Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх “Глобал Шэйпэрс” нийгэмлэг нь орон орны 20-29 насны, салбар бүрийн төлөөлөл болсон манлайлагч залуусын нэгдэл билээ. Уг нийгэмлэг нь 2015 оноос эхлэн дэлхийн тэргүүлэх сургуулиудын нэг Оксфордын Иx сургуультай хамтарч хоёр залууг шалгаруулан сургалтын бүрэн тэтгэлэг олгож байгаа юм. Энэхүү тэтгэлэгт “Улаанбаатар Шэйпэрс” нийгэмлэгийн гишүүн Ж.Тана, АНУ-ын “Нью-Йорк Шэйпэрс” нийгэмлэгийн гишүүн Ф.Фрэнк нар шалгарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Монголоос шалгарсан Ж.Тана нь Харвардын Иx сургуулийг баклавраар төгссөн анхны монгол төгсөгч төдийгүй Монголын Залуу Оюутан Хөтөлбөрийг (Mongolian Young Scholars Program) эх орондоо үүсгэн байгуулсан юм. Энэ хөтөлбөр нь жил бүр дэлхийн шилдэг иx сургуулиудаас багш, оюутнуудыг Монголд авчирч, Монголоос гадаадад сурах эрмэлзэлтэй дунд сургуулийн сурагчдад хичээл заалгаж, хүсэл мөрөөдлийнхөө зүг алхахад нь томоохон хувь нэмрээ оруулдаг байгууллага. Бид түүнийг эх орондоо ирэх үеэр нь VIPerson зочноороо урьж ярилцсан юм. 


-Оксфордод тэнцээд урилга авчихсан байж байгаа хормыг тань цахим сүлжээнээс харсан. Ийм сайхан амжилттай явж байгаа монгол охиноороо бахархаж байна шүү. Бас таныг Харвардыг бакалавр зэрэгтэй төгссөн анхны монгол охин гэж сонссон.

-Намайг “Open door” сонин урьсанд би баярлан хүлээж авч байна. Та бүхэнд баярлалаа.

-Ингэхэд Ж.Тана маань дунд сургуулиа хаана төгссөн билээ?

-Би АНУ-ын Юта мужид “Васач Академи” бүрэн дунд сургуулийг төгссөн. Манайх анх 2001 онд Америк руу нүүж байсан юм. Манай аав дипломат хүн л дээ. Тэгээд би Вашингтонд долдугаар ангиасаа сурч эхэлсэн. Тэндээ дөрвөн жил суралцаж 10 дугаар ангиа төгсөөд, 11 дүгээр ангид орох жилдээ аавын маань ажлын хугацаа дуусч Монгол руугаа буцах болсон. Хоёрхон жил үлдсэн байсан, бас би хичээлдээ их сонирхолтой, сайн байсан болохоор сургалтын системээ солимооргүй байсан. Ерөөсөө Америктаа үлдэж сургуулиа төгсье гээд аав, ээжтэйгээ ярилцаад дотуур байртай сургуульд орсон. Тэгээд Юта мужид “Васач Академи” бүрэн дунд сургуульд хоёр жил сурч төгсөөд тэндээсээ Харвардад орж дөрвөн жил суралцаад төгссөн дөө.

-Харвардад элсэхэд сайн оноо авахад л орох уу. Харвардыг сургуулиа төгсөхөөс өмнө нь сонгочихсон байсан уу?

-Америкт олон сургуульд хүсэлтээ явуулна. Америкийн сургуулиудын онцлог нь нэг шалгалтын оноо ч юм уу, яг ийм хүн л байх ёстой гэсэн тогтсон хэмжүүр байхгүй. Бүх талаасаа өөрийгөө хөгжүүлсэн, сурлагын үзүүлэлтүүд сайн, бас бусад зүйлсийг ч харгалздаг. 10-20 мянган хүнээс хэдхэн хүн сонгож авлаа гэхэд зарим хэсгийг нь шинжлэх ухаан, зарим хэсгийг нь хүмүүнлэгийн үйлсэд сонирхолтойгоор ч гэдэг юм уу, янз янзын чиглэлээр сонгож авдаг. Ерөнхийдөө хичээлийн дүн, бас SAT гээд шалгалтууд байдаг. Тэр шалгалтын оноо, хичээлийн гадуурхи идэвх гээд янз янзын чадваруудаа тайлбарлаад, хүсэлтээ явуулна. Тэгээд л тэнцсэн. Хүн болгон яаж тэнцсэнээ мэдэхийн аргагүй. Эргэн тойронд сайн сайн хүмүүс, ийм мундаг юм хийж байсан хүмүүс орж байхад би энэ хүмүүстэй зэрэгцээд орчихлоо. Ямар аймаар юм бэ, яаж орсон болоо гэж бодогдмоор ч юм шиг. Тэгсэн мөртлөө тэр хүмүүстэй ярилцахаар бүгд л тэгж минийх шиг боддог гэсэн. Тийм болохоор яг ийм оноо авбал Харвардад элсэнэ гэсэн хатуу журaм байхгүй.

 
-Төлбөрийн асуудлаа яаж шийдэх үү?

-Америкт маш том хэд хэдэн хувийн сургуулиуд байдаг. Топ гэсэн сургуулиуд л даа. Тэд нар нь гадаадын байна уу, Америкийн иргэн байна уу харгалзахгүйгээр тэнцчихвэл ээж, аавынх нь амьдралынх нь төвшинг харж байгаад шууд сургуулиасаа тэтгэлэг олгодог. Ерөнхийдөө баян сургуулиуд гэсэн үг. Харвард тэр сургуулиудын нэг нь. Зарим сургууль зөвхөн америкчууддаа тэтгэлэг олгодог, гадаадынханд боломж олгодоггүй. Тийм учраас тэтгэлэг олгодог сургуулиудын нэгэнд орохыг л зорьсон. Миний хэлсэн эдгээр сургуулиуд хэдийгээр үнэтэй сургууль ч гэсэн элсэгч болзлоо хангаад орчихсон хойно ар гэрийнх нь орлого доогуур байвал 100 хувь тэтгэлэг олгоно, тэдээс доош байвал 80 хувь тэтгэнэ ч гэдэг юм уу тиймэрхүү журмаар асуудлыг шийдчихдэг. Ер нь миний аав, ээж өөрсдийн тансаг амьдрал гэхээсээ илүүтэй олсон юмаа ах бид хоёрын боловсрол, хоббид л зарцуулсан хүмүүс шүү дээ.

-Бас сургуулийнхаа дотуур байранд амьдарна?

-Тийм, сургуулийнхаа дотуур байранд амьдарна.

-Хажуугаар нь ажиллах бололцоо олдох уу?

-Олдоно. Гэхдээ Харвардын оюутнуудын хувьд зав чөлөө бага байдаг болохоор хичээл, ажил хийхийг нарийн зохицуулдаг. Сургууль дотроо оюутан хүн хийх боломжтой янз бүрийн ажил байна. Сургуулийнхаа номын санд нэг хэсэг ажиллаж үзсэн. Мөн нэгдүгээр курсынханд ганцаарчилсан зөвлөгөө өгдөг ажилтны шалгуурт тэнцээд нэг хэсэг ажилласан. Бас “Харвард Кримсон” гэдэг сонинд ажилладаг байсан.

-Сүүлийн жилүүдэд Азиас маш олон оюутан Харвардад очиж байгаа гэсэн. Ер нь нийт оюутны тодорхой хувийг нь тэд бүрдүүлнэ биз?

-Тэгнэ. Ер нь Азиуд их шүү.

 -Та юуны анги билээ. Сонинд ажиллаж байсан тухайгаа жаахан дэлгэрүүлж ярьж өгч болох уу?

-Эдийн засгийн ангийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар төгссөн. Би сургуулийнхаа сонинд тодорхой албан тушаалд тэнцсэн учир долоо хоногт 20-иос илүүгүй цаг сониныхоо ажлыг хийгээд бага зэрэг цалин авдаг байсан.

-Сургууль дотроо сурвалжлага хийх үү?

-Сонины үйл ажиллагаа сургуультай яг хатуу хамааралгүй. Оюутнууд сониноо өөрсдөө бизнес болгоод аваад явдаг. Сургуультайгаа холбоотой бүх юмыг хийнэ. Энэ нь оюутнуудын л бизнес гэсэн үг. Тийм учраас бизнесийг нь хариуцсан алба байдаг. Тэр нь зар сурталчилгаагаар жилийн тэдэн төгрөг олно. Тэгж байж сониноо хэвлэнэ гээд бүх санхүүгийн асуудлаа зохицуулдаг. Би тэр бизнесийнх нь албанд зар сурталчилгаа хариуцсан менежерээр ажилладаг байсан.

-Формат нь ямархуу сонин байх вэ?

-“Харвард Кримсон” сонин өдөр тутам гардаг жирийн л өнгөт сонин. Танай “Open door” сонинтой төстэй. Бүх оюутан, магистр, профессор, багш нар гээд нийт хүмүүстэй холбоотой мэдээллүүд өдөр тутмын тэр сонинд гарч байдаг. Зар сурталчилгаагаар л мөнгөө олно. Тэр ажлыг би хариуцаж ажиллаж байсан болохоор зар аль болох их тавьж байж зузаан сонин гаргана. Тэрнийхээ хэрээр мөнгөтэй байна. (инээв)

-Их сонирхолтой ажил хийж байсан юм байна. Ер нь Харвардыг яг бакалавраар нь дүүргэсэн хэдэн монгол байдаг вэ. Монголоос ийм ийм хүмүүс яг бакалавраар төгссөн, ийм ийм хүмүүс магистраар төгссөн гэдэг статистик тэнд байдаг уу. Танд яг одоо энэ тухай мэдээлэл байна уу?

-Яг очоод шүүлгэвэл гарч ирнэ л дээ. Харвард бол үнэхээр том сургууль. Жишээ нь миний төгссөн коллеж гэхэд дөрвөн жилийн бакалаврынх. Кеннедийн сургууль байна, Бизнесийн, Хуулийн сургууль гээд их олон хуваагддаг. Тэр дотроо бас янз янзын курсууд байна. Яг америкчуудын төгсдөг гурван жилийн хуулийн анги байна, эсвэл нэг жилийн урьд нь бакалавраа хуулиар төгссөн хүмүүсийн төгсдөг магистр, гэх мэтээр янз янз, төрөл төрлөөрөө хуваагддаг. Сургууль сургууль дээр нь шүүж үзвэл болно. Би бол яг таньдаг хүмүүсээ мэднэ. Монголд Харвардын клуб гэж байдаг. Тэр чиглэлээрээ л танина. Яг нарийн статистик мэдээллийг нь шүүж үзээгүй. Бакалавраар гэвэл би анх 2007 онд дунд сургуулиа төгсөөд Харвардад орж байсан. Би бакалаврын анхных нь Монгол оюутан байсан. Намайг гуравдугаар курст байхад өөр нэг охин орж ирж байсан. Дөрөвдүгээр курст байхад дахиад нэг оюутан ирсэн. Тэгээд л монгол хүүхдүүд ихээр орсон.

-Танд Харвардаа төгсөөд дараагийн магистрын төвшний сургалтаа мэдээж Харварддаа хийх бололцоо байсан байх. Оксфордтой яг яаж яваад учрав?

-Би сургуулиа төгсөөд ямар ч гэсэн ажлын туршлагатай болъё гэж бодсон. Тэгээд Монголд эрчимтэй хөгжиж байсан шинэ салбар гээд уул уурхайн салбарыг сонирхсон. Гуравдугаар курсээ төгсөөд зун нь Австралийн “Лэйтон” гэдэг компанид дадлага хийсэн. Тэр үед Монголынхоо Энержи Ресурсын уурхайтай танилцсан. Надад маш сонирхолтой санагдсан, тэгээд л уул уурхайгаар ажилласан даа. Мэргэжилтнээр эхлээд ажиллаад үзчихлээ, одоо дараа дараагийнхаа алхмыг хийе. Өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлье гэж бодсон. Сурч байхдаа хүн юмыг өнцөг өнцгөөс нь харж бодох боломжтой байдаг. Тэгээд ч би бизнесээр магистрын зэрэг хамгаалъя гэж бодож байсан. Эхнээсээ л тэгж бодож байсан. Тэрэндээ бэлдэж эхлэхдээ сургуулиудаа судалж эхэлсэн. Америкт сайн сайн MBA-гийн хөтөлбөрүүд байдаг. Харвард, Стэнфорд гээд. Америк бол МВА хөтөлбөрөөрөө алдаршсан. Гэхдээ нэг бодлын Америктаа их төвлөрсөн байдаг. Оюутнуудынх нь дийлэнх хувь нь америкчууд. Төгсөөд хийдэг ажил нь Wall Street ч юм уу, эсвэл Silicon valley ч юмуу тэр тал руу чиглэсэн хөтөлбөртэй. Ер нь чиг хандлага нь тиймэрхүү. Сайн судлахаар бас гадаадад, Европт MBA-гийн хөтөлбөрүүд байдаг. Дийлэнх бүтэц нь орон орноос ирсэн оюутнуудаас бүрдсэн байдаг. 320 оюутантай анги байлаа гэхэд тэрний бараг арваас дээш хувь нь нэг орноос байдаггүй ч юм уу, орон орноос цугласан оюутнууд байдаг нь надад их сонирхолтой санагдсан. Тэгээд би Европ, Хятадын сургуульд хүсэлтээ өгье гэж бодсон. Тэгж байгаад яагаад Оксфордод өгсөн бэ гэхээр нэгдүгээрт, нэг жил гэсэн хугацаа нь таалагдсан. Монголдоо төгсч ирээд ийм ийм юм хийнэ гэсэн зорилго, мөрөөдөл байсан болохоор жил алдалгүй суралцах боломж нь таалагдсан юм. Хоёр жил хугацаа алдаж, хоёр жилийн төлбөр өгнө, бас дээрээс нь цалингүй явна гээд л бодоод эхэлсэн. Тэгээд нэг жилийн хөтөлбөр нь илүү тохиромжтой санагдсан. Ингээд Английн Оксфордын Saïd гэдэг сургуульд хүсэлтээ явуулсан. Хоёрдугаарт, Оксфорд Дэлхийн эдийн засгийн чуулганы “Шэйпэрс” гээд миний байдаг нийгэмлэгтэй хамтарч тэтгэлэг олгохоор болсон. Тэрэнд зориулагдсан хоёр оюутныг шалгаруулж бүрэн тэтгэлэг өгнө гэсэн боломж гарч ирсэн. Би Оксфордод зөвшөөрөгдөөд, аз байвал энэ тэтгэлэгт хамрагдана даа гэж бодож байсан. Миний бодлоор болсон. Нэг Америк залуу бид хоёр энэ тэтгэлэгт шалгарч сонгогдсон. Дэлхийн эдийн засгийн Оксфордын тэтгэлэгт тэнцсэн явдал миний хувьд баяртай үйл явдал болсон л доо.

-Би Стэнфорд дээр очиж байсан. Үнэхээр азтай, гоё залуучууд юм даа гэж бахархан бодож байсан. Ер нь том сургуулиудын орчин үнэхээр өөр байдаг. Энэ бол дэлхийн төвшний боловсрол олгодог том голомтууд.

-Санал нэг байна. Үнэхээр тийм л дээ.

-Харвард төгсч ирээд та уурхайд ажилласан байна. Манай нэрийн хуудас болсон том төслүүд одоо бас хэцүү үедээ байна. Монгол бол уул уурхай суурилсан цоо шинэ ашиг сонирхлын орон болсон. Энэ имиж, өөрчлөгдөж буй ойлголтоо иргэд нь мэдрэх, хүлээж авах явц харин удааширч байна л даа. Бүгд үүнд бухимдаж байгаа. Яг энд хөрсөн дээр нь ирээд ажиллахад ер нь ямар байсан бэ. Бас юу олж авав?

-Би сургуулиа төгсөөд хоёр жил Австралид ажилласан. Эхлээд “Рио Тинто”-д ажиллаж жаахан туршлага хуримтлуулсан. Ер нь Австрали дахь уул уурхайн хөгжил бол дэлхийн жишигт очсон. “Рио Тинто”-гийн төв оффисын нэг нь Австралид байдаг шүү дээ. Тэнд би хоёр жил ажилласан. Эхний нэг жил нь төв оффист хотод ажиллаж байсан. Хоёр дахь жилээс уурхай дээр ажиллах нь зүгээр юм байна гэж шийдсэн. Яагаад гэвэл би хотод суучихаад л, дөнгөж сургуулиа төгсчихсөн, уул уурхайгаар ч биш эдийн засгаар төгссөн хүн энэ юм яагаад болохгүй байгаа юм бэ гээд шаардаад явахаар ерөнхийдөө тэдний хандлага нь “Чи юугаа мэддэг юм бэ” гэсэн хандлагатай байна биз дээ. Ямар нэг байдлаар. Яагаад гэхээр би газар дээр нь очоод ажилтай нь танилцаагүй байж ч юм уу, зүгээр онолоор, эсвэл даргынхаа хэлснээр яваад байхаар байдаг л нэг ажилтан байх гээд байдаг. Ер нь уул уурхайн салбарт ажиллаж байгаа юм бол уурхай дээр нь ажиллаж туршлага эзэмших ёстой гээд нэг жил Австралийн гүний уурхай дээр ажилласан. Бизнесийн шинжээч буюу business analyst-аар ажилласан. Тэгэхэд таны түрүүн хэлдэг шиг боловсрол гэдэг чинь насан туршдаа, бүх юмыг хийх явцдаа хөгжиж баяжиж байдаг ойлголт гэдэг шиг тэндээс маш их зүйлийг сурч авсан. Ээж, аав маань хүртэл гайхаж л байсан. Нөгөө л оффист гангалаад явдаг байсан охин чинь алс бөглүү уурхайн хүн ам цөөтэй жижигхэн хотод ажиллаж чадаж байна гэж үү гээд л. Тэнд чинь тусгай формтой шүү дээ. Төмөр ултай гутал өмсөнө. Улбар шар хувцсаа өмсөөд л, бээлий малгай, хамгаалалтын хувцсаа өмсчихөөд явахаар гэрийнхэн маань гайхдаг байсан. Юу хийж байгаа юм бэ гээд. Гэхдээ тэндээс би маш их юм олж авсан. Уурхайн ажиллах орчинтой танилцсан, ажилчин хүн гэдэг яг юу хийдэг юм бэ, ямархуу байдаг юм, төлөвлөсөн ажлыг яаж цагт нь амжуулж хийдэг юм. Жилийн, таван жилийн төлөвлөгөө гэж ямар цар хүрээтэй ажлууд байдаг юм. Ер нь ямар зорилттой, яаж ажилладаг юм бэ гээд бүх юмтай нь танилцсан даа.

-Таны ажиллаж байсан “Рио Тинто”-гийн тэр үйлдвэртэй харьцуулахад манайх ямар төвшинд байна вэ?

-Монголдоо ирээд би “Оюутолгой”-н төслийн талбай дээр ажилласан. Миний Австралид ажиллаж байсан тэр уурхай бол аль 1994 онд байгуулагдсан уурхай болохоор тоног төхөөрөмж нь тэр үеийнхээ л стандартаар явж байсан. Ерөнхийдөө дээр үеийнх гэсэн үг. Жижигхэн уурхай байсан л даа. Монголын “Оюутолгой” бол яг орчин үеийн стандартын, хамгийн дээд төвшний тоног төхөөрөмж суурилуулсан, боловсруулах үйлдвэр энэ тэр нь дэлхийн жишигт хүрсэн байсан. Угаасаа уул уурхай гэдэг чинь хулхидаж болдоггүй том салбар шүү дээ. Тийм том юм ажиллуулж байгаа юм чинь. Надад үнэхээр сонирхолтой санагдсан. Ер нь “Оюутолгой” чинь дэлхийн том уул уурхайн төслүүдийн нэг юм чинь тийм байхаас ч яахав. Орохоор сүрдмээр шүү дээ. Үйлдвэрт нь дандаа монгол ажилчид. Тэд нар өөрсдөө бүх юмаа хариуцаж ажиллаж байгаа шүү дээ гэхээр үнэхээр бахархах сэтгэгдэл төрдөг. Маш гоё байсан. Яг зургаан сар уурхайд төслийн талбай дээр ажилласан. Бүр тэндээ амьдраад, ажилласан л даа. Тэрний дараа жил ч наашаа, цаашаа үе үе ажилтайгаа холбоотой асуудлаар тийшээ очдог байсан болохоор би төслийн талбайтай үйл ажиллагаагаараа их холбоотой ажилласан. Надад их сайхан санагдсан. Манай ээжийн зарим найз, танай охин Харвард төгсчихөөд говьд ажиллаж байгаа юм уу гэж асууж байсан гэдэг юм. Надад бол улс орныхоо том бүтээн байгуулалт дээр ажиллаж байна гэхээр сайхан байсан. Ер нь манай зарим хүмүүс “Оюутолгой”-г гаднаас нь л шүүмжлэх юм. Шүүмжлэх амархан ш дээ. Байгаль орчныг бохирдуулж байна. Хамаг мөнгийг аваад гараад явж байна гээд л. Тэгэхэд яг тэнд хэдэн мянган хүмүүстэй ажиллаж, дунд нь амьдарч байхад хамт ажиллаж байсан найз нөхөд, тэдний ард амьдарч байгаа гэр бүлүүдийн амьдрал яаж сайжирч байгааг харж мэдэрсэн. Ханбогд сум байна, Өмнөговь аймаг жишээ нь яаж хөгжиж байна, зам тавигдахаас авахуулаад нисэх буудал энэ тэр гээд эргэн тойрны бүх зүйл нь нүдэн дээр хөгжиж байна. Тэр болгоныг харахаар шууд холоос дүгнэхийн арга байхгүй. Ер нь ганцхан уул уурхай биш манай бүх салбар л ингэж хөгжиж байж улс орон маань хурдан хөгжинө шүү дээ.

ХОЛ БАЙХ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ БОЛ ЭХ ОРОН

-Ийм залуу охины хувьд яг үйлдвэр дээр очиж ажиллана гэдэг хүндэтгэмээр шийдвэр. Мэдээж та сургуулиа төгсөөд эх орондоо ирж ажиллана гэж байна. Ингэхэд Төрд ажиллах бодолтой байна уу, өөр ямар нэгэн төлөвлөгөө байна уу?

-Одоогоор юм яаж эргэхийг мэдэхгүй. Жилийн өмнөхөө бодохоор ирэх жил би Оксфорд руу явна гэж хэзээ ч төсөөлөөгүй. Амьдралынхаа явцад л асуудлаа шийдээд, дараагийнхаа алхмыг төлөвлөж байдаг. Гэхдээ миний одоогоор төсөөлж байгаа юм гэвэл Монголдоо ирээд бизнесийн салбарт ажиллана гэсэн бодолтой байгаа. Төрд ажиллана гэсэн бодол одоогоор байхгүй байна. Гэхдээ Стив Жобсын хэлсэн үг байдаг. Юмыг ухраагаад харахаар тэр алхмууд нь зөв байжээ гэхээс биш шууд алсыг хараад ингэж явна гэж шийдвэрлэхийн аргагүй гэсэн.

-Та маш олон жилийг гадаадад өнгөрүүллээ. Монголоос хол, гадаадад олон жил амьдарчихсан хүмүүс Монголдоо ирээд бүх зүйлсийг шүүмжлэлт нүдээр харж, Монголоо загнаад гутраад байгаа дүр зураг харагддаг юм л даа. Өөрөөс тань ерөөсөө тийм юм харагдахгүй байна. Энэ нь залуу байгаатай нь холбоотой юу, эсвэл илүү хөгжсөн учраас юм болов уу?

-Магадгүй манай аавын ажил төрийн ажил дотроо дипломат алба байсан болохоор багаасаа л “Бид нар энд түр байгаа” гэсэн бодолтой амьдардаг байсан болохоор ч юм уу, “Эх орон бол Монгол”, манай жинхэнэ гэр тэнд байгаа гэдэг ч юм уу тийм ойлголт дээр суурилсан хүмүүжил байсан. Монголд ирэхээрээ манай аав ээж хоёр чинь хөдөөний хүмүүс болохоор зунжингаа хөдөө гарчихна. Тэгээд л би хөдөө байдаг эмээтэйгээ үнээ саана, сүү хөөрүүлнэ, аарц буцалгана, аргалд явна гээд л бүх ажлыг хийлцэнэ. Монголын хөдөө нутгийн ахуй амьдралд ойрхон байсан болоод ч юм уу би бусад залуусаас арай өөр бодолтой байж болох юм. Эсвэл эх орноосоо хол байх тусам эх орныхоо гоё сайхныг илүү олж хардаг байх. Тэрийгээ илүү санах боломж гадаадад олон жил амьдарч байгаа хүмүүст олддог. Хүн юмыг илүү их санаж байж хайрладаг юм уу гэж би боддог. Хол байхад л тэр нь сайхан, энэ нь сайхан гэж санадаг. Өөр оронд байгаа сайхан зүйлийг “Энэ ямар гоё юм бэ, энэ хэрвээ манай Монголд байдаг бол” гэж бодох жишээний. Тийм сэтгэлгээтэй болохоор хаана ч явсан Монголтойгоо ойрхон юм даа. Хол байх боломжгүй зүйл бол хүний эх орон гэж би боддог.

-Танай ээж, аавын удам судрыг сайн мэднэ. Нэг талын өвөө, эмээ нь Булганы Гурванбулагт, нөгөө өвөө, эмээ тань Дашинчилэнгийнх. 

-Тийм.

-Хоорондоо их адилхан уур амьсгалтай хөрш сумууд байдаг л даа. Өвөө, эмээ нарынхаа тухай яриач. Ямар удамтай юм бэ, хаанаас “ирсэн” хүн бэ гэдгийг сонирхсон уншигчдад таниулах үүднээс?

-Манай аавын ээжийг Раахүү гэдэг хүн байсан. Аавыг бүр 49 насандаа гаргасан болохоор намайг мэдээ ороход л их өндөр настай хүн байсан. Тэгсэн мөртлөө л ах бид хоёрыг өсгөсөн. Эмээ маань өглөө бүр Бурхандаа мөргөөд, дээж өргөдөг одоо бодоход их бурханлиг, аливаа юмыг муугаар ярих нь байтугай бодож ч болохгүй гэж сургадаг тийм л гэгээлэг хүн байж дээ. Их мундаг хүн байсан. Өвөө маань ах бид хоёрыг төрөхөөс өмнө бурхан болсон байсан болохоор өвөөгийнхөө тухай сонсож байсан уу гэхээс мэдэхгүй. Аавын маань ярьдгаар өвөө маань их хөгжилтэй, ерөөл магтаал хэлдэг, морь уядаг сумандаа алдартай уяач, хүүхдэд маш хайртай хүн байсан гэсэн. Эмээгээ л сайн санадаг. Гадаадад анх очоод их санадаг байсан, миний “жижиг эмээ” гэж ярьдаг байсан. Манайх намайг дөрвөн настай байхад Англи руу нүүсэн. Англид очоод нэг их удаагүй байхад ээжийн маань аав бурхан болсон. Багын ганц нэг дурсамж байна уу гэхээс, бас яг сайн санадаггүй. Манай ээжийн ээж Рэгмаа эмээг бид нар “том эмээ” гэж ярьдаг. Манай том эмээ аягүй мундаг, ерөнхийдөө “атаман” эмээ.( инээв) Булган аймгийн Дашинчилэн суманд бид нар зун очно. Тэгэхэд Дашинчилэн сумын төвийн тэр хашаан дотор чинь бүх юмаа зохион байгуулдаг, удирддаг атаман эмээ. Тэнд очоод зүгээр сууна ч гэж байхгүй, аягүй их юм сурдаг. Их хөгжилтэй. Одоо эмээ маань хотод өвөлждөг болсон. Надад хөгшчүүдээ дурсах сайхан байдаг.

-Танай ээжийн аав Хоршоо Гомбо гуайнх манайх хоёр хөрш. Хүүхэд харахаараа хамгийн нандин юмнуудыг харамгүй өгдөг хүн байсан юм. 

-Тиймээ. Манай өвөө насаараа сумын хоршоо дарга хийсэн хүн болохоор хоршоо Гомбо гэж хүмүүс нэрлэдэг болсон юм билээ. Нутгийн хөгшчүүлийн ярьдгаар манай өвөө их ухаалаг, амьдралын хар ухаан ихтэй хүн байсан юм билээ. Одоо болтол миний түрийвчинд дээр үед бид нарыг Англи руу нүүсэн хойно миний ах бид хоёрт явуулсан захиа нь байдаг. Хөөрхөн нугалаад эвхчихсэн. “Өвөөгийнхөө явуулсан чихрийг нэг дор бүгдийг нь битгий идээрэй, цувуулж идээрэй” гэсэн тийм нэг захиа байдаг. Миний түрийвчинд одоо болтол явдаг юм. Сүүлд л манай ээж хадгалж байгаад надад өгсөн. Тэр үед жаахан байхдаа уншиж ч мэдэхгүй байсан л даа. Гэхдээ одоо уншихаар их нандин санагддаг. Хоёр талдаа сайхан өвөө,эмээ нартай заяаж дээ.

-Монголоороо хэр сайн уншиж, бичдэг вэ?

-Би Англиас найман настайдаа эргэж ирсэн. Англид байхдаа Монгол руугаа явна гээд ээжээрээ Цагаан толгой заалгаад, ерөнхийдөө жаахан уншаад сурчихсан байсан. Тухайн үедээ монгол хэлэндээ их муу байсан. Тэгээд Монголд ирээд монгол хэл, тооны шалгалт өгөөд гуравдугаар ангид оруулчихъя гээд хоёр анги алгасаад орж байсан юм. Тэр үед манай гэрийн дэргэд байсан тавдугаар сургуульд орж байсан. Аав маань англи сургуульд оруулахгүй, монгол хэлээ сайн сурна, Монголынхоо амьдралд хурдан дасна гээд монгол сургуульд оруулж байсан юм. Тэр үед ёстой жинхэнэ чирэгдэж байсан. Бүх юм шал өөр хэл дээр яваад байгаа юм шиг, бүх юм их хүнд байсан. Тэндээс их юм сурсан юм шиг санагддаг. Яг уншиж бичиж бүх хичээлээ монгол дээр хийж үзсэн. Дараа нь би дунд сургуульд байх тэр үед нэг зун амралтаараа ирээд өөрийнхөө дуртай “Сиддарта” гэдэг Бурхан багшийн амьдралыг уран зохиолын байдлаар тусгасан Hermann Hesse гэдэг Герман зохиолчийн ном байдаг. Тэрийг Англиас монгол руу орчуулаад хэвлүүлж байсан. Яагаад гэвэл тэр ном миний хувьд агуу ном. Ойлголтыг энгийн уран сайхны маягаар тусгасан мөртлөө цаанаа том философитой. Ойр дотнын хүмүүстээ ярьж өгөх гээд л оролдоно. Тэгээд хүмүүс өөрсдөө л төрөлх хэл дээрээ уншихгүй л бол ойлгохгүй юм шиг санагдаад орчуулж байсан. Тэр зуны амралтаар өөрийгөө дайчлаад яс суухад монгол хэл маань их сайжирч байсан.

-Монголын кино урлаг, уран зохиол, үндэсний сонгодог урлагаас таны сэтгэлийг хамгийн их булаадаг юм нь юу вэ. Монголын зохиолчдоос хэр сайн мэдэх вэ?

-Тавдугаар ангидаа уран зохиолын хичээл орж байхад Монголын яруу найраг их өвөрмөц, гоё санагдсан. Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг цээжилж, их уншдаг байсан. Манай шүлэг, яруу найраг их өвөрмөц санагддаг юм. Монгол яруу найраг аль болох юмыг дэлгэрүүлж, юмны өнгө байдал дүрслэлтэй, бас цаанаа далд утга нь байдаг нь надад их таалагддаг. Нэг уншихад ил тод шууд утгатай. Цаанаа бодоод эргэцүүлэхээр бас өөр утгатай санагддаг. Монгол шүлэг уншихад, сонсоход их гоё. Наанаа тусгаж авах утгатай. Монголын зүйр цэцэн үгнүүд их агуу санагддаг. Эргэцүүлээд бодохоор тэр чигээрээ л амьдралын ухаан юм даа.

-Ер нь Харвардыг эдийн засагч мэргэжлээр төгссөн ийм сэхээтэнтэй уулзаж байгаагийнх эдийн засгийн өнөөгийн байдлыг бас хөндөх ёстой байх гэж бодож байна. Одоо бол дэлхийн эдийн засаг хямарч байна.

-Тийм.

-Энэ удаагийн хямрал нэлээн хүнд дарамтыг манай Азийн эдийн засагт өгч эхэлж байна. Хятад ямар байгаа билээ. Манайх бол нэлээн хэцүү, цаашдаа ч хоёр гурван жилдээ үргэлжлэх прогноз гарч ирж байна. Яг эдийн засгийн онолын үүднээс хямралын тухайд гэрэл цацруулсан олон үг байдаг. Хямрал бол шинэ боломжийг авчирдаг ч гэх юм уу. Хямрал бол өндийх боломж гэх мэтчилэн. Үнэхээр мөнгө нь л байхгүй бол энэ бол цаасан дээрх үг шүү дээ. Хэдий хүн сэтгэлээрээ, мөрөөдлөөрөө өндийе гэж бодсон ч гэсэн хатуу юмтай тулж байгаа. Ер нь эдийн засгийн хямралын үед нийгэм тэрэнтэй яаж харьцах ёстой юм бэ?

-Одоогийн манай улсын эдийн засгийн хямрал бол маш олон зүйлээс үүдэлтэй. Зөвхөн уул уурхайн төслүүдээ явуулалгүй гацааснаас ч гэдэг юм уу нэг хоёр шалтгаан хатуу барьж дүгнэх аргагүй. Гэхдээ мэдээж урьдчилан сэргийлж болох байсан уу гэвэл болох байсан. Арай ийм хүнд байдалд оруулахгүй байж болох байсан. Яагаад гэвэл 2008 он шиг дэлхий даяараа хямарчихсан юм алга. Энд тэнд хямарч байна. Тэр дотор бид орчихсон байна. Ер нь бол эдийн засгийн хямрал гэдгийн хамгийн хэцүү юм нь дордож байж дээрддэг. Доод цэгтээ тулж байж л дээрддэг гэсэн үг. Яагаад гэвэл бүх юм авч өгч эргэлдэж байдаг болохоор нэг нь өгөх юмгүй болохоор нөгөө нь авах юмгүй болоод, цаашаа өгөх юмгүй болоод ингээд хумигдаад л байдаг. Ийм хэлхээнд орчихдог. Гэхдээ намайг анх Монголд 2013 оны сүүлээр ирэхэд л ер нь хямрал руу дөхөж байгаа байдал мэдрэгдэж байсан. “Оюутолгой”-н далд уурхайн үйл ажиллагааг зогсоочихсон тэр үед би ирж байсан. Энэ том төсөл зогсоход дор хаяж хэдэн мянган хүн ажлын байргүй болж байгаа юм. Тэд нар бүгд зээл авчихсан байсан гэж тооцоход тэр зээлээр авсан байсан байрнуудаа яах юм бэ. Зээл олгосон байсан банкууд нь яах юм бэ. Санхүүгийн байгууллагууд нь яах юм бэ. Ингээд хумигдаад л эхэлж байгаа юм л даа. Энэ бол маш аймшигтай гинжин холбоо. Яг тэр үед хямралын шинж тэмдгүүд илэрч байсан.

ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, НАРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АШИГТАЙ ЯВУУЛАХ МЭДЛЭГ ГАДААДААС Л ОРЖ ИРНЭ

-“Оюутолгой” төсөл Монголын нийгэмд ерөөсөө дэмжигдэж, итгэгдэж, хайрлагдсангүй. Үнэхээр харамсалтай. Өнөөдөр ч Дубайн гэрээ гэдэг сэдвээр Ерөнхий сайдаа огцруулна гээд л тэмцэж байна. Энэ талаар таны байр суурь? 

-Оюу Толгойн төсөл манай нийгэмд дэмжигдэхгүй яваа нь маш харамсалтай асуудал. Хамгийн харамсалтай нь энэ их эсэргүүцэл нь буруу ойлголтон дээр тогтдог юм шиг санагддаг. Хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй зүйл бол Монголын газар нутаг, эд баялаг нь яаж байсан ч Монголынх л байна, байх ч ёстой. Тэр газар нутаг дээр уул уурхай байна уу, өөр салбар байна уу, ашигтай үйлдвэрлэл явуулах нь манай оронд ашигтай. Улс татвараар мөнгө олно, ажлын байр бий болно, ханган нийлүүлэх компаниуд дэлгэрч тэд мөн ажлын байр бий болгож татвар төлнө гэх мэт. Ингэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Уул уурхайд шаардагдсан том хэмжээний хөрөнгө оруулалт, тийм том бөгөөд нарийн үйл ажиллагааг ашигтай явуулахад шаардагдах мэргэжлийн мэдлэг экспертиз нь гадаадаас л орж ирэх нь зайлшгүй. Мөн олборлосон бүтээгдэхүүнээ гадаад руу гаргаж зарж мөнгө болгоно гэдэг ч зайлшгүй. Тэглээ гээд биднийг ашиггүй байдалд хүргэх юм байхгүй. Харин байгалийн баялгаа ашиглахгүй байх, эсвэл дэлхийн жишигт хүрэхгүй үйл ажиллагаа эрхэлж эргэн тойрны байгаль орчиндоо сөргөөр нөлөөлөх нь манай нийгэмд ашиггүйгээс гадна аюултай. Хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг зогсоож сааруулах талаас нь маргалдахын оронд улстөрч, ард иргэд маань тэр салбараас орж ирэх мөнгийг хэрхэн зөв, нийгэмдээ ашигтайгаар зарцуулах тал дээр анхаарч, хэлэлцэж, мэтгэлзэх хэрэгтэй байх.

-“Таван толгой”-н орд тойрсон асуудлуудын талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Надад “Таван Толгой”-н цаадах улс төрийн асуудлын талаар хэвлэл дээр бичигддэгээс илүү мэдээлэл байхгүй учраас миний байр суурь бол улс төрийн биш эдийн засгийн талаас нь харсан дүгнэлт. “Таван Толгой”-н төслийг аль болох цаг алдалгүй хөдөлгөх хэрэгтэй. Яагаад гэвэл коксжих нүүрсний үнэ ойрын нэг хоёр жилд доод цэгтээ тулж байгаа байх. Доод цэгтээ тулна гэдэг нь цаашдаа одоогийнхоос дээрдэнэ гэсэн үг. Тэр үед борлуулахад бэлэн байх хэрэгтэй. Уул уурхай бол өнөөдөр шийдээд, маргааш нь олборлоод борлуулдаг салбар биш. Шийдвэр гарсан ч дэд бүтэц, бүтээн байгуулалтыг нь босгож олборлолт хийхэд бэлэн болгоход маш их хөрөнгө, хугацаа ордог. Тийм учраас сэргэж эхлэхээс нь өмнө бүтээгдэхүүнээ бэлэн болгох хэрэгтэй, үгүй бол нүүрсний салбар маш өндөр өрсөлдөөнтэй, хангамж нь хэрэгцээгээ давчихсан. Ийм салбарт зах зээлийнхээ байр суурийг олж авах боломжоо алдаж болохгүй.

-Зэсийн үнэ сэргэх хандлага хэр байна. Зэсийн амьдралд өөрчлөлт ирэх нь үү. Бидний төсөв зэсээс хамааралтай явж ирлээ. Төсөвтөө өндөр үнэ зоочихдог. Нөгөөх нь зах зээл дээр уначихдаг. Ингээд л хямрал. Нүүрсээ одоо унагаад хаячихлаа. 

– Ер нь бол зэс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүний үнэ доогуур байгаа. Энэ нь олон юмтай холбоотой. Ерөнхийдөө дэлхийн зах зээлийг тодорхой хэмжээгээр тодорхойлж байгаа БНХАУ-ын хэрэгцээ, шингээх чадвар нь багасч байгаа. Хоёрдугаарт, аль 2010, 2011 онуудад уул уурхайн салбар дэлхий даяар ид хөгжиж байсан, үнэ нь дээд цэгтээ тулж байсан. Тэгээд 2011 оноос буурч эхэлсэн. Тэгэнгүүт чинь хөрөнгө оруулагчид Монгол гэлтгүй дэлхий даяар том том төслүүдэд мөнгөө хийгээд маш олон ордуудыг олборлоход бэлэн болгосон.Хангалтын талаас нь дээд төвшинд хүрчихсэн. Гэтэл БНХАУ-аас хүлээж авах чадвар нь багасаад ирэнгүүт л үнэ нь буугаад ирж байгаа юм. Тийм болохоор дэлхий даяар төслүүд нэг бол хаагдаж байж эсвэл Хятад гэх мэт улсууд энэ тэнд босч ирж байж л эргээд үнийн тэнцвэртэй байдлыг бий болгоно. Түүнээс биш 2010, 2011 оныхоо байдалд, долоон мянгад хүрч байсан тэр байдалдаа дахиж очихгүй. Хэзээ ч гэж хэлээд яахав. Гэхдээ тэр төвшиндээ дахиж очих бололцоо тун бага байна.

-Тэгэхээр сөрөг хүчин бид та нарт 17 хувийн эдийн засгийн өсөлт хүлээлгэж өгсөн гээд л загнаад суух нь дэндүү гэнэн шүүмжлэл байгаа биз дээ. Бид гарцын тухай бага ярьж, дотооддоо дайсагнах ажилд хамаг цаг хугацаагаа үрж байна л даа. 

-Үнэхээр тэгж харагддаг. Уул уурхайн салбар бол өөрөө циклээр явдаг салбар учраас дээшилж ч байдаг, доошилж ч байдаг. Түүхэнд байнга ийм л байсан үзэгдэл. Тийм болохоор яг уул уурхайтай уялдуулж бодит эдийн засгийнхаа байдлыг хэмжиж, бодит эдийн засгийнхаа төлөвлөлтийг гаргах нь маш буруу. Яагаад гэвэл тэр чинь хэзээ ч унаж ч байдаг сэргэж ч байдаг. Рио Тинто уул уурхайн том компанид би 3-4 жил ажиллаа шүү дээ. Хүмүүс нэмж аваад л, цар хүрээгээ өргөтгөж байсан үеийг нь ч би мэднэ. Ердөө дөрөвхөн жилд шүү дээ. Тэгээд л төд удалгүй энд тэндгүй хүмүүсээ ажлын байргүй болгоод л эхэлж байх жишээний. Австралид ч тэр, Монголд ч тэр. Дэлхий даяар төслүүдээ хаагаад л, хүмүүсээ мянга мянгаар нь халж байгаа үеийг нь ч мэднэ. Манай дарга нар надад хэлдэг байсан юм. Уул уурхай гэдэг чинь угаасаа л ийм салбар. Дээшилж ч байдаг, доошилж ч байдаг. Тийм болохоор хариуцлагатай удирдлага төрийнх байна уу, компанийнх байна уу, сайн үед байна уу, муу үед байна уу нэг л зарчмаа барьж ажилладаг байх хэрэгтэй гэж. Сайн үед бүх юмаа үрээд л, бэлэн мөнгөө дураараа цацаад л, зардлаа ихэсгээд ирдэг. Жаахан хэцүүдээд ирэхлээр зардлаа танаад л хамаг хүмүүсээ халаад л байдаг. Үүнээсээ сургамж авдаг мөртлөө л ахин энэ алдаагаа хийгээд байдаг.

-БНХАУ-ын зах зээлд тодорхой цохилтууд орж ирж байгаа. Хятад муу байвал бидэнд сайн тусгал ерөөсөө ирэхгүй. 

-Үнэн. Манайх гэлтгүй дэлхий нийтийн эдийн засгийн чиг хандлага Хятадаас шалтгаалж байна. Хятадын эдийн засаг төрийн дэмжлэг, эрчимтэй хөрөнгө оруулалтан дээр тулгуурлаж босож ирж, сүүлийн хэдэн жил эрчтэй хөгжсөн. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд Хятад тодорхой хэмжээгээр төрийн бодлогоор эдийн засгаа хүчээр өсгөж байсан бол, одоо эдийн засаг нь бодит, тогтвортой байдал руу шилжиж яваа учраас удааширч байгаа. ДНБ гэдэг нь хэрэглээ, хөрөнгө оруулалт, засгийн газрын зардал, экспортын нийлбэрээс бүрддэг. Америкийн Нэгдсэн Улсын ДНБ-ий дийлэнх хувь нь дотоод хэрэглээгээс бүрддэг бол, Хятадын дийлэнх ДНБ нь хөрөнгө оруулалтаас бүрддэг. Хөрөнгө оруулалт гэдэг нь шинэ тоног төхөөрөмж, бизнес өргөтгөх хэрэгслүүд гэсэн үг. Хятад дэлхийн бусад оронтой харьцуулбал хамгийн өндөр хөрөнгө оруулалтын хэмжээтэй, тэр нь энгийнээр бодоход маш олон шинэ бизнес, шинэ бүтээн байгуулалт бий болж байгаа гэсэн үг. Харин хэрэглээний хэмжээ нь дагаж өсөхгүй бол баахан ашиглагдахгүй нөөц бий болсон гэсэн үг. Жишээлбэл, эзэнгүй байшин, ашиггүй үйлдвэрүүд. Энэ хоосон байшингууд эзэнтэй болж, ашиггүй үйлдвэрүүд хаагдах юм уу, заx зээлтэй болтол цаг хугацаа орно. Гэхдээ яалт ч үгүй эдийн засаг нь хөрөнгө оруулалтан дээр тогтсон эдийн засгаас хэрэглээн дээр тогтсон эдийн засаг руу шилжинэ. Энэ нь уул уурхай мэтийн түүхий эд хангадаг салбаруудад муугаар нөлөөлж байгаа. Харин ирэх арав арван жилүүдэд асар иx боломж бий болно гэсэн үг. Тэр 1.3 тэрбум хүн дотооддоо болон гадаадаас хийх худалдан авалтын хэмжээ өснө гэдэг нь бидэнд том экспортын зах зээл нээгдэж байгаа гэсэн үг. Тэрийг зөвөөр ашиглаxын тулд бид уул уурхайгаас өөр салбаруудаа дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй.

-Дэлхийн хамгийн том шингээх чадвартай зах зээл дэргэд байж байна. Манайх хоёр том гүрний дунд оршдог өвөрмөц орон. Тэд бол манай мөнхийн хөршүүд. Манай Монголын нийгэмд он удаан жил явсан нэг үзэл байдаг юм. Хөршүүддээ дургүй, сайн муу хэлдэг. Бие биенээ эрлийз хурлийзаар нь дууддаг. Манай хөрөнгө оруулалтын орчны талаар гадны шинжээчид одоо ямар үнэлэлт өгч байх юм. Гаднаас мэдрэхэд сэтгэл зовоосон ямар ямар мэдрэмж төрдөг вэ?

– Гадны хэвлэлээр Монголд хөрөнгө оруулагчдыг google-ээр хайгаад үзэхэд хамгийн түрүүнд гарч ирдэг зүйл бол Монголын Засгийн газар, “Оюу толгой”, “Рио Тинто”-той харьцаж байгаа тэр түншлэлийн талаарх мэдээлэл. Тэрүүгээр л хамгийн их зүйл бичигдсэн байгаа. “Рио Тинто” бол маш том хөрөнгө оруулагч шүү дээ. Мэдээж жижиг компани, хөрөнгө оруулагчдын төвшинд олон л юм яригддаг. Ерөнхий хандлага бол монголчууд хөрөнгө оруулагчдаа урьж авчирчихаад хамтран ажиллаж байгаад л хөөгөөд гаргасан гэсэн байдалтай. Бид бол тусгаар тогтносон улс. Гэхдээ бид том хоёр хөршийн дунд өвөрмөц байрлалд заяасан. Гуравдагч хөрш гээд өөр орнуудтай ч харьцаж байна. Нэг бодлын энэ хоёр хөрш байгаа болохоор бид азтай. Хилээсээ хэдхэн километрын зайтай дэлхийн хамгийн том зах зээл байна гэдэг нь Монголын хувь заяаны асуудал. Тийм байж муусайн хятадууд гэж хэлж болохгүй л дээ. Энэ бол бидний соёлын төвшинг л тун таагүйгээр гадагшаа харуулдаг зүйл. Ийм хандлагыг арилгах нь бидний үүрэг болохоос, нэмж нэрвэх нь өөрсдийгөө улам доод төвшин рүү чирч унагах гэж байгаа л оролдого шиг харагдана шүү дээ. 2010, 2011 оны хөгжил ямар байлаа даа. Тэрэн дээрээс дэлхийн Монголыг харах өнцөг өөрчлөгдсөн. Монголын өмнө их боломж байна. Тэгэхээр тэрийгээ яаж зөв хөгжүүлээд авч явах вэ гэдэг л бид нарын асуудал.

ОЮУТОЛГОЙД АЖИЛЛАДАГ БОЛСНООР ХОТ, ХӨДӨӨД 
ОЛОН НАЙЗТАЙ БОЛСОН

-Таны өсөх нас Англи оронд өнгөрсөн болохоор таныг Англи оронд илүү хайртай болов уу гэж тааж байна л даа. Англи бол өвөрмөц орон. Ялангуяа Лондон. Та хатан хааны ордонд орж үзэж байсан уу. Англи орны тухай танд ямар дурсамж байдаг вэ?

-Дөрвөөс найман насандаа Англид байсан. Бас сургуульд ороод өсөх нас маань Англид байсан болохоор ер нь Англид хайртай. Английг бодохоор цэмцгэр, яагаад ч юм ном их бодогддог. Манай сургууль ч тийм байсан юм уу. Өдөр болгон заавал цүнхэндээ уран зохиолын ном аваад явдаг байсан. Английг бодохоор номонд л хайртай болсон, ном их уншдаг байсан маань л санагддаг. Урлаг сайн хөгжсөн орон болоод ч тэр үү, би балет их сонирхдог байсан. Балет үздэг байсан тэр үеийн амьдралаа их дурсдаг юм. Би жаахандаа балетчин болно гэж мөрөөддөг байсан. Балетын дугуйланд явж байсан. Сонгодог урлаг, ном, яруу найраг тиймэрхүү юмнууд яагаад ч юм Английг бодохоор санагддаг.

-Ээж тань эмч хүн. Эмч болох мөрөөдөл байгаагүй юу?

-Байсан. Бүр жаахандаа ээж эмч болохоор эмч болно гэж боддог байсан. Хайрцган дотор хөвөн энэ тэр хийчихээд тоглодог, эмч болно гэж мөрөөддөг байснаа санаж байна. Гэхдээ Англид очоод л яагаад ч юм балетчин болмоор санагдаад байдаг болсон.

-Та эцэг эхээс хоёулаа шүү дээ. Танай ах хаана төгссөн билээ.

-Тийм. Миний ах Австралийн Үндэсний Их сургуулийг олон улсын харилцаагаар төгссөн.

-Одоо Монголдоо ажиллах гээд ирчихсэн байгаа юу?

-Тийм ээ. Уул уурхайн яаманд ажиллаж байгаад одоо хувиараа ажиллаж байгаа. Бид хоорондоо хоёрхон насны зөрүүтэй өссөн болохоор их ойр өссөн. Монголд байхдаа бид хоёр нэг ангид байсан. Их сонирхолтой. Намайг хоёр анги алгасуулаад оруулсан чинь бид нэг анги болж таараад, ахтайгаа нэг анги болохоор гоё шүү дээ. Түшигтэй, хэн ч дээрэлхэхгүй. (инээв)

-Наадах чинь ёстой хөгжилтэй дурсамж байна. Залуу нас бол entertainment-д зориулах тэрэнд булаагдах цаг хугацаа ихтэй янз бүрийн романтик үйл явдлууд ихтэй үе. Та бол сураад л яваад байсан байна. Чөлөөт цаг гэдэг ойлголт таны хувьд юу байдаг юм. Залуу насанд чинь хайр дурлалаас эхлээд өөр олон үйл явдал байна шүү дээ. 

-Надад бол завгүй байх тусмаа илүү завтай болдог ч юм шиг, завгүй байх тусмаа олон зүйл амжуулдаг ч юм шиг. Тийм болохоор ажил л чухал. Ажиллахын зэрэгцээ янз янзын юманд оролцох дуртай. Чөлөөт цагаа найзуудтайгаа өнгөрөөх дуртай. Гэхдээ зүгээр нэг найзуудтайгаа өнгөрүүлэхээс илүүтэйгээр янз янзын нийгмийн ажил хамтарч хийх дуртай. Жишээлбэл, Монголын залуу оюутан гээд 2011 онд төгсч ирээд үүсгэн байгуулсан хөтөлбөр байдаг. Монголын 10 жилийн ахлах ангийн сурагчдад гадагшаа том сургуулиудад яаж элсэж орох вэ гэж хичээл заадаг хөтөлбөр үүсгэн байгуулсан. Одоо тав дахь жилдээ явагдаж байна. Бид нар саяхан таван жилийнхээ ойг тэмдэглээд амжилттай явж байна. Тэр хөтөлбөр надад маш их кайфтай байдаг. Зун болгон зохион байгуулагддаг.

-Монгол найз хэр олон бэ? 

-Олон найзтай. Анх цөөхөн байж байгаад Америкт сурч байхдаа олон найзтай болсон. Тэнд олон монгол оюутан байдаг. Бид нар бүгд л Монголдоо очих сонирхолтой болохоор хоорондоо их нийлдэг байсан. Мөн Монголдоо ирж Оюу Толгойд ажилладаг болсноор хот, хөдөө олон найзтай болсон.

-Анхны орчуулсан ном, сэдэв их сонин юм байна. Дахиад орчуулгын чиглэлээр юм хийх төлөвлөгөө байна уу? 

– Яг ном орчуулна гэсэн төлөвлөгөө байхгүй. Гэхдээ тухайн үед Сиддарта миний сэтгэлийг яаж хөдөлгөж байсан шиг тийм ном гарч ирвэл сонирхож болно. Үгүйсгэхгүй. Тухайн нөхцөл байдал нь сэтгэл хөдөлгөсөн, завтай байх тийм нөхцөл байдал нь бүрдвэл орчуулга сонирхолтой ажил.

-За, бидний уулзалт өндөрлөж байна. Танд, баярлалаа. Бас маш их амжилт хүсч байна. 

-Би бас танд, танай хамт олонд маш их талархаж байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав