“Саруулхан тал минь салхин чимэгтэй
Сайхан чи минь санаанд уяатай...” дуу ийн эгшиглэв. Өргөн цэлгэр говийн дунд тэмээн дээрээс наран ойрхон гэдэг нь үнэн ажгуу. Дөнгөж саяхан гар барьж танилцсан гэрээт хилчний албыг хашиж буй С.Чойжамцаас гуйж тэмээний нуруун дээр гарахад тэртээд цайран үзэгдэх хилийн баганы дэргэд хүрсэн шиг их догдлол цээжинд асав. Заставын байр луу буцах үед түүнээс хэдэн асуулт асуугаад амжлаа. Тэгэхгүй бол С.Чойжамц надад олдохоосоо өнгөрнө. Учир нь бригадын генерал нь энэ заставт айлчилсан учир хүн бүр, хилчин бүхэн дор дороо ажилтай буй хэдий ч харуулын цамхагт зогсч буй цэрэгт хотоос сэтгүүлчид ирэв үү, генерал нь айлчлав уу гэдэг нь ёстой “падлийгүй” мэт байлаа. Тэд ингэж л зүрх сэтгэл, эр зоригоороо эх орноо хамгаалж зогсоно.
-Гэрээт хилчний албыг хэдий хугацаанд хашиж байна вэ. Хугацаат цэргийн албанаас ялгаатай тал нь юу юм бол оо?
-Би өмнө нь 0129 дүгээр ангид хугацаат цэргийн албаа хааж дуусгасан. Хугацаат, гэрээт аль нь ч байсан миний хүмүүжилд маш олон зүйлийг өгсөн. Аавын хүү үг даадаг болж, эр хүний тэсвэр тэвчээрийг сурсан. Гол нь гэрээт хилчний алба маш олон боломж, эерэг талууд ихтэй. Жишээ нь гэхэд амрах байр тав тухтайгаас гадна, цалин авч нийгмийн даатгалаа төлсөнд тооцдог. Дээр нь тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож амжилт гаргавал цалин хангамж нэмэгдэх сайн талтай.
-Үдэш, оройн цагаар хилийн ойр орчмыг эргэн харуулд гарч зогсоход ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би өмнө нь монгол эр хүн гэж хий худлаа хөөрдөг байж. Хилийн харуулд гарч үзсэн хүн хэзээ тэгж хөөрөхгүй. Ер нь монгол хүн гэдгээ бусдад мэдрүүлэх гэж хичээхгүй. Харуулд зогсох, сонор сэрэмжтэй ажиллах, торгон хилийн баганаа хамгаалах үүргийг гүйцэтгэж байх тэр сайхан мэдрэмжийг хэнд ч хэлэхгүй, дотроо хадгалахыг хүсдэг.
-Цаашдаа албаа хааж дуусгаад юу хийх вэ. Мэдээж өмнө чинь энэ тал шиг урт, уудам зам бий шүү дээ?
-Магадгүй би цол ахиад дээшлэх боломж нөхцлийг бодож анх ирсэн. Гэтэл цолны төлөө ажиллана гэдэг жигшмээр зүйл. Энд би өөрийгөө таньж, аавын сайхан хүүхдүүдтэй нөхөрлөж, эх орноо хайрлах сэтгэлийг зүрхнийхээ гүнд хүртэл мэдэрч байна. Тиймээс цаашдаа заставдаа үлдэж ч магадгүй.