Гэтэл хүчирхийллийг хөндлөнгөөс оролцсон цагт л таслан зогсоодог юм шүү дээ. Аль эсвэл хэн нэгэн нь амь насаа алдсан тохиолдолд. Мөн хүчирхийлэл үйлдэгч зан үйл, хандлагаа өөрчилбөл бас зогсох боломжтой. Гэхдээ гэр бүл дотор үйлдэгдэж буй хүчирхийлэл амархан зогсдоггүй. Удаа дараа үйлдэгдэж, цаашаа улам даамжирдаг. Ихэнх хохирогчид хамгийн хайртай, дотнынхоо хүнд хүчирхийлүүлсэн байдаг.
-Жилээс жилд өсөж байгаа энэ гэр бүлийн хүчирхийлэл юунаас болж өсөөд байна вэ?
-Үүнд янз бүрийн шалтгаан бий. Дийлэнхдээ бол эрх мэдлийн тэнцвэргүй харилцаанаас үүдэлтэй байдаг. Ээж, аав нь үр хүүхдээ, нөхөр нь эхнэрээ хүчирхийлж байна. Энэ бол тухайн гэр бүлд хэн нь илүү эрх мэдэлтэй байна, тэр хүн хүчирхийлэл үйлдэж буйн илрэл юм. Архидалт, ядуурал, ажилгүйдэл бол зөвхөн суурь шалтгаан. Насанд хүрсэн эрэгтэй хүнийг эмэгтэй хүнд яагаад ч дийлэхгүй шүү дээ. Хүүхэд эцэг эхийнхээ өөдөөс эсэргүүцэл үзүүлнэ гэхээр хүч чадал, байр суурийн хувьд ч тэнцвэргүй болчхож байгаа юм. Ядуу хүн хүчирхийлэл үйлдэхгүй байж болно. Архи уудаг бүх хүн хүчирхийлэл үйлддэг гэвэл маш өрөөсгөл ойлголт шүү. Сүүлийн үед жендерт суурилсан хүчирхийлэл бас яригддаг болсон. Мөн дээр нь ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллүүд ч байсаар байна.
-Танай байгууллагад ихэвчлэн бага насны хүүхдүүд ирдэг үү?
-Сүүлийн үед аав ээж нь архины хамааралтай, анхаарал халамж тавьдаггүй хүүхдүүд их ирдэг болсон. Сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны охидууд ч гэсэн ирнэ. Архины хамааралтай болчихсон хүнд хүүхэд нь идэх хоолтой байна уу, даарч хөрч үү, сургуульдаа явж байна уу, үгүй юу гэдэг нь огт хамааралгүй болчихсон байдаг. Тэд энэ тухай боддог ч үгүй. Харин хүйтэн гэрт эсвэл гудамжинд хаягдсан хүүхэд бол амьдралын эрхээр, бор зүрхээрээ хүн болж байдаг. Манай дээр ирж байгаа энэ хүүхдүүдийн асран хамгаалагч, эцэг эх нь “Хүүхдийн 100.000” төгрөгийг урьдчилж аваад архи уучихна. Хааяа л чихэр, печень авч өгдөг. Халуун хоол бараг л өгч байгаагүй гэдэг. Хамгийн сүүлийн тохиолдол гэхэд ийм нөхцөл байдлаас болоод хоёр настай хүүхдийн долоон шүд нь бүгд хорхой идчихсэн, амны хөндийн архаг үрэвсэлтэй, суурь өвчтэй ирж байгаа юм. Хоёр настай хүүхэд хэдэн кг жинтэй, өндөртэй байх ёстой билээ. Гэтэл үүнийг хангаж чадаагүй. Ерөөсөө л бие махбодын дутуу хөгжилтэй. Манай дээр байсан хоёр сарын хугацаандаа амны хөндийн үрэвсэл, суурь өвчнийг эдгээх эмчилгээ хийлгэсэн. Тэр ээж бол зөвхөн чихэр, ундаагаар угжчихсан байгаа юм. Бусад үед бол хүүхдэдээ юу ч өгөхгүй зүгээр л орхичихдог. Өөрөө архины бүрэн хамааралтай эмэгтэй. Хүүхдийн шүд хорхой идэж болно л доо. Гэтэл тэр хүүхдийн шүд бол хорхой цаашаа идээт үрэвсэл болоод бугшчихсан.
-Архины хамаарлаас гадна өөр ямар нөхцөл байдалд байгаа хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг вэ?
-Ер нь эцэг эхчүүд өөрсдөө хүчирхийлэл үйлдэх нөхцөл, боломжийг бий болгож байдаг. Ээлжийн ажил, орон нутаг руу олон хоногоор ажиллах, гадагшаа явах, ар гэрийн хэн нэгнээ эмнэлэгт сахих гэх мэт иймэрхүү нөхцөл байдлууд хүчирхийлэгчид завшаан болдог. Мөн тавиул хүүхдүүд гэж яриад байдаг даа. Орон нутгаас ирсэн хүүхдүүд хотод хамаатныдаа амьдардаг эсвэл дотуур байранд байхыг хэлдэг. Энэ мэт тохиолдлууд нь хүчирхийлэлд өртөх нөхцөл байдал, орчин болж байдаг.
-Хүүхдүүд танайд өөрсдөө ханддаг уу?
-Насанд хүрээгүй учраас тийм боломж байхгүй. Өөр бусад байгууллагуудаар холбогдож, зуучилж үйлчилгээ авдаг. Насанд хүрсэн хүн бол өөрсдөө сайн дураараа ирэх бүрэн боломжтой. Бид хүчээр насанд хүрсэн хүн байрлуулах эрхгүй. Тухайн хүн өөрөө сонголтоо хийнэ. Мэдээж хэн ч хайртай дотны хүнээ хүчирхийлэгч гэж бодохгүй шүү дээ. Хүчирхийлэгчийн үйлдлийг хохирогч эхэндээ санаандгүй үйлдэл гэж боддог. Бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөнийхөө дараа хохирогчдод хамгийн түрүүнд “би буруутай юм байна” гэх бодол төрдөг. Тэд өөрөөсөө бурууг хайдаг гэх юм уу. Үүнийхээ дараа бол хүчирхийллийг байдаг л нэг энгийн үйлдэл шиг бодож эхэлнэ. Тэгээд эцэст нь ийм зүйл байж болохгүй юм байна аа гэх дүгнэлт хийгээд, хувийн зүгээсээ арга хэмжээ авдаг. Ах дүү, хамаатан сандан, найз нөхөд, лам, бөөд ханддаг ч юм уу. Хамгийн сүүлд нь албан ёсны газруудад хандаж дэмжлэг, тусламж, үйчилгээ авдаг юм. Яг ийм албаны чиглэлийн байгууллагуудад ирэхдээ хохирогчид маш их цаг хугацаа алдсан байдаг. Учир нь лам, бөө, найз нөхөд нь бол мэргэжлийн түвшинд арга хэмжээг авч чаддаггүй л дээ. Яг сайн мэргэжлийн зөвлөгөө ч өгч чаддаггүй гэхэд хилсдэхгүй байх.
-Сүүлийн үед хохирогч, хүчирхийлэгч хоёр хоёулаа ийм нөхцөл байдалдаа зохицдог гэх ойлголт их яригдах боллоо.
-Ерөөсөө л хүчирхийллийн хохирогч, хүчирхийлэгч хоёр хоёулаа хүчирхийллийн тойрогтоо орчихдог юм. Мэдээж хүчирхийлэл үйлдэгчид бол эхэндээ уучлалт гуйдаг. Хохирогч тэсээд, тэвчээд яваад л байна. Дахиад зодно, уучлалт гуйна, тэснэ, тэвчинэ. Яг ийм тойрогтоо цаг хугацаа өнгөрөх тусам орчихдог. Мөн ихэнх тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч өөрөө хүчирхийллийн орчинд өссөн хохирогч байдаг. Ийм орчинд өсчихсөн учраас амьдралыг нэг л өнгөөр төсөөлдөг. Тэгээд хамтран амьдрагчаа хүчирхийлж эхэлдэг. 2025 оны зургаадугаар сарын 15-нд манай байгууллагын 30 жилийн ой болно. Энэ хүрээнд бид ганцхан хүчирхийллийн хохирогчтой ажиллахаас гадна хүчирхийлэл үйлдэгчидтэй тулж ажиллахаар зорьж байгаа. Зан үйлийг нь өөрчлөх сургалтууд орно.
-Ер нь хүчирхийлэл үйлдэгчийн зан үйл нь өөрчлөгдөх боломжтой юу?
-Урт хугацааны ажил л даа. Ганц удаагийн ажиллагаагаар бол юу ч өөрчлөгдөхгүй. Өмнө нь бол манай байгууллага хүчирхийлэл үйлдэгчдэд нөлөөллийн ажлууд хийж байсан. Жишээлбэл, хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүст танилцуулга, мэдээлэл хийх, ном товхимол гаргах гэх мэт. Хууль эрх зүйн хувьд бид нөлөөлөхийг оролддог. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсан. Үүнээс өмнө бол 2016 онд шинэчлэн батлуулаад 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Дээр нь 2016 онд батлагдсан хуультайгаа уялдуулаад бусад 11 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Манайх ийм нөлөөллийн ажлууд хийдэг. Ганцхан хохирогчтой ажилладаггүй.
-Бичиг баримтгүй хүмүүстэй ажиллахад хүндрэлтэй байдаг уу?
-Нийгмийн үйлчилгээний чиглэлээр бид ямар ч бичиг баримтгүй хохирогчийг бичиг баримтжуулдаг. Эрүүл мэндийн үйлчилгээний хүрээнд бол бие махбодын гэмтэлтэй хохирогчдыг эмчилнэ гэх мэтчилэн ажил үүргээ гүйцэтгэдэг. Бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хохирогчдын дийлэнх нь зүрх судасны буюу мэдрэлийн гаралтай өвчтэй болчихсон байдаг. Сэтгэлзүйн үйлчилгээг ч мөн давхар үзүүлнэ. Хууль эрх зүйн зөвлөгөө өгнө. Өмгөөллийн үйлчилгээг давхар үзүүлдэг. Хэрэв манайх боломжтой байх юм бол өмгөөлөгчийн төлбөрийг нь төлөөд гэрээ байгуулж өгдөг. Энэ боломж бол тусгай квоттой. Хэрэв энэ квот дүүрчих юм бол өөр байгууллагууд руу холбон зуучилдаг. Түр хамгаалах байрандаа аюулгүй байдлын үйлчилгээгээ үзүүлээд явдаг. Байрлах боломжгүй, эрсдэл нь бага хохирогчид өөр бусад үйлчилгээгээ манайхаас авдаг. Хэрэгтэй гэж үзвэл өөр бусад байгууллагууд руу холбоно.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн насны доод хэмжээ хэд байдаг вэ?
-Ой гарантай. Эцэг эхчүүд хүүхдийнхээ суурь хэрэгцээг нь хангахгүй, үүргээ биелүүлэхгүй байна. Тухайн ой гарантай хүүхдийг бие махбодын хувьд хүртэл хүчирхийлсэн байдалтай ирсэн.
-Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид ч гэсэн их ирдэг үү?
-Тийн. Бага насны охидууд хойд аав, төрсөн эцэг, үеэлдээ хүчирхийлүүлсэн маш олон тохиолдол бий. Одоо ч байсаар байгаа. Хамгийн сүүлд гэхэд л таван настай охиныг хойд аав нь хүчирхийлсэн. Насанд хүрээгүй охидууд бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэн болчихдог. Доод тал нь 13 настай охин хүсээгүй жирэмслэлтэд өртөж байна. Өөрөө хүүхэд атал хүүхэдтэй болчхож байгаа юм.
-Охидууд гэр бүл дотроо бэлгийн хүчирхийлэлд өртөж байхад ээж нь юу хийж байдаг вэ?
-Энэ их хэцүү сэдэв л дээ. Ихэнх тохиолдолд ээжүүд нь мэдсээр байж мэдээгүй юм шиг өнгөрөөдөг байх жишээтэй. Хүүхдээ буруутгадаг хандлага их харагддаг. Ар гэрийнх нь зүгээс тухайн хүүхдийг буруутгаж байгаа тохиолдолд манайх түр хамгаалах байрандаа байрлуулаад, хууль эрх зүй болон сэтгэлзүйн зөвлөгөө өгч ажилладаг. Гудамжинд хүчирхийлэлд өртөхөөс илүүтэйгээр ураг төрлийн холбоотой хүмүүс буюу өвөө, төрсөн эцэг, хойд эцэг, хамаатан садан, хүргэн ахаас нь хүчирхийлсэн тохиолдол маш их. Мөн технологид суурилсан хүчирхийлэл ч газар авч байна. Охидуудын янз бүрийн зургийг нь аваад мөнгө өгөхгүй бол олон нийтэд цацна гэж дарамталдаг. Ийм хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд их ирж байгаа. Мөн ээжийнхээ олон хамтрагчдын нэгнээс жирэмслэх тохиолдол ч гарсан. Ээжийг нь хүчирхийлж, хөөж явуулчхаад хоёр жилийн хугацаанд эхнэртэйгээ амьдарч байгаа юм шиг том охиноо хүчирхийлсэн ч тохиолдол байна.
-Бэлгийн хүчирхийлэлд орсон хүүхэд сэтгэлзүйн хувьд ямархуу байдаг вэ?
-Маш хүнд, тун эмзэг. Ялангуяа ид шилжилтийн насандаа яваа хүүхэд хүчирхийлэлд өртөх аваас үүний хор уршиг насанд хүрсэн хойно нь гардаг. Тухайн хүүхдүүд насанд хүрсэн хойноо сэтгэлзүйн хоёр туйлд хуваагддаг. Нэг хэсэг нь эр хүнийг үзэн яддаг бол нөгөө хэсэг нь бэлгийн хэт их зуршилтай болчихдог. Тухайн хүүхэд ганц удаа хүчирхийлэлд өртөөгүй шүү дээ. Зургаан сар, хоёроос гурван жилийн хугацаанд хүсээгүй тогтмол бэлгийн харилцаанд орсон байдаг.
-Сэтгэлзүйн хувьд бүрэн эдгэрэх боломжтой юу?
-Маш ховор үзэгдэл шүү. Ер нь тийм боломж байдаггүй. Насанд хүрээд нөхөртэй болоод бэлгийн харилцаанд орох гэхээр тэр үеийн хар бараан дурсамж нь байнга сэдэрч байдаг. Хохирогчдын хувьд маш урт хугацааны сэтгэл засал шаардлагатай. Хуулийн байгууллагаар шалгуулаад хүчирхийлэгч хариуцлагаа хүлээгээд хэрэг хаагддаг. Ингээд бүх зүйл сайхан болчихно гэж бодох юм бол эндүүрэл шүү. Хохирогчийн сэтгэлзүйн хохирол хэзээ ч барагддаггүй.
-Хүчирхийлэл үйлдэхэд оноод хэлчих шалтгаан гэж байдаг уу?
-Тийм зүйл бол байдаггүй. Ер нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн ураг төрлийн хүмүүсээс яагаад ийм үйлдэл хийснийг нь асуухаар “Ээжтэйгээ адилхан харагдаад байсан юм аа” гэх мэт хариултыг л өгдөг.
-Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга бий юу?
-Ер нь хүчирхийллийг зогсооход ээж, аавын үүрэг хамгийн чухал байдаг. Хүүхдүүддээ бид заах ёстой. Чиний биед хэн хүрч болох, биеийн чинь аль хэсэгт хүрч болохгүй вэ. Хэрвээ хэн нэгэн чиний биед зөвшөөрөлгүй хүрэх юм бол хэнд хандах ёстой вэ гэх мэтээр энэ бүгдийг зааж сургах хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол тухайн хүүхдэд энэ бүх үйл явдалд өөрийнх нь буруу огт байхгүй гэдгийг сайн ойлгуулж хэлэх хэрэгтэй. Үгүй бол хохирогч шууд л өөрийгөө буруутгадаг. Мөн загнаж, зэмлэж ерөөсөө болохгүй. Сэтгэлзүйн хувьд хэдийн хүнд байдалд орчихсон хүүхдэд өөрийнх нь буруу мэт мэдрэмж өгөх л юм бол амиа хорлох гэх мэт эрсдэлтэй үйлдлүүдийг хийдэг.