Мөрөө дөнгөж шүргэсэн гэзэгтэй, эрүүгээ даган унжсан шингэн сахалтай, энгийн хэр нь цаана л нэг донжтой, цэвэрхэн хувцасласан энэ залууг Н.Адъяабазар гэдэг.
Уран зураг сонирхогчид түүнийг “Монгол Пикассо” гэх нэрээр сайн танина. Тэртээ XX зууны эхэн үед Пабло Пикассо кубизмыг бүтээсэн бол МУУГЗ зураач Н.Адъяабазар нь, энэ сонин содон урсгалыг монголд дэлгэрүүлэгчдийн нэг. Энэ сарын өнгөрсөн 26-ны өдөр, өөрөөр хэлбэл Монгол Пикассогийн “Нарны талст” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн, МУЭ-ийн арт галерейд хуурийн эгшгээр жавар үргээн нээлтээ хийлээ.
Энэ үзэсгэлэн түүний 70 насны ойд зориулагдсанаараа онцлогтой. Нас бол физиологийнхоо хуулийн дагуу жил жилээр нэмэгддэг тоон систем. Харин уран бүтээлчдийн дотоод хүн яг л Питер Пэн шиг байдаг. Хэзээ ч хөгширдөггүй. Тэд зурах тусмаа, зөрчилдөх тусмаа улам залууждаг бололтой.
“Бууралтсан” гэж шууд хэлэхэд зохимжгүй ч, ялимгүй буурал үстэй энэ зураачийн уураг тархи, дотоод сонсголон нь 28 настай залуу шиг л омголон дориун байна. Эс бөгөөс яаж ийм эрдүү, логик ухаан шаардсан бүтээлүүд гарна гэж.
Геометрийн гурвалжин дүрсүүдийг нэгэн хэлбэр, дүрд нэгтгэдэг кубизм хүн төрөлхтний түүхэнд сэтгэлгээний том үсрэлтийг хийсэн. Тиймдээ ч Н.Адъяабазар зураачийн авангард жанрын энэ үзэсгэлэнг ойлгож, таашаахад тархины багагүй эд эс ажиллах нь ээ.
А.Даваадулам