Хүүхдүүд ээ, та нар хэн нэгэн "Би эх орондоо хайртай" хэмээн хэлэхийг сонсож байсан уу? Мөн аав ээж, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүдтэйгээ эх орны тухай ярилцаж байв уу?
Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакц уншигчдадаа "Эх орон" танин мэдэхүйн зурагт номоо хүргэх гэж байна. Тус номын зохиолчоор Б.Батцэцэг, Б.Чанагнянгар, Такахаши Кимико зураачаар Э.Базаррагчаа нар ажиллажээ.
"Эх орон" зурагт ном нь монгол нутагт үлэг гүрвэл идээшиж байсан үеэс өнөөдрийг хүртэл өрнөсөн түүхийг өгүүлэх юм. Тиймдээ ч хүн төрөлхтөн хэрхэн үүсэж хөгжив? Бид яаж дэлхийн олон улс, хүмүүсийн дундаас ялгарч улс эх орноо байгуулав? Бидний хэл, соёл болоод "өнөөдөр" хэрхэн бүрэлдэн тогтов? зэрэг олон асуултад хариулна.
Өнөөгийн өдөр тутмын амьдралын хурдан хэвшил дунд хүмүүс эх орны тухай төдийлөн анхаарч, яриа өрнүүлдэггүй. Гэвч хүүхэдтэйгээ энэ тухай үргэлж ярилцаж, асууж байх учиртай юм. Тиймийн учир монголд анх удаа "ЭХ ОРОН"-ы тухай цогц агуулга бүхий зурагт номыг ийнхүү бүтээжээ.