Улиран одсон оны төгсгөлд дэлхийд нэр хүндтэй олон байгууллагуус дуурийн шилдэг уран бүтээлчдийн жагсаалтыг гаргажээ. Анзаарахад улс орнууд уг жагсаалтад өөрийн орны дуучдыг заавал багтаасан байх аж. Тэр бүгдээс хөгжим бичлэг, цомог, альбом, DVD дижитал бүтээгдэхүүн гээд олон төрлөөр үйлдвэрлэл эрхэлдэг, энэ талбарт 20 гаруй жилийн туршлагатай “DVD FAB” байгууллагын гаргасан жагсаалтын хүрээнд материал бэлтгэлээ. 

DVD FAB” -ынхан 2023 оны шилдэг арван дуурийн дуучнаар дараах мастеруудыг нэрлэжээ. Эдгээр нь Америкийн тенор Лоуренс Браунли, Британийн басс баритон Терфель Брин, Испанийн тенор Пласидо Доминго, Италийн тенор Андреа Бочелли, Америкийн сопрано Рене Флеминг, Америкийн дуурийн болон жааз дуучин, жүжигчин, уран бүтээлийн захирал Эвери Брүүкс, Америкийн драматик сопрано Жесси Норман, Мексикийн тенор Рамон Варгас, Перу улсын тенор Хуан Диего Флорез, БНСУ-ын нарийн сопрано Сүми Жо нар юм. 

ЛОУРЕНС БРАУНЛИ

Америкийн дуурийн дуучин, тенор хоолойт, бельканто хэв маягийг түгээгч уран бүтээлчдийн томоохон төлөөлөл. Тэрбээр 1972 онд Америкийн зүүн хойд хэсэг дэх Огайо мужийн Янгстаун хотод ажилчны гэр бүлд төржээ. Энэ нь хар болон өнгөт металл олборлолт, боловсруулалт, ган цутгах үйлдвэрлэл давамгайлсан үйлдвэрийн хот аж. XX зууны дундаас хойших үе хүртэл цэцэглэж байснаа 1977 онд хоёр томоохон үйлдвэр хаалгаа барьсны дараах таван жилд ажлын байр 50000-аар цөөрснөөр ажилгүйдэл газар авч, хот эдийн засгийн хувьд төдийгүй соёл, сэтгэлгээний талд уналтад оржээ. Оршин суугчид нь сэтгэлзүйн хямралд нэрвэгдэж, амиа хорлох нь ихэссэн байна. Үүнтэй холбоотойгоор 1990-ээд онд тус хотод дөрвөн шорон нэмж барьсан түүхтэй юм. 

Ийм хотод төрсөн хүү багаасаа сүмийн найрал дуунд дуулж, хөгжмийн төрөл бүрийн зэмсгээр тоглож өсжээ. Индиана мужийн Андерсен их сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн бол Индианагийн их сургуульд хөгжмийн урлагийн чиглэлээр мастер хамгаалсан аж. Мэргэжлийн дуурийн дуучны гараагаа 2002 оноос Виржиниагаас эхэлсэн. Анхлан амжилттай дуулсан дүр нь Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн Альмавива гүнгийх. Тэрбээр тухайн жилдээ энэ л дүрээрээ “Ла Скала” театрын тайзнаа үзэгчидтэй мэндчилснээр Европт танигдаж эхэлжээ. Дараа нь 2007 онд Америкт “Метрополитен” театрт дуулснаар алдар нэр нь дуурийн урлаг өндөр хөгжсөн улс орнуудад цуурайтах болсон байна. 

Дуучин эдүгээ Атланта мужид эхнэр Кендра болон хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэрэл зураг сонирхдог түүний бас нэг хообий нь сальса бүжиг. Түүнчлэн латин америк хөгжмийн ховор бичлэгүүдийг цуглуулдаг аж. 

Лоуренс Браунлиг бельканто хэв маягаар дуулдаг орчин үеийн тэргүүлэх уран бүтээлчдийн нэг гэж үздэг. Хөгжмийн шүүмжлэгч А.Матусевич “Браунлийн хоолой бол үнэ цэн юм. Кларнет хөгжмийн мэт, зөөлөн цохилттой өнгөтэйгөөрөө Россинийн бүтээлүүдийг голчлон дуулдаг теноруудтай адилгүй. Үүнээс гадна дуучин сэтгэл татам, оюунлаг чанар, бусдын зүрх сэтгэлийг эзэмдэх байдлаараа ялгардаг. Африк гаралтай америк дуучин тайзан дээр гарч ирмэгц нь үзэгчид түүний арьс ямар өнгөтэйг мартдаг” гэжээ. 

ТЕРФЕЛЬ БРИН

Британийн дуурийн дуучин, басс баритон хоолойтой. Дууриудын дүрийг жинхэнэ мэт амилуулдаг гэдгээр алдаршсан тэрбээр 1965 онд Уэльсд фермерийн гэр бүлд төржээ. Хүүхэд байхаасаа валлий нутгийнхаа дуучин, баритон Брин Жонстой танил байсан бөгөөд тэр үеэс хөгжимд дуртай нь мэдэгдэж эхэлжээ. Тэр чиглэлд олон ч уралдаанд амжилттай оролцож ихэнхэд нь түрүүлснээр 1984 онд Лондонд ирж, Гилдхоллын хөгжим, театрын сургуульд элсчээ. Таван жилийн дараа сургуулиа алтан медальтай, Британийн алдарт дуучин, тун ховор буюу контральт хоолойт Кэтлин Ферриерийн нэрэмжит шагналтай төгсөв. Түүний уран бүтээлийн түүхээс товч өгүүлье. 

Терфель дуурийн дуучны замналаа 1990 онд Уэльсийн дуурийн театрт В.А.Моцартын “Бүгд л ингэдэг” дуурийн Гульельмогийн дүрийг бүтээснээр эхэлсэн байна. Дараа жил нь тэрхүү тайзнаа Английн Үндэсний дуурийн театрынхантай мөн В.А.Моцартын “Фигарогийн хурим” дуурьт дуулав. Энэ хөгжмийн зохиолчийн “Увдист лимбэ” дуурьт зориулсан магтууг Брюсселийн “Ла Монне” театрт дуулснаар тэрбээр олон улс оронд уригдан дуулах болжээ. Америкт анхлан “Санта-Фе” театрт тоглосон аж. 

Дуучин 1992 онд Лондоны Ковент Гарден дахь Хааны театрт Томас Аллен гол дүрд нь тоглосон, В.А.Моцартын “Дон Жуан” дуурийн Мазеттогийн дүрийг бүтээсэн байна. Тэр жилдээ Австрийн Зальцбург хотод болсон Улаан өндөгний баярт Р.Штраусын “Сүүдэргүй эмэгтэй” дуурийн сүнсний дүрийг ч урлажээ. Дараахан нь Венийн Дуурийн театр болон Ковент Гарденд “Дон Жуан”-д тоглосон. Тухайн жилдээ Германы дуу бичлэгийн алдарт, 1898 оноос сонгодог хөгжмийн талбарт үйл ажиллагаа явуулж буй “Deutsche Grammophon”компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. 

Брин Тервель хүүхэд байхаасаа үерхэж, дурласан Лесли хэмээх бүсгүйтэйгээ гэрлэж, гурван хүүхэдтэй болжээ. Эднийх гэр бүлээрээ Уэльс дэх Гуинетэд амьдардаг. 2001 оноос байгалийн үзэсгэлэн бүрдсэн Портмейрион тосгонд байдаг Деидраэт цайзыг эзэмшиж буй бөгөөд зочид буудал болгосон. 

Дуурийн урлагийн энэ цаг үеийн алдартан Брин Тервелийн нэр Английн, сонгодог хөгжмийн тухай нийтэлдэг, 1923 оноос уншигчдад хүрч буй сар тутмын “Gramophone” сэтгүүлийн “Алдрын танхим”-д бичээстэй байдаг. 

ПЛАСИДО ДОМИНГО

Испанийн дуурийн дуучин, удирдаач. Уянгын драматик тенор, хагаз зуунаас илүү хугацаанд дуулж буй тэрбээр 1941 онд Мадрид хотод төржээ. Тенор хоолойтой ч 2009 оноос хойш заримдаа баритонд зориулсан бүтээлүүдээс ч дуулж байгаа алдартан 2000 оноос Лос-Анжелесын Дуурийн театрын уран бүтээл хариуцсан захирлаар ажилласаар байна. 

Пласидо Доминго шиг дуурийн 150 гол дүр бүтээсэн дуучин байхгүй. Тэрбээр 300-гаас илүү үдшийг оркестрын хөгжимчдийн суудаг “нүх”-нд, удирдаачийн пультын ард үдсэн. Нийт 3900 гаруй тоглолтод оролцож, дуурийг бүхэлд нь, гоцлол болон хошил зэрэг 100-гаас илүү тоглолтоо бичүүлсэн. “Метрополитен опера” театрын уран бүтээлийн шинэ улирлын тоглолтыг 21 удаа нээснээрээ, энэ үзүүлэлтээр тус театрын удирдаачаар олон жил ажилласан Энрико Карузогийн өмнө гишгэсэн. 

Пласидо Домингогийн эцэг, эх нь Испанийн хөгжимт драмын урлагийн дуу, харилцан яриа, бүжиг бүхий сарсуэла төрлийн одод байв.

1949 онд Пласидо найман настай байхад эцэг, эх нь Мексикт хувийн театр байгуулсан тул эднийх гэр бүлээрээ тус улсад суурьшин амьдрах болжээ. Хүү 13 настайдаа Мехиког төрөлх хот нь хэмээж байв. Тэрбээр Мехико дахь тус улсын Үндэсний Консерваторид төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн удирдаач чиглэлээр суралцсан. 

19 настайдаа аав, ээжийнхээ театрт дуучны хувиар анхлан “Риголетто” дуурийн Борсагийн дүр бүтээжээ. Дараа нь Францын хөгжмийн зохиолч Ф.Пуленкийн нэгэн дуурьт томоохон дүрд гарсан байна. 

Эрт аав болсон Пласидо орлого олохын тулд хөгжимд суурилсан бүхий л ажлыг хийдэг байв. Мюзиклд дуулж, балетын төгөлдөр хуурчаар ажиллаж, телевизийн жүжгүүдийн туслах дүрүүдэд тоглож, улмаар хөгжмийг нь бичиж байлаа. Мехикогийн радиод өөрийн хөгжмийн хөтөлбөртэй болж, сарсуэла болон мюзиклийн найрал дуучдыг сургаж байв. Мөн ээж нь гоцлон дуулах үед төгөлдөр хуураар дагаж хөгжимддөг байсан. Хааяа аавынхаа театрт баритонууд бүтээх дүрд тоглож ч байжээ. Мексикийн дуу бичлэгийн компаниуд америк поп хөгжмүүдээс тоглох үед бүтээл шилж сонгоход нь туслах, зохиогчидтой холбож өгөх зэргээр продюсерийн ажил хийдэг байв. Энэ бүхэн Пласидод амьдралд нь ч, мэргэжилдээ өсөж өндийхөд нь ч үнэлж баршгүй туршлага болсон аж. 

Пласидо 1957 онд Мексикийн төгөлдөр хуурч бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэд удалгүй хүүтэй болсон байна. Дуучин үүнээс хойш таван жилийн дараа мөн Мексикийн дуучин Марте Орнеластай танилцсанаар бага Пласидо нь 1965, харин Альваро Маурицио нь 1968 онд төржээ.

АНДРЕА БОЧЕЛЛИ

Италийн дуучин, сонгодог болон поп чиглэлийн аль алинаар нь ажилладаг. Тэрбээр 1958 онд Италийн Тоскана мужийн Лаятико тосгонд төржээ. Багадаа эцэг, эхийнхээ фермд байхаас төгөлдөр хуур, флейт, саксофон тоглож сурчээ. Багаасаа нүдний өвчний улмаас хараа муутай байв. Нийт 27 удаа мэс засал хийний дараа хөлбөмбөг тоглож байхад нь бөмбөг толгой дээр нь унаснаас болж сохорчээ. Тэгэхэд Андреа 12 настай байжээ. 

Өсвөр наснаасаа оролцсон дууны уралдаан бүртээ түрүүлж ирсэн тэрбээр сургуулийнхаа найрал дуунд гоцолдог байлаа. Дунд сургуулиа дүүргэсний дараа Пиза Их сургуулийн хуулийн факультетад суралцаж, эрх зүйчийн диплом авсан байна. Гэсэн Андреа дуурийн хөгжимд дурласаар агуу тенор болохыг амьдралынхаа зорилго болгожээ. Мөрөөдлөө биелүүлэх хүсэлд автсан залуу Туринд ирэхэд нь XX зууны алдарт дуучин, шилдэг тенор хоолойтнууд ханхүүгээрээ нэрлэсэн Франко Корелли шавиа болгов. Хуульчийн замналыг бүрмөсөн орхисон залуу тенор өдөр нь дуулаачаар суралцаж, шөнө нь мөнгө олохоор ресторануудад тоглодог байж.

1992 он түүний хувьд шийдвэрлэх жил байв. Андреа Италийн алдартай рок од Зуккерогийн сорилтыг давснаар дуундаа фонограмм бичүүлснийг “Алдарт гурван тенор”-ын нэг Лучано Паваротти олж сонсчээ. Улмаар 1994 онд Андреа “Сан-Ремо” фестивальд анхлан амжилттай дуулахад тухайн оны есдүгээр сард түүнийг Паваротти төрөлх хот Модендоо зохион байгуулах тоглолтдоо урьсан байна. Залуу тенор чухам тэр жил Зул сарын баярын өмнөхөн Римийн папын өмнө дуулах нэр хүндтэй урилгыг хүлээж авчээ. Дараа жил нь тэрбээр Европын олон оронд тоглоход 500 сая хүн үзэж, сонсов. Дуурийн ч, эстрадын ч дуучны хувиар “Bocelli” цомог гаргасан нь тэр даруйдаа Герман, Бельги, Итали, Францад хөгжмийн шилдэг бүтээлийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. 

Түүнээс хойш бичүүлсэн альбомууд нь ч урьдын адил дуулиан тарьсаар байлаа. Америкт тэрбээр хүндтэй. Тоглолтынх нь тасалбар 250-500 долларын үнэтэй байдаг аж. 

Андреа 1987 онд ирээдүйн эхнэр Энрика Чензаттитай танилцсан байна. Тэд 1992 онд сүй тавьсан бөгөөд 1995 онд ууган хүү Амос нь, хоёр жилийн дараа удаах хүү Маттео нь төржээ. Нөхөр нь гэртээ бараг байдаггүйтэй холбоотойгоор гэргий нь шүүхэд хандаж, гэрлэлтээ цуцлуулав. Харин 2002 онд дуучин одоогийн гэргий, Италийн баритон Ивано Бертийн охин Вероника Бертитэй учирчээ. 2012 онд тэд охинтой болсон.

РЕНЕ ФЛЕМИНГ

Америкийн дуурийн дуучин. Үзэгчид “Диваажингийн дуу хоолой”, “Соронзон мэт”, “Төсөөллөөс ангид” зэрэг тодорхойлолт өгдөг сопрано. 1991 оноос Нью-Йорк дахь “Метрополитен опера” театрт гоцлол дуучнаар ажиллаж буй тэрбээр олон орны театруудад уригдаж дуулдаг. 

Рене 1959 онд тус улсын Пенсильвани мужийн Индиана хэмээх жижиг хотод төржээ. Эцэг, эх нь хөгжмийн болон дуулах ур зүйн багш нар. Нью-Йоркийн Улсын их сургуулийг хөгжмийн чиглэлээр төгссөн тэрбээр ирээдүй нь дуурийн урлагтай холбогдох юм гэж санаагүй аж. 

Оюутан байхдаа бааранд жааз хамтлагт дуулдаг байхад нь нэртэй жааз саксофон ч онилж, хамтлагтайгаа дэлхий тойрон аялан тоглохыг урьсан юм билээ. Гэтэл Рене түүн рүү биш, харин Истмен Консерваторийг зорьжээ. Дараа нь Нью-Йорк дахь Жульярдын их сургуульд элссэн байна. 1984 онд Фулбрайтын тэтгэлгээр Германд дуурийн дуу хэрхэн дуулахыг судлахаар очихдоо тус улсын домогт дуучин Элизабет Шварцколф багштай учирчээ. Дараа жил нь эх орондоо буцаж, Жульярдын их сургуулиа дүүргэсэн. 

Сонирхолтой нь дуурийн урлагийг ирээдүйгээ гэж хардаггүй байсан дуучин 1986 онд уран бүтээлийн гараагаа дууриар эхэлжээ. Олон улсад ажиллах замналаа ч 1996 онд В.А.Моцартын “Бүгд л ингэдэг” дуурийн бичлэгээр эхлүүлсэн түүхтэй. 

Тэрбээр даян дэлхийд илүү олон хүнд хүртэл дуулахын тулд мэргэжлийн дуучдын уралдаанд, фестивалиудад олонтоо оролцох ёстой гэж үздэг байсан тул Америк дахь “Линколын” төвөөс зохион байгуулдаг “Моцарт”, Испанийн Сантардере дахь, Швейцарын “Люцерне”, Оросын “Петербургийн орднууд”, улмаар Чили, Өмнөд Африкт фестивальд дуулснаар олон орны дуурийн урлаг сонирхогчдын танил болов. 

Олон улсын үзэгчдийн хүртээл болсон “Хаан буцаж ирсэн нь”, “Хоббит” зэрэг киноны хөгжмөөс түүний дуу хоолойг сонсож болно. Рене Флеминг эдүгээ хамгийн алдартай дуучдын нэг болсон. Дуулах ур чадвар, өнгө, донж, сэтгэл татам байдал зэргээрээ тоглолт бүрээ томоохон үйл явдал болгож чаддагаараа онцлог. Хоорондоо ялгаатай Вердийн Дездемон, Генделийн Альцина гэдэг ч юм уу, ямар ч дүрийг яг л хөгжмийн зохиолчийн илэрхийлэхийг хүссэнээрээ гаргадаг. 

Хошин шогийн мэдрэмж сайтай, нээлттэй, яриа хөөрөө дэлгэж, сайхан харилцан ярилцдаг түүнийг олон орны телевиз, радиогийнхан нэвтрүүлэгтээ урих дуртай. 

Түүний ажлын хуваарь хэдэн жилээр төлөвлөгдсөн байдаг. Уран бүтээлч эдүгээ дуурьт тоглохоос илүүтэй соло концертууд хийх болсон байна.

Нийтлэлч | Р.Оюунжаргал

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав