1.

Энэ өвлийн уур хилэн утаа, түүн дээр нэмэх нь татвар сэдэв дээр төвлөрч байх шиг байна. Нийгэм бодит хөрсөн дээрх аж амьдралаасаа болж л бухимддаг. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, авто тээврийн хэрэгслийн албан татварын өсөлт гээд толгой янгинуулахгүй юм алга даа... гэсэн таксины жолооч ахын үг өнөөдрийн өнгө төрх . 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 3-5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Төсөв батлагдсан. Шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын нэгнээсхэрэгжиж эхэлсэн гэсэн үг. Жолооч нар тээврийн хэрэгслийнхээ моторын багтаамжаас хамааран харилцан адилгүй татвар төлдөг. Тухайлбал, 1500см3 хөдөлгүүртэй машин жилд тээврийн хэрэгслийн албан татварт 36000 төгрөг төлдөг байсан бол шинэ хуулиар гурав дахин нэмэгдүүлснээр 108 мянган төгрөг төлөхөөр болсон гэсэн үг. Дээрээс нь авто зам ашигласны төлбөрт 20 мянган төгрөг төлдөг байсан бол одоо 100 мянган төгрөг төлнө . 3500см3 хөдөлгүүртэй машинтай иргэн 114,048 төгрөг төлдөг байсан бол гурав дахин нэмэгдсэнээр 342,144 төгрөг татварт төлнө. Мөн авто зам ашигласны төлбөрт жилд 40 мянган төгрөг төлдөг байсан бол одоо 200 мянган төгрөг төлөх болов. Ийнхүү тээврийн хэрэгслийнхээ моторын багтаамжаас хамааран албан татварт өмнөхөөсөө гурав дахин их нэмэгдүүлсэн татвар, авто зам ашигласны төлбөрт тав дахин нэмэгдүүлсэн татвар төлөх хуулийн заалт хэрэгжиж эхэллээ. Албан татвараа иргэд бид төлөх үүрэгтэй. Тээврийн хэрэгслийнхээ албан татварыг тавдугаар сарын 31 гэхэд төлсөн байх ёстой. Хэрэв төлөөгүй бол торгууль ногдуулна. Торгуулийн хэмжээ гэвэл нийт төлөх ёстой татвараа нөхөж төлөөд, дээрээс нь үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр төлнө. 

Энэ өөрчлөлт өнөөдрийн бухимдлын нэг том хэсэг. Иргэд бидний борог амьдралын тарчигхан эдийн засагт шууд ирж буй ачаалал болохоор бүгдээрээ хашгиралдаж байна. 

Татварын орчны талаар уншиж судалж байхад манай эдийн засагчид, онолын судлаачид дотоодынхоо зовлонг барьж авахаас үнэхээр нэг дөлж гүйцгээх юм аа. 

Монгол Улсын татварын орчныг гадаадын хөрөнгө оруулагчдад яаж таатай болгох талаар мөн ч олон бодлогын баримт бичгүүд уншлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд татварын зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар л ярьцгаах. 

Тэдний орлогод ногдуулах албан татварын хэмжээг 20 хувиас 10 хувь болгон бууруулах, татварыг зардал хассан сууриас тооцдог болгон өөрчлөх зэрэг зөөлрүүлсэн зөвлөмжүүдийг л тэд Төрд илгээдэг юм байна. Энэ мэдээж том зургаараа зөв. Гадаадын хөрөнгө оруулалтад саад тотгор болж байгаа хууль тогтоомж манайд олон бий. Үүнээс нь болоод монголд шинээр хөрөнгө оруулалт хийхээс татгалзах болсон тал ч бий. Энэ сайны шинж ерөөсөө биш. Гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр нэг хэсэг маань чардайтлаа зүтгэж байдаг.

Тийм ээ, бид дэлхийн бусад улс орнуудтай өрсөлдөхүйц түвшний татварын орчныг бий болгохын төлөө ажиллах ёстой. Үүнийг бүгдээрээ мэднэ. 

Гэхдээ нэг сөрсөн бодол байна. Яагаад бид өөрсдийгөө эхэнд нь эрэмбэлж, өөрсдийгөө өрөвдөж, өөрсдийнхөө бор амьдралын төлөө үүн шигээ зовнидоггүй юм бэ. Яагаад дотоодын хөрөнгө оруулагчдаа улаантан цагаантан болгон хагалж, манай танай хэмээн ялгаварлаж, үндэсний цөөхөн том компаниудаа нийгмийн дайснаар өргөмжлөн цовдолж, улангассан олны уур хилэн рүү шидэж өгдөг зэрлэг тоглоомноосоо салдаггүй юм бэ. 

Яагаад Төр нь өөрөө ийм бохир тоглоомыг гардан явуулдаг юм бэ. Улсын төсвийг бүрдүүлдэг цөмөө өөрсдийн гараар ингэж самарч, бурангуй буруу мэдээллүүд үйлдвэрлэн цацаж, завсар зайгүй олон нийтээ тэрэндээ булхуулжбайдаг улс орон болтлоо уначихлаа шүү дээ. 

Энэ бол өнөөдрийн мянга мянган залуусын гайхширч буй асуулт юм. Бусад улс орнууд эдийн засгаа хэрхэн яаж солонгоруулах тухай ухаанаа уралдуулцгааж, ногоон, таатай эдийн засгийн орчныг бүрэлдүүлэхийн төлөө ажиллацгааж байхад манайх улам мунхарч, үнэтэй машин унасан нэгнийхээ тархийг хагалж, машиныг нь хадаасаар зурах түвшний тэнэгрэл рүүгээ эргэн живж байна. Энэндээ тулахад сөөм хүрэхгүй зай үлдээд байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Нийгмийнхээ ухамсрыг ёроол руу ингэж живүүлчихээд онолын эдийн засгийн ганган яриаг мянга өрнүүлээд яах юм. Энэ хоёрын зааг дэндүү холдчихлоо шүү дээ. 

2.

Монгол Улсын голлох татварууд юу вэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар , Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар. За, тэгээд доошоо цуваад нийслэл хотын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, гаалийн татвар, онцгой албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн хураамж, тэмдэгтийн хураамж, газрын төлбөр, агаарын бохирдлын төлбөр гээд явж өгнө. 

Татваргүй улс орон дэлхий дээр нэг ч байхгүй. Хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг “Албан татвар" гэнэ. Энэ бол хуулинд заагдсан үг өгүүлбэр. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. Энэ мөн адил. Бид энэ буулган дороо илжиг мэт зүтгэж ирсэн. Гэтэл одоо татварын тухай ойлголтууд ч өөрчлөгдөж байна. Илүү иргэнээ хайрласан хүмүүнлэг шинж рүүгээ дэлхий орж эхэлсэн 

“Улс байвал татвар төлнө, татвар байвал улс байна. Гэтэл манайх төрийн төлөө татвар өгдөг мэт буруу философиор яваад байна. Татварын шинэчлэлийг эндээс эхлэх хэрэгтэй...” гэж саяханы нэгэн арга хэмжээн дээр эдийн засагч Б.Лхагважав хэлнэ лээ. Энэ их сонирхолтой дүгнэлт. Манайхны бүх том ойлголт Төр болчихоод буйд гол гажуудал маань байна. Төр буй цагт татвар буй...болтол дээрх ойлголт сарнижээ. Үзэл баримтлалын хувьд одоо цагтай тэрсэлдсэн ийм гажуудсан ойлголтуудаа эхлээд засахыг “Урбанек” ХХК-ийн захирал Б.Лхагважав хэллээ гэж би хувьдаа ойлгосон. Улсаасаа том Төрийн тухай ойлголт одоо хоцрогджээ. Энэ үнэн. Орчин үеийн Төр ард түмнээ бүсийг нь тасартал татвараар дарамталдаг цаг ч өнгөрөх ёстой. Толгой өөд татах завдалгүй бүтэн сар ажиллаад авсан цалингийнхаа бараг талыг нь татварт өгчихдөг ард түмэн аз жаргалын тухай юу ярьж чадах юм. Тийм ч учраас эдийн засагчид түрүүчээсээ “ Бид татварынхаа бодлого дээр философийн өөрчлөлтийг нь хийж чадахгүй байна. Төр байвал татвар байна... гэдэг үгнээс эхлээд салах ёстой. Бид Төрийн төлөө татвар өгөөгүй шүү дээ. Бид улсынхаа төлөө татвар төлдөг” гэж хэлж байна. Мэдээж иргэд бид нийтийн сайн сайхны төлөө татвар төлөх үүрэгтэй. Үүнийгээ мэднэ. Харин Монгол Улсын иргэд Төрийн төлөө "боол" мэт татвар төлж байгаа буруу эргүүлгээс болж бухимдаж байна. Шууд утгаараа төлж буй татвар нь Төрийн хатуу хариг механизм болон хувирч, эргээд хоолойг нь боомилж буйд уурсаж байна. 

Ийм үед юу гоё сонсогдож байна гээч. Хамгийн сүүлийн жишээ Америкийн 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөхдөө хэлсэн үгийг сана даа. 

“Америкийн алтан үе яг одоо эхэлж байна. Энэ өдрөөс хойш манай улс цэцэглэн хөгжиж, дэлхий дахинаа дахин хүндлэгдэх болно. Трампын засаг захиргааны өдөр бүр Америкийг нэгдүгээрт тавина” хэмээн түүнийг үгээ эхлүүлэхэд америк хүн бүр манайхны хэлэх дуртайгаар ёстой огшсон байх. Трамп үндэсний аюулгүй байдал, шударга ёсыг дахин сэргээж, АНУ-ыг "Бахархалт, чинээлэг, эрх чөлөөтэй" улс болгох нь миний нэн тэргүүний зорилт байх болно гэж иргэддээ амлалаа.

Дотоодын газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, гадны улсуудад тариф тогтоох замаар АНУ-ын иргэдийг баяжуулах зорилт тавьж байгаагаа зарлалаа. Үүнийгээ шууд Мексик, Канад улсуудад 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэнээр эхлүүлж байна. Бараг шууд утгаараа америкийн ард түмэн татвар төлөхгүй, бусад орны иргэд америкийн ард түмэнд татвар төлдөг цаг ирсэн гэж тунхаглаж байгаатай агаар нэгэн сонсогдож байгаа биз. 

Өмнөд хил дээрээ онц байдал зарлана. Хууль бусаар хил давсан этгээдүүдтэй хатуу тэмцэнэ гэж мөн тэрбээр мэдэгдсэн. Энэ талаар “Ulzii & co capital”-ийнхан “Санхүүчийн нүдээр” хэмээн сонирхолтой ажиглалт хийсэн байна. Тэдний үзэж буйгаар дээрх шийдвэрийнх нь үр дүнд Америкт ажиллах хүчний нийлүүлэлт, тэр тусмаа үл хөдлөх салбарын ажиллах хүчний нийлүүлэлт буурч, цалин нэмэгдэх магадлалтай. МөнДональд Трамп “Инфляцыг бууруулна. Эрчим хүчний эх үүсвэрүүд болох газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх”- ээзарласан. Үр дүнг нь газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ буурах магадлалтай гэж санхүүчид харж байна. Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарна гэсэн шийдвэр нь хэрэгжвэл АНУ-ын өөрсдийн автомашины үйлдвэрлэл сэргэнэ. Цахилгаан автомашины эрэлт буурах магадлалтай гэж харж байх жишээтэй. 

Америкчуудын хувьд боломжгүй зүйл гэж үгүй. Түүний нэг жишээ нь миний эргэн эрэлт байлаа...хэмээн ийнхүү тунхаглан зарласны дараа шинжээчид “АНУ-ын эрх ашгийг нэн тэргүүнд” тавих бодлогыг баримталснаар дотоодын компаниудын үйл ажиллагаа сэргэх, ашиг орлого нэмэгдэх магадлалтай гэж үзэцгээж байна. Улстөрчдийн тавьдаг драм олон. Гэхдээ Трампын энэ үгс америкчуудын сэтгэлийн галыг асааж байна. 

Зарим нь тэнд болж буй юм энд хамаагүй, урдахаа ярь хэмээн загнаж магад. Урдахаа ярихаар л уур хилэн болцгоож байгаа болохоор хэцүү байна. Бид монголынхоо Төрд монгол иргэд нь хүндлэгддэг өөрчлөлтийн төлөө бухимдаж, бусад улс оронд атаархаж, бас мөрөөдөж байна. 

Бид НӨАТ-ын буцаан олголтын аяга шөлний мөнгө данс руугаа ороход цахим сүлжээгээрээ дүүрэн хөөрцгөөж байдаг ийм улс болон хувирчээ. НӨАТ-ын системийг нэвтрүүлсэн нь сайн. Зогсооё, больё гэж хэн ч хүсээгүй. 

Энэ системийг нэвтрүүлэхийн тулд Төр 30 тэрбум, ААН-үүд 500 тэрбум төгрөг зарцуулсан. Тэгвэл одоо НӨАТ-ын бүртгэлийг мөнгөн суурьтай болгох ёстой. Гааль НӨАТ-ын татвар авдаг байдлаа зогсоох ёстой гэж иргэд үзэж байна. Зарим эдийн засагчид НӨАТ-ыг 5 хувь буулгахаас илүүтэй иргэдэд 50 хувийг нь буцаан олгох ёстой ч гэж хэлдэг. Учир нь манай улсын1.2 сая иргэн НДШ, ХХОАТ төлж байна. Гүрийтлээ ажиллаж татвараа төлчихөөд, гэртээ харих замдаа үйлчилгээ авах болгондоо 10 хувийн татвар төлж байна гэсэн үг. Төрийн иргэдээ дарамталж, чангалж буйн нэг л жишээ энэ. 

Иргэддээ эерүү эдийн засгийн бодлого зарлаж, эрчимтэй өөрчлөлт хийх цаг болжээ. Нэгэнт НӨАТ-ын системээр ААН-үүд бүгд татвараа төлдөг болсон. Одоо дараагийн түвшинд яаж гаргах вэ гэж шинжээчид хэлээд байна. Эдийн засгийн дэвшилтэт хөгжүүлэлт хийх ёстой. Ингээд зүтгүүлээд байж болохгүй шүү дээ. Татварын бодлогоо зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглүүлэх бус эдийн засгийн хүчирхэг механизмын үүрэг гүйцэтгэдэг, үндэсний үйлдвэрлэгчид, ажлын байр бий болгогчдоо жинхэнэ ёсоор дэмждэг, бизнесийн эрүүл саруул орчныг бүрдүүлэхийн төлөө өөрчлөх шаардлагатай байна.

Сүүлийн 30 жилд Монгол Улс долоон удаа татварын шинэчлэл хийжээ. Улсын төсвийн 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг . Өөрөөр хэлбэл, ААН-ийн албан татвар, НӨАТ, хувь хүний орлогын албан татвар, НДШ л төсвийн гол орлого болдог. Хөгжсөн орнууд бол олон эх үүсвэрээс төсвийн орлогоо бүрдүүлдэг. Тэр татварынх нь тодорхой хувь нь нийтийн эрх ашигт зориулагдах ёстой. Манайд энэ бүх баланс алдагдсан. Эдийн засаг 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар, ирэх 2024 онд долоон хувийн өсөлттэй байна гэж тооцоолол гарган танилцуулж байгаа ч хөрсөн дээрх амьдралын түвшин хүйтрээд байна. Төрөөс мэдээлж байгаа прогнозоор эдийн засгийн үзүүлэлт өснө гэжбайгаа ч бодит амьдрал дээр хувийн хэвшлийн орон зай хумигдаж, ажиллах хүчингүй болж, бид өдрөөс өдөрт татварын дарамтад улам орсоор байна. 

Бизнесийн орчныг сайжруулахын тулд нэн түрүүнд ямар арга хэмжээ авбал зохистой вэ гэсэн асуултад бизнес эрхлэгчид “...татварын орчныг сайжруулах, хүнд суртал, авлигыг бууруулах” гэж хариулдаг хэвээрээ байгаа. Эндээс харахад юу өөрчлөгдсөн юм бэ гэж уншигч та ч амандаа хэлж байгаа болов уу. Бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдээс хамгийн их дарамт болж байгаа зүйл юу вэ хэмээн асуухад “Татварын орчин” гэж дуу нэгтэйгээр хэлдэг хэвээрээ байхад ямар ч гоё эдийн засаг мөрөөдөөд нэмэргүй.

3.

Бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжих нь өөрөө эдийн засгийн үзүүлэлтийн гол хөшүүрэг. Бизнес орчин сайн байвал л иргэдийн ашиг орлого нэмэгдэнэ. Тиймээс бидний хүсэж байгаа гол зүйл татварын дарамтгүй, эрх зүйн орчин нь эрүүл саруул ахуй амьдрал юм. Бидний шаардаад байгаа зүйл Төрийн дарамтгүй бизнесийн орчин юм. Маш товчхоноор энэ. Үүний төлөө хамгийн жижиг сажиг зүйлээс эхлээд өөрчлөлт хиймээр байна. 

Төр зардлаа танаж, ядуу ард түмнийхээ нүдийг хорсгоод байдаг тансаглалаа больчих хэрэгтэй. Тэгэхгүйгээр ажил олгогч, нийгмийн даатгал төлөгчдийн төлж байгаа татварыг хоёуланг нь 2.5 хувиар нэмэхээр ярьж болохгүй. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалд төлсөн хэмжээтэйгээ дүйцэхүйц үйлчилгээг иргэд бид авч чадахгүй л явна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх тухай ярих биш Төр өөрөө зардлаа эрүүл саруулаар танаж, зарцуулалтаа хяналттай болгож, иргэдийнхээ зовлон дээр зоолсон тансаглалаа зогсоох хэрэгтэй.

“Ажил олгогч эздийн холбоо”-ны төлөөлөл Дамдинсамбуу: Долоон төрлийн татвар нэмсэнээр үндэсний үйлдвэрлэлд маш их сөрөг нөлөө үзүүлнэ. Татварын нэмэгдлийг дагаж иргэдийн худалдан авах чадвар суларна. Нийгмийн даатгалын сан хөрөнгөгүй болоход хувийн хэвшлийнхний буруу байхгүй шүү дээ. Хувийн хэвшлийнхэн төлөх ёстой татвараа төлөөд л явж байгаа. Тиймээс татвар нэмэх асуудлыг УИХ, Засгийн газар эргэн харах хэрэгтэй...гэж хэлжээ. Төр эдгээр дуу хоолойг бүгдийг нь сонсох ёстой. 

Эцэст нь нүдэнд харагдаад, хүмүүсийн шоолоод ичиглээд байдаг нэг зүйлийг хэлмээр байна.Манай Төрийн дээд түвшний институтууд зөвлөхүүдээ ядаж танил талын байдлаар биш, үнэ цэнтэй, мэргэжлийн, хүлээн зөвшөөрөгдсөн гэх мэт зүй ёсны шалгууруудаар сонгон авч ажиллуулдаг болмоор байна. 

Бизнест гавьтай амжилт олоогүй, энэ өрсөлдөөнд ялагч биш, зүгээр л энд тэнд нүүрээ харуулж гүйдэг жижиг гарын панзчин нөхдөөр зөвлүүлдэг Төрийн институт гэж юу байхав дээ. Эдийн засгийн бодлогын зөвлөхүүдээ “шинэ тархи”-нуудаар соль. Энд нас огт хамаагүй шүү. Шинэ эдийн засгийн ойлголттой, мэдлэг боловсрол өндөр, зохицуулалтын, харилцааны шинэ түвшний чадавхитай мэргэжлийн хүмүүсийг сонго. Иргэд Төр хоорондын эрүүл зохицуулалттай гүүр болж ажилладаг зөвлөхүүдтэй болцгоо. Ордны шивэгчний түвшнээс зөвлөх гэх энэ үнэ цэнтэй орон зайг салга. Сөрөг хүчний лидерүүдээс ичиж нэрэлхэлгүй зөвлөхөөр урь. Тэртээ тэргүй засаг хамтарч байна. Тэгээд ч бидний эрхэмлэн хамгаалах юм бол “Нэг цул Монгол” шүү. 

Эндээс эхлээд л Төр өөрөө хандлагаа шинэчилмээр байна. Нэг намын Төр баймааргүй байна. 

Монголчууд биднийг ийнхүү манарч суух хооронд дэлхий дахин хиймэл оюун ухаан дээр суурилсан эдийн засаг руу орж байна. “AI” дээр суурилсан эдийн засаг цаашдаа 10 дахин, 100 дахин өснө гэж эдийн засагчид мэдэгдэж эхэллээ. Гэтэл бид долоон хувийн өсөлт ярин хөөрцөглөхийн ялдамд долоон төрлийн татвар нэмэн хадуурч сууна. 

Монголын , монгол хүний эрх ашиг нэгдүгээрт эрэмбэлэгддэг Төртэй байхыг хүснэ, бид...

Төрд биш Улсдаа татвар төлдөг шинэчлэлийг хүсэж байна...бид.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав