Уншигч та бүхэндээ хамгийн жаргалтай мөчүүдээ эдэлдэг нов ногоон, бас цэв цэнхэр зуны мэндийг хүргэе. Магадгүй та аялахаар хаа нэг тийшээ гарах гэж байгаа, эсвэл гэртээ тансагхан шиврэх борооны чимээнд тухлан, эсвэл кофешопт цонхны дэргэд амттайхан кофегоо захиалчихаад манай сэтгүүлийн хуудсуудыг эргүүлж суугаа байх. Тийм ээ, бид таны амралт чөлөөт цагт хамгийн дулаахан, хамгийн уншууртай, хамгийн ханьтай найз чинь байхыг хичээн ажилладаг.
Энэ дугаараа ч мөн тэр л сэтгэлээ нэгтгэн, олон сонирхолтой зочдыг урьж ярилцан, тэдний гайхам өөр өөр ертөнцийг нийтгэн байж бэлтгэлээ.
Ингээд Interview сэтгүүлийн шинэ дугаараас онцлох зургаан ярилцлагыг хүргэж байна.
Г.АРИУНБААТАР: САЙХАН МОНГОЛ ДУУГАА ХАНАТАЛ ДУУЛАХ ГАЗАР ЭХ ОРОН МИНЬ ШҮҮ ДЭЭ
Энэ удаагийн дугаарын хүндэт зочноор хоёр үгэнд багтаан хэлбэл дэлхийн дуучин Ганбаатарын Ариунбаатар уригдсан юм. Бөмбөрцгийн дуучин, дэлхийн шилдэг баритонуудын нэг, Монгол Улсын Чингис хаан одонт дуучны энэхүү томоохон хэмжээний ярилцлага уншигч танд таалагдана гэдэгт найдаж байна.
Дуурь бол хүн төрөлхтний сонгодог урлагийн ноён оргилуудын нэг. Зөвхөн сайхан хоолойгоор энэ урлагийн өндөрлөгт хүрэх хэцүү. Тиймээс ч тэрхүү өндөрлөгт хүрсэн хүний туулсан зам нь нөр их хөдөлмөр, авьяас билэг, хатуу дэг зарчмаас бүрдсэн байх нь тодорхой. Мөн нэгэнт дэлхийн дуучин болчихсон хойно хэл ам, атаа жөтөө ч тойрохгүй өнгөрнө гэж үгүй. Тэр бүгдийг уудлан ярилцаж, хувь зочны дотоод сэтгэлийг илэрхийлэхийг зорьсонд уг ярилцлагын үнэ цэн оршино. Магадгүй дуучин Г.Ариунбаатарыг илүү өөр өнцгөөс харж, түүний авьяас билгийг илүү гүн гүнзгийгээр ойлгож, хайрлах сэтгэлийг уншигч танд үлдээх болов уу.
Би зүрхээрээ живж, нисэж, аагилж, аархаж дуулмаар байдаг. Сайн, сайхан монгол дуу өөрөө жирийн нэг хөшөө шиг сэтгэлээр дуулагддаг ч үгүй. Тэгэхээр нийтийн дуу жижиг, зохиолын дуучид ийм тийм гэх сэтгэл надад лав байхгүй
МУГЖ Г.АриунбаатарО.БАТБИЛЭГ: ЯГ МОРЬД ЭРГЭЭД ЗУЛ ЗАДРАХ ТЭР АГШИН Л ИХ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨДӨГ ДӨӨ
Тун удахгүй Үндэсний их баяр наадам болно. Монголчууд эрт цагаас эхлэн хурдан хүлэг, эр чадал, эрхий мэргэнийг дээдэлж ирсэн. Тиймдээ морь уралдаж, бөх барилдаж, сур харваж, эрийн гурван наадмаа энх цагийн сайхан хийдэг уламжлалтай. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийг урьж ярилцлаа. Тэр бол өнөө цагийн дээд зиндааны шилдэг уяачдыг тэргүүлж яваа, олон түмэндээ хүндлэгдсэн, удам дамжсан уяачдын нэг юм.
Манай энд байгаа хүүхдүүдийг нэг нэгээр нь авчраад асуусан ч бараг бүгд л морь унах дуртай л гэнэ. Морь унуулахгүй байхаар уурлаад, гомдоод байдаг.
МУТМУ О.БатбилэгД.БЯМБАСҮРЭН: ТӨРИЙН АЛБАНД БАЙСАН ХҮН ЭХ ОРОНДОО АМЬДАРЧ, ЭХ ОРОНДОО ШИНГЭХ ЁСТОЙ
Монгол төрийн баавай, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, Чингис хаан одонт Дашийн Бямбасүрэн эрхэм энэ удаа манай сэтгүүлийн хойморт залагдлаа. Цэцэн саруул түүний үг бүхэн нигуртай санагдана. Тэрбээр 1942 оны зургадугаар сарын 20-нд Хэнтий аймгийн Биндэр сумын Ононгийн Шаазгайтын талд төржээ. Тийм учраас билэгт хүмүүний төрсөн өдөрт зориулж энэ сарын дугаартаа эрхэмлэн урьсан хэрэг.
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Гавьяат эдийн засагч, доктор, профессор Дашийн Бямбасүрэн эдүгээ 44 жил амьдарсан байрандаа урьдынхаараа аж төрж, эд баялаг, элдэв шуналаас хол оршин, оюун бодлоо Монгол Улсынхаа төлөө чилээсээр төрийн хүний эрхэмсэг жаягаар амьдарч ахуй бараг цорын ганц дээдэс юм. Тэр бол өндөр жишиг, ёс суртахууны домогт цэнхэр уул билээ.
Монголын ард түмэн манай Засгийн газрын үед гадаадад чөлөөтэй зорчих эрхтэй болж, бүх иргэндээ гадаад паспорт олгодог болсон. Урьд нь гадаад явахад Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоол гарч явдаг байлаа. Монголчууд одоо дэлхийн 130 гаруй оронд сурч, амьдарч байна.
Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.БямбасүрэнЛУГОНАД ШИВНЭЭГҮЙ ХҮСЭЛ БА ХЕРМАНН ХЕССЕ (аян замын тэмдэглэл)
Тэр ямагт л байгалийг сайхныг бишрэн шүтэгч, үгийн урлагийн шидтэн болж төсөөлөлд буудаг байлаа. Он цаг мянга мянган жилийн туршид цаст оргилоос эх аван сүрлэг хадан хавцлыг хага зүсэн буух Альпийн нурууны олон зуун хүрхрээ шиг шуугин одсон ч тэрээр амьд хэвээр, бусдын зүрхэнд зохиол бүтээлээрээ үргэлж оршиж, хөнгөн таягаар чулуун шат товшин алхаж явсан газар, хуруун завсраа бийрээ бариад зураг зурахаар тухалж суусан дэвсэг болгоноо өөрийн нэртэйгээ мөнхөлжээ.
Хэзээ нэгэн цагт Герман-Швейцарын алдар зохиолч, Херманн Хессегийн хөшөөний дэргэд зураг татуулан зогсох өдөр ирнэ гэж боддог байлаа. Гэтэл түүний гэр музейд зочилж, өсөж торнисон байшингийн үүдэнд зогсоод зураг татуулж, “Талын чоно” романаас нь сэдэвлэсэн жүжгийг үзэж, зохиолоо дуусгасан зочин буудлын дэргэдүүр хээв нэг алхаж явах юм гэж ерөөс төсөөлж байсангүй. Ер нь төсөөлөөгүй, мөрөөдөөгүй бүхэн амьдралд учрал нэхэн гүйцэж ирээд сайхныг мэдрүүлдэг бололтой. Урласан зүүдээ биелүүлэхээс илүү мартах нь элбэг байдаг шиг...
“Зарим хүнд цовоо цолгиун амар мэндийн үгс хэрэгтэй, зарим хүнд тайван дөлгөөн харц хэрэгтэй бол, заримд нь ганцаар амарлин баясалгах цаг хугацаа хэрэгтэй байдаг аж”.
Херманн Хессе “Август”Г.БАДРАХ: ЗААЛАНД БАРИЛДАЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД БҮГДЭЭРЭЭ ЧАНГА ӨРСӨЛДӨГЧИД
Монгол Улсын өсөх идэр харцага, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хан Хэнтий аварга дэвжээ, Хилчин спорт хорооны бөх Г.Бадрахтай ярилцлаа. Тэрбээр 2022 оны 1024 бөх зодоглосон улсын баяр наадамд зургаа давж улсын харцага цолны болзлыг хангасан билээ. Үүгээр зогсохгүй түүний дараа жил нь буюу 2023 оны улсын баяр наадамд тав шөвгөрч “өсөх идэр харцага” хэмээх чимэг нэмсэн билээ.
Тэрбээр өнөө цагийн өнгөнд барилдаж байгаа идэр харцагуудын нэг бөгөөд өргөөнд зохиогдсон энэ жилийн барилдаануудад хоёр түрүү, дөрвөн үзүүр хүртээд байгаа хүчтэн юм.
...Тухайлбал, идэвхээр хасдаг бол таалагдахгүй байна. Ямар нэгэн байдлаар хоёр бөх давалцаасай л гэж боддог юм. Шинэлэг болгох гээд л үзээд байна л даа. Ямарваа нэгэн байдлаар давалцах л хэрэгтэй. Үндэсний бөх чинь жудо юм уу, чөлөөт бөх биш байхгүй юу.
МУ-ын өсөх идэр харцага Г.БадрахОЛЕГ БРАГИНСКИЙ: ГОЁМСОГ МАШИНТАЙ БОЛОХЫГ МӨРӨӨДӨХ, ЛАС ВЕГАС РУУ ЯВАХ МӨНГӨ ХУРИМТЛУУЛАХААС ИЛҮҮ ТОМ ЗОРИЛГО ТАВЬЖ, АМЖИЛТАД ХҮРЧ, АВТОМАТААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ, АЛДАР НЭР АРВИН ИХ БАЯЛАГ ЭЗЭМШИХ БОЛОМЖ БИЙ
Сүүлийн жилүүдэд траблшутер, траблшутинг гэсэн үгс ялангуяа бизнесийн хүрээнийхний дунд өргөн дэлгэрч олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ цагийн сонирхолтой хүмүүсийн нэгээр тодрон, сүүлийн үед ихэд алдаршиж буй мэдээллийн технологийн инженер Олег Брагинскийтэй BBC телевизийн сурвалжлагч уулзаж траблшутер, траблшутингийн талаар ярилцсан байна.Түүний энэ чиглэлээр хийж буй ажил бусдад урам зориг өгч, амжилтад хүрэхэд тусладаг гэж нэр хүндтэй, нөлөө бүхий хүмүүс үздэг.
Залуу байхад трамплинаас үсэрч байгаа юм шиг дорхноо амжилт олно гэж бодох үе байдаг. Оюутнууд карьерээ ахиулах үйл явц урт удаан хугацааны нарийн түвэгтэй ажил гэдгийг сургуульд байхдаа ойлгох нь чухал. Диплом, гэрчилгээ бол таны сургуульд сурсныг нотлох баримт. Харин ажилдаа дадаж, хийж бүтээх нь насан туршийн хөдөлмөр.
Технологийн инженер Олег Брагинский