Хүний хамгийн их нандигнаж, хайрлах ёстой зүйл бол сэтгэлзүй. Та сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарснаар амар тайван болж, ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна бусадтай харилцах харилцаанд эерэг өөрчлөлтүүд бий болдог. Тиймээс бид энэ удаад Хүчирхийллийн эсрэг төвийн сэтгэл зүйч Б.Дөлгөөнтэй уншигч таныг уулзуулж байна.
-Сэтгэл зүйч хүн бол бусдыг байнга сонсож, түүнд тулгарсан асуудлыг шийдэж өгдөг. Та яагаад сэтгэл зүйч мэргэжлийг сонгосон бэ?
-Би багаасаа л хүнтэй ярилцах, ойлголцох чадвар сайтай хүүхэд байсан. Хүмүүстэй ярилцах дур сонирхол ч ихтэй. Тэгээд л хүсэл, сонирхлынхоо дагуу Монгол Улсын Их сургуулийг уржнан жил сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн. Өдгөө “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-д мэргэжлээрээ ажиллаад зургаан сар болж байна. Эхлээд би хүний асуудлыг шийдэж өгдөг мэргэжил гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм билээ. Сэтгэл зүйч хүн бол бусадтай хамтран ажилладаг. Үүнийг суралцаж байх хугацаандаа ойлгосон.
-Тэгэхээр бусдын яриаг сонсохоос илүүтэй хүн хоорондын харилцааг чухалчилсан мэргэжил байх нь, тийм үү?
-Тийм. Гэр бүл болоод найз нөхөд, бусад хүмүүстэй илүү зөв, эрүүл харилцдаг болж байгаа нь анзаарагддаг. Мөн бусдыг маш их ажиглаж, ойлгохоос гадна өөрийнхөө сэтгэл санааг ч илүүтэй таньдаг болж байна. Өөрт минь яг юу хэрэгтэй, юу хэрэггүй гэдгийг ялгадаг болж, ямар зүйлийг хийвэл тайвшрах вэ гэдгээ ойлгодог болсон.
Ямар ч сэтгэл зүйч хүн сургуулиа төгссөнийхөө дараа ажлын байран дээр очсон ч гэлээ жилд заавал хоёр юм уу гурван удаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагддаг. Учир нь сэтгэл зүйч болоход цаг ямагт суралцана.
-Хүчирхийллийн эсрэг төв бол 1995 оноос эхэлж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан цөөхөн байгууллагын нэг. Энд ажиллах болсон шалтгаан юу вэ?
-Тийм шүү. Олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан томоохон байгууллагын нэг учраас энд ажиллахад таатай байдаг. Монголд сэтгэлзүйн эмчилгээний анхны үндэс суурийг тавилцсан газар шүү дээ. Тухайн үед манайд улсад сэтгэлзүйн үйлчилгээ төдийлөн хөгжөөгүй байсан. Тиймдээ ч Австралийн сэтгэл зүйчдийг урьж авчирдаг байлаа. Өдгөө эл байгууллагад ажиллаж байсан сэтгэл зүйчид маань өөрсдийн гэсэн төрийн бус байгууллагын үүдийг нээчихсэн, эрдэм шинжилгээний ажилдаа түлхүү анхаарч, мөн сургуульд багшилж байгаа. Хамгийн сүүлийн буюу нондин жилийн тоо баримтаас харахад 135 удаагийн сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн.
-Сэтгэлзүйн боловсрол гэж яг юуг хэлээд байна вэ?
-Сэтгэлзүйн боловсрол, сэтгэцийн эрүүл мэнд нь хэд хэдэн хүчин зүйлстэй маш нарийн уялдаа, холбоотой. Нэн түрүүнд нойр байдаг. Хүн унтах ёстой цагтаа унтаж чадаж байвал илүү эрч хүчтэй, тайван байх болно. Тэгэхээр нойроо сайн авч чадаж байна уу, үгүй юу гэдэг их чухал. Мөн хооллолт байна. Хэт их юм уу, хэт бага идэж байвал ямар нэгэн учир шалтгаан бий гэсэн үг. Үүнээс гадна сэтгэл хөдлөлөө хянаж чадаж байна уу? гэх асуулт тавигдана. Гэхдээ хувь хүн бүрийн асуудлыг хянаж, шийдэх боломжгүй. Цахим орчинд хэн нэгнийг шүүмжлэх, буруутгах нь сэтгэлзүйд асар хортойгоор нөлөөлнө. Бид яг аль зүгт явж байна вэ гэдэг нь хувь хүний өөрийнх нь сэтгэлзүйн үйл ажиллагаа, өөртөө хийж буй дүгнэлтээс шалтгаална.
-Өдгөө нийгмээс шалтгаалаад хүмүүс бухимдалтай байна. Хувь хүн сэтгэлзүйгээ хэрхэн зөв удирдах ёстой юм бэ?
-Өнгөрсөн жилийн хувьд ковидын дараах хоёр гурван жилийн хугацаанд сошиал дээр токсик харилцаа гэх зүйл их түгээмэл эрүүл, эрүүл бус байна уу?ямар нэг үйлдэл нь хортойгоор нөлөөлөхөөр байна уу? Тийм ажиглалтын өөрийгөө анзаарсан жил болсон миний хувьд харж байгаа. Ковидын дараанаас хүмүүс яг тусгаарлалтын дараа эдийн засгийн хувьд ч тэр,сэтгэл санааны хувьд ч тэр,өөрсдийнхөө ямар ваа нэгэн тулгамдсан асуудал байгаа гэдгийг ойлгож,сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах нь эрс нэмэгдсэн. Тэгээд сэтгэлзүйн гэмтэл гэж яриад байгаа “траума” гэдэг бол энэ сэтгэлзүйн гэмтэл ч гэдэг сэтгэлзүйн шарх, өөр өөрөөр л нэрлэж л байна даа. Тэгэхээр ямар нэгэн гэмтэл учруулахуйц үйл явдал болоод, тэндээс даван туулах шаардлагатай зүйлийг авч байнаа л гэсэн утгатай.
-Сэтгэлзүйн гэмтлийн бүрэн эдгээх боломж бий юу?
-Эдгээх гэж ярьвал өвчинтэй адилхан болно.
-Өвчин биш гэж үү?
-Нэг талаар энэ бол сэтгэлзүйн гэмтэл шүү дээ. Тэгэхээр өвчин гэх нь өрөөсгөл. Харин үүнийг сэтгэлзүйгээ даван туулах гэж ярих нь зөв. Аливаа нэг үйл явдлыг урьдаас мэдэж байсан хүн дотроо бэлтгэлтэй байсан учраас давхан туулах чадвар нь өндөр байдаг.
Гэтэл “траума” бол гэнэтийн цочролд орох үйл явц юм. Цочроох үйл явц хэзээ тохиохыг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Ийм гэнэтийн үйл явцыг хүмүүс туулдаг, магад цаашдаа хамт аж төрөх болно. Тэгэхээр уг таагүй мэдрэмж өгч байгаа үйл явцыг хэрхэн хор нөлөө багатайгаар даван туулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг урьдаас анзаарч, мэддэг байх нь хувь хүнд их чухал. Эхлээд сайтар ажиглачихсан байхад дараагийн алхмыг хийхэд амар болно. Тиймээс л сэтгэл зүйч буюу мэргэжлийн хүнд хандах шаардлагатай. Сэтгэл зүйч нь тухайн хүнд шууд тусламж үзүүлэх гэж байгаа бус асуудлыг үр нөлөө багатай байлгах түвшинд хамтарч ажиллаж мэргэжлийн туслалцааг үзүүлнэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл сэтгэл зүйч, зөвлөгөө авч буй хүн хоёр нэгдсэн зорилготой болно. Хүн бүрт тулгардаг асуудал өөр, өөр. Тиймээс өөрсдийнхөөрөө л даван туулна. Тийнхүү даван туулсан хүмүүсийн зарим нь спортоор хичээллэж, ажилдаа маш сайн төвлөрөх зэрэг амьдралын идэвхи нь мэдэгдэхүйц нэмэгддэг. Үүнийг эмчилгээний үр дагавар гэнэ.
-Тэгэхээр сэтгэлзүйн хувьд тогтворгүй байгаа хүн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан нь хамгийн зөв арга байх нь...
-Ер нь бол тийм. Сэтгэл зүйчийн зөвлөгөөнд хамрагдсанаар өөрт тохиолдсон асуудлыг эрүүл аргаар туулж чадна. Заримдаа сэтгэл зүйчийн зөвлөгөөг үл хэрэгсэж, бусдаас сонссон мэргэжлийн бус аргыг өөр дээрээ туршсанаар буцаад сэтгэл гутралд ордог хүмүүс ч бий. Үйлчүүлэг болгоны хөндөж буй асуудал харилцан адилгүй, үйлчлүүлэгч болгон давтагдашгүй. Сэтгэл зүйчийн гол баримталдаг зарчим ч энэ. Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хоёр эмэгтэй байна гэж бодоё. Тэд хүчирхийллийг даван туулж байгаагаараа адил боловч мэдэрч буй мэдрэмж нь харилцан адилгүй. Тэгэхээр сэтгэл зүйч хүн бусдын хувьд толь гэсэн үг. Тухайн хүн өөрийнхөө асуудлыг үнэн бодитойгоор дэлгэн харуулж, надад хэлж байж л зөв зүйтэй зөвлөгөө, туслалцаа авч чадна.
Нөгөөтэйгүүр тухайн хүнд тохиолдсон асуудлыг би бие сэтгэлээрээ хамт туулж байж зөвлөгөө өгнө. Тэгэхээр мөнөөх хүний юу мэдэрч байгаа нь миний сэтгэл санаагаар дамжин өөрт нь хүрч байна гэсэн үг л дээ. Ийм тохиолдолд сэтгэл зүйч өөрөө туслалцаа авах тохиолдолд ч гардаг. Тэр нь үйлчлэгчээс зөвшөөрөл аваад өөрөөс нь илүү зэрэгтэй, туршлагатай сэтгэл зүйчтэй хэлэлцэж байж асуудлыг шийдэх арга юм.
Миний хувьд бол хүүхдэд тохиолдсон сэтгэлзүйн асуудал, бэлгийн хүчирхийллийн хэргүүд дээр илүү төвлөрч бусдад зөвлөгөө өгч ажилладаг.
-Хүүхэд ер нь хэдэн настайгаасаа сэтгэлзүйн зөвлөгөөнд хамрагдах ёстой байдаг вэ?
-Хүүхдийг гурав юм уу, дөрвөн настайгаас нь сэтгэл зүйчтэй уулзуулах боломжтой. Мэдээж ийм насны хүүхдүүийг шууд өмнөө суулгачихаад олон зүйл шалгаахгүй л дээ. Харин тэдэндтэй тоглох, хөгжилдөх байдлаар ажилладаг. Би ихэвчлэн дөрвөөс дээш насны хүүхдүүдтэй уулзаж, харилцаж, зөвлөгөө өгдөг. Учир нь хэл яриа, бие махбодийн хувьд хэвийн хөгжлийн түвшинд явж байгаа хүүхдүүд энэ насных байдаг. Түүнээс дээш бол нас хязгаарлахгүй. Мэдээж тодорхой хэмжээний эрүүл мэндийн асуудалтай, тэр нь хэл яриа, ой санамжид нь нөлөөлсөн бол зөвлөгөө өгөх боломжгүй. Шалтгаан нь сэтгэл зүйчийн мэргэжил бусадтай харилцаж, ойлголцоход тулгуурладаг учраас тэр л дээ. Түүнээс бус бусдыг оношилдог хүмүүс биш л дээ.
-Хүүхэд хэзээнээс эхэлж сэтгэлзүйн асуудлаа тодорхой мэдэрч, өөртэйгөө ярилцаж эхэлдэг юм бол...
-Хүүхэд эхийн хэвлийгээс төрж, эхний амьсгалаа авах үеэс л тодорхой мэдрэмжүүдийг мэдэрч эхэлдэг. Ураг байхдаа хүртэл сонсдог. Ээжийнхээ сэтгэл хөдөл, аавынхаа дуу хоолойг хүртэл таних боломжтой гэж үздэг. Сүүгээр хооллох мөчдөө хүрэлцэх мэдрэмжээр дамжин тархинд нь окситоцин, неротарнастемт зэрэг дааврууд ихээр ялгарна. Эдгээр нь хүүхдэд хайрлуулж буй мэдрэмжийг төрүүлдэг. Тэгэхээр хүүхдийн сэтгэлзүйг хэдийнээс эхэлж анхаарах ёстой вэ гэдэгт нас заах боломжгүй. Төрөхөөс нь авахуулаад л анхаарал хандуулах ёстой.
-Хүүхдэд насных нь онцлогоос болж сэтгэлзүйн өөрчлөлтүүд бий болдог уу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Хүүхэд гурван насандаа өөрийнхөө хүйсийг танин мэдэж эхэлдэг. Заримдаа хоёр наснаас нь энэ үйл явц эхлэх нь бий. Тэр үед хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ гэдэг хамгийн чухал. Мөн зургаан настайгаасаа сургуульд ордог шүү дээ. Сургууль бол хүүхдийн хувьд цоо шинэ орчин, дасал болоогүй газар. Тиймээс хүүхэдтэйгээ долоо хоног юм уу, эсвээс сарын өмнөөс сургуулийн тухай бага багаар ярьж, ойлгуулсны дараа оруулах нь бодох ёстой асуудал. Багштай нь өмнө нь уулзаж тохироод хүүхэдтэйгээ хамт ярилцаж болно шүү дээ. Харин өсвөр насны хүүхэд бие дааж шийдвэр гаргах хүсэл, зорилготой байдаг. Тийм тохиолдолд эцэг эх нь өөрсдийн санааг хүчээр тулгах бус хүүхэддээ сонголт өгч, харилцан ойлголцох нь чухал.
-Эцэг эхчүүд хүүхдээ ойлгож, ярилцах тал дээр хангалттай сайн байж чаддаг уу?
-Эцэг эхчүүдийн хувьд “Би хүүхдээ яаж үгэнд ордог болгох вэ, яаж хүмүүжүүлэх вэ” гэж түлхүү асуудаг. Гэвч хүүхдийг үгэнд сайн ордог болгож төлөвүүлэхээс илүү түүнтэй хэрхэн зөв харилцаа үүсгэх вэ гэдэг чухал. Ойлголцох тухай асуудлыг нэн түрүүнд тавих ёстой. Түүнээс бус зааж сургах, хүүхдийг байнга хянах нь асуудлыг шийдэх зөв зам биш.
-Та хүмүүсийг сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалж, хайрлаасай гэж хүсдэг вэ?
-Сэтгэлзүйн зөвлөгөө үйл явдал дээр тулгуурладаггүй. Хүмүүс сэтгэл зүйчид хандахдаа өөрт тохиолдсон үйл явдлыг тоочдог. Үүнээсээ гаргалгаа хайж сэтгэл зүйчээс туслалцаа хүсдэг. Гэтэл уг үйл явдал ямар мэдрэмж төрүүлсэн, болоод өнгөрснийх нь дараа ямар сэтгэгдэлтэй үлдсэн зэрэг нь их чухал. Энэ бүхэн сэтгэл хөдлөл, мэдрэмж дээр тулгуурладаг учраас хүмүүсийн анх бодсоноос тэс өөр яриа болж хувирна.
Сүүлийн жилүүдэд сургуулийн орчинд ажиллах сэтгэл зүйч нар тун эрчимтэйгээр бэлтгэгдэж байгаа. Ихэнх сургууль сэтгэл зүйчтэй болсон. Тиймээс хүүхдүүд өөрөө хүсвэл сургуулийнхаа сэтгэл зүйч дээр очоод ярилцах боломжтой. Мөн зарим томоохон компаниуд ч сэтгэл зүйчтэй болж байна. Үүнээс үзэхэд манай салбар эрчимтэйгээр хөгжиж байгаа. Харин хувийнхаа зүгээс гэвэл хүмүүс шинэ он гараад л турна, хэл сурна гэх зэргээр олон төлөвлөгөө гаргадаг болжээ. Түүн шиг өөрийнхөө сэтгэл санаатай холбоотой ямар нэгэн зорилго үүсгэвэл зүгээр болов уу гэж бодох болсон. Энэ нь “Би заавал сэтгэл зүйчид хандана” гэх өнгөц ойлголт биш. Жишээ нь өөрийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндийн тусын тулд нойроо сайн авна, эрт унтахаас гадна тухайн өдөрт тохиолдсон таатай мэдрэмжээ анзаарах, тухтай газраа очиж амрах мэтээр тайвшрал, аз жаргалыг өөрт нь мэдрүүлэх зорилготой байгаасай гэж хүсэж байна. Заримдаа хэт их махарч, зүтгэснээсээ болоод өөртөө урам хугарах нь бий. Энэ тохиолдолд өөрийгөө уучилж, сэтгэлзүйгээ анзаарч байх нь тун чухал юм шүү.