“Ярилцъя” шинэ зочноо урилаа. Энэ бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин.

-Сайд болсноос тань хойш миний хувьд анхны уулзалт болж байна. Асуух зүйл маш их гэсэн үг.  Хамгийн сүүлийн үеийн дуулиан ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг болоод байна. Хяналтын шатны шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгчдийн зүгээс хийсэн мэдэгдлүүд дотор Хууль зүйн сайд энэ хэрэгт нөлөөлж байна гэсэн үг хэдэнтэй дурьдагдлаа. Тэгэхээр яриагаа энэ асуултаас эхлэе?
-Би таны асуултуудад хариулахад бэлэн. 

-Н.Энхбаярын холбогдуулан шалгаж байсан хэргүүд бараг бүхлээрээ хэрэгсэхгүй болчихлоо. Өмгөөлөгчид нь энэ хэргийг хэлмэгдүүлэлт гэж томъёолж байна.  Өгсөн ял, хасагдсан хэргүүд, нийгэмд энэ хэргийн хүрээнд цацагдаж байгаа мэдээллүүд асар их зөрчилтэй байна. Үнэхээр энэ хэргийн ээдрээ зангилааны орой дээр Хууль зүйн сайд суучихаад, нөлөөлөөд байгаа юм бол бидэнд асуудлыг ойлгомжтой тайлбарламаар байна?
-Хууль зүйн сайд ял төлөвлөлтийн орой дээр суух бололцоо манай хууль эрх зүйн орчинд одоохондоо байхгүй. Бусад улс орнуудын хувьд үнэхээр орой дээр нь суудаг. Яагаад гэвэл Хууль зүйн сайд өөрөө прокурор томилдог. Хууль зүйн сайд нь өөрөө прокуророо удирддаг. Тийм учраас үнэхээр Хууль зүйн сайд нийтийн эрх ашгийг хамгаалаад, тодорхой гэмт хэрэгтэй тэмцэнэ гээд л улайрсан бол прокурор нь тэр үүргийг нь биелүүлээд л, шүүх дээр яллаад л зогсож байдаг. Бүх зохион байгуулалтыг хийдэг. Манайд бол прокурор нь өөрөө үндсэн хуулиараа бол Хууль зүйн сайдад хамааралгүй. Хууль зүйн сайд битгий хэл Засгийн газарт хамааралгүй тийм бүтэцтэй. Тийм учраас бол би нийгмийн эрх ашгийн төлөө ямар нэгэн гэмт хэргийг заавал яллах ёстой гэх мэт хатуу байр сууриар шахах эрхгүй буюу эсвэл ийм гэмт хэрэг гарсан учраас миний буруутай үйл ажиллагаанаас боллоо гэж огцрох тийм хууль зүйн механизмгүй л Хууль зүйн сайд байгаа байхгүй юу. Бусад улс оронд бол Хууль зүйн сайд ичих ч үгүй шууд хэлнэ. Миний байр суурь ийм байна. Мөн миний ажиллаж байгаа Засгийн газах авилгатай хатуу тэмцэнэ гэсэн учраас “Тийм , би зохион байгуулж байгаа. Авилгатай би хатуу тэмцэнэ. Бууж өгөхгүй. Миний энэ тэмцэл, явуулж байгаа үйл ажиллагаа шударга үнэн эсэхийг хараат бус, бие даасан шүүх л шийднэ. Шүүхэд би нөлөөлж чадахгүй. Гэхдээ би үнэний төлөө зогсож чадна” гэж шууд хэлж, шууд зарлаж байгаад тэмцэнэ. Өнөөдөр манайд ийм бололцоо байхгүй. Гэхдээ л би авилгатай хатуу тэмцэх чиглэл рүү бүх бололцоогоо ашиглан ажиллаж байна. Хууль зүйн яамны өнөөдрийн байгаа боломжийн түвшинд авилгалтай тэмцэхийн тулд хууль, эрх зүйн орчинг яаж сайжруулах вэ. Энэ чиглэлийн улс төрийн бодлогуудыг яаж гаргах вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Н.Энхбаяр гэдэг хүний хувьд хүмүүсийн зарим хэсэг нь намын дарга, зарим хэсэг нь МУ-ын гуравдахь ерөнхийлөгч гэж авгайлж ярьж байна. Миний хувьд хууль зүйн нөхцөл байдлаар нь ярихаас өөр арга байхгүй.  

-Тухайлбал?
-Энэ хүний тухайд одоо ялтан л гэж ярина ш дээ. Ялтан Н.Энхбаярын тухайд олон нийтийн зарим хэсэг, тэр дундаа намынх нь зүгээс нь байнга хардлага цацаад  явж байгаа. Энэ хүнийг хилсээр яллаж байна. Хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэх мэтээр. Харин ч эсрэгээрээ хүний эрх болон яллах процессын явц бол манай хуулийн системд хамгийн байх бололцоогоо шавхчихсан.  Өмнө нь ийм төрлийн хэргийг зүгээр л хүчээр шийдчихдэг байсан бол одоо хүчээр шийдэхгүй байна шүү дээ. Шүүх хуралдаанаа нээлттэй явуулж байна. Манай хуулийн тогтолцоо өөрөө болхи байгаагаас шалтгаалаад үнэхээр тодорхой хэргүүд нь хэрэгсэхгүй болоод л явж байна шүү дээ. Яагаад гэвэл манай нотолгоо хуучин социализмаараа л явж байгаа. Шүүх хуралдаан дээр аваачиж байгаа хэрэг, мөрдөн байцаалт болон яллаж арга барил бүгд өөрөө хоцрогдсон учраас шинэ төрлийн гэмт хэгүүд, жишээлбэл, энэ авилга, хүн худалдаалах, хар тамхи, мөнгө угаах гэх мэтийн  энэ далд үйлдэгддэг, хэн нэгэн яг тэгсэн ингэсэн гээд ил хэлж чаддаггүй, айдас хүйдэс ард нь дагаж байдаг ийм гэмт хэргүүдийг илрүүлж яллахад манай одоо байгаа эрүүгийн байцаан шийтгэх хууль болон эрүүгийн хуулийн нөөц бололцоо хүрэхгүй шавхагдаж байна. Ийм боломжтой нөхцөлд л ингэж буруутгагдаж байгаа нь яллагдагч Н.Энхбаярын энэ ил яригдсан гэмт хэргүүдийн ард үнэхээр энэнээс ч том асуудлууд байгаа гэдэг нь л харагдаж байгаа юм. Жишээ нь, тодорхой гэрчүүд нь гадагшаа гараад зугтчихсан, олдохгүй байгаа биз дээ. Интерполоор хайгдаж байх жишээтэй. 

-Бүхэл бүтэн улсын хүчний байгууллагууд тэр хоёр нөхрийн хаана байгааг үнэхээр мэдэж чадахгүй байна гэдэгт би хувьдаа итгэдэггүй?
-Хаана байгаа, юу болоод байгаа талаар мэдээж бид мэдээлэлтэй байгаа. Ганцхан хуучин Н.Энхбаярын улс орныг удирдаж байсан үе шиг хаа дуртай газраасаа хүн хулгайлж авчраад алчихдаг, эсвэл шүүхээр үнэн буруу нь тогтоогдсон байх нь хамаагүй шууд шоронд нь хийчихдэг тогтолцоо алга болчихсон учраас, ийм боломж нь өөрөө байхгүй болчихсон  учраас л бид интерполоор  хайж байна. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах замаар танай тэнд байгаа тэр тэр хүнийг та бүхэн гаргаад өгөөч ээ л гэж гуйж байгаа. Энэ боломжийг илүү соёлтойгоор  ашиглаад л нөгөө авилгач, нөгөө гэмт хэрэгтнүүд чинь өөртөө ашигтай нөхцөл байдлыг үүсгэж байна л даа. 

-Тэднийг авчирсны дараа хэргийг задалж дахин авч үзэх бололцоотой юу?
-Бололцоотой. 

-Мэдээж би  улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй биш Хууль зүйн сайдтай уулзаж байна гэдгээ сайн мэдэж байна.  Гэхдээ олон нийт маань эрх үүргийн эдгээр нарийн ялгаануудыг ялгаж салгаж харахаасаа илүү, Хууль зүйн сайд хэн байгаа билээ, энэ нөхөр өөрөө аль намын нөхөр билээ, тэгэхээр тэр л ард нь ажиллаж байна гэсэн багцаалдсан гүжир ойлголтоор балбаад байгаа учраас ганц хоёр зүйл асууя. Давж заалдах шатны шүүхэд зөвхөн улсын яллагч л ордог. Хяналтын шатны шүүх хуралд Төрийн төлөөлөл ордог. Улсын яллагч дахин энэ шатны шүүхэд орсныг гайхаж байна гэж зарим хуульчид, өмгөөлөгчид шүүмжлээд байх юм.  Тэгэхээр улсын яллагч төрийг биш хэнийг төлөөлж байгаа хэрэг вэ? 
-Хаин улсын яллагч, төрийн төлөөлөгч хоёр юугаараа ялгаатай юм бол оо?

-Төрийн төлөөлөгч гэж УИХ-ын гишүүнийг л хэлнэ гэж ойлгоод байгаа юм биш үү?
-1992 оны Үндсэн хууль дээр ололттой олон талууд бас байна л даа. Гэхдээ цаг үеэрээ хоцрогдчихсон, социализмын үеийн үг хэллэгээр бичигдчихсэн учраас зарим зүйл дээр алдаа мадаг  байна. Улсын яллагч гээд байгаа прокурор чинь л төрийг төлөөлөн шүүх хуралд оролцоно шүү дээ. Заалт нь байгаа шүү дээ. 

-Үгүй ээ, Төрийг ганцхан УИХ гишүүн л төлөөлнө шүү.
-Наргиа яах вэ.  Уул нь төрийг төлөөлөх гэхээсээ илүү бусад улс орнуудад ийм төрлийн зохицуулалт  нийтийн эрх ашгийг төлөөлнө гэж байдаг юм л даа. Нийтийн эрх ашиг, нийтийн ашиг сонирхол, нийтийн алба гэдэг ойлголтууд тухайн 1992 оны үед байсангүй шүү дээ. Нийтийн гэхээр нийтийн ахуй үйлчилгээ гээд өөрөөр л ойлгодог. Нийтийн гээд хэлчихээр илүү сул, дор, муу гэдэг юм уу, бага хүчин чадалтай үг гэж бодоод байдаг. Төр гэж хэлэхээр илүү хүчтэй чадалтай, агуу гэж бодоод юмыг сүртэй болгохын тулд төрийн сонирхол, төрийн төлөөлөл гэдэг ийм үгнүүдийг хэрэглэчихсэн байхгүй юу.

-Танай дэд сайд интерполд гэмт хэрэгтнүүдийг хайхаа зогсоо гээд захидал биччихсэн. Ингэхэд тэр захиа нь МУ-ын хууль зүйн яамны дэд сайд гэдэг байр сууринаас бичсэн байна уу, намын гишүүн гэдгээрээ бичсэн байна уу. Энэ тогтоогдсон уу. Энэ асуудал дээр та ерөөсөө тайлбар өгөөгүй байгаа?
-Дэд сайд гэдэг байр суурин дээрээс бичсэн байсан. Яагаад гэвэл дэд сайд гэдэг үгээ хэрэглэсэн байна лээ. Тийм учраас нөгөө талаас ч гэсэн буцаж захидал бичихдээ Хууль зүйн дэд сайд чинь ийм хүсэлт  явуулсан байна гэж мэдэгдсэн. Уг нь интерполтой харилцах тогтсон шугам байдаг. Тийм ч учраас танай хууль зүйн дэд сайд ингэж бичсэн байна. Үүнийг юу гэж ойлгох вэ гэдэг байдлаар хариу нь буцаж ирж байх жишээтэй. 

-Одоо тэгээд интерпол манай оргон зайлагчдыг хайж байгаа юу, дэд сайдаас болоод больчихсон уу?
-Хайж байгаа. Ер нь бол эргэлзээ үүснэ шүү. Бид нар дотроо зөрчилдөөнтэй байгаа нөхцөлд. Тэр чинь зардал гарна, улс болгонд үйл ажиллагаа явуулна. Тэрэнтэйгээ холбоотойгоор бид нар тэмдэглэгээ хийлээ шүү, та нар дахиад асуудлаа тодотгох хэрэгтэй шүү гэсэн байр сууринаас бидэнд бичиг ирсэн. Манайхан буцаад л “Бид бол хайж байгаа, яагаад гэвэл авилгатай холбоотой, ийм ийм гэмт хэрэгт шалгагдаж байгаа юм аа.  Нөгөөтэйгүүр монголоос угаачихсан мөнгөтэй холбоотой учраас бид гарсан мөнгөнийхөө урсгалыг мэдмээр байна. Энэ хүмүүсийг олуулмаар байна. Мөн гарсан мөнгөө Монгол улсдаа буцаан татаж авмаар байна гэсэн хүсэлтээ тавьсан л даа.

-Тэр нь ямар мөнгө юм бэ?
-Одоохондоо тоо бол бид ярихгүй. Гэхдээ ямар ч байсан л одоо энэ хэлтэй амтай төрийн тусгай албан хаачдын эмнэлэг байна ш дээ. Тэр эмнэлгийг 5-6 –г л барьчихаар хэмжээний мөнгө байна лээ л дээ. Гэхдээ эхнийх нь шүү. Зөвхөн эхнийх нь.

-Иймэрхүү асуудал байгаа болов уу гэж ч багцаалж байсан л даа. Одоо тэгээд та нөхөд ажиллах, зүтгэх л ёстой шүү дээ. Яаж ч буруутгагдсан, яаж ч үл ойлгогдсон буцах эрхгүй. Тийм үү?
-Тийм ээ. Зүтгэж л байна. 

-Эртээр та твиттер дээрээ бичжээ. “Авилгалчдад хариуцлага хүлээлгэж, хуулийг хууль шиг хэрэгжүүлнэ гэдэг нь хэн нэгэн Засгийн газарт байна, байхгүй гэдгээс хавьгүй үнэ цэнэтэй чухал зүйл” гэж ?
-Н.Энхбарын хэрэгтэй холбоотойгоор МАХН-ыхан засагт хамтарч байгаа юм чинь энэ хүний эрүүгийн ял шийтгэл болон буруутгаж байгаа гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох хэрэгтэй гэсэн юм ярих гээд байна л даа. Тийм учраас энэ дээр л би хувийн хатуу байр суурь илэрхийлсэн  хэрэг. Бид нийтийн гэж хэлээд байгаа тэр ашиг сонирхлын төлөө л ажиллах ёстой. Энэ төрийн албыг жаахан цэвэрхэн байлгах ёстой. Иргэдэд илүү хүртээмжтэй, гэхдээ шударга алагчлалгүй хүргэх ёстой. Энэнд хамгийн садаа болдоо зүйл бол авилга, ашиг сонирхлын зөрчил. Тийм учраас авилгатайгаа тэмцэж чадахгүй бол энэ том шинэтгэлүүд бүгд худлаа болох байхгүй юу. Хэн нэг нь энэ засагт байна, байхгүй гэдэг барьцаагаар  барьцаалах ёсгүй. Х.Тэмүүжин ч энэ засагт байх нь ний нуугүй хэлэхэд сонин зүйл бишээ. Хамгийн гол нь бид энэ төрд шинэ зарчим тогтоож чадах нь л чухал. Тэрнээс биш засагт хүмүүс ээлжлээд л очдог. Ээлжилж  очоод юу ч хийхгүй, зарчим нь өөрчлөгдөхгүй. Төрд байгаа муу муухай, хамгийн гол нь бусад иргэдийн боломжийг хулгайлж хумслаад байгаа энэ авилгал, ашиг сонирхлын зөрчил гэдэг зүйл нь багасахгүй бол энэ нь өөрөө нөгөө сэтгүүлчдийн хэлдгээр  “Дараа дараагийн  ээлжнийхэн хоолоо идэж байна” л гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ сэдэв дээр твиттер дээрээ тухайн үед жаахан бухимдалтайгаар байр сууриа илэрхийлсэн байх. 

-Таны хийж байгаа бодлогын шинэтгэлүүдийг салбарынхан тань их шүүмжлэх юм. Ер нь санал нийлэхгүй талын байр суурь илүү тааралдаж байна.
-Мэдээж шинэчлэл эсэргүүцэлгүйгээр  хийгдэхгүй л дээ. Гэхдээ шинэчлэл илүү ул суурьтай, үндэслэлтэй, тооцоотой байхаас гадна эсэргүүцэл нь бас үндэслэлтэй, тооцоотой байх ёстой. 

-Та яг сэтгэлдээ нийцсэн багтай ажиллаж чадаж байгаа юу.  Засгийг дангаараа бүрдүүлж чадаагүй болохоор дандаа цаанаас тавьж өгсөн хүмүүс байгаа биз дээ. Цагдаагийн дарга чинь ч, дэд сайд чинь ч тодорхой хэсгээс бодлогоор оруулсан хүмүүс. Энэ бол тийм сүртэй нууц зүйл биш болохоор асууж байна?
-Цагдаагийн дарга, дэд сайд хоёроос бусад нь бүгдээрээ миний баг.

-Тийм үү. Тэгвэл таниас илүү ихийг нэхэж болох юм байна.
-Болно. Яаманд мэдээж хэрэг хуучин ажиллаж байсан хүмүүс дийлэнх нь байгаа. Гэхдээ бас хуучин ажиллаж байсан хүмүүсийн тодорхой хэсгүүд нь яамдуудад шинэ хуулийн хэлтсүүд байгуулсантай холбоотой шилжиж ажиллаж байгаа.  Шилжээд явахаар тэр сул орон зайд нь нэлээн олон шинэ хүмүүс бас орж ирсэн. Гэхдээ яг энэ бодлого барьж байгаа, хууль боловсруулж байгаа, шинэчлэлтийг хийж байгаа баг бол үндсээрээ манай баг.

-Цагдаа дээр жишээ нь, дээд зиндааныхны томилгоонуудыг та хяналтандаа байлгаж чадсан уу?
-Чадсан. Билэгт даргад ч гэсэн томилогдож очиход нь л хэлсэн. Цагдаагийн хүнээр цагдааг удирдуулахгүй. Тулхтай, шаардлагаа тавьж чадах хүнээр удирдуулна. Тийм учраас ЦЕГ-ын даргын томилгоон дээр Ардчилсан нам таныг байх бололцоотой гэж үзэж байна. Та тэнд очно, гэхдээ таны дор мэргэжлийн баг байна гэж. Тийм учраас түүний дор байгаа баг бол бүхэлдээ, цогцоороо Х.Тэмүүжингийх гэхээсээ илүү мэргэжлийн баг байгаа гэж харах хэрэгтэй. Аливаа шинэтгэлийг хийхэд  санаа зовдог гол зүйл нь энэ л дээ. Бодлого төлөвлөхөд Тэмүүжингийн баг ажиллах ёстой. Хэрэгжүүлэхэд мэргэжилтнүүд л байх ёстой. Түүнээс биш тэнд энд Тэмүүжингийн хүн байх ёстой гэсэн яриа ерөөсөө байх ёсгүй. Цагдаагийн бүрэлдэхүүн дотор, хил хамгаалах бүрэлдэхүүн дотор, хууль зүйн яамны харъяанд байгаа агентлагууд дотор үнэхээр энэ бодлогыг хүлээж аваад мэргэжлийн төвшинд хэрэгжүүлж чадах,  нийт бие бүрэлдэхүүн рүүгээ оруулж суулгаж өөрчилж чадах тэр баг нь л ажиллаж байх ёстой. Тийм учраас би томилгоонууд дээр гуравхан шаардлага тавьсан. Нэгдүгээрт, ямар нэгэн бизнес бүлэглэл, улс төрийн гар хөл болдог тийм хүмүүс байхгүй шүү гэж.  Тэгэх л юм бол шинэчлэл гэхээсээ илүү салбар дотроо улс төржөөд суугаад байна ш дээ. Хоёрт нь, Ерөнхийлөгчийн хэлснээр хөрөнгөжсөн бийлэгжсэн хурандаа нар гэдэг шиг эрх мэдлээ хувьдаа хөрөнгө болгоод хувиргачихсан. Тэрнээсээ болоод хамт олон бие бүрэлдэхүүндээ хүндлэгдэхээ больчихсон, таагүй үр дагавар тарьж явдаг нөхдүүдийг албанаас чөлөөлнө гэсэн. Үнэхээр л  тийм үзэгдэл харагддаг юм байна лээ л дээ. Нэг л их цээж баян нөхдүүд мөрдэстэй холхиод. Улаанбаатар хотод баригдаж байгаа байшингийн хувь эзэмшсэн байдлыг харахад ер нь хурандаа нар л байдаг юм байна лээ. Гуравдахь том шаардлага юу тавьсан бэ гэхээр мэдээж шинэчлэлийг дэмжих ёстой. Шинэчлэлийг дэмжихдээ баг бүрэлдэхүүн дотроо хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй хүмүүс байх ёстой шүү л гэж хэлсэн. Болж өгвөл энэ гурван шалгуурыг бариад л манайхан томилгоонуудаа хийсэн. Одоо тийм шинэ соёл төрж байна л даа. Сая манай яаманд шинээр хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэж байгуулагдан. Тэр газраараа жишээ нь цагдаагийн байгууллага дотор явсан томилгооны мониторинг хийлгэсэн. Ямар томилгоо явчихав, томилогдсон хүмүүс өмнө нь юу юу хийж байв, ямар нэг нь хэл аманд орж байв уу, үгүй юу. Тухайн тухайн үедээ томилгоо яваад дууссаны дараа бүтнээр нь харахаар дүр зураг яаж харагдаж байна, нөгөөтэйгөөр баг бүрэлдэхүүн энэ томилгоог юу гэж хүлээж авч байна. Тэрийг нь үнэлээд томилгоо амжилттай байлаа, амжилтгүй байлаа гэж дүгнэх ёстой. Алдаа байвал тэрийг засах ёстой. Түүнээс биш  албан дээр тавьчихаад л дөрвөн жил мартчих тухай ойлголт байхгүй. Ийм байдлаар л бүрэлдэхүүний боловсон хүчний бодлогыг барина.

-Б.Билэгт даргын хүч бололцоонд та хэр итгэж байна вэ. Гар нийлэхээр юм шиг байна уу. Тэр бол цөөхөн газар ажилласан ч тэндээсээ сайн нэртэй ирдэг өвөрмөц хүн. Тэгсэн мөртлөө яг хэн гэдгийг нь, өөрөөр хэлбэл дотор хүнийх нь талаар нийгэм төдийлөн мэддэггүй. 
-Б.Билэгт даргын хувьд  үнэхээр гурав, дөрвөн давуу чанар байгаа юм. Нэгдүгээрт, муухай харж байгаад ч болтугай шаардлагаа тавьсан шиг тавиад шаардлагынхаа төлөө зогсож чаддаг. Энэ тал дээр үнэхэр гуйвшгүй. Энэ бол үнэхээр чухал чанар. Хоёрдугаарт,  даалгавар өгөгдөхөд тэр даалгаварыг яс биелүүлнэ. Энэ салбарт ийм л шинэчлэл хэрэгтэй. Би энэ үр дүнг л шаардана шүү гэхэд тэрний төлөө л явна. Гуравдугаарт, үнэхээр тулхтай. Хүн дагаад ийм тийшээ намираад байхгүй. Яг энэ гурван шинж бол цагдаагийн байгууллага, хууль сахиулах байгууллагыг удирдахад маш чухал байхгүй юу. Ихэнх хүмүүс томилогдож очингуутаа л тухайн агентлагт байгаа хэсэг бүлэг хүмүүсийн үг хэлэнд ороод, юу хийх гэж очсоноо мартаад, сүүлдээ тэр хэсгийнхээ төлөөлөл болоод буцаад нөгөө шинэчлэлийнхээ эсрэг зогсоод явчихдаг. Тэгэхээр ийм хүнийг томилох шаардлагагүй. Маш хурдан сольж байх хэрэгтэй. Харин өгөгдөж байгаа зүйлийг  хийхийн тулд тэнд очиж байгаагаа ухамсарласан, яг тэрнийхээ төлөө гуйвахгүй явж чадах, тэрнийхээ төлөө шаардлагаа тавьсан шиг тавиад ялж гарч чаддаг хүн л тэр чухал газар үүрэг гүйцэтгэх ёстой. Мэдээж  тэр хүний өмнө янз бүрийн бэрхшээлүүд гарч ирнэ шүү дээ. Тэр бэрхшээлүүдтэй тулаад л явах ёстой. Манай хүнд байдаг бас нэг давуу тал нь юу вэ гэхээр, надад бас энэ бол сул тал байж магадгүй. Би бол энэний төлөө явна л гэсэн бол саад болох гэх тусам улам л зөрүүдлээд яваад байдаг. Эсэргүүцэх юм бол тэгвэл бүр ингэнэ гээд үзчихдэг хүн. Б.Билэгт даргын хувьд зорилтоо хэрэгжүүлнэ. Гэхдээ ямар үед эхлээд юуг нь буулгаж авах вэ, юуг нь яаж зохицуулах вэ гэдгийг сайтар нухацтай бодож, аргаар аядуу байдлаар хийдэг. Энэ хүнд чинь бас амьдралын туршлага байна шүү дээ. Тийм туршлагаараа бодлогоо сайн явуулж ажилладаг. 

-Тэр бизнесийн буюу эрүүгийн гэгддэг бүлэглэлүүдтэй ер нь холбогдоогүй хүн үү? 
-Тийм. Тэр тухайд би ч бас хэд хэдэн удаа анхааруулсан. Бага залуудаа бас жаахан тохойгоо нугалж явдаг хүн байлаа шүү дээ. (инээв) Тийм учраас зарим нэг нөхдүүдийг танина, мэднэ. Тийм болохоор би анхааруулж хэлсэн юм. Ц.Нямдорж сайд ч гэсэн надад сайд болоход гурван зүйлийг захиж хэлсэн. “Хууль зүйн сайдад хатуу бөгөөд хэцүү нэг л давуу байдаг юм шүү. Хууль зүйн сайдыг бизнес бүлэглэлийнхэн худалдаж авчих гээд байдаг юм. Эрүүгийн рецедив бүлэглэлүүд Хууль зүйн сайдыг манай хүн, танай хүн гэж өөртөө нааж бас давхидаг юм. Бие бүрэлдэхүүн бас  биднийг энэ сайд яаж харж байна гэдгээр  гоморхож, тунирхаж харах гээд байдаг юм. Тийм учраас бие бүрэлдэхүүндээ ээлтэй байгаарай гэж захиж хэлсэн л дээ. Энэ рецедивүүдийг дээш нь гаргаж болохгүй шүү. Байх ёстой газар нь дарж байх ёстой шүү. Би нэг 2002 онд билүү, Центрпойнтын хэрэг гэж гарлаа ш дээ. Тэрүүгээр нэг дарж авсан юм. Тэгж байж бизнес эрхлэгчид төрийн татвараас гадна, ямар нэгэн хураамж, дарамт шахалт авдаг хэсгийнхнээс айдас хүйдэсгүйгээр бизнесээ эрхлэх бололцоотой болж авсан юм шүү ” гэж. Энэ үг бол чухал үг л дээ. Тийм учраас энэ үгийг би ч гэсэн цагдаагийн даргадаа хэлдэг. “За, Тэмүүжин гарчихлаа, Ардчилсан нам гарчихлаа, Билэгт оччихлоо гэдэг байдлаар зарим нэг хүн хөмсгөө дээш нь сөхөж хүмүүсийн дээгүүр гишгэлэх гэж оролдох юм бол, бусдыг айлган сүрдүүлэх гэж оролдох юм бол тийм юм байхгүй шүү. Хууль хүн бүхэнд үйлчлэх ёстой. Хуулийн үйлчлэл гэдэг бол хуулиас дээгүүр гарсан улстөрчдийг, хуулиас дээгүүр дураараа дургисан гэмт хэрэгтнүүдийг, хуулиас дээгүүр жаалдаг орон нутгийн засаг, ноёдыг байлгахгүйн төлөө л явдаг ш дээ. Тийм учраас энэ гэмт хэрэгтнүүдийг сайн харж зохион байгуулалттай болчихоос нь, цаашдаа нийгэмд илүү аюул заналхийлэл учруулахаас нь урьдчилан  сэргийлэх тэр ажлаа сайн хийнэ шүү” гэж хэлсэн. 

-Д.Сандаг-Очир генералыг доошоогоо, бие бүрэлдэхүүндээ их тийм дулаахан ажилласан хүн гэж үнэлдэг юм билээ. Би жишээ нь, үе үеийн цагдаагийн дарга нарыг багагүй гадарлана. Одоогийн удидлага нь ч гэсэн өндөр эрэмбийн офицерууд, дарга нарын ташаа мэдээллээр хөдөлдөггүй, харин ч толгой дээр нь хүндхэн юм буулгадаг,  доод шатныхныхаа зовлон зүдгүүрийг хардаг. Ядруу, даруу, мөрийн хүмүүсээ харж ханддаг байгаасай. Б.Билэгт  тэр талаар жаахан хөндий алхчихаж магадгүй. Хашир өөрөө эр хүнийхээ хувьд баргийн юмыг тоохгүй байж чадах хүн шүү дээ. Бид хоёрын ярилцлагыг бие бүрэлдэхүүн анхааралтай уншина. Тэд бол үе үеийн төрийн өмнө үүрэг гүйцэтгээд, дандаа хохирч үлддэг  хүмүүс шүү дээ. Өөрсдийгөө төрд хэрэгтэй, төрд зүтгэдэг гээд ойлгочихсон. 
-Би таны хэлж байгаа санааг сайн ойлгож байна. 

-Сая нэг үйл явдал болжээ. Цагдаагийнхан дотор үүнээс болж жаахан сэтгэл гутрал үүссэн бололтой. Энгийн иргэнд рапорт өгч, мэхийж, уучлал гуйсан. Ийм юм байж болдог юм уу, сайдаа?
-Тэр бол сэтгэл гутралын тухай ойлголт ерөөсөө биш. Аль ч улс оронд хууль сахиулагчид иргэдийн эрх ашгийг л дээдлэнэ. Одоо бид  шинэ систем рүү шилжиж байна. Хууль зүйн яамны бүх агентлагуудыг энэ өөрчлөлт дайрна.  Хуучин бол юу байсан гэхээр төрийн тусгай алба гэж ойлгодог. Дээрээс нь нэг л их цэрэгжсэн зохион байгуулалттай тийм тогтолцоо байлаа шүү дээ. Энэ нь үндсэндээ социализмын үеэс улбаатай, НАХЯ гэж байхад л явсан уламжлал байхгүй юу. Одоо бол шинэ систем рүү шилжчихсэн. Одоо бүх систем, тогтолцоог, нэг агентлагаас бусдыг нь хууль сахиулах алба болгон хувиргаж байгаа. Нэг агентлаг нь Хил хамгаалах алба. Хил хамгаалах алба бол тал нь хууль сахиулах, тал нь зэвсэгт хүчний зохион байгуулалттай байдаг тийм тогтолцоо юм. Тэрнээс бусад нь бүгд хууль сахиулагчид. Хууль сахиулагч гэж хэнийг хэлдэг юм бэ гэхээр иргэнд үйлчилдэг, хуулийн шаардлага, хэрэгжилтийг хангуулдаг, гэмт хэрэгтэй тэмцдэг, нийгмийн аюулгүй байдлыг хангадаг тийм л алба байхгүй юу. Тэгэхээр ийм алба бол өөрсдөө алдаа гаргасан бол уучлаарай гэж хэлэх чадвартай байх ёстой. 

-Дамбадаржаагийн хэсэг дээр нэг нөхөр орж ирээд угааж байсан шалан дээгүүр  гишгэлээд явчихаж.  Тэгээд жижүүрийн цагдаа “Та яасан хачин юм бэ, гарч бай” гээд л ширүүхэн хэлчихэж. Тэгтэл нөгөө нөхөр “Өө, та нар ингэх болоогүй ээ, наадахыг чинь шийдүүлнэ. Манай ардчиллынхан намайг хамгаална” гээд л давхисан гэж байгаа. Цагдаагийн толгой руу ингээд л дуртай нь нулимаад байх уу. Өчигдөр би вокзалаар явж үзлээ. Хүний юм авч зугтаагаад, зөвшөөрөлгүй ачааг нь тэргэн дээр авч түрээд, хүсэхгүй байхад нь тэдэн төгрөг өг гээд айлгаж байна. Тэгээд яг галт тэрэг хөдлөх гэж байхад нь зулгаагаад мөнгө нэхээд байна. Цагдаа очоод “Чи яагаад хүнийг ингэж дарамтанд оруулж байгаа юм, чамаар үйлчлүүлэхгүй гээд байна шүү дээ” гээд хэлсэн чинь яаж байна гээч. “Чи муу цагдаа ингэж чанга дуугарахгүй шүү, п...минь. Одоо утасдаад чамайг нугалаад өгнөө” гэж хэлж байна. Хараад үнэхээр зэвүүцэл төрлөө.
-Үнэхээр хууль сахиулагчид алдаа гаргасан бол иргэнээс уучлал гуйж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл үйлчлэх гэж байгаа, хамгаалах гэж байгаа хүн нь тэр иргэн байхгүй юу. Хууль зөрчиж байгаа, гэмт хэрэг хийж байгаа хэн байтугай ч шаардлагаа тавьсан шиг тавьдаг байх хэрэгтэй. Гэхдээ шаардлага тавина гэдэг нь дээрэнгүй хандана, бүдүүлэг байна гэсэн үг биш. Одоо шаардлагыг нь хангадаг цагдаатай болохын тулд бид яах ёстой вэ гэдэг асуудлыг бодож эхэлж байна ш дээ. Цагдаа нэг бүрийн хэрэгсэл, цагдаагийн ажил үүргээ хэрэгжүүлдэг арга барил гээд олон юман дээр өөрчлөлт хийнэ. Дотоод Хэргийн сургуулийг Хууль сахиулах их сургууль болгож хувиргасан. Тэнд цагдаагийн, тэр дундаа яг эргүүл хамгаалалтын цагдаа бэлддэг сургалтын технологийг өөрчилж байгаа. Энэ технологиор бэлтгэгдээд, 2,5 аар хүн төгсөөд гараад ирэх юм бол би бууг нь өгнө. Хоёр төрлийн зэвсэг тавьж өгнө. Нэгдүгээрт,  галт зэвсэг. Шаардлагатай үед хэрэглэдэг. Хоёрдугаарт, хүний амь насанд аюул учруулдаггүй тэр төрлийн зэвсгүүд байна. Энэ байдлаараа юу болгож хувиргаж байна вэ гэхээр хууль сахиулагчийн үг хуулийн үг байх ёстой. Тэр хуулийн үг нь хэрэгждэг байх ёстой. Би иргэдэд бас хэлж байгаа. Хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг хэрэгжүүлээгүйнхээ төлөө өөрт нь ямар нэгэн гэмтэл, эсвэл өөрийнх нь эд хөрөнгөнд ямар нэгэн хохирол учирсан бол өөртөө л гомдоно шүү. Ер нь бол хууль сахиулагч бусдын амь бие, эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах зорилготой. Хууль зөрчиж байгаа хүнд шаардлага тавиад, шаардлагаа биелүүлэхгүй бол албадах арга хэрэгслээ хэрэглэж байгаа л зүйл. Жирийн иргэдэд зүгээр байхад нь энийгээ хэрэглэх юм харин хууль сахиулагч уучлаарай гэж уучлал гуйх чадвартай байх ёстой. Энэ хоёрынхоо баланс, хил хязгаарыг бид юугаар гаргах гэж байна вэ. Манайд энэ зохицуулалт байхгүй байгаа байхгүй юу. Таныг орж ирэхэд би хэлсэн, дөрөв дэхь өдрөө хуулин дээр сууж байна гэж. Тэрний нэг нь Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль юм. Одоо бүх үйл ажиллагааг нарийн хуульчилж өгч байна. Тэгээд тэр хуулин дотор байгаа хэлбэр болон агуулгаар цагдаа шаардлагаа тавьсан байхад иргэн энэ тэглээ гээд гомдол бичихэд, уучлаарай хууль сахиулагч ийм эрхтэй, энэ байдлаар явдаг юм, та харин буруутай байна гээд хэмждэг зүйлтэй болж байгаа юм. Одоо бол хэмжих зүйл байхгүй учраас иргэнийх нь ч зөв юм уу, цагдаагийнх нь ч зөв юм уу. Хэн нь илүү танил талтай, хэн нь илүү хэл амтай нь явах гээд байна ш дээ. Тэгэхээр ийм зүйл цаашдаа байхгүй болно. Энэ бол манайд өмнө нь байгаагүй хууль. Манайд энэ төрлийн харилцаа байгаагүй. Цагдаа иргэнтэй яаж харьцах, эсвэл иргэнд яаж шаардлага тавих тухай нарийн заагдаагүй. Нөгөөтэйгүүр шаардлага тавьж байгаа энэ зүйлүүдийн үр дүнд иргэн ямар байхыг нарийвчилж тусгаж өгөөгүй учраас л саяных шиг асуудал гарч байгаа юм. 


-Наадахыг чинь салбарт суулгах хэцүү. Дараа нь нийгэмд суулгах их ажил бий.  Гурван таван хошуутай нь ч бай, гурван шар зураастай нь ч бай цагдаа хүн мөрдсөндөө  хайртай байдаг юм. Шөнө хагасалж гэртээ очоод халаасан хоолтой, хоолгүй амьдарч явдаг ийм л амьдралтай улс. Би бас мэднэ л дээ. Тэрийг нь дурын галзуу нөхөр ирж  зулгааж шидээд, дурын согтуу юм орж ирээд “Чи тэгэхгүй шүү, дарга нар луу чинь  утасдана аа” гээд байх бол гутамшиг. 
-Тийм.Одоо иргэд рүүгээ боловсрол олгоод мэдээлэл өгөөд эхэлнэ л дээ. Гэхдээ бас нэг юм байгаа юм. Энэ мөрдөстэй холбоотойгоор, одоо энэ цэргийн мөрдэсийг цагдаа өөрөө алга болгож байна л даа. Цагдаа өөрөө тусдаа системтэй болж эхэлж байгаа. Нөгөөтэйгүүр цагдаагийн хувцсыг парадын хүндэтгэлийн хувцас гэхээсээ илүү ажлын хувцас болгож хувиргаж байгаа. Цагдаа бол янз бүрийн хүнтэй уулзана. Сагсуу галзуу хүнтэй ч уулзана, уучлаарай гээд явдаг хүнтэй ч уулзана. Бүх хүнтэй яг мэргэжлийн түвшинд ажилладаг болоод нөгөөтэйгүүр өөрт нь ямар эсэргүүцэл үзүүлсэн гэдгээр цагдаа тэнд хэрүүл хийж учраа олох биш араас нь зүгээр хариуцлага тооцдог систем л ажиллаад эхэлнэ. Тэгэхээр иргэн, цагдаа хоёр хэрэлдээд байхаас илүүтэйгээр цагдаа шаардлагаа тавиад, үүргээ гүйцэтгээд л рапортоо бичээд л явуулчихна. Иргэн гомдлоо гаргаад тэрний дагуу цагдаагийн буруу тогтоогдвол тусдаа, өөрийнх нь буруу бол тусдаа гээд л явна.

-Хөөрхий цагдаа Тэмүүжингийн үед “гөлөг” болох юм байна л даа. Би гөлөг гэдэг үгээ хашилтад хэллээ шүү? 
-Гөлөг болох биш л дээ. Харин ч эсрэгээрээ. Хуучин байдлаараа, хуучин арга барилаараа ажилладаг цагдаа нар алга болж эхэлнэ. Харин ч нөгөө талдаа хууль сахиулагчийн нэр хүнд бидний бодож байгаагаас тэс өөрөөр өснө. Хууль сахиулагчийн нэр хүнд өсөхөөс гадна зүгээр гараараа, амаараа хийдэг байсан ажил техник хэрэгслээр хийдэг болж эхэлнэ. Нөгөөтэйгүүр хэн нь хүчтэй вэ гээд сүүлдээ цагдаа нь өөрийнхөө хэсэг дээр аваачиж, нударгаар шийддэг, эсвэл иргэн нь энд тэнд гомдол өгч шийддэг байсан бол одоо тэр нь ерөөсөө байхгүй болно. Уучлаарай би таньд ийм шаардлага тавьсан, би таныг гавлалаа, барьлаа, аваачиж хийлээ. Таны над руу эсэргүүцэл үзүүлж байгаатай холбоотой асуудлыг би шийдэхгүй, таныг асуудлыг тэнд тусад нь шүүх шийднэ. Тэгэхээр цагдаа иргэнтэй хэрэлдээд байх шаардлага ерөөсөө байхгүй болчихож байгаа юм. Шүүхийн шийдвэрийн дараа иргэд юу гэж бодох вэ гэхээр хууль ёсны цагдаагийн шаардлагыг биелүүлж байх нь надад ашигтай. Тэгэхгүй бол дараа нь шүүх тас гээд өөр шийдвэр гаргаад, торгууль тавиад, надтай бас хариуцлага тооцоод эхэлдэг юм гээд ойлгоод явна. 

-Та тэр “Цагдаагийн академи” гээд гоё нэрийг юу болгоод хаячихав аа? 
-Цагдаагийн академи угаасаа байхгүй байсан ш дээ. 

-Ойлгосонгүй?
-Ц.Нямдорж сайд тэрийг чинь “Дотоод Хэргийн Их Сургууль” гээд өөрчилчихсөн байсан шүү дээ. Би бол “Хууль сахиулах их сургууль” болгож өөрчилж байгаа. Хууль Сахиулах Их Сургууль дотор цагдаатай холбоотой гурван сургууль үүсч байгаа. Нэг нь ахлагчийн гэж хэлдэг. Эргүүл хамгаалалтын бие бүрэлдэхүүн бэлддэг сургууль. Нэг нь мөрдөгчийн буюу цагдаагийн мөрдөх үйл ажиллагаа явуулдаг боловсон хүчин бэлддэг сургууль. Нэг нь удирдлагын буюу яг цагдаагийн удирдлагаар бэлддэг сургууль. Цагдаагийн академи гэдэг бол бусад улс орнуудын хувьд бол энэ ахлагчийн сургуулийг хэлдэг. Зөвхөн эргүүл хамгаалалт болон хэв журам сахиулах чиглэлээр ажилладаг. Анхан шатан дээр ажилладаг цагдааг бэлтгэдэг сургуулийг академи гэж хэлдэг. Энэ сургуулийг том нэрэн дээр тавьчихлаар болохгүй байсан учраас Ц.Нямдорж сайд энийг хараад бүх системийг Оросынх шиг болгоод “Дотоод хэргийн их сургууль” гэж нэрлэсэн байх. Биднийхээр бол “Хууль Сахиулах Их Сургууль”. Энэ дотор цагдааг ч бэлтгэнэ, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг ч бэлдэнэ. Бусад бүх хууль сахиулагчдыг бэлдэнэ. Хууль сахиулагч гэж зөвхөн цагдааг хэлэхгүй ш дээ. Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, хил хамгаалах албаныхан байна. Энийг дагалдаад онцгойгийнхон байна. Аврагч нар ч гэсэн хууль сахиулагч  шүү дээ. Тэгээд нөгөө харъяат гэж хэлдэг, харъяаттай холбоотой нэг хэсэг байна. Тэгээд мөрдөгч байна. Шинээр бид нар “Мөрдөх алба” байгуулж байна. Хуучин бол цагдаагийн энэ систем чинь иргэдийн гомдлын дагуу шалгаж гэмт хэрэг илрүүлдэг, урьдчилан сэргийлдэг тийм систем байсан. Сэргийлэх  систем л дээ. Энэ бол бусад улс орнуудын хувьд ч ийм хэлбэрээр байж байгаа. Харин бусад улс орнууд яаж байна вэ гэхээр улс дамнан далд үйлдэгддэг, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тусгай байгууллага байгуулж байгаа. Хүний наймаа, хар тамхи, мөнгө угаах, терроризм, цахим гэмт хэрэг, соёлын өв, экологи гээд, эдийн засгийн болон өөр төрлийн гэмт хэргүүд байна л даа. Ер нь иргэд үйлдэгдэж байгаа үед нь мэддэггүй, гэхдээ үйлдэгдээд дууссаны дараа хохирлыг нь мэдэрдэг, зохион байгуулалттай, далд үйлдэгддэг, улс дамнасан байдлаар хийгддэг энэ хэргүүдийн талаар ойлголтгүй байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй нөгөө халаасны хулгайн гэмт хэрэг, иргэдийн өргөдлийн араас гүйдэг, жирийн гомдлуудын араас явж гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг, хэв журам сахиулдаг энэ арга барилаар тэмцэж ерөөсөө чаддаггүй. Бусад орнууд энэ чиглэл рүү хөгжчихлөө л дөө. Маш хурдтай. Бид бол энэнээс дутаж болохгүй. Тэр дундаа манайх хар тамхи тээвэрлэлтийн хэргээс хэрэглэгчийн тогтолцоо руу шилжээд эхэллээ. Хүн худалдаах гэмт хэрэг ерөнхийдөө ямар түвшинд байгааг бол бүрэн мэдрэхгүй байна шүү дээ. Энд, тэнд хэвлэлүүдээр зөндөө л юм гараад байгаа. Бодит байдал дээр ямар байгааг бид мэдэхгүй. Гэхдээ л ямар ч байсан манайхаас хүн худалдаалахтай холбоотой хохирогч нар байнга гарч ирнэ. Одоо ил гараагүй, хэд байгаа нь мэдэгдэхгүй байна. Мөнгө угаах бол бүр бас эвгүй байдал руу орлоо ш дээ. Ирэх зургаан сард олон улсын төвшнээс манайхыг хар лист рүү оруулна гэдэг санал өгөөд эхэлчихлээ ш дээ. Танайх бол мөнгө угаалттайгаа тэмцэж чадахгүй байна. Танайхан мөнгө угаагаад байдаг. Нөгөөтэйгүүр манайд ч гэсэн хохиролтой байна. Яагаад гэвэл манай авилгач нар ч гэсэн мөнгөө угаачихлаа шүү дээ. Тэрний нэг илэрхийлэл бол нөгөө ялтан Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой. Би сая Гонконг явж байгаа шалтгаан бол тийшээ угаачихсан мөнгөтэй холбоотой асуудлаар л явж байна шүү дээ. Буцааж авах боломж байна уу, урсгалыг нь манайд мэдээлээч. Ингээд л явж байна шүү дээ. Иймэрхүү байдлаар л бид нар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай албыг байгуулж байна. Мөрдөх алба гээд. Энэ мөрдөх алба байгуулж байгаатай холбоотойгоор дахиад л нөгөө сургууль, соёл бүх юмыг өөрчилнө. Тэгээд би сая “Хууль Сахиулах Их Сургууль” болгож өөрчилсөн. Үүнтэй холбоотойгоор бас манай эмнэлэгийг хууль сахиулагчдын эмнэлэг болгож өөрчлөхөөс өөр аргагүй болж байгаа юм. 

-Эмнэлэг гэснээс энэ сэдвээр асуулт бас зөндөө бий. Эмнэлэгийг эмнэлэг биш оффис болгоно гэсэн шийдвэр гаргаж эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Та чинь эмнэлэг булаасан хэрэгт орчихоод байгаа шүү дээ. Би яг юу болоод байгааг сайн ойлгохгүй байна. Та нэг сайхан тайлбарлачихгүй юу?
-Манай эмнэлгийн тухайд 1996-2000 онд энэ бэрхшээлийг харж байсан учраас нэг шийдэж үзсэн юм байна лээ. Цэргийн госпиталтай энэ эмнэлэгийг нэгтгээд явъя гэж. Тухайн үед эмнэлэгийнхэн эсэргүүцээд, тэнд нь хэдэн УИХ-ын гишүүд оролцоод, ингээд засаг унах дээрээ хүрээд буцаад буугаад өгчихсөн юм байна лээ л дээ. Тэгээд тэрнээс хойш юу болсон бэ гэхээр энэ эмнэлэг ерөөсөө буруу чиглэл рүү гээ хөгжсөн. Яасан бэ гэхээр иргэнд үйлчилдэг эмнэлэг бол нэг хэрэг. Яг амь насаараа дэнчин тавиад, гэмт хэрэгтэнтэй, гал руу ордог хүмүүст үйлчилдэг эмнэлэг бол тусдаа шүү дээ. Гэтэл энэ тусдаа чиг үүрэгтэй эмнэлэг маань өөрөө тухайн дотор нь ажиллаж байгаа эмч нараас болоод иргэний зорилгод хувираад тэр чиглэлрүү бүх юмаа төлөвлөөд ингээд явчихсан.

-Зөвхөн цагдаа, цэрэг хэвтдэг байгаагүй юм уу? 
- Биш. Яасан бэ гэхлээр яг энэ тусгай чиг үүргийн эмнэлэг чинь бусад улс оронд бол орныхоо тодорхой хэсгийг сул орхиод тодорхой хэсэг дээрээ үйлчилгээ үзүүлээд явдаг. Гэнэт байгалийн гамшиг ч юм уу, эмх замбараагүй байдал үүсэх ч юм уу, шоронд бослого гарах ч юм уу, хил дээр зөрчил үүсэх ч юм уу хэрэг явдал болоод бөөнөөрөө орж ирвэл энэ төрлийн эмнэлэг чинь яадаг вэ гэхлээр ерөөсөө л бэлэн байдаг. Тэр хоосон, бэлэн байдалд байсан орон дээрээ хүмүүсээ аваад л ажилладаг.

-Жинхэнэ журмынх нь дагуу, жинхэнэ байх ёстой стандартынх нь дагуу эмнэлэг болгох гэж байгаа юм уу. Эмнэлэг биш оффис болгох гээд байгаа юм уу?
-Тэр чиглэл рүү нь эмнэлэг болгох гэж байгаа юм. 

-Тэгвэл эд нар яагаад уурлаад байгаа юм бэ?
-Дахиад би тодорхой тайлбарлая. Энэ юу болсон бэ гэхээр одоо байгаа энэ эмнэлгийн байшин бол 10,6 тэрбумаар баригдаж байгаа юм. Одоо гүйцэтгэж байгаа компани нь надаас дахиад 2-3 тэрбумыг нэхэж байгаа юм. Мөнгө хүрэхгүй байна гээд. Энэ бол зөвхөн баригдахтай холбоотой зардал нь. Тоног төхөөрөмжтэй холбоотой зардал нь 23 сая долларын тоног төхөөрөмж ирэх зургаан сард ирэх гэж байгаа юм. Гэтэл Госпиталд манай энэ эмнэлэгийн байгууламжаас хоёр дахин том байгууламж барьж байна. Шаардлагатай төхөөрөмж нь 50 тэрбумын тоног төхөөрөмж. Тэрийг л ирэх жилийн төсөвт суулгаач ээ гэж байгаа юм. Ижил чиг үүргийн хоёр эмнэлэгийн тухай ярьж байна шүү дээ. 23 сая доллар, 50 тэрбумын тоног төхөөрөмж зэрэгцэж байнаа даа. Ингээд харсан чинь Госпитал манай энэ эмнэлэгээс хавьгүй илүү чиг үүргийнхээ дагуу ажиллах чадвартай болчихсон байгаа юм. Манай эмнэлэг юу болсон бэ гэхээр буруу төлөвлөлтөөс болоод яг иргэнд үйлчилдэг, хотын төвийн дүүрэгт байж байдаг энэ эмнэлэгээр энгийн хүмүүс ирээд  үйлчлүүлж байдаг тийм зохион байгуулалттай, тийм тоног төхөөрөмжийн төсөлтэй захиалагдсан.  Госпитал бол эмчээсээ авахуулаад асрагч хүртлээ цолтой. Гараад гэхэд л эмч, сувилагч, асрагч хэн бай шууд гараад л явчихна. Тушаалаар. Гэтэл манай эмнэлэгт эмч нар нь зөвхөн цолтой, бусад нь жирийн хүмүүс. Тушаал өгөхөд цолтой учраас эмч нар нь явна, асрагч сувилагч нар нь бол хөдлөхгүй. Юу яриад байгаа юм, энэ миний эрх гэнэ. Бүр үйлдвэрчний эвлэлтэй гээч. Тэгэхлээр энэ бол өөр зорилттой болоод явчихсан байгаа байхгүй. Нөгөө сул байх орон дээрээ даатгалын мөнгө авах зорилготойгоор иргэдийг хэвтүүлчихдэг. Жинхэнэ үүрэг гүйцэтгэж байгаад шархдаад ирсэн хүмүүс маань ирэхээр ор байхгүй. Нэг ийм бэрхшээл байсан. Одоо дахиад бүр бодитой бэрхшээл байна. Завханд хоёр мянган нинжа алт, уул уурхайн үйл ажиллагаа хууль бусаар эрхэлдэг нөхдүүд зөвшөөрөгдөөгүй, хуулиар эрх олгогдоогүй газар юм ухаад эхэлчихсэн. Оршин суугчидтай маргалдсан. Бөөн юм болсон. Орон нутгийн цагдаа хүч хүрэхгүй, манайхаас шийдэж өгөөч ээ гээд Улаанбаатар хотоос 200  цагдаагийн бүрэлдэхүүнийг явуулж байгаа юм. 2000 хүний эсрэг явуулж байна ш дээ. Байгаа нөөцөө л явуулж байгаа юм. Үнэхээр тэр үед бутраад, задраад хүчрэгдэхгүй болоод явчихсан бол яах вэ. Харин манайхан гайгүй үүргээ гүйцэтгээд л явчихаж байгаа юм. Эсэргүүцээд бөөн юм болоод 200 хүн гэмтвэл яах вэ, энэ бол асуудал байхгүй юу. Энэ эмнэлэг бол суурь өвчин юм уу, эсвэл тэтгэвэрийнхнийг ч юм уу, нийгэмд байдаг өвчин эмчилдэг эмнэлэг биш байхгүй юу. Энэ эмнэлэг бол ерөөсөө л гэмтэл, мэс засал тэр нь илүү хөгжчихсөн бэлэн байж байдаг эмнэлэг. Тэгээд энэ эмнэлэгээс 200 цагдаагаа дагуулаад бүрэлдэхүүн явах ёстой ш дээ. Яг ард нь. Тоног төхөөрөмж байхгүйгээсээ гадна тэгж явдаг хүн байхгүй. Халуун байшинд ингээд л энгийн хүн ирэхээр үзээд сууж байдаг болохоос биш хүйтэнд даараад, онцгой нөхцөл байдал үүсэхэд тэнд явж байдаг тийм зориулалтгүй. Өөрсдийгөө тэгээд бодчихсон, хатуу итгэл үнэмшилтэй сууж байна ш дээ. Миний харъяанд байдаг эмнэлэг ямар ч албан үүргээ гүйцэтгэж чадахгүй учаас би госпиталаас гуйж байгаа байхгүй юу. Танайх тэгэх үү гэсэн чинь, манайх тэгнэ. Гэхдээ манайд тийм тоног төхөөрөмж байхгүй  гэж байгаа байхгүй юу. Хоёрдохь, тохиолдол дахиад Завханд гарсан. Хилийн цэрэг дээр. Гаднаас, хойноос хил зөрчигчид орж ирээд хоорондоо буудалцаад нэг юм боллоо ш дээ. МУ-ын хил хамгаалах албаны албан хаагч буудуулчихаж байгаа байхгүй юу. Эндээс тийшээ очоод мэс засал хийх хүн байна уу, байхгүй. Ядаж тэр хүнийг нааш нь зөөгөөд авчирчих нисдэг тэрэг байна уу, байхгүй. Оросоос нисдэг тэрэг гуйж, Оросод аваачиж мэс засал хийлгэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ эмнэлэг ямар эмнэлэг байна. Нөгөө хууль сахиулагчид, нөгөө амь насаараа дэнчин тавьж иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа хүнд үйлчлэх биш, зүгээр хувьчлагдсан эмнэлэг байгаа байхгүй юу. Тэгэхлээр одоо би энийг шийдэх ёстой болж байна. Цэргийн дэглэм рүү оруулахын тулд би Госпитал болон энэ эмнэлэг хоёрыг цэргийн байгууллага руу нэгтгэж байгаа. Госпитал дээр байгаа нөгөө байгууламжийн дэргэд би нөгөө эмнэлэгийг нь барих гэж байгаа. Манай хууль сахиулагчид хаана байна вэ, хилийнхэн бол хилээр байгаа. Хотод байхгүй. Үзүүлэхийн тулд ийшээ орж түгжирч, энд нервээ барах шаардлагагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн хаана байна. Хорих газрууд, хотын төвд байхгүй. Бүгдээрээ хотын захаар байгаа. Сая цагдаагийн шинэ зохион байгуулалтаар бид нар тархаачихлаа ш дээ, задлаад. Ингээд харахаар энэ зүгээр дарга тойроод байж байгаа эмнэлэг байхгүй юу. Энэ бол биш юм, байршил нь ч буруу. Энд үймээн болоход үймээнийг дагаад энэ рүү орж ирэх магадлалтай. Сүхбаатарын талбайгаас хэдхэн метрийн зайтай. Манай хууль сахиулагчдын эрсдлийг нэмэгдүүлж байгаа газар байгаа байхгүй юу. Тэгэхээр би эрсдэлгүй газар эмнэлэгээ барихыг хүснэ биз дээ. Эрсдэлгүй газар тоног төхөөрөмжийг байршуулахыг хүснэ ш дээ. Госпитал дээр эмнэлэг болон тоног төхөөрөмжөө байрлуулаад явахад  энэ хоёрын дундаас хэмнэлт гаргачихаж байгаа байхгүй юу. Ямар хэмнэлт гаргаж байна вэ гэхээр тэнд 50 тэрбумын төхөөрөмж, манайх 23 сая долларын тоног төхөөрөмж байхад дундаа мэс заслын лаборатор болон оношлогоо болон бүх юмны системийг хийчихээр тэндээс дор хаяж гучаад сая доллар гараад ирж байгаа юм. Энэ мөнгөөр би юу хийх ёстой вэ гэхээр нөгөө нисдэг тэргээ авах ёстой ш дээ. Энэ мөнгөөр би нөгөө явуулын мэс заслын лаборатороо авах ёстой ш дээ. Би ингэж хараад манай хууль сахиулагчдад ийм эмнэлэг хэрэгтэй. Ийм тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Тэрнээс биш яг дүүргийн эмнэлэгийн тоног төхөөрөмжүүд хэрэггүй. Энийг ингэж өөрчлөе л гэсэн.  

-Би энийг маш сайн ойлгож хүлээж авч байна. Энэ байшинд байгаа ангийнхан чинь хорин хэдүүлээ нэгдчихээд байгаа юм бэ?
-Энэ улс төр ш дээ. Би сүүлдээ О.Баасанхүүд нь хэлсэн. Энэ бол цэргийн бие бүрэлдэхүүнтэй холбоотой ийм эмнэлэг. Энэ дотор байгаа хүмүүс үйлдвэрчний эвлэл байгуулах битгий хэл, жагсаал цуглаан хийж ингэж ярих эрхгүй хүмүүс. Гэтэл УИХ-ын гишүүн тэнд очоод тэрийг нь дэмжээд үг хэлээд явж байна гэдэг бол цэргийн анги, байгууллагыг бослого хөдөлгөөнд өдөөн турхирсан гэдэг нь өөрөө эрүүгийн хэрэгт татагдах асуудал шүү гэж. 

-Энэ эмнэлэгт ажиллаж байгаа алба хаагчид нь Госпитал орчимд байгуулагдах нэгдсэн  цогцолбор эмнэлэгт  шилжээд ажиллах бололцоотой юу. Ямар нэгэн хэлмэгдүүлэлт гарахгүй биз дээ?
-Байхгүй. Харин ч төсөв мөнгө, цалин гээд бүх талаараа алба хаагчдад ашигтай байхгүй юу. Яагаад ашигтай вэ гэхээр нөгөө эмчээсээ бусад нь ямар ч цол зэрэггүй байсан бол цол зэргийн нэмэгдлийн систем рүү орохоор цолны нэмэгдлүүд авдаг болж эхэлнэ. Нөгөө асрагч, сувилагч, нөгөө туслах ажилтнууд бүгд. 

-Та эд нартайгаа тусгайлан уулзсан юм уу?
-Уул нь бол уулзсан. Эмнэлэгийн ажилчидтай уулзсан. Энэ тухай ярьсан чинь ойлгохыг хүсэхгүй байна лээ. Дараа нь надад ямар хүсэлт тавьсан бэ гэхээр үйлдвэрчний эвлэл нь уулзъя гэсэн. Тэгэхээр нь би хэлсэн. “Уучлаарай, хууль бус байгууллагатай бол уулзахгүй”. Яагаад гэвэл хууль сахиулах байгууллагад цэргийн дүрэм журам үйлчилдэг. Энэ газар хууль бусаар үйлдвэрчний эвлэл байгуулчихаад, сайдтайгаа уулзъя гэж байгаа бол сайд юу гэж хууль бус байгууллагатай уулзах юм бэ. Эмнэлэгийн ажилчидтай юм уу, эмнэлэгийн албан ёсны удирдлагуудтай уулзана. Тэр нь бол нээлттэй гэсэн. 

-Би бол ойлгочихлоо. Одоо та энэ байшингаа яаж ашиглах гэж байна вэ?
-Би түрүүн хэлсэн. 13 төрлийн далд үйлдэгддэг гэмт хэрэгтэй тэмцэх “Мөрдөх алба” байгуулна гэж . Жишээ нь мөнгө угаана гэдэг бол зүгээр Нарантуул зах дээр байгаа наймаачны хийдэг ажил биш шүү дээ. Банкны эздийн хийдэг ажил байхгүй юу. Улс дамнасан ийм гэмт хэргүүд чинь маш их мөнгө, маш их эрх мэдэл, маш их нөлөө үйлчилдэг, заримдаа гадаадын тусгай албатай хамтарч тэмцэхээс өөр аргагүй байдал үүсдэг хэргүүд байхгүй юу.  Гэтэл манай мөрдөн байцаах газрын байгаа байшин чинь өөрөө 1938 онд баригдсан, модон байшин ш дээ. Гаднаасаа гурван давхар. Гурван жилийн өмнө мэргэжлийн хяналтынхан нурна шүү, үйл ажиллагааг чинь явуулахгүй шүү гэсэн. Одоо энэ байшинг бол би нураана. Байгууллагаа хааш нь оруулах уу. Гэтэл тэр шинээр байгуулагдаж байгаа “Мөрдөх алба” чинь дотроо хар тамхитай холбоотой том лаборатори байхыг шаардана. Ингээд харахад зөвхөн “Мөрдөх алба” байгуулж байгаа байшингийн маань тусгай зориулалт болон аюулгүй байдлын дээд зэрэглэлийн технологитой тийм системийг шаардаж байгаа юм. Энэ систем бүхий тогтолцоогоо би яаж хийх гэж байна вэ гэхээр яг тэр эмнэлэг байгаа энэ бүс дотор чинь манай хуулийн 13 байгууллага байж байгаа юм. Энийг бүгдийг нь тусгай бүс болгоод ингээд 13 байгууллагатай холбоотой систем хийх гээд байгаа юм. Энэ дотор Ерөнхий прокурор нь ч байна, шүүхийн шийдвэр гүйцэтгэх нь ч байна. Одоо тагнуул байгаа хэсэг дээр Дээд шүүхийн байрыг барина. Ингээд хуулийн төв байгууллагуудын кампус маягийн бүтэц үүснэ. 

-Тагнуул хаачих юм ?
-Тагнуул шинэ байшин бариад явж байгаа. 

-Тийм үү. Хаашаа вэ?
-Тагнуулын байгууллага хаана байгаа нь нууц байх ёстой биз дээ. 

-Тийм л дээ. Гэхдээ манайд эсрэгээрээ шүү дээ. Жишээ нь, тагнуулын даргын царайг бид бол уг нь мэдэх албагүй?
-Царай нь бол харагдахгүй л байх ёстой.

-Манайд бол намайг таньсангүй гээд цагдаагийн мөрдэсийг нь авч шидэж байсан тагнуулын дарга байсан шүү дээ. 
-Ер нь бол  хууль сахиулах байгууллага, тагнуулын байгууллага хоёрын хооронд нэг ийм зөрчил, маргаан үүсчихлээ л дээ. Хууль сахиулах үйл ажиллагаа бол хүний эрхийг хамгаалах ил явагддаг үйл ажиллагаа. Тагнуулын буюу үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаа далд явагдах ёстой. Ер нь би тагнуулын ажилтан гээд үнэмлэхээ үзүүлдэг тагнуулч дэлхийд байхгүй ш дээ. Тэгэхээр манайх философи арга барилаа өөрчлөхгүй бол хууль сахиулагч, хууль хэрэгжүүлэгч болоод хувирчихсан энэ байгууллагаа яах вэ. Хууль сахиулагч, хууль хэрэгжүүлэгч бол ил ажиллаж, хянагдаж, хүний эрхийг зөрчсөн үү, үгүй юу гэдгээ хэмжүүлж байх ёстой байгууллагууд: Тагнуул бол тусдаа. Энэ хоёрыг бас бодох ёстой л байх л даа. 

-Хэлмэгдүүлэлт гэснээс нөгөө авилгатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцын томилогдохдоо  хэлсэн “Энэ салбарт хэлмэгдүүлэлт хийхгүй” гэсэн мессеж нь нийгэмд их сайн хүрсэн. Таны өгөх мессеж харин юу байсныг би сайн сонсч чадаагүй өнгөрчихөж. Зарим нэг чөлөөлөгдсөн хурандаа нартай холбоотой шүүмжлэл бас байна.  Хэлмэгдүүллээ гэсэн. Яагаад хэдхэн жилийн дараа тэтгэвэрт гарах гэж байхад нь зүгээр тушаал буугаад албандаа ажиллах бололцоог нь хангахгүйгээр шийдэж байгаа юм бэ. Тэтгэврийн насанд хүрээгүй байхад ямар ч тайлбаргүйгээр ажлаас чөлөөлсөн явдал байна уу. Таны үед энэ салбарт хэлмэгдүүлэлт явагдахгүй гэж итгэх бололцоо бий юу?
-Над дээр хоёр, гурван хүн нэр устайгаа ийм гомдол бол ирүүлсэн. Тэр нь  Авилгалтай тэмцэх газраас хөрөнгө оруулгатай холбоотой мэдүүлэг дээр худал мэдүүлсэн гэдэг үндэслэлээр энэ хүмүүсээ хал гээд, тийм байдлаар шийдэгдсэн байсан. Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар хөрөнгө оруулга болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтэй холбоотой зохицуулалт байгаа учраас тэрийгээ зөрчсөн байвал ямар ч яриагүй ш дээ. Бусад нь өмнөх байсан буруу жишигтэй холбоотой. Тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэрт гараад, хууль зүйн сайд сунгаад зарим нь үнэхээр мэргэжил, ур чадвар нь энэ байгууллагад шаардлагатай гэж байгаа хүмүүсээ сунгаад ажиллуулдаг ш дээ. Энэ ажиллуулдаг тогтолцоогоо ашиглалгүйгээр, дүрэм журамгүйгээр сунгаад ажиллуулчихсан тийм хүмүүс олноороо байсан. 200 гаруй  байсан. Тэгээд цагдаагийн байгууллага өөрсдөө үзэж байгаад ард нь байсан шинэ залуу боловсон хүчнүүд бөөнөөрөө бэлтгэгдээд гараад ирчихсэн байна. Энэ чинь өөрөө зөөлнөөр  урсаад  явж байх ёстой. Гэтэл энэ дээр түгжирчихсэн. Маш олон хурандаа нар, маш олон ахмадуудтай. Тэд нар нь яг үнэнийг хэлэхэд гудамжаар гүйж гэмт хэрэгтэй тэмцэхээс илүүтэйгээр, зөөлөн суудал дээр сууж дарга болох хүсэл эрмэлзэлтэйгээр бөглөрчихсөн байгаа байхгүй юу. Энэ байдлаасаа шалтгаалаад дараа нь яг гудамжаараа гүйдэг, яг гэмт хэрэгтэй тэмцдэг бүтэц рүүгээ ажиллаж чадахгүй. Манай цагдаагийн байгууллага чинь систем нь хүртэл өөрөө гажчихсан байсан ш дээ. Маш олон офицер бүрэлдэхүүн, хурандаа нартай. Дороо яг хөл рүүгээ, гудамж руугаа ирдэг хэсэг нь цөөрчихсөн. Тэгээд сая хэлтсүүдийг задлаад буулгангуут нөгөө ахмадууд чинь хүртэл “За за, одоо бол миний хөл гүйцэхгүй юм байна” гэж хэлж байна шүү дээ.  Яг энэ бол зөвхөн цагдаа дээр биш, шүүхийн шийдвэр дээр гарсан. Бүр жаран хэдтэй хүмүүс л ажиллаж байна ш дээ. Тэгсэн мөртлөө яг ажлаа бол хийхгүй. Цалингаа аваад л бөглөөд суугаад байдаг. Залуучууд бол хотод байх сонирхолтойгоос гадна залуучуудад бас боломж олгохгүй байна. Залуучууд гэдэг нь би бүр хорин хэдтэй залуугийн тухай ярихгүй байна ш дээ. Гучаас дөчин насны хүмүүс байна. Тэр хүмүүст боломж ерөөсөө гараагүй. Яагаад  гэхээр арван хэдэн жил нэг хэсэг хүмүүс зөвхөн дээрээ эргэлдээд, тавь жартай хүмүүс бүх юмыг эзлээд явсан байна шүү дээ. Гэтэл дараа үе нь тэрүүхэн орон зайдаа хорин жил гацчихсан. 

-Тийм шүү.  40-өөд насныхан завсрын орон зайд гацчихсан, амьдрал нь ч дундаж, өөрөө ч дундаж. Хавчигдаж  хэлмэгдэж явсаар байгаад хөгжөөгүй. Жаахан арга зальтай, мөнгөтэй нь дээшээ сүнгэнэчихсэн. Үнэн шүү. 
-Тийм. Энэ байдал ерөөсөө буруу байна. Бүх ахмадуудыг хөөж гарга гэсэн үг ерөөсөө биш. Ямар ч байсан энэ чинь сэлгэгдэж, нэг нэгнийхээ туршлагыг, шинэ юмыг харилцан солилцож энэнд чинь бас өөрчлөлт орох ёстой шүү дээ. Тэтгэврийн насанд хүрчихсэн. Зүгээр л нэг дарга. Эндээс буугаад нөгөө газар ахиад л дарга болдог. Ерөөсөө ийм л систем байгаа болохоос биш даргаас буулаа, хариуцлагагүй ажилласныхаа төлөө  чөлөөлөгддөг юм ер байхгүй байгаа. Сая бол цагдаагийн нэлээн олон дарга нарыг даргаас буулгангуут нь чөлөөлсөн. Мөн шүүхийн шийдвэр дээр даргаас буулгасан, чөлөөлсөн. Тэгэнгүүт сүүлийн 15 жил даргаас дарга руу явчихсан байсан хүмүүст цочир байгаа л даа. Тийм учраас гомдлууд гарч байна. 

-Заналхийлэл, сүрдүүлэг, янз бүрийн юмтай тулгарч байна уу. Та хатуу салбарт ажиллаж байна. 
-Ирсэн, ирсэн. Надад захиа ирсэн. Заналхийлэлтэй холбоотой. Би бол цагдаагийн нөхдүүд байна даа гэж харж байсан. Ер нь бол цагдаатай холбоотой л юм байна лээ. Миний гэр бүл, миний хувьд ч гэсэн нэлээн заналхийлсэн утгатай захидал ирсэн байсан. Тэгсэн чинь сонирхолтой нь тэр захидал ирэхээс 20-оод хоногийн өмнө Төрийн ордонд бас ирсэн юм байна лээ. Ордонд бичиг хэргийг өрөөнд хаалганы доогуур шургуулчихсан. Тэгээд аваад буцах хаяггүй, нэргүй хаяггүй байсан учраас задлаад үзсэн чинь Х.Тэмүүжинд гээд бас заналхийлчихсэн байхаар нь ТЕГ-т өгчихсөн байсан юм байна лээ. Ийм хоёр захидал. Хоёулаа нийлээд нэг хүн бичсэн гэдэг нь тогтоогдлоо гэж байх шиг байна лээ. Бичсэн хүнийг нь бас баримжаагаар олчихлоо. Шууданд хийсэн бичлэгэн дээр нөгөө хүн маань байна гэсэн. Хамгийн сонирхолтой нь ордонд ажилладаг хүн байна лээ. Хүүхдүүд нь цагдаад ажилладаг. Нөхөр нь шүүхийн шийдвэрт ажилладаг. Сая өөрчлөлтөөр нөхөр нь ч, хүүхдүүд нь ч хөдөлгөөнд орсон юм байна лээ. Тийм л хүн байна лээ. 

-Тийм үү. Таны аюулгүй байдал ер нь хэр баталгаатай вэ?
-Үгүй ээ, яахав. Бусдын адил л байна. 

-Та бол найрсаг биш, олон дайсантай, ерөнхийдөө “стандарт бус” зан араншинтай сайд шүү дээ. Би танаас бас нэг зүйлийн тухай асууя. Та цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй уулзахдаа Орост төгссөн боловсон хүчин удирдах багт  ажиллахгүй гэж хэлсэн байна. Энэ ямар утгатай юм бэ. Яагаад вэ. Орост төгссөнийхөө төлөө яагаад дарга болж болохгүй гэж?
-Орост төгссөн боловсон хүчинг ажиллуулахгүй гэж ерөөсөө хэлээгүй шүү дээ. Манай бие бүрэлдэхүүний удирдах багийн бараг 50 хувь нь Орост төгссөн боловсон хүчин байгаа шүү дээ. 50 хувийн боловсон хүчнээ би юу гэж буулгах вэ. Орост сургууль төгссөн гэхээсээ илүүтэйгээр мэргэжлээ баруунд дээшлүүлчихсэн хүнийг би илүү дэмжинэ шүү л гэж хэлсэн. 

-Тийм үү. Орост төгссөн хүнийг дарга болгохгүй гэж хэлсэн гэж сонссон?
-Оросын элчинтэй уулзсан. Энэ тухай Оросын элчин бол юу ч яриагүй. Хүмүүс л нөгөө Э.Бат-Үүл Хятадуудаас уучлал гуйсан гэдэг шиг, Тэмүүжин Оросуудаас уучлал гуйна гэсэн утгатай яриа гаргасан юм шиг байна лээ. Оросын элчин дээр юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар танай сургуульд захиалга өгч хүмүүсээ сургамаар байна. Манай цагдаагийнхан болон бусад хүмүүс танайд сайн дураараа очиж сураад байна. 

-Өөрөөр явах боломж байхгүй юм чинь. Арын хаалгаар л шийдэгддэг шүү дээ. 
-Сайн дураараа гэдэг нь юуг хэлж байна вэ гэхээр ямар ч  захиалга байхгүйгээр очоод манайд ямар ч шаардлагагүй мэргэжлээр Орост сурчихаад ирээд байгаа байхгүй юу. Зүгээр л би хойшоо Оросын Дотоод хэргийн академи руу явлаа гээд явчихдаг. Очоод зүгээр л наад талынх нь юмнууд руу орчихоод ирдэг. Тэгээд тэр нь ирээд Монголд ч сурсан, Оросод ч сурсан ялгаа байхгүй. Тэгээд би Оросын элчинтэй уулзаад “Та бүхэн бол сүүлийн арван хэдэн жил монголчуудыг цаашаа яг гол юм руу нь татаж сургахаа байчихсан. Та нар бол зүгээр наана нь байдаг маш энгийн, элементарный юмнуудаа заасан болоод диплом өгөөд явуулаад байна. Тийм учраас танайд сураад ирсэн боловсон хүчин чинь манайд ирээд шаардлага хангахгүй байна. Бид захиалгатай сургамаар байна. Яг танай Дотоод хэргийн академи дотор заагддаг зохион байгуулалттай, далд үйлдэгддэг, улс дамнасан хэрэгтэй тэмцдэг шинэ технологуудыг чинь суралцмаар байна. Массыг хамарсан үйл ажиллагаанд хэв журам сахиулж байгаа тэр арга барилуудтай чинь суралцмаар байна. Тухайлбал танайх хар тамхитай бол ийм ийм чиглэлээр их сайн тэмцэж байна. Бид нар энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэмээр байна. Манайх яг ингэж захиалга өгвөл, та нар дотогшоогоо гүн нэвтрүүлж сургаж чадах уу. Энийг л асууж байгаа байхгүй юу. Тэгэхлээр энэ чиглэлээр хамтран ажиллая. Хоёр яамныхаа болон улсынхаа төвшинд энэ хоёр гэрээг хийе гэж. Засгийн газар яамдуудын хооронд ийм гэрээ хийхгүйгээр хувь хүмүүс очоод би ингэж сурсан гээд диплом авчраад ажил шаадаад байгаа юм. Сүүлийн үед доктор хамгаалсан болон дипломтой бүх хүмүүсийн сэдвийг нь харахад ерөөсөө л цагдаагийн сэдэв биш байгаад байгаа  юм. 

-Гэхдээ нөгөөдөх маань хуурамч байдаггүй байгаа?
-Хуурамч, үнэнийг бол мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө үнэн л дээ. Сэдвүүдийг нь харахаар үндсэн хуулийн эрх зүй, юу юу ч гэнэ үү. Нөгөө цагдаагийн тусгай мэргэжилтнүүдийн мэдэх ёстой сэдэв ерөөсөө биш байгаа байхгүй юу. Зүгээр л социализмын үед хуульч бэлтгэхдээ ярьдаг байсан сэдвүүд. 

-Та өөрөө гадаадад сурахыг мөрөөддөг байсан уу?
-Мэдээж . 

-Ямар нэгэн дарга, даамлын хүүхдүүдэд дээрэмдүүлж барьсан түүх байна уу?
-Байгаа, байгаа.

-Ий явдалтай холбоотой комплекс байдаг юм болов уу гэж бодож  байсан юм. 
-Тэр ерөөсөө биш. Жишээ нь, миний томилж байгаа хүмүүс бүгдээрээ Орост сургууль төгссөн хүмүүс шүү дээ. Нэг онцлог нь Туркэд юмуу, Америкт юм уу мэргэжлээ дахиад дээшлүүлээд ирчихсэн. Орос школтой. Гэхдээ бас бусад газруудад ямар байдгийг мэдчихсэн тийм л хүмүүс илүү чадавхтай гэж би үздэг байхгүй юу.

-Нөгөө талаар та бол манай МУИС-ын Хууль зүйн сургуулийн нэр хүндэд асар том хөрөнгө оруулалт хийж байгаа хуульч. Гэхдээ та ямар үеийнхний төлөөлөл болчихов оо. Х.Тэмүүжин гэдэг залуу энэ сургуулийн идеал болсон байна. Сайд болчихлоо. Араас тань харин ямар нөхдүүд ороод ирчихэв ээ. О.Баасанхүү л гэнэ. н.Эрдэнжамъян л гэнэ. 
-Эрдэнэжамъян манай сургууль биш л дээ.

-Танаас болоод их олон залуучууд улс төр лүү хошуурч байх шиг харагдаж байна. Үүнээс болоод таныг буруутгах гээгүй л дээ. Та бас нэг тийм овилгогүй үеийн идеал болчихов уу даа л гэж хардаг юм.
-Би өөрөө нэг сургууль гэхээсээ илүүтэйгээр, зүгээр би өөрийгөө л тэгж үнэлдэг юм. Надад нэг тийм гурван чанар энэ сургуультай холбоотой амьдралаас бий болсон гэж боддог. Нэгдүгээрт,  МУИС-ыг төгссөнөөс авахуулаад 12 жил, одоо ч гэсэн би сургуульдаа багшилж байна л даа. Багшлахдаа юунд илүү суралцсан бэ гэхээр  асуудлыг хүчээр шийдэхээсээ илүү дандаа тайлбарлаж, ойлгуулж явахад суралцсан байна. Ихэнх тохиолдолд болж өгвөл тайлбарлаад ойлгуулах гэдэг. Зарим хүмүүс чи зүгээр хаяач дээ гэхэд үгүй ээ гээд би тайлбарлаад ойлгуулах гээд яваад байдаг нэг ийм чанар байна. Хоёрт,  энэ 12 жилд зөвхөн  багшлахаас илүүтэйгээр судалгаанууд их хийсэн. Бодлого чиглэлийн маш олон судалгаанд оролцсон. Арга зүй сайтай болж чадсан. Тийм учраас асуудалд илүү бодитой, шинжлэх ухаанч байдлаар ханддаг болсон. Ер нь хэн нэг нь надад хов жив хүргэхэд би тэр хүний ярьж байгаа юмыг сонсохоосоо илүү энэний цаана юу байна гэж дандаа ухаж хардаг тийм аргачлалтай болоод хувирчихсан учраас илүү бодитой, илүү шинжлэх ухаанч байдлаар асуудалд ханддаг. Гуравдахь нь, хуульч мэргэжлээр төгссөн учраас жаахан сэтгэлийн хаттай. Итгэж үнэмшдэг зарчимдаа тууштай хатуу зогсож чаддаг. Энэ нь зарим талдаа миний сул тал болдог байх. Улстөрчид бол мөнхийн дайсан байхгүй гэж үзээд явдаг ш дээ. Гэтэл би бол нэг буруу гээд бодчихсон, энэ болохгүй байна гээд үзчихсэн бол тэр зүйлдээ тууштай, хэтэрхий хатуу хандчихаад байдаг. Энэ хуульч, шинжлэх ухааны ажилтан, багш гэсэн гурван онцлогоос л авсан зүйл байхгүй юу. Тийм учраас би зүгээр хоосон цээжээ дэлдсэн, би тийм байх ёстой гэж бодоод үсээ гельдчихсэн, пиджак, костюм өмсчихсөн тийм залуучуудад тийм ч таатай ханддаггүй. Миний эргэн тойронд байгаа залуучууд өөрийнхөө хувьд бол биеэ тоочихсон, асуудлыг хөндлөнгийн байр сууринаас харж чаддаг. Албан тушаалд улайрахаасаа илүүтэйгээр илүү ухаалаг юм руу хандаж хардаг залуус байдаг. Тийм хэсэг нь надтай илүү ойр байдаг. Тийм хэсэг бол тийм амбицтай байхыг би буруу гэж үзэхгүй. Гэхдээ  нам, дарга, тийм юм дагаад тэгээд миний амьдрал тийм болно гэж материаллаг байдлаар өөрийнхөө амьдралыг төлөвлөж хараад тийшээгээ шулуун дайрч байгаа хэсэг бүлэг залуучууд гарч ирж байна л даа. 

-Яг фигурынхээ хувьд хуульчид чинь харьцангуй сэтгэл хөдлөлөөс  эрт салчихсан. Тийм ойлголт биеэс нь арчигдчихсан улсууд байдаг шүү дээ. Гэтэл зарим нь энэ зүйлээсээ ч холдоогүй нөхдүүд харагдах юм.
-Нэг хоёр фигурээр бүгдийг харж болохгүй л дээ. Төрөл төрлөө л олно ш дээ. Жишээ нь намайг тойроод явж байгаа залуучууд дотор тийм улс байхгүй. 

-Та хүн муутай байхаас айдаг уу, ийм байдлаас болж дотроо ер нь өвддөг үү. Таныг яг ямар хүн бэ гэдгийг хүмүүс мэддэггүй. Гэхдээ  хүн муутай гэх маягийн ойлголтууд явчихсан юм шиг ээ. Ний нуугүй хэлэхэд багш гэдэг ойлголтоос болоод таныг тойрсон зарим эргэлзээ үүссэн байх?
-Тийм, С.Нарангэрэл багштай холбоотой асуудлыг ярьж байх шиг байна. 

-С.Нарангэрэл  танд юм зааж байсан уу. Та нээрээ багштайгаа шүүхэдсэн бил үү. Хэн нь шүүхэдсэн юм бэ. Энэ тухай та ярьж өгөөч?
-Шүүхэдсэн л дээ. Одоо яг энэ дээр хандлагын, ойлголтын зөрүү гарч байгаа юм. Хуульчдыг ерөнхийдөө хүйтэн хөндий гэдэг. Яагаад гэвэл зарчим нь хатуу байдаг учраас. Зарчим чинь өөрөө зарим тохиолдолд хүн чанар, ёс суртахуун гэх мэт олон зүйлийг эвддэг шүү дээ. С.Нарангэрэл гэдэг хүнийг хувь хүнийх нь үүднээс би хүндэтгэнэ. Надад бол ний нуугүй хэлэхэд хичээл зааж байгаагүй. Надад бол Амарсанаа, Чимэд, Лүндэндорж нар хичээл заасан. Энэ хүмүүсийг би багшаа гэж хүндэтгэдэг. Нарангэрэл гэдэг хүнийг би яагаад хүндэтгэх ёстой вэ гэхээр намайг Их сургуульд ажилд авсан хүн байхгүй юу. Би чинь их сургуульд ажилд орох бүх болзлоо хангаад, тэнхим дээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Манай тэнхимийн эрхлэгч миний нэрийг балруулдаад өөрийнхөө хүүхдийн нэрийг бичээд тушаалаа гаргачихаж байсан түүхтэй. Тэгээд өө, за ажилгүй болчихлоо гээд явж байхад маань энд ажил гээд ажилд авч байсан тийм хүн байхгүй юу. Анх их сургуульд судлаачаар ороход үүд хаалгыг нээж өгсөн хүн бол С.Нарангэрэл багш бол яах аргагүй мөн. Нөгөөтэйгүүр би С.Нарангэрэл багшийн олон зүйлд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ асуудал юу байсан бэ гэхээр С.Нарангэрэл багш Эрүүгийн хууль бичсэн. Эрүүгийн хууль бичнэ гэдэг бодлого хийж байна гэсэн үг. Энэ хуулиар хоёр сая 800 мянган хүний амьдралыг шийднэ. С.Нарангэрэл багш өөрөө хувийн тэмдэглэл бичээгүй байхгүй юу. Энэ бол нийтийн эрх зүйг зохицуулах бодлого гаргаад тавьчихаж байна шүү дээ. Би бол хууль тогтоогч. Би бол хууль ёсоор ардаа сонгогчидтой. Тэр эрүүгийн хуулийг уншсан чинь миний сонгогчдыг шоронд оруулна гэсэн хууль байж байна. Одоо зарчим орж ирж байна. Шинжлэх ухаанд ахас ихэс гэж байхгүй шүү дээ. Шинжлэх ухаанд юу нотлогдож байна, юу үндэслэлтэй байна, ямар арга зүйтэй байна гэдгээр ярьдаг болохоос биш. Энэ багшийн маань хэлсэн үг үнэн, энэний хэлсэн үг худлаа гэж ярьдаггүй байхгүй юу. Энэ чинь шинжлэх ухааны нэг онцлог. Хууль бас яг тийм. Хуулийн зарчим ийм байгаа болохоос биш миний найз, миний багш, миний ах юу хэлж байгаагаар энэ зарчмыг ганхуулж болохгүй ш дээ. Энийг сонирхлын зөрчил гэж үзнэ, энийг авилга гэж үзнэ. Одоо ингээд харсан чинь тэр хуулин дээр миний сонгогчдыг шоронд оруулах гэж байна. Миний итгэж үнэмшдэг хуулийн шинжлэх ухаанаас өөр байдлаар асуудал явж байна. Би ардчилсан, чөлөөт нийгэмд байгаа. Би үзлээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Шүүмжлэх эрхтэй. Нөгөөтэйгүүр шүүмжлээд зогсохгүй энийг би зогсоох үүрэгтэй. Тэгэхлээр уучлаарай, Сайхансамбуу гишүүний өргөн барьсан хууль хуучирсан байна. Социалист арга барилаар, социализмын үеийн гэмт хэргүүдийг буцааж оруулж ирэх байдлаар бичигдсэн байна. Энийг би дэмжихгүй. Яагаад гэвэл тэнд эрээчих гэдэг гэмт хэрэг байгаа байхгүй юу. Ханан дээр эрээчих гэдэг чинь социализмын үед хүмүүсийн бодож сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэхийг хаах зорилготойгоор зохиосон хэрэг байхгүй юу. Одоо бол ханан дээр график зурна ш дээ. Хэрвээ хэн нэгний хувийн өмчин дээр эрээчээд хохирол учруулсан байвал энэ нь хувийн өмчид халдсан гэдэг зүйлээр зүйлчлэгдэх болохоос  биш ханан дээр эрээчсэн гэдгээр зүйлчлэгдэхгүй. Энэ нь өөрөө улс төрийн өнгөтэй гэмт хэрэг байхгүй юу. Ийм гэмт хэргийг гэмт хэрэг гээд оруулаад ирэхлээр нь би “Энэ болохгүй нь ээ, энийг хэн бичсэн бэ” гэхэд С.Нарангэрэл гэж байгаа байхгүй юу. Сэтгүүлч асуухаар нь би юу гээд хэлчихсэн бэ гэхээр “Ний нуугүй хэлэхэд С.Нарангэрэл багш, Ц.Нямдорж хоёр хоорондоо нэг нэгнийгээ шүүмжилдэг, шоронжсон хууль гэдэг боловч Нараа багшийн бичсэн энэ хууль илүү шоронжуулж байна. Цаазаар авах ялыг нэмэгдүүлсэн байна. Социалист гэмт хэргийг оруулаад ирчихсэн байна. Энэ хоёр хүний хувьд яг Зөвлөлтийн үед боловсрол эзэмшсэн учраас хоёулангийнх нь боловсрол өнөө цагийн үед хэрэгцээ шаардлага хангаж чадахгүй байна” гээд хэлчихгүй юу. Тэгсэн чинь Нараа багш гомдчихсон. Хоцрогдоогүй гээд шүүхэд хандчихсан. Тэгэхээр нь би шүүгч нарт  хоцрогдсон хоцрогдоогүйг шинжлэх ухаан өөрөө тодорхойлдог, эсвэл цаг үе өөрөө маргаан мэтгэлцээнээр тодорхойлдог болохоос биш шүүх тодорхойлохгүй гэж. Тэгсэн манай шүүх яахав дээ, хөөрхий минь. Нараа багшаас доктор авч байгаа хэдэн нөхдүүд л байна л даа. Үгүй ээ гэсэн. 

-Шүүх хурал бүр болсон юм уу. Та очсон юм уу?
-Болсон, болсон. 

-Тэр явдал тэгвэл бараг хэзээ ч тохиохгүй супер хичээл болсон байх аа. Багш шавь хоёр байдаг. Сэдэв нь  хоцрогдсон, хоцрогдоогүй гэх маргаан.
-Мэдээж “хичээл” болсон. Олон хүн багштайгаа шүүхэддэг, багшийгаа хоцрогдсон гэж хэлдэг, энэ ямар увайгүй юм бэ л гэж харж байгаа. Энэ бол ёс суртахууны үнэлгээ байхгүй юу. Зан суртахууны үнэлгээ. Хууль, шинжлэх ухаан, цаг үеийн үнэлгээ бол өөр. Нараа багшийг би жишээ нь юу гэдэг юм. Тэмдэглэлийн дэвтэр дээр тийм юм биччихэж, ёстой тэнэг хүн байна гэж хэлээгүй. Боловсруулсан хууль нь ийм байна гэж хэлж байна ш дээ. Тэгэхлээр энэ бол хувийн юм биш. Би Нараа багшийгаа боловсролгүй гэж хэлээгүй. Тэгсэн манай багш бөөн баримт бичиг, би ийм хүн гээд үзүүлээд. Уучлаарай, би таныг боловсролгүй гэж ерөөсөө хэлээгүй шүү дээ. Таны олсон боловсрол энэ цаг үедээ хоцрогдж ээ л гэж хэлж байна. Хоцрогдоогүй гэдгээ та надад хэлэх гэж байгаа бол шүүхээр биш эрдэм шинжилгээний хурал юм уу, шинжлэх ухааны мэтгэлцээнд дуудах ёстой. Тэгвэл өөр хэрэг. Тэгвэл би хүндлээд ичээд очихгүй байж магадгүй. Шүүхэд дуудаж байгаа бол уучлаарай. Та бол ингэж байна, ийм зүйл байна гэдгийг хэлэхээс өөр арга байхгүй. Тэрүүгээрээ Нараа багшийгаа их гомдоосон байх. Гэхдээ би сонгогчиддоо үнэнч үлдсэн шүү. 

-Хувийн нэр хүндээрээ дэнчин тавьж сонгогчдынхоо талд зогссон гэж үү. Тэгээд тэр шүүх хурал юу болж хувирсан вэ? 
-Шүүх хурал Нараа багшийн талд хариугаа гаргасан. Би бол давж заалдаагүй. Би түүхэнд энэ  явдал хуулийн сургуулиудад хамгийн сайн сургалтын материал болно гэдгийг мэдэж байна. Яагаад гэвэл би өөрөө харьцуулсан судалгаа хийдэг тийм хичээл заадаг. 

-Тэр хурал олон нийтэд цацагдсан бол Н.Энхбаярын хэргийг шүүх хурлаас илүү гоё хичээл болох байсан байх ?
-Үнэхээр тэгэх байсан. 

-Таниас бол хүйтэн зарчим хангалттай ханхалдаг л даа. Гэхдээ таньтай хүмүүс хүний ёсны талаар хэр ярилцдаг юм бол. Таны дотор явдаг сайн хүн, зөв хүн юмуу, эсвэл  хүнлэг ёс гэх зэрэг ойлголтууд ер нь ямархуу зүйл байдаг юм бэ?
-Бид нарын хүний ёс, ёс суртахуун, хүн чанар гээд яриад байгаа зүйл чинь яг юу юм бэ. Хүн бүхэн ёс суртахуунаар бусдыг хэмжих дуртай мөртлөө хэмжээд байгаа зүйлээ эргэцүүлж бодож үзээгүй шүү дээ. Энэ яриад байгаа, энэ ойлголт их дотно, эерэг бас үнэн юм шиг сонсогддог ч гэсэн мөн чанарыг нь илүү ухаалагаар задлаад үзэхээр дундад зуунаас юмуу урд талаас уламжилж ирсэн амьдралын зарчим л байдаг байхгүй юу. Гэтэл тэр амьдралын хэв маяг нь энд өөрчлөгдсөн байхад тэр зарчмаараа бид нарыг тодорхойлоод яваад байх нь хэр оновчтой вэ. Одоо эргэцүүлж харах ёстой болчихоод байна. Ингээд харахаар шинэ зарчмуудын тухай ярьж байна. Бид нар ёс суртахуун, хүн чанарын тухай ярьдаг зүйлээ авах гээхийн ухаанаар цэгцлэх ёстой юм байна. Орчин үед бид нар ёс суртахуунаар амьдралыг зохицуулах гэж оролдохоосоо илүүтэйгээр хуулиар амьдралыг зохицуулдаг тийм нийгэм рүү шилжээд оччихсон учраас, гэхдээ энэ хуулиа хамтран ярилцаж, ойлгож их ухаалгаар бодож төлөвлөж хийдэг тийм систем рүү оччихсон учраас хууль өөрөө шинэ соёл, шинэ ёс суртахууныг шаардаж эхэлж байгаа юм.  Энэ хоёрын зөрчлүүдийг бид нар зөв шийдэж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ чинь өөрөө соёлын шок үзүүлж эхлээд байгаа байхгүй юу. Би яг эрх зүйн чиглэлийн ийм соёлд суралцаж байсан хүн. Тэгээд энэ судалгааны үр дүнд надад ямар дүгнэлт гарч байсан бэ гэхээр “Одоо Монголд энэ чөлөөт шинэ нийгмийн, шинэ соёл өөрөө үйлдвэрлэгдэх ёстой юм байна” гэж. Шинэ соёл үйлдвэрлэгдэхгүй бол шинэ соёлын сул орон зай дээр ямар соёл илүү буцаж сэргэж бойждог вэ гэхээр нутгархдаг, хамаархдаг, социализмын үеийн намчирхдаг, энэ соёлууд чинь шинэ дүр төрхтэй болж хувираад  утга агуулгын хувьд босоод байдаг юм байна.  Ийм зүйлүүдээ бид нар зөв харах ёстой. Энийг зарим хүмүүс тайлбарлангуут ойлгодог байхгүй юу. Энэ чинь юуг хэлж байна вэ гэхээр Монголд иргэний боловсрол байхгүй байгааг харуулж байгаа юм. Шинэ боловсролын системээр үнэт зүйл, зарчим, амьдралын шинэ хэв маягтай таарсан хүн гарч ирж, өндийх ёстой байтал тэрийг нь заахгүй болохоор нөгөө хүмүүс чинь өөр боловсролоор, өөр бойжчихоод зөрчилдөөд эхэлж байгаа юм. Тэгээд зөрчлөө юугаар зөвтгөх вэ гэхээр хүн чанар, ёс суртахуун энэ талдаа зөвтгөнө. Энэ талдаа хууль, хариуцлага, үүрэг өөр юмаар зөвтгөнө. Энэ хоёр чинь мөргөлдөөд байгаа байхгүй юу. Энийгээ бид нар зөв бодох ёстой. Жишээ нь надаас та хүн чанарын тухай ойлголт асууж байна ш дээ. Миний ойлгодог хүн чанарын тухай ярих гэж байгаа бол би бурханд итгэл үнэмшилтэй ханддаггүй. Шашин шүтлэг байхгүй. Гэхдээ би бурханд таалагдахын тулд, хойд насандаа сайхан амьдрахын тулд хүнд тусалдаггүй. Би өөрөө хүн учраас өөртэйгөө адилхан хүнд туслах хүсэл эрмэлзэлтэй. Миний дотор өөрөө тийм гал асч байдаг.  

-Та хэдэн дүүтэй вэ?
-Би хоёр дүүтэй. Айлын том. 

-Хоёр дүү нь дажгүй амьдарч байгаа юу?
-Яахав дажгүй амьдарч байгаа. Нэг дүү нь сая Боловсролын яаманд оччихсон гээд л хэл үг гарав даа. Хуучин намайг их сургуулийн багш байхад л ордонд ажилладаг байсан. Бас адилхан хуульч мэргэжилтэй. Л.Гантөмөр сайд хуулийн хэлтсээ байгуулж байгаатай холбоотойгоор хуучин намын бүлэгт ажиллаж байсан гурав, дөрвөн хуульчийг татаж аваад явсан. Тэрний нэг нь л дээ. 

-Газрын дарга болсон юмуу?
-Үгүй. Хууль зүйн газар байхгүй, хэлтэстэй л дээ. 

-Хуульчийнхаа хувьд өөрөөрөө “байлдаад” танигдаж болдоггүй ээ?
-Үгүй ээ, яахав. Би дүүдээ хэлсэн л дээ. Хэл амтай юм биш үү, чи буцаад ажлаа ирээд хийчихгүй юм уу гэсэн чинь “Тус болохгүй байж, гай битгий бол” гэж байна лээ. Би хэзээ ч тус болж үзээгүй л дээ. Түрүүний хүйтэн гэдэг чинь ах дүүгийн харьцаан дээр ч гэсэн гарч ирж байна л даа. 

-Яг төрсөн хоёр дүүтэй, гурвуулханаа юм уу?
-Гурвуулханаа. 

-Эрэгтэй дүү тань?
-Эрэгтэй дүү маань нэг машин бариад л амьдраад  явж байна. 

-Та битгий эмзэглээрэй. Ял эдэлж байсан гэсэн мэдээлэл байсан. Одоо дажгүй юу?
-Тийм, ял эдэлж байсан. Одоо дажгүй байгаа. Бусад хүмүүсийн адилаар л амьдарч байна. 

-Энэ асуудал хэрэггүй, битгий бичээрэй.  Энэ миний хувийн амьдрал гэж яагаад хэлэхгүй байгаа юм бэ. Та тийм бардам юм уу?
-Миний итгэж үнэмшдэг философитой холбоотой зан л даа. Хэрвээ чи нийтийн эрх ашгийг илэрхийлээд, тодорхой албан тушаал дээр байгаа бол чамд нуух юм байхгүй. Яагаад гэвэл олон нийт чамайг хардаж бодохоосоо гадна чиний үйл хөдлөлийг чинь хянаж байх ёстой. Яагаад гэвэл татвар төлөгчдийн мөнгө тэдний сонгосон сонголт хоёрыг чи хувьдаа ашиглаад байна уу, үгүй юу гэдгийг мэдэж байх эрхтэй. Тийм учраас энэ миний хувийн асуудал гэж хэлэх зүйл бол маш ховор. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав