Монголын кино урлаг нэг үеэ бодвол харьцангуй хөгжиж, дуу дүрсний өндөр түвшинд уран бүтээлээ хийдэг болсон нь сайшаалтай. Гэвч аливаа зүйлс хөгжихийн хэрээр ахуй соёлоосоо алсарч, дэлгэцийн бүтээлд ур муутайхан дүрслэх болжээ. Үүний нэг жишээ бол саяхан олны хүртээл болсон “Шар гэгээ” кино юм.

Уг бүтээл нь хүүхдийн хүслэн болсон залуухан хос, харин нөгөө нь хоёр охинтой анчин айлын тухай өгүүлнэ. Хүүхдийн хүслэн болсон хоёр залуу хос овоонд мөргөж “Үрийн заяа хайрла” хэмээн гуйж байгаагаар эхлэнэ. Харин мөнөөх анчин айл хоёр охинтой тул хүүгийн мөрөөсөл болж буй айл байх аж. Хамгийн хачирхалтай нь хоёр охинтой айл хүү л мөрөөдөөд байхаас хоёр охиноо үл тоож байгаа нь тун хачин. Монголчууд ураг удмаа тээж төрүүлэх охин үрээ их л хайрлан өсгөсөөр ирсэн билээ. Тэгтэл уг кинонд тийм зүйл огт ажиглагдахгүй. Бага охины дээлийн мөр  уранхай зэрэг нь их л хачин санагдана. Эртнээс манай үндэсний хувцас дээлийг ихэд эрхэмлэн үздэг тул уранхай ноорхой дээл төдийлөн өмсдөггүй байсан санагдана. Мөн анчин айлын гэргий амаржих гээд өвдөхөд нөхөр нь овоонд буугаа өргөж ахиж ан хийхгүй хэмээн хэлнэ. Энэ хооронд охин нь ээж амаржлаа хэмээн ирэх бөгөөд анчин залуу мориндоо мордон давхихдаа гартаа ташуургүй давхиж одно. Энэ мөн л жижиг мэт харагдах боловч киноны том алдаа. Монгол хүн ташуур барихгүй  гар хоосон морь унадаггүй. Мөн унасан морио давирдаггүй, үүний оронд унасан мориндоо ташуур өгдөг.

Үүнээс гадна уг киноны хүүхэд өргүүлдэг хэсэг нь  тун ойлгомжгүй. Хүүхэд өргөж авах ёс  энэхүү зан үйлийг монголчууд эртнээс нааш анхаарч ирсэн байдаг. Энэ нь бат бэх гэр бүл байхын үндэс гэж үздэг. Хүүхэд үрчлэхдээ тухайн хүүхдийг өргөж авах, үрчүүлэх хүмүүс ламаар үзүүлж өдөр болоод сайн цагаа товлодог байна. Өргөж авах гэж буй хүмүүс “сүүн “ бэлэгтэй очдог төдийгүй говь нутагт бол тэмээ бэлгэнд өгдөг уламжлалтай. Мөн хүүхдээ өргүүлж буй айл үрчилж авч буй хүмүүст дээлийн гадар өгдөг. Гэвч тус кинон дээр мөнөөх зан үйл огт харагдахгүй нь сонин. Тийнхүү өргөж авсан хүүхдээ гэр тойруулж, гал голомтондоо мөргүүлэх, гарт нь уурга бариулах зэрэг зан үйл огт харагдахгүй. Зөвхөн хазаараар домнож байгаа хэсэг л хальтхан гарна.  Мөн хөх дээсийг хоёр жил татаж хөл хорио татаж байгаа нь сонин. Зарим нутагт нялх хүүхдээ төрсөн даруй нэг сар их удвал гурван сар л улаан даавуу гэрийн гадна уядаг. Тэгтэл кинон дээр хоёр жил хэнийг ч оруулахгүй хөх дээс татах нь сонин. Мөн хүүхэд төрүүлдэггүй хос хоёр чухам юунаас болж үрийн заяагүй байгааг үл гаргана.Гол дүрийн эмэгтэй кинон дээр огтхон ч инээд баясалгүй байх ба өвчинд нэрвэгдсэн мэт үргэлж усан нүдлэх нь гайхмаар...

Хоёр жил хөл хорьсон дээсээ таттал төрсөн аав нь хоёр жилийн өмнө овоон дээр ан хийхгүй гэж ам тангараг өгч овоонд өргөсөн буугаар наймаачны үгэнд орж хүүгээ олж  харахын тулд ан хийнэ. Буугаа гэртээ шагайж харах зэрэг нь жихүүцэл төрмөөр. Монгол хүн буу гэртээ шагайхыг ихэд цээрлэдэг билээ. Гэвч кинон дээр хээв нэг  гэр дотроо хүүхдүүдийнхээ дэргэд буу шагайна. Ийнхүү ан хийсэн учир хүнд өргүүлсэн хүү нь хөлсөж нас барна. Энэ хэсгийг үзэхэд үрээ алдсан, үрээ санасан хүмүүст маш эмзэг тусах хэсэг. Хүчээр уйлуулах гэж буй мэт сэтгэгдэл төрснийг нуух юун. Үүгээр зогсохгүй  гэрийн дотоод байдал маш навсгар, хананд заавал нэг хиртэй дээл өлгөөтэй байна. Мөн бурханы авдарыг голлуулж тавьсан байх ба маш том хадаг далбайлгаж дэлгэсэн харагдана. Кинон дээр айргийг саванд хийнэ. Монголчууд зөвхөн айрагны хуланд л айргаа сөгнөж, хөхүүртээ айргаа исгэж ирсэн түмэн билээ. 

Түүгээр үл барам хоол хийж ирсэн зочдоо дайлж буй нь огт харагдахгүй. Гол дүрийн эрэгтэй жүжигчний толгойд боосон алчуур 1990-ээд оны үеийн шоотой даавуу байх аж. Харин эмэгтэйн алчуур мөн л саяхны саатай алчуур зангиджээ. Үүнээс гадна жүжигчид нь одоо үеийн хэл яриагаар ярина. Тухайлбал “Та минь яахнав дээ”, “Эд нар хүүхдийг маань алчхаж”, “Зайлцгаа” гэх зэргээр диалоги хөвөрнө.

Ийнхүү “Шар гэгээ” киноноос дүгнэхэд бид монгол ахуйгаасаа хэт их холдож байна уу даа гэж бодогдоно. Уран бүтээл гэдэг бол үр хойчид ч зөв сургамжтай байх ёстой. Үүний нэг жишээ бол “Тань руу нүүж явна” кино. Үрээ алдсан эх хүний сэтгэлийн зовлон, түүнийг эцэстээ ойлгож ганц хүүгээ хараа бараандаа хамт өсгөхөөр нүүж буй монгол эр хүний уужуу ухааныг бид шимтэн үзэж өссөн. Тэгтэл энэхүү “Шар гэгээ” киноноос ямар нэгэн ухаарал амтагдсангүй. Эртний монголчуудын аж амьдралын тухай кино хийхийг зорьсон юм бол эрдэмтэд, угсаатан зүйчдийнхээ зөвлөгөөг сонсохгүй яав даа гэсэн бодол тээн үлдэв.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав