Эрхэм хүндэт уншигч тантай намрын наргил шаргал энэхэн өдрөөр найр тавин мэндчилж байна. Бид энэ удаа ч үнэнч уншигчдадаа сонирхолтой ярилцлагууд уншуулахаар бэлтгэлээ. Оолон сайхан зочдыг та бүхэнтэй уулзуулахаар сонгож ярилцлаа. Зочин болгон өөр. Учир нь тэдний ертөнц өөр өөр учраас.
Та манай сэтгүүлээс ярилцлага гэх нэртэй дутуу дулимаг ажлуудыг уншдаггүй билээ. Мэргэжлийн түвшинд хийгдсэн, үр өгөөжтэй, сонирхолтой ярилцлагуудыг уншуулах гэж бид хичээн хөдөлмөрлөдөг. Ингээд сэтгүүлийн шинэ дугаараас онцлох 6 нийтлэл, ярилцлагыг хүргэж байна.
Ч.ГАЛСАН: МӨНХИЙН БҮТЭЭЛ ЗОВЛОНГООС ТӨРДӨГ
Зохиолч Чинагийн Галсан. “Аянгат цагийн тууж” хэмээх цэнхэр хавтастай жижигхэн туужийг анх хуучин номын худалдаан дээрээс олж авахаас өмнө үргэлж сонссоор ирсэн нэрс. Учир нь тэр бол Герман хэлээр зохиолоо туурвиж, дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчдод олгодог Адеберт фон Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн 10 дахь, ази тивийн анхны зохиолч. Өндөр уулсын цавчим дэл дээгүүр таваргаж явсан хүү дэлхийн зохиолч болсон. Тува хэлээр ярьж, тугал бяруугаа хүйтэн жавраар хашаа өөд тууж явсан хөвгүүн алс хилийн дээсийг алхаж алдарт Д.Нацагдоржийн хөргийг ширээнийхээ хананд наачихаад их уулсын тэргүүн оргил өөд зүтгэх шигээ эрдэмд шамдсан. Эх орныхоо нэрийг шаварт хутгаж, шарын баатар болохгүй юм шүү гэхдээ хичээж сурсан эрдмийг нь халуун сэтгэлээр хайрлаж явсан бүхэн нь ашиглачихаад хавчин гадуурхаж хаясан хатуу хувь заяа түүнийх.
Анх удаа бид түүний “Хөх тэнгэр сонсож бай” хэмээх романыг эх хэлээрээ унших цаг хэдхэн хоногийн өмнө тохиов. Үүнээс өмнө түүний цөөнгүй туужууд монгол хэлнээ хөрвүүлэгдсэн. Харин дэлхийн энтэй зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын бичсэн олон арван романуудын эхлэлтэй одоо л учирч байна. Тэр өдгөө л дөнгөж монгол хэлт уншигчидтай уулзаж байгаа нь энэ.
П.НАРАНБАЯР: ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДИЙН АСУУДАЛ МАНАЙД ЯАЛТ Ч ҮГҮЙ ЭМЗЭГ БАЙГАА НЬ ҮНЭН
Өдгөө боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрт хэрхэн хандаж, ямар шийдвэр гаргаж буй талаар Боловсролын сайд П.Наранбаяртай ярилцлаа. “Шинэ монгол” сургуулийг үүсгэн байгуулагч түүнийг боловсролын асуудалд ойр, зөв бодлого хэрэгжүүлэх зоригтой, мэдлэг боловсролтой нэгэн гэж хүмүүс хардаг. Тиймдээ ч хүлээлт өндөр байсан. Энэ жилийн хувьд хичээлийн эхний жилүүдэд гардаг сөрөг хандлага, хичээлийн жил эхлэлтэй холбоотой дуулиантай асуудлууд төдийлөн гарсангүй. Ийнхүү түүнийг хэрхэн, ямар бодлого баритлан ажиллаж буй талаар асуухаар “Interview”сэтгүүлийнхээ шинэхэн дугаарын зочноор урьсан билээ.
Д.НАМСРАЙ: БИ АХИН ТӨРСӨН ХҮН
Онцгой Байдлын Ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал, Монголын Олимпын хорооны гишүүн, Монголын Агаарын спортын хорооны ерөнхийлөгч, Монголын Шүхрийн спортын нийгэмлэгийн тэргүүн Д.Намсрай бидний онцлох зочдын нэг.
Ажил амьдралын гараагаа хугацаат цэргийн албаар эхлүүлж байсан тэрээр хуучнаар ЗХУ-ын Рязань хотын Агаарын десантын цэргийн дээд сургуулийг төгсжээ. Тус ярилцлагаас түүний амьдрал, алба болоод олон сонирхолтой мэдээллүүдийг унших боломжтой.
Б.БАТСҮХ: БИД БУСДЫН СОЁЛД Л МӨНГӨ ТӨЛӨӨД БАЙНА
Дараагийн онцлох ярилцлагаар сэтгүүл зүйн армид хэдхэн сарын дараа алхан орж ирэх, манай дадлагажигч оюутан А.Даваадуламын хийсэн ажлыг бид нэрлэж байна. Энэ удаа тэр “BAJUNA” брэндийн үүсгэн байгуулагч, дэлхийн анхны оёдол, эсгүүргүй эсгий хувцас зохион бүтээгч, дизайнер Б.Батсүхийг олж ярилцлаа. Уншигч та надтай яг адилхан энэ өвөрмөц зочны ертөнцөд татагдах нь дамжигггүй.
Дизайнер Б.Батсүх нь монгол гэрийн эсгий хийх технологид суурилсан өвөрмөц, шинэлэг бүтээлээрээ эх орноо төлөөлөн “Парисын загварын долоо хоног-2024” шоуг зорихоор болоод байгаа юм. Энэ бол дизайнер болгонд ирдэг урилга, олддог завшаан биш. Гэвч түүнд шаардлагатай зардал олдоогүй байна.
Бид соёлын өв, түүнийг хамгаалах талаар хоосон ярих биш хүч хөдөлмөрөө зориулж, авьяас билгээ бодитоор шингээн ажиллаж байгаа залуу үеэ дэмжих ёстой. Манай сэтгүүлийн уншигчдыг энэ эмэгтэйг дэмжинэ хэмээн бид ихэд найдаж байгаа юм.
ТЕАТРЫН ТАЙЗЫГ ӨӨРЧЛӨХ ХҮСЭЛ | ТӨМӨРСҮХИЙН АРИУНЧИМЭГ
Өдгөөгөөс яг гурван жилийн өмнөх арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн цас бургинасан, жавар хулдсан үдшээр Монголын театрын урлагт Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжиг нээлтээ хийж үзэгчдийн дунд дуулиан дэгдээв. Театрын үзэгчид жүжиг үзэхийн тулд Улсын Драмын Эрдмийн театрыг зорьж, хавар, намар цагийн нээлтийг хүлээж, зөвхөн тус ягаан барилга дотор л жүжгийн тайз, жүжигчид байдаг гэх ойлголтоос хагацав. Тэд өөр теарт, онхи өөр тайз, өөр сонголт, найруулагчийн тэс өөр шийдэл, нүсэр багийн нягт хамтын ажиллагаатай нүүр тулсан билээ.
Түүнээс өмнө найруулагч С.Мягмарын “Black Box” хэмээх лаборатори театр болоод орон нутгийн театрууд л хувийн тайзны орон зайг дангаар эзэлдэг байв. Гэхдээ жилд ганц, нэгхэн жүжиг тавихаас хэтрэхгүй. Тэдгээр нь ихэвчлэн уламжлалт арга барил, найруулагчийн нэгэн хэвийн шийдэлтэй байсан нь гарцаагүй үнэн. Ийм гарцаагүй үнэний өмнө театрын урлаг ухарсаар байв. Харин “Орфей” театр ийнхүү үүсгэн байгуулагдаж “Гэм зэм” жүжгээр нээлтээ хийснээс хойш Монголд хувийн театрууд олноор бий болсон. “Bee”, “Про”, “Монгол”, “Эрт урьдын цагт” зэрэг театрууд байгуулагдаж, зарим хошин шогийн продакшнууд хүртэл тайзны уран бүтээлд хүч сорив. Ингэж театрын тайз ардчилагдав, өрсөлдөөн нэмэгдэв. Үзэгчдээр хэдий нь тасраагүй боловч ямар өрсөлдөөнгүй театр гэдэг эль хуль, хуучин арга барилтай сэтгэлгээг бусдын тархинд чихэж, түүндээ үнэмшүүлэх үхмэл, хоосон сүмээс ялгаагүй. Яг тэр заагт “Фауст”, “Гэм зэм” жүжгүүд тайзнаа төрж, үзэгчид гайхширалд орсон юм.
Үүнд нэр дурдагдах гавьяатай нэгэн бол Төмөрсүхийн Ариунчимэг. Дээрх хоёр жүжгийн продюсераар ажилласан эрхэм. Түүнийг зөвхөн “Орфей” театрын захирал, үүсгэн байгуулагч гэж харах аргагүй. Учир нь тайз зөвхөн дан ганц найруулагчийнх бус олон арван хүний хамтын ажиллагааны үрд дүнд бүтдэг агаад зөвхөн шилмэл, далайцтай бүтээлүүдийг нийтэд хүртээх нь урлагийн үнэ цэнийг өсгөж байдаг гэдгийг ойлгуулахаар зорьж буй нөлөө бүхий продюсер, мөн чамгүй сайн жүжигчин.
С.БАТБААТАР: СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХГҮЙ БАЙГААГААС БОЛООД ГАДААД УЛС ОРНУУДТАЙ ЭДИЙН ЗАСАГ, ЭКСПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР НЭЭЛТТЭЙ, “СТАНДАРТ” ГЭСЭН НЭГ ХЭЛЭЭР ЯРЬЖ ОЙЛГОЛЦОХОД ХҮНДРЭЛ ГАРЧ БАЙНА
Стандарт гэж юу вэ. Яагаад бидний амьдралд чухал вэ гэдэг асуулт эхлээд зүй ёсоор тавигдана.
Албан ёсны хэлээр бол энэ ойлголт нь аливаа үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний чанар, үзүүлэлт, байх ёстой шаардлагыг зохих журмын дагуу боловсруулж, эрх бүхий байгууллагаар хянаж батлуулсан хэм хэмжээг илэрхийлсэн бичиг баримт юм. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны зүй зохистой хэм хэмжээг тогтоохыг стандарт гэж томьёолж болно.
Манай улсын хувьд Засгийн газрын тохируулагч агентлаг болох “Стандарт хэмжил зүйн газар” нь улсын хэмжээнд үндэсний болон олон улсын стандартуудыг мэдээлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, стандартыг баталж бүртгэх, аливаа салбар, үйл ажиллагааг стандартаар хангах зэрэг цогц үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлдэг эрх бүхий байгууллага юм. Энэ удаа бид та бүхэнтэй “Стандарт хэмжил зүйн газар”-ын дарга С.Батбаатарыг уулзуулахаар урьсан юм.