Монголын театрын урлагийг дэлхийд сурталчилж буй Монгол Хаан жүжиг ирэх 2026 оны 9-р сарын 18, 19-ний өдрүүдэд ОХУ-н алдарт Марийнский театрт Олон улсын Номхон далайн театрын наадмыг албан ёсоор нээхээр болжээ.
Уг наадмын ерөнхий зохион байгуулагчаар Чеховын нэрэмжит олон улсын театрын наадам ажиллаж байна. Анх 1992 онд зохион байгуулагдсан уг наадам Орос улсад зохион байгуулагддаг анхны бөгөөд хамгийн том олон улсын театрын арга хэмжээ, дэлхийн хамгийн алдартай театрын форумуудын нэг юм. Уг наадам байгуулагдсанаасаа хойш гучин жилийн хугацаанд Москва болон Оросын бусад хотуудад 54 орны 600 гаруй шилдэг бүтээлийг толилуулж байжээ. Мөн наадмын хүрээнд Монгол Хаан жүжгийн баг Монголын театрын урлагийг олон улсын өрсөлдөөнт зах зээл дээр амжилттай экспортлож буй туршлагаа энэхүү наадамд оролцохоор ирсэн олон улсын уран бүтээлчидтэй хуваалцана.

Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” жүжгийн олон улсын хувилбар болох Монгол Хаан жүжиг нь 2023 онд дэлхийн нээлтээ Английн West End-н Колизеум театрт 30000 үзэгч дүүрэн маш амжилттай зохион байгуулагдсан. Үүнээс хойш олон улсын продюсерууд өндрөөр үнэлсээр буй уг бүтээл нь 2024 онд Сингапур улсын алдарт Марина Бэй Сандс-н театрт 22 удаа, 2025 онд Японы Токио болон Нагоя хотуудад 30 удаа тоглож, амжилттай зохион байгуулагдсан. Аливаа театрын жүжгийг ганц нэг тоглоод зогсох биш, олон улсад өрсөлдөхүйц бүтээл болгохын тулд олон зуун уран бүтээлчдийн хамтын хөдөлмөрөөр олон жил тасралтгүй хөгжүүлж байж амжилтанд хүрдэг гэдэг жишээ бол яах аргагүй Монгол Хаан жүжиг. Өдгөө олон улсын хамтарсан театрын төсөл болтлоо өргөжиж чадсан уг бүтээл дотоод гадаадын нийт 300,000 үзэгчдэд хүрч Монгол соёлыг дэлхийд сурталчилсаар байна.










