Нэгдүгээр хэсэг: Бэлэн хоол мэт 1984
(Жорж Оруэлийн 1984 романаас сэдэвлэн бүтээсэн найруулагч М.Батболдын ижил нэрт жүжгийн тухайд)
М.Батболд найруулагчийн тайзны уран шийдлүүдийг нь бахдаж, үзэх явцдаа тэмдэглэл хөтлөх дуртай. Эхний хэсэг дуусахад л ихэвчлэн хэд хэдэн нүүрээр тэмдэглэл хөтөлчихсөн “байдаг” сан. Гэтэл 1984 жүжгийн эхний хагас дуусчхаад байхад тэмдэглэлийн дэвтрийн минь цаас “хоосон шахам” сууж байлаа. Ердөө л “бэлэн хоол мэт” гэж толгойд орж ирсэн бодлоо тэмдэглээд орхисон төдий. Дэндүү ихийг хүлээсэндээ ч тэр байж мэднэ л дээ. Эх зохиол надад таалагддагийг ч хэлэх үү, социалист Монгол оронд амьдарч үзээгүй ч тухайн үеийн ахуй, өнөө бидэнд нөлөөлсөн байдлыг хачирхан боддогийг ч хэлэх үү, үнэхээр дэндүү ихийг хүлээсэн бололтой. Яагаад тийнхүү цоллох болсноо тайлбарлая.
Нэгдүгээрт тайзны цулгай шийдэл зарим нэг авууштай талтай ч ерөнхийдөө л таалагдсангүй. Зохиолын орчныг дүрсэлж байгаа гэх утгаараа механик ажиллагаатай тайз бүтээж, тайзны хэрэгслийг “автоматаар” хөдөлгөсөн нь авууштай. Нийгмийг далдаас удирдан чиглүүлдэг гэх санааг тайзаараа илэрхийлсэн. Гэвч ширээ, ор сэлтээ дээш татаад хураачихсан үед цэлийсэн хоосон тайзан дээр түлхэж нэг унагаад, татаж нэг босгодог сандлаас өөр юу ч үгүй болчихоор жаахан уйтгар төрөөд байлаа. Тийм тайзан дээр зогссон жүжигчинд тойрч алхахаас өөр хийх юм олдохгүй хэцүү ч байх шиг санагдана. Улаанбаатар зочид буудлын дэлгэмэл тайз нэг талаараа бүх тийшээ хандаж болох чөлөөтэй боломж юм шиг мөртөө яг үнэндээ жүжигчдэд хэн рүү хандаж тоглох вэ гэдэг тал дээр асуудал үүтгээд байх шиг. А эгнээний хүн рүү харахын тулд заавал эсрэг талын хүмүүс руу нуруугаа харуулна. Нэг хэсэг хүнд нь хандаж тоглоход бусад нь зайлшгүй “ард хоцрох” болчхоод байдаг. Дээр нь жүжигчдийн уран чадварт биш дуу, дүрсний техникт илүү түшиглэхээс аргагүй байдалтай болжээ. Мэргэжлийн театрын тайзан дээр бол микрофон эвдэрсэн ч жүжигчин үргэлжлүүлээд тоглоход эрх биш үзэгчид анхаарвал сонсох боломжтой. Гэтэл тал тал тийшээ задгай шийдэлтэй тайзан дээр жүжигчний микрофонд асуудал үүсмэгц яаж ч хичээгээд дуу хоолойгоо үзэгчдэд хүргэж чадахгүй болж байна.
Хоёрдугаарт найруулагч өөрийгөө давтаад байгаа нь хэд хэдэн хэсэг дээр илэрхий харагдсан болохоор сэтгэл дундуур хоцров. Уран бүтээлч хүн бусдыг дуурайхаас илүү өөрийгөө дуурайхаас эмээдэг дээ. Сахлаа хусаж буй Смит “Гэм Зэм” жүжиг дээр жимс хальсалж суудаг Алена Ивановна шиг харагдаад, Смитийг эрүү шүүлтэд оруулж буй О’Брайн мөн л өнөөх жүжгийн Порфирий Петрович шиг санагдаад. Теледэлгэцийн шийдэл оновчтой ч цаг үргэлж шахам дэлгэцээрээ дүрс дамжуулаад байсан учраас жүжгийн амьд халуун мэдрэмж аяндаа буурч, кино театр ч юм уу гэртээ зурагт үзэж суугаа мэт мэдрэмж төрлөө.
Дээр нь драмын урлагт төдий л танигдаагүй авьяасыг нээх түүний хүсэл эрмэлзэл энэ удаа хөсөрдөв бололтой. Хамгийн харамсалтай жишээ нь Саймын дүрд тоглосон М.Мөнхбат жүжигчин болов. Хаа нэгтээ явж байгаад гэнэтхэн тайзан дээр гараад ирсэн мэт, орчиндоо нэг л уусаж өгөхгүй тороод. Тайзан дээр хийх ёстой ажлаа гүйцэтгэсэн боловч дүр бүтээж чадсангүй. Харин Гомбын Равдан, Пиодорын Оюунчимэг гэх мэт чихэнд хоногшсон дуу хоолойг драмын урлагт урин дуудсан нь сонирхолтой чимэг. Оюунчимэг жүжигчний хүүхдэрхүү дуу хоолой Хатагтай Парсонсын өөрөө ч гадарлаагүй яваа эмгэнэлтэй, өчүүхэн хувь заяаг илэрхийлэх ч шиг.
Эхэндээ би эх зохиолоос жүжгийн зохиол гаргах ажил нэг л урагшгүй болж дээ гэж бодсон юм. Романаас шууд эшилсэн нарийн дүрслэлээр эхнээсээ л бөмбөгдөөд эхлэхэд “яагаад” гэх асуулт өөрийн эрхгүй төрөв. Жүжгийн зохиол бичих ажилд уг романы, тэр дундаа “Смит”-ын нууц л хамгийн их садаа болчхов уу даа гэж бодогдлоо. Учир нь Смит дотоод сэтгэлээ хэнд ч бүрэн илчлэх эрхгүй дүр. Смит ч гэлтгүй энэ зохиол тэр аяраа дотуур тамиртай дүрээр дүүрэн шүү дээ. Тэгэхээр тэдний сэтгэл дотор юу болж байгааг тайзан дээр илэрхийлнэ гэдэг санаснаас амаргүй ажил болж таараад, явж явж өгүүлэгчийн хүүрнэлээр л аргалсан бололтой.
Уйнстон Смит тайз тойрон гүйж баяр жаргал, гуниг цөхрөлөө илэрхийлэх нь яах аргагүй жүжгийн хамгийн оргил хэсэг. Тэгж гүйхэд нь л би өнөөх нүдэнд тороод, нэг л таалж өгөхгүй байсан дэлгэмэл тайзаа ямар ашигтай байсныг ойлгосон л доо (үгээ няцааж байгааг минь өршөөгөөрэй, гэвч тайзны ашигтай, хүндрэлтэй аль аль талыг нь бичихийг хүслээ). Сугарын Болд-Эрдэнэ жүжигчнийг Смитийн дүрд тоглоно гэхэд л яаж хувирах бол гэх бодол өөрийнх эрхгүй төрсөн. Кино дэлгэцнээ, тайзны урлагт ч нэлээд ширүүн, эршүүд, чадалтай эрийн дүрээрээ тогтоогдчихсон түүнийг Смитийн дорой, цөхрөнгүй, арга мухардсан амьдралыг хэрхэн туулах бол доо гэж бодсон юм. Нэгдүгээрт түүний биеийн хэлэмж, тэр дундаа гүйж байхдаа цаанаа л нэг лагс, дотроо ч юм уу, араасаа хүнд ачаа дүүжлүүлчихсэн мэт хөдөлж байгаа нь аятайхан. Хоёрдугаарт гуниг хурсан, цөхрөнгүй, хамгийн гол нь цаанаа л нэг “айдастай” харагдах харцных нь тэр янз байгаа оножээ. Үнэхээр л түүнийг айдас сүүдэр шиг цаг ямагт дагаж яваа шүү дээ.
Тэгэхээр чадаагүй болохоор нь биш чаддагаа л хийсэн болохоор, өөрсдөдөө байгаа “бэлэн” өгөгдлөө л ашиглаад бүтээчихсэн жүжиг шиг санагдсандаа ийн нэрлэснийг та бүхэн одоо ойлгоо биз ээ. Гэхдээ яадаг ч байсан уг жүжгийг сонгож монгол үзэгчдийн хүртээл болгож байгаа нь л надад юу юунаас илүү чухал байлаа. Учир нь 1984 зохиол олон талаараа бидний үзэж туулсан амьдралд ойр тусдаг. Яагаад тийн санагддагийг та дараагийн хэсгээс уншина буй за.
Хоёрдугаар хэсэг: Дарангуйллын гарын авлага
(Жорж Оруэллийн 1984 зохиолын гол ойлголтууд болон монголчуудын туулсан замналын тухайд)
1984 зохиолд ямар аргаар хүний эрх чөлөөг боомилж болдгийг, тоталитар дэглэм хүмүүсийг яаж хорхойтой араандаа зуудгийг хэд хэдэн жишээгээр харуулсан буй. Ой санамжийн нүх, Шинэхэл, Бэлгийн харилцааны эсрэг залуусын холбоо, Үл мэдэх бол хүч чадал, Дайн бол энх тайван, Ууршуулах зэрэг эдгээр нэр томьёог тайлбарлаад биччихвэл 1984 номын агуулгын товчлол гараад ирнэ гэхэд хилстэхгүй. Харамсалтай нь эдгээр ойлголтууд их, бага хэмжээгээр монголд бодитоор “хэрэгжиж” байсан юм. Түүнийг үзүүлэхийн тулд эдгээр нэр томьёог монголын түүхэнд тохиосон зарим нэг үйл явдлаар хачирлан тайлбарлаж байна.
Ой санамжийн нүх
Зохиолын гол баатар Смит “түүхэн явдлыг” шинээр “зохиож” бичих ажил хийдэг. Аливаа үзэл суртлыг хүний яс маханд нь шингээх хүсэлтэй бол нэн түрүүнд сайхан түүх зохиох хэрэгтэй. Уран сэтгэмжтэй, агуу, сэтгэл хөдлөм баатарлаг түүхээр олныг хошууруулахын цагт хүмүүс ахуйн элдэв хүндрэлээ умартаад “агуу” нэгэн шиг болох гэж, “агуу нэгэнд ач санаж” шүд зуун зүтгэх л болно. Ард олны өврөөс баринтагтай бурхныг нь суга татаж аваад оронд нь хувьсгалын баатрууд, аугаа зоригт ахан дүүсийн царайтай чихмэл тэврүүлчихсэн тэрхүү түүхэн цаг үеийг эргэн дурсангаа дараах сонирхолтой үлгэрийг уншицгаая.
Х.Сампилдэндэв “Орчин үеийн аман зохиол” номд
Алтан гялгар сэлэм нь
Аугаа Лениний бэлэг дээ
Ард үзэлтэй Сүхбаатар нь
Ар халхын сүлд дээ (“Д.Сүхбаатарын тухай ардын дуу”-аас)
. . . Орчин үеийн аман зохиолд гарч буй Д.Сүхбаатарын дүр нь ардын үлгэрийн сэтгэмж, дүрийн хэв шинжтэй нягт холбоотой байдаг. Түүгээр ч үл барам үлгэр туулийн өгүүлэмжийг ашиглан Сүхбаатарын тухай домог зохиогдсон нь ч бий. Тухайлбал: “Жанжин Сүх” гэдэг домогт Сүхбаатар аливаа туульсын баатрын адил “Ухаа хонгор морио унаад ид шидэт сэлмээ зүүгээд харц олноо өмөөрөх дайнд мордож сарын газрыг өдрөөр товчлон явсаар өглөөний улаан нарнаар өндөр уулын оройд амарч байтал өмнөөс нь харийн үй түмэн дайсан ирж яваа харагддаг. Ингээд жанжин Сүх тэдний өөдөөс ганцаар угтан очиж:
- Та нар одоо бууж өг. Миний түмэн цэрэг та нарыг бүсэлсэн, худлаа гэвэл хар гээд шидэт сэлмээ эргүүлэхэд түмэн цэрэг ярсхийн гарч ирсэнд дайсан бууж өгснөөр гардаг.
Энэ домогт гарч байгаа шидэт сэлэм, ухаа хонгор морины ер бусын хурдан явдал нь шидэт үлгэрийн нэг үндсэн (дүрслэгдэхүүний) шинж юм.
Сонгууль дөхлөө. Ухаа хонгор морио унаад, илбэ шидэт сэлмээ зүүгээд харц олноо өмөөрч, сарын ажлыг өдөрт нь нугалж, сааль сүүний ажилд ч хамжилцахаас сийхгүй болсон гишүүдийн цуваа айсуй. Д.Сүхбаатар монголын түүхэн зүтгэлтэн, баатар жанжин гэдэг нь үнэн ч Сүхбаатар гэх хүнийг “бодит хүн” гэхээсээ “уран сайхны дүр” болгоод тахин шүтэх хандлагыг суулгахын цаад шалтгаан нь юу вэ гэдгийг тунгааж үзвэл арай өөр дүгнэлт гарах вий.
Шинэхэл
Хүний сэтгэхүйг хязгаарлахын тулд хэрэглээний үгийг нь цөөрүүлнэ гэдэг 1984 зохиолын гоц санааны нэг. Гэхдээ шинэ юм биш л дээ. Манай улс хуучны, хоцрогдсон уйгаржин монгол бичгээ халаад латин, крилл тэргүүтэй соёлт улсын хэрэглэдэг бичиг үсгийг 1930-аад оноос өлгийдөн авах бэлтгэлээ хангажээ. Өдгөө бид зурвасаа латинаар, бусад бичгийн ажлаа криллээр хөтөлж байна. Крилл үсэг хэрэглээд эхлэхээр наанадаж л орос үсэг, орос хэл манайтай төрөл нэг аятай нүдэнд дулаахан харагдаад, ах дүүгийн ёсонд бүрнээ нийцэх мэт санагдсан биз. Нөгөөтэйгүүр олон нийтийг бичиг үсэгтэй болгоход арай дөхөм гэж сонгосон гэдэг. Үнэхээр тийм байсан эсэхийг би тааж мэдэх биш. Ямартай ч ийм хэдэн баримт байна.
С.Лочин “Монголын эртний уран зохиол” номд
. . . 1931 оны 10-р сарын 17-нд Москвад бичиг үсгийг латинчлах асуудлаар тусгай зөвлөгөөн зохион байгуулахад Буриад, Монгол, Халимаг ба БНМАУ-ын төлөөлөгчид оролцжээ. Уг зөвлөгөөн уйгур-монгол үсгийн асуудалд хуруу дүрж, хушуу нэмэрлэн “Монгол бичиг бол өдгөө үед нэгэнт цагийн хөгжлөөс хоцрогдсон” хэмээн тодорхойлоод олон улс аймаг нийтээр хэрэглэж буй интернационалын чанар бүхий латин үсгийг хэрэглэх шийдвэр гаргасан нь үнэхээр өнөөдөр бидний санаанд багтамгүй явдал ч гэлээ 1930-аад оны үед энэ нь хэн ч гайхаад баймааргүй жирийн үзэгдэл болчихсон байв аа! . . .
. . . Криллжин үсгийг авч хэрэглэх тухай шийдвэр гаргасан хурлын тогтоол энэ тэрд латин үсэг заахыг шууд зогсоож, нэг сарын дотор орос үсэг дээр үндэслэн монгол шинэ бичгийн дүрэм боловсруулахыг Ю.Цэдэнбал тэргүүтэй комисст даалгажээ. Энэ тогтоолоор цагаан толгой 35 үсэгтэй байх ба багш нарыг бэлтгэх түр сургуулийг яаравчлан бэлтгэх, зөв бичгийн дүрмийг долоо хоногийн хугацаанд бэлтгэн гаргах, 1941-1942 оны хичээлийн жилд 1-ээс 2-р ангийн бүх бага сургуульд зөвхөн шинэ үсэг, (крилл) зааж эхлэх, улс даяар крилл үсгээр албан бичиг хөтлөхийг нэг сарын дотор багтаахыг даалгаж Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар гарын үсэг зуржээ. . .
Ер нь та бусад улс үндэстний эх хэлний асуудалд хутгалдаж чадахаар болсон байвал өөрийгөө нэлээд амжилттай яваа дарангуйлагч болжээ гэж ойлгоорой. Учир нь хэл сэтгэхүй хоёр хүйн холбоотой. Хэлээ алдах мөх бол амь тавих цэг. Зөвхөн социализмын үед ч биш, хэдхэн жилийн өмнө хаяанд шахам байгаа Өвөр монголчүүдын эх хэлээрээ суралцах эрхийг бас л нэг нам засгийнхан эрхий хуруугаа долоож ирээд л няц дарчихсан шүү дээ. Дэлхий дээр ямар улс илүү хүчирхэгжинэ тэр улсын хэл бусдыгаа түрэмгийлж эхэлдэг. Одоо та ажлаасаа яаран гараад хүүхдээ англи, хятад, солонгос хэлний дугуйлангаас нь тосохоор зогсож байхдаа энэ дэлхий дээр хэн нь илүү том босс вэ гэдгийг ойлгох ч, ер түүнд баяр төрөхгүй л болов уу.
Бэлгийн харилцааны эсрэг залуусын холбоо
Том дарга болохын нэг зовлон байдаг даа. Хүн болгоныг өөрийн үгээр явуулахын тулд “юм бүхэнд” хушуу дүрэхээс өөр аргагүй болно. Сая сая хүн өөрийнхөөрөө л амьдрах гээд дургүйг чинь хүргэнэ. Тиймээс нийгмийн хэсэг бүрт зориулсан дүрэм зохионо. Тэр дүрмээ олонд үнэмшүүлж, гар хөлөө болгох хүмүүсийг олоод, тэднийг ч бас тас атгаж байхгүй бол болохгүй. Өчүүхэн хорхой хүртэл өөрийн дураар арваганахыг хүсэх атал хүний гэр бүлийн амьдрал намын үгээр явах учиртай юм гэж санасан эмгэнэлтэй цаг хугацаа бидэнд байсан юм шүү. 1984 зохиолын хамгийн хүнд хэсэг нь намын буулгад цөхөрсөн хайр сэтгэл байдаг. Түүнтэй эн тэнцэхгүй ч хосуудын салах салахгүйн асуудалд хамт олноороо хутгалдаж, хүүхэд төрүүлээгүй нь төлөө татвар авах санаачилга гаргасан мэтийн итгэмээргүй, инээдэмтэй ч гэмээр явдал манай улсад болж байсныг та дараах эшлэлээс үзэх биз ээ.
Ш.Дулмаа “Социализмын үеийн гэр бүл” номд
“1954 онд залуучуудын байгууллага санаачилж Төв аймгийн соёлын ордны жүжигчин байсан Энхтуяа, дэлгүүрийн тэргүүний худалдагч Цэрэнбалжир нарын хурим хийсэн. Энэ хоёр залуугийн хэн хэн нь ажил төрөл авьяас билгээр товойсон тэргүүний залуучууд байсан. Тийм учраас Тав аймгийн залуучуудын эвлэлийн хороо энэ хоёр залуугийн хуримыг хийлгэхээр санаачилж анх удаа залуучуудын эвлэлийн хөрөнгөөс 1000 шахам төгрөг гаргаж хамт олноороо хурим бэлтгэж, тэдэнд хамгийн дээд аз жаргал, сайн сайхныг ерөөж билээ. Гэтэл энэ хоёр, халамжийг хөсөрдүүлж, хамт олныхоо гүн итгэл найдварыг алдаж хуримынхаа утга агуулга, нэр төрийг бодолгүйгээр Энхтуяа өөрийн ханилж суусан нөхрөө хаяж хайрт үрээ өнчрүүлэн салсан байна.”
“1955 онд ‘Гэр бүлийг цаашид улам бэхжүүлэх явдлыг сайшаах зорилгоор, нөхөргүй буюу эхнэргүй, ганц бие ба хүүхэдгүй зарим хүмүүсээс татвар авах тухай’ зарлиг гаргасан билээ. Энэ чухал шийдвэрийн ач холбогдлыг нь Н.Хрушевын хэлсэн үгээр тайлбарлаж болох юм. Н.Хрушев хүүхэдгүй хүнээс татвар авч, олон хүүхэдтэй хүнд тэтгэвэр олгодгийн учрыг тайлбарлаж хэлсэн нь: ‘Яагаад хүүхэдгүй хүн татвар хураалгах ёстой юм бэ гэж зарим хүн асуудаг, ийм учиртай юм. Манайд ерөөсөө гэрлэдэггүй юм уу, эсхүл гэрлэсэн ч ямар нэг шалтгаанаар хүүхэдгүй явдаг хүмүүс бий. Гэтэл тийм хүмүүс нийгмийн дунд амьдарч, түүний хамаг баялгийг нь ашиглаж байдаг, хожим тэр хүн хөгширнө, хөдөлмөрлөх бололцоогоо алдахад хүрэхэд хэн асарч хэн хамгаалах ёстой болох вэ гэдэг асуудал гарч байна. Манай олон хүүхэдтэй гайхамшигт эхчүүдийн өсгөж бойжуулж байгаа залуучууд л тэтгэх болно шүү дээ. Тэгээд ч... олон хүүхэдтэй айлуудад тэтгэвэр олгож байх тухай санал гаргасан юм. Юунаас тэтгэврийн мөнгө гарах вэ? маргаашаа боддоггүй амьдрагч хүмүүсээс гаргуулахаар болсон юм…’
Тэргүүний нэрээ хадгалж үлдье гэвэл салах хэрэггүй, хүүхэд төрүүлэхгүй юм бол татвар төлөх хэрэгтэй гэх нь хүний сэтгэлийг хөндий техник шиг санаж, гэр бүлийн амьдралыг мал амьтны үржүүлгээс ялгалгүй үзсэн хэрэг. Энэ утгаараа зохиол дээрх “Бэлгийн харилцааны эсрэг залуусын холбоо”-той утга дөхөх мэт санагдав.
Дайн бол энх тайван
Дайны ул мөр, хор уршгийг харуусан өгүүлсэн бүтээлээр манай утга зохиолын урын сан арвин. Түүний зэрэгцээ баатарлаг, эр зоригийг магтан дуулах нь ч олонтоо. Урьд би харуусам жишээ татсан тул өдгөө илүү сонирхолтой, хөгжилтэй ч гэмээр ийм жишээг оруулъя. Бид баатарлаг ялалт, эр зоригийг хэр зэрэг бахдан биширч байсан нь үүнээс ойлгогдох биз ээ.
Ц. Сувд “Монгол хүний нэрийн сан дахь дайны ул мөр” эрдэм шинжилгээний бичвэр
Хорьдугаар зуунд болж өнгөрсөн Дэлхийн II дайнд Зөвлөлтийн улаан арми Германы фашизмыг ялсан, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд Зөвлөлт, Монголын арми Японы түрэмгийллийг бут цохисон зэрэг түүхэн үйл явдлууд манай ард түмний сэтгэл зүрхэнд гүн ул мөрөө үлдээсний баримт болсон олон хүний нэр өнөө хүртэл бидний дунд хэрэглэгдсээр байна. тухайлбал Орос, Орсоо, Сэсээр гэх мэт улс үндэстний нэр; Жуков, Суворов, Ворошилов зэрэг цэргийн жанжны нэр; Солдат, Майор, Генерал, Маршал зэрэг цэргийн албан тушаал, цол хэргэмийн нэр; Танк, Винтов, зэрэг зэвсгийн нэр; Отряд, Застав, Арми гэх зэрэг цэргийн зохион байгуулалттай холбоотой нэр монгол хүний нэрийн санд орж ирснийг баримттайгаар өгүүлэв. Бас дайны ялалтын дараа энх цаг ирсний бэлгэдэл Ялалт, Бат-Ялалт, Энх, Энхтайван гэх мэтийн олон нэр бий болсон.
Эл сонирхолтой бичвэрт дайны “гоо сайхан”-д мансуурсан бидний хэдэн монголчууд үр хүүхдээ хэрхэн нэрлэж байсныг дурджээ. Жишээлбэл:
Ороссүх, Оросхаан, Оросцэрэг, Оросхүүхэн, Сүх-Орос; СССР (Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс)- гэдэг үгнээс гаралтай Сэсээрмаа, Сэсээрбуд, Сэсээрцогт, оросоор цэрэг буюу Солдат, захирагч гэсэн утгатай Командир, Генерал, Маршал, Адмирал, цаашлаад Арми, Штаб, Фронт гэх мэт армийн зохион байгуулалт, Марш, Точка, Команд, Танк, Магазин, Гарнаад, Галаабор (калибр), Маабазар (маузер буу) гэх мэт ялгуусан нэрс өгтөл монгол хүний зүрхийг “дайны сэдэв”-ээр огшоожээ.
Үл мэдэх бол хүч чадал
Үл мэдэх ч үнэхээр хүч чадал шүү. Гэхдээ таны хүч биш л дээ. Таныг удирдаж байгаа дээдсийн л чадал юм аа даа. Мэдэхгүй байх тусам харах нүдийг тань таглаж, үнэнийг өөр нэг үнэнээр сольж чиглүүлнэ. Хүний мэдэх эрхийг хангадаг нийгмийн гол бүрэлдэхүүн бол сэтгүүл зүйл салбар. Гэтэл болсон явдлыг үнэн зөв, байгаа чигт нь бичсэн сэтгүүлчдэд намаас ийм хүнд шийтгэл оноожээ.
Г.Жамьян “Хар мөр дагуулсан ‘Гавьяа’” хэмээх нийтлэлд
1978 оны мартын 8-ны баяраар шөнийн ээлжийн ажилчид ажлаасаа буугаад автобусаар явж байтал Улсын их сургуулийн үүдний зам дээр тэдний автобусыг нэг том машин хүчтэй дайрч эргүүлээд зугтаачихсан юм. Автобус шатаж эхэлсэн. Тэр дотор явсан хориод ажилчныг 19-хөн настай залуу З.Содномжамц үүрч дүүрэн зөөж амийг нь авраад өөрөө таалал төгссөнийг л бид бичиж, зөвшөөрч, хянаж, хэвлэж, радиогоор нэвтрүүлсэн буруутай. Автобусыг дайраад зугтсан том машин нь Оросын цэргийн гурван согтуу офицер жолоодсон байлдааны машин байсанд л хэргийн гол оршиж байлаа. Эрхэм дээдсийн бодлоор бол тэр аймшигт осол аваарыг чимээгүй дарж өнгөрөөн, Монгол-Зөвлөлтийн найрамдлыг хамгаалах байж л дээ. Тухайн үе бол Оросыг шүтэн биширч, Хятадыг үзэн ядаж байсан цаг үе юм. Ядаж Хятадууд миний найрууллыг хэвлэл мэдээллийн төв хэрэгслээр хэвлэж, нэвтрүүлж, “Оросууд Улаанбаатарт цусан зам татуулж байна” гээд гал дээр тос нэмчихсэн юм билээ. Дотооддоо “эсэргүү” бидний тухай намын үүр хороодын бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, намын дээд сургуулийн хичээлийн программд оруулан “Харш үзэлтний тухай” хичээл орж байсан байгаа юм.
Ингээд л бидний 20 сэтгүүлч 1978 оны гуравдугаар сараас 1979 оны тав, зургаадугаар сар хүртэл мөрдөн мөшгөгдөж байсаар 1979 оны тавдугаар сарын 29-нд болсон намын хянан шалгах хорооны хурлаар гол хэрэгтэн гэх Ж.Дашдондог, Г.Дугар, Д.Мандшир бид дөрөв арга хэмжээ авагдаж эхэлсэн. “Толгойлогч” намайг МАХН-аас хөөж, ажлаас халан, прокурорын мэдэлд шилжүүллээ. Ж.Дашдондогийг МАХН-аас хөөхийг сануулан донгодож, ажлаас халан, МХЗЭ-ийн төв хорооны гараашид диспетчирээр, Г.Дугарыг МАХН-аас хөөхийг сануулан донгодож Орос гуравдугаар трестийн авто баазын гараашид монгол хэсгийн ахлагчаар, Д.Мандширийг цахилгааны дэд станцад слесарь-ээр ажиллуулах шийдвэр гарч билээ. Намайг Улсын ерөнхий прокурор генерал С.Бүдрагчаа аварсан. Г.Жамьянгийн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал алга гэсэн юм гэнэлээ. Одооных шиг эрх баригч намын зарц прокурор байсан бол намайг ялтан болгочих л байсан байх. Прокурор хэрэгсэхгүй болохоор намын хянан шалгах хороо өөрөө арга хэмжээ авсан. Хугацаагүйгээр нутаг заан, модны үйлдвэрт 10 жил зургаан сар хүнд хүчир хөдөлмөрт зүтгүүлж байгаа юм. 450 төгрөгөөс дээш цалин олгож болохгүй гэсэн дагалттай, нийгмийг аюулаас хамгаалахын байнгын хяналтад ажилласан даа. Иргэний эрх хязгаарлагдмал. Жишээ нь хэвлэн нийтлэх эрхгүй. Хуралд оролцож үг хэлэх эрхгүй. Эмнэлэгт хэвтэхэд хүртэл шалгана. Хаана явна, байнгын нэг хүн дагаастай, ийм нөхцөлд идэр залуу насаа үднэ гэдэг харамсалтай л юм билээ. 43-54 нас гэдэг бол эр хүний ид бүтээж туурвидаг, хийсэн хөдөлмөрөө дүгнүүлдэг, сайхан үе шүү дээ. Тэхэд би хөлдүү хар модтой л ноцолдож байлаа даа.
Биднийг жил гаруй мөрдөж байцаасан. Бүгдийг л адилхан байцаасан гэдэг юм. Намайг Намын төв хорооны ажилтан Дондов, Намын хянан шалгах хорооны ажилтан Жаал хоёр байцааж байсан. Гол нь “ямар санаа зорилготой Монгол-Зөвлөлтийн найрамдлын эсрэг зүйл бичсэн бэ?” л гэнэ. “Хэний даалгавраар, хэнд үйлчилсэн бэ?” ч гэнэ. Асуулт хариултыг бичихийн зэрэгцээ дуу хураагуурт бичиж авна. Өрөө тасалгааг маань нэгждэг байсан юм билээ. Би нэг удаа сэжиглээд ширээнийхээ нүд болгонд тэмдэг хийсэн. Өглөө ажилдаа ирэхэд тэр тэмдэг хөдөлсөн байдаг байлаа.
Үүн дээр нэмж олон юм нуршаад яах билээ? “Эрх чөлөө гэдэг хоёр хоёрын дөрөв гэж хэлж болохыг хэлнэ. Үүнийг хүлээн зөвшөөрөх л юм бол бусад нь үүнээс үүдэн бий болно” гэх Смитийн тэмдэглэлийг л хавсаргая даа.
Ууршуулах
Энэ ойлголтыг Монголын түүхэн явдалтай холбон тайлбарлахаас би шуудхан татгалзаж байна. Учир нь “Хэлмэгдүүлэлт” гэдэг миний хутгалдаж, мэдэмхийрэх учиргүй сэдэв. Олон хүний хувьд хөндүүр сэдэв тул ингээд үгээ төгсгөхийг минь болгооно биз ээ.
Утга зохиол судлаач Ө.Сумъяа