Удирдлагын академийн 17 дахь захирал, Монгол Улсын гавьяат багш, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Т.Лхагваатай ярилцлаа.

-Та Удирдлагын академийг Улсын Бага хурлын дэргэдэх Төр, нийгмийн судлалын академи нэртэй байхад багшилж байсан шүү дээ. Тэр цагаас таны намтар энэ сургуультай холбогдсон байх аа? 

-Тэгсэн. Би Төр, нийгмийн судлалын академи байхад нь1991-1992 онд энэ сургуульдаа багш, эрдэм шинжилгээний ажилтан байлаа. Нийгэм солигдоод удаагүй, улс орон зах зээлийн системд дөнгөж хөл тавьж, шинэ Үндсэн хуулиа баталсан тийм нэг шилжилтийн үе таарсан. Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль байх үед элссэн сонсогчид маань Улс төрийн дээд сургууль, Төр, нийгмийн судлалын академи гээд нийгмийн шилжилтийг дагаж сургуулийн нэр бүтэц солигдох тоогоор гурван ч сургууль дамжиж төгсөж байлаа. Хуучин сурах бичиг, хичээлийн хөтөлбөрүүдийг хэрэглэх боломжгүй болж, багш нар маань өөрсдийн хүчээр гаднын сурах бичгүүд орчуулж хичээлдээ ашиглаж байсан үе л дээ.

 

-Тэгээд та өөр ажилд шилжиж, 13 жилийн дараа дахиад сургуульдаа захирлаар очжээ. Тус сургуульдаа хэдэн жил, ямар ажил хийсэн бэ?

-Тийм байна, 13 жилийн дараа буцаж очиж. Академийн захирлаар 2005 оноос 2008 оны зургаадугаар сар хүртэл ажилласан. Тэгээд дараа нь 2008-2010 онд тус сургуулийн Удирдлагын бодлого судлалын хүрээлэнгийн захирал, 2010-2012 онд Захиргааны сургуулийн (коллеж) захирлаар ажилласан даа.

-Коллеж гэдэг нь салбарласан сургуулиудтай байсан гэсэн үг үү?

- Бүрэлдэхүүн сургуулийн статустай сургууль, Захиргааны сургууль гэдэг нэртэй байсан. Сургалтаас гадна бакалаврын түвшний сургалт явуулдаг сургууль юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс 100 гаруйг элсүүлж дөрвөн жил сургаж төгсгөж байлаа. Дахиад элсэлт авалгүй хаачихсан л даа. Уг нь чухал сургалт байсан, тэр төгсөгчид бүгдээрээ төрийн захиргаа, нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж байгаа шүү дээ. Сурах бичгүүд шинээр бэлтгэж гаргаж байсан. Тэгээд 2012 оноос 2018 он хүртэл Зөвлөх профессороор багшилсан даа. 

-2012-2018 он гэхээр та Үндсэн хуулийн Цэцийн гишүүн байсан үе үү, та хэзээ Цэцийн гишүүн болсон билээ?

-Би 2012-2018 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажилласан, тэр үедээ зөвлөх профессор гэсэн статустайгаар багшилж байлаа. 

-Сургуульдаа ямар хичээл зааж байв?

“Монголын төр, захиргааны бодлогын уламжлал, шинэчлэл” гэдэг хичээл шинээр үүсгэж, заасан.

-Таны энэ хичээлийг сонсогчид их сонгодог, маш сонирхолтой хичээл байсан гэж ярьдаг юм билээ. Энэ талаараа та дурсана уу?

-Юуны урьд энэ хичээлийн сэдэв, агуулга цоо шинэ. Заах арга нь ч таалагддаг байсан байх. Түүх гэдэг хэдэн тоо, баримтын цуглуулага биш, түүхэн үйл явдлын учир шалтгааны нэвтэрхий толь байдаг тул би хичээлээ учир зүйн шинжилгээний аргаар заадагтай холбоотой байсан байх гэж боддог. Ер нь түүхээ бодитой, үнэн зөв мэдэж байх нь хувь хүн ч, төр түмэн ч сул дутуугаа гүйцээж, алдах осолдох эрсдэлээс зайлсхийх боломжтой болгодог. Бидний түүх бол цаглашгүй баялаг боловч нэн харамсмаар үйл явдлаар дүүрэн шүү дээ. Тэгэхээр сэхэж сэрвийж явсан үеэсээ суралцаж, унаж уруудаж байснаараа сургамж авч байх шаардлагатай юм даа. 

Манайханд дээр доргүй нэг том сул тал байдаг шиг. Юу гэвэл өнгөтэй өөдтэйгээ минийх гээд, алдсан эндсэнээ бусдаас болсон гэж үздэг. Гэтэл сайн муу, сайхан муухай бүгд биднийх байдаг. Яахав, ядрах үед гадаад их гүрнүүдийн нөлөө их байдаг ч өөрийгөө аваад явах чадваргүй болтлоо доройтсон нь бидний л муугийнх. Өөрөөр хэлбэл, энэ бүхний шалтгаан нь бид өөрсдөө, бүгд л дотоодоосоо хамааралтай юм. А.Амар “Монголын түүх” (1934 он) номдоо “Сайн ч миний багш, муу ч миний багш” гэсэн Чингис Богдын үгийг эшилсэн байдаг. Энэ хандлагын ач холбогдол өдгөө ч улам үнэ цэнтэй хэвээр л байна. 

-Та Удирдлагын академитай 20 шахам жил холбоотой ажилласан хүн.  “Удирдлагын академи (түүхэн товчоон)” гэсэн номыг 2009 онд бичиж,  зургийн альбом гаргасан байдаг. Одоо 100 жилийн ойн номд 1911-1953 оныг хариуцаж бэлтгэжээ. 1911 он гэхээр сургуулийн түүх нэлээд урагшилж таарах нь ээ. Энэ бүхэнд тулгуурлаад сургуулийн түүхтэй холбоотой сонирхолтой зүйлүүдээс хүүрнэвэл сонин байна? 

-Богд хаант Монгол Улс байгуулагдсанаас 1924 он хүртэлх үеийн төрийн түшээдийг бэлтгэж ирсэн хэсгийг оршил маягаар оруулсан юм. Тэр дундаас хэдхэн зүйлийг товчхон тэмдэглэе. Нэгд, Энэ сургуулийн бүхий л түүх бол төр, улс төр, нийгмийн удирдах ажилтан, үнэндээ манлайлагчдыг бэлтгэсэн түүх. Тэр цагийн баримт бичгүүдэд “шилдэг, боловсронгуй хүмүүс” бэлтгэх зорилго тавьж байсан байдаг. Нийгэм маань ягтталаа дордсон байсан шүү дээ, иймд нийгэм, ард олныг сэрээх, гэгээрүүлэхийн тулд үлгэрлэх шаардлага байсан, үүнийг тус сургууль үндсэнд нь гүйцэтгэсэн байдаг. Тэгэхээр энэ сургууль бол нэг байгууллага төдий биш, Монголыг бүхэлд нь гэгээрүүлэхэд шавь нараараа дамжуулан оролцсоноороо түүхэн үүрэг гүйцэтгэсэн.

Нам энэ сургуулиа шууд дэргэдээ авч түүгээр бодлогоо хэрэгжүүлэгчдийг бэлтгэсэн, түүгээр ч барахгүй өөрсдөө шууд оролцон багшилж, гардан зохион байгуулж байв. Энд Ц.Дамбадорж, Ю.Цэдэнбал нарыг дурдахад хангалттай. Ю.Цэдэнбал л гэхэд 1940-1953 он хүртэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа Шинэ хүчний дээд сургуулийг байгуулж, элсэгчдийг бэлтгэж, төгсөгчдийг томилох ажлыг биечлэн хариуцаж, хичээл зааж, тэнхим удирдаж байлаа. 1941-1953 онд Намын Төв Хорооны тэргүүлэгч, Улс төрийн товчооны гишүүд бүгд тус сургуулийн багш, кабинет болон тэнхимийн эрхлэгч, эрдмийн зөвлөлийн гишүүд байсан.

Хоёрт, Сургуулийн хөгжил нь цаг үеийн шаардлагатай шууд уялдсан байв. Хаана нэг шинэ зорилт дэвшигдэнэ, түүнийг газар дээр нь хэрэгжүүлж, манлайлагч нь тус сургуулийн төгсөгчид байв.

Гуравт, тус сургууль анх 1953 онд бүрэн дээд сургуулийн диплом олгож эхэлсэн. Үүнээс өмнөх 30 жилийн бэлтгэл үед ихэнхдээ ерөнхий эрдмийн сургалт нь боловсронгуй манлайлагч төлөвшүүлэх шаардлагатай хосолж байж. Иймээс тус сургууль чанд хатуу дэг, ёсыг баримталдагаараа онцгойрдог, үүгээрээ ч чанартай зохион байгуулагчдыг төрүүлдэг байв. 

Тус сургуулийн төгсөгч Ц.Элдэв-Очир, Т.Рагчаа, С.Удвал, С.Жалан-Аажав, Ц.Балхаажав, Д.Дамба нар том дарга нар унтаж амрахаас бусад хугацааг цаг минутаар нь тогтоосон дэг журам, өглөө, оройн жагсаал, цэргийн сургалт, ариун цэвэр, биеэ авч явах дэглэмд сурч дасах гэж халшран үйлээ үзэж байсан, сүүлд энэ нь ажил амьдралд ямар гайхмаар ач тус болсныг дурссан байдаг. Энэ бүхэн нь суралцагчдыг хувь хүний хувьд төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ. 

Дөрөвт, 1921 оны хувьсгал үүсэх тэр л цагаас намын сургууль байгуулах асуудлыг эхлүүлж, 1923 онд анхны түр сургууль байгуулан хичээллүүлж, анхны 60 төгсөгчдийг орон нутагт засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлт хийх ажилд дайчлан оролцуулсан. Тэгэхээр сургуулийн үүслийг урагшлуулж болмоор санагддаг.

-Тус сургууль 100 жил Монголын удирдлагын бүх түвшний хүмүүсийг бэлтгэж ирлээ. Энэ хооронд түүхийн нугачаа, нийгмийн солигдол, их зүйл таарсан шүү дээ. Тэгвэл тэртээ цагийн улс төрийн хэлмэгдэл, нугалаа, завхралд сургууль төгссөн хүмүүсээс хэр оролцож байсан юм бол? 

-Сургалтын агуулга бүхэлдээ намын бодлогоос хамааралтай байсан. Манай багш, төгсөгчид төр, нийгмийн үйл хэргийг бүхэлд нь удирдах хэрэгт оролцож байсан нь тэдний эзэмшсэн мэдлэг чадварын үр дүн, гэхдээ намын бодлогод гарч байсан буруу, дутуу зүйл бүхэлдээ сургалтын агуулгад тусч байсан нь ч үнэн. Энэ сургууль дандаа улс төр биш, голлож шинжлэх ухаанаар шавь нараа цэнэглэдэг юм шүү дээ. Монгол орны хөгжиж дэвшсэн түүхтэй түүнийг удирдаж явсан, удирдлагын ухаанаар мэргэшсэн манай төгсөгчид холбогддог. Эдний дундаас хэдэн зуун Хөдөлмөрийн баатар, алдар цолтнууд төрсөн. Л.Дандар, Ш.Гонгор зэрэг Улсын баатрууд эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалж явсан офицер, дарга нараас олон зуун хүн энэ сургуулийн бүтээгдэхүүн байдаг. 1937-1939 оны улс төрийн хэлмэгдлийн үед Дотоодын хамгаалах газрын орлогч Гиваапил зэрэг тус сургуулийн төгсөгчид улаан хядлагыг эсэргүүцэж өөрсдөө хэлмэгдсэн байдаг. Энэхүү цуст яргалалд ч хожим улс төрийн бодлого дахь алдаа эндэгдлийн эсрэг үг хэлж зүрхэлсэн олон арван багш, захирлууд хэлмэгдсэн юм. Гэхдээ сургуулийн төгсөгчид бүхэлдээ өө сэвгүй байсан гэж  бас маргах боломжгүй л дээ. 

-Та захирал байхдаа юунд анхаарч, ямар ажил голлон хийж бүтээсэн бэ?

-Академи бол сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, захиргааны удирдлага нь Засгийн газар талдаа, сургалтын агуулга, хэлбэр, арга зүйн удирдлага нь Боловсролын яаманд байдаг. Сургуулийн захирлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга томилдог, сургалтын стандарт, төлөвлөгөө хөтөлбөр, Эрдмийн зөвлөл (эрдмийн зэрэг хамгаалуулах)-ийг Боловсролын асуудал эрхэлсэн сайд баталдаг, иймээс аль аль талынх нь шаардлагад нийцүүлэн ажилладаг байсан. Энэ чиглэлээр сургалт, судалгааны ажлын зохион байгуулалт, стандартын асуудлаар 10 гаруй журам боловсруулан гаргаж мөрдүүлсэн. Сургалтын агуулгыг сайжруулах, багш нарыг эрдэмжүүлэх чиглэлд анхаарч, сурах бичиг бичүүлэх, эрдмийн зэрэг, цол хамгаалуулахад анхаарсан. Миний ажилласан хугацаанд Ч.Энхбаатарын “Үндсэн хуулийн эрх зүй”, Ж.Оюунцэцэгийн “Toefl”, Ц.Гунгаанямбуугийн “Санхүүгийн бүртгэл, шинжилгээ, аудит”, В.Өлзийбаярын “Олон улсын бизнесийн менежмент”, Б.Уранцэцэгийн “Ажилтан, албан хаагчид ногдуулах хууль зүйн хариуцлага: Онол, хууль, практик”, Д.Цэрэндоржийн ”Хүн төвт менежмент”, М.Мөнхболдын “Ипотекээр баталгаажсан үнэт цаасны зах зээл”, Б.Энхбайгалийн “Монголын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн загвар боловсруулах нь”, Ц.Гунгаанямбуугийн “Санхүүгийн тайлагналын үндэсний стандартын үзэл баримтлал, зарчим”, “Менежерийн эдийн засаг”, Д.Цэрэндорж, Б.Энхбайгалийн “Төрийн албан хаагчийн үүрэг, түүнд нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээ”, Р.Вандангомбын “Төрийн албаны ёс зүй”, Т.Саранчимэг “Албан хэрэг хөтлөлт”, П.Увш, Б.Хэрлэн нарын “Байгууллагын зан үйл”, Д.Доржжавын “Бие дааж сэтгэл зүйд суралцах нь” зэрэг сурах бичиг, нэг сэдэвт зохиол хэвлэгдэн гарч байлаа. Энэ хугацаанд багш М.Мөнхболд, Ц.Гунгаанямбуу, С.Зулпхар, Л.Отгонтуяа нар докторын зэрэг горилсон бүтээлүүдээ хамгаалсан. Захирал гэдэг чинь эдгээр бүтээлийг Эрдмийн зөвлөл, захиргаагаар хэлэлцэх асуудлыг удирддаг хүн шүү дээ. 

Захиалгат судалгаа гэж багш нарыг судалгаанд оролцуулах чухал хэлбэр байдаг. Энэ хугацаанд “Төрийн албан хаагчийн мотиваци, түүнд үзүүлэх хүчин зүйлийн шинжилгээ”, “Төрийн үйлчилгээг оновчтой хүргэх арга зам”, “Гүйцэтгэх удирдлагын хэрэгжилтийн байдал”, Г.Цогтсайхан, Н.Наранчимэг нарын “Төрийн албаны сургалтын хэрэгцээ”, Г.Энхбаярын “Төсвийн шинэчлэл, төсөв захирагчийн эрхийн хэрэгжилт”, Р.Вандангомбын “Төрийн албаны ёс зүй, эрхэмлэл: Шинжилгээ, дүгнэлт”, Б.Чимэдийн “Дундаж сумын загвараар сумдын бие даан хөгжих боломж”, Я.Бямбасүрэнгийн “Төрийн албан хаагчийн сахилгын зөрчил, шийдвэрлэх арга зам”, Д.Цэрэндоржийн “Төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчдыг төлөвшил, өнөөгийн байдал, хандлага” зэрэг 24 сэдвээр судалгаа хийж тайлан бичсэн, ном товхимол гаргасан юм. Академийн хүрээлэнгээс жил бүр бүтээлийн эмхэтгэл хэвлүүлж байсан.

-Тэр үед сургалтын үйл ажиллагааг хэрхэн явуулж байв?

Энэ үед ер нь университет маягаар дөрвөн шатлал бүхий сургалт явуулдаг байсан, магистр, доктор,  дипломын дараах менежерийн сургалт зэрэг. Магистрын сургалтыг төрийн захиргаа, бизнес, нийгмийн удирдлагаар төрөлжүүлэн бэлтгэж байв. Жилд л хэдэн зуугаар нь сургаж төгсгөж байсан даа.  

-Таныг Удирдлагын академийг багийн даргын сургууль болголоо хэмээн шүүмжилж байсан даа. Яг юу болсон юм бэ?

-Тийм л дээ, би сум, хорооны Засаг дарга нарын сургууль, сургалт зохион байгуулсан юм. Үүнийг л тэгж хэлээд байгаа юм. Урьд нь, 2001 онд Монгол Улсын Засгийн газраас сум, орон нутгийн захиргаа, нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх тухай тогтоол гаргасан юм билээ. Энэ хүрээнд Ш.Түдэв захирал сургалт зохион байгуулж байсан. Миний үед ч ийм сургалт хийх хэрэгцээ онцгой их байсан, хүсэлт ч байв. Ингээд богино хугацааны сургалт хийсэн, ач тусаа ч өгсөн л дөө. Анхан шатанд ажиллах хүмүүст мэдлэг, боловсрол чухал биз дээ. Тэрнээс болж ийм шүүмжлэл сонсож явлаа. 

-Удирдлагын академи цэвэрлэгч, үйлчлүүлэгчдээ хөөгөөд гаргачихсан, Т.Лхагваа өөдгүй этгээд гэж нэг хэсэг ярьж байв? 

-Бас л Засгийн газрын шийдвэрээр хийсэн ажил шүү дээ. Монгол төрд хэдэн мянган үйлчилгээний ажилтан бүхий 5000 гаруй байгууллага байдаг, цалин хангамж муутай, иймээс тэдний хөдөлмөрийг чөлөөлөх шаардлага, хэрэгцээнээс үндэслээд Засгийн газар ийнхүү шийдсэн, энэ бол зөв шийдэл байсан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх гэж оролдсон цорын ганц байгууллага нь манай Академи. Бид нэлээд судалж, туршиж үзсэн, бас ажилчиддаа ч ойлгуулсан. Тэд нэг байгууллагад уягдчихсан, өдөрт цөөхөн цаг ажилладаг. Тэгж нэг газарт уяатай байхаар илүү цагаа өөр газар ажиллаад, нэмэлт орлого олоод зохион байгуулалтад ороод, үр бүтээлтэй болгож болох байсан. 

Ингээд гэрээт ажилчид болгоод нэгдсэн зохион байгуулалтад оруулаад шийдчихсэн. Үүнийгээ би буруу, муу зүйл хийчихсэн гэж боддоггүй. Энэ ажил эхлээд 20-иод жилийн нүүр үзэх гэж байна. Уг нь улс даяар хийчихсэн бол их чухал ач тустай байх байсан юм. 

-Зайны сургалт гэж нэг ажил нэлээд өрнөж байсан шүү дээ. Одоо явж байгаа юу?

-Одоо нэлээд саармагжсан байх аа. Урьд нь байсан, би өргөтгөсөн, Ховд, Хэнтий, Орхон аймагт Удирдлагын академийн салбар сургууль шинээр нээн ажиллуулсан. Сургалтыг биечлэн болон зайнаас зохион байгуулдаг болсон. Багш нар томилолтоор ажиллаж байсан. Уг нь орон нутагт ажиллаж буй хүмүүсийг ажлаас нь хөндийрүүлж нийслэлд бөөгнүүлэхгүй, цаг зардал хэмнэсэн, олон хүн хамруулж болох ажил байсан юм. Гадаадад байгаа Монгол залуучуудаас сурах сонирхол ч их, боломжийг нь нэмэгдүүлсэн арга хэлбэр байсан даа. 

-Багш нар бол сургалт гэх үйлдвэрлэлийн гол цөм шүү дээ, энэ талаар та юу хэлэх бол?

-Багш нараа идэвхжүүлэх, чадавхижуулахын тулд сургуулийн захиргаанаас нэлээд чармайлт гаргасан санагддаг. Юуны урьд өөрийн заадаг сэдвийн дагуу гарын авлага, сурах бичигтэй болгох, захиалгат судалгаанд оролцуулах, заах сэдвийн дагуу сургуулийн захиалгаар судалгаа хийлгэх, ингэхдээ төслийг нь баталж санхүүжүүлээд үр дүнг нь хүлээн авдаг ажиллагаа зэргийг нэрлэж болохоор байна. Тэр үед сургууль дээр хоёр эрдмийн зөвлөл байсан, одоо ч буй, нэг дэх нь сайдын тушаалаар баталдаг удирдахуйн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулдаг зөвлөл, нөгөөх нь сургуулийн захирлын тушаалаар байгуулагддаг эрдмийн дотоод зөвлөл юм. Хоёуланг нь захирал удирдана. Дотоод зөвлөл багш нарын эрдэм судалгааны бүх ажлыг хэлэлцэж хүлээн авдаг байсан. Энэ зөвлөл ачаалал ихтэй, бүх ажил үнэлгээтэй уялддаг учир хариуцлагыг чухалчилдаг. Сургалтын агуулга, үр дүнг сургалт арга зүйн зөвлөл хариуцдаг байсан. Багш нарын ширээний теннисний секц, клубыг хүртэл байгуулж үзсэн дээ. 

-Та нарын ачаалал их байсан байх. Ер нь боловсролын байгууллагыг удирдахад хэцүү юу?

-Боловсролын удирдлага гэдэг тун яггүй өвөрмөц юм билээ. Би Урд нь Төрийн Захиргааны болон тусгай албан (гааль)-д удирдах алба хашиж байсан, тэр байгууллагын удирдлага нэлээд төвлөрсөн босоо тогтолцоотой байсан. Гэтэл дандаа эрдэмтэн мэргэдтэй оюунлаг хамт олныг удирдана гэдэг амаргүй. Тиймээс удирдлагын нэлээд либерал аргыг сонгон хэрэгжүүлсэн. Энэ нь үйл ажиллагааны бүх салаа салбар, стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгож, дотоод бүтцээр нь дамжуулан удирдах хандлага юм. Гэхдээ хамт олон удирдаж байгаа юм хойно сайн, муу, сайхан, муухай бүхэнд нь оролцоно л доо.

Миний энэ арга барил багш нарт зохих хэмжээгээр таалагдсан байх. Одоо ч ам муутай хүн тааралддаггүй юм. Үүнд нь сэтгэл хангалуун явдгаа нуугаад яах вэ. Харин удирдлагын багаа би үнэхээр шилдэг нь байсан гэж боддог. Дэд захирал Ш.Түдэв, бүрэлдэхүүн сургуулийн захирал Д.Цэрэндорж, П.Увш, Я.Шуурав, Н.Наранчимэг, сургалтын албаны дарга Р.Бадралмаа, тэнхимийн эрхлэгч Р.Вандангомбо, Д.Ганбаатар, Н.Нарандэлгэр, Ч.Энхбаатар, Б.Энхбайгаль, Г.Энхбаяр, хүрээлэнгийн захирал Г.Лхагвасүрэн нарыг нэрлэхэд таатай байна. Багш нар ч Монголынхоо шилдэг докторууд учраас нэр цохоход хэцүү, бүгдээрээ оюунлаг мэргэжилтнүүд байсан. Одоо ч зарим нь хичээлээ заасаар, эрдэм түгээсээр гялалзаж явна.

Бидний шавь нар улс орны удирдлагын бүх түвшинд, бизнесийн салбарт ч нэр төртэй ажиллаж яваа, тэдгээрийг тоочиж баршгүй. Тэд хууль тогтоож, сайд, Ерөнхий сайдын алба хашиж, улс төрийн намуудыг удирдаж явсан, явж ч байгаа. Бүх аймаг, дүүрэг, хот, сум, баг, хорооны Засаг дарга нар бараг бүхэлдээ бидний шавь гэж бодохоор манайхан муугүй бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ хэмээн сэтгэл өег байхаас өөр аргагүй.

-Танай шавь нараас авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн байна уу?

-Мэдээлэл сонсож байхад харин ч бидний шавь нараас ийм тийм гэмт хэрэгт холбогдож чих халууцуулах нь бараг байхгүй, энэ бол үнэндээ бахархал.

 

-Танай багш нар их хэмжээний бэлэн мөнгөөр шагнуулдаг байсан гэж сонссон, энэ юу байсан юм бэ?

-Тийм ээ, багш нарт дэмжлэг үзүүлэх фондтой байсан, үүний зарцуулалтыг л хэлж байгаа байх. Сургуулийн захирлын зөвлөлөөр баталсан журам, шийдвэрийн дагуу  үндсэн сургалтын хажуугаар захиалгат сургалт явуулж, төлбөрийн мөнгөөрөө фонд байгуулж зарцуулдаг байв.

Үүнийг Ш.Түдэв захирлын үеэс эхэлж, Ц.Баатартогтох захирлын үед зогсоосон юм. Миний үед фонд их арвижсан, жил болгон шилдгүүдээ шалгаруулж мөнгөөр урамшуулдаг, ядарсан зүдэрсэн хүмүүстээ дэмжлэг үзүүлдэг, ном зохиол бичих, хэвлэх ажлыг санхүүжүүлдэг, бүр сүүлдээ орон сууц авахад нь хандив өгдөг болсон. Лав миний үед сургуулийнхаа хашаанд 84, 32 айлын орон сууц барих шийдвэр гаргаж, эхний урьдчилгааг бүрдүүлэхэд олон арван багш, ажиллагсдад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Сүүлийн төлбөрөө тэд банкны зээлээр гүйцэтгүүлсэн. Энэ ажлаа би буруу зүйл гэж боддоггүй, харин ч буянтай үйлс хийсэн хэмээн бахархдаг.

Тендерээ зөв дүгнэж зохион байгуулбал хямд үнээр орон сууцны асуудлыг шийдвэрлэж болдгийн нэг жишээ энэ. 1м2-ыг нь 340 мянган төгрөгөөр бариулсан шүү дээ. Эцэст нь байраа хуваарилах болоход захирлын хувьд би оролцоогүй, зөвхөн зарчмыг нь тодорхойлж өгөөд тэнхим, нэгжүүдийн хамт олны хурлаар шийдүүлсэн.Энэ арга зарчим ч хамт олонд таалагдсан, хэл үг, хэрүүл маргаан гараагүй юм даг. Эс тэгвээс эрх мэдэлтнүүд манай газрыг дээрэмдээд дуусах байсан юм.

-Бас нэг зүйл тодруулъя. Токио сангийн тэтгэлэгт сургалт гэж юу вэ. Төлбөр авдаггүй, бүр тэтгэлэг олгодог гэсэн?

-Энэ сургалт эхлээд 30 гаруй жилийн нүүр үзэж байна, одоо ч үргэлжилж байгаа. Анх Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Засгийн Газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийн захирал Д.Цэрэндорж нар эхлүүлсэн байдаг.

Японы тэрбумтан Сасакава ивээн тэтгэдэг сургалтын сан, сургалтын төлбөрийг нь тэр сангаас төлдөг, тэтгэлэг олгодог юм. Жилд төрийн удирдлагын магистрын сургалтад нэг анги бүрдүүлж, англи хэл дээр сургалт нь явагддаг байсан. Миний үед Батаа багш, Дашчойлон хийдийн хамба Дамбажав бид хамтарч энэ сургалтыг өргөтгөн бүр бие даасан сургууль болгох оролдлого хийж байсан. Сасакава ч ирсэн, санхүүжилтийг нь ч цэгцэлсэн. Үүнээс хойш овоо зүгширсэн дуулддаг.

-Гадны байгууллагууд танайд тусалдаг байв уу?

-Олон орны сургалтын байгууллагатай харилцаатай. 2005-2008 онд БНХАУ-ын Засгийн газрын захиргааны сургууль, БНСУ-ын Инчён, Дэгүгийн их сургууль, Японы Ази-Номхон далайн их сургуультай шинээр харилцаа тогтоосон. Логоди (БНСУ-ын захиргааны сургууль)-д багш, мэргэжилтэн явуулж сургадаг уламжлалаа үргэлжлүүлсэн, АНУ-ын Хавайн их сургуультай ажил хэргийн сайн харилцаатай байсан. Гадны олон хүнийг хүндэт доктор болгосон. Энэ нь хариуцлагаа өргөтгөхөд дэм үзүүлсэн чухал хэлбэр байсан юм.

Миний хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт байхдаа Швед, Герман зэрэг орны холбогдох байгууллагын төслийг тус Академи дээр хэрэгжүүлэх шийдвэр гаргаж дэм үзүүлэх гэж оролдож л байлаа.

-Зуун жилийн түүхт ойг тохиолдуулж шавь нартаа хандаж ямар үг хэлэх вэ? 

-Молхи миний хувьд эх орон, нутаг усандаа хайртай. Иймээс худал хэлэхгүй, хулгай хийхгүй байж өгсөн үүрэг даалгаврыг нь нэр төртэйхэн шиг гүйцэтгэхсэн гэж чармайж ирсэн. Энэ л миний улс үндэстнийхээ оршихуйд оруулж буй хувь нэмэр болов уу гэж ойлгодог. 

Төгсөгчдөдөө хандаж хэлэхэд Та нарын үлгэрлэл, манлайлал тун дутмаг харагдах юм. Манай төгсөгчид дандаа төр барилцдаг хүмүүс. Монголчууд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг, энэ нь бүх зүйл чамаас, өөрөөс чинь хамаарна гэсэн үг. Үүнийг улс орны хэмжээнд дэлгэрүүлэн авч үзвээс сайн муу, сайхан муухай, бүгд дотоод шалтгаантай гэсэн хэрэг. Энэ үг төрд, төрийн түшээдэд илүү хамаатай юм. Шалтгаалцлын энэхүү зарчмыг үл мөрдөх аваас Мөнх тэнгэр таалахаа болих нигууртай, өөрөөр хэлбэл, устах мөхөх тал руугаа гэлдэрнэ. Иймд оройтоогүй дээрээ ухаарагтун гэмээр санагдана.

Ярилцсан Д.Оюунцэцэг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав