Хүүхэд байхдаа ёстой л хуруугаа гаргаж ирээд хоног тоолон хүлээдэг байсан баяруудын нэг бол цагаан сар. Яахав дээ, хүүхэд давснаас илүү чихрэнд дуртай хойно айлаас бэлэг авах гэж тус баярыг хүлээдэг байсан нь мэдээж. Гэхдээ үүнээс илүү хөөр баяр авчирдаг нь ах, эгч нар бүгдээрээ шинэ дээлтэй нарыг угтдаг явдал байв. Ээж шинийн нэгнээс урьтаж үйл урлах ажлаа дуусгахаар олон шөнө нойргүй хононо. Тэгэхэд бид баярын эхний өдөр ээжийн урласан шинэхэн дээлээр гангарч, аав золгохоор ирсэн ах эгч нар, саахалт айлын хүүхдүүдтэй нийлж аваад цас бөмбийтөл хучсан цайдам талын дундуур нутгийн айлуудаар шинэлэхээр хамтдаа мордоцгоодог сон. Ганцаараа бол хонинд дурамжхан сажлуулдаг хүүхдүүд энэ өдөр хоорондоо уралдаж, аль болох цас ихтэй хунгарын туулж явдаг сан. Өвөл унахаар зэхсэн тарган морьдыг хэд хоногийн өмнөөс сайхан хөнгөрөөчихсөн тул ам нь халаад ирэхийн үест авч шуугичих гээд жолоогоо үе үехэн дугтчиж, хүмүүсийн дунд хөндөлсөнө. Олон хүний дунд аль болох ийм омголон морь унаж явмаар хүсэл тэгэх бүрийд улам их асдаг байж билээ.
Цагаан сарын урьд өдрүүдэд аавын талын ууган ач нь болох Г.Алтансоёмбо ах манайд ирнэ. Бид бүгд л эрвийх дэрвийхээрээ гэр орноо цэвэрлэх, хашаа хотоо янзлах ажилд идэвхийлэн оролцоно. Өглөө бүр үхрийн хөлдүүс түүж овоолох ба аав харин мал хуйгаа услахаар мордоно. Соёмбоо ах хивс, ширдэг нэг бүрийг гэрийн хойно аваачиж овоолоод шинэхэн цасан дээр дэлгэж байгаад нарийн саваа модоор цохиж тоосыг нь гөвдөг сөн. Ээж, эгч хоёр түлээ түлш бэлдэж тавилгуудаа зүглэж, гэрээ угаана. Хэнд ямар бэлэг өгөх тухай ярилцаж, хуучин сонины цаас цуглуулж хавсаа боохоор бэлтгэнэ. Би өглөө бүр морины уяаны хомоолыг цэвэрлэж, хөлдөөд газартай хамт дагтаршсаныг нь лоомоор цохиж ховхлох ба ээжийн арганд дүүргэн хийгээд хол аваачиж асгана. Үүний дараагаар өвөлжөөний урд хөтөл дээрээс малын саравч, хашаа хотын гадуур нь бөртийх ч хоггүй, малын хүйдэсгүй цэвэрхэн болсныг харахад нэн таатай байдаг сан. “Хүн ер нь гэр орноо цэвэрхэн авч явах хэрэгтэй. Гадуур нь хог новш хөглөрсөн, ажилгүй айл их муухай харагддаг” гэж аав захина. Битүүний орой болоход ээж цагаалга хийж, шинэхэн цай чанана. Дараа нь буузаа жигнэж гаргасны хойно тогоондоо цувдай хийж, аяга шар будаа цацаж буцалгаад “Нохойнуудаа эхлээд баярлуулчихъя. Тэгээд хэдүүлээ сайхан битүүлнэ ээ, алив миний хүү тотгон дээрээ гурван цас тавиад шар тос, цагаалганаас хүртээгээрэй” гэнэ. Энэ их ажлын хажуугаар бүгд л том саарал “байнанд” /дуудлагаар нь бичив/ ус халааж дүүргээд хир буртагнаасаа салж амжсан байна. Тэгээд л ээжийн урласан шинэхэн дээлээр гангарсан аав, ах хоёр хойморт хөөрөг зөрүүлэн тамхилж, зурагтаар бөх харангаа ээжийн шинэхэн цай аягалж өгөхийг хүлээн сууна. Хоёр гурван хөтлийн цайна ойрхон өвөлжих саахалт айлынхан “Бал ахындаа ирж битүүлэхгүй бол болохгүй” хэмээсээр орж ирцгээнэ. Аав ч “Оюунаа, миний хөгшин наад ажлаа одоо орхичихгүй юу даа, нааш суу, хамтдаа цайгаа ууцгаая” гэнэ. Хөдөөний хүмүүсийн амсхийх зав олддоггүй их ажлын чөлөөнд ийнхүү цас бургинах хаврын тэргүүн сарын өмнөх орой халуун ам бүлээрээ ширээ тойрон сууцгааж зоог барина. Аав хоолны дээж, идээ шүүснээсээ эхлээд бурханд тавьж дууссаны хойно сая нэг ам хүрцгээж, давс хужир нь хэрхэн таарсан талаар ярилцана. Одод тэнгэртэй алмааз адил тод гэрэлтэж, Хүнхэлдэй хайрхан наамал зураг шиг харлан хүнхийгээд хөмөрсөн цагаан шаазан шиг гэрээс утаа суунаглаж, тоонын завсраар харанхуй өөд туяарах гэрэл нь дотор суугаа халуун дулаан ам бүлийн хөөр баярыг илтгэх шиг болно.
Маргааш өглөө нь ээж цайгаа чанаад наранд дээжийг нь өргөчихсөн, аав хэдийн адуугаа гаднаа хураачихсан үзэгдэнэ. Эгч бид хоёр Соёмбоо ахтай хамжиж хүйдсээ авч, хонины ноос хамж хотоо цэвэрлэчхээд гэрт орно. Тийнхүү шинэхэн дээлээ өмсөж, шарга халзан мориндоо эмээлээ тохоод ах бид хоёр аавын хамт ааруул, ээзгий, будаа, арц хүж, хадаг өвөртөлсөөр Хүнхэлдэй уулын оройд гарч шинийн нэгний наран тэртээ дорно зүгээс мандахыг үзнэ. Аав арц уугиулж, уулын оройн овоонд хадаг тавьсны хойно бүгд овоогоо морьтой гурав тойрон марзайлж буудаг сан. Дараа нь гэртээ орж аав, ээж, ах, эгчдээ үнсүүлж золгочхоод цайгаа уусны хойно хамгийн эхний бэлгийг ээжээсээ авна.
Нэг л мэдэхэд би шарга халзан мориныхоо нуруунд дарцаглаж, аав, эгч хоёрын өмнө давхиулж явдаг сан. Айлчин гийчид ирвэл гэрт хүнгүй байж болохгүй тул Соёмбоо ах, ээж хоёр эхний ээлжинд гэрээ харж үлдсэн хэрэг. Харин бид гурав эмээд очиж золгохоор арав гаруй километрийн цаана байх Г.Бадамсүрэн ахын өвөлжөөг зорьж яваа билээ. Аав минь дээрээ хоёр эгчтэй, дороо харин олон дүүтэй хүн. Хоёр том эгч нь хотод байх тул нутагтаа байгаа хамгийн том ах нь гэсэн үг. Тиймээс ээждээ золгохоор хоёр ачийг нь дагуулаад морины туураар хөр цас бутарган яваа нь энэ. Өвлийн нар илч муутай ч салхигүй тогтуун тийм өдрүүдэд морин дээр явахад өөрийн эрхгүй халууцдаг сан. Ээж “Сайн дулаалж яваарай” гэж захисан хэдий ч би аль хэдийн ороолт, малгайгаа аваад өвөртөлчихсөн байна. Очих газраа мэдэх тул аав, эгч хоёрт гүйцэгдэлгүй явсаар тэднээс саахалтын зайтай тасран түрүүлж эмээгийнд хүрдэг сэн. Гэхдээ түрүүлж орохгүй, уяан дээр буугаад аав, эгч хоёрыг хүлээнэ.
Аав намайг өргөж буулгаснаа “Миний хүү чинь хацраа хөлдөөчихсөн байна шүү дээ, за алив цаасаар сайтар үрээд ороорой” гэв. Нөгөө их халууцаж хөлрөөд явсан баатар маань хоёр хацраа хөлдөөж, чихнийхээ үзүүрийг хайруулчихсан байх нь тэр. Н.Оросоо эмээ эвийлэн үнсэж, “Тэгнэ ээ тэгнэ. Ганцаараа түрүүлээд л давхиа байлгүй” гэж зэмлэнгүй аядсанаа “Алив тэр баавгайн тос, хоромхон байна уу? Жаахан түрхсэн нь дээр байх. Эмээдээ яарч байж хацар, чихнээсээ салах дөхөж шүү дээ” гэж халаглана.. Ингээд хоёр дахь шинэлгээ өндөрлөв. Харин буцахад аавын дүү нар нийлээд бүр ч олуулаа болж, би ч өвлийн морин уралдааны энэ замд хөлдсөн хацар хорсохыг юман чинээ тоолгүй, бүр мартчихсан байдаг сан. Ээж “Хэлээд байхад үгэнд орохгүй” гэснээ аав, эмээ хоёр анхны түргэн тусламж яаралтай авчихсаныг сонсуут санаа зовнихоо түр азнана. Харин бээлийгүй байхад л жолоо атгасан гар хөлдөж байгаагүйг бодоход ээжийн хийсэн хурган дотортой дээлийн нудрага хэчнээн дулаахан байсныг эргэн санахад таатай.
Заримдаа шинийн нэгний өдөр дулаан хотонд үнээ тугаллана. Цасан дундаас дэрс сугсалзаж үлдсэн хөндийд гүү унагалах явдал ч тохионо. Ууган унага, ууган тугал гарч аав, ээж хоёрын сэтгэлд сайн сайхан аж төрөхүйн гэрэл цэлийтэл тусна.