сэтгүүлч Э.БУЛГАН
Тэдэн шиг харагдаж, тэдний нэг болж л чадахгүй бол тэнд амьдарч “тэнцэхгүй”. Тэнцэж үлдэхийн тулд солонгос охид шиг хувцаслаж, дуу сонсоогүй хэрнэ чихэндээ чихэвч зүүж, гар утас руугаа гөлийгөөд л... Метро, метроны буудал, автобус зэрэгт ч монголоороо ярьж чадахгүй, гар утасныхаа дуудлагад “Буугаад залгая” гэсэн зурвас үлдээн яг л хэлгүй хүн аятай аягласан. Энэ мэтээр монгол гэдгийг минь хүн мэдчих вий гэх айдаст хүлүүлж, 265 хоног БНСУ-д ажиллаж, амьдарлаа.
Монгол хүн гэдгээсээ ичдэг юм биш л дээ. Хууль бусаар оршин сууж буй иргэдийг албадан гаргах баривчилгаа метро, метроны буудал дотор үе үе болдог тул ийнхүү болгоомжилсон хэрэг. Хажууд энгийн хувцастай зогсож буй хүн ч тэдний нэг байхыг үгүйсгэхгүй. Ер нь хэн ч цагдаагийн хуяг, гаван дор эх орон руугаа буцахыг хүсэхгүй шүү дээ. Буцахаа тулбал өөрийн хүсэлтээр л явна гэж адгадаг юм билээ.
Анх зүгээр л аяллын виз мэдүүлж, хоёр сар ажил хийж үзчихээд ирье гээд гэрээсээ гарсан. Гэтэл яагаад “харлачихав” гэж үү. Монголд гурав юм уу дөрвөн сар ажиллаад олох мөнгийг ганцхан сарын дотор олдог байсан болохоор тэр. Ганцхан л жил гүрийчихвэл чи насаараа байрны лизинг төлөхийн тулд ажиллахгүй, мэргэжил чинь чиний амь зуулга биш цэвэр “кайф” болно гэж бодсон хэрэг. Ууц нуруу өвдөж, хуруу тэнийхгүй, угааж буй аягаа усан дотор алдаж унагасаар байсан ч шүд зуусан. Тийм өдрүүдээ одоо эргэн дурсах гэж байна.
ШОРОН + ДҮР ЭСГЭЛТ + СЭТГЭЛ ГУТРАЛ
Очсон эхний сардаа хөдөөх нэгэн хоолны газар аяга таваг угаагч хийлээ. Солонгос хоолны амтлагч аяга, тавгаас тийм ч амар арилахгүй. Бидний мэдэх хувцас цайруулагчийг аяга угаагч шингэнтэй хольж угаалгадаг. Хувцас цайруулагчийн үнэрт нүд хорсоно гэж жигтэйхэн. Энэ газарт 61-ээс 96 насны дөрвөн эмээтэй нэгэн дээвэр дор ажиллаж, амьдрах болов. Хэл мэдэхгүйн дээр нэг ч монгол хүн үгүй.
Ажлын цаг харилцан адилгүй ээ. Ихэвчлэн 08:00-аас 20:00 цаг хүртэл, ачаалал ихтэй өдөр 21:00 хүртэл ажиллана. Зөвхөн аяга таваг угаахгүй, тогоочид ногоо арилгаж, угааж өгөхөөс эхлээд уул руу явж хачир хүртэл түүнэ.
Хүн багатай өдөр зүгээр сууж чаддаггүй байсан тул хийх юмаа хийчхээд өөрийн санаачлагаар төмөр хөргөгч, тавиуруудыг угаадаг боллоо. Сүүлдээ ч хоолны газрын эзэд “Өнөөдөр энэ хэсгийг угаалгая” гэнэ. Нэг өдөр төмөр хөргөгч цэвэрлэж байгаад хуруугаа гүн гэгч нь зүсчихлээ. Өнөө хэддээ хэлж чаддаггүй ээ. Цус тогтохгүй урсаж, хүнээс тусламж авахаас өөр аргагүйд хүрсэн тул бусад ажилчиддаа мэдэгдэхээс өөр зам байсангүй. Нөгөө хэд маань дайн гарсан аятай дуу шуу болж, “Эмнэлэг явна” гээд болдоггүй. Би ч орчуулгын “апп”-аа гаргаж ирээд, “Хоёр хоногийн дараа зүгээр болчихно, эмнэлэг яваад хэрэггүй ээ” гээд л монгол хүний зангаар гөжчихлөө. “Зүгээр эсэхийг нь эмч мэднэ. Заавал явна” гэж байна. Хэсэг зөрүүдэлсний эцэст хамт эмнэлэг явж, гурван ширхэг оёдол тавиулав.
Гэрээсээ хол байгаа надад харийн хүмүүс тийнхүү халуун сэтгэл гаргасныг бодохоор хайр хүрнэ. Хүний сэтгэл гэдэг чинь яасан ч уяхан, нинж юм. Ажлын цаг дуусав уу, үгүй юу бүх хаалгаа түгжчихээд “Янз бүрийн хэрэг их гарч байгаа. Гадагш гаргахгүй” хэмээн намайг шоронгийн хоригдол адил гэртээ хорьж байсан тэдэнтэй эх орондоо буцталаа хамт ажиллачихаж чадах юм шиг оргиж билээ. Гэхдээ байна аа, төрөлх хэлээрээ нэг ч хүнтэй ярихгүй байхын давчуу бачууд би удаан тэсэхгүйгээ ойлгосон. Тэгээд л галзуурахаасаа өмнө тэндээс “зугтсан” даа. “Монгол явлаа” гэж худал хэлсэндээ одоо ч жаахан гэмшдэг л юм.
Тэндээс явсныхаа дараа мөн л нэг хөдөө байрын газар барилга дээр ажиллав. Яг ямар нэртэй газруудад ажиллаж байснаа одоо болтол мэдэхгүй. Таньдаг эгч маань ажиллаж байсан тул цалин мөнгө нь найдвартай байх гэх итгэл өвөртлөн очлоо. Гэхдээ ганцаараа биш ээ. Монголд хамт ажиллаж байсан найзтайгаа очив. Өнөө эгч маань захиралдаа бид хоёрыг “Эхнэр, нөхөр гээд хэлчихсэн шүү, цуг ирээрэй” л гэж байна. Тэгж хэлэхээс өөр арга байгаагүйг ч учирлаж байлаа. Учир нь захирал өвгөн хүүхэмсэг, ганцаараа ирсэн охид, бүсгүйчүүдийн бөгс, хасанд хүрээд зүгээр байлгадаггүй, эмгэн нь нэлээд хартай. Тиймээс ч өвгөнтэйгөө хардсан хүнд цалин мөнгийг нь өгөхгүй, нэг бол цалинг нь дутуу өгөөд хөөчихдөг гэж байгаа.
Ингээд бид хоёр дүр эсгэж амьдрах хэрэгтэй боллоо. Би Сөүлээс, найз маань өөр нэг хотоос автобусанд сууж ажиллах газраа ирлээ. Биднийг ажилд зуучилсан өнөө эгч тосож, амьдрах өрөөг зааж өгөв. Хоёр жижиг ор, хөргөгч, угаалгын машин, аяга, таваг гээд шаардлагатай юмс цөм байлаа.
Маргааш нь өглөөний таван цаг өнгөрөөж босоод ажилдаа гарцгаав. Ажлын хувцас цемент элдэв янзын өнгөтэй зунгааралдсан бодисоор будагдчихна. Нэг хувцсыг ганц өдөр, ариглаж өмслөө гэхэд гурван өдөр өмсөх боломжтой. Учир нь өнөөх зунгааралдсан бодисууд хэд угаагаад ч арилахгүй. Тэр бүрт ажлын хувцас худалдаж аваад байвал мөнгө хурааж чадахгүй тул бид гэрийн ойролцоох байрууд руу гэгээ тасармагц “цэцэг” түүхээр явцгаана. Солонгосчууд өмсөхөө больсон хувцсаа угаагаад, байрныхаа гадаах төмөр хайрцаг руу хийдэг юм билээ. Ийнхүү хэрэглэхээ болиод төмөр хайрцагт хийснийг нь “цэцэг” гэж нэрлэдэг. Эхэндээ хэн өмсөж байсан нь тодорхойгүй хувцас өмсөнө гэхээр сэжиг хүрээд л... Яваандаа хуучин хувцасны үнэ цэнийг ойлгож, ер ичиж, эмээхээ больсон. Ажилд өмсчихөж болохоор хувцас түүж ирээд, өнгө, өнгөөр нь ялгаад угаачхаж байгаа юм. Ингээд шинэ ажлын нөхцөл, орчиндоо бид бага багаар дасаж байлаа.
Гэсэн ч заримдаа хосуудын дүрд тоглож байгаагаа мартчихна. Ажлынхны дэргэд нэг биш удаа биесээ “Найз аа” гэж дуудна. Харин хэлснийхээ хойно хэлээ хазаж байгаа юм чинь... Бас болоогүй, ажлынхан гэрт орж ирүүтээ “Юу вэ, та хоёр чинь тусдаа унтдаг юм уу” л гэнэ. Тэр бүрт нь “Харин тиймээ, нэг орон дээр багтахгүй байгаа юм аа” л гэж хариулна. Зарим нь ч гадарлаад эхэлсэн бололтой. “Та хоёр хосууд биш тэ” л гэж байна. “Үерхээд удаагүй байгаа юм аа” гэх үгээр л амыг нь таглана. Ийн дүр эсгэж, эрэгтэй найзтайгаа хамт гурван сар амьдрав. Сүүлдээ дүр эсгэж, хүмүүст худлаа хэлж буй даа ядардаг юм билээ. Бачимдана. Бухимдана. Зүгээр л бүх үнэнээ хэлчихмээр оргивч, нэг л хүн мэдчих юм бол тэр мэдээ захирал өвгөний чихэнд хүрээд нөхцөл байдал муу тал руугаа эргэх шиг санагдаад болдоггүй. Тэгээд л эцэст нь хоёул дүр эсгэж амьдрахаас залхан өөр, өөр хот руу ажиллахаар явав.
Би Сөүлд ирж, айл, оффис цэвэрлэдэг боллоо. Хувцас шалхийтэл норчихсон, өөртөө ус ч уух чөлөө өгөхгүйгээр ажиллаж байхад “Хурдан хий” гэж солонгос захирал юм уу, хамт ажилд гарч буй монгол эгч нарын хашхирахыг сонсох ямар олиг байхав дээ. Сэтгэл санаа жалганд хэвтэж байгаа юм чинь. Хичээгээд байгааг чинь хэн ч анзаарахгүй, мэдрэхгүй байх шиг гунигтай зүйл үгүй юм билээ.
Яг бууж өгөх гэж байлаа. Хэчнээн хурдан шаламгай хөдлөөд ч олон жил уг ажлыг хийсэн эгч нараас хождож, хоцрох зүйл зайлшгүй гарна. Элдэв янзаараа дуудуулж, сэтгэлээ идүүлээд байхаар чинь хүн орноосоо ч босож чаддаггүй юм билээ. Дахиад тийм мэдрэмжийг мэдрэхгүйн тулд өдөржин гэртээ гутарч хэвтэх ажил хийдэг болов. Гэлээ ч байрны түрээсээ төлөх, хоол хүнсээ цуглуулах гээд амьдралын энэ мэт асуудлууд хоёр хоногоос илүү хэвтүүлэхгүй гэж мэд.
Тиймээс зар харж байгаад хүргэлтийн бараа уншуулж, машинд ачдаг шөнийн ажил хийж үзлээ. Ажил нь жаахан хүнд ч гэсэн хэн ч “Удаан байна” гэж чичлэхгүй нь сайхан. Энэ ажлыг нэлээд хэдэн удаа хийж үзэв. Гэхдээ шөнийн цагаар хийдэг учраас шалтгалт ихтэй. Мөн хүргэлтийн ажил хийж байсан цөөнгүй хүн баривчлагдаад нутаг буцсан гэх мэдээ монголчуудын зарын групп дээрээс олж уншив. Аргагүйн эрхэнд дахиад л цэвэрлэгээний ажилдаа гарах боллоо.
Уг нь бол юмыг өөрийнхөө сэтгэлд нийцтэл сайн хийх гэдэг зангаа л хаячихвал ингэж аашлуулж, адлуулахгүйгээ мэдээд байгаа юм. Мэдээд байгаа хэрнээ л тэгж чадахгүй байсан. Яагаад сэтгэл төвтэй хүн болчихсоноо, тэр зангаа хэчнээн хичээгээд ч тавьж чадахгүй байгаагаа ойлгоогүй. Тийнхүү зараар ажилд гарч яваад ажиллах арга барилыг минь ойлгох хүнтэй ашгүй нэг юм таарав. Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин гэж юутай үнэн үг болохыг тэгэхэд л голдоо ортол ойлгосон. Уг газрын захирал бол “Сайн л хийж байвал хурдан, удаан хамаагүй” гэдэг зарчимтай. Тэр л зарчим биднийг уулзуулж, монгол руугаа буцах хүртлээ хамт ажилласан даа.
САРВАЙТАЛ САНАХ ЭХ ОРОН
Өдгөө бол солонгосын виз мэдүүлэх урт дараалалд монголчууд тэр аяараа л зогсож байх шиг... Виз мэдүүлгийн төвүүд рүү утас цохитол заримд нь нэгдүгээр сарын цаг байхгүй гэж байх жишээний. Сонирхолтой ч гэх үү, солиотой ч гэх үү тоон мэдээлэл хэлэхэд нэг аймгийн хүн амыг давахуйц хэмжээний хүн солонгост хууль бусаар оршин сууж, дахин нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний хүн солонгост амьдарч байна. Тодруулбал, өнгөрсөн оны долоодугаар сарын байдлаар манай улсын 55.956 иргэн тус улсад амьдарч байгаагаас 18.740 нь надтай адил хууль бусаар оршин суугчид. Үндэсний статистикийн газрын хамгийн сүүлийн тоон мэдээлэлтэй харьцуулж харвал, тус улсад амьдарч буй монгол иргэний тоо Говь-Алтай аймгийн нийт хүн ам (57,098)-тай тэнцэхүйц байна. Харин Говьсүмбэр аймгийн нийт хүн ам (18,007) тус улсад хууль бусаар оршин сууж буй иргэдийн тоог давна. Солонгосыг Монголын 22 дахь аймаг гэж ярьдаг нь үнэний ортой ч юм уу даа.
Нэг өдрийнхөө цалингаар гоё хоол идэж, брэндийн ориг пүүз авч өмссөн ч цаана нь мөнгө үлдээд байгаа нь сайхан. Ийм улс руу хүн тэмүүлэхээс ч яахав. Гэхдээ байна аа, хэчнээн их мөнгө олсон ч тэнд ганцаардаж, сэтгэлээ нээн ярилцах хүн үгүй. Яг л оргүй хоосны дунд тарчилж явах шиг мэдрэмжид байнгын хүлээстэй. Зарим нь ар гэрийнхэндээ хүн биш мөнгө болж харагдана. Түүндээ эмзэглэж, гашуун шаналалаа тэвчилгүй архи, дарсанд орох нь бий. Харин зарим нь “Чамд ажиллах эрх байхгүй, хууль бусаар ажиллаж буйг чинь цагдаад мэдэгдэнэ. Надтай унтвал харин хэнд ч хэлэхгүй” гэх барьцаанд орж, айсандаа хүсээгүй хүнтэйгээ бэлгийн харьцаанд орох явдал ч цөөнгүй. Үр хүүхдээ орхиод ирсэн хүмүүст бүр ч хэцүү. Хүүхдүүдээ санаж нэг зовно, тэр зовлонгоо тэвчилгүй уйлна. Өвдөхөд нь хий дэмий сандарч, тэвдэхээс өөрийг хийж чадахгүй. Үүндээ асар их гэмшинэ. “Удахгүй ээ, ээж нь тун удахгүй очно” гэх амлалт өгч, түүндээ хүрэх гэж амралтгүй зүтгэнэ. Харин зарим нь эрүүл мэндээ мөнгөөр солиод ирж байна.
Үүнээс гадна хамгийн чухал нэг асуудлыг ярихгүй өнгөрч болохгүй нь. Сүүлийн жилүүдэд БНСУ-д орой гэрлэх, гэрлэлтээс зайлсхийх хандлага давамгайлж, үүнийгээ дагаад төрөлт буурч буй. Дэлхийд төрөлтөөрөө сүүл мушгиж байгаа асуудлыг тус улсын ерөнхийлөгч оны өмнөхөн хөндөж, Засгийн газрыг судлаачидтай хамтран ямар хүчин зүйлс төрөлт багасахад нөлөөлж буй болоод юун дээр анхаарах ёстойг судлах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Харин энэ талаар оны өмнөхөн хамт ажилд гарсан эгч нар хоорондоо ийнхүү ярилцана. Тэдний яриаг анхааралтай чагнавал, “Гадаад улсын иргэн солонгост төрвөл хүүхдийг нь дагалдуулан виз олгодог болох гэж байгаа шүү дээ” гэлцэв. Үүнийг сонсуутаа зарим эмэгтэйчүүд “Тийм бол төрчихье л дөө. Тэгээд монгол руугаа хүссэн үедээ ирж очоод сайхан юм биш үү” гэж байна. Цагаачлалын ч хамаагүй визтэй болж, гадуур эрх чөлөөтэй явж, метронд айх айдасгүйгээр зорчиж, монгол номоо уншиж, монгол дээлтэйгээ аль нэг өргөн чөлөөгөөр нь алхаж үзэх, хамгийн гол нь эх орон, элгэн садан руугаа ирж, очоод байхыг хэн хүнгүй хүсэлгүй дээ. Тэдний үг эх орон гэдэг цээжинд жингэнээд л байдаг хонх юм гэдгийг баталж байх шиг санагдана. Сайхан ч юм даа, хүн сарвайтал санах эх оронтой байна гэдэг.
МИНИЙ ХӨГЖҮҮЛЭХ УЛС САЙН БАЙНА УУ?
Өмнө нь хамт ажиллаж байсан монголчуудаас нутаг буцах болоход “МОНГОЛ” гэх үгээс нэг үсэг сох дутчихаж байх шиг санагдаж билээ. Харин энэ удаад би өөрөө онгоцны буудал руу хөдөлж байна. Кинон дээрээс л харж байсан улаан тоосгон байшин, тэр байшингийн үүдэн дэх хаяг, ороход л урдаас хэн нэгэн тэврэх шиг халуунаар төөнөдөг миний түрээсийн гэр. Ирж байгаадаа итгээгүй шигээ явж байгаадаа ч итгэж чадсангүй. Автобусны цонхоор өндөр, өндөр шилэн барилга харагдана. Тэр барилгууд нулимсан дунд минь сэлээд л үлдсэн сэн. Өглөө 05:45-д хамгийн эхний метронд суухад л хөл гишгэх зайгүй байдаг сан. Ийм эртэч ард түмнийг, бүхнээс тухтай энэ л унааг, харанхуйд ч зогсож л байдаг жимсний худалдаачин эмээг, загасны үнэр, захын голоорх хүн зоны урсгал, дуу чимээг санана гэдгээ ч мэдэж байна.
Энэ улсад ирээд хог ангилан хаяж, басхүү цаг барих ёс суртахуунд суралцав. Хамгийн гол нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн явдал миний хувьд хамгийн том олз.
Онгоцны буудал дээр ирлээ. Тус, тусын ажилдаа өглөө эртлэн босож гарцгаасан найзууд маань залгаж, үдэлтийн баяр боллоо. Тэдний маань нэг “Очоод Монгол Улсаа хөгжүүлж байгаарай. Чиний хөгжүүлсэн улсад бид очиж амьдарна шүү” гэж байх юм. Энэ мөчид Хятадын яруу найрагч Шюй Жымогийн
“Сайн яваарай, биеэ бодоорой
Салахдаа хэлсэн энэ үгсээс хөнгөн гуниг амтагдана” гэх мөрүүд санаанд харвана.
Түмэн хүний хүслэн болсон газраас яагаад ийм хурдан хүрээд ирэв гэж таних, танихгүй олон хүн л асуух юм. Хүний амьдралд чинь мөнгөнөөс чухал зүйл гэж байдаг юм байна шүү дээ.
Эцэст нь хэлэхэд, гадаадад ажиллаж, амьдарч буй хүн “Одоо болно оо, хэцүү байвал хүрээд ирээрэй” гэх үгээр л, эх хэл шигээ ойр, дулаан хүмүүсээр дутаж явдаг юм билээ. Үүнийг л мэдээсэй гэж хүсэх байна. Хилийн чинадад аж төрж суугаа элгэн садан минь хүн хүнээ гэх дулаан үгээс хол бүү суугаасай.