Өдгөө Монголд 513 гаруй төрөл зүйлийн шувуу бүртгэгдсэн. Тэдгээрийн 370 орчмыг нь гэрэл зургийн хальснаа буулгасан хүн бол гэрэл зурагчин Л.Жаргалсайхан. Түүний зургууд өөрийн гэсэн хөг аялгуутай. Учир нь авсан зурагнуудаас нь тухайн шувууны зан араншин, амьдрах хэв маяг, идэш хоол гэхээс илүүтэй уран гоё дүр төрх, гоо үзэмж нь тодорч харагддаг. Тийм дээ ч нэгэн яруу найрагчийн “Уртаас урт сүүдэр үүсгэн унаж яваа Улаан нарыг, дулаан нарыг шувуу шиг дуул…” гэх хоёр мөр санаанд бууна. Өдөр бүрд өөрийн гэсэн цаг хугацаа, орон зай бий бөгөөд тааварлашгүй гэнэтийн учралууд биднийг хүлээж байдаг. Маргааш өглөөний нартай хамт ямар шувуу жиргэхийг бид таашгүй. Ямартаа ч гэрэл зурагчин Л.Жаргалсайхантай уулзаж ярилцах завшаан тохиосон агаад өглөөний нартай хамт бүхий л шувууд уралдан жиргэж дээ хэмээн бодож билээ.
Өнөөдөрт хүртсэн хамгийн сайхан мэдрэмж чинь үгүй болдоггүй шиг ертөнцийн маргаашид хязгаар үгүй. Түүнтэй адил бидний ярилцлагыг цонхоор гадагш харж, байгалийн сайхныг тольдож байгаа мэт сэтгэгдлээр уншаад үзээрэй. Тэнд шувуудын жиргээ тасалдахгүй.
-БИ АНГААХАЙ БОЛОН ШУВУУНЫ ҮҮРНИЙ ЗУРАГ АВДАГГҮЙ-
Цагаан ахууна
-Монгол оронд шувууны төрөл зүйл элбэг. Тэдний ихэнх нь нүүдлийн шувууд байдаг. Хүмүүс ихэвчлэн тал хээр, хангайд л шувууд олон бий гэж боддог. Тэгвэл манай орны говь цөлд ямар шувууд байдаг бол. Та хэчнээнийг харж байсан бэ?
-Мэргэжилтнүүд Монголыг шувууны төрөл зүйлийн хувьд их баялаг орон гэж үздэг. Манай оронд нийтдээ 513 төрлийн шувуу бүртгэгдсэн нь бий. Түүнээс 80 гаруй хувь нь нүүдлийн шувуу. Тиймээс нүүдлийн шувуудын монголоор дайран өнгөрөх буюу энд байх хугацааг нь тааруулж очих газраа тодорхойлох нь чухал. Говь цөлийн бүс нутгийг туулах үеэр жижигхэн булаг шанд дээр зүйл бүрийн шувууд цугласан байх нь элбэг тохиолддог.
Харин яг говьд идээшиж дассан нь гэвэл хүмүүсийн сайн мэдэх Хулан жороо, Хахилаг гэх мэт өвөрмөц онцлогтой содон шувууд бий.
-Нүүдлийн шувууд олноор дайран өнгөрдөг гэлээ, гол онцлог нь газарзүйн байрлалтай холбоотой юу?
-Тийм. Манай улс их өргөн уудмаас гадна хөндлөнгөөр сунан тогтсон хэлбэртэй. Ийм ч учраас Австрали, Ази болон Энэтхэгийн олон зүйлийн шувуун зүүн, баруун, төвийн бүс гэсэн нүүдлийн шувуудын гурван том замаар дайрч өнгөрдөг.
-Ихэнх шувууд аль замаар нь дайрч өнгөрдөг юм бол?
-Зүүн Азийн шувуунууд Дорнодын Буйр нуур, Хэнтийн Улз, Онон голын сав нутгаар олноор ирдэг бөгөөд зусч, өндөглөдөг шувууд нь үлдээд бусад нь Сибирийн ой тайга руу явна. Мөн зарим нь Байгаль нуурыг тойроод Оросын Торейн нуурт очих нь ч бий. Төвийн бүсээр бол Энэтхэг, Пакистан, Өмнөд Азийн сонин, содон шувууд ихээр дамжин өнгөрдөг. Харин Европын чиглэлийн шувуудын хамгийн зүүн захын тархалт нь Ховд аймаг, Монгол орны баруун хязгаар юм.
-Та сүүлийн арваад жил шувууны зургаар дагнан гэрэл зураг авч байна. Хүнд бүхэнд аливаа хүсэл сонирхол эхэлсэн цэг юм уу нөлөөлсөн хүчин зүйл бий. Юуны учир нь энэ олон араатан, хөхтөн амьтад дотроос шувууг сонгож гэрэл зураг авах болсон бэ?
-Би өмнө нь уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой ажил хийж байсан. Энэ ажлыг хийхийн тулд өөртөө олон асуулт тавих шаардлагатай болдог. “Биологийн нөхөн сэргээлт гэж юу вэ”, “Байгаль өөрийгөө нөхөн сэргээж, төлжүүлэх нь яг юутай холбоотой вэ” гэх зэргээр асуултууд урган гарна. Тиймдээ цаашлаад ургамал ногоо ч судлах шаардлага үүсдэг. Ингэж л байгальтайгаа илүүтэй ойртож эхэлсэн. Тэгж явахдаа л шувуу сонирхож зургийг нь авч эхэлсэн дээ.
Надаас өмнө шувууны гэрэл зураг авч эхэлсэн Н.Гансүх гэж мундаг зурагчин бий. Мөнхүү судлаачид шувууны төрөл зүйлийг баталгаажуулах зорилгоор буюу зайлшгүй шаардлагаар гэрэл зургийг нь буулгадаг. Харин би сүүлийн арваад жил шувууг гоо сайхан, үзэмж талаас нь хүмүүст илүүтэй харуулахыг зорьж байна. Тодорхойлоод хэлчих ямар нэг шалтгаан байхгүй ч гэлээ надад ямартаа ч хийж буй ажил минь сайхан мэдрэмж өгдөг. Бас шувууны амьдрал сонирхлыг минь яг л үзэж чадахгүй зүйл болгоныг нүдэнд харуулах цэлгэр том цонх шиг маш ихээр татдаг.
-Мэдээж шувуу маш үргэмтгий, хүнээс дайжимтгай амьтан. Тагтаа, бор шувуу л хүнд хамгийн ойр байдаг. Гэхдээ аливаа нэг шувууг багаас нь эхэлж бие гүйцтэл нь зургийг нь авах боломж бий болов уу?
-Тэжээвэр шувууг бол багаас нь авахуулаад өсөж томрох үйл явцыг олон янзаар зураглан авч болно. Харин байгалийн зэрлэг шувууг тэгж авах боломж үнэхээр ховор. Тийм боломж бараг олдохгүй л болов уу. Үүнээс гадна би ангаахай болон шувууны үүрний зураг авдаггүй.
-Яагаад тэр вэ, нүүдэлчид эртнээс шувууны үүртэй их болгоомжтой харьцдаг байсантай холбоотой юу?
-Шувууны гэрэл зураг Англи, Америк зэрэг бусад оронд анх хөгжих үед гэрэл зурагчид нь “шувуунд дарамт үзүүлэхгүй” гэдэг ёс журмыг баримталж ирсэн байдаг. Ялангуяа үржлийнх нь үеэр шувуунд хамаагүй ойртож, айлгаж болохгүй. Басхүү шувууны үүрэнд хэт их ойртох нь ангаахайг эрсдэлд учруулах алхам болдог. Мэдээж шувууг хамгаалах, бусдад таниулах гэж шувуу судлаач, гэрэл зурагчид ажилладаг ч аливаа хэм хэмжээг хэтрүүлж, заасан шугамыг давж болохгүй. Тийм ч учраас би энэ талаар хүмүүст байнга хэлж, захидаг даа.
-ХОНИН ТООДОГИЙН ЗУРАГ АВАХ ГЭЖ ДОЛООН ЖИЛ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙЛАА-
Хонин тоодог
-Шувуунд дээд тал нь хэдэн метр ойртож болох вэ?
-Энэ их сайхан асуулт байна. Хүнд хувийн орон зай гэж байдаг. Шувуунд ч бас тийм орон зай бий. Жишээ нь жижиг мэрэгч амьтан юм уу, үнэг хярсаар хооллодог махчин шувуудын орон зай их том байдаг учир ойртоход хэцүү. Газар дээр ч байсан том махчин шувуудыг дийлэх амьтан ер нь ховор учраас айхгүй ч гэсэн нэг их ойртуулахгүй ээ. Тиймээс шувууны мэдрэхүй их өөр юм шиг санагддаг. Ер нь бол жижиг шувуудад хамгийн дээд нь тал нь 3–5 метр, том махчин шувуунд бол 30–50 метр л ойртож чаддаг.
Тиймээс шувууны мэдрэхүй их өөр юм шиг санагддаг. Ер нь бол жижиг шувуудад хамгийн дээд нь тал нь 3–5 метр, том махчин шувуунд бол 30–50 метр л ойртож чаддаг.
-Та зургийг нь авахаар шийдсэн шувууныхаа тухай болон тийм газар луу зорилоо гэж хүнд хэлдэггүй гэсэн. Яагаад тэр вэ?
-Гэрэл зурагчин болохоос өмнө найз нөхдийгөө дагаж ан гөрөөнд их явдаг байлаа. Өөрөө ан авлаж чадахгүй ч гэсэн хааяа салхинд гарах, хээр хөдөө явах сайхан шүү дээ. Тэгээд л түүдэг тойрч суугаад элдэв хууч яриаг оройн хоолныхоо даруулга болгох шиг сайхан зүйл ховор. Тэгж явахад гөрөөчид хээрийн зэрлэг амьтны хойноос явахад өөртөө эрдэж, ам гарч болдоггүй гэж ярьж байсан удаатай. Тэгж л би хүссэн шувуугаа олж, хүссэн зурагаа авчихсан хойноо л бусдад хэлэхээс биш өмнө нь ам гарч болохгүй юм байна гэдгийг аль эртнээс л зөнгөөрөө ойлгочихсон байсан. Өөр нэг шалтгаан бас бий.
-Тэр нь юу юм бол?
-Ховор содон шувуутай газрыг хүмүүс мэдчихвэл барьж авах, зарах гэх мэт буруу үйлдэл их гардаг. Түүнээс сэргийлдэг. Байгалийн болоод ан амьтны зураг авдаг гэрэл зурагчид бүгдээрээ л тухайн байгалийг сүйдэхээс сэргийлэх, ан амьтдыг хамгаалах давхар үүрэг хүлээдэг. Үүнийгээ гэрэл зурагчид маань сайтар ухамсарладаг биз ээ.
-Сүүлийн үед хүмүүс их аялдаг, адал явдалд дуртай болсон. Харин шувууны гэрэл зурагчны аялал ямар байдаг вэ?
-Аялалд гарахын өмнө төлөвлөгөөгөө сайтар боловсруулдаг. Хамгийн эхэнд судлаач найз нөхдөөсөө ямар шувуу, хаана буйг асууж сураглана. Шувуудын нүүдлийн цаг улирлыг харахаас эхлээд цааш нь төлөвлөгөө боловсруулдаг. Дараа нь товлосон газар луугаа хэнтэй явахаас эхлээд бараг жилийн өмнөөс нарийн төлөвлөгөө гаргадаг.
Би саяхан Маршалын гүүрний тэнд Гялаан омруут гэж харзны усанд шумбадаг шувуу харах гэж явсан. Машин маань мөсөнд цөмрөөд жаахан бэрхшээл гарлаа. Хоёр цаг дэмий тэнэж явсын эцэст чамтай уулзаад одоо ярилцлагын ширээний ард сууж байна даа.
-Зургийг нь тэгээд авч чадаагүй юу?
-Чадсангүй. Ер нь бол хүссэн шувуугаа хайж олно, хүссэн зургаа буулгах магадлал бол 20 хувиас хэтрэхгүй дээ.
-Тэгэхээр шувууны зураг авна гэдэг маань шантардаггүй, тэвчээртэй хүний ажил болж таарах нь ээ…
-Яг тийм.
-Та түрүүн тодорхой хэмжээний ёс суртахуунтай байх тухай ярьсан даа. Түүнээс гадна шувууны гэрэл зурагт тавигдах үндсэн шаардлага гэж бий юу?
-Чиний хэлсэн шиг маш тэвчээртэй хүний л ажил. Огцом хөдөлгөөн хийж болохгүй. Ганц нэг метр дөхөж байхад шувуу үргэж холдвол шуудхан орхичихдог. Заавал зургийг нь авах гэж улайраад байдаггүй.
-Зургийг нь авахад хамгийн хэцүү нь ямар шувуу байсан бэ?
-Хонин тоодог. Энэ шувуу үржлийнхээ үед сүүлээ өргөж, хүзүүгээ гэдийлгэн хөх сахлаа унжуулж бүжиглэдэг. Би яг тэр зургийг нь авахсан гэж мөрөөддөг. Харамсалтай нь үржлийнхээ үед ойртуулдаггүй юм. Би лав долоон жил хойноос нь хөөцөлдөж байна.
-Долоон жил гэхээр та нэлээдгүй улайрч байгаа юм биш үү?
-Энэ мэдээж өөр зүйл л дээ. Үргэж холдохоор нь заавал авах гээд явалгүй орхичихдог. Тиймдээ ч одоо болтол авахыг хүссэн зураг минь мөрөөдөл төдий л байгаа юм. Хүн өөрийн гэсэн сонирхол, мөрөөдөлтэй байх гоё. Зүгээр л тагтаа, бор шувуу шиг хүнд ойр шувууны зургийг өдөр болгон камерынхаа нүдээр шагайж явбал хүн уйдна шүү дээ.
-Тэгвэл зургийг нь авч байсан, манай орны хамгийн үзэмжтэй шувууг нэрлэхгүй юу?
-Шарга зөгийч гэж үнэхээр гоё шувуу бий. Солонгын өнгөтэй.
Шарга зөгийч
-Манайд бүргэд, шонхор зэрэг үндэстний бэлгэдэл болсон шувууд бий. Харин хамгийн гоё үзэмжтэй, ховор гэдэг утгаар нь жуулчдад сонирхуулъя гэвэл та ямар шувууг санал болгох вэ?
-Мэргэжлийн хүмүүс бол олон шувууд нэрлэх байх. Шувуу судлаачид хамгаалах, тоо толгойг нь өсгөх утгаар нь ховор шувуудыг санал болгоно. Гол нь миний бодлоор гадны жуулчдын сонирхол татах шувуу бол тогоруу. Тус шувуу нь Хэнтийн Онон, Улзын сав газруудад зусдаг. Тиймдээ ч жуулчдын хувьд байгалийн сайхныг үзэх давхар олз ч болж чадна. Манайхан төдийлөн тоож хардаггүй болохоос Монголд хэдэн зүйлийн тогоруу маш ховор шувуу бий. Өдгөө тоо толгой нь их цөөхөн байдаг Цэн тогоруу, Хар, Цагаан тогоруу цөмөөрөө Хэнтийн Биндэр сумын Хурх тосгонд ирж зусдаг юм билээ. Өнөөдөр Казах түмний өв соёлын салшгүй хэсэг болсон бүргэдийн баяраар Монголд олон жуулчид ирдэг. Тэгвэл Биндэрт болдог тогорууны баяр бүргэдийнхээс бол огтхон ч дутахгүй гэж боддог. Гол нь тогорууг барьж авч ан авд сургах, тэжээх зэрэг ойлголт байхгүй болохоор нэг ёсондоо амьтан зовоохгүй гэсэн үг. Яг л хунгийн чуулган гэдэг шиг байгальд олноороо цугласан тогорууны сүргийг харахад хэчнээн сайхан байдгийг үзсэн хүмүүс мэдэх байх.
Өвөгт тогоруу
-Хамгийн сайхан, ховор шувууны зураг авахын тулд хол зам туулдаг бололтой?
-Хамгийн алсыг зорьсон нь Ховд аймгийн Булган сум байх. Тойроод ирэхэд 4000 гаруй км явж байлаа. Гэхдээ шувуугаа хайгаад явж байхад хэдэн км, хэрхэн явах нь огт сонин биш байдаг. Олж хараагүй шувууныхаа зургийг хүссэн хэмжээндээ авч чадах л хамгийн чухал.
-Дэлхийн ямар ямар оронд очиж шувууны зураг авч байсан бэ?
-Яг зорьж явдаггүй. Дэлхийгээр явж шувууны зураг авна гэхэд хамгийн эхэнд санхүүгийн бэрхшээлтэй тулгарна. Харин ажлын шугам таарч зарим нэг оронд зорчих үедээ шувууны зураг авах зав гаргадаг. Хятадад гараад буй айхтар вирус дэгдэхээс өмнө Америкийн гэрэл зургийн холбооны томоохон цугларалт болсон. Тэнд хотын төвийн томоохон амьтны хүрээлэн, паркуудаар шувууд үзэж их явсан даа.
-Амьтны хүрээлэн гэснээс та шувуунаас гадна өөр амьтны зураг мэр сэр авсан байдаг шүү дээ. Одоо шувуунаас гадна өөр ямар нэг амьтны зургаар давхар дагная гэсэн бодол бий юу?
-Сүүлийн үед шавьжны зураг авч байгаа. Анх Германд охиныдоо амарч байхдаа энэ төрлийн амьтны зураг авах сонирхлоо өөртөө нээсэн юм. Германд айл жил бүр цэцгийн мод бут, ургамал тарих ёстой байдаг. Тухайн айлын хүмүүс мод, цэцэг тарихгүй гэвэл цэцэрлэгч нь ирээд тарьж өгдөг, цэцэрлэгийг нь арчилдаг юм билээ. Тэр үед ач нар маань шавьж олоод цэцэрлэгт хүний хөл гишгэхээргүй газар аваачиж тавьж байсан юм. Түүнээс хойш л нэг мэдсэн өөрөө шавьжны зураг авчихсан тууж явсан даа. |хэхэ| Нөгөөтэйгүүр өвлийн цагт шувуу олдохгүй болохоор ажилгүй болчихдог. Тэгээд өвлийн улирал элдэв шавьжны зураг авч байдаг болсон. Нэг өвөлд 200–300 шавьжны зураг авах зорилго өмнөө тавьсан. Өдөрт 5 юм уу 6 зураг дардаг.
-Аль орны ямар шувууны зургийг авахсан гэж хүсдэг вэ?
-Монгол оронд 513 гаруй зүйлийн шувуу байдгаас би 370 гаруйнх нь зургийг авсан. Ер нь бол энэ тоогоо ахиулах юмсан л гэж боддог. Гол нь 370 гаруй зураг дотор маань бас шаардлага хангахгүй муу зургууд ч олон байгаа. Харин миний өмнө зургийг нь хангалттай авч чадсан үзүүлэлтээрээ Германы шувуу судлаач, гэрэл зурагчин Андреас Буххэйм гэж хүн бий. Энэ гэрэл зурагчин 417 зүйлийн шувууны зургийг шаардлага хангахуйцаар буулгаж чадсан гэж ярьсан. 25 жилийн турш Германаас Монголд ирж очин шувуу судалсан юм билээ.
-Андреас Буххэйм бол судлаач, харин та гэрэл зурагчин. Тэгэхээр ялгаатай байх, тийм үү?
-Мэдээж ялгаатай. Судлаач хүн тухайн шувууг гэрэл зургийг нь авах төдийхнөөр сонирхохгүй,
маш нарийн судална. Харин би хүн харж чадаагүй өнцөгөөс, шувууг гоёмсог, дэгжин байгаа үед нь зургийг нь авахыг л илүүд үзнэ.
-Гэхдээ та зургийг нь авсан шувуудынхаа талаар судалж, өөрийн “Jargal’s bird photo” хуудсандаа мэдээлэлтэй нь хамт оруулсан байдаг. Тэгэхээр давхар шувуу судлаач болчихож байгаа юм биш үү?
-Шувууны тандалт, судалгаа хийх, ховор зүйлийн шувуу шинээр олж нээх гээд судлаачид бол мэргэжлийнхээ дагуу ажилладаг биз. Миний хувьд цахим орчинг зөв соёлтой ашиглах үүднээс дан ганц шувууны зураг оруулахаас илүүтэй тухайн шувууны амьдрах орчин, онцлогийг нь давхар мэдээлэл болгож хүмүүс хүргэхийг зорьдог. Залуусын танин мэдэхүйн мэдлэгт ч энэ нь бас нэмэр болдог болов уу.
-Нөгөө аль орны ямар шувууны зураг авахыг хүсдэг вэ гэсэн асуултын маань хариу юу болов?
-Аан тийм. Би Латин Америкийн Коста Рикад л нэг сайхан өдөр очно гэж боддог. 5000 гаруй зүйлийн шувуу бий гэж дуулсан. Ёстой л цэцгийн мандал шиг алагласан олон шувуудын дунд очоод буучихдаг гэж байгаа. Шувуудын диваажин болсон тэр газарт очихыг л мөрөөддөг дөө.
-АНУ-д 300 сая гаруй хүн амтай. Тэдний 67 сая нь шувуу сонирхогч гэсэн баримт байдаг. Манай улсын хүн амын хувьд иймэрхүү тодорхой статистик бий юу?
-АНУ-ын загас агнуурын агентлагаас явуулсан судалгаанд хүмүүс тэгж хариулсан юм билээ. Мэдээж энэ их тоо тухайн орны суурин иргэншилтэй шууд холбоотой. Учир нь тэндхийн хүмүүс өөрсдийн эдлэн газар дахь тариан талбай, фермаа харж хандах, мэрэгч амьтад, шувуудын болзошгүй үр нөлөөллөөс байнга хамгаалж байдаг. Энэ утгаараа тухайн шувуудыг хараад таньдаг болчихсон байх нь бий.
Харин манай улсын хувьд бол миний ажигласнаар өнөөгийн залуучууд, аялалд явдаг амрагчид шувууг их сонирхдог болсон нь илт мэдрэгддэг. Манай үеийнхнийг бодвол залуус соёл иргэншил, хөгжлийн явцыг дагаад илүү их мэдрэм, боловсролтой болчихсон шүү дээ. Мөн гэр бүл, үр хүүхдүүддээ харуулах гэж хүмүүс шувууг их сонирхож асуудаг болсон байна. Яг нарийвчилсан судалгаа, тоо баримт бол байхгүй.
- 100 КАДРААС ДЭЭД ТАЛ НЬ 15 ЗУРАГ Л ШИГШИГДЭНЭ -
-Монголд Ягаан нал буюу Фламинго орж ирсэн тухай баримт байдаг юм билээ?
-Шувуу судлаач Ариунбаатар, Түвшинтөгс гэж хоёр залуу Монголын зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл шувууны өвчлөлийн талаар судалгаа хийсэн юм. Шувууд ихээр цугладаг томоохон нуур, ой мод юу л байна түүгээр явж, шувууны сангас зэргийг цуглуулж шинжилгээ хийх нөр их ажлыг хийж явсан хүмүүс. Тэгж явахдаа “Архангайд Ягаан нал” байна гэж надад утсаар мэдээ хүргэсэн. Би тэр үед Дорноговьд явж таарсан юм л даа. Мэдээ сонссон даруй шөнөжин давхиулсаар Архангайд өглөө очиход ганцхан Ягаан нал байсан юм. Нэлээд ядруу байсныг бодоход сүргээсээ төөрсөн юм болов уу гэж би таасан. Манай оронд 60 гаруй жилийн дотор дөрвөн удаа л Ягаан нал бүртгэгдсэн тохиолдол бий. Түүний нэг нь энэ байсан. Би ч Туркийн төв нутгийн том нууранд очиж Ягаан налын зураг авсан даа. Маш гоё үзэмжтэй, үнэхээр содон сайхан шувуу шүү.
-Гэрэл зураг авч явахдаа шинэ төрөл зүйлийн шувуу нээх тохиол таарч байсан уу?
-Хойд Америкийн Бэйрдийн элсэг гэж нэг эргийн шувуу байдаг юм. Уг нь Өмнөд Америкийн үзүүр болох Чилийн арал дээр өвөлждөг. Гэтэл цагаан сарын өмнөхөн судлаач Пүрэвсүрэн найзтайгаа явж байгаад тэр шувуутай Архангайд тааралдаж зургийг нь авч байсан. Толгой яг 180 градус эргээд дэлхийн бөмбөрцгийн нөгөө тал дээр ирчихсэн байсан хэрэг. Тэр шувуу өмнө нь Монголд орж ирсэн тохиолдол огт бүртгэгдээгүй байдаг юм билээ. Түүнээс өөрөө бол шинэ төрөл зүйлийн шувуу дуранд минь өртөж байсан удаагүй.
-Тантай өмнө нь нэг уулзахад 500 кадр дарснаас ганц нэгийг сонгох тохиол ч бий хэмээн ярьж байсан. Энэ үнэхээр үнэн үү?
-Үнэн байлгүй яахав. Жишээ нь 100 кадраас дээд тал нь 15 зураг л шигшигдэнэ. Тэр 15-аас дахин сонгох шаардлагатай болдог. Зарим зурагчид өндөр хурдны камераас их олон кадр дарж амждаг. Гэхдээ би тооноос илүүтэй зургийнхаа чанарыг чухалчилдаг.
-Манай оронд хээрийн бор шувуунаас жижиг хэмжээтэй шувуу олон бий юу?
-Шар мэлзэн задуулай гэж шувуу бий. Ихэвчлэн модны үзүүрээр идээшлээд байдаг. Мөн жижигхэн ногоон зүстэй дууч шувууд байгаа. Мод бутанд бий. Дуу нь сонсогдоод л байна, өөрсдөө сайн харагдаж өгдөггүй юм.
-АНХ ШУВУУНЫ ЗУРАГ АВАХ МӨЧИД АН АВЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДСАН-
-Хамгийн анх авсан, яг өөрт чинь шаардлага хангахуйц сайн зураг болчихлоо доо гэх бодол төрүүлсэн шувууны зураг байж таарна шүү дээ. Тэр зургийнхаа талаар яриач?
-Зэрлэг нугасны зураг бий. Анх харчихаад “За даа, би одоо л нэг сайхан зураг дарчихлаа” хэмээн дотроо баясч явсан. Мөн Хөх зоот гургалдай гэж нэг жижигхэн шувууны зураг байдаг . Одоо тэр хоёр зургийг харахад тийм ч сайн зургууд биш л дээ. Ямар зураг авч эхэлснээ өөртөө сануулж устгалгүйгээр хадгалж явдаг.
Анхны зураг, "Хөх зоот гургалдай"
-Анх камерийн дурангаар шувууг харж байхад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Ан авлах гэж байгаа мэт л санагдсан.
-Гэхдээ ялгаа бий биз дээ?
-Тийм ээ, ялгаатай. Гөрөөчид бол ан авласан газраа маргааш нь эргэж очвол хоосон буцна. Учир нь тэр газар ойрын хэдэн хоногт дахин амьтан үзэгддэггүй гэсэн үг. Харин шувууны зураг авчихаад маргааш нь очиход тэндээ байж л байна. Гол нь ан авлаж буй хүн ч тэр, шувууны гэрэл зураг авч буй хүн ч тэр огцом хөдөлгөөн хийж, хамаагүй анир чимээ гаргаж болдоггүй. Тийм болохоор л анх шувууны зураг авах гээд камерийнхаа дурангаас шагайж байхад ан авлах гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн хэрэг.
-Мэдээж шувуу судлаач биш ч гэсэн та шувуудыг их ажигладаг байж таарна. Тэр хэр ухаалаг амьтад вэ?
-Амьд амьтны туйлын зорилго үр удмаа үлдээх байдаг шүү дээ. Шувууд бол үр удмаа хайрлах хамгийн хүчтэй зөн билигтэй амьтад гэж боддог. Жишээ нь шонхор бол дэгдээхийгээ хамгаалах үедээ жижиг, том гэлтгүй ямар ч амьтан руу шууд дайрч зодолддог тун чиг зоригтой шувуу. Мөн Үлэг харцага гэж маш их хартай шувуу ч бий. ангаахайгаа харамлаад шууд л дайрдаг.
-Та шөнийн амьдралтай шувуудын зургийг авч байсан уу?
-Шөнийн амьдралтай шувуудын зургийг авах гэж их олон оролдсон. Даанч гэрэл хүрдэггүй, би чаддаггүй юм. Шар шувуу, ууль зэрэгийн зургийн өдрийн цагаар аз таарч авсан ганц нэг кадр бий. Өөр бол байхгүй ээ. Харин Аргентиний нэг хос байдаг. Тэр хоёр зурагчин дандаа шөнийн шувуудын гэрэл зураг авдаг юм билээ. Авсан зургууд нь ч гайхалтай. Яаж ингэж зураг авч, ажиллаж чаддаг юм бол гэж гайхдаг, бас биширдэг дээ.
-Уулзаад туршлага судалвал болох юм биш үү, тэ?
-Харин тийм. Хонож өнжин сайхан ярилцаад, хамт шөнийн шувууны зурганд гараад үзчихмээр л байна, хэхэ…
-Өнөөдөр хот газар шувуу олж харах нь тийм ч элбэг биш. Харин та ямар шувуудтай хотын завгүй хөдөлгөөн дунд таарч байсан бэ?
-Их хотын маань сул талын нэг нь цэцэрлэгжилт огт байдаггүй. Үүнтэй холбоотойгоор шувууд их ховор. Миний багад ордны арын цэцэрлэгт олон хөөрхөн шувууд цугладаг байсан. Одоо бол өвөл ч тэр, зун ч тэр хотын гудманд шувуудын жиргээ сонсох нь ховор болсон. Харин хүйтний хэм өндөрссөн үед зарим нэг шувууд хот газар бараадсан нь тааралддаг л юм. Сүүлийн жилүүдэд Буурал хомноот гэж шувуу өндөр барилгын цонх мөргөж үхэх нь ихэссэн. Яг нүүдлийн зам нь хотоор явж таараад байх шиг байгаа бололтой. Ер нь хөдөө тийш явж шувууны зураг авна гээд төлөвлөдөг болохоор хотод нэг их шувуу харж, ажиглаад явах нь ховор доо.
-Шувуудын зураг авахад тохиромжтой цаг үе, улирал нь яг хэзээ вэ?
-Хамгийн тохиромжтой цаг бол хавар. Яг үржлийнхээ үеэр шувуудын өнгө зүс их сайхан байдаг. Харин 6 дугаар сарын сүүлээр бол шувууд өндөгөө дарж, нуур, цөөрмийн зэгс, намаг ихтэй газруудад эсвэл ой модонд нуугдчихдаг юм. Цаг хугацааны хувьд бол өглөө тохиромжтой. Шувууг унтаад сэрэх үед нь зураг авахад их гоё. Ер нь бол үүрийн гэгээ, үдшийн бүрий хоёрт шувууны зураг авахад тохиромжтой. Басхүү бороо орсны дараах ямар ч тоосгүй, тунгалаг үед зураг их гоё гардаг.
-Таны эргэн тойрны хүмүүс болон ойр дотныхон шувуу сонирхдог уу?
-Мэдээж би эргэн тойрныхоо хүмүүст шувуу сонирхдог байх ёстой гэж хэлдэггүй. Бусдын үзэл бодолд өөрийнхөө сонирхлыг тулгаж болохгүй шүү дээ. Харин манай хань бол шувууны нэрийг надаас ч сайн мэднэ. Миний хоёр охин, хүргэдүүд маань “Энд ийм содон шувуу” байна гэх зэргээр надад мэдээлэл хүргэдэг л юм. Өөрсдөө тэгж мэдээлэл дамжуулж, намайг дэмжих ёстой гэж боддог юм шиг билээ. |инээв| Харин манай хоёр зээ бол жинхэнэ сонирхогчид байгаа юм. Яахав тэгээд жаахан хүүхдүүд багадаа амьтан их сонирхдог шүү дээ. Германд байхад нэг удаа шавьж олчихоод “Ээж энэ шавьжийг гишгэчих гээд байна” гэснээ цэцэрлэгт гаргаж, хүний хөл хүрэхээргүй газарт тавьж билээ. Багаасаа амьтныг хайрлаж, өрөвдөж байна гэдэг чинь хүнлэг сайхан сэтгэлтэй хүн болж төлөвшихийн илэрхийлэл гэж боддог доо.
Шилийн сар
Тэр шувуудаас гадна шавьж, монгол оронд амьдардаг цөөнгүй амьтдын зураг авсны нэг нь энэ юм. Зэрлэг мануул.