Жинхэнэ монголын, жингэнэсэн өвлөөр уншигч тантай шинэхэн дугаараа дэлгэн мэндчилж байна.
Энэ удаа ч сэтгүүлийнхээ үнэнч уншигчдад сонирхолтой ярилцлага, нийтлэлүүд уншуулахаар бэлтгэлээ.
Манай редакцын хувьд үнэн зөв, бодитой, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн агуулгыг уншигчдадаа хүргэхийг нэг номерт тавин ажилладаг. Тийм ч учраас та бүхэн манай сэтгүүлээс дутуу дулимаг зүйлийг олж уншихгүй гэдэгт итгэж болно. Ингээд та бүхэн шинэ дугаараас онцлох зургаан нийтлэлийг хүргэж байна.
Г.АЮУРЗАНА: ҮНДЭСТЭН УГСААТНЫ СОЁЛ, ОРШИН ТОГТНОХ ЭРХИЙГ ХУВЬ ХҮНИЙ ЭРХЭЭС ДООГУУР ҮЗЭЖ ИРСНЭЭ ДЭЛХИЙ НИЙТ ЗАЛРУУЛАХ ЦАГ ИРНЭ Л ГЭЖ ГОРЬДДОГ
Цоо шинэхэн дугаарынхаа хойморт Монголын уран зохиолын тод од, соён гэгээрүүлэгч Г.Аюурзаныг урьж ярилцлаа.
Түүнийг бид яруу найрагч, зохиолч, орчуулагч гээд бичгийн олон төрлөөр туурвидаг, нэр хүндтэй зохиолч гэдгийг мэднэ. Саяхан тэрээр яруу найргийн “Шидийн барилдлага” шүлгийн түүврээ уншигчдад хүргэсэн билээ. Мөн хэдхэн сарын өмнө монгол хүний ёс суртахуун, зан чанар, үүх түүх, үндэстний хуваагдал болоод бидний амьдралд тохиолддог олон зүйлсийг бусдын нийтлэг ойлголтоос салгаж цэвэр үндэсний үзэл санаатай уялдуулан бүтээсэн “Монгол хүн” гурван боть номоо мөн худалдаанд гаргасан юм.
Монголын уран зохиолын шинэчлэлийн тэргүүн эгнээнд 30 жил манлайлал тээж яваа, орчин цагийн хамгийн олон уншигчтай, хүчирхэг зохиолчийг та бүхэнтэй уулзуулж байгаадаа баяртай байна.
AI ЭРИН ҮЕ БА ҮНДЭСНИЙ ОЮУНТӨРӨГЧ
Өдөр бүр дэлхий даяар хүмүүны амьдрал хувьсан өөрчлөгдөж, цоо шинэ ирээдүй бий болох нөхцөл бүрдэж байна хэмээн бид ярьдаг. Энэ нь үргэлж технологийн дэвшил, шинэжлэх ухаан, биологийн шинэ шинэ нээлтүүдтэй холбоотой. Яг энэ үед хамгийн ихээр хүчээ авсан сэдэв, хүний амьдралын хэмнэлд цоо шинийг бий болгож буй технологийн ололтын нэг бол AI.
Манай сэтгүүлийн хамт технологийн чиглэлээр мэргэшсэн, монголын голлох гүйцэтгэгч мэргэжилтнүүдийн нэг болох Кибер аюулгүй байдлын олон улсын эксперт С.Баясгалангийн нийтлэлийг уншигчдадаа хүргэж буй билээ.
Б.НАМИНЧИМЭД: БИД ХАВТГАЙ, МАЗААЛАЙ ЗЭРЭГ ХОВОР НАНДИН АМЬТДЫНХАА АМЬДРАХ ОРОН ЗАЙГ ТЭЛЖ ЧАДДАГГҮЙ ЮМ АА ГЭХЭД ХОРООДОГГҮЙ БАЙМААР...
Нарансэвстэй боомтыг дахин байгуулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Уг асуудлаар нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяа залуу үеэ тэргүүлэн өргөдөл гаргасан юм. Албаныхны зүгээс тус боомтыг нээх нь эдийн засгийн болон газарзүйн байрлалын хувьд эерэг үр нөлөөтэй хэмээн үзэж байгаа бол нөгөө талдаа Монгол Улс Дэлхийн өвд бүртгүүлэхээр зэхэж буй өвөрмөц эко систем бүхий говийн дархан цаазат газар, тэдгээр бүсэд нутагладаг ховор ан амьтдын амьдрах орчин сөрөг нөлөөтэй хэмээн судлаачид хэлж байгаа билээ. Энэ талаар Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа.
ДАЙН ЗОГССОН Ч АСУУДАЛ БҮРЭН ШИЙДЭГДЭЭГҮЙ
Өнгөрсөн өдрүүдэд Израилын тал Хамас бүлэглэлийн хооронд байгуулсан энхийн хэлэлцээрийн эхний үе шат хэрэгжиж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Хоёр тал барьцааны хүмүүсээ хэвийн байдалд солилцож, Палестины дүрвэгсэд газар нутагтаа эргэн ирж байгаа нь сайн хэрэг юм гэжBBC-гийн сэтгүүлч Жоэл Гантер мэдээлжээ.
Гэхдээ ялангуяа Хамасыг террорист бүлэглэл гэж үздэг барууны орнууд энэ хэлэлцээрийг шүүмжилдэг. Хамас бүрэн устаагүй одоо хүртэл Газын зурвасыг хянаж байгаа тул энэ газар нутгийн асуудлыг бодитой харж шийдвэрлэх ёстой гэж барууны улс төрчид үзсээр байна. Тэгээд ч нэг үе Ойрх Дорнодыг бүхэлд нь хамарч болзошгүй байсан дайны аюулын хар үүл бүрэн арилаагүй байгаа цагт баярлахад эрт байна.
АНДРЕЙ КУРКОВ: ДУРСАМЖ ХЭЗЭЭ Ч СААРАЛ БАЙДАГГҮЙ
“Саарал зөгийнүүд” бол эдүгээ дэлхийн улс төрийн зөрчил мөргөлдөөний хамгийн эмзэг цэг болоод буй Орос, Украйны зөрчлийг халуун шугамаас нь уудлан бичсэн, чингэхдээ уран сэтгэмж, бараан хошигнол, гашуун егөө сэлтээр мөнхүү зөрчлийн наад цаадхыг ухахдаа ухаж, эерүүлэхдээ эерүүлж чадсан тун онцгой бүтээл юм. Андрей Курков өөрөө Орост төрсөн, орос хэлээр бичдэг, украйн зохиолч мөний хувьд асуудлыг аваа өгөөтэй, тэнцвэртэй бичиж чаджээ.
Ийнхүү бид шинэ дугаартаа Курковын номынхоо өмнөтгөлд зориулан бичсэн нийтлэлийг тус зохиолын хамтран орчуулагч Б.Дэлгэрмаагийн хөрвүүлснээр уншигчдадаа хүргэлээ.
ДЕКАМЕРОНЫ ГУДАМЖ УРУУДААД...
Маргааш руу, түүний цаадах ирээдүйг зорих цаг хугацааны эрхэнд орохгүйг хичээн эртний уран барилгачдын урласан гантиг чулуун шатан дээр хэсэг азнасхийв. Олон зуун жуулчин хөлхсөн гантиг чулуун талбай яагаад ч юм уйтгар төрүүлнэ. Үүх түүх, суу билгийн дээгүүр олон сая хүн тоохгүй гишгээд өнгөрөх шиг, би ч бас тэр л суу билиг дээр зогсоод утасныхаа камерийг асаан орчныг зураглаж байсан агшны өмнөхийг эргэн саналаа. Яг одоо би дундад зууны Итали орны хамгийн хүчирхэг асан хотуудын нэг Миланы төв талбайн голд, тус хотын хамба Марио Делпинигийн сэнтий дотор нь байрлаж буй Дуомо ди Милано буюу 500 жилийн түүхтэй католик сүмийг ширтэн сууна.