2025 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Унгарын зохиолч Ласло Краснахоркай 71 насандаа хүртлээ.
Шведийн академи "Сүйрлийн үеийн аймшиг дунд урлагийн хүчийг дахин тунхаглаж, ончтой, мэдрэмж бүхий бүтээл туурвисны төлөө" уг шагналыг олгожээ. Мөн Краснахоркай нь Франц Кафка, Томас Бернхард зэрэг Төв Европын нэрт зохиолчдын адил абсурдизм, этгээд хэв маягтай агуу зохиолч мөн гэдгийг Нобелийн шагналын хорооны комисс тодотгожээ.
Тэрээр 1954 оны гуравдугаар сарын 5-нд Унгарын зүүн өмнөд хэсгийн Гюла хэмээх жижиг хотод төрсөн агаад үзэл суртлын хатуу ширүүн сүүдэр дор бага насаа өнгөрөөжээ.
Ласло Краснахоркай 2015 онд буюу өдгөөгөөс арван жилийн өмнө олон улсын Мэн Бүүкерийн шагналын эзэн болжээ. Тус шагналыг эл он хүртэл тодорхой нэг романд бус зохиолчийн насан туршийнх нь уран бүтээлүүг үнэлэн олгодог байсан юм. Харин 2016 оноос энэ жишиг өөрчлөгдсөн билээ.
Тиймээс ч Краснахоркайгийн хувьд зохиолын амжилт, уран бүтээлийн цар хүрээгээр нь нэгтгэн дүгнэж эл шагналыг хүртээснээрээ онцлогтой.
Өдгөө Нобелийн шагналт зохиолч хэмээгдэх болсон Ласло Краснахоркай 1987 онд анх удаа коммунист Унгараас гарч, Баруун Германд жил гаруй хугацаанд амьдарчээ. Харин 1990 онд Зүүн Азиар аялахдаа Монгол болоод Хятадаар зорчсон байна. Эл аялал түүнд уран бүтээл туурвих хязгааргүй тэмүүллийг өгсөн бөгөөд Монголд байхдаа тэрээр “Өргөө хотын хоригдол” бүтээлийнхээ санааг олжээ.
Америкийн нэрт шүүмжлэгч Сьюзан Сонтаг Ласло Краснахоркайг “Орчин үеийн Кафка” хэмээж байжээ. Мөн тэрээр “Краснахоркайн өгүүлбэрүүд дэндүү урт, бараг бясалгалын шинжтэй. Гэвч түүн дотор гайхамшигтай хэмнэл бий. Түүний дүрүүд нь төөрөгдөл дунд орших боловч уг төөрөгдөл нь оршихуйн үнэний хэв загвар мөн” хэмээсэн байна.