“Ярилцъя” МАН-ын залуу лидерүүдийн нэг, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг зочноороо урьж ярилцлаа. Өнөөдрийн МАН дотор болж буй үйл явдлууд олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Тэр тусмаа залуус шинэчлэлийн төлөө нэгдсэн энэ үед түүнтэй уулзах хүсэл их байлаа.
-Уулзаагүй нэлээд удсан байна. Ингэхэд хэзээ ирээ вэ. Алс явж сурахаар шийдсэний тань дараахан уулзаж байснаа санаж байна.
-Ирээд нэлээд удчихлаа. Ж.Гүррагчаа баатрын ээжийн тухай яриад, сайн яваарай гээд 10000 төгрөг өгч байсныг тань тод санаж байна. Хэтэвчиндээ хадгалж л яваа. (инээв) Ирсэн зорилго бол тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэмжих гэж л ирсэн.
-Ардын намын залуус Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжиж Бага хурлаас гаргасан гээд л хэвлэлээр шуугисан. Энэ үнэн юм уу ?
-Бага хурлын гишүүд нийгмийн сэтгэл зүйг мэдэрч, ялалт байгуулах боломжтой л гэж үзсэн хүндээ саналаа өгсөн биз. Гурван шатны нээлттэй өрсөлдөөн болж нэр дэвшигчээ тодруулсан нь манай намын хувьд өвөрмөц жишиг болсон. Нэр дэвшигчийн хувьд миний бодлоор зөв сонголт байсан. Арай илүү зохион байгуулалттай, багаар тоглож чадсан бол ялж болох л байсан.
-Тийм гэж үү. Сэхээтнүүд голдуу хүмүүс, хотын сонгогчид түүнд санал өгөөгүй гэдгийг ажигласан уу?
-Үүнийг нөхөж болох л байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгч сайдуудаа бүлтийтэл нь загнаад л, Э.Бат-Үүлийг буруу рультэй машин ярилаа гэж жижгэрүүлээд л, Х.Баттулга гэж хүнд twitter-ээр чиглэл өгөөд л, нөгөөдөх нь би боловсролгүй бөх хүн гэж өөрөө гарч ирж яриад л… Маш сонин тоглолтууд явсан. Манайхан тэрийг нь хараад эд нар ч алалцаж байна даа гээд л их гэнэн төсөөлдөг. Уучлаарай, энэ бүхэн бол сайтар тооцож, нэр дэвшигчээ дэмжсэн багийн тоглолт. Манай лидерүүдэд ч ингэж тоглох боломж байсан шүү дээ. Ё.Отгонбаяр гишүүн “Би саналаараа татгалзаж шалгууллаа. Энэ явуулж байгаа зүйл бол улс төр шүү” гээд л мэдэгдэл хийчихсэн бол, С.Баяр дарга мэтгэлцээнд нь хүнээ бэлдсэн бол намын рейтинг одоогийнхоос тав орчим функтаар илүү байсан бол ялах л байсан. Манай нам зүгээр урсгалаараа л орсон. Гэхдээ улс төрөөс илүү эрхэм зүйл гэж байдаг л даа. Монголын сайхан аваргуудыг талцуулаад л, багш шавь хоёрыг хагралдуулаад л байгаа үйлдэл нь улс төрийн хувьд ашигтай ч, том зургаараа бол Х.Баттулга гэж хүн өөрөө бөх хүн байж муухай л зүйл хийсэн дээ.
-Тэд чинь өөрсдөө толгойтой хүмүүс. Ерөөсөө бөхчүүд дэмжихгүй байх шиг харагдаж байсан. Х.Баттулгыг буруутгаж байгаа тань унасан бөхийн шалтаг шиг л сонсогдож байна.
-Өнөөдрийн манай нийгэмд улс төрийн эрх ашиг нь, үндэсний үнэт зүйлээсээ өндөрт тавигддаг болж. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг юм болох вий дээ.
-Ингэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ихэнх лидерүүд тань байсангүй. Энэ юутай холбоотой вэ?
-Сэтгэл гэхээс илүү манай намын системийн алдаа ч байж болох. Ил ажиллаа гээд, огт ажиллахгүй байлаа гээд хариуцлага тооцох систем нь өөрөө тодорхой бус. Магадгүй энэ нь манай намд фракцын системд нэвтрээгүйн сул тал ч байж болох. Хэрэв тэд албан ёсны фракцын лидерүүд байсан бол, хариуцсан ажил бүр нь дараа дараагийн нэр дэвшилт, үүрэг хариуцлагатай нь шууд уялдаатай байсан бол, тэргүүн нүүрэн дээр гараад үхэн хатан зүтгэх л байсан биз.
-Нээрээ шинэчлэлийн хөдөлгөөнд НАМЗХ нэгдсэн гэж ойлгосон. Шинэчлэл гэдэг үг ч одоо хуучин сонсогддог болж дээ. Энэ удаа яг юуг нь шинэчлэх гэж байна?
-Манайхан шинэчлэл гэхээр л намын Их хурал хуралдуулж, нэг хоёр хүн солих тухай ярьдаг. Тэгээд хүнээ ярьсаар байгаад, тэр хүмүүсээ тойрч би хаана нь байршиж байх вэ гэдгээ бодсоор байгаад үндсэн агуулгаа орхигдуулчихдаг. Миний бодлоор шинэчлэл зөв систем, зөв дүрмээс эхэлнэ.
-Намын дүрмийг л өөрчлөх нь чухал, бусдаар хүний асуудал бол хамаагүй гэж үү?
-Зөв эхлэлийг тавьж чадах л ёстой. Манай намын системийн алдааны илрэл байж болох. Манай намын дүрмийн үндсэн агуулга нь 92 жилийн өмнө хийгдсэн орос школтой дүрэм. Бараг л агуулга нь хэвээрээ. Тодорхой яривал намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг хоёр хүнд эрхийг нь өгөөд, хариуцлагыг нь үүрүүлэх үндсэн философитой. Энэ нь эрх барьж байх үед, бодлогын нэгдмэл чанарыг хангахад сайн байдаг ч сөрөг хүчин байх үед нам өөрийн бүх нөөцөө шавхаж чадахгүйд хүрэх, үүрэг хариуцлага тодорхой бус, хурд тактик муу, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн фигур төрөх боломжийг хаах, санхүүжилтын зарчим тодорхойгүй, чадварлаг хүмүүс орж ирэх урсгал тодорхойгүй байх зэрэг сөрөг тал ажиглагддаг. Тэгэхээр өөрийгөө эмчлэхийн тулд оношоо зөв тодорхойлох ёстой биз дээ.
-Тэгэхээр яаж өөрчилнө гэж. Танай намыг лидергүй болж байна гэх дүгнэлт их байдаг. Тэгэхээр энэ бүх гажуудлуудын шалтгаан намын дүрэмд байна гэж та хэлэх гээд байна уу?
-Үгүйсгэх аргагүй шүү дээ. Магадгүй бид фракцын системийн тогтолцоог судалж үзэх л хэрэгтэй. Гэхдээ Ардчилсан намын явж ирсэн загварыг ярьж байгаа зүйл биш л дээ. Сонгодог загвар нь бол сонирхолтой л юм билээ. Дүгнэх шалгуур, тоглолтын дүрмийг нь маш нарийн тодорхойлон зохицуулж чадвал төлөөлөх масстай лидер олон төрөхөөс гадна, хөшигний лидер байх боломж багасдаг. Нам руу чиглэсэн урсгал нээлттэй болно. Нэг үгээр хэлбэл нэг хүчтэй хүнийг дагаж амьдрах биш, бүгд хүчтэй харин хэрхэн зохицохыг нь дүрмээр тодорхойлно гэсэн үг. Бага хурлын систем ч бүгд нээлттэй саналаа өгөх зарчим биш харин саналын эрх бүхий төлөөллүүд лоббигоо ил хийдэг болж, нээлттэй өрсөлдөөн үүснэ. Системдээ хүчтэй лидерүүд, олон түмний лидерүүд болж эхэлнэ. Яагаад гэвэл нэр дэвшилтийг ард түмэнд нээлттэй явуулна. Тэдэн хувийн рейтингтэй, тэдээс дээшгүй хувийн антирейтингтэй хүн байна гэх мэтээр явна шүү дээ. Бүх зарчмаа тогтoно гээд нарийн яривал олон зүйл байна. Одоо ярихаар эсэргүүцэх хүн олон гарч ирэх ч энэ бол биднээс өмнө талд явж буй улс төрийн намуудын дотоод тогтолцооны шилмэл загваруудын нэг.
-Үүнийг тань тэгээд танай намын лидерүүд хэрхэн хүлээж авч байх юм?
-М.Энхболд даргаас эхлээд эсэргүүцэж байна гэж дуулдсан. Өөрөө нам доторх албан бус фракцын анхны лидер хүн байж ийм системийг эсэргүүцнэ гэхээр сонирхолтой л санагдсан. Юутай ч бид үүнийг ярьж, зөв системийг эрэлхийлэх ёстой. Ингэж байж олон ургалч үзэл, үзэл бодлын нээлттэй мэтгэлцээн бий болно биз дээ.
-Намын лидерийг сунгаагаар тодруулах шаардлага тавьсан гэж сонссон юм байна.
-Тийм ээ. Дэлхий өөрөө хандлагын өөрчлөлтөд орж байна. Нийгэм бидний бодож байгаагаас хэд дахин хурдтай өөрчлөгдөж, дэлхий сошиал ертөнцөөс эхлээд харилцан хамаарал, соёлын өөрчлөлтөд хурдан орж байна. Хэдхэн жилийн өмнө боолын системээс гарахын тулд цус асгаруулсан тэмцэл болж байсан АНУ өнгөт арьстан Ерөнхийлөгчтэй болж, бараг л эцгийн эрхт ёс давамгайлсан БНСУ эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо. Бизнест гэхэд үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбар хамгийн ашигтай байдаг байсан бол зүгээр л facebook зохиосон залуу тэдний хэдэн арван жилийн ашгийг хэдхэн жилийн дотор олох жишээтэй. Энэ хандлага Монголд ч бий болж байна. Манай нам энэ хурдыг гүйцэхгүй байгаа учраас л ялагдаж байна. Тиймээс л намын лидерийг танхимын 1000 хүнээс биш, нийт ард түмний 30-аас доошгүй хувийн дэмжлэгтэй гаргаж ирэх системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний эхлэлийг тавих эхний арга бол чөлөөт мэтгэлцээнийг хоёр үе шаттай зохион байгуулах хэрэгтэй. Теле мэтгэлцээний эхнийхийг нь Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх концепци, хоёр дахь нь намыг хэрхэн шинэчлэх аргачлал бүхий тодорхой хөтөлбөр дэвшүүлж мэтгэлцээд, сүүлийн хоёр хүн намын Их хуралд өрсөлдөх зарчмыг тогтож чадвал бас л ололт. Одоо биш гэхэд дараа нь олох чухал ололтын суурийг тавина. Нэг үгээр хэлбэл системдээ хамгийн хүчтэй нь гарах биш, хамгийн сайн бодлого дэвшүүлж, олон нийтийн дэмжлэгийг авч чадсан нь намын лидер болох жишиг тогтоно. Үүнийг дагаад олон эрэл хайгуул хийгдэж, намын ирээдүйн лидерүүд өөрсдийгөө нийгмийн сэтгэлзүйтэй уялдуулан боловсруулна. Энэ намд гэхээс илүү нийгмийн хөгжилд хэрэгтэй дэвшил л дээ. Онолын хувьд угаасаа намын лидер олон нийтээс 30 аас доош хувийн дэмжлэгтэй байвал намаа ялуулах боломжгүй гэж үздэг, нам өрсөлдөгч намаасаа долоогоос дээш функтийн рейтингийн зөрүүтэй бол тухайн намын нэр дэвшигч ялах боломжийнхоо 25 хувийг алддаг. Таван хүн ингэж өрсөлдлөө гэхэд нийгэмд үзэл бодлоо таниулж чадсан таван лидер төрөх боломж гарч ирнэ гэсэн үг. Дундаа байгаа, чадвартай байгаа хүнээ таних, таниулах систем үйлчилж эхэлнэ. Эцэг Бушийн тангараг өргөх ёслолыг метроны буудал дээр үзэж зогссон залуу бүхэл бүтэн Ерөнхийлөгчийн гэр бүлийг ялаад намынхаа сунгаанд гарч ирж чадсан шиг, бид олон шилдэг залуусыг тодруулах энэ эхлэлийг тавих ёстой. Энэ сунгаа, нээлттэй мэтгэлцээнд 70-аад оны 40 хүрч буй залуусын төлөөлөл өрсөлдөж улс орноо, намын шинэчлэлээ хэрхэн төсөөлж байгаагаа намын гишүүд, олон нийтэд нээлттэй хүргэх ёстой. Ийм л соёлын эхлэлийг тавиасай гэж хүсч байгаа юм.
-Шинэчлэгдсэн гэдгийг яаж хэмжих үү. Энэ хэмжүүр их сонин байна?
-Энгийн шүү дээ. Олон түмний дэмжлэг авч намын рейтинг дээшилж байгаагаар л хэмжинэ.
-Ингээд сонсохоор сонирхолтой л юм. Гэхдээ хэвлэлээр шинэчлэлийн санаачлагыг тань нэлээд олон өнцгөөс нь харж тайлбарлаж бичиж байгаа.
-Өнөөдрийн л сэтгэлгээ шүү дээ. Аваргаа дэмжих гээд чөлөө аваад хүрээд ирсэн өдөр нээрээ Б.Бат-Эрдэнэ гишүүн гарчихвал чи нөхөн сонгуульд үзнэ. Тэгээд ирсэн үү гэж угтах хүмүүс байсан шүү. Ингэж л юмыг харж явсаар бид олон нийтийн сэтгэлгээнээс олон алхмаар хоцорч байна. Хэвлэлээр бичүүлэх ч энэ л сэтгэлгээний үргэлжлэл. Дахин хэлье. Би ирж буй намын Их хуралд ямар нэгэн албан тушаалд өрсөлдөхгүй. Хамтдаа дахин ялалт байгуулах нь л чухал байна. Бие биедээ хэлж чадахгүй, гал тогоондоо өөр зүйл ярьж, зочны өрөөндөө өөр зүйл ярьж, бие биедээ тал алдахгүй гэж бодож явсаар байтал энэ түүхэн нам улс төрийн тэргүүлэх хүчний байр сууриа улам бүр л алдсаар байна шүү дээ.
-Сүүлийн сонгуулиудад дараалан ялагдсан гол шалтгааныг ер нь юу гэж харж байна вэ?
-Аливаа асуудал ганц хоёрхон зүйлээс болдоггүй л дээ. Олон л шалтгаан байгаа. Миний бодлоор концепцийн ялагдал хүлээж байх шиг. Нэг үгээр хэлбэл, бид улс орноо ийм замаар ингэж хөгжүүлж чадна гэдгээ зөв тодорхойлж, ард түмэндээ ойлгуулан таниулж чадахгүй байна гэсэн үг. Хов жив ярьж, бие биеэ муулсан улс төрөөс ард түмэн залхаж, илүү ирээдүйг хардаг болж. Иргэдийн хандлага, сонгогчдын боловсрол өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна.
-Авлигын асуудлууд нөлөөлсөн юм биш үү. Тэгж харах нэг цонх байна бус уу ?
-1992 оноос хойш Засгийн эрхэнд байсан хоёр намын Ардын нам нь бүгд авлигач, Ардчилсан нам нь бүгд ариун явдалтнууд гэвэл би л лав итгэхгүй. Хэрэв авлигыг бүр үндсээр нь арчмаар байгаа бол 1992 оноос хойш төрийн эрх бүхий албан тушаалд ажиллаж байсан бүх хүнийг шалгах хэрэгтэй. Өмч хувьчлал, цэнхэр ногоон тасалбар, алт диллер, ардын банк гээд олон хэргийг дахин сөхөх шаардлагатай. Манай намын бүлгийн гишүүд үүнийг үлгэрлэн санаачилж, нийгэмд зоригтой дуугарч, олон түмний дэмжлэгийг авах ёстой. Харин хууль хяналтын байгууллагыг хараат бус байлгахын тулд УИХ-д тэгш төлөөлөл бүхий комисс томилох ёстой. Авлигатай хийх тэмцэл гэдэг гоё нэртэйгээр эхэлсэн ажил хэлмэгдүүлэлт гэдэг зүйл рүү хальтирч, санаатай санаагүй үйлдэл ба эс үйлдэл нь хэнээс ч хамааралгүй яваад өгөх вий дээ.Тэгш хандаж чадахгүй, улс төрийн захиалгаар хийвэл ийм л зүйлд хөтөлнө. Хамгийн энгийн жишээ гэхэд хэрэв тэгш зарчим үйлчилж байгаа бол энэ Засгийн газар огцорч, Ерөнхий сайд нь тэр будлиантай олон тендерийн хэрэгтээ шалгагдах ёстой биш гэж үү.
-Та яг одоогийн намын удирдлагуудаа хэрхэн дүгнэж байна. Бүх бурууг эд л хүлээх ёстой гэж үү?
-Хувь хүний хувьд Ө.Энхтүвшин лидерийг үнэлж явдаг. 1996 онд манай намд гурван Э-гийн үе гэж байсан. Энхбаяр, Энэбиш, Энхтүвшин. Тэр үеийн залуус энэ намыг дараагийн ялалтад хөтлөхөд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Өнөөдрийн хүнд үе, энэ хэцүү нөхцөл байдалд хоёр ч удаагийн улс төрийн сорилгын ард гарлаа. Г.Занданшатар дарга миний өмнөх үеийн залуучуудын байгууллагын тэргүүн. Мөн л хүнд үед энэ намын гал тогоог манаж генсек байв. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хэн хэн ямар хэмжээний лидерүүд, ямар хэмжээний улс төрийн фигур байж чадав гэдгийг бид биш олон түмэн үнэлж дүн тавьдаг л даа.
-Улс төрийн намуудын тухай хууль гарч намуудыг өмч хөрөнгөгүй байлгах, гишүүнчлэлгүй байлгах асуудлыг хүчтэй хөндөж байна. Залуу хүний хувьд таны байр суурь ямар байдаг вэ?
-Үүнд хандлагын маш том ялгаа бий. Нэг нь улс төр нийгмийн хөгжлийн төлөө ярьж буй өнцөг. Нөгөөх нь өрсөлдөгч намаа ямар ч үнээр хамаагүй нухчин дарж, Засгийн эрхэнд удаан байх гэсэн санаархал. Дээрх ярьж буй зүйлтэй хоёр дахь нь илүүтэй холбогдож байгаа нь харамсалтай. Энэ хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл. Хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг дагуулж байдаг. Монгол ардын нам 92 жилийн түүхэндээ энэ байтугай бэрхшээлийг даваад л ирсэн нам. Ард түмний зүрхний гүнд оршдог улс төрийн хүчин. Үүнийг арилгана гэж үгүй. Хоёр том намын системийг доголдуулж, нэг намын системийг санаархаж байгаа нь ардчилсан багтай хүмүүсийн ард жинхэнэ диктатор маягийн хандлага нуугдаж байгаагийн л илрэл. Ийм хандлага давамгайлсан үед намын гишүүнчлэл, намын өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг ярих нь зохимжтой цаг хугацаа огт биш. Засгийн эрхийг барьж буй Ардчилсан намынханд хандаж хэлэхэд өшөө авалт хийсээр явтал чинь 17.8 хувь байсан Монголын эдийн засгийн өсөлт нэг оронтой тоо руу уналаа. Айдаст автсан нийгэм, ойлгомжгүй гадаад бодлого, улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын тоо хоёр дахин буурлаа. Авлигалтай хийх тэмцэл нэрээр ах дүү, хамаатан садан дамнасан бизнес чинь анхан шатнаас Монголд хэзээ ч байгаагүй авлигын жинхэнэ хана хэрмийг босгож эхэлж байна. Энэ бүхнийг хэр удаан өөрсдийн хэвлэлээрээ барих вэ. 2000-2008 оны манай намын үеийнхээс хэд дахин хурдаар буруу хандлага руу явж байна. Монгол Улсынхаа том эрх ашиг, олон жил ярьж ирсэн ардчилсан үнэт зүйлээ бодох цаг ирчихээд байна шүү дээ. Харамсалтай нь, Монгол Улс гэдэг хөлөг онгоц Ардчилсан намыг эрх барьж байх үед ардчилсан диктатурын загвар руу алгуурхан хөвж явна. Хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээлэл, банк санхүү, иргэний нийгмийн байгууллагууд нэг намын хяналтад 35 хувиас дээш хувиар орж эхлэхийг онолын хувьд ардчилсан диктакур тогтлоо гэж үздэг. Өнөөдрийн манай нөхцөл энэ дээсийг хэдийнэ алхжээ. Ард түмнээс сонгогдсон хүн нь биш, хууль хяналтад нөлөөтэй нь УИХ-ын гишүүн болдог, сонгогдсон гишүүдийг ч эргүүлэн татах замаар Засгийн эрхийг авдаг, сөрөг хүчнээ боомилон хүчгүйдүүлдэг систем л өнөөдөр үйлчилж байна. Одоо жижиг улс төрийн намууд, сөрөг хүчнийхээ дотоод улс төрд хөндлөнгөөс оролцож эхэлбэл жинхэнэ утгаараа дарангуйллын систем рүү явах эхлэл тавигдана. Хожим яаж ч харамсаад засч чадахгүй түүхийн шаргал хуудас энэ жилүүдийг гэрчлэн хойч үед үлдэх вий дээ. Хэт хүч түрсэн ийм байдлаар диктатур тогтож, шударга сонгууль явахаа больж, ард түмний сонголтоор төр, засгaa байгуулахаа больж, айдсаар хучин удирдаж эхэлвэл юунд хүрдгийг бид дэлхийн олон улсын түүхээс харсан шүү дээ. Ардчилсан хувьсгалыг амар тайван хийж, Азидаа загвар болсон Монгол Улс 20 жил хөгжсөнийхөө дараа дахин бий болгосон нийгмээсээ битгий ухраасай л гэж залуу хүний хувьд зовинох юм.
-Өөрөө дэлхийд нэр хүндтэй, томоохон сургуульд суралцаж байна. Харвардад ер нь юу заах юм бэ?
-Ер нь суралцах бол харьцуулалт л юм билээ. Өөрийн орноо бусад орны загвартай харьцуулж, алдаа оноогоо нэгтгэн дүгнэдэг. Бодогдож байгаа зүйлсээ нийтлэл хэлбэрээр хүргэж, санаа бодлоо хуваалцаж байна аа. Олон орны улстөрчдийн дунд ороход улс орноо олон талаас нь харьцуулж бодож, бас өөрийгөө их голдог юм билээ. Мэдээж давуу тал ч байдаг. Гэхдээ судлах зүйл түүнээс ч их байх юм. Өөрийн бодож явдаг бодлого конценци, үзэл бодлоо олон улсын төвшинд харьцуулж үзэхийг хүссэн. Энэ судалгаа миний хувьд хийгдэж л байна. Би гэхдээ ганцаараа биш залуу үеэ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад суралцах урсгалыг нээхийг хүсдэг. Энэ бодлогоо ч хэрэгжүүлнэ. Зургаан сарын өмнө би ганцаараа явж байсан бол одоо 25-уулаа явна. ОХУ, БНХАУ, АНУ, Герман, Англи, Япон улсын улс төрийн системийг судлахаар.
-Сайхан л хэрэг. Ингэхэд НАМЗХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хийж байгаа юу. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр авсан гэсэн мэдээ тавьсан байсан.
-Тийм зүйл байхгүй ээ. НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг Их чуулганаар авч, хүлээлгэж өгдөг. Бид ирэх жилийг гадаадад залуусаа сургах жил болгон зарлаж байгаа. Зарим нь гадаадад сурч, зарим нь голомтоо манах хариуцлагатай үе. Манай холбоо есөн дэд ерөнхийлөгчтэй. Намайг байхгүй үед ерөнхий нарийн бичгийн дарга дотоод ажлаа хариуцаж, шаардлагатай улс төрийн бодлого тодорхойлох үе гарвал УИХ-д байгаа нэг нь төлөөлөх нь зүйтэй гэж үзсэн. Энэ ёсоороо л явж байна. Үүнийг элдвээр мушгих хэрэггүй.
-Тийм учиртай байж. Цаг гаргаж ярилцсанд таатай байна. Зорьсон үйлсэд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Танд ч бас амжилт хүсье.
-Ер нь суралцах бол харьцуулалт л юм билээ. Өөрийн орноо бусад орны загвартай харьцуулж, алдаа оноогоо нэгтгэн дүгнэдэг. Бодогдож байгаа зүйлсээ нийтлэл хэлбэрээр хүргэж, санаа бодлоо хуваалцаж байна аа. Олон орны улстөрчдийн дунд ороход улс орноо олон талаас нь харьцуулж бодож, бас өөрийгөө их голдог юм билээ. Мэдээж давуу тал ч байдаг. Гэхдээ судлах зүйл түүнээс ч их байх юм. Өөрийн бодож явдаг бодлого конценци, үзэл бодлоо олон улсын төвшинд харьцуулж үзэхийг хүссэн. Энэ судалгаа миний хувьд хийгдэж л байна. Би гэхдээ ганцаараа биш залуу үеэ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад суралцах урсгалыг нээхийг хүсдэг. Энэ бодлогоо ч хэрэгжүүлнэ. Зургаан сарын өмнө би ганцаараа явж байсан бол одоо 25-уулаа явна. ОХУ, БНХАУ, АНУ, Герман, Англи, Япон улсын улс төрийн системийг судлахаар.
-Сайхан л хэрэг. Ингэхэд НАМЗХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хийж байгаа юу. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр авсан гэсэн мэдээ тавьсан байсан.
-Тийм зүйл байхгүй ээ. НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг Их чуулганаар авч, хүлээлгэж өгдөг. Бид ирэх жилийг гадаадад залуусаа сургах жил болгон зарлаж байгаа. Зарим нь гадаадад сурч, зарим нь голомтоо манах хариуцлагатай үе. Манай холбоо есөн дэд ерөнхийлөгчтэй. Намайг байхгүй үед ерөнхий нарийн бичгийн дарга дотоод ажлаа хариуцаж, шаардлагатай улс төрийн бодлого тодорхойлох үе гарвал УИХ-д байгаа нэг нь төлөөлөх нь зүйтэй гэж үзсэн. Энэ ёсоороо л явж байна. Үүнийг элдвээр мушгих хэрэггүй.
-Тийм учиртай байж. Цаг гаргаж ярилцсанд таатай байна. Зорьсон үйлсэд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Танд ч бас амжилт хүсье.