Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ нь хот, хөдөөгийн хэт ялгаатай байдлыг арилгах, ард иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх, улсын хөгжлийг түргэсгэхэд чиглэсэн бодлого баримтлах жил болж байна. “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган”-ыг өнгөрөгч амралтын өдөр /2024.10.26/ зохион байгууллаа. 

“Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдаан, бүс бүрийн онцлогийг харуулж байсан юм.

Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, нэгдсэн ойлголтод хүргэх, бүсийн удирдлага, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо болон бүс, орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг тодорхойлох төслүүдийн талаар хэлэлцэж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэмтдийн оролцоог дэмжин, иргэд, хувийн хэвшлийг идэвхжүүлэн, шийдэх арга замын талаар санал солилцлоо.

Улс орны болон орон нутгийн хөгжилд эдийн засгийн үүрэг нэмэгдэх болсонтой уялдан хөгжлийн үзэл баримтлалд дэд бүтцэд суурилан хөгжүүлэхээс гадна хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлого нэн чухал. Тэр тусмаа хүнсний аюулгүй байдлыг хангахад газар зүйн байдлаар нь бүсчлэх шаардлага тулгарч байна.

МУ-ын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр хэлэхдээ: “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг улс-Нэгдсэн стандарт” зорилт тусгасан. Энэ хүрээнд, Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ, Импортыг орлох экспортын бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх стандартыг нэвтрүүлнэ, 14 мега төслийн олон улсын дэвшилтэд технологи, инноваци бүхий стандартыг нэвтрүүлнэ, Чанарын дэд бүтэц /Стандарт, хэмжил зүй, тохирлын үнэлгээ/-ийн байгууллага болон лабораториудын эталон, тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ” хэмээн онцолсон юм.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: "Стандарт нь өөрөө худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, худалдааг хөнгөвчлөх зорилготой баримт бичиг. Монгол Улсад 6690 үндэсний стандарт батлагдан, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагийн 44,3% нь Олон Улсын түвшинд хүрсэн. Эдгээр стандартын 80% нь шинжилгээний аргын стандартууд байдаг.

Мөн СХЗГ нь “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төвийн бүсийн хөдөө аж ахуйн, аж үйлдвэрлэл чиглэлийн үндэсний стандартуудыг Олон Улсын стандарттай нийцүүлэх, физик химийн лабораторийг байгуулж, хөдөө ах ахуйн гаралтай бүтээгдэхүүнд нарийн шинжилгээ хийж, хойд хилээр болон нийслэл бусад бүсүүдрүү бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд анхаарах, мөн үйлдвэрлэлд шаардлагатай бүх төрлийн стандартын шаардлага хангуулах хүрээнд хэмжил зүйн баталгаажуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын ажлыг 3 аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар хангуулахын зэрэгцээ үнэт металь эрдэнийн чулуугаар хийсэн бүтээгдэхүүнийг баталгаажуулах, олборлосон байгалийн алт, мөнгийг хайлуулж, сорьцийн баталгаажуулалт хийх нь Монгол хүний эрүүл аюулгүй байх суурь нөхцөл бүрдэхээс гадна хэмжил зүйн байдал хангагдаж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго хангагдана” хэмээн хэллээ.


Манай Улсын хувьд газар нутаг уудам том боловч нийслэлдээ хүн амын тэн хагас нь төвлөрсөн нь бүсчлэн хөгжүүлэх тухай асуудлыг дахин, илүү далайцтай ярих гол шалтгаан болж байна. Өнөөдөр хөдөө нутаг нь хөгжлөөс холдож, нийт хүн амын 47 хувь, нийт худалдаа үйлчилгээний 80 хувь, ДНБ-ий 63 хувь нь Улаанбаатарт төвлөрч байгаа боловч аймаг орон нутаг, хилийн боомтуудад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хүнсний аюулгүй байдал, хяналт сул байгаа нь лабораторийн хүчин чадал төдийлөн чадавхжаагүйтэй холбоотой. Тиймээс бүсүүдийг харилцан уялдаатай тогтолцоогоор хот, хөдөөгийн ялгаагүй тэнцвэртэй хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад нийслэл Улаанбаатар хотын ачааллыг багасгах, цаг хугацаа хэмнэх зорилгоор бүсчилсэн хөгжлийн тухай асуудлыг эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Чуулганыг МУ-ын Шадар сайд С.Амарсайхан хааж: “Бүсүүдийн онцлог давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тухайн бүсийг урт хугацаанд хөгжүүлэх бодлого, Хөрш орнуудтай эдийн засгийн интеграцид нэгдэх, Аж үйлдвэр, дэд бүтэц, хүний нөөцийг хөгжүүлэх эрх зүйн орчныг шинэчлэх, Татвар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, чиглэлийн талаар УИХ, Засгийн газар, төрийн байгууллагууд, орон нутгийн төлөөлөл, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид зэрэг салбар бүрийн оролцоог хангасан өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцлээ” хэмээн илэрхийллээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав