“Ярилцъя” булангийн шинэ зочин “Монгол газар” компанийн ерөнхий захирал Ц.Мянганбаяр. Уншигчид маань түүнтэй уулзуулж өгөхийг хүссэн юм. Бидний яриа “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүүгийн өгсөн ярилцлагаас үүдэлтэй ч Монголын бизнесийн ертөнцийн хүнд хэцүү орчин, түүн дотор зүтгэж яваа бизнесмэнүүдийн зовлон руу л орчихоод байлаа. Ингээд уншигч танд өөрөө мэдэрч, өөрөө тунгаах боломжийг олгож байна. Хүлээн авна уу. 


-Өмнө нь тантай нэг биш удаа ярилцаж байлаа. Өнөөдөр бас л нэг шинэ нөхцөл байдлын дунд бид ярилцах гэж байна. Юутай ч хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа. Хэдхэн хоногийн өмнө миний зочноор “Жаст” группийн захирал Ш.Батхүү уригдсан. Үүний дараа уншигчид маань Ц.Мянганбаярын тайлбарыг сонсмоор байна гэсэн санал олноороо ирүүллээ. Тэгээд л танд хандсан нь энэ. 
-Та ч Ш.Батхүүгээр баахан юм яриулж над руу бөмбөгдчихөөд дараа нь надтай ярилцана гээд л. (инээв) Ш.Батхүү юу ярьсныг би мэдэхгүй юм. Хүмүүс л надад тэгж тэгж хэлсэн байна. Ингэсэн байна гэж хэлсэн. Гэвч тэр хүний юу бодож, юуг буруутгах нь өөрийнх нь асуудал.   

-Энэ бол миний ажил шүү дээ. Зүв зүгээр сууж байгаа хоёр нөхрийг “зодолдуулж” байгаа мэтээр арай хүлээж авч байгаа юм биш биз дээ?
-Үгүй дээ. Тоглож байна. Ажлаа хийж байгааг тань ойлгож байгаа учраас уулзаж байна.

-За, тэгвэл яриандаа оръё. Олон нийтийн дунд өнөөдрийн байдлаар Ц.Мянганбаярын “Олон овоот”-ын алтны төсөл нь өөрийнх нь мэдлээс гарсан. Тэгээд тэр төслийн хувь заяа ч ээдэрсэн. Дээр нь банкуудын хямралд таныг маш их буруутай гэсэн ойлголт л бий болчихсон. Өнөөдөр таны байдал яг ямар байна вэ. Хамаг төслүүдээ зогсоож, хаалга үүдээ барьсан гэх юм.
-Бизнес хийж байхад аль нэг төслөө зарах, дараагийн төсөлд хөрөнгө оруулах, санхүүгийн хүндрэл бэрхшээлд орох, түүнээс нь болж олон нийтийн хандлага нөлөө өөрчлөгдөх гээд олон л юм үзнэ шүү дээ. Би өнөөдрийг хүртэл төр, түм­нээсээ худал хэлж, хулгай хий­гээ­гүй явсан даа. Арай ч түмэнд нүүрээ барчихаагүй байна. Хэд хэдэн төсөл эхлүүлээд явж бай­на. “Олон овоот” төсөл бол бид­ний хэрэгжүүлж байсан нэг л төсөл шүү дээ. 

-Арай эвгүй өнгөтэй асуу­чих­лаа. Олон овоотын ор­дын талаар та нэг сайн та­нилцуулаач. Ер нь яг ямар орд юм?
-”Олон овоот”-ын орд бол Ха­нын хэцийн раойнд хамаардаг, 25 км орчим үргэлжилдэг том тал­бай юм. Бид нийт талбайн ба­га­хан хэсэгт буюу 2-3 км газар, доо­шоо 200 метрийн гүнтэйгээр өрөмдөж хайгуулын ажил хий­сэн. Цаашаа үргэлжлүүлбэл өрөмд­лөг хайгуулын маш их ажил байгаа. Манай компани ялангуяа алтны эрэл хайгуулын хувьд мэргэшсэн, мөн алтны бая­жуулах үйлдвэр болон бага агуулгатай уусгалтын үйлдвэ­рийн талд дээр Монголдоо анх удаа шинэ технологийг нэвт­рүүлж, үйлдвэр байгуулсан турш­лагатай хамт олон. Энэ Олон овоотын орд дээр бид Австра­лийн “Межик дриллинг” өрмийн компаниар 65 мянган тууш метр өрөмдлөг хийлгэсэн.

Нөөцийг нөгөө муу нэртэй Ц.Мян­ганбаяр бодож тогтоодог юм биш шүү дээ. Мэргэжлийн хү­мүүс бодоод, Эрдэс баялгийн мэр­гэжлийн зөвлөл баталдаг ийм учиртай. Түүнээс биш бид ду­раараа тэдэн тонн байна гэж тогтоохгүй. Маш нарийн тусгай шинж­лэх ухаан, тусдаа мэргэж­лийн баг ажиллаж тогтоодог юм. Энэ ажлыг хийдэг Эрдэс баял­гийн зөвлөлийн мэргэжилтнүү­дийг дандаа худлаа тооцоо су­дал­гаа хийдэг, худалч, муу ул­сууд байдаг гэж би хувьдаа бо­дох­гүй байна. Манайх нөөцийг 2005 онд 18,5 тонноор хамаал­сан. 

-Канадын “Вордроп инжене­ринг” компани мөн энд нөөц тогтоосон байгаа. Энэ ком­панийг та урьж нөөцийг да­хин тогтоолгосон уу?
-Тийм. Бид ордын нөөцийн үнэл­гээ хийдэг “Вордроп инже­не­ринг” гэдэг дэлхийд алдартай, хагас зуун жилийн түүхтэй ком­па­ниар нөөцийг шалгуулсан. Шал­гуулаад тэдний гаргасан нөө­цийн үнэлгээний тайланг бид хүлээж авсан ба 25 тонноор бат­лагдсан. “Вордроп инженеринг” компанийн гаргасан тайлан дүг­нэлтийг олон улсын хэмжээнд эц­сийн дүгнэлт гэж үздэг юм.

-Олон овоотын үйлдвэ­рийг та барьсан. Маш том ажил байсан байх?
-Олон овоотын үйлдвэр, ил уур­хайн ажлыг хэрэгжүүлэхэд би­дэнд хоёр том бэрхшээл бай­сан. Нэгдүгээрт, өндөр хүчдэл байхгүй. Үйлдвэрийг дизель стан­цаар ажиллуулах, хөрс хуу­лалт хийхийн тулд дизель түлш хэрэглэх ёстой. Энэ нь бол нийт зардлын 65 хувь байсан. Хоёр­ду­гаарт, монголчууд урьд өмнө нь хэзээ ч ийм алтны баяжуулах үйлдвэрийн технологи нэвт­рүүлж байгаагүй. Тэгэхээр энэ талаар мэддэг хүн бараг байхгүй гэсэн үг. “Бороо гоулд” мэтийн бу­сад гаднын хөрөнгө оруулаг­чид дээр очоод хамтарч ажил­лая гэхээр урдаас “Бид 70 хувийг нь авъя” л гэдэг. Ингээд бид өөрс­дөө зүтгэсэн. Бид зургаан жи­лийн­хээ хөдөлмөрийн үр дүнд жилдээ хоёр мянган тонн хүдэр бо­ловсруулах хүчин чадалтай, дэлхийн стандартад нийцсэн хү­дэр боловсруулах сайхан үйлд­вэ­рийг  барьсан. Манай хамт олон хийж чадсан.Энэ бол бид­ний бахархал.

-Одоо Монголд ганцхан бай­гаа тэр баяжуулах үйлдвэр “Монгол газар” компанийн өөрийн хөрөнгийн бүртгэлд байна уу. Олон овооттой­гоо хамт арилжигдчихсан уу?
-”Олон овоот гоулд” компа­нид бид бүх техник, тоног төхөө­рөмжүүд, хамрагдах лицензүү­дийг шилжүүлсэн, Зөвхөн “Кома­цу”-гийн техник гэхэд 40-50 сая орчим доллар.

-Энэ бүгдийг хамт шилжүүл­сэн юм уу?
-Тэгэлгүй яахав. Бүгдийг нь. Ажилчдын хотхон гээд л бүгдийг нь. 

-”Комацу”-гийн тэр техни­күүд таныг бас нэлээд зо­воож байж босч байсан са­нагдана. Зээлийн хөрөн­гөөр оруулж ирж байсан биз дээ?
-Тийм.Чи ч манайхыг үүх түү­хээр нь мэдэх юм байна. Би нөө­цийн тухайд нэг үгийг бас хэл­мээр байна. Манай хайгуулчид, геологичид өөрсдөө олборлох гэж байж хэзээ ч нөөцийг худлаа тавьдаггүй. Хэзээ ч үүнийг худ­лаа хийдэггүй. Тийм зүрх сэтгэл бидэнд байдаггүй. Ш.Батхүү­гийн хэлж байгаа шиг дөрвөн тонн байгаа юмыг 20 тонн гэж бич­нэ гэдэг бол байж боломгүй зүйл.
-”Олон овоот” төслийг гад­нын болон дотоодын бан­куу­дын дунд үнэтэй барь­цаа болгож байсан гол хү­чин зүйл “Вордроп инжене­ринг”, Эрдэс баялгийн зөв­лөл хоёрын тогтоосон нөөц байсан. Явсаар байгаад “Жаст групп”-ийн нэр дээр шил­жиж ирсний дараа тэд­нийх ахин гаднын компани ажиллуулж нөөцийг тог­тоол­го­сон. Одоо бол тэдний тогтоосноор дөрвөн тонн л алтны нөөц байгаа болж таа­раад байна. Энэ төсөл рүү орж үйлээ үзсэн дотоо­дын компани тэгж мэдэг­дэж байгаа шүү дээ. Эрдэс баялгийнхаа зөвлөлд мон­гол­чууд бид итгэж таарна. Тэгэхээр энэ асуудалтай хол­боотой гомдол босч ирэх юм шиг билээ?
-Олон улсад бизнесийн зар­чим бол зарчим л байдаг. Дэл­хий “Вордроп инженеринг” гэх мэ­тийн олон жилийн туршлага­тай, хариуцлагатай компаниу­дын­хаа мэргэжлийн ур чадвар, ха­риуцлагад итгэдэг. Тэд ч зарч­маа  баримталдаг. Манай Монго­лын эрдэс баялгийн мэргэ­жилт­нүүд ч ур чадвар, мэргэж­лийн ёс зүй өндөртэй. Тийм л уч­раас “Олон овоот”-ын төсөл гад­нынх­ны өмнө ч, дотоодынхны өмнө ч нүүр улайх юмгүй төсөл гэж үнэ­лэгддэг юм. Ер нь ч тэгээд өнөө­дөр Ш.Батхүүгийн гаргаж тавьж байгаа асуудал бол дэн­дүү ха­риуц­лагагүй, хувиа хичээ­сэн мэ­дэгдэл. Асуудал байгаа гэж бо­дож байвал гаргадаг га­зар нь гомд­лоо гаргаад, хөндлөн­гийн шинжээчдээр дүгнүүлэх хэ­рэг­тэй. Надаас авахдаа ч өөрс­дөө хяналтын өрөмдлөг хийгээд “ОК” байна л гэж авсан. 

-Энэ асуудлаар танайх “Ворд­роп инженеринг”-д хан­даж байгаа юу?
-Бид яагаад хандах ёстой гэж. Яагаад гэвэл “Олон овоот” төс­лийг бид “Жаст групп”-т худалд­сан шүү дээ. Тийм учраас одоо хэ­рэв хандах ёстой бол Ш.Бат­хүү ч юм уу, Г.Алтан, хэн байдаг юм нэг нь хандах ёстой байх. Мон­голбанк хандсан байх. Сүүлд би тэгж сонссон. Нөөцөө бид хамгаална гэсэн сураг дуул­сан. 

-Нөөцөө тогтоолгохдоо мэ­дээж нэлээд өртөг төлсөн байгаа биз дээ?
-Ерөөсөө л өөрсдийн нөөц тог­тоодог, баталгаажуулдаг үнийн тарифаараа л авдаг.

-Өөрөө үйл ажиллагаа явуулж, ордыг ашиглах гэж байж, өөрийнхөө эсрэг гэмт хэрэг хийхгүй, өөрийгөө хуу­рахгүй шүү дээ гэж ярилц­лагын өмнө хэлж бай­сан. Тэгэхээр нөөцийг худлаа тогтоолгох шаард­лага байхгүй юм аа гэж хэлж байх шиг байна. Гэхдээ...
-Гэхдээ байхгүй. Уучлаарай, би яриаг тань таслачихъя. Ц.Мян­ганбаярын үгэнд итгэхгүй байж болно. Би чинь муу нэртэй хүн шүү дээ. Монголд ер нь на­даас өөр муу нэртэй, муу хүн ал­га. Хэрвээ үнэхээр нөөц байдаг­гүй юм бол “Вордроп”-ыг олон ул­сын шүүхэд өгч болно. Та энэ ба­римтуудыг үз. Бүх захирал нь гарын үсэг зураад, нөөцөө ба­тал­гаажуулсан баримт байна. Бүгд олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн докторууд. Та үз дээ. Ямар нэр хүндтэй, ямар түүх­тэй компани билээ. Тийм ч уч­раас эдний баталгаа чинь олон улсын зах зээл дээр үнэлгээ болоод явдаг юм шүү дээ.

-Уул уурхайтай орон бол­гонд ажиллаж байсан Кана­дын “Вордроп”. Би ойлгож байна. Та надад хоёр жи­лийн өмнө энэ ордын нөө­цийг хэдийгээр ингэж тог­тоо­сон ч үүнээс ч илүү их байх магадлалтай гэж хэлж байсан.
-Тэгсэн. Яагаад гэвэл хайгуу­лын ажлыг бид 200 метрээс доо­шоо өрөмдлөг хийгээгүй. 200-гаас доош 250 метрт өрөмдөхөд бол алттай хүдэр байж л байсан. Гэвч бидэнд тийм гүний уурхай ашиглах техникийн бололцоо ч, туршлага ч алга байна л даа. Доо­шоо ахиад нөөц нэмэгдэнэ. Тэр бол ойлгомжтой. Баруун тий­шээ ч, зүүн тийшээ ч бас нэ­мэг­дэнэ. Бас дахиад “Олон овоот”-ын бүс нутаг доторх ми­ний өгсөн тэр лицензүүд дотор байгаа “Мөргөцөг”, “Гоёот улаан” гээд алттай хэсгүүд байгаа. Орд­той. Энэ талбайнуудад өрөмд­лөгийг гүйцэд хийж чадаагүй. Бас “Бурхан дэл” гээд одоо энэ “Вордроп инженеринг”-ийн тай­ланд орсон таван тоннын нөөц­тэй орд тусдаа байна л даа. Олон овоотоос 10 км-ийн зай­тай. Нэг л орд байхгүй юу. Тэрний жоохон хэсэг дээр нь л бид ажил­лаж байсан хэрэг. Тэрний таван тонныг ч бид доош нь өрөмдөж ча­даагүй. Хоёр гэлүү гурван тонн гэж баталсан байсан. Сүүлд нь “Олон овоот”-ынхон 4.8 тон­нын нөөц батлуулж ашиглалтын “А” лиценз авсан байна лээ. Тэр­ний хайгуулыг бас нэмж хийх шаард­лагатай. Үнэхээр нягт ням­бай ажиллагаа хэрэгтэй бай­даг юм шүү дээ. Хэрвээ бид Оюу­толгой шиг 500 метрийн гүний цооног, 1200 метрийн гүний цоо­ног өрөмдвөл мэдээж нөөц өсөх нь ойлгомжтой. Гэхдээ одоохон­доо бидэнд тийм гүний уурхай хийх туршлага алга байна л даа. 

-Алт баяжуулах үйлдвэр ба­рих нь таны олон жилийн мөрөөдөл байсан. Энэ ту­хай ярьж байсныг тань са­наж байна. Гэвч та мөрөөд­лийн үйлдвэрээ маш хүнд нөх­цөлд зүтгэж байгуу­лаад “Олон овоот” төсөл­тэй­гөө хамт өгчихсөн юм байна. Өнөөдөр энэ хөдөл­мө­рийн үнэлэмжийг хэн ч хөндөхгүй. Ц.Мянганбая­рын өр, Ц.Мянганбаярын тарьсан балаг л гэдэг ойл­голт бий болж. Тэгэхээр би танаас ядаж Ц.Мянганбая­рын өрийг энэ чухал үйлд­вэрээ хүртэл алдан байж хэр хаасан юм бэ гэж асуух гээд байна л даа?
-”Олон овоот” бол үнэхээр сай­хан төсөл.Тэгэхдээ ийм уул уур­хайн төслийг санхүүжүүлж авч явах санхүүгийн бүтэц, банк­ны систем, хууль эрх зүйн орчин өнөөдөр манайд алга. Өөрөөр хэл­бэл “Олон овоот”-ын төсөл бол гаднын нэг ч хувийн орол­цоо­гүй зүтгэж хэл ам таталсан ганц тө­сөл шүү. Уул уурхайн бу­сад бүх төслийн 85 хувь нь гад­нынх­ны мэдэлд байгаа. Дөнгөж ард­чилсан хувьсгалын дараа ч биш саяхан 2000 оноос л бид үйлд­вэр барьж эхэлж байгаа улс шүү дээ. Ийм нөхцөлд хаанаа­саа тийм жар, далан сая долла­рын хөрөнгө монгол хүнд байх юм бэ. Бүр ойлгомжтой биз дээ. Тэр тус­маа ямар ч дэд бүтэц байх­гүй, Өм­нөговь аймгийн хам­гийн алс­лагдсан сумын нутаг дэвс­гэрт алт үйлдвэрлэх үйлдвэ­рийг, тэ­гээд тэр дэд бүтэцтэй нь байгуул­на гэдгийг лав барууны нэг ч хүн хүсэхгүй л байх. Ман­дал-Овоо сум чинь алслагдсан сум шүү дээ. Нөхцөл байдал ийм л бай­хад бид мөрөөдөл, залуу нас хоёроороо дайраад л хийж чад­сан. Энэ бол гайхамшигтай ам­жилт. Гэвч бидний олсон үр дүн ийм л байдалд орох шив дээ. Ган­чимэг ээ, уучлаарай. Манайд бол бизнес улс төргүйгээр явдаг­гүй юм. Би бол хүнд хүчээр орд өгчихдөг, хүнд хүчээр үйлдвэрээ өгчихдөг тийм хүн бас биш шүү дээ. Хүчээр л өгчихсөн юм шиг ярьцгаах юм. Би бол буланд ша­хагдаад, олон төрлийн дарам­тан дунд л өгсөн хүн шүү дээ. Түү­хэнд хэрвээ гэдэг ойлголт бай­даггүй гэж би танд тэр үед хэлж байсан. Одоо нэгэнт өгөөд, болоод өнгөрсөн явдал шүү дээ. Гол нь төсөлтэй холбоотой өр төл­бөрийг асуудалгүй төлнө гэж бүхэл бүтэн зургаан жилийн минь хөдөлмөрийн үр дүн бол­сон орд, уурхай, үйлдвэр, бас олон лицензийг минь авчихаад, өрөө ч төлсөн юмгүй, өнөөдөр ийм юм яриад сууж байгааг нь гайхаад байх юм. 

-Харамсал дүүрэн л сон­сог­дож байна.
-Би үүний төлөө харамсдаг­гүй. Өгөх ёстой л байсан юм байлгүй. 

-Танд тэднийг мэхлэсэн зүйл үнэхээр байхгүй гэж үү?
-Би тийм хүн мэхлээд байх жу­даггүй хүн биш. Хэрвээ үнэ­хээр намайг мэхлэсэн гэх юм бол би өгсөн юмаа өртэйгөө хамт буцаагаад авч болно. 

-Юу гэнэ ээ, та үнэхээр ин­гэж хэлж байгаа юм уу?
-Тийм ээ. Тэгэхэд бэлэн бай­на. Ш.Батхүү захирлыг сайн хүн, сайн залуу гэж би боддог. Би мэд­нэ. Гэхдээ бид хоёрт бас нэг ял­гаатай тал байгаа юм. Би бол багаасаа гудамжинд өссөн, олон жил айлаар явж, хатуу хөтүүг үзэж өссөн хүн. Энэ амьдралаас бэрхшээлийг туулах чадвар на­дад суусан болов уу даа. Тэрэн­дээ одоо би бурханд баярладаг. Би компаниа анх байгуулахдаа л ерөөсөө л үйлдвэрлэл явуул­даг болъё гэж зорьсон. Өнөөдөр хүртэл амьдарч, тэсч ирсэн ма­най компанийн давуу чанар юу вэ гэхээр бид ордыг олж чаддаг, бас үйдвэрлэлийг хийж чаддаг тийм чадвар суусан маань юм. Түү­нээс биш бусад хүмүүстэй адилхан Сашагаас 100 долла­роор бензин аваад Дондогт ав­чирч 110 доллароор өгдөг, эсвэл Туяа Дорж хоёрын мөнгийг зээлж аваад Ганаад нь өгөөд дун­даас нь ашиг олдог ч юм уу тийм төрлийн бизнест үнэхээр маруухан. Би бас гайхдаг л бай­сан. Ш.Батхүүг маш олон дам­пуур­сан махны үйлдвэрүүдийг аваад л, дампуурч байгаа хоёр гурван банк аваад л, дараа нь ма­най ордыг аваад л байхаар энэ бүгдийн ард гарч чаддаг л юм байх даа гэж гайхаж л бай­сан. Эсвэл банкаараа дагнаад, эсвэл манай “Олон овоот”-ын ор­дыг авчихаад уурхайгаараа дагнаад явмаар л харагддаг байсан. 

-Таныг өрийг нь өгөхгүй байсан болохоор өрөө авах гэж тантай хамтарсан гэ­дэг?
-Тэр бол аль ч уурхай, шата­хуун нийлүүлдэг компани хоё­рын хооронд байдаг л асуудал. Гэлээ гээд би Ш.Батхүүтэй хам­тарсан нь миний хамгийн том ал­даа байлаа гэж хэзээ ч хэ­лэхгүй, бизнес бол хатуу тог­лоом, чадахгүй бол бүү тогло гэдэг биз дээ. 

-Хэр хэмжээний өр байсан юм бэ?
-18 орчим тэрбум байсан са­нагдаж байна. 18 тэрбум төгрө­гийн өрөө авахын төлөө 186 тэр­бум төгрөгийн өрийг өөр дээрээ аван байж хүний алтны үйлдвэ­рийг авах уу. Зөвхөн өрөө авах гэж ийм юм хүн хийдэг юм уу. Алт­ны үйлдвэрлэлд их хэмжээний мөнгө эргэдэг. Ингээд л тайлбар­лах гэхээр маш олон зүйлийг хөн­дөхөөс аргагүй байдаг. Ерөө­сөө манай энэ эдийн засаг үнд­сэн системээрээ буруу байгаад бай­на шүү дээ. Өөрөөр хэлбэл баялаг бүтээдэг систем биш байгаа байхгүй юу. Жишээ аваад хэлье л дээ. Монгол Улс гурван сая хүнтэй. Сүүлийн 20 жилийг харахад монголчуудад  баялаг бүтээсэн түүх ерөөсөө байхгүй. Үндэсний бүтээн байгуулалт гэж байхгүй. Жишээ нь, одоо энэ эмэг­тэйчүүд та нарын дуртай “LOUIS VUITTON” гээд нэг фран­цын фирм байна шүү дээ. Тэр жижигхэн фирм гэхэд 10 мянган салбартай. Цэвэр ашиг нь жил­дээ дөрвөн тэрбум доллар. 1988 онд Монголын “МОНЕЛ” гээд электроникийн анхны компани байгуулагдаж байсан санагдаж байна.”САМСУНГ”-тай нэг өдөр байгуулагдсан байдаг. 1988 онд шүү дээ. 88 он гэдэг чинь саяхан байхгүй юу. Тэгтэл 12 жилийн дараа “Самсунг электроникс” “Сони”-г гүйцсэн гээд бод доо. 15 мянган хүнтэй, жилийн цэвэр ашиг нь 23 тэрбум доллар. Мон­голчууд бид тэр солонгосуудаас, цүнх түрийвч хийдэг тэр улсуу­даас тэнэг юм уу, хаашаа юм бэ. Харьцуулахад энэ бол маш эн­гийн зүйл. Энгийн. Гэтэл одоо бид 1,5 тэрбум доллар гаднаас зээлж авчирчихаад тэрэн дээрээ цөмөөрөө баярлаж байгаа гэж яана. Баахан өр тавьчихаад улс нийтээрээ баярлаад. Ямар дүр зураг харагдаж байна вэ. Уул уур­хайн үйлдвэрлэл дээр сис­тем буруу байгаа учраас уул уур­хайн бирж манайд байдаггүй. Уул уурхайн төслийг санхүүжүү­лэх банкууд байхгүй. Өөрөөр хэл­бэл уул уурхайн төсөлд хө­рөнгө оруулалтаа нөхөх 5-6 жил хэрэгтэй байдаг. Жишээлбэл, “Комацу”-гийн 50 орчим сая дол­ларын тэр олон техник, манай  бос­гочихсон үйлдвэр байж бай­на. Энэ бүхнийг юугаараа босгох юм бэ. Хөрөнгө оруулалт, сан­хүү­жилт, зээлээр л босгоно шүү дээ. Тэгээд тэр зээлээ төлөхөд үйл ажиллагаа явж эхэлсэнээс хойш дор хаяж таван жил хэрэг­тэй биз дээ. Одоо Оюутолгой гэ­хэд 2025 он болтол монголчууд ашиг авч чадахгүй. Яагаад гэвэл оруулсан хөрөнгөө бүтээгдэ­хүү­нээрээ нөхөж авах ёстой. Ийм бо­лолцоог хангах банк санхүү­гийн систем алга. Тэрийг чинь жи­шээ нь,  “Жаст” групп харж байна шүү дээ. Одоо цаг нь болсон, энэ Ц.Мянганбаярт техник нь байгаа юм байна, орд нь байгаа юм бай­на. Одоо ингээд цааш нь аваад явъя гээд. Мэргэжлийн үүд­нээс л ухаагүй болохоос. 

-Өөрсдөө юу?
-Үнэндээ бол тэд  мэргэж­лийн нягт үйл ажиллагаа явуу­лаагүй.

-Тэгвэл та яах гэж орж ирэ­хэд нь 50:50 хувийн хөрөнгө оруулалттай “Олон овоот гоулд”-ыг байгуулалцсан юм бэ?
-”Жаст”-тай хамтраад ажил­лах бололцоо байсан. “Жаст” тө­сөлд хувь эзэмшсэнээрээ нэмэлт шаардлагатай санхүүжилтийг олж ирэх үүрэг хүлээсэн ч тэр нь бүтээгүй. Тэгээд ч уул уурхайг ойл­гохгүй хүнтэй уул уурхай хий­нэ гэж байдаггүй юм байна лээ. “Олон овоот”-оос өөр манай компанийн бусад том төслүүд байна шүү дээ. Тэгээд ч би дээр хэлсэн. Тал бүрийн дарамт байсан гэж.

-Гэхдээ та Монголын бүх банкны барьцаанд энэ ор­дыг тавьчихсан байсан юм биш үү. Бүх банкинд өр­тэй байсан?
-Бүх банкинд өртэй нь ч хаа­шаа юм бэ. Энэ төсөл дээр хам­тарч ажиллаж байсан банкууд гэвэл “Анод”, “Зоос”, “Голомт” бай­на. Энэ гурван банктай ажил­лаж байсан. Миний хамтарч ажиллаж байсан “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банк эд нар дампуурчихаагүй л байгаа биз дээ. 

-”Анод”, “Зоос” банкуудын дампуурлыг тантай л холбож олон нийт ойлгочихоод байна шүү дээ. Хэдийгээр нэг харил­цагчтай ийм сэдвээр ярьж бай­гаа маань дэндүү жижиг яв­дал ч би асуух ёстой.
-Хамгийн гол нь Монгол Ул­сын компаниуд, Монгол Улс ний­тээрээ баялаг үйлдвэрлэдэггүй тийм тогтолцоонд яваад байна шүү дээ. Өнөөдөр Улаанбаа­та­рыг хар л даа. Би саяхан Ховдод нутагтаа очоод ирсэн. Ховдод хү­мүүсийн орлого, амьжиргааны төвшин маш доогуур байна. Улаанбаатар бол томруулсан Ховд хот л байна шүү дээ. Өнөө­дөр бид ямар экспорт хийгээд байгаа юм бэ. Улаанбаатарчууд ямар экспорт хийж байна. Ямар ч экспорт байхгүй байна шүү дээ. Тэгэхээр чинь банкууд нь олигтой ажиллах уу. Хоёрдугаарт нь асууя. Нэг төслөөс болоод дампуурдаг банк гэж байх уу .Би танд нэг үг хэлье. Ерөөсөө бан­кийг залилдаг хүн гэж хорвоод байдаггүй юм. Хэн ч банкийг залилж чадахгүй. Тэд чинь су­далж байж, судалгаан дээрээ тул­гуурлаж бизнесээ явуулдаг, судалгаан дээрээ суурилж барь­цаатай мөнгөө зээлдүүлдэг юм байгаа биз дээ. Би лав мэдэхгүй юм байна.

-Та чадсан юм биш үү. Мон­голын банкуудын барьцаа­наас “Олон овоот”-ын ли­цен­зүүдээ суллаж аваад “Голд­ман сакс”-ын барь­цаанд аваачаад өгчихсөн байсан шүү дээ.
-Та аан гээд сонсоно уу. Хэ­зээ ч зээлтэй үед банк лиценз сул­ладаггүй, сулласан ч батал­гаа, батлан даалт гаргуулж байж сулладаг юм. Ц.Мянганбаяр гэ­дэг хүн л энэ банкуудыг хуурч мэх­лэчихсэн гэдэг бол байж болш­гүй ойлголт. Тийм ойлголт хорвоо дэлхийд байхгүй. Нэгд, энэ. Хоёрт, бид “Голдман сакс”-тай гэрээ хийсэн нь үнэн. 100 сая долларын гэрээ хийлээ. 100 сая долларын хөрөнгө оруулал­тыг тэд бидэнд өгөх гэж байлаа шүү дээ. Олон овоотын ордын нөөцийг өөрсдөө бас хөндлөн­гийн гуравдагч компаниар шал­гуулж тогтоолгосон. Дэлхийд нэр хүндтэй компаниар. 

-“Голдман сакс” өөрсдөө?
-Тийм. Тэгээд манай дээр гур­ван дүгнэлт гарч байгаа юм. Үйлд­вэр баригдаад төгсгөлийн шат руугаа орж байсан. Нэгдү­гээрт, үйлдвэр нь байна уу. Хоёр­дугаарт, яриад байгаа тэр нөөц нь байна уу. Гуравдугаарт, бо­лов­сон хүчин нь байна уу. Ийм гур­ван шалгалт хийдэг юм билээ. Ингээд бидэнтэй 100 саяын гэ­рээ байгуулаад эхний 30 сая дол­ларыг өгсөн. 30 сая доллар аваад “Иточу”, “Зоос” банк руу шил­жүүлж байгаа юм. Ардаа эр­гэлтийн маш бага мөнгөтэй хо­цорсон. 5-6 сая доллартой л хо­цор­лоо. Тэгээд бид өдөр шөнө­гүй ажиллаж байж жил гаруйн дотор 25,8 сая доллар “Голдман сакс”-д алтаар өгсөн. Алт экс­портолж байна шүү дээ, биет алт. Тэгэхэд бидэнд хүндрэлтэй юм юу байсан гэхээр эргэлтийн бага мөнгөтэй хоцорсон учраас хөрс хуулалтан дээр олигтой ажил­лаж чадаагүй, үнэнийг хэлэхэд. 30 саяыгаа аваад бид 25,8-ыг өгчихлөө шүү дээ. Ш.Батхүүд хү­лээлгэж өгсөн “Голдман сакс”-ын өр бол хүү, торгууль тийм л дүн бай­сан. Бидэнд өөр нэг том да­рамт юу байсан гэхээр нөгөө 68 хувийн татвар байсан. Маш их дарамт байсан. Найман тэрбум төгрөг бид улсад тушаасан. Дээр нь эргэлтийн мөнгө бага. 68 ху­вийн татвараа тушаахгүй бол гаалийн зөвшөөрөл өгөхгүй. 

-”Жаст” орж ирээд бүх юмыг шилжүүлээд авахад дутсан мөнгө энэ л хүү,  торгуульд явсан мөнгө үү?
-Тийм. Хүү, нөгөө “Комацу”, “Иточу”-гийн техникүүдийн үнэ  байна. Төсөл хэрэгжүүлэхэд орол­цож байсан бусад аж ахуй нэгжүүдийн өр ч бий. Ингэж бай­тал гэнэт  “Зоос”, “Анод” хоёр дам­пуурахгүй юу. Тэгээд хам­гийн их зээлтэй байсан харил­цаг­чийг зарлана, цоллоно биз дээ. Жилийн дараа гэхэд алтны үнэ дэлхийн зах зээл дээр хоёр дахин өсчихөж байгаа юм. “Голдман сакс” биднээс 26 сая долларын алт авсан бол нөгөө­дөх нь 50 сая долларын алт бол­чих жишээтэй. Ингээд асуудал дуусчихаж байгаа байхгүй юу. “Голдман сакс” ямар их хожсон нь харагдаж байгаа биз дээ. Тэд зээлийг доллароор төлөхийг зөв­шөөрөөгүй. Биет алтаар тө­лүүлсэн. За, ингээд “Анод” банк, “Зоос” банк хоёр дампуур­лаа гээд бөөн юм болсон. Мон­голын сонин хэвлэлүүд шууги­сан. Нө­гөө муу Ц.Мянганбаяр руу чинь дайрч өгнө биз дээ. Тэгэн­гүүт “Голдман”, “Өө, Монгол га­зар” чинь ийм их өртэй байсан юм уу. Бид одоо харилцахгүй ээ, bye bye гэсэн.

-Аймаар том ашиг хийчих­сэн, монголчууд бужигнаад эхлэхээр “Би энэ наадмыг үзэхгүй ээ” гээд гараад яв­чихаж байгаа хэрэг үү?
-Шууд л баяртай гэсэн. Тэгэн­гүүт би “Иточу”-гийнхантай уул­заж байгаа юм. Хүүш таминь ээ, та нар наад баталгааныхаа мөн­гийг төлөөч ээ, энэ банкийг ингэж болохгүй гэхээр “Өө, наадуул чинь “Алтандорнод” дээр бас акк­редитив нээсэн. “Алтандор­нод” дээр бас төдий хэмжээний ав­лагатай байгаа. “Зоос”, “Анод”-оор дамжуулсан. “Монгол газар”-ын юмыг бид шүүхийн шийд­вэр гарвал төлнө өө. Бэлэн байгаа. Баталгаандаа эзэн бол­но гэсэн. “Зоос”, “Анод”-ынхон бас уулзсан юм билээ. Урдаас нь “Алтандорнод” компани дээр нээсэн аккредитив болон тэдний төлбөрийг “Зоос”, “Анод” тэгвэл бас хариуц гээд. “Алтандорнод”-ын асуудал саяхан шийдэгдсэн байгаа. Манай “Комацу”-гийн техникийн төлбөрт зориулж “Зоос”, ”Анод”-оос авсан  зээлүүд “Иточу”-гийн баталгаатай явж байс­ныг Монголбанкныхан мэ­дэж байсан. “Иточу”-г олон ул­сын шүүхэд өгөх асуудал Мон­гол­банкинд нээлт­тэй байгаа. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэн ч гаргаж тавиагүй байгаа.

-Монголбанк Монголынхоо бизнесийг хамгаалахын тө­лөө ер нь юм хийдэг юм уу. Ажлаа хийхгүй сууж бай­гаад л банкуудыг дампуу­руул­даг, эрх хүлээн авагч оруулж ирж адилхан бужиг­начихаад л байж байдаг газар юм биш үү?
-Монголбанкны хуулийн хэл­тэс л ажиллах тухай асуудал шүү дээ. “Алтандорнод”-ын асуудал шийдэгдсэн байна. “Голомт”-ын асуудал шийдэгдсэн байна. Энийг судлаад, бидэнтэй уул­заад, “Иточу”-тай уулзаад ажил­лах ёстой. Тэгээд “Иточу” эхлээд батлан даалтын үүргээ биелүү­лэх ёстой. Авах юмаа, “Олон овоот”-оос авна уу, “Монгол га­зар”-аас авна уу. Хоёр компа­нийн хоорондын асуудал болж хувирна шүү дээ.

-”Жаст”-тай та энгийн ха­рил­цаан дээрээ ч учраа олоод ажиллаагүй юм би­лээ шүү дээ. Оруулахгүй гэдэг, алт гарвал өгөхгүй гэдэг. Сүүлд “Олон овоот” дээр ахин тохироо хийгээд та гарах болоход тэднийх танд 2,5 сая доллар өгсөн байдаг.
-Хөрс хуулалт их үлдээсэн нь үнээн. Хөрс хуулалтыг би их үл­дээсэн. Гэлээ гээд өнөөдрийн байдлыг үүсгэчихээр ч байгаа­гүй. Бас тэд манай талаас бараг мэргэжлийн гэх хүн үлдээгээгүй, баахан шинэ хүн авч ирж ажил­луулсан нь их том алдаа болсон.

-Энэ хоёр зүйл дээр таны буруу юу?
-Манайхны авсан баталгаат мэдээллээр бол “Жаст”-ынхан бидний хүлээлгэж өгснөөс хойш гурван жилийн хугацаанд доо­шоо 20 метр л суусан байна би­лээ. Бид ажиллуулах хугацаан­даа дөр­вөн тонн алт олборло­сон бай­даг.

-Суулаа гэдэг нь ухлаа гэ­сэн үг биз дээ?
-Тийм. Бид сая хэмжилт хий­гээд баталгаажуулсан. Манай мэргэжлийн улс өгөгдөл мэ­дээллүүд дээр нь ажилласан. Тэгэ­хэд “Жаст”-ынхан ердөө л 20 метр л доошоо суусан байсан. 20 метр суусан юм чинь нэг тонн л авна ш дээ. Доошоо 200 суучи­хаад асуудлыг ярьж байгаа бол өөр. Энд мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн хүмүүс хоёрын ялгаа зааг гарч байна шүү дээ.

-Ямартай ч хоёр банкны дампууралд таныг л бу­руут­гадаг. Та өөртөө учир­сан бүх хүндрэл, нөхцөл байдлуудын талаар ярь­лаа. Гэхдээ хоёр банк байх­гүй болсон уу, болсон. Хүс­сэн ч эс хүссэн ч энэ асуу­далтай таны нэр холбоотой л явах байх.
-”Анод” банк, “Зоос” банкинд ганцхан зээлдэгч нь би байсан юм уу. Зөндөө олон зээлдэгч байна. “Зоос” дээр гэхэд нийт зээл­дэгч дотор нь томоохон зээл­тэй нь “Жаст” манай хоёр хамт л байсан байх. Манай зээлийн хугацаа болоогүй байсан. Үйлд­вэр­лэл явж байна. Бидэнд чинь ядаж хөрс хуулах хугацаа хэрэг­тэй биз дээ. Тийм л хугацаа өг­дөг­гүй. Тэгээд өөрсдөө дампуур­чихдаг. Тэгэнгүүт буруутан нь би л болдог. Би бас тэгж байгаад хамаагүй хүн л дээ. Юу л гэж хэлнэ, юу л гэж гутаана тоо­доггүй. 

-Та банкуудын дампуурал, саяын “Жаст”-ын дампуу­рал гээд ер нь маш олон юманд буруутгагдаж байна шүү дээ. Та хогийн сав юм уу. Яагаад хэнд ч ойлгог­дож чадахгүй өдий хүртэл явдаг юм бэ?
-Би монгол хүн. Монголдоо баялаг бүтээх гэж төдийгөөс өдий хүртэл зүтгэж яваа л нэг эр хүн. Алдаа оноо байгаа л байх. Гэхдээ л Монголынхоо ганц бай­гаа үйлдвэрийг гадаадын банк­ны барьцаанд зуун хэдэн сая долларын өрөнд тавьчихгүй ээ. Надад тийм хүмүүжил байхгүй. 

-Монгол Улсын Засгийн газар “Буян” компанийг “Ма­рубени”-гаас зээл ава­хад нь баталгаа гаргаад л өгч байсан шүү дээ. Жижиг ор­ны зүтгэж яваа компа­ниудаа Төр нь баталгаа гаргаж өгч яагаад болохгүй гэж?
-Юунд баталгаа гаргах, юуг дэмжихээ бид өнөөг хүртэл ойл­гоогүй л явна. Улс орныхоо эдийн засгийг өөд татах үйлд­вэр­лэлийн төслүүдэд баталгаа гаргаж байгаа бол тэр зөв, харин таван цаасаар аваад таван цаас нэмж зардаг худалдааны биз­нест баталгаа гаргаад олон ул­сын өмнө өрөнд ороод сууж бай­гааг л би ойлгохгүй байна. 

-Бидэнд бензин хэрэгтэй биз дээ. Одоогоор бидэнд өөр ямар арга байна вэ?
-Тиймэрхүү үйлчилгээний биз­нес байж болно оо болно. Сер­вис бизнес гэж. Миний хувьд үйлдвэрлэл, юм бүтээх нь Мон­голд хэрэгтэй гэж л боддог учраас шүүмжлэлтэй хандлаа. 

-Адилхан бизнесийн ер­төнцөд зовлон бэрхшээл туулж ирсэн улс. Та ч зовж л явна. Тэр ч банк руу ороод хоёр жижгэвтэр банкийг нэгтгэж үзээд, уул уурхай руу орж ажиллах гэж нэг зүтгээд туршлага дутаад, ядуу орны хөрөнгөгүй биз­несмэн өөрийн эрхгүй тал талын шахаанд унаж байна шүү дээ. 
-Унаж байгаа гэж та яагаад бодож байгаа юм бэ. 

-Бас тийм ээ, тийм. Бүр ч тэгж харахгүй байгаа. Таны юу хэлэх л сонин байлаа.
-Би бол тэгж огт бодохгүй бай­гаа. Би дан ганц алтны орд өгсөн юм биш шүү. 

-Тийм л дээ. “Х” лицензтэй олон мянган га талбай яриг­дана биз дээ?
-Нийт 16 лиценз өгсөн. Тэр 16 лиценз дотор Монголын нэг но­мерын жоншны орд бий. Үүнийгээ би Ш.Батхүүд өөрөө барьж гүйж очоод өгсөн. Үүнийг Ш.Батхүү ч санаж байгаа. Геоло­гич бидний харж байгаагаар 6-7 сая тонн жонш гарах болов уу гэж тооцож байна. Үйлдвэрлэ­лийн зэргээр бол 4-7 сая тонн га­рах байхаа. Энэ чинь Бор-Өн­дөрөөс илүү жонш шүү дээ. Бор-Өндөрийн нөөцөөс илүү сайхан нөөцтэй том  жоншны орд бол­лоо. Хамгийн чухал нь жоншны чанар нь Бор-Өндөртэй харь­цуу­лахад хорт хольц байхгүй. 92 хувийн жонш. Жоншны баяжмал бол дэлхийн зах зээл дээр уна­даггүй. Тодруулбал, 3-4 тонн кок­­сыг нэг тонн жонш оролдог байх­­гүй юу. Тэгэхээр чинь ган хайлуу­лахад ямар их хэмжээний зар­дал хэмнэж байна. Жонш бол Япон, Солонгос, Герман гэх мэт олон худалдан авагчтай. Жонш­­ны баяжмал 400 доллар. Долоон саяыг 400 доллароор үр­жүүлээд үзэхгүй юү. Хэр зэрэг том орд бо­ло­хыг нь ингээд л хар л даа. Эд нар одоо үйлдвэрлэ­лийн зэр­гээр гурван саяыг хам­гаалчихсан байж байна. Ахиад дөрвөн сая нь бэлэн байж байна. Долоон сая орчим тонн жонш бэ­лэн. Ирэх жил төмөр зам Таван­толгой дээр хүрээд ирнэ. Таван­толгой­гоос ойрхон юм чинь. 100 км жонш­ны баяжмал зөөхөд ямар асуудал байх юм бэ. 200 км зөөсөн ч байсан асуудалгүй л байхгүй юу. 

-Г.Алтанг эрсдэл рүү ор­лоо гэж зарим талаар бо­дож байсан. Асар том аш­гийн төлөө тэр ажиллах юм байна.
-Бизнес хүний нүдээр хара­хад Г.Алтан ч бай, Ш.Батхүү нь ч бай алт нь байна, жонш нь бай­на. Ойрын 15 жилд олох аш­гийнх нь дэргэд энэ нэг банк, хэ­дэн шатахууны станц юу юм бэ л байхгүй юу. Гэхдээ би хүний хэтэвч шагайх дургүй, хамгийн гол нь хүнээс авсан юм аа бай­гаа­гаар нь хэлэх хэрэгтэй шүү дээ. Одоо дуусгая. 

-Нэг асуулт. Таны нэг ордыг Төр стратегийн ордод та­таж авах болсноо зарла­сан. Энэ тухайд таны байр суурь ямар байна вэ?
-Уг нь дэлхий дээр страте­гийн орд гэсэн ойлголт байдаг­гүй. Харин стратегийн бүтээгдэ­хүүн гэсэн ойлголт бий. Уран, газ­рын ховор элемент гэх мэт. Том ордыг төр, ард түмэнтэйгээ хуваалцаад хамтарч ашиглах нь миний үүрэг хүсэл шүү дээ. 

-Үнэхээр тийм гэж үү?
-Яасан, би таны хүсээгүй ха­риултыг өгчихсөн үү. (инээв) Зү­гээр ээ, гол нь улс маань учраа олох чухал.
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав