Театрын бусдаас ялгардаг гол онцлог бол “амьд” хэмээх эл үгэнд оршино. Амьдралын урсгал дундаас барьж авсан онцгой агшныг мөнхлөн үлдээдэг чанараараа уран зураг, уран зохиол, хөгжим гээд урлаг өөрөө эл үгээс хамаарч агуулга, цар хүрээгээ тэлдэг болов уу. Түүнээс гадна орчин гэж зүйл бий. Театрын орчинд жүжиг үзэж, дүрүүд тайзнаа гарахаас өмнө үзэгчид суудалд тухлах үеэсээ тухайн жүжигт оролцож, дүрүүдтэй нь хамт оршиж, амьдарч эхэлдэг гэж сэтгэнэм. Тэд зөвхөн оюуны цангаагаа тайлах гэж бус театрт орших гэж ирдэг болохыг Орфей театрын бүтээл “Амьдрахуй” жүжгийн нэлээд хэдэн тоглолтын турш ажигласан билээ. 

Техник технологийн боломж хязгааргүй болсон өнөө цагт тайз, дэлгэцийн бүтээлийг ямар ч арга, дүр дүрслэл, хэлбэр янз, уран сайхнаар шийдэж болно. Тайзыг ч тэр ялгаагүй. Гол нь тайз бол дүрүүдийн ахуй, жүжгийн ертөнц. Тиймээс үүнийг өгүүлэмжээс хэтийдүүлж болохгүй. М.Батболд найруулагч “Фауст” жүжгээр дуулиан тарих үедээ технологийн аргачлалыг ухаалгаар хэрэгжүүлж, голограммыг жүжигтээ өргөн ашиглаж, тэр бүү хэл жүжгийн дүрийг технологиор орлуулж байв. Түүнээс хойших жүжгүүд болох “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” зэрэг жүжгүүд хоорондоо тайзны минималист шийдлээрээ харгалддаг. Тайзны голд нэг том “дөрвөлжин” зүйл бий. Тэр нь дүрүүдийн гэр орон, хотын гудамж талбай, уушийн газар, хуримлах сүм, амьдрал хэмээх шатрын хөлөг хүртэл болчихно. “Амьдрахуй” жүжгийн тайзны хар дөрвөлжингүүд яг л шатрын хөлөг шиг агаад харин түүн дээрх хүү, бэрс, ноёд бүр өөр өөрийн хувь тавилангийн нүүдлээр урагшилж, бусдад идүүлж, гэхдээ тухайн өрөгөөс хөөгдөлгүй ахин босож, тэмцэж эцэстээ найруулагч, үзэгч хоёрын эн тэнцүү ялалтаар “амьд” тоглолт өндөрлөх мэт.

Найруулагч М.Батболд хэд хэдэн ярилцлагадаа “Амьдрахуй” жүжгийг лаборатори театрын найруулгын арга зүйгээр үзэгчдэд хүргэж буйгаа дурдсан. Театрын онолч К.Станиславскийн бүтээсэн системийн салаа “мөчир” болох эл аргачлалыг онолын хувьд Ёжи Гротовски бүрэн боловсруулсан агаад уг театрт үргэлж шинийг туршдаг. Энэ нь зөвхөн жүжгийн бэлтгэлийн явцад бус жүжиг үзэгчдэд хүрч, тоглож буй явцад хүртэл найруулагч, жүжигчид зэрэг тухайн бүтээлд оролцож буй хүн нэг бүр өөрсдийн бүтээсэн жүжгийн өмнөх туршлагад үндэслэн цоо шинэ хувилбаруудыг гаргана гэсэн үг. Ийм театрт үзэгч нь тухайн жүжигт идэвхтэй оролцдог, найруулагч үзэгчдээ татан оруулдаг, тэдгээрийг үйлдэл хийхэд хүргэдэг байх ёстой. Яг л “Гэм зэм” жүжигт хүрэлцэн ирсэн бүх үзэгчид Раскольниковын гэмт хэргийн талаарх сонинг уншиж, жүжиг эхлэлийн өмнө шүүх танхимыг хүндэтгэн бүгд босдогтой адилхан. Тэгэхээр найруулагч М.Батболд өөрийн тодорхойлсон театрыг бүтээж чадсан уу гэвэл “Тийм”. 

“Амьдрахуй” жүжиг нээгдсэн цагаасаа эхлэн дөрвөн ч удаагийн тоглолт хоорондоо эрс өөр шугам, дүрүүд, дурсамж доторх цаг хугацааны эргэлтүүдээр солигдож, баяжсан билээ. Эхний өдрийн тайз дээр бид сумангийн даргын дүрийг үзэж, дайны үеийн нөхцөл байдалд хөл тавьж, гранатыг орлосон том хар бөмбөлгүүд үзэгчдийн суудал чиглэн ирэхэд яг л дайнд оролцож байгаа аятай гэнэтийн үзэгдэлд сандран үймэлдсэн бол дараагийн өдрийн тоглолт дээр энэ бүхэн огтоос байгаагүйгээр жүжиг үргэлжилнэ. Туршилтын үеэр шинэ боломж, нөхцөл бий болж найруулагчийн өрөг өөрчлөгдөх бүрд зохиолын дүрүүд ч, жүжгийн баг бүхэлдээ тойрог дотроо хэд хэдэн удаа асар их хөдөлгөөнд орж байв. Харин энэ удаад шинэчлэн дэглэсэн “Амьдрахуй” жүжгийг драм бус постдрам хэмээн тодотгожээ. Ийнхүү жанр өөрчлөгдөж, постдрам руу дахин шилжсэн тул найруулагч үзэл санаагаа хадгалахын тулд зоримог өөрчлөлтүүдийг хийж, жүжгийн олон үзэгдэл, дүрүүдийн текстийг тайрч орхив. Гэвч гол үзэл санаа болох хүлцэхүйн томьёолол, түүнийг голлон илэрхийлэх, нуруундаа тээж яваа дүрийн илэрхийлэмж хөндөгдөж, баларсангүй гэдгийг тодотгоё. 

М.Батболдын ургуулсан ХҮН төвт үзэл санааны асуултууд

“Орфей” театр, найруулагч М.Батболд бүтээл бүртээ хүн төвт үзэл санааны асуудлыг хөнддөг. Үүнээс урган гарсан асуултууд ямагт эхэнд тавигдаж, түүний хариултыг олохоос үүдэж жүжгийн үйл явдлыг тайзан дээр өрнө. “Антропоцентризм буюу хүн төвт үзэл”-ийн чиг хандлага нь өргөмжлөн дээдлэх, хайрлан энэрэх, ариусган гэгээрүүлэх гэж судлаач П.Батхуяг үзжээ. 

“Хүн төв үзлийн гол цэг нь ХҮН юм. Харин түүнийг бүрдүүлэгч олонлог цэгүүд нь “ХҮНИЙ ОРШИХУЙН” асуудлууд болдог”1

Мэдээж жүжгийн зохиолоос хамааран үзэл санааны хувьд асуудал өөр байж болох ч М.Батболдын ихэнх жүжигт ХҮН гэх хувь оршихуйг тойрсон, эсвээс түүний дотор луу хавсан, тэндээс мөн чанарын хамгийн чухлыг нэхсэн үзэл санааны асуултууд ургадаг.  Эдгээр нь ямагт тухайн хүний болоод амьдралын хамгийн гол утга, учрыг эрж хайсан, зөрчлийн явцад нягтлан шинжилж, дүрийн сэтгэлзүйгээр задлан жүжгийн төгсгөлд хайснаа олж дуусдаг. Гол бүтээлүүд дээр нь жишээ аваад үзье л дээ. 

  “ФАУСТ” (постдрам)
Асуулт: “Аз жаргалын томьёолол гэж юу вэ?”
Харилут: Хүн, хайр. 

“ГЭМ ЗЭМ” (постдрам)
Асуулт: “Хүн нэг амьдралд хоёр дахиа төрөх боломжтой юу?”
Хариулт: Хүн оюун санаандаа дахин төрдөг.
 

“ОПАЛ” (саркастик мелодрам)
Асуулт: “Хүнлэг сэтгэл, хайр гэж юу вэ?”
Хариулт: Хүнийг байгаа чигээр нь, сайнтай, муутай нь хүлээн зөвшөөрөх.  

  “АМЬДРАХУЙ”(постдрам)
Асуулт: “Хүний оршихуйн мөн чанар юу вэ?”
Хариулт: Уучлах, хүлцэх. 

Найруулагчийн бүтээлүүддээ тавьсан үзэл санааны асуулт, хариултуудыг ийнхүү зураглаж болно. Мэдээж үзэгч бүр өөр, өөрийн бодол санаа, мэдрэмжид тулгуурлах нь зүй ёсны боловч дээрх томьёолол жин дарах болов уу. Зарим бүтээлээ тайзанд амьдруулахын өмнө найруулагч үзэгчдэд асуулт тавих нь ч бий. Үүнээс харахад хүн төвт үзэл санаанаас гол цэгийг тойрсон оршихуйн асуултуудаас гарах хариулт бүр бусдыг хүлээн зөвшөөрөх, хүнлэг, ууч сэтгэлийн шугам дээр давхцаж байна. Ямар асуудлыг голчлон барьж, түүнийгээ дүрийн сэтгэлзүйгээр задалж, хүний амьдралын үйлд ончроон хүлж, ямар үзэл санааг үзэгчдэд хүртээх вэ гэдгийг нэн түрүүнд бодож, тунгаадаг чанар бүтээлүүдээс нь ямагт үзэгддэг. Тэгэхээр энд үүдэл санааны асуудал хөндөгдөнө. Тэрхүү үүдэл санаа нь М.Батболдын хувьд нийгэм, тэдгээрийг бүрдүүлэгч оюун ухаант, хүн төвт үзэл санаа, хүний өөрөөсөө эрэх түгээмэл болоод мөнхийн асуултууд, үүнд голчлон бүдэрдэг эмзэглэлээс эхлэлтэй гэж дүгнэж болно. 

Найруулагч Бирваагийн Мөнхдорж “Үүдэл санаа гэдэг бол найруулагчийн оюун санаанд эмзэглэлээр бий болсон бас нэг жүжиг юм” хэмээжээ. Тэрхүү үүдэл санаа амьдралын мөн чанарыг төнхсөн гол асуултаар эхэлж найруулагчийн эмзэглэлээс ургуулсан үзэл санааны тодотгол дүрээр илрэн хариултаа үзэгчдэд бүрэн дүүрэн хүртээсэн жүжиг бол “Амьдрахуй”.

Хүлцэхүйн дүрүүд

“Амьдрахуй” жүжгийн эхний үзвэр нэлээдгүй урт агаад үйл явдал, дүрүүдийн үзэл санааны зөрчил, үзэгдэл шилжихэд он цагийн хувьд дурсамжид өрнөх үйл явдлыг хөвөрдөн хүүрнэх зэргээс шалтгаалан сунжирсаар эцэстээ аль дүр нь оршихуйн хүлцэхүйг үзэгчдэд нээн үзүүлж, бүхнийг тэвчин уучилж, хаана нь гол зөрчил өрнөж, дуусаж байгаа нь тодорхойгүй байв. Эх зохиолын шугаман хүүрнэлийг эвдсэн нь тун ойлгомжгүй байдлыг бий болгосон байх талтай. Гэвч жүжиг найруулгаас хамаарах учраас зөвхөн эл дүгнэлтийг сөргүүлэн тавих нь магад зохисгүй. Гол нь цаг хугацааны дараалал алдагдаж, үйл явдал энд тэндээ орох тусам гол дүрийн туулж буй амьдралын зовлон, зүдгүүр тэр чинээгээр бүдгэрч байгаа юм. Фу Гүйн дүр бүдгэрэх тусам Жя Жэний дүрийг илүү товойлгох гэж оролдовч дахин тасархай үйл явдлын баатрууд урган амилж, коммунизмын үзэл санаа давамгайлах тусам мөнөөх драм гэр бүлийн эсвээс улс төрийн алин болоход эргэлзэж үзэгчид төөрөлдөж орхисон хэрэг. 

Харин дөнгөж саяхан нээлтээ хийсэн “Амьдрахуй” постдрамын жүжигт эдгээр алдааг найруулагч алгасаж алхжээ. Зохиолч Мө.Батбаяр, найруулагч М.Батболд нарын тайзнаа босгосон гол дүр нь үнэндээ Фу Гүй боловч “хүлцэхүй”-г илэрхийлсэн дүрүүд нь Жя Жэн, Ван Ши байв. Жя Жэн нөхрийнхөө алдаа эндэл бүхнийг уучилж, бяцхан хүүгээ үхсэнийг мэдэвч Фу Гүйг зовоохгүй гэсэндээ энэлэнгээ дотроо оршоож, хүүгийнхээ сургийг гаргахаар хот руу яваад удахад нь хүртэл итгэл найдвар, хүлцэх сэтгэлээ оршихуйн зовлонд дунд живүүлсэнгүй. 

Жүжиг ерөнхий хоёр бүлгээс бүрдэнэ.Эхний бүлэгт хүү Ёу Чин тосгоны захирагчийн эхнэрт цусаа хандивлаж, нөгөөтээгүүр эмчийн хэт их цус авсан алдаанаас үүдэж амьсгал хураах бол хоёрдугаар бүлэг Фэн Шя охин нь төрөхийн хүндрэлээр өөд болно. Найруулагч энэ удаад постдрамаа ердөө л хоёр үхэл дээр тулгуурлан бүтээж Жя Жэн болон Ван Ши нарын хайртай хүмүүсийнхээ үхлийг хүлцэн, оршихуйн мөн чанарыг ухаарч буй өгүүлэмж дээр гол драматургаа босгож, жүжгийн үзэл санаагаа тус дүрүүдийн хэлэх текст дотор багтаажээ. 

Өмнөх тавилтууд дээр улс төрийн хэсгүүд тодорхой үүрэг бүдэг байсан бол энэ удаад ган төмөр хайлуулалтын хэсэг Жя Жэний дүртэй нягт холбоотой болох нь илүү ойлгомжтой болно. Түүний өвчин эдгээр хүнд жилүүд, сөхөрч унатлаа хувьсгалын үйл хэрэгт зүтгэсэнтэй харгалддаг. Амьдралын хүнд хэцүү, хагацлын дундуур өөрийнхөө зовлонг ч хүлцэж буй “бэлгэдэлт” чанарыг давхар шингээсэн нь тус дүрийг илүүтэй “ойлгох” боломжийг үзэгчдэд нээж өгчээ. 

Жя Жэний дүрийг МУГЖ Д.Ганцэцэг хүмүүсийг уйлж, биширтэл урласан талаар олон үзэгчид ам уралдан шагшиж, магтсан билээ. Хадам аав нь түүнийг бэл бэнчин, хөрөнгө мөнгөтэй амьдрах л хамгийн чухал хэмээн сэнхрүүлэхийг оролдоход Жя Жэн “Түлээ, будаа, давс, цай л амьдрал. Түлээ бол галын эх ундарга. Гал бол амьдралын илч дулаан. Будаа өлсөж үхэхээс хамгаална. Намар хураах будаа хавар тарьсан итгэл найдвар. Давс, тос амьдралын амт. Амьдрал амттай байх ёстой. Энэ л хангалттай” хэмээн хариулдаг. Тэр хэцүү бэрх амьдралаа ингэж хүлцжээ. Зохиолч Мө.Батбаярын бичсэн дүрийн эдгээр үгс бол дүрээ хүлцэхүйн тойрогт анхнаас нь биежүүлэн дүрсэлсэн уран санаа юм. Нөгөөтээгүүр дүрийн амьдрал амттай байх ёстой гэх итгэл үнэмшил, сонгосон амьдралдаа хэзээ ч бурууг тохоогүй жаргалтай эхнэрийн дүр үзэгчдийн тархинд “код”-логдчихоод байгаа тул МУГЖ Д.Ганцэцэгийн жүжиглэлт “мундаг” байгаа хэрэг. Найруулагч үзэгчдийг жүжигтээ сэтгэлзүйн үүднээс ийнхүү хамааруулж, амьд театрынхаа нэг хэсэг нь болгож байна шүү дээ. Үүнээс гадна МУГЖ Д.Ганцэцэг дүрээ үг ярианаас гадна хөдөлгөөнөөр амьдруулж чадсан нь гарцаагүй.

“Зөвхөн үг яриагаар бүхнийг илэрхийл чадахгүй учраас үзэгчдийг үйл явдлын гүн тийш хөтөлж, баатруудын дотоод сэтгэлд болж буйг хүргэхийн тулд тайзан дээрх хөдөлгөөнийг удирдан жолоодох хэрэгтэй болдог”2

Эхний бүлгийн сүүлчийн үзэгдэлд хүүгээ алдсан Фу Гүй, Жя Жэн нарын монолог голлоно. Яг энэ хэсэгт Д.Ганцэцэг жүжигчин гаргаад хэлчихэж чадахгүй байгаа шаналлаа зөвхөн үг яриа бус биеийн хөдөлгөөнөөр удирдан чиглүүлж, үзэгчдийг дүрийнхээ дотоод сэтгэл дэх гашуудал, тэндээс гарч буй нясуун нулимс руу хөтлөн оруулж чадсаныг онцлон тэмдэглүүштэй. 

“Дүрээ илэрхийлэхийн амжилт нь чинхүү мөн чанараа олохын төлөөх хичээл зүтгэлээр илэрнэ”3

Эндээс нэг зүйлийг онцгойлон авч үзье л дээ. Дүрээ амжилттай илэрхийлэхийн тулд мөн чанараа олох... Үүнийг дүрийнхээ мөн чанарыг олохтой зүйрлүүлж болох. Түүгээр үл барам найруулагчийн үзэл санааны үүдлийг анхааран чухалчлах жүжигчний мэдрэмжтэй нийтгэж ч болно. Энэ нь Д.Ганцэцэгийн хүнд бэрхийг тэвчих гэнэн ч гэмээр жаргалтай яриа, цоргисон гүн харцнаас нь мэдрэгдэх зовнил, зөрчил, үйл явдлын эргэлт бүр дээр чадамгай хувирч буй тоглолтуудаас нь харагдаж байна.

Харин одоо хоёрдугаар бүлэгт дахин нэг хүлцэхүйг илэрхийлсэн Ван Шигийн талаар өгүүлье. Жүжигчин Д.Мөнхтөмөрийн дүр текстээ жүжгийн бодит үйл явдал дээр гэхээс илүүтэй бодол дотроо өгүүлдэг. Түүний бодол дотор хэлэгдэж буй үгсийг үзэгчид ихэнхдээ сонсоно. Тухайн үед бусад дүрүүд хөдөлгөөнгүй болж, тайзан дээрх цаг хугацаа зогсоно. Ийм нөхцөлд жүжигчнээс ахиу ур чадвар шаардах нь тодорхой. 

Жүжгийн завсарлагаан хараахан дуусаагүй хэдий ч жүжигчин тайзан дээр хэдийнэ гараад суучихсан байлаа. Тэр өөрийгөө тайзан дээр ийнхүү бэлдэж, төвлөрч байгаа нь мөнөөх лаборатори театрын бас нэгэн онцлог уу гэмээр санагдсаныг нуух юун. 

Тэрээр тайзан дээр өрнөх үйл явдал болон бодол доторх жүжгийнхээ дүрийг давхар бүтээж байв. Үйл явдал өрнөж эхлэхэд мөрөө толгойдоо хүртэл наан гилжийлгэж, тайзны цаг хугацаа зогсоход хэвийн байдалдаа орно. Ярихдаа тун тааруу түүний сэтгэлийн жинхэнэ төрхийг бодол доторх тоглолттой ийнхүү давхцуулан үзүүлсэн нь Фэн Шягийн хэлгүй, дүлий нөхцөл байдалтай нь уялдаж байх шиг... Хамгийн гол нь Ван Ши түүнийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрчээ. Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг хүлцэхийн нэр. Хүлцэнэ гэдэг угтаа хайрлахтай агаар нэг юм. Тэрээр эхнэрээ өөд болоход “Миний түүнд зориулж бүтээсэн ертөнц. Миний байшин миний сэтгэл” гэж хэлээд тайзныг тэр чигт нь хөдөлгөх шиг оршихуйг хүлцэн ухаарсан сэтгэлийн хүчээрээ Фэн Шягийн цогцостой дөрвөлжинг түрэн цаашилж, ёроолд нь өвдгөө тэврэн хэвтсэнээр тайз харанхуйлдаг. Үхлийг ч тэр хүлцэж чадсан эцсийн үгээ үзэгчдэд ийн ойлгуулдаг билээ. 

Найруулагчийн давталтууд

“1984” жүжиг Уинстон Смит шилэн бөмбөлөг бариад тайзыг тойрон гүйдэг үзэгдлийг тус бүтээлийг үзсэн хүмүүс тодорхой санаж буй болов уу. Чарингтоны мухлагаас олж авсан шилэн бөмбөлөг. Үүнийг олж авах үедээ тэр ажилчин анги буюу пролуудын захаар тэнэж явсан. Мөн “Итгэл найдвар гэж үнэхээр байдаг бол пролуудад л бий” гэх өгүүлбэрийг тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн Смитэд тэрхүү шилэн бөмбөлөг хуучин цагийн тухай ой санамж, түүхийн нэг хэсэг гэхээс илүү жинхэнэ итгэл найдвар байлаа. 

Тэгвэл “Амьдрахуй” жүжигт Жя Жэн мөн л урт дөрвөлжин тайзан дээр эргэлдэж байгаа үзэгдэл гарна. Мэдээж дүрийн хувьд нэг нь тойрон гүйж, нөгөө нь урагш амьдралыг хүнд хэцүүг сөрөн, тэнцэж ядан алхаж байна. Жя Жэний энэ хэсэг ч мөн амьдрах итгэл найдвараа огт алдаагүйг илэрхийлж буй үзэгдэл мөн. Аль, аль нь адил тайз, эргэлдэх хөдөлгөөн, гол нь дүрийн амьдрах итгэл найдвар цөм нь болно. 

Мөнхүү Лүн эрийг цаазлах хэсэг дээр олон нийт зэрэгцэн хашхиралдаж хар хайрцаг балбах, “1984” дээрх цаазын талбай дээр ч хүмүүс зэрэг зэрэг орилолдон тайзыг адилхан нүдэх үзэгдлүүд чухам л хэдхэн сарын өмнөх уран бүтээлийнх нь тавилтуудыг давтсан мэт сануулаад байсныг үгүйсгэх аргагүй. 

Мэдээж найруулагч өөрийн гэсэн онцгой арга барил, дүрүүдийнхээ эргэлт, дотоод өгүүлэмжийг таниулах аргачлалтай байдаг. Уг аргачлалыг жүжиг бүрд хэрхэн өөрөөр илэрхийлэх вэ гэдэг хамгийн чухал. Харин ямартаа ч дээрх жишээнүүдийн хувьд бол найруулагч М.Батболд яалт ч үгүй өөрийн арга барил, илэрхийллийг давтсан гэж маргамаар байгааг минь хүлцэнэ үү. 

 Урнаар сэтгэсэн алхмууд

М.Батболд найруулагчийн бүтээлүүдэд хавтгай, тэгш хэмтэй дөрвөлжин, тэгш өнцөгт дүрс бүхий эргэдэг, хөдөлгөөнт тайз давтагддаг болох талаар эхэнд өгүүлсэн. Харин энэ удаад “Амьдрахуй” жүжигт бөмбөлгүүд байв. Найруулагч уг жүжигт өөр дүрс, хэмжигдэхүүн бий болгох оролдлого, шинэ зүйл рүү шилжих мэдрэмжээ бөмбөлгөөр илэрхийлсэн шиг санагдана. Тэдгээр бөмбөлөг ер нь ямар учиртай вэ? Хоёрдугаар үзэгдлийн эхэнд Жя Жэнийг дарж унасан бөмбөлгүүд Фу Гүйн хүсэл, тачаалын илэрхийлэмж байж болох уу? Хөх дэнлүүт асрын биеэ үнэлэгч эмс тэдгээрийг Жя Жэн рүү нүүлгэж, тэрээр сөрөн тэмцдэг шүү дээ. 

Үүнээс гадна дайны хэсэг дээр уг бөмбөлгүүд сум, гранат зэрэг зэвсгийг орлон тайзнаас үзэгчид рүү нүүж, үзэгчид эрхгүй сандралдан жүжгийн дотор орно. Тэгэхээр магадгүй найруулагч уг шийдлээр дамжуулан үзэгчдийн ухамсартай бөмбөлгийн дүрсээр дамжуулан харилцаж болох эсэхийг туршсан байх магадлалтай. Ухамсарыг агуулах хүний эрхтэн ч мөн зууван дугуй дүрс. Тэгээд ч математикийн ухаанд бол бөмбөлөг нь ижил зайд орших элементүүдийн “олонлог” байдаг. Тэгэхээр оршихуйг тойрсон элдэв асуудлууд, тэдгээрт уягдаж, хүлэгдсэн ухамсар, зан чанарын илэрхийлэмжүүд ерөөс бөмбөлгөөр дамжин илэрч болохыг давхар бэлгэдэн үзүүлсэн болов уу гэж таамаглана. 

Басхүү Фэн Шя, Ёу Чи нарын үхлийн хэсэгт улаан бөмбөлөг гардаг. Хар бөмбөлгүүд дайныг, цагаан нь хүний хүсэл (хоёр утгаар), улаан бол амь, үхэл. Хүний амьдрал олон өнгөтэй шүү дээ. Фэн Шя үхэх үед түүний хэвлийгээс улаан бөмбөлөг унадаг. Тэгэхээр Ван Шигийн хүү, Фу Гүйн ач нь ч мөн эндсэн болохыг тус бөмбөлгөөр давхар шийдэж өгчээ. Ийм итгэлтэй хэлж байгаан шалтгаан нь Ёу Чигийн булшийг ч тэр хий нь гарч шалчийсан улаан бөмбөлөгөөр төлөөлүүлэн үзүүлсэнтэй холбоотой. 

Дараачийнх нь Жя Жэний үхэл. Найруулагчийн өмнөх тавилтууд дээр Жя Жэн цамцаа эвхэж тавиад тайзны голоос баруун хэсэг рүү алхан хөшигний араар ордог. Харин энэ удаад хөшгийг бүхэлд нь хаасан байх агаад түүнийг үхэх мөчид хаалганы хэртэй зай гаран хөшиг нээгдэж цаанаас нь нэлийсэн цагаан гэрэл угтан Жя Жэн түүнд уусах мэт алга болно. Энэ бол жүжгийн шийдлүүд дөрвөн удаагийн өөрчлөлтийн дараа үзэгдэл бүр нь бүрэн цогц болсны хангалттай жишээ мөн. 

Постмодерн бол үйл явдал болгоныг тусдаа хэсгүүдэд хуваасны хойно юмсыг тал талаас нь нэгтгэн тодорхой нэгэн утга санаа, зохицлыг болгож болдогт оршино. Хэдий энэ удаад үйл явдлын дарааллын цэгцтэйгээр өрсөн ч нэгээс нөгөөд шууд шилжих холбоосуудыг үгүй хийж үзэгдэл бүрт шинэ хөдөлгөөн, өгүүлэмжийн хүүрнэлийг тайзны шийдэл, гэрэлтүүлэг, хөгжим зэрэг олон талаар хөрвүүлэн бүтээж чадсан нь төрөл жанрынхаа хувьд зөвтгөл болов. 

Амьдрах эр зориг

Жүжгийн гол санаа нь Фу Гүйн төгсгөлд хэлдэг “Хүнд үхэх бус амьдрах эр зориг дутдагийг тэр шөнө би ухаарлаа” гэх зангилаанд байна. 

МУГЖ Д.Баттөмөр эл дүрийг зан чанар, сэтгэлзүйн өөрчлөлтийнх нь хувьд ч тэр гарамгай үзүүлсэн. Түүний харагдах байдал гэхээс илүүтэй тухайн дүрийг илэрхийлэх энгийн агаад зарим үед зөвхөн түүнээс л харагдах хошин аяс ч захирагчийн шоглоом, Фэн Шяг амаржихийг хүлээн сандарч зогсох эмнэлгт ч тэр аажимхан цухалзаад өнгөрөх нь тун нийцтэй. Тэрээр дүрээ үйл хөдлөл, үг хэллэгээрээ хэт дөвийлгөж, эсвээс бүдгэрүүлэлгүй амьдралын алга урвуулах эргэлтүүд дээр ч аажим аажмаар хувирган чадмаг урлажээ. Зовлон, зүдүүрийнхээ эцэст Фу Гүй зовлонгоо хүлцэн цаашид амьдрахаар зориг шулуудан өөрийнх нь үхлийн гэрчээр үзэгчдийг, эсвээс өөр нэгэн хувь тавилангийн оршихуйг сонгосноор жүжиг төгсөнө. 

Фу Гүй амьдралын эрээн, бараан олон өнгийг тууллаа. Тэр баян ч, ядуу ч байж үзэв. Гэр бүлийнхэнтэйгээ хамт хүслээ шивнэн дэнлүү хөөргөж, охиноо сайн хүнд бэр буулгаж, өвчтэй эхнэрээ үүрэн хүүгийнхээ булшийг эргэв. Мөрийтэй тоглож хамгаа алдаагүй сэн бол Лүн эрийн адил цаазын бууны ам түүний тархийг чиглэх байсан нь тодорхой. Дайн тулааныг, коммунизмыг, хайртай бүхнээ алдах хагацлыг хүндийг ч амслаа. Энэ бол ганцхан дүр дээр хэцүү, хүнд зовлонгийн ихийг асгачихсан хэрэг биш. Ерөөсөө амьдрал энэ мэт зовлон зүдүүр, хайр энэрлийн аль алинаар ээлжлэн хөвөрдөг болохын үнэнийг эргэцүүлэхэд хөтөлсөн бүтээл. Эцэст нь Фу Гүй зовлонгоо хүлцсэн учраас амьдрах эр зоригийн талаар хөндөж байгаа нь тэр юм. Театрын хөшиг хаагдаж хэсэг зуур нам гүм болов. 

“Амьдрахуй” бидэнд асуулт үлдээсэнгүй. Амьдрах эр зориг, хүлцэх чанар, итгэл найдварыг оршоов. Ийм л утгатай юм хатагтай, ноёд оо!

Гэрэл зургийг | Г.Ананд

1 П.Батхуяг “Театр шинжлэл: Цаг хугацаа, орон зайн хэл” 146 т.х , 2019 он. УБ.
2 Ё.Балдан “Тайзны хөдөлгөөнөөр дүрслэх арга ба жүжигчний дасгал” 2021 он. УБ.
3 А.И.Бураченко “Уран бүтээл шинжлэхүйн үндэс”  98 т.х , 2021 он. УБ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав