Алиа саарлыг уная гэсэн юм хө
Айлын адуунд хулжаагаад алдваа хө
Амраг түүндээ очъё гэсэн юм хө
Айлын багачууд шоолоод горьгүйдээ хэмээн шуранхайлах “Алиа саарал” уртын дуу ард түмний дунд хөг тасралгүй явж ирсэн сайхан дуунуудын маань нэг билээ. Адуун сүрэгт сондгойрон зүслэх саарал морь бол эздийнхээ гангарааны хүлэг юм. Дуулагч сэтгэл алдарсан бүсгүйдээ очихоор алиа саарлыг сойвч, айлын адуунд алдсанаар дууны үг эхэлнэ. Ерөнхийдөө ийм морь зэхэх нь тэр чинээгээр хүчтэй хайр сэтгэлийг илчилнэ.

Энэхүү аялгуут дууг алдарт дуучин Солийн Цоодол гуай анх дуулжээ. Алдарт дуучны дуулснаар сонсоход нээрээ л алиа саарал морийг хулжаагаад алдаж байгаа юм шиг, түүндээ баярлаж эсвээс гомдож байгаа юм шиг сонсогдох аж. Үүнээс гадна энэ дууг нутаг нутагт дуулдаг бөгөөд дууны талаар адуу судлаач, ахмад сэтгүүлч, Түүхийн Ухааны доктор А.Баярмагнай нэгэн дурсамжыг надад хүүрнэсэн юм.

Тэрбээр ярихдаа “Би 1992 оны үед Монголын үндэсний телевизийн цагаан сарын нэвтрүүлгийг хөтөлсөн юм. Тус нэвтрүүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Норовбанзад гуай оролцсон юм. Уг нэвтрүүлэгт Н. Норовбанзад гуай “Алиа саарал” уртын дууг дуулж билээ. Дуулахыг нь сонсож суухад дээшээ олгойдож тааз цоолчих нь уу гэлтэй цангинаж байв” гэж дурссан юм.

 

Энэхүү дууг олон сайхан дуучин дуулсан байх ба орчин цагт Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Энхбаатар хамгийн сайхан дуулжээ.

Дуучин маань энэ дууны талаар “Би багадаа энэ дууг сурч байлаа . Учир нь дууны үгэнд нь их дурлаж байж дуулж сурсан хэрэг л дээ. Манай аав уртын дууны үг их сайн мэднэ. Сайхан дуулна. Тийм учраас энэ дууг сурсан хэрэг л дээ. Тэр тусмаа “Амраг түүндээ очъё гэхээр , Айлын хүүхдүүд шоолоод горьгүй нь” гэдэг мөр их сонирхол татсан л даа. Яагаад амраг хайртай хүндээ очих гэхээр “айлын хүүхдүүд” шоолдог юм бол гэж бодогдсон л доо. Хөдөөний хүүхэд учир багаасаа л хурдан морины нуруун дээр адууны захад, ээжийнхээ хийж өгсөн шинэ дээлийг ханзартал үеийнхээ хүүхдүүдтэй барилдаж өслөө шүү дээ. Моринд хүнддэж унахаа больсоноосоо хойш 15 жил хурдан морь уясан. Тийм болохоор уртын дуу сурахад надад их ойр байсан л даа. Би үндэсний бөхийн аварга хүний удам боловч удмыг нь үргэлжлүүлж барилдаагүй ч “уртын дуугаар барилдаж” явна даа. Харин 2004 онд СУИС-ийн оюутан болоод “Алиа саарал”-ыг уртын дуучин Л.Нямлхагвын арга барилаар сурсан. Энэ дууг дуулахад “Хөдөө өсөж төрсөн хүүхэд нас минь санагддаг. Эл дуугаа аялаад л адуундаа мордоно, үеийнхээ охидыг шохоорхдог байсан үе минь бодогдоно. “Алиа саарал” уртын дуу бол төв халх уртын дуу. Сүүлийн үед хүмүүс “Алиа саарал”-ыг шуранхай хийж дуулаад байх шиг байна лээ. Энэ бол уг дууны “ай”-г олоогүй байна гэсэн үг. Шуранхай хийдэг дуу бол өөрийн үндсэн цараа дууссаныг илтгэсэний дараа хийгддэг аялгуу юм. Харин “ ай” гэдгийг маш энгийнээр тайлбарлавал “Хурдан адуунд сайхан хэлбэр, хийц зэрэг шинжүүд бий. Тэгэхдээ хурдан шинжид жороо явдалтай адуу байлаа гэхэд тухайн морийг хурдан морийг жороолуулж болохгүй. Жороо морийг хурдан морь шиг битгий давхиул гэсэн үг. Тийм учраас багш маань надад “Миний хүү дуулж болно оо. Харин дууныхаа “ай”-г нь болоод аагийг нь олж байгаарай” гэж захидаг байлаа” хэмээсэн юм.

Үүлэн борыг уная гэсэн юм

Үүрийн шөнөө хулжаагаад алдав аа хө

Үнэнч хүүдээ очъё гэсэн юм

Үеийн залуус шоолоод горьгүй дээ хө хэмээх нь үнэхээр л нэгэн сайхан идэр залуу дурлалт бүсгүйдээ сэтгэлийн жолоо алдан тэмүүлж. Хайртай бүсгүйдээ газрын хол, усны уртыг үл анзааран очих гэж тэмүүлэхдээ адуунаасаа хамгийн сайхан хийцтэй, зүс сайхантай морийг сонгон унах гэж буй нь илт. Дурлал гэдэг хэзээд хүрэн зүрхийг догдлуулан булгилуулж байдаг. Яг л Д. Нацагдоржийн “ Шувуун саарал” өгүүллэгт “Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, Сүүмэлзэн сүүмэлзэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг” хэмээн гардаг шиг санагдах аж. Чухамхүү “ Шувуун саарал” өгүүллэгт дурьдсанаар “Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр намрын хяруу гялтагнаж, эрвийн сэрвийн үзэгдэнэ” хэмээхтээ энэ мөр утга дүйж байна. Угтаа их зохиолч маань “Алиа саарал” хэмээх дуунд дуртай байж энэхүү өгүүллэгээ бичсэн юм болов уу гэж өөрийн эрхгүй бодогдоно.

 

Их зохиолч энэхүү өгүүллэгтээ шувуун саарал морины шинжийг бичихдээ “Ташаа нь тэвхийж, хавирганы яс ярайсан, ялгуун саарал морь нь тогтож ядан гоо сайхан толгойгоо ийш тийш нь сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар. Хоёр чихээ солбилзуулан хааяа нэг эзнийхээ сэтгэлийг баясгана гэжээ”. Үүнээс үзвэл өгүүллэгт гардаг шувуун саарал морь жигүүртэн язгуурт хүлэг бололтой. Жигүүртэн язгуурт хүлгийн талаар Монгол Улсын манлай уяач Г. Батчулуунаас сонирхон тодруулвал тэрээр “Жигүүртэн язгууртай адуу гэдэг бол бүх юм нь урагшаа хийцтэй, дээд яс хөнгөн, чихний үзүүр шовх босоо,сэрэвгэр,яс хөнгөнтэй, мах багатай бийрэн сүүлтэй байдаг. Эртнээс монголчууд гоёмсог хийцтэй мориор наадам болон хүндэтгэлийн арга хэмжээнд гангардаг байсан шүү дээ” хэмээж байлаа.

Харин хамгийн сүүлийн мөр нь:

Мэнэрэнхэн харагдах нь

Мэдэхгүй хөндий байна

Мэдэл муутай төрсөнөөс хойш

Ингэлгүй ч яах вэ

Унасанхан морь минь

Ундаар муудаад байна

Учирсан хонгор минь

Санагдаад горьгүй дээ хэмээх аж.

Аль эртнээс ардын дуундаа амраг хайрын сэтгэлээ шингээн дуулдаг түмэн минь. Алс нутгаас амрагаа мөрөөдсөн аль сайхан морио унан галгиулж яваа дурлалт залуу энэхүү “Алиа саарал” хэмээх аялгуут дууг зохион дуулжээ гэж бодогдоно.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав