Эв нэгдлийн гэх сүржин тодотголтой, даржин бүтэцтэй  засгийн газрын хувь заяаны тухай асуудал сүүлийн өдрүүдийн улс төрийг чимэн, энд тэнд сэм сэм яригдаж байсан олон зүйл ил болон түгэж ажиглагчдын амны зугаа болж байна.  Нэг талаас угаасаа хуудуу аргаар улс төрийн сэнтийг булаасан улсуудад эргээд тэр л замаар хэн нэгэнд түлхэгдэн унах гашуун тавилан ирдэг нь орчлонгийн үнэн боловч энэ удаа засгийн байшин юу юугүй ингээд нураад уначих нь гэхэд бас л итгэхэд бэрх харагдана. Юу л бол.

Гэхдээ М.Энхболдын гэрийг нураах мастер төлөвлөгөө энэ удаа хүний гараар биш өөрийнхнийх нь гараар бичигдсэн нь үйл явдлыг илүүтэй хорон болгож мэдэх талтай. Парламент дахь МАХН-ын хууччуул болох УИХ-д 3-4 дахь удаагаа улиран сонгогдсон архаг кадрууд энэ удаа сүрхий хилэгнэцгээсэн нь асуудлыг хурцатгах гол хөшүүрэг болж байна. С.Төмөр-Очирын дардас шиг дуулгавартай, номхон, хүний аясаар байж өгөөгүй М.Энхболд тэдгээр архагуудын харшлыг яагаад хөдөлгөж орхив оо. Энэ бол сонин асуулт. Барагтайд нэг галын дэргэд мөр мөрөө түшин сууж өгдөггүй Ц.Нямдорж, Ч.Улаан нар хүртэл байр суурийн хувьд нэгдмэл болон дуугаа өндөрсгөж гайхаш төрүүлсэн төдийгүй Т.Ганди, Н.Баяртсайхан, Т.Очирхүү, Д.Лүндээжанцан, Ц.Шаравдорж нар ч тун таагүй бөгөөд талгүй хандацгаан жавар үлээлгэж эхэлсэн өвлийн энэ өдрүүд М.Энхболдод ямархан зүйлийг шивнэж байгаа бол. Дээр нь нам дотроо түүнтэй зүйрлэхээргүй хүчирхэгжиж авсан С.Баяр бүл нэмж байдаг. Энэ бүхэн М.Энхболдыг нэгэнт нойргүй хонуулж эхэлжээ. Нэг талаас тэр одоо өнөөдрийн ярвигтай асуудлуудаас илүү их улс төр гэх том тойрог дотор хэн байхаа шийдэх  нухацтай сонголтын өмнө зогсч байна. Нэгэн дуугаар яралзтал гар өргөн баталж намынхаа толгойд залж байсан нөхдүүд яагаад, юунаас болж М.Энхболдод дургүй болов. Тэр хэний өмнө алдсан юм бол. 

Ажиглагчдын ярьж буйгаар бол М.Энхболд хотод олон жил нэг баг болон зүтгэж ирсэн нөхдөөсөө салж чадахгүй, их улс төрд эзлэх том орон зайн төлөө биш эртнээс дассан бага тойрог дотроо л эргэлдээд байснаас болж алдлаа гэх. Бас өөрийг нь нэг л өдөр тэнгэрийн хөвүүн болгож өгсөн Н.Энхбаяраасаа салах оролдлогыг аймшигггүй хийснээс болж зовлонд уналаа ч гэх. Мөн өөрсдийгөө МАХН-ын үнэт капитал гэж үздэг архаг парламентчидтайгаа “танилцаж, ойртож, ойлголцож” чадаагүй учраас унах гэж байна ч гэх шиг. Чухам эдгээрийн аль нь вэ.

Эдүгээ хэдэн бүтэлгүй, энд тэндээс түүж цуглуулсан эрээвэр хураавар сайдуудынхаа хамт буланд шахагдан шаналж байгаа М.Энхболдод тэгэхээр хээрийн чононоос илүү гэрийн нохойнууд нь шүдний өвчин болж байгаа ажээ. Юун Жагаа, юун Гүндалай, юун Эрдэнэбат... Ер нь бол ямар ч дайсан дотроос өрцнөөс ургасан өргөс шиг өөрийнхөн  дайсан болох л  хамгийн хэцүү нь байдаг шүү дээ.

М.Энхболд анд нөхдөө хаяж чаддаггүй хүн бололтой. Хэл ам таталсан хотынхноосоо сугарч гараад их улс төрийн ноходтой нийлэн хэлснийг нь хийгээд санаа амар палакат шиг явж  байсан бол өнөөдөр ингэж ээрүүлж байхгүй ч байсан байж  мэдэх юм. Хот бол түүний орон гэр нь билээ. Хотоос өсч өндийж, хотоос олонд танигдаж, хотоос нүдэнд дулаахан эерэг имижтэй зөвдүү байрын залуу кадрын нэр хүндийг босгосон. Тийм болохоор буцах замын нэгэн уулзварт эргэж учрах л ёстой нөхдөөсөө урваж болохгүй.  Энэ бол хүн чанарын хувьд ойлгож болох харилцаа.

Нөгөөтэйгүүр түүнийг Ерөнхий сайд болоод хэд хэдэн томилгоон дээр өөрийнхөөрөө зүтгэсэн гэж сонсогддог. Энэ бас л ойлгож болох зүйл. Улсын Ерөнхий сайд гэдэг хүн тэртээ тэргүй дөнгөний хүүхэлдэй байж болдоггүй. Хүссэн ч эс хүссэн ч өөрийнхөөрөө зүтгэх, өөрийн багийг босгох, өөрийн хүмүүсийг гаргаж ирэх л болдог. Гагцхүү тэдэнд нь л хүн шиг байх хувь заяа ногддог гэдгийг манайхан орхигдуулж цаад хүнээ баллаад байгаа нь анзаарагддаг. М.Энхболд энэ замыг тойрсонгүй. Эхлээд тагнуулын ерөнхий газарт өөрийн хүнээ тавьлаа. Энэ яах аргагүй зөв. Бүгд л тэгдэг. Яван явсаар тэр нэг мэдэхэд нам дотор өөрийг нь дэмждэг залуусын бүлэгтэй, өөрт нь итгэдэг хууччуултай, хүчнийхэн дотор хөдлөшгүй хэлхээ холбоотой, эдийн засгийн хувьд хэнээс ч юу ч гуйхгүй, хот дотор томоохон командтай, иргэдийн хурал, намын бага хуралд өөрийг нь гэх хүчтэй бүлэглэлүүдтэй болж чадав. Нэгэнт эрх мэдлийн үзүүрт хүрсэн л юм бол ийм болох л ёстой. Гэвч энэ бүхэн улс төрийн бүлэглэлүүдэд таалагдсангүй. Таалагдаагүйгээр барахгүй дургүйг нь хүргэж орхив.  Ялангуяа МАХН доторх явцуу эрх ашгийн бүлэглэлүүдийн атаа жөтөөг нэлээдгүй хүргээд авав. Одоо яая гэхэв. Нэгэнт далайд гарсан. Онгоцоо живүүлэх үү, үгүй юу гэдгээ энэ хэдэн шөнө бодох, ажиллах шаардлага гарч байна. Сөрөг хүчин бол сөрөг хүчин. МАХН-ынхан гал асаавал тэд унтраах гэж ус хувин болж очихгүй. Тэгэх ёсон ч үгүй билээ. 

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 1000 сэтгүүлчтэй уулзжээ. Нэг сэтгүүлч түүнээс “Улстөрч хүнд хэрэгтэй хамгийн гол зүйл юу вэ” гэж асуув. Мань Ерөнхийлөгч хариуд нь “Улстөрч хүнд гурван зүйл хэрэгтэй. Нэгд, ухаалаг, мэдрэмжтэй байх чадвар. Хоёрт, боломжийг зөв мэдэрч, хэрэгтэй үед гарч ирээд тэмцэх иргэний эр зоригтой байх чадвар. Гуравт, хүн чанар. Хүн чанаргүй улстөрч хол явдаггүй” гэж хэлжээ. Энэ хэмжүүрээр авч үзвэл манай улстөрчдийн ихэнхэд гурав дахь зүйл л алга даа.  Харин М.Энхболдод бол тэрхүү гурав дахь зүйл байнаа. Болдоггүй Гүндалайтай болохоосоо болохгүйг нь хүртэл зууралдах чадвар түүнд д байв. Чин үнэндээ Гүндалайг ч мань хүн шахалтаар огцруулчих шиг болсон. Одоо Одонгоод үзүүлж буй сэтгэл зүйн тэнцвэртэй, дүн нуруутай, хачин түшигтэй төрх төлөвийг нь бид харж л байна. Том улс төрд томчуудаас жижигхэн тоглолт л цухалзаж буй энэ өдрүүдэд эцэст нь ямархан цэг хатгагдахыг одоо хэлэхэд үнэндээ бэрх байна. Магадгүй нэг хүнийг боорлон ноцохоороо дийлдэж өгдөггүй монгол практик Эв нэгдлийн засгийн газрын эрээн гэрийг эвхээд хураачихаж мэдэх л юм

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав