Өнгөрсөн өдрүүдэд Израилын тал Хамас бүлэглэлийн хооронд байгуулсан энхийн хэлэлцээрийн эхний үе шат хэрэгжиж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Хоёр тал барьцааны хүмүүсээ хэвийн байдалд солилцож, Палестины дүрвэгсэд газар нутагтаа эргэн ирж байгаа нь сайн хэрэг юм гэжBBC-гийн сэтгүүлч Жоэл Гантер мэдээлжээ. Тэрээр цааш нь ийн өгүүлсэн байна.
ОДООГИЙН НӨХЦӨЛД БАЯРЛАХАД ЭРТ БАЙНА
Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнд Палестинчүүд баярлаж байсан. Тэд гудамжинд гарч дуулж бүжиглэж байв. Израиль Газын зурваст гадаадын сэтгүүлчдийг нэвтрүүлэхийг хязгаарладаг тул BBC болон дэлхийн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд голдуу Палестины сэтгүүлчдээс мэдээлэл авч ирсэн. Харамсалтай нь, Израилын цэргүүд Газын зурваст Палестины 200 гаруй сэтгүүлчийн амийг хөнөөсөн юм. Гэсэн хэдий ч Палестины сэтгүүлчид BBC-д мэдээлэл өгөхөө зогсоогоогүй. Энэ удаад Газын зурваст гадаадын ганц нэг сурвалжлагч нэвтрэх боломжтой болсон.
Дайн эхэлсэн өдрөөс эцэж цуцахыг мэдэхгүй ажиллаж шархдсан, бэртсэн олон зуун хүнийг эмчилж ирсэн Газа хотын Яаралтай тусламжийн төвийн залуу эмч Абдалла Шаббир “Би одоо юу мэдэрч байгаагаа хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна. Энэ бол баярласан сэтгэлийн мэдрэмж юм,хамгийн гол нь цус асгаруулсан дайн зогслоо. Тиймээс Бурхны авралаар бүх зүйл бүтэх болно”гэж хэлсэн. Тэгвэл Умм Мухаммед гэдэг Палестин эмэгтэй “Энхийн хэлэлцээр хэрэгжиж байгаа нь сайн хэрэг. Хүмүүс маш их туйлдан ядарч байна. Бидэнд амьд үлдэж чадсан гэдгээс өөр баярлах юм бараг алга” гэж ярьж байв. Тиймээ,лайны хөлд нэрвэгдсэн жирийн иргэд ядарч зүдэрсэн. Тэдэнд баярлах юм тун хомс. Орон гэр нь нурж,ойр дотнын хүмүүс нь дайнд шархдан зарим нь амь үрэгдэж, нэг хэсэг нь шоронд хоригдож буй. Үүнээс үүдэн энэ дайнд хэн ялав гэсэн асуулт аяндаа гарна. Харин хариулт нь түвэгтэй тул Израилын Бар-Иланы Их сургуулийн профессор нэрт улс төр судлаач Зеэв Ханин “Фридом” телевизийн сувгаар ярьсан дараах зүйлийг анхааралгүй өнгөрч болохгүй юм. “... Нэг үйл явдалд оролцогч хоёр өрсөлдөгч аль аль нь ялахыг хүсч байгаа боловч нэг нь шатар тоглож,нөгөө нь олс татаж байна гэж төсөөлөөд үз л дээ. Ийм үед хэн нь ялж,хэн нь ялагдах вэ? Хэрэв энэ бүхнийг Европын орнуудын өөр хоорондын зөрчилдөөний үүднээс авч үзвэл нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Израиль Газын бараг талыг нь балгас болгож, Хамас бүлэглэлийн зохион байгуулалттай цэргийн дэд бүтцийг устгасан. Тэгвэл дайнд Израиль үнэмлэхүй ялалт байгуулж, Хамас ялагдсан гэж үзэж болох юм. Гэхдээ одоо Хамас Газын зурваст эрх мэдлээ хадгалан үлдлээ. Мөн тэд хүмүүнлэгийн асар их тусламж хүлээн авч энэ тусламжийг хүмүүст өөрсдөө хуваарилан тараах болно. Газын хүн амын бараг талаас илүү хувь нь Хамас бүлэглэлийн дэд бүтэцэд нэгдсэн. Энэ байр сууринаас харахад Хамасын хувьд, ялалт байгуулсан гэсэн үг” гэж Зеэв Ханин ярьж байсан. Одоо байдлыг өөр өнцгөөс авч үзье. Хамас буюу Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн нь, дэлхийн сионистуудыг устгах агуу зорилгынхоо төлөө гэм зэмгүй олон хүний амийг тахилын ширээний золиос болгож ирсэн. Хамас бүлэглэл 2023 онд Израиль руу дайрч 15 сарын турш пуужингаар харваж, 250 хүнийг нь барьцаалаад зогсоогүй олон арван хүний амийг хөнөөсөн. Хэвлэл мэдээлийн хэрэгсэлүүд амь үрэгдсэн хүмүүсийн тоог зөрүүтэй мэдээлдэг тул одоогоор нэгдсэн тоо хараахан гараагүй байна. Эцэст нь,хоёр тал хэлэлцээний ширээний ард сууж эвлэрэлийн хэлэлцээр байгуулж чадсан. Үүний дүнд Хамаст барьцаалагдсан Израилийн 31 настай Дорон Стайнбрехер, Британи- Израилийн иргэншилтэй 28 настай Эмили Дамари, 24-тэй Роми Гонен нарын гурван эмэгтэйг мөн барьцаанд байсан 90 палестин иргэнийг эхний долоо хоногт сулласан. Одоо солилцооны хоёр дахь долоо хоног эхлээд байна. Энэ үеэр 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийнхний үйлдсэн халдлагын үеэр Израилийн өмнөд хэсэгт орших “Нахаль-Оз” цэргийн базаас барьцаалагдсан цэргийн албан хаагч залуухан дөрвөн эмэгтэйг сулласан. Дараа нь барьцааны 33 иргэнийг Израильд буцааж, Израилийн шоронгоос нийтдээ 1900-гаад палестинчуудыг суллах юм. Ер нь үлдсэн долоо хоногуудад (эвлэрэлийн хэлэлцээр ёсоор) барьцаалагдсан хүмүүсийг солилцож дуусах болно. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна. Харин хэлэлцээрийн хоёр дахь үе шатанд Газын зурваст гал бүр мөсөн зогсоож, энд цэргийн бүхий л төрлийн ажиллагаа явуулахаас татгалзаж, хоёр талын хоригдол солилцоог үргэлжлүүлэхийн зэрэгцээ Израиль Газаас цэргээ эргүүлэн татна. Ингээд гурав дахь үе шатанд хоёр талын амь үрэгдсэн хүмүүсийн цогцос болон тэднээс үлдсэн юмсыг солилцоно . Мөн хэлэлцээр хэрэгжих гурав дахь үе шатанд Газын зурвасыг сэргээн босгох гурваас таван жилийн төлөвлөгөөний эхлэлийг тавих юм.
Гэхдээ ялангуяа Хамасыг террорист бүлэглэл гэж үздэг барууны орнууд энэ хэлэлцээрийг шүүмжилдэг. Хамас бүрэн устаагүй одоо хүртэл Газын зурвасыг хянаж байгаа тул энэ газар нутгийн асуудлыг бодитой харж шийдвэрлэх ёстой гэж барууны улс төрчид үзсээр байна. Тэгээд ч нэг үе Ойрх Дорнодыг бүхэлд нь хамарч болзошгүй байсан дайны аюулын хар үүл бүрэн арилаагүй байгаа цагт баярлахад эрт байна.
ГАЗЫН ЗУРВАСЫГ СЭРГЭЭН БОСГОХ ТУХАЙ
Хамасын хяналтад байдаг Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Израилийн цэргийн довтолгооны улмаас 46 900 гаруй хүн амь үрэгдэж, дайны өмнө Газад амьдарч байсан 2.3 сая хүн амын дийлэнх нь гэр орноо орхин дүрвэсэн.
Ташрамд хэлэхэд, тухайн үед төр улсаа байгуулж чадаагүй үндэстнүүдийн нэг палестинчуудын хоёр хэсэг газрын нэг нь Газын зурвас юм. Израиль Египет улсууд болон газар дундын тэнгисийн завсар хавчуулагдсан эрэг орчмын Газын энэ зурвас газар урт удаан хугацааны турш дайн тулаан зэвсэгт мөргөлдөөний талбар болж ирсэн. Энд тус газар нутгийн олон зуун жилийн түүхийг ярихаа түр азнаж,зөвхөн өнгөрсөн зуунд болсон явдлыг цухас дурдая. 1947 онд НҮБ-ын шийдвэрээр Палестины газар нутгийг хуваан арабын болон еврейн хоёр улс болгосон. Үүнийг арабууд эсэргүүцэж улмаар дайн тулааны замаар асуудлыг шийдэхийг зорьж эхэлсэн байдаг. Энд 1948-1949 оны Араб Израилын дайн, 1967 онд болсон “зургаан хоногийн дайн” зэргийг дурдахад хангалттай. Тэрчлэн, 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израиль руу довтолж, Газын зурвасын хилийг давж,хэд хэдэн сууринг эзлэн,150 гаруй хүнийг олзлон авсан юм. Дараа нь мөн оны аравдугаар сарын 8-нд Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвасын оршин суугчдыг нүүхийг уриалаад “Бид Хамас бүлэглэлийн толгой хоргодож байгаа бүх газрыг үнсэн товрог болгоно. Тиймээс энгийн иргэд эндээс нэн даруй явбал зохино”гэж мэдэгдсэнээр хэрэг явдал улам даамжирч бүтэн жил гурван сарын турш Газын зурвас дайны хөлд нэрвэгдсэн.Эдүгээ Газаас нүүлгэн шилжүүлсэн олон арван хүмүүс эргэн ирж хэвийн амьдралд ороход урт удаан хугацаа шаардагдах болно. Ялангуяа Газын зурвасын хойд хэсэг дайн үеэр сүйрэн бараг балгас болсон тул ийм их хэмжээний сүйрэл, хүний амь эрдсэн хор хөнөөл нь бүхэл бүтэн үед мэдрэгдэнэ. Одоогоор Газын сэргээн босголтын талаар хараахан хэлэлцээгүй байна. Тэгээд ч хэлэлцээр хэрэгжих үйл явцын эхний үе шат дуусахаар өөрөөр хэлбэл, 42 хоногийн дараа дайны гал дахин сэргэж магадгүй гэж ажиглагч мэргэжилтнүүд болгоомжилж байгааг үгүйсгэх аргагүй. Израилийн тал барьцаанд байгаа хүмүүсээ нэгийг ч үлдээлгүй авч байж хэлэлцээрийн хоёр дахь үеийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байна. Хэрвээ энэ нь амжилттай болбол Израиль үлдсэн цэргээ Газын зурвасаас бүрэн гаргахаа мэдэгдсэн.Ингэснээр дайны гал бүрмөсөн зогсох үүд нээгдэх юм. Энд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, Газын зурвасын ирээдүй зөвхөн Израиль Хамас хоёрын төдийгүй Ойрх Дорнодын нөхцөл байдал, энэ бүс нутгийн орнуудын энх тайван оршин тогтнох, эдийн засгийн хөгжилтэй уялдаа холбоотой асуудал гэдгийг анхаарах нь зайлшгүй болоод байна.