Хүүхдийн парк байхгүй хэдэн жилийг үдсэний эцэст арай гэж хагас хугас хаалгаа нээв. Хагас хугас гэсний учир одоо болтол парк бүрэн хэмжээгээрээ ашиглалтад ороогүйгээр барахгүй, түрүүчээсээ тоглоомууд нь хэмхэрч, халуун наранд дээшээ ч үгүй, доошоо ч үгүй болж гацсан, хүүхдүүд айж сандран уйлалдаж, юм юм болж байна. Их санасан газар долоон шөнө хоосон гэгчийн үлгэр л энэ байх.
Манай хот социализмын үед өөрсдөдөө таарсан л хөөрхөн парктай байсан. Өөрсдөө болоод л байсан болохоор ингэж үзэхэд буруудах юм байхгүй. Тэр хашаанд тоглож наадаж явсан бага насны дурсамж тэр чигээрээ үлгэр домгийн цэнхэрхэн өнгөөр үе үеийнхний сэтгэл зүрхэнд хоногшсон байгаа. Хүмүүс хайртай юм болгоноо хадгалж үлдэхийг л хүсдэг шүү дээ. Энэ л сэтгэл зүйгээр тэд өнөөдрийн шинэ паркад хандаж байна. Тэглээ гээд тэднийг шууд буруутгах аргагүй. Догдолж ирээд дундарч буцаж байгаа нь үнэн болохоор үл тоож боломгүй.
Өө, энэ чинь баячуудын гэрийн гадаа байж л байдаг хэдэн тоглоом байна шүү дээ. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэж энийг л хэлэх байх даа. Хөөрхий хятадаас хэдэн акталсан тоглоом авчраад л будаж байх шив дээ. Их л баян компани худалдаж авсан юм гэсэн. Яасан ичгүүргүй улс вэ. Энэ тоглоом шуу юмнуудынх нь үнийг ээ... гэсэн сэтгэгдлүүд л захын иргэний аман дээр гарч ирж байх юм.
Манай өчигдрийн дугаарт паркийн тухай сурвалжлага нийтлэгдсэнийг уншигчид маань уншсан байна. Өнөөдөр ч энэ талаар санал хүсэлтээ хэлж залгасан иргэд олон байлаа. Ингээд бид дахин паркийг зорьсон юм.
Өдрийн ид ачаалалтай цагаар „Сансрын хөлөг” нэртэй нэгэн тоглоом нь гэнэт гинж нь тасран зогссоны улмаас агаарт хагас цаг халуун наранд гацсан иргэд бухимдах нь зүйн хэрэг биз. Айж сандарсан иргэд ажилтнуудаас нь онцгой байдлынхныг дуудаж өөрсдийг нь агаараас буулгаж өгөхийг гуйсан ч дуудаж өгөөгүйг нь үйлчлүүлэгчдээ хэт басамжилсан хэрэг болжээ гэж дүгнэхэд хүргэж байна. Засварлахаар ирсэн ажилтнууд нь асуулт тавьсан манай сэтгүүлчийг „Чиний хүүхэд энд байгаа юм уу. Үгүй бол битгий илүү юманд санаа зов. Бид ажлаа мэдэж байна” хэмээн загнаж, юун сүртэй юм бэ хэмээн хэрэглэгчдээ зандарч байсан талаархи дэлгэрэнгүй сурвалжлагыг уншсан иргэд бидэнд ахин „шинэ” паркийг зорих даалгавар өгсөн нь энэ.
Бүхэл бүтэн таван жил иргэдийг хүлээлгэсэн уг төсөл өндөрлөж, үүд хаалгаа нээсэн нь сайхан хэрэг. Гэвч хүүхдийн амь нас, аюулгүй байдлын баталгааг хангах үндсэн шалгууртаа тэнцэж байна уу гэх асуултыг эхний өдрийнх нь үйл ажиллагаа тавьж байна.
Мэргэжлийн хяналтын газар гэж мундаг айл байдаг. Аливаа шинэ үйл ажиллагааг нээх эрхийн туузыг хайчилдаг газар гэсэн үг. Хяналт шалгалтын энэ мэт газрууд хаагуураа оруулаад уг паркийн үйл ажиллагааг хагас дутуу, ийм эрэмдэг зэрэмдэг байдалтайгаар нээлгэчихэв ээ.
Бодь групп гэхээр л бүх юм нь ногоон гэрлээр явж байдаг жамаар явчихсан хэрэг үү. Ийм аюулгүйн баталгаа байхгүй орчинд тоглож байгаад хүүхэд эрсдвэл хэн хариуцлага хүлээх вэ. Хүлээж аваад ашиглалтад оруулчихсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар уу, бүхнийг хүслээрээ гүйцэлдүүлж байдаг Бодийнхон уу.
Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинэчилж, дэлхийн жишигт хүргэнэ гэсэн тэдний амлалт будаж өнгийг нь сэргээсэн хуучин тоглоомууд, хүнсний жижигхэн мухлагууд, мөнгөний зорилготой өндөр үнэтэй ресторан л байсан хэрэг үү. Хүүхдийн паркад хуучнаас юу ч алга. Томоос том талбайгаас тал нь машины зогсоол, тал нь хормой хормойгоо шүргэж байрлуулсан хэдэн тааруухан тоглоом. Тоглоомууд нь түрүүчээсээ эвдэрч хэмхэрсэн ийм л байр байдалтай байна.
Алсыг харагч гэхэд одоо болтол ашиглалтад ороогүй. Төслийн удирдагч ноён Б.Батнягтын баталж буйгаар уг тоглоом цоо шинэ. Гэхдээ хаалгыг нь стандарт биш учраас солих гэж байгаа гэх. Ашиглалтын хугацаа нь дууссан тоглоом л биш юм бол яагаад дөнгөж суурилуулж байгаа тоглоомонд хаалга үүдийг нь солих тухай яриа үүсч байгаа юм бэ.
Манай том гэгддэг компаниуд биднийг ийнхүү эрээ цээргүй хуурч, хулхидаж байна гэж бодохоор өөрийн эрхгүй гол гонсойж байна хэмээн олон үйлчлүүлэгч бидэнд хэлж байсан. Тэдэнтэй толгой дохин санал нийлэхээс өөр арга алга.
Машины зогсоол, орчны тохижуулалт, үүд хаалга, бие засах газар, хог хаях цэгүүд, тамхи татах газар зэргийг урьд өмнөхтэй харьцуулшгүй аятайхан хийсэн ч тал талаас нь тайрч хяхсан давчуухан хашаанд парк нэртэй хууран мэхлэлтийн төсөл ийнхүү босч байна. Бүхэл бүтэн улсын нийслэлийн урдаа барих ганц хүүхдийн парк гэж хүлээж авахад дэндүү учир дутагдалтай санагдана. Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн том нэрийн тухайд одоо бүр ч ярилтгүй. Ний нуугүй хэлэхэд нэг баян айлын л хүүхдийн тоглоомын талбайн хэмжээний ажлууд тэнд хийгдсэн байна шүү дээ.
Хосуудад алхах цэцэрлэг, хүүхдүүдэд очих газар нь байсан сан. Одоо тэр хашааны хаана нь хосууд, хаана нь хүүхдүүд байх юм бүү мэд. Паркад зугаалсан эцэг, эхчүүд „Туяа” нэртэй дулаахан уур амьсгалтай ресторанд сууцгаадаг байсан. Хуучны тэр „Туяа” ресторан эдүгээ солонгосчуудынх болжээ. Тэрийг аваад зогсоогүй даварсан хангугчууд Улаанбаатарын аль олигтой газар өндөр үнэтэй байшингууд барьсан. Одоо алдагдсан „Туяа”-гийн оронд Голомтынхон ахиад парк дотор ресторан барьж байна. Тэртээ тэргүй аль эртийн хүнийх болсон „Туяа” ч дүүрчээ. Туйлуулж дууссан паркийг хараад гол гонсойх л тиймхэн байна.
Манайд хэрэгжиж буй тендер, төслүүд бүгд иймэрхүү луйвар, элэг барьсан доромжлол болоод дуусдаг. Өөсрдийнхөө хийж байгаа булхайтай явдлаа хаацайлах уран чамин аргуудыг бүр ч өндөр түвшинд хийж байгаа харагддаг. Анхаарлыг өөр тийш нь чиглүүлээд л тавьчихна. Энэ яах вэ, тэр нэг байшин босоод байна. Тэрний цонхыг хагал л даа гэх маягаар. Паркийн бүтээн байгуулалт тойрсон яг ийм ажиллагаа л явсан.
Гинж нь тасраад агаарт гацчихсан тоглоомон дээр уйлж суугаа хүүхдүүдийг „Юун сүртэй юм” гэж хэлж болдог нийгмийн төлөө бид зүтгээгүй. Тийм учраас л томчуудын булхай, луйврын золиос хүүхдүүд байж болох уу гэж асууж байгаа юм.
Хуучны юм болгон сайн байгаагүйг бид мэднэ. Түүн шиг шинэ юм болгон муу болоод байгаа ч гэж туйлшрахгүй. Гагцхүү хуучнаасаа илүү сайхны төлөө л явмаар байна. Шинэ, гялгар, нүд булаасан шошгоор даллуулж авчихаад, гэртээ ирээд задлаад үзэхээр ой гутам хуурамч бараа шахчихсан байхтай нүүр тулах хэтэрхий гомдолтой шүү дээ. Шинэ парк нэг иймэрхүү л явдал болчихов уу даа.