Манай цуваа Булганы бурам шиг ааш авирыг орхин цасан цагаан дайдыг зүсэн Хөвсгөл аймаг руу давхиж явна. Хотоос хөвөрсөн хатуу хучилттай зам Булганы Уньт хүрээд дуусна. Урьд нь айм­гийн төв өнгөрөөд л шороон замаар галгиулдаг байснаа мартчихжээ. Хүн гэдэг амь­тан сайхан юманд тун ч амархан дасдагийн жишээ энэ биз. Ийшээ цас их уна­жээ. Хаашаа л харна хараа гүйцэмгүй цэлгэр цагаан өнгө гялбуулна. Удахгүй яах ий­хийн зуургүй цас ханзарч, энэ цагаан тал цоохор тал болно. Уулсын бэлээс хав­рын шар ус шоржигнон бууж ирнэ. Хорвоотой хамт сэтгэл ч гэсэн санаа алдсаны да­раахь шиг уужран тавирна. Удахгүй дээ, хэдхэн хоног л байна.

Ерөнхийлөгч зам зуур Хөвсгөл аймгийн Тосонцэн­гэл сумын дөрөвдүгээр ба­гийн малчин Д.Хонинхүү гуайнд буух боллоо. Хонин­хүү гэхээр манай уншигчид шууд санаж байгаа байх. Ерөн­хийлөгчийн ээж Хонин­хүү гэж буурай байдаг. Ээ­жийнх нь амидаагийнх энд хаваржаалж байгааг зохион байгуулагчид дуулгаж л дээ. Д.Хонинхүү гуай аймгийн аварга малчин юм байна. Гаднаа хэдэн мянган мал багшраасан аархуу айл биш ч өвлийг өнтэй сайхан дав­лаа, хаваржаа ч сайхан бай­на гэсэн шиг намбайж байна. “Жирийн малчин миний гэрт Төрийн тэргүүн ороод ирсэнд долоон хүүхэд төрүүлж өсгө­сөн өрхийн тэргүүн би их би­лэгшээж байна. Манай нутагт 1968 оноос хойш төр, засгийн тэргүүн ирээгүй санагдаж байна” гэж Д.Хонинхүү гуай баярлан өгүүлж байв.

Энд санаа зовоож байгаа хэдхэн асуудал байгаа гэнэ. Тэрний нэг нь бэлчээрийн даац. 80 мянган бог бэлчээр­лэх даацтай гэж тооцоолсон газарт одоо 300 мянган бог бэлчиж байна гэхээр нут­гийнх­ны санаа зовох нь зүйн хэрэг. Булганы Дашинчилэнг гэхэд сүүлийн арваад жил энэ асуудал ээрч байгаа. Өнгөр­сөн жил Ерөнхий сайдыг Булганд очиход нутгийнхан энэ асуудлыг тавиад хариулт авч чадаагүй. Асууж, анхаа­ралд нь аваачиж өгөөч гэсэн нутгийнхны хүсэлтийг улам­жилж байж ганц муу сэтгүүлч юу гээд байгаа юм гэсэн хэг­жүүн хариу тэр зүгээс хүлээж авч арагшаа нам суусан. Бэлчээрийн асуудал бол хүний, манай гэхгүй нийтийн асуудал. Төр, засгаас бод­лого боловсруулж л байгаа байх. Өөр нэг хүндрэлтэй асуу­дал нь усан сан. Бид ху­даг усыг нэмж гаргахад дэмж­лэг хүссэн бичгээ холбогдох газруудад явуулсан. Мөн 1960-аад оны үед 320 хүүх­дийн суудлаар тооцоолж барьсан сургуулийн барилга муудаж, ачааллаа даахаа больжээ. Анги танхимын хү­рэлцээгүйгээс хүүхдүүд нэ­мэлт хичээл хийх, дугуйлан секцэд хамрагдах аргагүй байна. Сургуулийн асуудлыг маш удаан хугацаанд ярьж байгаа. Ийм учраас Ерөнхий­лөгч та болон таныг дагалдан ажиллаж байгаа хүмүүс энэ асуудлыг анхааралдаа авна уу” гэж сумын Засаг дарга хүс­сэн. Д.Хонинхүү гуайнд иймэрхүү яриа хөөрөө болс­ны хүчинд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай ойрын хуга­цаанд суманд худаг шинээр нэмж гаргахад дэмжлэг үзүү­лэхээр болов. Салбарын сайд за гэвэл ёогүй хүн боло­хоор мөдхөн энд цоо шинэ ху­даг бий болох нь дамжиггүй.

ХӨВСГӨЛ САРЛАГИЙНХАА ХӨӨВРӨӨР БРЭНД ГАРГАНА

Ерөнхийлөгч Хөвсгөлийн Мөрөн хотод ирэнгүүтээ тус аймагт дөнгөж байгуулагдаад байгаа “Иргэний тан­хим”-тай танилцлаа. Тус “Иргэний танхим” гуравдугаар сарын 14-нд анхныхаа хэлэлцүүлгийг “Төрийн албан хаагчийн манлайлал” сэдвээр хийх гэж байна. “Орон нутагт ийнхүү “Иргэний танхим” байгуулагдаж, тоо нь нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна. Бид Үндсэн хуулиараа иргэний нийгэм байгуулна гэж тунхагласан. Иргэний нийгэм гэдэг маань төр, засгийн шийдвэрт иргэний санал тусгагдаж, шийдвэр гаргах явцад иргэн өөрөө оролцох энэ хэлбэрийг хэлж байгаа юм. Тийм учраас иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэх “Иргэний танхим” туйлын чухал. Төр бодлого, шийдвэр гаргахдаа ир­гэ­нээ­рээ шахуулж, тулгуулж явдаг байдал бол иргэнлэг нийгмийн хэлбэр биш юм. Иргэний хамгийн чухал оролцоо бол шийдвэрийг гарахаас нь өмнө, га­рах явцад саналаа өгч байгаа хэл­бэр гэж Ерөнхийлөгч хэлнэ лээ.   Да­раа нь Мөрөнгийн зарим жижиг, дунд үйлдвэртэй танилцсан. Засгийн газ­раас хэрэгжүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр Хөвсгөл аймагт дажгүй хэрэгжиж байгаа бо­лолтой. Эхний очсон үйлдвэр нь 2008 онд байгуулагдсан “Жинст Мөрөн” гэ­дэг нэртэй, сарлагийн хөөврөөр сүлж­мэл бүтээгдэхүүн хийдэг газар байв. Тэднийх бүсийнхээ таван аймгаас сарлагийн хөөвөр авч, утсаа “Гоёо” компанид ээрүүлээд бүтээгдэхүүнээ Улаанбаатар болон бусад аймаг, сумдад нийлүүлдэг юм байна. Анх жил­дээ 300 ширхэг бүтээгдэхүүн хийдэг байсан бол өнөөдөр 1200-г гар­гадаг болж, борлуулалт нь 90 хувьтай.

Сарлагийн хөөвөр дулаан хад­галах чадвараараа ноолуураас 15 ху­виар илүү гэнэ.  Хөвсгөл аймаг ийнхүү хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өө­рийн гэсэн брэндийнхээ тоог энэ сал­барт бий болгохоор чармайж бай­на. Загвар, хийцээр тун боломжийн тэдгээр бүтээгдэхүүнүүдийг хүмүүс нэ­лээд худалдаж авдаг болсон аж.

Дараагийн газар “Лидер” компа­нийн ноос, ноолуур угаах үйлдвэр. Энэ үйлд­вэр бүрэн хүчин чадлаараа ажил­лаж эхэлбэл 100 ажлын байр ши­нээр бий болгоно гэсэн урамтай мэ­дээг тэд Ерөн­хийлөгчид илтгэж байна. Энэ эр­чээрээ ажиллаад байвал айм­гийн хэм­жээнд төдийгүй зэргэлдээх айм­гуу­дын ноос, ноолуурыг угааж, боловс­руулж гаргах хүчин чадал бидэнд байна. Түүхий эдийг тэр чигээр нь аль болох гадагш нь хилээр гаргахгүй орон нутагтаа боловс­руулж, нэмүү өртөг шингээн экспорт­лох нь илүү ашигтай гэж тэд ярьж байна. Эднийх орон нутгийн хөрөнгө оруулалтаар  500 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Дээрээс нь компани өө­рөө тэрбум төгрөгийн хөрөнгө оруул­сан. Ингээд л нэгэн сайхан үйлдвэр үүдээ нээчихэж. Энэ үйлдвэрийг жаа­хан дэмжээд өгвөл зөвхөн Хөвсгөл аймагт төдийгүй бүс нутагтаа ноос, ноо­луур угаах хамгийн том үйлдвэр болно гэж удирдлагууд нь бардам хэлж байна лээ.

Шүүх, прокурор, хүүхдийн цэцэр­лэг зэрэг байгууллагын үйл ажил­ла­гаатай ч хөтөлбөрийн дагуу Ерөн­хий­лөгч танилцсан. Эдний шүүх хотын нэг дүүргийн хэмжээний ачаа­лалтай ажилладаг гэдгийг тэд хэлж байсан. Хүн амынхаа тоогоор улсдаа томд тоо­цогддог газар болохоор хэрэг зөр­чил ч дагаад их гардаг нь ойл­гомжтой.

Ингээд пиг дүүрэн, пүг хийсэн ир­гэ­дийн уулзалт руу явж орлоо. Ерөн­хийлөгч үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, шударга ёс, монгол ёс заншил, иргэний нийгмийн мөн чанарын тухай сэдвүүдээр иргэдэд өөрийн баримталж буй байр суурь, явуулж буй бодлого чиглэлээ дэлгэ­рэнгүй ярьж, танхим ч нам жим чих тавин сонсов.

ХОТООС ИРЖ ТЕНДЕР АВДГАА БОЛИОЧ ЭЭ

Төрийн явдал суудал, Засгийн газрын ажил байдал, хамтарсан засгийн талаархи өөрсдийн бодол, хөдөө орон нутагт доголдож байгаа зүйлүүд гээд иргэд өргөн сэдвээр санал бодлоо илэрхийлж байна. Ерөнхийлөгч “Төр иргэн хоёр өөд өө­дөөсөө алхах ёстой. Төр нь шилэн хү­зүүгээ харуулчихаад иргэд нь араас нь гуйж гувшиж явдаг юм байж болохгүй ээ. Иргэний танхим дээрээ та нар асуудлаа чөлөөтэй ярьж бай. Орон нутгийн эрх ирэхгүй байна гэх юм. Ер нь төвд төвлөрсөн эрх буцаж ирэх­дээ хойрго байдаг. Гэхдээ энэ бол ирж яваа цаг шүү. Бүгдээрээ хэлэлцэж байж асуудлаа тавьж, тэрийгээ шийдвэрлэж амьдрах цаг болсон” гэж төрийн тэргүүн тэдэнд хэлж байна. Аймаг, сумд зарласан тендерийг хотоос ирээд авчихаад байдгаа болих хэрэгтэй. Хам хум юм хийж хаяад мөнгийг нь аваад арилдаг. Араас нь хариуцлага тооцох меха­низм байхгүй байж таарахгүй. Орон нутгийнхан өөрсдөө юмаа хийж, өөрс­дөө хариуцлагаа хүлээхийг хүсч байна. Тэрийг нь төр дэмжих ёстой гэсэн Ерөнхийлөгчийн байр суурьт иргэд талархалтай хандаж байна.

Ер нь хөдөөгийнхнөөс бүх юмыг нь очиж булаадаг жишиг тогтсон. Тен­дер бол бүр хотынхны ирж тоглодог талбар болсон. Давраад хотынхон газрын баялгийг нь, тариан талбайг нь очиж эзэлсэн. Наадмыг нь ч хотоос очоод л авчихдаг. Тэдэнд өөрсдийн бахархлыг нь эргүүлж өгөх хэрэгтэй шүү дээ. Тендер ирж авчихаад ажлаа хийх­гүй хаяад арилсан зарим нэг компанийн тухай яриа Булганд ч гарсан. Төрийн тэргүүн үүн дээр ха­туу байр суурь илэрхийлж, орон нут­гаас булааж авах биш бүтээж өгөх та­лаар ажиллахыг холбогдох газруу­дад үүрэг болгосон.

Ингээд иргэдэд микрофон шилж­лээ. Дарааллын эхэнд зогсч байсан хи­жээл насны хүн хэлж байна. Ерөн­хийлөгч өө, энэ баяр наадам ихэдлээ. Мартын найман, Валентин, ер юу юу ч гэнэв. (эрэгтэй хүн байсан юм) Нэг нь дуусахад нөгөө нь залгаж аваад л болох юм. Ингэсээр байгаад энэ ул­сад чинь ажил хийдэг хүнгүй боллоо. Ерөөсөө төрөөс тараадаг бэлэн мөн­гөө хүлээгээд л банкны үүдэнд хэв­тэж байдаг улс боллоо.  Одоо мөнгө өгөхөө болиоч ээ.

Энэ хүн “Дөл” гэдэг буудлын эз­ний аав Пүрвээ гэдэг хүн гэнээ. Хара­хаас юм үзэж нүд тайлсан, боловс­ролтой сүрхий хүн үзэгдэнэ. Гэвч Март, Валентин хоёроос болсон уу, баян хүндээ дургүй монгол зан нь хат­гасан уу, эмэгтэйчүүд голдуу шин­гэн хоолойгоор эсэргүүцэх нь тэр. Пүр­вээ гуай эргэж харснаа “За за больё доо. Энэ Хөвсгөлийн ард түмэн чинь юм хэлүүлэхээ байчихсан юм байна” гэсээр явж одов. Хөвсгө­лийн­хөн ингээд эхнээсээ л буцлаад эхэлсэн.

Дараагийн өвгөн ганцхан хүсэлт­тэй гэнэ. Ерөнхийлөгч өө, та гадаадад явахдаа энэ сайхан монгол дээл­тэйгээ явж ер нь болохгүй юу… За ингээд миний хэлэх үг гүйцээ…

Арын хүн Ванжил нэртэй. Тэрбээр стан­дарт бус Засгийн газрыг одоо больж болохгүй юу. Нэрнээсээ эх­лээд сонсголонгүй сонсогдоод хэцүү байна шүү гэчихээд мөн л явж одсон.

Дараагийн эрхэм Данаажав. Авлига хээл хахуулийн эсрэг, шу­дарга ёсны төлөөх үйл хэргийг эх­лүүлж та Монголын ард түмний өмнө гавьяа байгуулж байгаа шүү. Үүнд би баяр хүргэнэ. Харин хүний эрх гэдэг ойлголт чинь өөр хэлбэрээр гаар­чих­лаа. Ял эдлээд гараад ирсэн хүн ямар ч амьдралгүй сөхөрч унаж байна. Тэр хүнийг хэн ч ажилд авахгүй байна. Ийм хахир хатуу нийгэмд тэд яаж нийгэмших юм бэ. Энэ бол ноцтой асуудал шүү. За дээр нь хортой эм гаарлаа. Эмч нар үзлэгийн мөнгө гэдэг юм аваад хэцүү байна. Тангараг өргөсөн эмч нарыг нэг эргэж харах цаг болсон юм биш үү… Танхим нижигнэтэл алга ташиж байна.

ТАНЫГ ХАРААД УЙЛАХ ГЭЭД БАЙНА

Эрчүүдийн дараалал шувтарч анхны эмэгтэй үгээ хэлэх ээлж ир­жээ. Түүний нэр Оюунгэрэл.

Ерөнхийлөгч өө, Манай Хөвсгөл нутагт хариуцлагын тогтолцоо алдагд­лаа. Шударга ёс ус, агаар мэт ду­тагдаж байна. Үгээ хэлсэн хүнд ажлаас халагдах шийтгэл л ногддог. Одоо ардчиллын өлгий Хөвсгөл ай­магт үгээ шударгаар хэлдэг хүн байх­гүй болсон шүү. Хэлснийг нь л халаад байгаа болохоор хумигдахаас өөр арга байдаггүй юм байна. Хөвсгөл аймагт хоёр архины үйлдвэр байна. Нэг нь Цэрэнжав даргынх (Засаг дар­га), нөгөө нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргынх. Таны хоёр талд сууж байгаа хоёр хүн энэ аймгийн ард­чиллыг хумьж, амыг нь хааж, ажлаас нь халж, хийх хийхгүйг хийж байгаа шүү. Би танд хов хэлэх гэж ирлээ. Таныг хараад бүр уйлах гээд байна. Наад Цэрэнжав дарга чинь өөрөө бол тунгалаг засаглал гэж их ярьдаг. Гэвч нэдэр дээрээ Хөвсгөл аймаг хаалттай бүс болсон. Хөвсгөлийн хөгжил дээр бул хар чулуу шиг суучихаад дөнгөлж байгаа шүү… Ая яа… ёстой хай­руулын тавган дээр тавиад шарчих шиг л болсон. Иргэд нь зүгээр ч нэг алга ташсангүй. Танхим дүүрэн үү…үү…-тэй нижгэнүүлэв. Индэр дээр суугаа даргын царай хүрэнтээд ирлээ.

Дараагийн хүн Дагважав. Эмийн үнэ, стандарт бус Засгийн газар хоёр чинь биднийг зовоож байна. Бидний юмыг сорж байна. Битгий Монголын баялгийг хэдэн луйварчинд идүүлээд байгаач ээ. Арай дэндлээ шүү дээ… Ахиад л алга ташилт.

Бүрэн сумын сургуулийн захирал Б.Эрдэнэбат. Тэрбээр Ардчилсан намын гишүүн ажээ. Намын гишүүнч­лэлээсээ болж ажлаас халагдах явдал Хөвсгөлд хавтгайрсан тухай толгойтой болгон хэлж байх юм. 10 удаа шүүх хуралд орж, мөн удаа ялалт байгуулсан ч ажилдаа орж чаддаггүй гэнэ. Энэ ч арай дэндэнэ ээ. Шүүхийн шийдвэрээс давсан засаглал гэж арай баймааргүй юм. Улаан цагаан худлаа юм олны нүдэн дээр ийм ил тод хэлэхгүй байлгүй. Танхимын халуурсан хэм бууж өгөх шинж байдаггүй ээ. Улам л улайсаад байв. Тэгж байтал нэгэн залуу бүсгүй зангирсан хоолойгоор гөвж алдлаа. Гартаа дугтуй нь салбарч элэгдсэн нэгэн бичиг барьчихжээ.

Би ажил хийх чадвартай, мэргэ­жилтэй залуу хүн. Ажил өгөөч, хий гэснийг тань хийе гэж би удаа дараа хүсэлт тавьдаг. Тэгэхэд Цэрэнжав дар­га урдаас “Чиний дүү Засгийн газарт ажилладаг биз дээ. Чамд тусалдаггүй юм уу” гэж хэлсэн. Хүний баян хүнд наалддаггүй шүү дээ. Миний дүү яахав тэнд ажилладаг л байгаа биз. Энд байгаа намайг яах юм. Их сайндаа хуучин өмд гутлаа л илүүчилнэ биз. Энэ бол миний амьд­рал, би өөрийнхөө хүчээр амьдар­маар байна. Та одоо энэ бичгээ ав даа. (Ажил хүссэн өргөдөл бичүүлчихээд хэдэн жил гүйлгээд зовоочихсон бололтой) Би Ерөнхийлөгчийн дэргэд буцааж өгье. Бүсгүй индэр рүү гаран хүндэтгэлтэйгээр гардуулав. Танхим ахиад л үү…үү...

Түүний дараагийн хүн гарч ирс­нээ өндөр дуугаар “Бид монгол эхээс төрсөн болохоос намаас төрөөгүй шүү” гэв. Намын асуудал ч хурцаар та­вигдаж байна шүү. Улс төрийн на­маас иргэд залхаж эхэлсний шинж энэ биз.

БИ ТӨРДӨӨ 49 ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ. “АЛТАН ГАДАС” ОДОН АВАХ ДАЙНЫ ЮМ ХИЙЧИХСЭН БАЙХ ГЭЖ БОДОХ ЮМ

Энэ үгийг 82 настай өвгөн хэлсэн юм. Тэр хүн насаараа Мөрөнгийн ки­нотеатрт киномеханикч хийсэн хүн юм байна. Одоо наад индэр дээр чинь сууж байгаа Л.Гүндалайгаас эхлээд ах аа, намайг нэг оруулчихаач дээ гээд гүйж явсан хүүхдүүд бүгд дарга болоод явсан байна. Сайхан зантай байхдаа толгойг нь илж оруулчихаад, саар зантай байвал дух руу нь нэг нясалж буцаачихаад л байж байсан хүн. Бодоод байхаар би төрдөө нийт 49 жил ажиллажээ. Тэрний 38 жилд киномеханикч хийсэн. “Алтан гадас” одон авах хэмжээний ажил хийчихсэн болов уу гэж бодоод байх юм. Өгч бо­лох уу… Танхимд байсан бүх хүн алга ташиж дэмжсэнийг бодоход тэр шу­дарга хүсэлт тавьжээ. Элдэв гом­дол байхгүй, зүгээр л хүсэлт. Хөөр­хөн байгаа биз… Өвөөг хараад дот­роос нэг юм өгсөөд л байсан. Нүд чийг­тэж, сэтгэл хөвсөлзсөн. Энэ бол ца­гаан цайлган, ил шударга, эгэл хү­ний зам мөр шүү дээ… Түүний энгэрт удахгүй “Алтан гадас” одон гялалзана гэдэгт итгэж байна.

Дараагийн хүн харин ширүүн байна аа. Би батлахаа өгөхгүй. Яасан ч би батлахаа солихгүй за юу… Энэ хүн МАХН нь нэрээ сольж МАН болс­ныг хүлээн зөвшөөрч чадахгүй бай­гаа гишүүн бололтой. Ерөнхийлөгч улстөржсөн асуултуудад нэг ч хариу өгөөгүй. Ардчилсан намынхан нь босч ирээд л намаа ярих гэх юм. Тэр харин чихнийхээ хажуугаар сүн хийлгээд л…

Хөвсгөлийн Ардчилсан нам руу хотоос Л.Гүндалай гэдэг хүний гар их гүнзгий орж байна шүү л гэнэ. Архины цэгүүдийг цөөлмөөр байна. Хөвсгөл далайд гаднынхан ирж хирээ угаа­гаад сүйтгэж байна. Манай нутагт урамддаг буга, хошгирдог тарвага байхгүй боллоо. Энд дандаа хотын баячууд жуулчны бааз байгуулж байна. Иргэд бидэнд алга дарам газар өгөөч ээ… Долдугаар сарын 1 бол ард тү­мэн ядраад л боссон явдал шүү. Энэ Засгийн газрын хэдэн залууг чинь их л идэж ууж байна гэж ярих юм. Ахиад ингэж ард түмнийг бос­гоход хүргэж болохгүй шүү. Монгол орныг архинаас салгах уриалгыг тань бид дэмжиж байгаа. Ерөнхийлөгч минь та ард түмнийхээ дунд энэ хэвээрээ яваарай. Битгий биднээсээ тасраарай даа… Энэ бол иргэдийн үгс. Ингээд уулзалт өндөрлөж Засаг дарга Цэрэнжав хаалтын үг хэлэв. Би Хөвсгөлд юм хийнэ ээ. Энд миний нэр үлдэх болно. Түүний үг ердөө энэ. Хөвсгөл нутгийнхаа төлөө ажиллана. Нэрээ үлдээнэ, мөрөө сийлнэ. Та бүхэн санаа зовох хэрэггүй гэсэн утга. Цэрэнжав дарга бол өмнө нь УИХ-ын гишүүн байсан хүн. Хувь хүнийхээ хувьд тулхтай хүн шиг харагдсан. Нэгэнт товчхон тодорхой ам өгч байгаа болохоор нутаг орныхон нь ойлгож, дэмжиж, хамтарч ажиллах биз ээ.

Хөвсгөлийнхний уулзалт гал дээр даргилж байгаа цай шиг буцалсан уур амьс­гал дунд ийнхүү өндөрлөв. Да­раагийн очих газар Хатгал сум. Ерөн­хий­лөгчийг Хатгал суманд ажил­лаж байх үед Японд болсон аймшигт явд­лын тухай мэдээ ирсэн. Нуурын эр­гийн тачигнасан жавар хацар алгад­сан хүйтэн өглөө Монгол Улсын Ерөн­хийлөгч Японы ард түмэнд хандсан эмгэнэлээ илгээж, япон­чуудад тус­лахыг иргэдээсээ уриал­лаа.

Монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. Ард­чилсан нийгэм, зах зээлийн эдийн зас­гийн тогтолцоо руу шилжих шил­жил­тийн хүнд он жилүүдэд Японы ард тү­мэн монголчуудад хамгийн өгөө­мөр тусламжийн гараа сунган тусалж байсан, одоо ч тусалсаар байгаа ард түмэн билээ. 

Япон улсад байгалийн гамшгийн улмаас учирсан энэхүү хүнд гарз хохирлыг Японы ард түмэн сэтгэлийн тэнхээтэй туулна гэдэгт Монголын ард түмэн итгэлтэй байна. Бид Японы ард түмэнд бүхий л чадах зүйлсээрээ туслах цаг ирлээ. Танд байгаа сэтгэлийн өчүүхэн ч гэсэн хандив Японы ард түмэнд энэ хүнд үеийг даван туулахад багадахгүй юм шүү. Иймээс Японы ард түмэнд болон тус улсад амьдарч байгаа мон­голчууддаа бүгдээрээ тусалцгаая…

Энэхүү аймшигт мэдээ өөрийн эрхгүй бүгдийг маань хямраав. Дор бүрнээ Бурхан минь Япон орныг ивээгээч… гэж сэтгэлдээ залбирсаар буцаж явлаа…

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав