Монгол Улсаа төлөөлөн өнгөрсөн “Парис 2024” зуныолимпын XXXIII наадмын усанд сэлэлтийн төрөлд ажилттай оролцсон ОУХ мастер Б.Энххүслэнтэй ярилцлаа. Тэрээр одоо АНУ-ын Невадагийн их сургуульд усан спортынхоо чиглэлээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцан дараагийн олимпд орохоор зорин бэлтгэлээ тасралтгүй хийж байна. Мэдээж түүний эрхэм зорилго бол дараагийн олимп.

Үндэсний рекордыг эзэмшдэг түүний хэвлэлд өгч буй анхны бүрэн хэмжээний ярилцлага энэ юм.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлаа.

-Та бүхэнд ч гэсэн маш их баярлаа. Нүүж суугаад одоо л нэг юм түвхэнэж байна даа.

-“Парис 2024” зуны олимпын XXXIII наадмаас хоёулаа яриагаа эхлэх үү? 

-Тэгье. Би “Парис 2024” олимпд маш өндөр хүлээлттэй оролцсон. Хүлээлтдээ ч хүрсэн. “Токио 2020” олимпыг бодвол миний бэлтгэл маш сайн хангагдаж чадсан. Мөн өөртөө ч их итгэлтэй байсан. Энэ жилийн олимпд амжилтаа нэлээн сайн ахиулж чадсан гэж бодож байгаа. 200 метрийн өврөөр даллах сэлэлтээрээ хоёр минутаас дотогшоо сэлнэ гэсэн зорилготой оролцсон. Хоёр минут 59 секундэд орч ирж зорилгоо биелүүлсэн. Олимп дуусаад АНУ-д ирээд бэлтгэлээ тасралтгүй хийгээд явж байна. Одоо бол маш их эрч хүчтэй л хүн байна даа.\Инээв\

-Ихэнх спортын тамирчид тодорхой хэмжээний оноо цуглуулж олимпд орох эрхээ авдаг. Та үндэсний рекордыг эзэмшдэг учраас шууд олимпд орно гэдгээ мэдэж байсан уу?

-Тийм. Токиогийн олимп дуусаад л Парис руу явна гэдгээ мэдэж байсан. Тэгэхээр 2021 онд юм байна. Гэр бүлийнхэн багш нар маань ч гэсэн намайг Парис руу явж чадна гэсэн итгэлтэй байсан. Энэ итгэлээрээ л оролцчихоод ирсэн дээ. 

Усан спорт бол өөрийн гэсэн цагтай. Жишээ нь миний 200 метрийн өврөөр даллах сэлэлт олимпд эрх авна гэж бодвол би 1минут 57 секундэд явж байж авсан. Манай спорт цагаар тооцож эрхээ авч ордог ч гэсэн бид нарт бас оноо гэж байдаг. Жишээлбэл дэлхийн рекордыг 1000 оноо бол миний оноо 830 байсан. Би монголоосоо хамгийн өндөр оноотой байсан болохоор олимпд орсон юм л даа.

-Усанд сэлэлтийн төрлөөр хоёр олимпд дараалан оролцсон Монголын анхны эмэгтэй тамирчин гэдгээ мэдэж байсан уу?

-Мэдэж байсан. 

-Тэмцээнд орохын өмнөх сэтгэл зүйн байдлынхаа тухай хуваалцвал?

-Олимпын үеийн сэтгэл зүйн байдлаа жишээ болгон авч үзье л даа. Өглөө орноосоо босоод сандраад жаахан будилаад  ч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өглөөний цай руугаа явж байхдаа уралдааныхаа л тухай бодсон. Цайгаа уусны дараа арай тайвшираад нөгөө хүчтэй зүрхний цохилт багассан. Бассейн дээр очоод биеэ халаагаад эхэлсэн чинь бүр дажгүй тайвширчихсан. “Чи бэлэн болсон. Энэ хүрэхэд шаргуу хөдөлмөрлөсөн. Тиймээс зүгээр л тайван байх хэрэгтэй” гэж сэтгэл санаагаа нэг хэмд оруулахыг хичээсэн. Яг тэмцээнд орохын өмнө бол хийж байсан бэлтгэлүүд л санаанд орж ирсэн. Чи яаж бэлдлээ дээ, тэ. Ингэж дотроосоо өөрийгөө халааж бэлтгэсэн. Яг бассейн дээр очихоос өмнөх сэтгэл зүй бол нэлээн төвөгтэй, холилдсон, сандарсан байсан. Гэхдээ уралдааныхаа өмнө бол тайвшираад дажгүй байсан шүү.\Инээв\

-Таныг өсвөр насандаа л Олон Улсын хэмжээний мастер цол хүртэж байсан гэсэн?

-15 насандаа. Бүр огт төсөөлөөгүй үйл явдал болсон л доо. Би Олон Улсын хэмжээний мастер цол хүртэж байсан үеийн мэдрэмжээ хэзээ ч мартдаггүй. Усан спортын төрөлдөө улсынхаа хамгийн залуу мастер болсон. Тэр тэмцээнд яг чин зүрхнээсээ зорилго тавьж, чадна гэсэн дүүрэн итгэлтэй орсон. 100 метрийн араар даллах сэлэлтээрээ бэлтгэл маш их хийсэн ч тэмцээний эхний өдөр надад 40 доль дутаад сэтгэл санаагаар навс явсан даа. Дараагийн өдөр нь надад 100-н мэлхий сэлэлт байсан. Тэр үед мэлхийгээ тийм сайн хийчихнэ гэж өөрийгөө ерөөсөө төсөөлөөгүй. Гараад уралдаад ирсэн чинь би чадчихсан байсан. Одоо хүртэл тэр үед авч байсан төсөөлөөгүй гоё мэдрэмжээ мартаж чаддаггүй. Тэмцээн дуусаад өөртөө ханасан шүү.\Инээв\ Жаахан хүүхэд байсныг ч хэлэх үү сагсуу зан байсан. 

-Бэлтгэл хийхэд Монгол, АНУ хоёрын хооронд хөгжлийн асар зөрүү байгаа байх. Мэргэжлийн хүний хувьд энэ тухай яривал?

-Би америкт ирэхээсээ өмнө Япон, Тайландад бэлтгэл хийж байсан. Эдгээр улсууд бол манай оронтой харьцуулахын аргагүй өндөр түвшинд усан спортын бэлтгэл хийх нөхцөлийг хангаж өгсөн байдаг. Бэлтгэлийн суурь бол ерөөсөө усан бассей шүү дээ. Гэтэл манай улсад олон улсын стандартад нийцсэн усан бассей нэг ч байхгүй. Бэлтгэл хийж байгаа бассей нь жижигхэн нарийхан 25 метрийн гурав, дөрөвхөн замтай. Гүнийн хувьд ч стандарт бус байдаг. Ийм нөхцөлд бэлтгэл хийж байгаа хүүхдүүдэд ямар байгааг би сайн мэднэ. Тайландад бэлтгэл хийдэг байсан газрын усан бассей нь яг олимпын стандартын 50 метрийн найман замтай, хажуудаа 25 метрийн найман замтай. Үсэрдэг тавцан, гүнийн хувьд ч гэсэн яг стандартын дагуу. Одоо америкийн их сургуулийн усан бассей гэхэд найман замтай. Бүх юм нь стандарт.  Ийм бассейнд бэлтгэл хийх цаана л өөр байдаг. Илүү их хичээх урам зориг ордог гэх юм уу. Манай улсад хамгийн их шаардагдаж байгаа зүйл бол зүгээр л стандарт хангасан усан бассей.

-Таны нас дахин хоёр олимпд явах хэмжээний залуухан. Одоо олимпыг л зорьж бэлтгэлээ хийж байна уу?

-Ойлгомжтой. “Лос Анжлес 2028”-д явна. Яагаад гэвэл илүү зорилготой, илүү өөртөө итгэлтэй байгаа. Надад америкт буюу яг газар дээр нь бэлтгэлээ хийгээд дөрвөн жил байх боломж байгаа шүү дээ. Эрч хүчтэй, зоригтой, шартай үзэх хэрэг гарч ирж байна. Дөрвөн жил урт хугацаа ч гэсэн нэг мэдэхэд л 2028 он болчихсон байж байна. Илүү шаргуу бэлтгэлээ хийх болно.

-Сүүлийн жилүүдэд өндөр ачаалалттай бэлтгэл, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан олимп гээд хичээл хийх цаг хомс байсан байх. Гэнэт ширээний ард суугаад хичээл хийхэд төсөөрсөн байна уу?

-Одоо би гуравдугаар курсийн оюутан. Спортоор хичээллэхэд ялтгүй хичээл хоцрогддог гэж ихэнх хүмүүс ярьдаг шүү дээ. Ер нь бол энэ үнэн гэдгийг одоо л ойлгож байна. Би арван жилд байхдаа хичээлийн хоцрогдолтой байгаагүй. Өөрөө ч их шартай охин байсан.  Сургуулиасаа арав хоногийн чөлөө аваад тэмцээнд явсан ч буцаж ирээд заавал суугаагүй  хичээлүүдээ нөхөөд багшдаа үзүүлдэг байлаа. Харин би сүүлийн гурван жил огт хичээл хийгээгүй. Одоо ингээд оюутан болоод л хичээлээсээ хоцорчихсон явж байснаа мэдсэн. Гурван жил ном дэвтэр эргүүлээгүй хүн чинь бүр таг байдаг юм байна. \Инээв\ 

-Анх усанд сэлэлтээр хичээллэж эхэлсэн түүхээсээ яривал?

-Манай гэр бүлд ямар нэгэн спортын удам байхгүй. Жоохон байхад аав маань төв бассей руу дагуулж орч байсан юм. Үнэндээ яагаад тамирчин болсноо санадаггүй. Нэг мэдсэн чинь л тамирчны дугуйланд орчихсон тэмцээн уралдаан гээд явж байсан. 

-Энэ спорт бусад спортыгоо бодвол бэртэл гэмтэл арай багатай байдаг уу?

-Тийм ээ. Гэхдээ мэдээж асуудал байлгүй л яах вэ. Бид нарын нурууны доод хэсэг, мөр  гэмтэх гээд байдаг. Яг энэ хэсгүүдэд маш их ачаалал орч ирдэг юм л даа. Хүчний дасгал, хуурай халаалт гэх мэт усанд сэлэхийн өмнөх халаалтуудаа сайн хийгээд байх юм бол бэртэл гэмтэл бага шүү.

-Тасралтгүй хичээллээд хэдэн жил болж байна вэ?

-2014 оноос хойш гэхээр 10 жил болж байна.

-Энэ олон жил хичээллэхэд шантрах тохиолдол багагүй байсан уу?

-Зөндөө, зөндөө. Яг саяхных гэх юм бол 2024 оны дөрөвдүгээр сард. Тайландын улсын аварга шалгаруулах тэмцээнд орохдоо өөрийгөө заавал хоёр минутаас дотогшоогоо орно гэж зориод маш их бэлтгэл хийсэн байсан юм. Би бүр яг хоёр минут 00 явсан. Тэмцээн дуусаад бүтэн сарын хугацаанд сэтгэл санааны маш хүнд нөхцөл байдалд орсон. Өдөрт бараг арав, хорин удаа тэмцээнийхээ бичлэгийг үзсэн. Үзэх болгондоо дотроосоо шатаад л үнэхээр хэцүү. Бэлтгэлийн үеэр нулимс гарчих гээд нэг л болж өгөхгүй. Ямар ч байсан олимп дээр зорилгоо биелүүлнэ гэж бодоод урам зориг авч хэвийн байдалдаа эргэж орсон доо. Тухайн үед багш нар, хамт бэлтгэл хийдэг найзууд, гэр бүлийнхэн маань намайг их дэмжсэн. Шантраад ирэхээрээ л хамт олныхоо дэмжлэгээр сэргэдэг хүн дээ.

-Сэтгэл санааны тийм хүнд нөхцөлд бэлтгэл хийх их хэцүү байсан байх?

-Үнэндээ иймэрхүү үе олон тохиолдож байсан. Миний зорьж байгаа зүйл энэ хүнд үеэс илүү хүчтэй гэдгийг далд ухамсартаа мэдэрдэг гэх юм уу. Чи зорилгодоо хүрэхийн тулд энэ замыг заавал туулах ёстой. Чи ганцаараа биш хүн бүр маш хэцүү цаг үеийг туулсан гэдэг бол ойлгомжтой. Тийм учраас бусдын хийж чадсаныг чи ч гэсэн чадах ёстой гэх мэт бодлуудыг өөртөө их сануулдаг.

-Баг хамт олныхоо тухай ярих юм бол?

-Би сүүлийн хоёр жил Тайландад бэлтгэл хийсэн. Тэнд байдаг хүүхдүүдтэйгээ маш дотно. Багш, дасгалжуулагч маань яг аав шиг минь байдаг. Одоо бол дасгалжуулагчаа маш их санаж байна.\Инээв\

-Усан спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ?

-Би хүн бүрийг энэ спортоор хичээллээсэй гэж хүсдэг. Сэлж чаддаг байна гэдэг чинь өөрөө амь нас, аюулгүй байдлын баталгаа болно. Монголчууд уснаас их айдаг юм шиг санагддаг. Үүнээс гадна усан спортын талаар ойлголт их багатай. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд хүүхдүүдээ цэцэрлэгээс нь хичээллүүлж эхэлдэг. Хүн уншиж бичиж чаддаг байх ёстой гэдэг шиг усанд сэлж чаддаг байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг юм билээ. Энэ нь тухайн хүн өөрийгөө учирч болох аюулаас хамгаалах чадвар нь гэж үздэг. Монголд сүүлийн таван жил бассейнууд их баригдаж хүмүүс ч гэсэн хичээллэдэг болсон. Гэхдээ манайхан өөртөө бардаад ч гэх юм уу гол усанд хамаагүй орж сэлээд байна. Би ийм мэдээ харахаараа их эмзэглэдэг  л дээ. Тухайн хүн өөрийгөө сэлж чаддаг гээд бодчихсон байж магадгүй. Гэхдээ голын ус гэдэг чинь шал өөр шүү дээ. Би ч гэсэн голын уснаас айдаг.

-Тэгвэл хамгийн сайхан зүйл нь юу байдаг юм бэ?

-Зөвхөн өөртэйгөө өрсөлддөг нь хамгийн гоё. Бассейн дотор чи болон усан сэлэлтийн зам хоёр л байгаа. Та хоёр нийлээд цагны эсрэг уралдана гэсэн үг. Ганцаарчилсан спорт шүү дээ. Надад тамирчид их ганцаарддаг юм шиг санагддаг. Хэдий баг хамт олонтойгоо бэлтгэл хийж байгаа ч гэсэн тэр зам дээр уралдах хүн нь  чи ганцаараа байхгүй юу. Тиймээс дарамт, өөрийгөө урамшуулах үе, бүр шалдаа буух гээд бүх цаг хугацааг ганцаараа туулах ёстой болдог. Энэ талаараа хэцүү юм шиг мөртлөө ард нь гарчихаар бас гоё шүү. 

-Юуг усан дотор мэдэрдэг вэ?

-Усан спорт надад үзэн ядах, хайр гэсэн холилдсон мэдрэмжийг төрүүлдэг. Би өөрөө ийм холилдсон мэдрэмжид дуртай л даа. Хэдэн сар шаналж, зовсон ч эцсийн эцэст энэ спортдоо хайртай болохоор буцаад сэргэх аргаа олчихдог юм.

-Танд өөр улсын нэр дээр сэлэх санал ирвэл та хүлээж авах уу?

-Яг үнэндээ усан спортын хувьд өөр улсаас надад ч юм уу өөр тамирчинд санал ирнэ гэдэг их хэцүү  л дээ. Тэр өндөр хөгжчихсөн улсад цаана нь биднээс хамаагүй илүү хүмүүсийн дунд маш том буцалсан өрсөлдөөн явж байгаа шүү дээ.

-Өөрийн мөрөөдөл зорилгодоо бага багаар хүрээд явж байгаа хүний хувьд бусдадаа хандаж юу хэлмээр байна вэ?

-Хамгийн түрүүнд өөрийн хийх дуртай зүйлээ олоорой гэж хэлье даа. Дуртай юмаа хийгээд аз жаргалтай амьдрах юм бол тэр чинь өөрөө мөрөөдөл юм шүү. Би бол усан спортод хайртай, дуртай. Би мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч явна. Учир нь би дуртай зүйлээ олоод хийгээд явж байна. 

-Бусдын зүгээс ирж байгаа аливаа сэтгэгдлүүд таны сэтгэл зүйд нөлөөлдөг үү?

-Хэдий хэн нэгний төлөө хэлж байгаа ч гэсэн тухайн хүний юу туулсныг хэн ч бүрэн дүүрэн ойлгож мэдэрч чадахгүй. Хэн нэгнийг юу туулаад явж байгааг би мэдэхгүй шиг миний юу туулаад явж байгааг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тиймээс хүнийг битгий өөрийн харснаараа дүгнээсэй. Хүүхэд байхдаа янз бүрийн үгэнд бол жаахан эмзэглэдэг байсан. Одоо бол бүр мартжээ. Том болчихсон болохоор тоохгүй өнгөрөөхийг аль болох хичээдэг.

-Та насандаа баймгүй амжилтуудыг гаргасан. Тамирчин хүний хувьд хэр эготэй вэ?

-Байх ёстой зүйл шүү дээ. Чи л өөрийнхөө өдий хүртэл явж ирсэн замыг мэдэх цорын ганц хүн учраас хааяа өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Өөрөөрөө бахархах хэрэгтэй. Өөрийгөө хайрла. Өөр хүн чамайг тоож хайрлахгүй.\Инээв\ 

-Таны дүү Б.Энхтамир 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Үндэсний рекордыг эзэмшдэг. Дүүтэйгээ хамт “Парис 2024” олимпийн эрэгтэй, эмэгтэй төрөлд амжилттай оролцсон. Нэг гэрийн хоёр хүүхэд яагаад тамирчин болохоор шийдсэн бэ?

-Сайн санахгүй юм аа. Би дугуйландаа ороод хагас жил орчим болж байхад манай дүү дөнгөж сэлж сурч байсан. Аав, ээж хоёр  эгчтэйгээ хамт яв гээд  явуулчихсан юм  л даа. Анх дүү маань их дургүй явдаг байлаа. Тэмцээн уралдаанд ороод медаль аваад ирэхээрээ өөртөө их урамшсан байх. Тэгээд л усанд сэлэлтийн спортоор тууштай явсан гэж би дотроо боддог.

-Адилхан тамирчин учраас дүүтэйгээ сэтгэл зүйгээ хуваалцдаг уу?

-Дүү бид хоёр хамт байхаараа өдөржингөө ноцолдож, зодолддог. \Инээв\ Маргалдахгүй амар тайван байна гэж байдаггүй. Гэхдээ тэмцээний үеэр бол тус тусдаа төвлөрдөг. Хоорондоо бараг ярилцдаггүй. Манай дүү чинь өөртөө нэлээн анхаарч төвлөрдөг төрлийн хүн. Тэмцээнээс бусад үед бол нөгөө л хэвээрээ ноцолдоно доо. Тэмцээн дууссаны дараа нэг нэгнийхээ алдааг сайн харж өгч ярилцдаг. Миний дүү л намайг аягүй их шүүмжилдэг.\Инээв\ Гэхдээ хэлсэн нь зөв байдаг л даа. 

-Дүүтэйгээ адилхан зан чанартай юм биш үү?

-Мэдэхгүй ээ. Бараг адилхан шүү. Би дүүгээ бодвол арай тайван төрлийн хүн. Манай дүү бол нэлээн түргэн ууртай. Нэг юм нь болохоо байчихаар л шууд намайг загнаад эхэлдэг. \Инээв\ Би ч гэсэн түргэн ууртай. Гэхдээ жоохон юман дээр уурлах нь арай бага. Одоо ингээд бодсон чинь дүүгээсээ сүүлийн хоёр жил хол байсан юм байна. Уулзаад хэрэлдэж, зодолддог ч гэсэн салаад явчихаараа их санах юм. 

-Айлын том хүүхэд, эгч хүн байх танд таалагддаг уу?

-Үнэндээ бол нэг их таалагддаггүй. Харин би дээрээ ах, эгчтэй байсан бол гэж их боддог. Айлын том хүүхэд учраас бүх юмыг өөрөө хийж, туршиж үзэх хэрэг гардаг. Аав ээж хоёр анх удаагаа хүүхэдтэй болоод яаж өсгөхөө сайн мэдэхгүй. Би ч гэсэн яаж хүн болохоо мэдэхгүй.\Инээв\ Манай дүү бүх хүн туршлага суучихсан цагт гарч ирсэн. Жоохон байхад би дүүгийнхээ гэрийн даалгаварт нь их тусалдаг байлаа. Тэр үед ийм бодол төрж байсан юм. Надад ч гэсэн ингээд туслаад өгөх ах, эгч байсан ч болоосой. Айлын том хүүхдээс хариуцлага их шаарддаг шүү дээ. Тэрнийхээ хэрээр би өөрийгөө их хариуцлагатай хүн болж өссөн гэж боддог.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс байгалиасаа ялгаатай бие бялдар, сэтгэл зүйтэй байдаг. Та бол ийм ялгаатай нөхцөл байдлыг илүү бодитой мэдэх хүн.

-Тийн. Манай дүү бид хоёрын хүйс өөрөөс гадна нэг спортоор хичээллэдэг шүү дээ. Тиймээс сайн мэднэ. Жаахан байхад би илүү хурдан сэлдэг байлаа. 2018 онд манай дүү надаас илүү хурдан болоод эхэлсэн. Гэнэт өндөр болоод усанд сэлж байгаа нь хүртэл маш хурдтай болчихсон. Дүүгээ том болохыг хараад бодож байгаа юм чинь. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс шал өөр байдаг юм байна. Тэрнээс цаашаагаа бол ойлгомжтой шүү дээ. Гэхдээ сүүлийн үеийн  залуучууд надад нэлээн эмзэг, турьхан болчихсон юм шиг санагддаг. Харин эмэгтэйчүүд нь илүү сэтгэлийн хаттай болчихсон. Байгалиасаа эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхээс эхлээд маш хүнд давааг туулдаг болохоор тийм байж ч болох юм. 

-Эмэгтэй хүнийхээ хувьд ямар төрлийн эрэгтэй хүн сонирхдог вэ?

-Би өөрөө айлын том болохоор яагаад ч юм хүнээс хариуцлага их хардаг. Надаас илүү хариуцлагатай, том хүн шиг сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Сэтгэл зүй нь насанд хүрсэн хүний түвшинд боловсорсон тийм л залуу. Амьдралын ухаантай, даруу төлөв, боловсон хүн таалагддаг. Яагаад ч юм бэ надад эмэгтэй хүн 20-д насандаа ойлгосон зүйлийг эрэгтэй хүмүүс 30 гараад ойлгодог юм шиг санагддаг. 

-Чөлөөт цагаараа усанд сэлэхээс өөр юу хийдэг вэ?

-Мдээж байгаа. Одоо хичээл ном хийгээд эхэлчихсэн болохоор завгүй л байна.
Ер нь бол би солонгос драма үзэх дуртай. “Солонгос киногоо болиоч” гэж ээжид байнга загнуулдаг. Би ер нь романс үзэх их дуртай шүү.

-Одоо урдаа тавьсан зорилгоосоо хуваалцвал?

-Миний хувьд 2032 оны олимпыг үзнэ гэсэн холын зорилготой байгаа. Мэдээж олимпын медаль авна гэсэн зорилго ч байгаа. Манай спорт бусад спортоос жаахан эмзэг л дээ. Хүмүүс минут, секунд гэж ярьдаг бол бид нар долиор хэмжигддэг. Нэг долио ч бүгдийг шийдэх хүчтэй байдаг. Жишээ нь сая Парисын олимпд эрэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтэд эхний зургаан байр менут, секунд нь адилхан байсан учраас долиор шийдэгдэж байгаа юм. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Усан спортын үзэсгэлэн гоо нь тэр юм уу даа. Надад найман жилийн хугацаа байна. Мэдээж тамирчин бүр алтан медалийг хүсдэг. Гэхдээ миний хувьд заавал алт гэхгүй. Олимпын ямар ч медаль миний зорилго. 

-Таны хувьд эх орон гэж юу юм бэ?

-Надад эх орон гэдэг ээж юм шиг санагддаг. Ээжийн минь байгаа газар миний эх орон. Мэдээж би Монгол улсдаа маш их хайртай. Тэр том үзэсгэлэнтэй газар нутаг, уул усыг үгээр хэлэхийн аргагүй шүү дээ. Гэхдээ одоо бол ээжийгээ маш их санаж байна.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Даваадулам

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав