Уншигч та бүхнийг МУГЖ Ш.Даваасамбатай уулзуулж байна. 

-Та жилийн өмнө  МУГЖ цол хүртсэн. Оройтсон ч гэсэн танд баяр хүргэе. Таныг үеийнхээ ахмад жүжигчдээс их хойно хүртсэн гэж хүмүүс ярьж байна.

-За баярлалаа, зарим хүмүүст оройтсон юм шиг санагдаж байж болно оо. Цагийн юм цагтаа л болсон гэж өвөө нь боддог. Миний үед бол МУСТА их том цолонд ордог байлаа. Одоо бол бүгд МУСТА аваад байх юм. \инээв\  Ерөнхийлөгч МУГЖ цол өгч байхдаа намайг хараад гайхаж байсан. Та чинь одоо болтол аваагүй байсан юм уу гээд л... Тэгэхээр нь би “Та өгөөгүй биз дээ” гэж хэлээд бөөн инээдэм болсон. Гурван удаа МУГЖ жүжигчин цолонд ойрхон явлаа. Нэг удаа манай Увсын театрт концерт боллоо. Дөрвөн хүн алтан гадас одон аваад концерт хэсэг завсарлав. Тэр хооронд даргын өрөөнд манай найруулагчийн дуу хадаж байна. Би ч үгэнд дуртай юм болохоор хаалганы гаднаас чагналаа. “Энэ Ш.Даваасамба чинь 1987 оны гавьяат жүжигчин хүн, та Адьяа даргаас албан бичиг ирэхэд нь хариу өгөөгүй, гурван киноны урилгыг нь дарсан” гэж хэлж байна. Тэгсэн, “Энэ Ш. Даваасамба чинь манай театрт байгаа дөрвөн илжин халхын нэг, одоохон хөөгөөд орхи” гэнэ. Би ч тухайн үедээ сонсоод тэр газраас бушуухан явсан даа. Тэгээд хот руу шилжиж ирсэн.

-Та хотод ирээд театрт ороогүй. Яагаад тэр вэ? Таны шиг чадвартай жүжигчин гологдохгүй дээ...

-Би хотод орж ирээд шууд нийслэлийн шүүхийн газар зургаан жил жижүүр  хийсэн. Дуурийн театрт Дашпилжээ гээд дарга байсан юм. “Намрын халуун өдрүүд” кинонд тоглож байхад миний шавь болсон юм. Тэгээд дуурийн театрт басс, баритон хоолой байхгүй гээд надад санал тавьсан удаа бий. Би татгалзсан. Нэг театраас хөөгдсөн хүн өөр театрт орсон ч ялгаа байхгүй дээ. Төвөг. Хоёрдугаарт нот мэдэхгүй. Би сонсголоороо шууд дуулдаг хүн.

Д.Авирмэнд гээд манай нэг найз байдаг юм. Бид хоёр Увсын театрт хамт ажилладаг байлаа. Ёстой жинхэнэ дуучин хүн, гурвын “до”-г бол чөлөөтэй хийнэ.  Нэг удаа манай хүнийг сэдэвт концертод оруулахгүй гэнэ. Шалтгаан нь их инээдтэй. Д.Авирмэнд хөгшин царайтай учраас тохирохгүй гэдэг байна шүү. Би чинь уурладаггүй хүн, нэг уурлахаараа хоёр, гурван минутын дотор том хэрэг тарьчихна. “Муу толгойг сайн бөх чирнэ гэж, та нар энэ театрын уран бүтээлд нөлөөлж байдгаа болимоор юм гээд” хэлчихсэн. Дараагийн долоо хоногт нь аймгийн захиргаа, соёлын хэлтэс, намын хорооноос дарга нар ирээд хурал хийлээ. Намайг “бос” гэнэ. Бослоо. Тэгтэл “Та эмэгтэй хүмүүсийг доромжилсон” гэнэ. Би ч “Доромжлоогүй, үнэнийг нь хэлсэн, хамт олон ч мэднэ, ер нь ард түмний алтан толь болсон театрын тайзыг цэвэрлэмээр байна” гээд шулуухан хэлчихсэн юм даа. Зарим хүмүүс шуугилдаад, дарга нар ч 20 минут завсарлая гээд гарлаа. Эргэж орж ирээд “Бүжигчид, дуучдад гоцлолын цалин өгдөг. Яагаад театрын жүжгийн бараг бүх гол дүрд тоглож байгаа энэ Ш.Даваасамбууд гоцлолын цалин өгдөггүй юм. Цалинг нь өг” гэж хэлээд яваад өгсөн дөө.

-Та театрт ажиллаж байхдаа хэдэн кинонд тоглосон бэ? Тухайн үед бол одоогийнх шиг  нэг жилд олон кино хийдэггүй байлаа шүү дээ.

-Би нийт таван кинонд тоглосон. 2012 оноос хойш жилд дөрвөн кинонд тоглож байна. Нэг жил найман кинонд ч тоглож  байлаа. Залуучуудыгаа аль болох дэмжиж ажиллахыг хүсдэг. Өчигдөр нэг кинонд яваад шөнө ирсэн. 

-Таны хэд дэх кино болж байна.

-Дэвтэр дээр бичсэнээр бол 118 дахь болж байгаа юм. Энэ тооноос ч их байж мэднэ. Зарим бага сценатай киногоо тэмдэглэлгүй мартсан байдаг юм. Зөнөг толгой хөгшрөөд хольж, солиод байна даа. Одоо кинонд тоглоход тоо, хүний нэр хоёрыг тогтоохгүй юм. 

Өчигдрийн зураг авалтад манай их олон хөгшчүүд цугласан байна. Нэрийг нь бас л мартчих юм. Ямар ч байсан эмэгтэйчүүдээс Т.Борхүү ирсэн байсан. Одоо Г.Золбоот ахмад жүжигчин дээ орж байна. Сахлаа уртаас урт ургуулсан хүн байна билээ. Тэгээд намайг нөгөө л хэвээрээ “ааваа” гэж дуудаад л... Залуучууд гайхаад байгаа юм. \Инээв\

-Яагаад таныг “аав” гэж дууддаг юм бэ?

-“Намрын халуун өдрүүд” кинонд хамт тоглосноос хойш тэгж дууддаг болсон юм. Золбоотыг дагаад бүгд намайг аав гэж дуудаг байж билээ.

Нэг удаа би багшийн дээдийн тэр хавьд явж байлаа. Тэгсэн нэг машин хар зам дээр хурдтай эргээд над дээр хүрээд ирдэг байгаа. Манай сөөнгө Амраа байна. “Чи чинь яасан айхтар явдаг хүн бэ” гэв. Тэгсэн манай Амраа “Би яаж аавыгаа хараагүй юм шиг явах юм” гэсэн дээ. \Инээв\ 

-“Үүрийн цолмон” таны тоглосон анхны кино байх...

-Улсын баяр наадмын урд өдөр дарга намайг өрөөндөө дуудлаа. Би мотоциклтой, даргынхаа морин жолооч хийдэг байсан юм. Орсон чинь дарга доошоо тонгойгоод архи гаргаж ирээд хундагаллаа. Нарийнхан урт бичигтэй хамт надад өгөв өө. Нээгээд унштал “Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойд зориулан найруулагч Ж.Бунтарын “Үүрийн цолмон” киноны нэгдлийн дарга Дамбад тоглох урилга” гэж байна. Би ч бүр гайхаад “Энэ юу вэ, дарга аа”   гэлээ. Дарга, “3а нөхөр минь манай театрт анх удаа киноны гол дүрийн урилга ирлээ” гэж байсан даа.

Бас тэр жил Хөвсгөл аймаг театртай болоод бид нар очсон юм даг. Соёлын яамны сайд Доржпалам ирлээ. Манай жүжгүүдийг үзээд Увсын нэг жүжигчин байна.  Жүжиглэлт нь чамайг гомдоохгүй гэж Ж.Бунтар найруулагчид хэлсэн юм билээ. Тэгж сайдаар “танкдуулж” тоглосон доо. Хүний амьдрал сонин шүү. Ц.Цэгмид гуай манай театраар ирээд 68 хүнээс гурван хүн шалгаруулж байсан юм. Бид хоёр цаг гаруй адуу мал, нум сум, бөх ярилаа. Бүр сүүлд намайг “Аавынхаа дуулдаг уртын дуунаас нэг дуулаач” гэлээ. Би ч дуулсан. Тэгээд Ц.Цэгмид гуай “За Дамдинсүрэн минь би ганц драмын жүжигчин олж авлаа” гэж хэлж байсан.

-Та ихэвчлэн эерэг дүрд тоглодог. Жүжигчин хүнийхээ хувьд эсрэг дүрд тоглохыг хүсдэг болов уу.

-Сайн талын дүр ганц л будагтай. Харин эсрэг талын дүр олон будагтай байдаг даа. “Би нисэх дуртай” кинон дээр эсрэг талын архичны дүрд тоглож байлаа. Энэ киног хийхийн өмнө Д.Гүрсэд бид хоёр уулзаж байсан юм. “Үүрийн цолмон” дээр нэгдлийн дарга, “Намрын халуун өдрүүд”-ийн их хурлын дарга гээд хоёр том даргын дүрээс архичны дүрд тоглоход бас л өөр мэдрэмж өгч байсан юм даг. Саяхан нэг кинонд эсрэг талын дүр бүтээсэн. Бас нэг насанд хүрэгчдийн кинонд дүр бүтээсэн. Тэрийг ч ярих юм биш ээ. \Инээв\ Тэр “Намрын халуун өдрүүд”-ийн дэд дарга чинь бодит түүхэн хүн. Богд хаан япон руу дөрвөн хүүхэд сургуульд явуулсны нэг нь юм.

-Та жүжиглэхээс гадна сайхан дуулдаг даа...

-Би киноны буянаар дөрвөн дуу дуулсан юм. Манай найрал дууны багш хийдэг эмэгтэй “Драмын хүнээр дуулуулаад байх даа яадаг юм” гээд уурлаж байж билээ. Миний гадаад байдал тэр хүнд таалагдаагүй юм даа. Тэгсэн зураглаач залуу, Чулуунбаатар найруулагчийг дуудаад “Хөдөө хотын театруудаар ийм шуламууд байгаа юм. Энийг одоохон хөөж явуул” гэсэн. Их шударга хүн. \Инээв\ 

Хүний хийсэн бүтээснийг хараад зүрх нь буруу цохилдог хүмүүс байдаг. Би театрын бүх жүжгийн зохиолч, найруулагч, жүжигчдийг дэвтэр дээр алдалгүй бичиж хөтөлдөг байлаа. Нэг ёсондоо хувьдаа архив хийж байгаа юм. Тэрийгээ ч алдаад авсан. Зөнөг толгой, уулын цаад талыг харж чадаагүй юм даа.

-Таныг МУИС-ийн Хэл уран зохиолын ангийн хуваарь авч байсан гэдэг...

-Тийм, нэг өдөр сургуулийн захирал намайг өрөөндөө дуудав аа. Орсон чинь аав сууж байна. Захирал “Даваасамба чи аавынхаа үгэнд орох юм уу, хуваартай сургуульдаа явах юм уу” гэнэ. Би ч шууд л аавынхаа үгэнд орно гэж хэлсэн. Тэр хоёр инээлдээд л... Муу хөгшин ах нь аав, ээжийнхээ үгнээс гарч үзээгүй юм. Тухайн үед сургуулиас илүү ээжийнхээ хажууд байх нь жаргал байлаа. 

-Та аав, ээжээсээ хэдүүлээ вэ?

-Би айлын ганц эрх хүүхэд. Ганц өргөж авсан хүүхэд нь л дээ. Увс аймгийн анхны Улсын начин Малий гэдэг хүн миний төрсөн эцэг, миний аавын зээ дүү. Миний аав “Би энэ хүүхдийг алж идэх гээгүй хүн болгох гэж байна” гэж хэлээд намайг аваад явсан гэдэг. 

-Таны төрсөн аав бөх хүн байсан юм байна. Та бөх үзэх хэр их сонирхолтой вэ?

-Бөх үзэх дуртай байлгүй яах вэ. Одоо би хүний нэр тогтоохоо байсан. Чих жоохон хатуу боллоо. Улсын цолтой залуу хүүхдүүд төрж байна. Сүүлд тэр арслан цол авдаг залуу хүү их сайн бөх байна билээ. Нэр нь Б.Орхонбаяр байх аа. Ярих юм байхгүй. Одоо тэр хүүг зурагтаар үзэх гэхээр танихгүй юм.  \Инээв\

Манай энд нэг Самданпүрэв гээд их архи уудаг нөхөр байв аа. Хамт жаахан ууж яваад ирлээ. Тэгсэн мань хүн манай энэ хашааны блокон хаалгыг цохиод болдоггүй. “Чи болиоч, явъя гэсэн” чинь “Увсын муу хазгай хэлтэй дөрвөд чамд ямар хамаатай юм” гэнэ. Уурладаггүй хүн чинь тэр хооронд уур жигтэйхэн их хүрээд, шилэн хүзүүнээс нь барьж аваад энэ хашааг давуулаад шидсэн юм. \Инээв\ Харж зогссон залуу хүү “Та залуудаа барилддаг байсан уу” гэж асууж байсан даа.

-Та гаанс их нэрэх юм. Хэзээнээс татаж эхэлсэн бэ?

-Дөрвөн настайгаасаа гаанстай нөхөрлөлөө. Дөчин долоо хүртлээ архи амсалгүй явлаа. Гаанснаасаа ёстой салж чадахгүй дээ. Да лам Дашжавын дүрд тоглоод, гурван улсын хэлэлцээр хийж ирээд Богд хаанд айлтгадаг хэсэг дээр өөрөө ч мэдэлгүй гаансаа гаргаж ирээд татчихсан даа. Зургийнхан бүгд инээлдээд явчихлаа. Яасан юм бол доо гэсэн чинь “Да лам Дашжав тамхи татдаг хүн байсан юм уу” гэж билээ.

-Та хэзээ хамгийн сүүлд нөхөдтэйгээ уулзав... 

-Цолныхоо цайллага дээр. Манай Д.Гүрсэд, Ё.Цогоо хоёр маань ч ирсэн.  Цогоо их аядуу тайван хүн дээ. Гэхдээ бас нэг зөрвөл ч ёстой хахир даа. \инээв\ Цайллага дээр манай хүүхдүүд нутгийн архи авчирсан юм. Тэгсэн манай хэд тэгнэ ээ. “Чиний энэ цайллага дээр олон хүн ирлээ, сайн ч уулаа, халж согтсон хүн байдаггүй яасан сонин юм бэ” гэнэ. \инээв\ Согтохгүй бол амар шүү.

Би их олон нөхөдтэй хүн. Нөхөд, найз гэдэг бол хоёр зүйл дээ. Ах нь дуугай, дотогшоогоо төрлийн хүн. Найз гэх юм бол муу аавыгаа л байсан гэж хэлнэ. Бид хоёр чинь хоорондоо нууцаа ярина. Надад ч нууц гээд байх юм байхгүй ээ \Инээв\. Манай аав “Сайн эр” байсан юм. Замын-Үүдийн баячуудын малыг хулгайлж ядууст тараадаг байсан. Залуудаа сайн эрийн дүрд тоглохыг битүүхэндээ хүсэж явсан. Над шиг ч сайн эр гэж хаа байх вэ. Миний төрсөн ээжийн аав Улиастайн амбаныг чөлөөлөх дайнд сайн байлдаж Богд хаанаас “Занги” цол хүртсэн юм. 

-Та аавдаа сэтгэлээ нээдэг байж дээ.

-Тийм, их цөөхөн удаа. Дотоод сэтгэлдээ өөртэйгээ их ярина.

-Та  ханийхаа тухай яриач...

-Манай эхнэрийг Бор гэдэг. Нэг нутаг усны хоёр байгаа юм. Надаас таван насаар дүү. Манай эмгэн чинь ах дүү олуулаа. Манай ээжийн үнээ малыг их сааж өгдөг байсан юм. Тэгээд л суусан даа. \инээв\  Одоо хүртэл амар тайван сайхан л амьдарч байна.

-Танайх Өндөр дэнж дээр байрладаг юм байна. Дошоо уруудахаар хүн явах зам бараг алга. Танд хэцүү биш байна уу?

-Тийм байна уу хө. \инээв\ Манай энэ хашааны байрлал их сэрүүхэн салхитай сайхан газар даа. Хүнд төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг гэж байдаг юм. Манай үеийнхэн бол байгаагаараа л байдаг хүмүүс. Монгол хүн чинь хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг дээ. Ер нь манай үеийнхэн дунд суусан газраасаа шороо атгадаг хүмүүс их ховор доо. \Инээв\ Одоо хамгийн бага хүүхэд маань нэг юм байртай болж байгаа. Эмгэн бид хоёрыг авна л гэдэг юм. Би монгол гэрээс өөр газар унтаж чаддаггүй хүн дээ. Хүн ямар ч сууцанд амьдарч болно. Дасаад, зохицоод л амьрах хэрэгтэй. Сэтгэлийн амар амгаланг эд  материалаар дүйцүүлэх арга байхгүй.

-Та нэг сценад хэдэн төгрөгөөр тоглож байна вэ?

-Бага өгвөл чамлахгүй. Их өгвөл дуугай л авна даа. 200.000 – 500.000 хооронд л байдаг юм. Намайг манайхан ханш унагадаг гээд байдаг. \инээв\ Бүгд надаас түрүүлж гэрээгээ хийнэ. Анх гайхаад асуусан чинь “Та доогуур хэлээд байна. Бид нар танаас санаа зовоод арай өндөр хэлж чадахгүй байна” гээд байгаа юм. \Инээв\ Төр, түмэн олон хоёр минь намайг үнэлсэн. Энэ  надад хангалттай. Ная гарсан  надад өөр хүсэх юм алга.

-Та хотын төвөөр хэр их явдаг вэ?

-Улаан тамхи дуусахаар нэг гэрээс гарна. Ажлын шаардлагаар нэг гарна. Ихэнхдээ хөдөө зураг авалтад явж байна. Өчигдөр зурганд явж байсан чинь их дэлгүүрийн тухай яриа гараад, өөрийгөө бодлоо. Би хотод орж ирснээсээ хойш нэг л удаа их дэлгүүрт ярилцлага өгсөн, өөр ороогүй юм билээ. \Инээв\

-Нэг жилд олон кино хийгддэг ч бүгд сайн болдоггүй шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Хэрвээ хийсэн киноны үр дүн муу байх юм бол хэтрүүлсэн байна. Аливаа кино хөрсөн дээрээ буудаг байх хэрэгтэй. Үнэн бодитой, ахуй амьдралтай ойр байсан цагт л сайн кино болно. 

-Одоогийн жүжигчид юун дээр алдаж байна гэж хардаг вэ?

-Дүрээ ойлгож, судлахгүйгээр шууд жүжиглэх гэж дайраад байна. Ингэхээрээ л алдаад байгаа юм. “Хэрвээ би” гэж бодох ёстой. Хэрвээ би архичин, адуучин, дарга байсан бол гэж бодож дүрдээ орох хэрэгтэй. Шууд жүжиглэх юм бол хонин нүдтэй хүн л болно доо. Ямар ч хувиралгүй. 

“Гүртэн” киноны гол дүрийн жүжигчин хүү их сайн, “араам”-тай жүжигчин байна билээ.  Ерөнхий шугам харагдаад байдаг. Үнэнээсээ ханддаг. “Хэрвээ би” гэдгээ ойлгосон байсан. Жүжигчин хүнээс битүү дүр хамгийн их чадвар шаарддаг. Цөөн үгээр маш том утга агуулсан дүр ч байна. Энэ дээр л алдаж болохгүй. 

Жүжигчин хүн дотоод сэтгэлдээ зөрчилддөг. Мөн найруулагчийн тавьж байгаа шаардлагатай ч зөрчилдөнө. Тэр хооронд маш их явдал болно. Дүрээ хаяад явдаг хүн байна.

-Танд багшлах сонирхол байгаа юу. Монгол ёс заншлын мэдлэгээрээ та хэнийг ч дагуулахгүй дээ...

-Д.Гүрсэд намайг багшлуулна л гэдэг юм. “Цагийн багш хийх үү” гэж асууж байна билээ.

-Та зөвшөөрсөн үү?

-Би та нартай адилхан ард түмний хүүхдийг хууран мунхруулж чадахгүй гэсэн юм. \Инээв\

-Та 80 гарсан ч гэсэн толиотой сайхан харагдаж байна. Энэ их хугацаанд олон сайхан зүйлс тохиолдсон байх. Тэрийгээ ч дагаад хэцүү үеүд ч байсан биз дээ...

-Улаан тамхи татсанаараа бол аль хэдийн дээшээ явчих байлаа. Тэгсэн ханиад ч хүрэхгүй амьдарч байна даа. Харин  зөнөх гээд байна уу...  Дотроо бугласан бүхнээ хүнд хэлж чадахгүй явах л хэцүү дээ. Аав, ээжийнхээ хажууд гүйж явах л хамгийн их жаргал шүү дээ. Одоо бол нутаг усныхаа барааг харах л сайхан санагддаг болж дээ. Энэ жил манай нутгийн 100 жилийн ой болох гэж байгаа. Энэ шалтгаар л эмгэнтэйгээ явна даа. 

-Одоо та кинонд явахаар ядарч байна уу?     

-Амьтан хүн ядарч байна гэдэг юм. Би тийм юм мэддэггүй. Хөдөө зураг авалтад яваад ирэхээр амралтад яваад ирсэн юм шиг сайхан байдаг. Харин усанд явахаар л жаахан ядардаг болж дээ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Даваадулам

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав