ФОНТАН БА Г.МӨНХБАЯР
Өвгөнтийнхөн гэж нэгэн омгийнхон бий болоод олон жил болж байгаа билээ. Одоо тэдний ихэнхийг газар доорхи хонгилийн “эзэд” болсон гэж ярьдаг. Юутай ч тэдний тухай нарийн тоон мэдээлэл үгүй ч хэсэг бусгаараа энд тэнд оршин тогтносоор байгаагаа илтгэн урин цагаар ил гарч ирцгээн хэдэн сар “нарладаг” нь үнэн.
Шарх сорвиндоо баригдаж салмайтлаа нооройсон манай нөхдүүд энд тэнд атиралдан хэвтэж, орой үдшийн цагаар нүдэндээ теньтэй, авгай нар нь цыганууд шиг дуулалдан байдаг “Хар хорин” захын хажуугийн орчинд хааяа нэг очиж тэднийг ажиглан зогсдог байлаа.
Харин жилийн өмнө тэр талбайг “үгүй хийж” оронд нь шинэ амьдрал цогцлоосон. Тэндхийн ноололдсон амьдрал сарнин алга болж, оронд нь нялх модод ургаж, хөгжимт усан оргилуур цацарч, цаахан талд нь цөөрөм дотор загас бужигналдаж танихын аргагүй шинэ амьдрал цогцлоосныг очиж сурвалжилж байсан минь саяхан. Жилийн дараа ахиад очлоо. Тэндхийн гэж миний нэрлээд байгаа, тэдний гэж жаахан ялгаварлаад байгаа мөнөөх амьдрал хажуу хавирганд нь наалдаастай хэвээрээ үлдсэн ч, нөхдүүдийн жинхэнэ хогон дээр тулалддаг талбарт анх удаа хөрсний усыг ашиглаж бүтээсэн мөнөөх цэцэрлэгт хүрээлэн бий болсон нь сайхан.
Цөөрөмтэй, цөөрөм нь дөрвөн метр орчим гүн бөгөөд дотроо төрөл бүрийн загастай. Явган зам, замын гэрэлтүүлэг, сууж тухлах орчин бүгдийг иж бүрэн бодож цогцоор нь шийдсэн. Энэ бол зүгээр нэг энүүхэн Эрээнээс хуйлж авчраад, хулдаж дэвсээд хуурчихаж байгаа хиймэл зүлэг биш. Инженерийн шийдлүүдээр хийгдэж буй ажлууд. Инженер мээр энэ хотыг удирдан ажиллаж байгаагийн энгийн илрэлүүд.
Үүнээс ч гоё цэцэрлэгт хүрээлэнгүүд манай хотод хэд хэдээрээ бий болж, энд тэнд сэтгэл татсан гэгээлэг орчин нэмэгдэж, ногоон гэгээн агаар тэлсээр байгаа нь сайхан. Явуугийн цэцэрлэг, Цэрэндоржийн гудамж гээд өнөө жил үүд хаалгаа нээсэн гоё газруудыг бид бүгд мэдэж байгаа.
Ногоон дэлхий, ногоон эдийн засаг, ногоон урлаг...ногоон сэтгүүл зүй...ногоон ногоон... Хүн төрөлхтний дэлхийгээ аврахын төлөөх шинэ зууны тэмцэл. Жинхэнэ даяаршиж буй тэмцэл. Энэхүү ногоон тэмцэл рүү манай дарга нараас хамгийн том алхаж орон, дэлхийн хэмжээнд цуурайгаа гаргаж буй нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.
Улсын хэмжээнд (мэргэжлийн байгууллагуудын албан ёсны хийх үүрэгтэй ажлуудыг эс тооцвол) яг хувь төрийн зүтгэлтнүүд дотроос хотын дарга Г.Мөнхбаяр шиг бодит юм хийж байгаа нь алга. Түүний нэр сийлээстэй үлдэх нь гарцаагүй болоод буй олон гоё төсөл үнэндээ улс төрийн балчиг намагтай хэрүүлээс илүү сэтгэл булааж байна. Тийм болохоор л манай хотын “улаан” намын ногоон даргын хийгээд бужигнуулаад буй ажлууд анхаарал татаад байгаа юм.
Ногоон сэтгүүл зүй гэж манай салбарынхан бас мэр сэр ярьдаг болоод байгаа. Гэхдээ “Өнөөдөр” сонины сурвалжлагч Ц.Цэвээнхэрлэн шиг сүүлийн арван хэдэн жил байгаль орчны сэдвээр өөрийнхөөрөө чимээгүй ажилласан сэтгүүлч ховор. Уг нь хотын намын хорооны дарга Г.Мөнхбаяр, генсек У.Хүрэлсүх хоёр цаасаар ногоон “малгай” хийж өмсчихөөд тодрох гэж далдганаж буй нөхдийг тавь жаран сая төгрөгөөр улстөржин байж дэмжиж байхаар жинхэнэ гартаа үзэгтэй, сэтгэлдээ байгальтай, ногоон сэтгүүл зүйн төлөө дуугүйхэн алхаж яваад нь өгчих хэрэгтэй. Энэ тийм нууж хааж, намын шугам дагуулж хийгээд байх ч ажил биш. Ажилладаг сониных нь ногоон үзэл санааг нь л дэмжчихэд тэдний нэрэнд иймэрхүү замаг үсрэхгүй шүү дээ. Гэвч манай гайгүй улстөрчдийг гайтуулдаг дээрээс шахдаг тулгалтууд олон байх юм даа. За, энэ ч яахав. Хальтирчихлаа. Сэлбэ, Туул хоёр дээр хийгдэж буй сэтгэл булаам төслүүдийг сонирхож явсан тухайгаа ярья.
Сэлбэ, Туул хэмээх манай хотынхны голын хайртай голууд байна. Сэлбэ нь устаж, Туулынх нь асуудал харанга дэлдэн буй энэ үед том төслүүдийг зоримогхон барьж авч буй энэ цагийн мээрийг элдэв үгээр ороохоо больё.
СЭЛБЭ БА Г.МӨНХБАЯР
Одоогоос олон жилийн өмнө Сэлбийн сэрүүн дэнж дээр хүүхдүүд шалдан гүйлдэж, гүүрэн дээрээс нь гэрэл үсчүүлэн үсэрч нааддаг байсан гэнэм. Хотын хүүхдүүдийн хоргоддог хонхрын нэг энэ байсан байна. Тэгээд одоо байсан гэж яригдах хүртлээ баларч, сайр чулуун судал л үлдсэн байна. Гэвч энэхүү мөхсөн голын судал дээр манай хотын мээр том төсөл эхлүүлэхээр шулууджээ.
Сүйрч мөхсөн Сэлбийг сэргээх ажлыг ийнхүү эхлүүлж байгаа тухайгаа тэр даруухнаар мэдэгдэв. Байгаль орчин сүйдэж дууслаа гэх таагүй мэдээ тасралтгүй ирэх болсон энэ цөвүүн үед нийслэлийн мээр дурсамжинд дуулж, дуулимд уйлах болсон Сэлбээ сэргээхээр шийдсэн нь сайхан гэж хэлэх ч багадсан хэрэг.
Сэлбэ гол Хэнтийн нурууны баруун хойд салбараас эх аван урсч, Туул голын баруун хэсэгт ирж цутгадаг. Эхний ээлжинд Улаанбаатар хотын дундуур урсдаг хэсгийг сэргээхээр Орос, Монголын хамтарсан баг ажиллаж байна. Тэнд боссон тоосон дундаас бас л нэг бидний амьдралаас хөндийрсөн уур амьсгал ханхалж байх юм. Орос, монгол инженерүүд Сэлбийн сайран дээр хамтран ажиллаж байна. Эрдэнэт, Төмөр замаас өөр газар хуучны ах нартайгаа бид тэр бүр хамтран ажиллахаа больсон. Тэднийг социализмын үеийнх шиг мөр зэрэгцэн ажиллаж байхыг харах сонин, бас сайхан байв.
Төслийн хүрээнд Их тойруугийн гүүрээс Арслантай гүүр хүртэлх 1.2 км хэсгийг эхлээд сэргээх юм. Одоо 1966 оны үерийн дараа барьсан 1.8 км урт төмөр бетонон хашлагыг нурааж, шинэчлэх ажил хийгдэж байна. Ус халиах бетонон босгонуудыг хооронд нь 150-180 м зайтай барьснаар 0.6-0.8 метр гүн усны толио үүсгэнэ гэнэ. Урьд нь манайх ийм ажил хийж байсан ч цагийн аясаар бүгд сүйрчээ.
Сэлбэ голын тэжээлийн 69 хувийг хур бороо, таван хувийг цас мөс, 26 хувийг хөрсний ус эзэлдэг байж. Тиймээс усны урсацыг хөрсний болон үерийн ус ашиглан нэмэгдүүлэх шийдлийг сонгож авсан гэж мэргэжилтнүүд нь хэлж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг зайлуулах шүүрүүлийн байгууламжийн 800 мм голчтой хоолойгоор 220 литр/секунд хурдтай урсан ирэх усыг шахуургын станцын тусламжтайгаар зуны улиралд Сэлбэд нийлүүлнэ. Өвөлд нь Туул гол руу урсгана. Дараа нь уг шахуургын станцын тусламжтайгаар тус бүр 20 цацруулагчтай 20 м урттай хоёр эгнээ оргилуур ажиллуулахаар техникийн үндэслэлүүд хийгдсэн аж. 6-7 метрийн өндөртэй уг оргилуур нь мөн орчин үеийн гэрэлтүүлэгтэй байна. Голын хоёр талаар чулуун шат хийхээр тооцоолсон, өвөлдөө тэр орчны 0.9 га талбайг мөсөн гулгуур болон ашиглана гэх зэргээр зураг дээр үнэхээр гоё төсөл амьдарчээ. Монголд анх удаа хийж буй энэ том ажлыг “Норбу”, “Шимт газар” ХХК гэсэн Орос, Монголын компани ерөнхий гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байна.
“Сэлбэ” төслийн хүрээнд нийт 7.64 га газрыг тохижуулах юм. Үүний 1.4 га нь хараагүй хүмүүст зориулсан явган хүний зам байна. Мөн мод, бут, зүлэг бүхий ногоон байгууламж 1.29 га талбайг хамарна. Мэдээж хотын иргэдийн амарч суух энэ талбайд сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, шат, хогийн сав гээд бүх юм байна.
Яг өнөөдрийн байдлаар 1,2 дугаар усан бассейны ажил болох 10.000 м3 газар шорооны ажлыг хийж дууссан бөгөөд нийт ажлын 40 орчим хувь хийгдээд байна гэж гүйцэтгэгч компанийн захирал хэлж байна лээ. Үнэхээр хамгийн гоё төсөл энэ болох нь.
Цаашид зөвхөн Сэлбээр зогсохгүй Толгойт, Баян, Дунд голоо ч сэргээх зорилтыг хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан тухай Нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга, хатагтай Ю.Дэлгэрмаа ярьж байна билээ. Энэ хатагтайн гарт Туул голд минж нутагшуулах асар том төсөл бий. Тэр жимээр сурвалжилж дараагийн удаа та бүхэнд хүргэх болно.
Улаанбаатар хотын бодлого ийнхүү ногоорсон байна. Хэрвээ тэдэнд төсвийн бүрэн бүтэн эрх мэдэл байдагсан бол тэд нийт төсвийнхөө 70 хувийг ногоон байгууламжид зориулмаар байна гэж дор бүрнээ дугарч байна. Энэ жилийн хувьд өөрт оногдсон 79 тэрбум төгрөгийнхөө есөн тэрбумыг манай ногоон мээр хотынхоо ногоон байгууламжын төлөө есөн дүүрэгтээ хуваарилсан. Ийм том бодлогыг түүнээс өөр хэн ч өмнө нь хийж байгаагүй.
ЦЭВЭРЛЭГЭЭ БА Г.МӨНХБАЯР
Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмнө нь хувийн компаниудаар хийлгүүлдэг байсан нийслэлийн ногоон бүсийн ой цэвэрлэгээний ажлыг Зэвсэгт хүчний анги салбараар гүйцэтгүүлэхээр болсон билээ. Батлан хамгаалахын сайдтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийнхан нийслэлийн ногоон бүсэд ой цэвэрлэх ажлыг хийсэн.
Нийслэлийн Байгаль хамгаалах газар болон Ойн газрын мэргэжилтнүүд цэвэрлэгээ хийж буй газар дээр очиж, хэрхэн огтлох, цэвэрлэгээг яаж явуулах талаар заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж энэхүү ажилд чин сэтгэлээсээ нягт нямбай хандсан. Өнөөдөр ч цэвэрлэгээ үргэлжилж хөөрхий муу цагдаа нарын зарим Сэлбийн орчмын хогтой ноцолдож байна. Цэвэрлэгээ үргэлжилж байгаа нь тэр.
Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Мухарын амны 2007 онд түймэрт өртөн, дахин сэргэх боломжгүй болсон 75 га талбайн модыг огтолж цэвэрлэн, ойжуулалт хийхээр төлөвлөж ажилласан. Эндээс бэлтгэсэн модыг зэвсэгт хүчний анги салбаруудын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хямдралтай үнээр борлуулах болсон. Тэр ажил ч горимоороо явж байгаа.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн дөрөвний нэгийг ой эзэлдэг. Хавар намрын хуурайшилтай үед гарсан түймрээс гадна хортон шавьжийн нөлөөгөөр дахин сэргэх боломжгүй болсон ой цэвэрлэх ажлыг өмнө нь хувийн компаниудаар гүйцэтгүүлж байсан. Гэвч хувийн байгууллагууд цэвэрлэсэн модныхоо борлуулалтдаа голчлон анхаарч, энэ ажилд өрөөсгөл байдлаар ханддаг тул өнөө жилээс техник хэрэгсэл, хүн хүчний боломжийг нь үндэслэн цэргийнхнээр хийлгэхээр болсон нь хамгийн зөв шийдэл байлаа гэж хатагтай Ю.Дэлгэрмаа хэлж байна.
Хотын ногоон бодлогын мөрөөр цаашаа яваад байвал өдий төдий гэрэл гэгээтэй ажлуудыг сурвалжилж болохоор байгаа нь сайхан. Юун улс төр, юун элдэв тэнэг асуулга...Цэцэг, мод гээд мээрийн орж ажиллаж яваа орчин хэтэрхий өргөн, гэгээн байгаа болохоор тэр биз.
Түүнийг заримдаа бухимдаж байна, загнаж шаардаж байна гэх мэдээ чих дэлсдэг. Зангах төдий дүр эсгэчихээд л эрх мэдлийн байшиндаа ягаараад суугаад байсан бол өнөөдөр хийх юмаа олж ядсан шоучид түүн рүү шүлсээ үсчүүлэхгүй байсан. Манайхан юм хийж байгаа руу дайрдаг, хэлбэрдэж, хийдүүлж байгаа руу налдаг. Ийм нэг хөгийн зуршлаасаа хэзээ салах юм бол доо, бид.