Хүрээ цам - Даншиг наадмыг анх 2015 онд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан бурханы шашны сүм хийд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан билээ. Ийнхүү тус наадмыг цаашид жил болгон тасралгүй явуулах болсон юм. Даншиг наадам нь манай үндэстний чухал соёлын өвийг агуулсан байдгаас гадна шашны зан үйл, өв уламжлалыг хадгалж, хойч үедээ улируулан таниулах чухал ач холбогдолтой.

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог тус наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, Балин тосон урлалын тэмцээн болдог. Үүнээс гадна Даншгийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Соёмбот туг залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын үйл ажиллагааг тус наадмаас харах боломжтой. 

ОВИРВААНЬ БУРХНЫГ ЗАЛАХ ЁСЛОЛ

Энэ жилийн Даншиг наадмыг 400 - гаад жуулчин үзэж сонирхсон гэх албан ёсны мэдээлэл бий. Үзэгчид болон жуулчдын сонирхлыг ихээр татдаг зүйлсийн нэг нь индранил эрдэнийн өнгөт хөхөмдөг, лагшин төгөлдөр Очирваань бурхныг залах үйл явдал байв. Уг Очирваань бурхныг Их хүрээний Тойсамлин аймгийн бурхан урлаач Цэндийн удирдлагаар Их хүрээний урчууд зээгт наамлын аргаар бүтээжээ. Үүнээс гадна хэсэг тус бүрийг нь торго, хоргой, сүлжмэл зээг, алтан утсаар урлан ерөнхий зургийн дагуу угсарсан байна. 

ЦАМ ХАРАЙХ

Мөн үзэгч, жуулчдын харахыг зорьж очдог зүйлсийн нэг нь цам харайх буюу цамын бүжиг. Цам харайх ёслол эхлэхийн өмнө асрын хойморт Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж, хичээнгүй зүтгэлт, Хамба Номун хан, Хансүр Д.Чойжамц нар заларсан байлаа. 

Цам нь энгийн нэг бүжиг төдий зүйл биш гүнзгий бясалгал, нууц тарнийн нарийн зан үйл юм. Харин цам гэдэг нь “чам” буюу “үсэрч, харайх” гэсэн утгатай төвд үг. 

Амьтан бүгд орчлонгийн зовлонт балчиг шавраас харайн гарч гэтлэхийг бэлгэдэн ихэвчлэн үсэрч, харайх хөдөлгөөн хийдэг тул ийн нэрлэсэн байна. Цамын баг ширүүн, догшин төрхтэй байдаг нь бурхадын дүр юм. Учир нь бидний дотор муу сэтгэлүүд байдаг агаад дотогш орж хүнийг эзэмдэн байдаг учраас түүнийг даран сөнөөхийг бэлгэдэн догшин дүр үзүүлдэг байна. Мөн цам харайж дууссаны дараа сорын балин гаргаж байгаа нь гадна талын дайсан хэн нэгнийг хөөж, хөнөөх бус гагц дотоод сэтгэлийн дайсан, бидэнд ил болж мэдэгдэггүй ч биднийг эзэмдэн байдаг муу сэтгэл, буруу авьяасыг үгүй хийж буй зан үйл аж. 

Цам нь үзсэн хүмүүний сүсгийг татаж нүгэлт нарыг зүрхшүүлэн сүрдүүлдэг аж. Цам нь бурхны шашны бага таван ухааны нэг бүжиглэлийн ухаанд багтана. Мөн нууц тарни буюу очирт хөлгөний анхааран авлага болно. Амарлингуй, дэлгэрэнгүй, эрхэндээ хураагч, хатуу үйлүүдээс хатуу үйлдээ хамаарна.

Гандантэгчэнлин хийдийн Ловон лам Д.Авидынгэрэл цамын гол гом бясалгалыг даан үйлдэж, сор жахар заллаа.Цамын турш ловон лам ойролцоох асарт залран уншлага заслын зан үйлийг хариуцан заслын номыг уншина. Цам харайж төгсгөлийн цам болох үед лянгыг шатааж засал гүрмийн зан үйл эхэлдэг. Хурлыг даасан лам сорыг залж, балингаа шатааж, сахиусны хүрдийг бясалган үйлддэг. Ийнхүү шашны зүгээс муу бүхнийг галд шатаах нь гадаад харшлах муу гэхээс илүүтэй дотоод сэтгэлийн нисванис муу бүгдийг галд шатааж, номын ёсоор засч буй зан үйл юм.

Өнгөрсөн XX дугаар зууны эхэнд Улаанбаатар хотыг Богдын хүрээ, Да хүрээ гэх мэтээр нэрлэдэг байв. Тэр үед Монголын бурхны шашны Агваан нэртэй таван зүтгэлтэн Да хүрээнд байжээ. Тэдгээрийн нэг болох Их Хүрээний хамба номун Жидарын аймгийн Агваанлувсанхайдавын зохиосон “Дансран жамцын гарчам” гэх номоос “Хүрээ цам”-ыг гаргаж ирсэн удаатай. Тэгэхдээ Да хүрээний уур амьсгалд нийцүүлж, үндэсний хувцасны ур хийцийг шингээж, дөрвөн уулын савдаг оруулж өгснөөрөө бусад газрын цамаас ялгаатай байдаг. 

Манай улсаас гадна Их хөлгөний шашин, түүн дундаа тарнийн ёс дэлгэрсэн Бутан, Непал, Буриадад цамын ёслолыг үйлддэг байна. 

ДАНШИГ НААДАМД ХАЛХ, ӨВӨРМОНГОЛ, БУРИАД БӨХЧҮҮД ЗОДОГЛОДОГ

Хүрээ цам - Даншиг наадам нь монгол туургатны бөхчүүд ирж үндэсний болон, буриад, өвөрмонгол бөхийн төрлөөр барилддаг онцлогтой. 

Энэ удаа Өвөрмонголоос 18 бөх их Даншиг наадамд зодоглолоо. Тэд сүүлийн жилүүдэд манай бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа тухайгаа ч ярьж байв.  Өвөрмонгол бөхчүүд үндэсний болон, өвөрмонгол бөхийн төрөлд барилдсан юм. Өвөрмонгол бөх, халх бөх, буриад бөхийн барилдаан нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татдаг билээ.

Үүнээс үүдэж  монгол бөхийн үүсэл хөгжлийг эртнээс нь авч үзвэл дайн байлдаанд оролцож буй цэрэг эрсийн байлдааны төрлийн гардан тулаанаас үүсэлтэй гэж үздэг. Цэрэг эрс  дайн тулаанд  зориулалтын зодог шуудаг авч явах боломжгүй тул дээлээ тайлан, хуягаа нөмгөн нөмөрч барилддаг байжээ. Энэ бүхэн нь өвөрмонгол бөхийн барилдаанд илүүтэй хадгалагдаж үлджээ.

Учир нь өвөрмонголын бөхийн өмсгөл нь үхрийн ширэн зодог байдаг бөгөөд  4-5 кг жинтэй. Басхүү өмсгөлд нь өвдгөвч, зодог, гутал, зангиа зэрэг ордог. 

Өвөрмонгол бөх түрүүлсэн бөхдөө зангиа буюу уяа нэмж зүүнэ. Дэвээ нь зогдор, үс нь унжиж, эр бяр нь ханасан хөх зогдорт арсланг дүрслэнэ. 

Харин халх бөх илүүтэй спорт тал руугаа хөгжиж ирсэн. Тухайлбал засуул, дасгалжуулагч нь бөхийг бэлтгэж, цол буюу зэрэг олгодог. Мөн гар, хөлөөрөө аль алинаар нь мэх хийх боломжтой бөгөөд зодог шуудагтай барилддаг учир өвөрмонгол бөхөөс эрс өөр.   

Буриад бөх бол дээгүүрээ зодогггүй, зөвхөн шуудагтай барилддаг. Мөн гар газарт хүрвэл унасанд тооцдог гэдгээрээ онцлогтой. 

Энэ жилийн үндэсний бөхийн төрөлд 256 бөх барилдсан бөгөөд тус барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан С.Сүхбат түрүүлж даншгийн арслан цол хүртэв. Харин үзүүрт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн арслан Г.Мөнхбаяр шалгарч даншгийн заан цолыг хүртлээ. Мөн шинээр даншгийн начин цолыг улсын заан Ц.Одбаяр, Архангай аймгийн арслан С.Цогтбаатар, улсын начин Э.Ванданцэрэн, улсын начин Э.Батмагнай нар хүртэв.

Харин буриад бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат цэргийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ Б. Өлзийсайхан хоёр жил дарааллан түрүүллээ. Мөн Архангай аймгийн цэргийн арслан Ө.Батсуурь үзүүрлэсэн юм.

Харин Өвөрмонгол бөхийн төрөлд улсын заан Д.Анар түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэн наадамчин олныг баясгалаа. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав