МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан, “Miss Universe Mongolia - 2023”тэмцээний ялагч З.Номинзултайярилцлаа. Дэлхийн хэмжээний гоо бүсгүйчүүдийн тавцанд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор явах гэж байхад нь бид түүнтэй уулзсан юм “Miss Universe” бол дэлхийн бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, авьяас чадвар, соёлын төлөөллөөр өрсөлддөг уламжлалтай, гоо сайхны салбарын хамгийн нэр хүндтэй, тэсэн ядан хүлээдэг тэмцээн юм.

-Манай редакцын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Монголдоо тэмцээнд түрүүлж, дараагийн шат буюу дэлхийн тайз руу улсынхаа нэрийг гаргахаар мордох гэж байна. Сэтгэгдэл ямар байна вэ, хэрхэн бэлдэж байгаа вэ. Эндээс ярилцлагаа эхэлье? 

-Баярлалаа, “Miss Universe-2024” тэмцээн энэ жил 73 дахь удаагаа Мексик улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тэмцээнд 130 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд өрсөлдөнө. Тэднийг нэг нь би. Эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Энэ бол дан ганц би оролцож байгаа бус Монголыг дэлхийд таниулах сэтгэл зүтгэлтэй багийн ажил. Бид амжилт гаргаж чадвал эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж таниулах боломжтой. 

-Энэ мөчид нэг зүйлийг тодруулж байж ярилцлагаа үргэлжлүүлэх хэрэгтэй санагдлаа. Уг нь бол дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрх тань түрүү жил нээгдсэн гэж санаж байна. Та “Miss Universe Mongolia - 2023” ялагч. Харин “Universe Miss - 2024”-т энэ жил явах гэж байна. Үүний шалтгаан юу байсан бэ? 

-Тийм ээ, би тэмцээнийхээ 2023 оны үндэсний ялагч болсон ч гэлээ тухайн жилийн дэлхийн “Miss Universe -2023” зохион байгуулагдах үед 18 нас хүрэхэд гурван хоног дутуу байсан. Ингээд насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар өнгөрсөн жилийн олон улсын хэмжээний тэмцээнд оролцоогүй, энэ жил явах гэж байна. 

Нэг жил хойшилсон нь давуу тал болсон болов уу. Бүтэн жил бэлтгэх хугацаа гарч иржээ. 

-Тэмцээний үеэр юу юу болох вэ?

-Тэмцээнд үндсэн гурван төрлийн хувцастай тайзан дээр гарна. Үүнд үндэсний хувцас, усны хувцастай үзүүлбэр болон үдшийн даашинзтай алхах болно. 

Ерөнхийдөө очоод шүүгчидтэйгээ урьдчилсан байдлаар нэг нэгээрээ уулзаад өөрийгөө танилцуулдаг юм байна. Жил бүр өөр өөр онцлог хуваарьтай явдаг гэсэн. Урьдчилсан шалгаруулалт финалаасаа хоёр хоногийн өмнө гарч, ТОП-уудаа тодруулдаг юм билээ. Энэ шалгаруулт дээр бүх дүн гараад бараг эцэслэгддэг.

“Miss Universe Mongolia” зохион байгуулагч, топ модель Г.Оюунгэрэл эгч, Ж.Анхбаяр ах маань сайн чиглүүлсэн. Өмнөх үндэсний ялагчидтай уулзаж, зөвлөгөө авч бэлтгэсэн. Би ч мөн өөрийнхөө хэмжээнд сайн бэлдсэн гэж бодож байгаа. 

-Эх орноо танилцуулах ямар үзүүлбэр бэлдсэн бэ? 

-Миссийн тэмцээн бол аялал жуулчлалын салбарт угаасаа эерэг нөлөө авчирдаг онцлогтой тэмцээн. Бид Монголынхоо талаар танилцуулга видео бэлдсэн. Манай орны бусдаас ялгарах онцлогийг харуулахыг зорьсон. Нүүдэлчин соёл, үндэстнийхээ бахархал гэж болохуйц зүйлсийг багтаасан. 

Видео хоёр хэсэгтэй, эхнийх нь хөдөө буюу өөрийн өсөж торниосон орчноо, хоёр дахь хэсэг нь хотын амьдралын тухай харуулна. Уг видео маань гурван минутынх бөгөөд англи хэл дээр өөрөө өгүүлэмж, агуулгыг нь ярьсан байгаа. 

Тэмцээний даалгаварт асуудал хөндсөн видеог бэлтгэж явуулах байдаг. Үүндээ, хөдөө амьдардаг хүүхдүүдэд хөгжих боломж хязгаарлагдмал байдаг тухай тусгаж, уг сэдэв дээр бэлтгэсэн.

-Бидний нүүдэлчин өв соёл бол дэлхийд гайхагддаг онцлог маань. Мэдээж үндэсний ялагчийн үзүүлбэрт үндэсний хувцас хэсэг багтсан гэлээ. Энэ тухайгаа сонирхуулаач? 

-Тэгэлгүй яахав. Миний өмсөж үзүүлэх үндэсний хувцсыг дизайнер Г.Батболд ах хийж байгаа. Тэр хүн өөрөө загвараа гаргаад урлаж байгаа. Үндэсний хувцас маш өндөр зардлаар бүтдэг учраас зохион байгуулж байгаа талаас энэ бүх зардлыг даасан. “Miss Univerese”-ын үзүүлбэрт явж байгаа энэ удаагийн үндэсний хувцас Монголын өв соёлыг агуулсан, илүү дайчин, сүр жавхаа оруулж өгсөн байдгаараа онцлог хэв загвартай. Одоогоор хараахан өмсөж үзээгүй байна. Хэдийгээр үзүүлэх оролцогч нь би ч гэлээ, энэ үзүүлбэрийн ард Монголыг дэлхийд сурталчлахын төлөө зүрх сэтгэлтэй  багт хамт олон байгаа. Үнэхээр энэ тэмцээнээр дамжуулж Монголыг дэлхийд таниулах нь бидний гол зорилго. 

-Үдэшлэгийн даашинзны тухайд? 

-Өмнөх үндэстний ялагч, зохион байгуулагч, багш нартайгаа ярилцсан. Тэднийхээ санаан дээр тулгуурлан миссүүдийн даашинзыг урладаг “Precious fashion house”-ын чадварлаг хамт олноор хийлгүүлж байгаа. 

-Тэмцээн 18 өдөр үргэлжилнэ гэлээ, өөр ямар тэмцээнүүд байгаа бол? 

-Өмнөх үндэсний ялагчдаасаа зөвлөгөө авсан, уулзсан. Тэмцээндээ очихоор өдөрт юу, юу болдог талаар тэд нараас асуусан. Ер нь бол хуваарийг цаанаас нь өгдөг юм билээ. Яг урд өдөр нь хэлдэг гэсэн. Одоогоор бол бидэнд энэ талаар ямар нэгэн урьдчилсан мэдээлэл өгөөгүй. 

-Танд одоогоор өөр ямар дэмжлэг, юу хэрэгтэй байна вэ? 

-Түрүү жилийн ялагчийг харахад жижиг, сонсож байгаагүй улсын иргэн байсан. Өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж нь сайн, алхаа нь цогтой гоё эмэгтэй байсан. Никарагуа улсын мисс Шейннис Паласиос юм. Түүний ялагч болохын нэг том үзүүлэлт нь өөрийнх нь улсын ард иргэд сошиалаар идэвхтэй оролцож саналаа өгсөн явдал байсан. Энэ тэмцээнээр дамжуулж тэр улс нэлээд танигдсан юм билээ. Манай улсын иргэд ч мөн тэмцээнд санал авах хэсэгт идэвхтэй байж дэмжээд өгвөл энэ нь юугаар ч үнэлшгүй, маш том дэмжлэг болно.

-Манай улсын зүгээс төлөөлөгчөө оролцуулж байгаа нь анх удаагийнх биш. Тиймээс туршлагатай байгаа болов уу?

-Тийм ээ, 2018 онд албан ёсны эрхтэйгээр Монголд зохион байгуулагдахад анхны ялагч нь мисс Д.Долгион болж байсан. Дараа нь мисс  Б.Гүнзаяа ялагч болсон. Короногийн улмаас завсарлаж байгаад 2023 онд эх орноо төлөөлөн Б.Намуунзул эгч явсан. Би бол Монгол Улс энэ тэмцээнд оролцож эхэлснээс хойш дөрөв дэх оролцогч. 

-Та залуу насандаа олны анхаарлын төвд гарч ирж байна. Одоо бүр олон улсын өмнө эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Ийм хариуцлагатай нэр хүндтэй үйл ажиллагаанд сэтгэл зүйн талаасаа өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ? 

-Багш маань намайг мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбож өгөөд үйлчилгээ авхуулж байгаа. Мэргэжлийн түвшинд сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа, аль болох сэтгэлээ эерэг байлгахыг л хичээж байна даа. Тэр том тайзан дээр эх орноо төлөөлөн зогсоно гэдэг чинь амьдралд ганц олдох боломж шүү дээ. 

Мэдээж хувь хүний зүгээс хариуцлагаа ухамсарлах ёстой. Гэлээ гээд өөрийгөө дарамтад оруулах хэмжээний бодож, хүлээж авах хэрэггүй юм шиг санагдсан. Өмнө нь бол би энэ олон хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй, би хичээх ёстой, чадах ёстой гэж маш их боддог байсан. Энэ нь өөрөө эргээд надад дарамт болдог байлаа. Одоо бол өөрийнхөө чадах хэмжээнд хичээе, заавал ялах ёстой гэж хүчлэх аваас илүү муу үр дүнд хүрэх эрсдэлтэй гэдгийг ойлгосон. 

-“Miss Universe” бол олон орны оролцогчид гоо үзэсгэлэн, оюун ухаан, нийгмийн ухамсар зэргээрээ өрсөлддөг хамгийн нэр хүндтэй олон улсын тэмцээн, гоо сайхны олимп ч гэгддэг. Та бүхэн нийгмийн хариуцлага гэдгийг хэрхэн харж бэлтгэсэн бэ? 

-Би “Нигүүлсэхүй Наран” ТББ байгуулсан, энэ байгууллагаараа дамжуулан орон нутгийн хүүхдүүдэд хотын хүүхдүүд шиг сурч боловсрох, хөгжих боломжийг олгох зорилготой. Үүнийгээ олон улсын тэмцээнд видео байдлаар харуулж бэлтгэсэн. 

Би өөрөө хөдөөний хүүхэд л дээ (инээв). Манайх гэр бүлээрээ намайг долдугаар ангид байхад Улаанбаатар хотод шилжиж ирж байлаа. Ингээд нийслэл хотод ирсэн чинь хүүхдүүдэд зориулсан сургалтууд их, хүүхдэд бүхий л талаар өөрийгөө хөгжүүлэх боломж өргөн байгаа нь их гоё санагдсан. Гэтэл хөдөө, орон нутагт тийм биш. 

-Мисс эмэгтэй ухаантай байхыг уншдаг, шинжилдэг талаас нь тодотгодог байсан бол, энэ хэсэгт чамайг тодруулах ухаалаг, шийдэл олдог байдлаа юугаар илтгэх вэ? 

-Уншина гэдэг ухаан тэлнэ. Уншихаас холдож болохгүй. Миний хувьд хувь хүний хөгжлийн талаар судалдаг. Тэр чиглэлээр илүү мэргэжлийн болохыг зорьдог л доо. Энэ бол намайг хувь хүн талаас харуулах нэг онцлог байх юм.

-Тив дэлхийн хэмжээний тэмцээнд улсаа төлөөлж оролцож байгаа таниар бахархаж байна. Гэнэт энэ өдөр тодорч гарч ирэхээс өмнөх Номинзулын тухай танилцуулаач? 

-Баярлалаа. Би аав ээж, ах, хоёр дүүгийн хамт амьдардаг. МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан (инээв). Би долдугаар ангиасаа эхэлж Улаанбаатар хотод амьдарч эхэлсэн.  Волейболын дугуйлан явдаг байхад ээж минь загвар өмсөгчийн “Андра” академид бүртгүүлснээр арав дугаар ангиасаа хойш загвар өмсөгч, моделиор суралцаж эхэлсэн.

Би Булган аймгийн Могод суманд бага насаа өнгөрөөсөн. Хөдөөний айлууд чинь өглөө босоод үнээгээ саахаас бүх юм эхэлдэг шүү дээ. Тэр л амьдралаас хот руу орж ирсэн. Ер нь бол нүүдэлчин ахуйтайгаа ойр өссөн хүүхэд гэж өөрийгөө хэлэх дуртай. 

-Мэдээж хүүхэд насны мөрөөдөл тань энэ хүрэхэд их нөлөө үзүүлсэн байх? 

-Телевизийн нэвтрүүлэгчид бол миний мөрөөдлийн нэг хэсэг байлаа. Их гоё эмх цэгчтэй хэл яриатай, олны өмнө биеэ гоё авч явдаг. 

Мөн би хотод орж ирснээр тамирчин болох мөрөөдөлтэй болж эхэлсэн. Тиймдээ ч волейболын сургалтад явдаг болсон байсан л даа. 

-Мисс тэмцээнд орох саналыг анх хэн тавьж байв, хэрхэн хүлээж авч байсан бэ? 

-“Andra” академид загвар өмсөгчөөр суралцаж, яваандаа гэрээт загвар өмсөгч болсон. Топ загвар өмсөгч Х.Бадамгэрэл багш маань надад анх энэ тэмцээнд орохыг санал болгож, бэлдсэн. Өмнө нь бол тодорхой хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцож өөрийгөө сорьж байсан л даа. 

-Мисс эмэгтэйд урлагийн авьяас яалт ч үгүй байх ёстой гэж боддог?

-Би багаасаа л дуулж, бүжиглэх дуртай байсан. Одоо ч гэсэн урлагтай салшгүй холбоотой гэж хэлж болно. Манай тэмцээний хувьд ямар нэгэн урлагийн үзүүлбэр шаарддаггүй. Хэрвээ гэнэтийн ийм зүйл тохиолдвол монгол ардын үндэсний бүжиг биелж чадна. Үндсэн шалгуурт бол ийм зүйл байхгүй л дээ.

-“Miss universe”-д жилд 80 шахам орлоцогчид өрсөлдөж ирсэн юм билээ. Энэ удаа 130 гэсэн байна. Өрсөлдөгчдийн тоо огцом өсчээ...

-Үүнд нэг учир байгаа. Мисс гэдэгт гэрлээгүй, хүүхэд төрүүлээгүй, 28 нас хүрээгүй байх шаардлагыг тавьж ирсэн бол энэ жилийн тэмцээнээс эхлээд иймэрхүү шаардлагуудыг тавихаа больсон юм билээ. Гэр бүлтэй болсон ч гэлээ өөрийнхөө гоо үзэсгэлэнг хадгалж үлдсэн хэвээр байгаа мундаг бүсгүйчүүдийг насанд хүрсэн л бол оролцох боломжийг бүрдүүлж өгөх болсон байна лээ. 

-Ялагчдын нэг болвол ямар боломжуудыг олгодог юм бэ?

-“Voice for Change” номинацид дэлхий дээр болж байгаа ямар нэгэн хөндүүр сэдвийг олны анхааралд хүргэж чадвал “Miss Universe”-ээс тухайн илрүүлсэн асуудлыг шийдвэрлэх санхүүжилт олгодог. Ингэснээр ялагч тухайн ажлаа хийх боломжтой болох юм.

-Өөрийн тань биеийн харьцааг сонирхож болох уу. Мисс гэхээр л моделиуд шиг өндөр байх гэж төсөөлж байлаа?

-Мисс бол цол юм шүү дээ. Миний биеийн харьцаа 85х61х90 см байгаа. Одоо оролцох тэмцээнд 90х60х90 гэдэг ч юм уу, биеийн пропорцтой холбоотой тавьсан шаардлага байхгүй. Энэ нь хүний биеийн харьцаа өндөртэйгээ харьцуулахад хэд ч байж болохоор юм. Модель бол мэргэжил, мэдээж загвар өмсөнө, зураг авалтад оролцоно. Харин миссүүд илүү хүмүүнлэгийн ажлуудыг санаачилж хэрэгжүүлнэ. Загварын тайзан дээр байнга гарна. Би өөрөө ч хүсвэл модель, мисс хоёрыг хослуулаад оролцож болно. 

-Дэлхийн тэмцээнээс ирээд Номинзул юу хийх вэ, зорилго, төлөвлөгөөг нь сонсмоор санагдлаа? 

-Мэдээж энэ тэмцээн ойрын зорилго маань шүү дээ. Тэгээд өөрийн байгуулсан төрийн бус байгууллагаараа дамжуулаад мисс гэдэг энэ цолоо ашиглан орон нутгийн хүүхдүүдэд боловсрол, өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь туслах төлөвлөгөөтэй байгаа. Мөн би оюутан. Тиймээс хичээлдээ бас анхаарах хэрэгтэй. Сургуулиа төгсөөд өөрийн гэсэн бизенэстэй болох гэх мэт шат дараалалтайгаар төлөвлөсөн байгаа. 

-Мисс, модель бас бизнес эрхлэгч Номинзул? 

(инээв)… Гоо сайхан гэдэг зүйл чинь өөрийн гэсэн настай шүү дээ. Гэхдээ өөрийн чадах хэмжээгээрээ тайзан дээрээ амьдарна. Эмэгтэй хүн гомдож тунихдаа их эмзэг байдаг ч маш их сэтгэлийн тэнхээтэй хүмүүс. Эмэгтэй хүмүүсийн хамгийн чухал зүйл бол өөртөө итгэх итгэл юм шүү. Өөрийгөө хаяж болохгүй. Би ч гэсэн ээж болно. Гэхдээ өөрийгөө хаяхгүй. Үзэсгэлэн гоогоо аль болох хадгалж үлдэнэ. Тэгэхээр тайзан дээрээ амьдарна, тайзан дээрээсээ бизнесийг хослуулна гэж боддог. 

-Гоо эмэгтэй гэдэг улс орны онцлогоос хамаараад биеийн харьцаа ямар ч байж болохоор байна. Ази бүсгүйчүүдийг халуун орны булчинлаг охидтой харьцуулах талаар чиний бодол юу вэ? 

-Миний бодол бага багаар өөрчлөгдөж байгаа. Өмнө нь би ихэвчлэн моделиудтай ажилладаг байсан. Надаас өндөр туранхай хүмүүс байгаа шүү дээ. Үүнийг л биеийн хамгийн гоё хэлбэр юм байна аа гэж боддог байсан. Одоо бол элсэн цаг шиг хэлбэртэй бие их таалагдаж байгаа. Хэт туранхай биш, илүүдэл жинтэй ч биш өөртэй зохицсон эрүүл бие хамгийн гоё. Тэгэхээр биедээ таарсан бол өндөр байх нь тийм ч чухал биш. 

-Хэт хувийн асуулт санагдвал хариулахгүй байж болно оо. Найз залуутай юу, эрэгтэй хүний талаарх бодлыг тань сонсмоор байна? 

-Би найз залуугүй ээ. Гэхдээ эмэгтэй хүнийг ойлгодог, халамжилдаг, чин шударга, хөдөлмөрч, худал хуурмаггүй байх яг аав шигээ хүнээр ирээдүйн нөхрөө төсөөлдөг. Тийм хүн байгаасай, тийм хүнийг олно гэж.

-Сайхан эмэгтэй, мисс моделиудын араас бас таагүй хэл ам гардаг нь сэтгэл эмзэглүүлдэг. Чамд тийм зүйл тохиож байв уу? 

-Миссийн тэмцээн болохоор нэр хүнд унагасан сайн, муу үг гардаг байсан нь үнээн. Сүүлийн жилүүдэд багассан санагдсан. Би ч бас энэ нэр хүндийг цэвэрхэн, өндөрт авч явах хариуцлагаа ойлгож байгаа. 

Би 2020 оноос загварын тайзнаа гарлаа багш маань намайг бэлдсэн. Өнгөрсөн жилийг би хувьдаа миссийн тэмцээнийг шууд дамжуулахад хамгийн олон үзэгчтэй жил юм болов уу гэж харсан л даа. Сүүлийн жилүүдэд чансаа өндөр тэмцээнүүд зохион байгуулагдаад хүмүүсийн хандлага өөрчлөгдөн гэж боддог. Мисс гэхээрээ л зөвхөн хөөрхөн хүмүүсийг л хэлдэг гэж ойлгодог байлаа шүү дээ. Харин олон улсад, ухаантай, оюунлаг, эрүүл биетэй, дуу хоолойгоо олон нийтэд хүргэж чаддаг хүчирхэг эмэгтэйчүүдийг хэлдэг. Хүмүүсийн бага зэрэг буруу ойлголтууд үгүй болж байгаад баяртай байна. 

Ярилцсан | Б.Бямбасүрэн


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав