Урлаг зөвхөн түүнд хүрэлцээтэй түвшин, ойлгогддог хүрээгээр л хязгаарлагддаг зүйл биш. Хэн ч хүртэж, таашааж болох зүйл. Гол нь урлагийг тодорхой хүрээн дэх нөхцөлд оруулан таашаадаг далдын ямар нэгэн зөн совинлог төсөөлөл, эсвээс зэрэгцээ ертөнцийн хуулбар байх ёстой гэж санадаг хэм хэмжүүрийг л өөрийн бодлоос арчих хэрэгтэй болов уу. Үнэндээ урлаг ч тэр, энэ амьдрал ч тэр биднээс заримдаа юу ч нэхдэггүй шүү дээ. Заримдаа...

Ингээд энэ онд тайзнаа тависан онцлох зургаан жүжгийг нэрлэж байна. 

МЯНГА ЕСӨН ЗУУН НАЯН ДӨРӨВ(постдрамын жүжиг)

Орфей театр
Найруулагч:
М.Батболд
Зохиолч:
Я.Баяраа
Сэдэвлэсэн зохиол:
Жорж Оруэлл “1984”

Бэккетийн “Годог хүлээх зуур” жүжигт нэг онцгой санаа байдаг. Тэр нь итгэл найдвар. Александр Дюма ч мөн “Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг” гэж хэлсэн удаатай. Энэ тухай сэрхийтэл сануулсан нь Жорж Оруэллийн ижил нэрт жүжгээс сэдэвлэсэн “1984” постдрамын жүжиг.

Смит тайзан дээр өнгөрсөн үеийн дурсажмийн хэлтэрхий, итгэл найдвар болсон шилэн бөмбөлөг, Жулиягийн гурван үгтэй, сэтгэлийн захиаг тэврээд гүйж байв. Дараа нь тэр зорилгоо, тэрхүү зорилго дотор шилэн бөмбөлөг шиг л гэрэлтсэн дахин нэг найдварын гэрлийг Голдштейн номтой хамт өвөртөө тэврээд үзэгчдийг оюун бодолтой нь хамж аваад ахин гүйнэ. Тиймдээ, итгэл найдвар эцсийн мөчид амьсгалтай хамт төгсдөг, найдварын утсаа таслаагүй цагт амьдрал үргэлжилсээр, бид бүгдийг туучин ямар нэгэн сайн сайханд зорин тэмүүлсээр байдаг.

Тиймээс ч Эстрагон, Владимир хоёртой Годог хүлээж, Смиттэй хамт эрх чөлөө, саруул ухааны тэмцэлд итгэл найдвараа тээн гүйсээр байх биз ээ.

Жорж Оруэллийн “1984” роман бол асуулт, хариулт нь эн тэнцүүхэн жин дардаг бүтээл. Уран бүтээл нэг талаар тухайн нийгэм, цаг үеийнхээ толь байдаг жамтай. Үүнээс гадна уран бүтээлч нийгмээ хэрхэн мэдэрч, ямар дуу хоолойг иргэдэд хүргэх вэ? гэх асуулт ч мөн тун чухал болохыг үзэгчид анзаарсан болов уу.

Нөгөө талаар эр зориг гэдэг үнэн чанар өөртөө ямар их хүч чадал, орь шаналангийн цуурайг хамтатган агуулж, зовуурийн балчиг намагтаа живчихэлгүй өндийн босох эрсхэн хүчийг өгдөг болохыг харуулна. Тархи түнших хангинасан хөгжим ч, хүйтэн төмөр хавтан дээр хайруулан суух шиг цав цагаан сандлууд ч, тайз харанхуйлахын өмнөх эцсийн гол зурсан цэвдэг үзэгдэл ч итгэл найдварын тухай болоод эр зоригтой алхмуудын талаарх зөнтөй сайхан бодлоос минь зөрүүлж, холдуулж эс чадна.

ТЭНГЭРИЙН ХҮҮ(түүхэн туульсийн жүжиг)

Улсын Драмын Эрдмийн театр 
Найруулагч:
Н.Наранбаатар
Зохиолч:
Б.Цогнэмэх

Анх 2011 онд тайзнаа тавьсан “Тэнгэрийн хүү” түүхэн туульсийн жүжиг шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн, шинэчилсэн найруулгатайгаар 13 жилийн дараа эргэн ирэв. 

"Тэнгэрийн хүү" жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жилийн дотор Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлт хийсэн билээ. Үүнээс улбаалан Хүннүгийн түүхийн талаарх үзэгч олон нийтийн мэдлэг, ойлголт сайжран, шинэ үеийн үзэгчдэд энэ цаг үеийн тухай түүхэн бүтээлийг үзэн сонордох хэрэгцээ нэмэгдсээр буй нь жүжгийг сэргээн тавих гол шалтгаан болж байна. Жүжгийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар "Эх орон, газар шорооны тухай бүтээл болох "Тэнгэрийн хүү" жүжгээрээ дуугарах цаг нь болсон байна" хэмээн эл жүжгийг дахин хүргэх болсон шалтгаанаа тайлбарласан юм.

Гол нь шинэтгэсэн найруулгад хувцас хэрэглэл, жүжигчдийн бүрэлдэхүүн, мэдээж технологиос хамаарсан тайзны хөгжил л байлаа. Үүнээс бусдаар Н.Наранбаатар найруулагчийн арга барил, жүжгийн өгүүлэмжээр дамжин илэрхийлж буй агуулгын уран шийдлүүд байсангүй. 

ИНЭЭМТГИЙ ХҮН(визуал драм)

Про театр 
Найруулагч:
Б.Даваасүрэн  
Сэдэвлэсэн зохиол:
Виктор Хюго “Инээмтгий хүн”

Найруулагч Б.Даваасүрэн Оросын Холбооны Улсын Санктпетербургийн Театрын урлагийн академийг жүжигчин, Сибирийн Урлагийн их сургуулийг найруулагчаар төгсөж ГИТИС-ийн магистрантыг дүүргэжээ. Тэрээр өнгөрсөн онд Хюгогийн “Инээмтгий хүн” сонгодог зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт визуал драмыг үзэгчдийн хүртээл болгон үзэгчдээс өндөр үнэлгээ авч байв. Энэ онд мөн Про театрын хамт олон тус жүжгийг цөөн хоногийн хугацаанд үзэгчдийн хүртээл болгов. 

Их зохиолчийн ноён оргил болсон бүтээлийг тайзнаа амилуулсны дотроос уг бүтээлийн зураачийн ажил эрхгүй анхаарал татна. Мөн визуал драмын учир пантамимо, дуурь, балет зэргээс гадна хүүхэлдэйн урлаг ч тус жүжгийн шугамд шингэснээрээ онцлогтой. 

Жүжгийн үйл явдал XVII-XVIII зууны зааг үеийн Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг. Тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог.

Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болоод бие биедээ хайртай болдог. Үзэшгүй муухай зэрэмдэг Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хос болдог. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн өндөр байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчирдаггүй нь харамсалтай.

АМЬДРАХУЙ(драмын жүжиг)

Орфей театр 
Найруулагч:
М.Батболд
Зохиолч:
Мө.Батбаяр
Сэдэвлэсэн зохиол:
Үй Хуа “Амьдрахуй”

Тайзнаа дүрийг ямар ч өнцгөөс урлаж, харуулж, түүний дотоод чанарыг нээх боломж зохиолд бүрнээ өгөгдсөн байв. Найруулагч М.Батболд өмнөх жүжгүүдэд түлхүү ашигладаг технологийн шийдлүүдийг энэ удаад тийм ч элбэг авсангүй. Харин үүний оронд дүрүүд дээрээ илүү анхаарч, амьдралын мөн чанарын томьёоллыг хүлцэхүй хэмээн тодорхойлж, гол дүрийн гэргийн дүрээр нээн харуулжээ. Хэцүү бэрх, зовлон шаналлын туйлыг хүн туучин гарсны дараа ч итгэл найдвар, эсвээс сайн сайхан чанаруудын нэг нь л үлдэхэд найдвар огтоос тасардаггүй болохыг тус жүжиг бүрнээ харуулна. Харин найруулагч арга барилын хувьд өмнө тавьсан “1984” жүжиг дээрх зарим хөгжүүлэлтийг давтсан хоёр, гурван үзэгдэл байсныг дурдууштай. 

Орфей театрын хувьд нэг жилийн дотор хоёр шинэ тайзны уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барьсан нь энэ. Зохиолуудын хувьд нэг нь драм бол нөгөө дистопи шинжтэй. Гэхдээ аль алинд нь улс төрийн дарангуйллын адил сэдэв бий. Найруулагчийн эрх чөлөөний үзэл санаа, театрын зүгээс үзэгчдэд хүргэж буй дуу хоолой нь энэ жилийн хувьд зохиолын үйл явдал, сэдвийн хүрээгээ дагаад хэчнээн хүчирхэг санааг нйитэд хүргэснийг үзэгчид өөрсдөө ч сайн мэдэж буй биз ээ.  

МОРИН ХУУР (хүүхэлдэйн драм)

Хүүхэлдэйн театр 
Найруулагч:
Б.Даваасүрэн
Зохиолч:
Т.Энэрэл

“Хөхөө Намжил”-ын домгоос сэдэвлэсэн хүүхэлдэйн драм. Хүүхэлдэйн театрын хамт олон хүүхэд багачуудад урлаг, гоо зүй, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшлийг олгох, үндэсний биет болон биет бус соёлын өвийг суртачлан таниулах, хүүхэлдэйн урлагийн онцлог, өвөрмөц арга барилыг ашиглан “Морин хуур” хүүхэлдэйн драмыг тайзнаа амилуулсан юм. 

Дүрүүд нь модон хүүхэлдэйнүүд. Тэдгээрийн сийлбэр, дүр  нь эртний монгол хүмүүсийн төрхийг дуурайлган хийсэн байх агаад монгол үндэсний бахархал, арга билгийн хос чавхдаст морин хуур хөгжмийн үүсэл, сэтгэл хөдөлгөм түүхийг харуулжээ. 

КЛЕОПАТРА(түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг)

Монгол театр 
Найруулагч:
А.Чингүүн  
Орчуулагч:
Н.Пүрэвдагва, Э.Нямдулам
Сэдэвлэсэн зохиол:
Бернард Шоу “Цезарь Клеопатра хоёр”, Шекспир “Марк Антони Клеопатра хоёр”

Клеопатра жүжиг хувцасны зураачийн ажил, тайзны гоёмсог шийдлээрээ 2024 онд хамгийн олон үзэгчдийн театр луу татаж чадсан. Харин жүжгийн зохиолын хувьд хоёр их туурвилчийн бүтээл дундаас ургуулсан нь гол зорилгоо биелүүлж чадалгүй хазайсан талтай. Клеопатрагийн түүх Ромын мөхөлтэй шууд холбоотой ч гэлээ тухайн үеийн хүмүүсийн дотоод мөн чанар, дүрүүдийн сэтгэлзүйн онцлогыг илүүтэй ойлгож, тайзан дээр эл түүхтэй холбогдох жүжиг үзүүлэхийн тулд ядаад л Хенрик Сенкевичийн “Күо Вадис” романыг илүүтэй төнхөх ёстой байсан болов уу гэж санана. 

Ямартаа ч Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатрагийн сөргөлдөөнтэй зан чанар, домогт гоо үзэсгэлэн нь олон зууны туршид зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид, мэдээж бас зохиолч, найруулагчдын анхаарлыг татсаар ирсэн. Кино театр оршин тогтнох бүх хугацаанд домогт хатан хаанд зориулан 50 гаруй жүжигчин тоглосон байдаг. Тэдгээрийн нэгэнд монгол жүжиг, “Монгол театр” зүй ёсоор багтах болов. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав