Би нуурын эрэгт өсөж торнижээ. Шувууд нь буцчихсан намрын нуур эл хуль, нам гүм оргино. Хачин уйтгартай хэр нь хараад л суумаар аниргүйд нарны туяанд гэрэлтэж үзэгддэг долгис нь хүртэл саарал өнгөөр үелзэж байдаг сан. Цагаан нуурын эрэгт намрын сар ийнхүү анир гүмийг араас нь залгасан их уйтай хамт хөтөлж авчирдаг байлаа. Жирийгээд урссан он цагийг яг одоод авчирч орхих ахул Женевийн нуурын эргийг машины цонхоор тольдон унасан газар, угаасан усаа би нэхэн санаж явна. Зөөлөн бороо шивэрнэ. Тэгэх тусам бүүдгэр тэнгэрийн өнгөөр сааралтан үзэгдэх Женевийн нуурын нам гүм нь тэртээх он цаг руу ахин дахин хөтөлнө. Дурсамжийн нуурын эрэгт зогсож, байгалийн бүтээсэн цаг хугацааны чимээгүйд бүрэлзэн үзэгдэх цонхоор өнгөрсөн цагийн түүхээ харах шиг мэдрэмжид автав. Харь хол гэдэг үг юу сан билээ. Хаана би зогсоно, алхана, амьсгална, тэр бүхэн минь гэр орон шиг дотно санагдах нь урьдын түүхийг сэтгэлд урин дуудах энэ л нуурын нам гүмээс үүдсэн хэрэг. Магад тэнгэрийн сайханд Женевт айлчилсан бол шувууд нь тойрон нисэлдэж, түмэн зүйлийн жуулчид хөлхсөн үймээнт эргээс холгүйхэн олон зуун завь нааш цааш сүлжилдэн үзэгдэх байсан болов уу. Гэтэл өдгөө мөнөөх завинууд зогсоолоос уяатай, борооны чимээ тэдгээрийг онож буухдаа өөр өөр хөгжим эгшиглүүлэх боловч нэгэн хэвийн үргэлжилсэн чимээнд нь уй гуниг, баяр хөөрийн жаалхан амттай холилдон дотуур тэнүүчлэх нь яг л зөв цагтаа дэлхийн энх тайвны нийслэл болсон энэ хотод ирсэн мэт бодогдоно.
Хэдэн хормын дараа мөнөөх хүнд үүлс алгуурхан нүүгээд бороо намжиж, хэсэгхэн үүлсийн ягааварлан үзэгдэх зайцаар наран булталзах нь “Сайн явж ирэв үү” хэмээн холын газрын, хүний нутгийн хот эх хэлээр минь мэндлэх шиг ээ...
“Хаа газар хүний өөрийн гэлтгүй дээ. Уул, усанд нь залбирч, ургаа чулуу, модыг бүү хөнд. Унасан нутаг дулаан дээл шиг боловч уудам орчлон бүхлээрээ залгаа шүү дээ” гэж аав минь хэлдэг сэн. Хот болгон өөрийн үүх түүх, тэдгээрийг нь олж харах нууц цонхтой боловч сайн санасан хэнд ч салхивчаа цэлийтэл нээдэг хэмээн сананам. Түүх рүү нь өнгийх хар буруугүй дулаан сэтгэлийг Женев хот таньсан аятай удалгүй үүлэн хөшгөө ярж, үүрд ийм л оршсон цэнхэр тэнгэрийг зулай дээр нэлийлгэв.
Алсад Альпийн нурууны мөнх цаст сүрлэг нурууд сүр жавхлантай дүнхийнэ. Сэтгэлийн чинадад уудам талын уулс ч мөн ингэж л дэндүү бодитой, нууцлаг харагддаг. Нууцлаг байна гэдэг хүчирхэг байдал.
Нэн тэргүүнд бид энэ хотын бахдам үзэсгэлэнг дэлхий даяарт тунхаглахдаа хүн төрөлхтний эрхэмлэх учиртай мөнхийн үнэт зүйлийг бүтээсэн тэр л суу билгийн хамгийн бахдам хэсэг оршсон газар луу дөтөллөө. Энэ бол дэлхийн энх тайвны бэлгэдэл болсон Нэгдсэн Үндэстний байгууллагын төв байр. Олон улсын дипломат үйл ажиллагааны хамгийн чухал газар. Женевт ирсэн хүн бүр уг газрыг заавал зорьдог гэх. Магад үгүй л болов уу гэж санана. Мэдээж дэлхийн дипломат үйл явдлуудтай танилцаж болох ч хотод хөл тавьсан хэн нэгэн жуулчин шуудхан алхаад орчих боломжгүй газар шүү дээ. Тэгээд ч надад хотын урлаг түүхийн музей нь улс хоорондын харилцааны төв газраас илүү сонирхол төрүүлдэг. Гэлээ ч хамгийн чухал нь хүний эрхийн асуудал өдгөө ч дэлхий нийтээр тогтворгүй байгааг ямагт сануулсан хугархай хөлтэй, мөнөөх аварга модон сандлыг үзэх байлаа.
Арван хоёр метр өндөртэй аварга том сандлыг НҮБ-ын урд байрлах өргөн цэлгэр талбайн захад байруулжээ. Яг үүднийх нь харалдаа шүү. Тиймээс тус хаалгаар орох хүн бүр юуг бүтээж, зорилгоо болгож ажиллахаа үргэлж санаж, ухамсарлах ёстойг сануулсан мэт бодогдоно. Хүний эрх, эрх чөлөө, энх тайвныг хамгаалахын тулд тэд хуралддаг боловч дэлхий даяарын бодит байдал дээр эдгээр нь хугархай хөлтэй сандал шиг тогтворгүй байгаа гэдгийг илэрхийлж байдаг тус сандлыг Даниель Берсе, Луи Женев нар 5.5 тонн мод ашиглан бүтээжээ. Асуудал нь том байх тусам хэмжээ нь тийм нүсэр. Тэгэхээр уг сандал чимэглэл, ямар нэгэн зүйлийн бэлгэдэл бус харин ч улам таагүй мэдрэмжийг төрүүлэх хийгээд юуны төлөө тэмцэхийг мөнхөд анхааруулах чухал зэвсэг юм. Гэхдээ бусдыг даран сөнөөх бус харин ч хагацаан салгадаг, хүнийг өөрөөс нь өөр бусдад хувиргадаг бүхний эсрэг ашиглах зэвсэгтэй адил юм уу даа.
Тус газрын ойр хавьд хэд хэдэн автобусны буудал бий. Гэхдээ ойр орчимд нь унаа хөсөг удаан зогсох хориотой. Б.Сүнжидмаа эгчийн хамт бууж үлдсэн бид машиндаа суух гэж хэсэг төөрөлдөв. Учир нь биднийг НҮБ-ын үүдэнд орхисон унаа маань зогсох боломжгүйгээс нэг чигийн хөдөлгөөнтэй замын дагуу түргэн хөдөлснөөр эргээд төв байрны үүдэнд ирэх гэж нэлээд олон уулзвар руу нэвтэрсэн учир жаахан будилжээ. Хамт зорчиж явсан хүмүүс биднийг суудалдаа тухалсны хойно сая л нэг санаа амарлаа гэсээр уужимхан амьсгал авцгаав.
Бид төв байрны үүднээс хөдөлж Женевт байрлах Монгол Улсын Элчин Сайдын яамыг зорив. Эргэн тойрон, гудамж талбайн хөвөөгөөр өндөр өндөр модод ургасан учир алсыг харна гэдэг бүтэхгүй хэрэг. Тиймээс зам сайн мэддэг хөтөчгүй бол битүү модод дундуур шургасан замаар ороод төөрөх магадлал өндөр юм.
Элчин сайдын яам руу очих зам хэд хэдэн огцом эргэлтээс гадна, өгсүүр учир толгодын орой ч юм уу, өндөрлөг газарт байрласан гэдэг нь илт. Тэнд биднийг Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа хүлээн авч уулзав.
Женев бол франц хэлээр голлон ярьдаг хот. Элчин сайд Д.Гэрэлмаа бол 1998 онд Монгол Улсын Их сургуулийг Олон улсын харилцаа, франц судлалаар төгсөж, 2000 онд Франц улсын Засаг захиргааны дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг дипломатчдын нэг юм. Уулзалтын үеэр О.Элбэгтөгс ах хөдөө орон нутаг дахь театрын үйл ажиллагаа, жүжгийн зохиолын тухай яриа өрнүүлж, бид ч мөн соёл урлагийн цаашдын хөгжил, хэрэгжүүлэх ажил, мөнхүү бидний аяллын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Монгол гэр” нийгэмлэгийн үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцоо. Тэр бүхэнд Д.Гэрэлмаа сайд уриалгахнаар бидний саналыг хүлээн авч, дэмжихээ илэрхийлэхийн сацуу тус уулзалтын дурсгал болгон Монгол-Швейцар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан цөөн тоогоор үйлдвэрлэж гаргасан “марк” бэлэглэв.
Гадаа дахиад л бороо орж байна. Машины цонх даган урсах бороон дуслуудын цаагуур ногоон бут, өндөр модод жирэлзэнэ. Женевийн гудамж талбай, төв замын дэргэдүүр эгнэсэн эртний готик хийцийн сүм, байшин, тэдгээрийн сийлбэртэй баганууд мөнөөх борооны бөмбөлөг дуслуудад багтан үй олон болж үзэгдэнэ. Нэгэнтээ Сент Пьерийн сүмийн цог жавхлан ч жирэлзээд өнгөрлөө. Хотын арвин баялаг түүх, архитектурын ур чадвар, алдар сууг оршоосон гайхамшигт дурсгалын сэтгэл хөдөлгөм үзэмжийг бороо улам ч өнгө оруулах ажээ. Нүднээ харагдах сүр жавхлан, дүнсгэр оршихуйг усан дуслууд чимэглэх нь уйтгарын цаадах үг дуугүй гэмшил шиг чимээгүй агаад үзэсгэлэнтэй.
Музейн цонх
Женев хотын хэл бол франц гэдгийг дээр дурдсан. Швейцарийн Базель хотын иргэд герман хэлээр ярьдаг бол Луганод итали, харин энд францаар ярих нь элбэг. Хэлээ дагаад соёл, зан заншил, хүмүүсийн амьдралын хэв маяг нь хүртэл франц. Гудамж талбайд хэн юу хийх, ямар хувцас өмсөх, хааш зорих, юу хүсэх нь эрх чөлөөтэй. Өөрсдийн гэх дүрэм нь өрөөлд саадгүй л бол бүхий л боломж оюун ухамсарт бодгалийн өмнө цогцолсон байх нь бий. Үүнээс хамгийн чухал нь хотын барилга байгууламжууд... Тэдгээрийн хана туурга, дээвэр, цонх, уран сийлбэрүүдийг удтал ажиглаж, өөрийн дотоодод өнө эртний сэжмээр оршоон мэдэрч чадвал Женевийг илүүтэй ойлгох мэт. Үүнийгээ дагаад олон зууны түүхийг харж чадах, алтан наран бүхлээрээ багтсан аварга том цонх руу өнгийх болно. Харин тэрхүү алхмыг нэн даруй Женевийн урлаг, түүхийн музейгээс эхлэхээр шийдлээ.
Энэ бол тус хотын хамгийн том музей бөгөөд 1826 оноос эхтэй. Асар том уг байгууламж дотроо гурван хэсэгтэй агаад дундад зууны болоод сэргэн мандлын үеийн зураачдын бүтээлүүд бий. Рембрандт, Сезанн, Модильяни, Ван Гог, Реунар нарын бүтээлийн жинхэнэ эхийг харахын тулд олон сая жуулчин музейг зорин ирдэг байна. Үүнээс гадна 400 гаруй мянган ном бүхий номын сан, урлагийн бүтээлийг сэргээн засварлах студи, судалгааны лаборатори хэрэглээний буюу ахуйн эд зүйлс, археологийн хэсгүүдийг багтаасан цогц байгууламж учир нэг өдрийн хэдхэн цаг дотор тэдгээрийг үзнэ гэдэг боломжгүй, тооцоололд сайнгүй хүний биелэхгүй төлөвлөгөө байж таарна. Гэвч бид уран зураг, баримал, түүхийн өрөөнүүдээр аялж, орон одон судлал, сэргэн мандлын үеийн эд өлгийн зүйлсийг ч давхар үзээд амжив. Тийн явахдаа Реунарын нэгэн цэцэгсийн зургийн өмнө түр саатан зогсоход хижээл насны эгч ирээд мөнөөх зургийн талаар тайлбарлаж өглөө. Тэгснээ намайг сонжингүй харснаа “Чи аль улсын иргэн бэ, орос уу эсвэл япон жүжигчин үү” гэж асуув. Би монгол хүн, монголоос ирсэн гэхэд “Аа, ха, тийм монгол, Чингис хаан” гэв. Тийнхүү ихэд дотночлон бидний дотор нь зогсож буй музейн талаар, энд байрлах хамгийн сонирхолтой өвүүдийн талаар товчхон тайлбарлаад хамт зураг авхуулахыг хүслээ. Би уг хүсэлтэд татгалзсангүй. Тэгээд их хааныхаа талаар бодов. Тийм шүү, “Чингис хаан”... Бидэнд ямар азаар Чингис хаан байгаа билээ. Тэр суут хүн өдгөөх олон зууны дараа ч нэгэн үндэстний таних тэмдэг, суу билгээс гадна нөмөр нөөлөг, түшиг тулгуур нь хэвээрээ ажээ.
Музейн үлдсэн хэсгийг харах цаг байсангүй. Учир нь Женевт айлчилсан гол зорилго маань энд байх монголчуудтай уулзалт хийх байсан тул товлосон цагаасаа хэн хэн нь хожимдохыг үл хүснэ. Ерөөс европт цагийг огт дэмий үрэх хүн үгүй. Тэгээд ч энэ хот олон зууны иргэншлийн ул мөрийг хадгалсан тул түгжрэлийн асуудлаа улирсан он жилүүдэд гээж орхисон учраас товлосон цагаасаа хоцорсон нэгний шалтаг болгон хэлдэг манайхны бэлэн хариулт үйлчлэхгүй билээ.
Тийм ч учраас үлдсэн жаахан хугацаандаа музейгаас гол хаалганы урд жигүүрт байрлах өндөр цонхны дэргэд саатаж гадагш ширтэв. Тэртээд Женев нуурын дээгүүр үүлс хуниралдан, бүүдгэр тэнгэрийн хаяанаас урган гарсан гэмээр завинууд эрэг рүү яаран тэмүүлжээ. Хотын бэлгэ тэмдэг болсон “The Jet d’Eau” усан оргилуур тодхон үзэгдэнэ. Анх 30 метр өндөрт хүртэл оргилдог байсан тус усан оргилуурыг нуураас шууд ус авдаг шинэ шахуургын системтэй холбосноор өдгөө 140 метр өндөрт хүрч оргилох болсон гэдэг. Гэхдээ надад бол энэ оргилуур л нуурын амар амгаланг эвдээд байх шиг, тэрхүү дөлгөөн тайвныг нь мэдрэн уйтгарлаж суухад саад хийх мэт санагдав. Магад оргилсон их баяр хөөр, догдлол, гэнэтийн зүйлсэд дургүйнхтэй минь холбоотой байж мэднэ.
Гудамж талбай борооны усанд угаагдан өнгө оржээ. Гэвч цаанаа л дүнсгэр, олон хүн үл холхих хийгээд байншингууд нам гүм. Заримынх нь цонхоор нар шургадаггүй юм шиг хилэн хар цонхтой. Түүндээ огтоос зохиогүй гэмээр элдэв урлагийн үйл ажиллагааг сурталчилсан нэлийсэн том зурагт хуудсууд өлгөөтэй. Хуучнаасаа салахыг үл хүсэх хүмүүсийн унаган төрхөөр нь авч үлдсэн хотын үзэмжид орчин үе дэндүү гял цал, хэт гоёж гангалаад камерын өмнө зогсоосон жүжигчин шиг эв дүйгүй харагддаг бололтой юм.
Гуниглаж болох эрх чөлөө
Үдийн нар баруунаа хэвийн таширлах мөчид бид уулзалт болох газрын ойролцоо нэгэн давчуу гудамны зогсоол олж машинаа байрлуулав. Тэндээсээ хэд хэдэн уулзвар нэвт алхсаар зорьсон газартаа ирлээ. Монголчууд бол байгалиас өөрт нь заяагдсан төрөлхийн нүүдэлчин араншинтай улс. Тэд дэлхийн олон хотуудад, хэн нэгний бодолд төдийлөн торохгүй ертөнцийн хязгаарт ч сууж байж мэдэх ард. Энд ч мөн олон монголчууд бий. Үүнээс улбаалан бидний уулзалт болох газар монгол эзэнтэй, монгол зоог, идээ ундаан гаргадаг, үндэсний зан заншил, соёлын өвөрмөц онцлогийг хадгалсан уушийн газар байлаа. Ерөөс эл гудамжинд орон орны хоолны газрууд элбэг агаад түүн дотроос хятад, монгол улсууд аливаад адтай, ажилд махруу үндэстний хувиар олон салбар нээжээ.
Гаднаа жижигхэн ширээ, сандал байрлуулсан нь тамхи татах цэг аж. Эсвэл уух зүйлээ авчраад гудамжны хөл хөдөлгөөнийг сониучирхан сууж болно. Зочид эхнээсээ уван цувах чөлөөнд жижигхэн шилтэй кола аваад мөнөөх ширээнд тухлав. Хүмүүс хаа нэг тийшээ үл яаран элдвийг сониучирхан алхана. Зарим нь явж байснаа хоорондоо юуг ч юм ярилцаад зогсчихно. Энд тэндгүй урлагийн үйл ажиллагааг сурталчилсан баннер өлгөөтэй. Аргагүй л соёл урлагийн нийслэл ажээ. Эндхийн хүмүүс Улаанбаатарын хөдөлгөөн шиг түргэн эрчимд бус налайсан тайван ахуйд дасан зохицсон юм шиг сэтгэгдэл төрүүлэв. Хотын яаруу сандруу хэмнэлээс хаа нэг сугаран гарахад хөдөө буйдын амар амгалан биднийг угтдаг шүү дээ. Харин тэрхүү амар амгалан нь энд бол Женевийн төв гудамжинд байх ажээ.
Ширээн дээр тавьсан шилтэй коланы дэргэд аянд гарахдаа хэрэг болгож үүргэвчиндээ багтаасан францын их сэтгэгч Жан Поль Сартрын “Үг” зохиол тавиастай. Түүнийхээр бол хүн өөрийн амьдралын хувь заяаны эрх, бурхны зурсан төөргөөр бус өөрөө л гагц бүтээн босгодог гэх. Харин тэгэхийн тулд эрх чөлөөг эрхэмлэх нь зүй. Уйлж, дуулж, гуниглаж, уйтгарлаж болох эрх чөлөө. Хэн хүн бүхэнд тийм хэрэгцээ бий агаад сайн сайхан чанаруудаа бусдад түгээхэд энэ нь хэрэг болж сэтгэлийн гэмгүй тарчлаанаас хувь оршихуйг бүрнээ чөлөөлдөг. Үүнийг нь хангаж чадсан нийгмийн тогтолцоотой хот дэлхийн хамгийн жаргалтай газарт тооцогдоно. Женев бол тэдгээрийн нэг. Үүнээс гадна урлагт хүндэтгэлтэй хандаж, уушийн газрынхаа гадна хүртэл бусдад өөртэйгөө ярилцах боломж, уйтгарлан суух эрх чөлөөг олгосон нь мөнөөх ганц ширээ, ганц сандал биз гэж сэтгэнэ.
Үзгээ битгий зэврүүлээрэй
Зочид хэдийн цуглажээ. Тэдний дотор надтай ижил мэргэжлээр буюу МУИС-ийн Утга зохиолын ангид суралцаж төгссөн, доод ангийн охин Г.Уранчимэг иржээ. Зөвхөн хилийн чинадад ч бус эх орныхоо уудам сэлүүн хязгаарын хаа нэгтээ удаан уулзаагүй танилтайгаа учрах хэчнээн амттай агшин байдаг билээ. Тэр л ёсоор бид шуудхан тэврэлдэж дараагийн мөчид мэнд мэдэлцэв. Энд ирсэн зочдын ихэнх нь яруу найргийн үнэнч уншигчид, басхүү өөрсдөө шүлэг бичдэг, зарим нь түүнийгээ хэн нэгэнд дэлгэлгүй тас нуучихдаг гэж байгаа. Түүн дотроос Ани Эрногийн “Ичгүүр”, “Эмэгтэй”, “Байр суурь”, Агота Кристофын “Өчигдөр”, “Бичиг үсэггүй хүн”, “Нотолгоо” зэрэг шидээвэр бүтээлүүдийг франц хэлнээс монгол руу дуун хөрвүүлсэн Д.Болортуяа эгч мөн хүрэлцэн иржээ.
Бүхий л газарт өөр өөрсдийн сонирхлоор нэгдэн нийлсэн хүмүүс байдаг. Базель хотын монголчууд бол өөрийн гэсэн “Номын клуб”-тэй. Зарим нь хөгжим, дуу хуур, хэсэг бусад нь уран зураг, спорт гээд сонирхлынхоо дагуу эвсэж хоорондоо уулзан, нутгийнхаа тухай, цаг хугацааг хэрхэн давж ажиллаж, аж төрж суугаагаа хөөрөлдөнө. Женевийн иргэд харин өөр өөрсдийн гэсэн хувь сонирхолтой боловч мөн л номд дурлагсад нь уг уулзалтыг зорин ирсэн байна. Гэвч тэдний дунд урлагт төдийлөн ач холбогдол өгдөггүй боловч “Монголоос зочид ирсэн гэхийг дуулахуй байрнаасаа гараад чавхадчихлаа шүү дээ” гэх хүдэр боргил нэгэн ах бусдыгаа баясган “хүд, хүд” инээж суух.
О.Элбэгтөгс ах бид хоёр шүлэг найргаа уншиж, монголын утга, уран зохиолын өнөөгийн чиг хандлага, тэдгээрийн дунд байсхийгээд өрнөх асуудлын талаар үг солилцов. Гэхдээ сайныг бус сайхныг өвөрлөж хүрэх нь ашдын билэг учраас эх орныхоо аль сайхныг тэдэнтэй онцгойлон ярилцаж үгсийн шидэд бүгдийнх нь царай гэрэлтсээр нэгэн үдшийг өнгөрөөв.
“Женевт ирээд юуг олж, юуг гээсэн бэ” гэж би Урнаагаас асуулаа. Тэр хэсэг бодолхийлснээ “Би магадгүй амьдрах зам мөр, түүнийг гэрэлтүүлэх зорилгоо олсон болов уу. Харин монголынхоо олон сайхан зүйлсийг дотор нь байхдаа мэдэрч чадалгүй орхисон минь гээж орхисон зүйлс байх” гэж хариулав. Магад харь газрын хотод суухдаа зориод уулзчих хэн нэгэнгүй, зоргоороо гүйгээд очих тал газраа үгүйлэхдээ эх орныхоо сайхныг эргэж нэг санан, урьд урьдынхаас илүүтэй гэгээн өнгөөр цэнэн эргэцүүлдэг биз ээ.
Цахим хуудаснаас Нобел, Бүүкерийн шагнал хүртсэн томоохон зохиолчдын гадны оронд уригдаж уран бүтээлээ уншин, улс орныхоо соёлын онцлогоос хуваалцаж байгаа зохиолчдын бичлэг үзээд “Хэзээ нэг өдөр ингэж явдаг юм бол доо. Тийм өдрүүд бий болов уу” хэмээн дотроо санаашран, хүсэн мөрөөдөж суудаг байв. Тэр хүсэл минь урлагийн хот болох Женевийн тэнгэр дор биелсэн юм. Заримдаа адган тэмүүлж, санаан зоргоор зүтгээгүй ахуйд хүсэл ингээд биелчихдэг нь хүний орчлон, амьдрал хэмээх асар том орон зай хэзээд сайн сайхнаа алдаагүйн илрэл биз ээ. Тэнд миний мөрөөдөл биелж, уулзалтад хүрэлцэн ирсэн хүмүүс үүний гэрч болон үлдлээ. Хамтдаа зургаа татуулж, зарим нь “Та хэдэд цаг байсан сан бол ахиад хэсэг саатахсан” гэж аргадаж, зэмлэхийн цаагуур учирлана. Бичсэн, хийсэн бүхэн минь хүмүүст хүрч, тэд уншиж, миний ярих хийгээд унших шүлгийг минь сонсож байна. Улам сайн бичих хариуцлага энэ л мөч, тэдний итгэлтэй цуг өөрт минь ирж буйг ухаарав.
Урнаа намайг унаанд минь дөхүүлж өгөхөөр хамт гарлаа. Женевт дахиад л бороо орж байна. Гудамж талбай гэрэлд гялтганаж эгээ л хуучны үнэт эдлэлийн дэлгүүр, эртний цайзын гоёмсог танхимаар алхаж яваа бодогдоно. Хүн бүхний сурч боловсрох, ажил хийх, амьдрахын аль нь ч байсан тус газрыг, зорьсон хотоо аврал гэж боддог. Дэргэд минь алхаж яваа хуучны танил маань энэ хотод ирээд өөрийн хүсэл мөрөөдлийг, хийх ёстой ажлаа олж, франц хэлнийхээ сургуулийг ч дүүргээд амжсан. Женев бол түүнийхээр авралын хот. Харин надад илүү том хариуцлага, үгийн шидийг үнэнээр нь эзэмшиж сурахыг дахин сануулсан. Тиймдээ ч Женев мөн л миний авралын хот.
Урнаа бид хоёр бусдаасаа зайдуухан алхаж явсаар анх машинаа үлдээсэн нарийн гудамд ирлээ. Уулзсан шигээ тэврэлдэн салахдаа тэр надад “Ном аваарай хэмээгээд нэлээд хэдэн фрак алгаа дэлгэн өгөв”. Би ч нэрэлхүү зан хөдлөн татгалзахад “Чи үзгээ л битгий зэврүүлээрэй. Бичээд л байвал чинь би уншаад л байх болно” гэж хэлээд мөнөөх хэдэн фракыг хүрэмний минь халаас руу хийж орхив.
“Үзгээ битгий зэврүүлээрэй”... Энэ үг надад тарни шиг, хамгийн сайхан аян замын ерөөл шиг бодогдож буцах хүртэл минь, буцаад ирсэн хойно ч огт мартагдаагүй билээ.