Хөвсгөл аймгийн Цагаан – Уул сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрээс тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэснээр иргэн 24 настай иргэн “И” тарваган тахал тусаж амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ.
Цагаан-Уул сумын тавдугаар баг нь тарваган тахлын голомтод бүс бөгөөд тухайн иргэн эмнэлгийн байгууллагад есдүгээр сарын 2-ны өдөр хандаж, 3-нд тахал туссан болох нь оношлогджээ. Улмаар эмнэлгээс шаардлагатай эм, эмчилгээг хийсэн ч тухайн иргэний бие хүндэрч амь насаа алдсан тухай Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлсэн юм.
Тиймээс өчигдөр буюу 2025 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 17:00 цагт Хөвсгөл аймгийн онцгой комиссын шуурхай хурал боллоо. Улмаар Мөрөн сум, Цагаан-Уул сумын хэмжээнд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.
Анх батлагдсан тохиолдлоор халдвар бүртгэгдсэн газар буюу Цагаан-Уул суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байсан бол одоогоор Хөвсгөл аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хорилоо.
Энэ үеэр Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, килиникийн профессор М.Үүрийнбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрээр:
“Өнөөдрийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор, тусгаарлагдаж байгаа 88 иргэн байна. Анх есдүгээр дүгээр сарын 4-нд тарваган тахлын өвчлөл батлагдах үед 91 хавьтлыг тусгаарлаж эмнэлгийн хяналтад байлгаж, хариу арга хэмжээг авч ажилласан.
Батлагдсан анхны тохиолдол нас барсан. Хоёр тохиолдол, хавьтагч хяналтын хугацаанд ямар нэг шинж тэмдэг илрээгүй учраас хяналтаас гаргасан. Өнөөдрийн байдлаар 88 иргэн эмнэлгийн хяналтад тусгаарлагдан эмчлэгдэж байна.
Өчигдөр шөнө ойрын хавьтлын 34 хүнээс сорьц авч шинжлэхэд 22 эерэг тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 4 хоногийн өмнө хийгдэж байсан шинжилгээг баталгаажуулах зорилгоор давтан 34 сорьцыг шинжилснээс 22 сорьц PCR шинжилгээгээр эерэг гарсан юм.
Эдгээр 22 эерэг гарсан тохиолдол бол бүгд эмнэлгийн хяналтад байгаа. Сорьцод эерэг илэрсэн тохиолдлуудын 14 нь эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн ажилтнууд байна. Дөрвөн тохиолдол нь ар гэрийн ойрын хавьтлаас илэрсэн.
Өнөөдрийн байдлаар эдгээр иргэд тарваган тахлын шинж тэмдэг болох халуурах, гүйлгэх, хоолой сэрвэгэнэж ханиалгах шинж тэмдэггүй байна.
Анхны батлагдаж нас барсан тохиолдол аймгийн нэгдсэн эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж байхдаа оношлогдож эмчлэгдэж байгаад нас барсан. Ийм учраас эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан ажилтан албан хаагчид нэлээн хавьтал болсон. Тийм учраас бид эмнэлгийнхээ халдварын дотоод нөхцөл байдлыг бүрэн хяналтад авч ногоон бүс болгож эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаашид тогтвортой хүртээмжтэй хүргэх зорилгоор онцгой комисст санал оруулж хариу арга хэмжээг идэвхжүүлж ажиллахаар төлөвлөж байна.
Мөн өнөөдөр Галт сумаас тарваганы мах хүнсэндээ хэрэглэсэн гэх нэг иргэний сорьц PCR шинжилгээгээр эерэг бүртгэгдсэн. Энэ Галт сумаас тарвага идсэн иргэн нэгдүгээр хавьтлын 88 иргэн дотор хяналтад байгаагүй. Магадгүй өнөөдөр Мөрөн суманд өвчлөлийн тархалт байгаа эсэхийг тодруулахын тулд өнөөдрийн нөхцөл байдалд хөл хориог чангатган ажиллаж байна” хэмээлээ.
Үүнээс гадна тэрээр,
“Батлагдсан нэг тохиолдол буюу 24 настай иргэний хувьд мэдээ, мэдээлэлгүйн улмаас эмнэлэгт оройтон ирж, эмчлүүлж байх хугацаандаа харамсалтайгаар амиа алдлаа. Түүний ойрын хавьтал болох 90 хүнийг эмнэлгийн байгууллагад тусгаарлан ажиглаж байна. Одоогоор үе шаттай шинжилгээнүүдийг авсан, нэмэлт батлагдсан тохиолдол байхгүй. Харин болзошгүй зургаан тохиолдол байгаа. Тэр зургаан иргэний хувьд тарваганы мах дамжуулан авч хүнсэндээ хэрэглэсэн. Өнөөдрийн байдлаар халуурах, суулгах зэрэг шинж тэмдэг илрээгүй, давтан шинжилгээний хариуг хүлээж байна” гэв.