“Шинь Шинь” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын менежментийн олон улсын стандарт хангасныг батламжилан гэрчилгээг ТУЗ-ийн дарга Сун Гуй Мин болон Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Ц.Баатарт гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ үеэр компанийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирал Ц.Баатартай олон улсын ISO9001:2015, ISO450001:2015 стандартын тухай ярилцав.
-“Монсертф” ХХК “Шинь Шинь” ХХК-ийг ISO9001:2015 стандарт нэвтрүүлснийг батламжиллаа. Чанарын менежментийн тогтолцооны энэхүү стандартыг хангаж ажиллахын тулд нэлээдгүй хүч хөдөлмөр зарцуулсан байх?
-Стандарт нэвтрүүлэхийн анхны зорилго маань компанийн засаглалыг сайжруулах, хуулийн дагуу байлгах байсан. Товчхондоо бол, компанийг програмчилах гэж бид хэлэх дуртай. Стандарт нэвтрүүлэх бүхий л процессын ажлуудыг бид хоёр жилийн хугацаанд хийсэн. Үүнд, гадаад дотоод орчны шинжилгээ, бичиг баримтын бүртгэл бүрдэл, боловсруулалт, үйл ажиллагааны зураглал гаргах, дотоод аудит хийх, удирдлагын дүн шинжилгээний хурал гэх мэт бүх шаардлагыг хангасан.
Уул уурхайн үйлдвэрлэлийн орчинд нэн чухал стандартыг амжилттай нэвтрүүлж, батламж гэрчилгээг авсан маань нэр төрийн хэрэг байлаа. Нийгмийн өмнө асар том хариуцлага гэж үзэж байна. Манай компанийн хамт олон өндөр ач холбогдол өгч, их хүчин чармайлт гаргасны үр дүн юм.
-Мөн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO450001:2015 хангасныг давхар батламжилсан байна. Энэ стандартад хүрэхэд юуг илүү анхаарч ажилласан бэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад олон талын хүчин зүйлс байдаг. Манай компани шаардлагатай дүрэм журмыг боловсруулж хэрэгжүүлэх, үүнийг дадал хэвшил болгохын төлөө хичээж ажилладаг. Түүнчлэн болзошгүй эрсдэлийг хаах чиглэлээр шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг тухай бүрт нь хийдэг.
Ер нь бол Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO450001:2015-ыг нэвтрүүлэхэд монгол ажилчдаа түлхүү оролцуулахыг хичээсэн.
-Танай компанитай хамтран ажилладаг, туслан гүйцэтгэгч компаниудад энэ стандартыг дагаж мөрдөх үү?
-Тэгэлгүй яахав, манай компани 1000-аад ажилчинтай. Бид хүдрээ олборлоод, баяжуулаад экспортод гаргадаг. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагаанд болон тээвэр гэсэн хүрээнд стандартыг дагаж мөрдөнө. Түүнчлэн ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниуд маань уурхайн бүсэд байгаа бүхий л оролцогчид эдгээр стандартын шаардлагыг тавьж ажиллах юм.
-Цаашид ямар стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна вэ?
-Бид Монгол Улсын ШУТИС-тай хамтарч ажилладаг. Зөвлөхүүд маань бидэнд нэн чухал гурван стандартыг зөвлөсний дагуу эхний хоёрыг амжилттай нэвтрүүлж чадлаа. Гурав дахь нь байгаль орчны стандартыг нэвтрүүлэх ажлыг давхар эхлүүлээд явж байгаа юм. Одоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа стандартад маань цаг хугацааны хувьд, техникийн боломж бололцооноос хамаарсан хугацааны хүлээгдэл байгаа юм. Гэсэн хэдий ч бид байгаль орчныг хамгаалах, сэргээх чиглэлээр батлагдсан төлөвлөгөөгөө бүрэн хангаж ажилладаг. Удахгүй энэ стандартыг бүрэн нэвтрүүлэх болно.
-Уурхайн орчин эрсдэл юу байдаг вэ, танай уурхай химийн бодис ашигладаг уу?
-Манайх цианид ашигладаггүй олборлолт баяжуулалт хийдэг. Энэ төрлийн химийн бодисоос татгалзсан анхдагчдын нэг гэж боддог.
-Уул уурхайтай газар усны асуудал анхаарах зайлшгүй хөндөгддөг. Танай компанийн хувьд энэ талаар ямар бодлого баримтлан ажилладаг вэ?
-Бид ногоон, эко уурхай байгуулна гэдэг алтан зарчмаар ажилладаг. Хурц химийн бодис ашиглахгүйн дээр усыг дахин боловсруулж хэрэглэдэг. Хаягдал ус болох техникийн усыг цэвэршүүлээд эргүүлэн ашигладаг манайх шиг компани уул уурхайн салбарт олон биш.
Ярилцсан Б.Бямбасүрэн