Олны танил, домогт Ш.Сайхансамбуутай уулзаж ярилцахыг ихэд хүсдэг байлаа. Тэрбээр нэр алдартай эрхэм гэхээсээ илүү өөрийн гэсэн мөн чанар тээсэн, өвөрмөц эр хүн аж. Ингээд түүний ярианд анхаарлыг тань хандуулъя.

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын олны танил хүмүүстэй бараг бүгдтэй нь уулзаж ярилцсан болов уу. Тантай л ярилцаж байгаагүй. Гэхдээ 16 жилийн өмнө та бид хоёр уулзаж танилцаж байсан.

-За баярлалаа. Үнэхээр олон жил өнгөрчээ. Жаахан л хүүхэд байсан санагдаж байна.

-Хэдийгээр эдийн засгийн хямрал болж, хөрөнгө оруулагчид үргээд дайжсан ч гэсэн дотоодын хөрөнгө оруулагчид нь улс орондоо өгдөгөө өгөөд чардайгаад явж л байна. Та манай том татвар төлөгчийн нэг. Хямралыг зарим талаар нь боломж гэх юм. Таны хувьд ямар байна?

-Ямар ч байсан бидний ярилцлагыг уншиж байгаа уншигчдадаа эрүүл саруул байхын ерөөл дэвшүүлье. Одоо цаг үеийн байдал хэцүүхэн байна. Би оны өмнө Завхан аймгаар явсан. Миний ордог гуравхан газар байдаг юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг. Сумын төв ийм гурван зүйлээс л бүрддэг. Тэнд л сумын амьдрал явж байдаг. Засаг даргын Тамгын газраар нь ерөөсөө би ордоггүй. Ордог газрынхаа улсуудтай уулзахаар бүгд л цалингийн зээлтэй гэж ярих юм. Намайг 2008 онд УИХ-д сонгогдоход тийм зүйл нэг их ярьдаггүй байсан. Сая тийм яриа их гарч байна. Өндөр настай хүмүүс тэтгэврийн зээлтэй, төрийн албан хаагч нар цалингийн зээлтэй. Ийм нэг хүндхэн сүлжээнд орчихсон байна л даа. Улаанбаатар хотод ирээд нөгөө гурван газраа судалсан чинь яг адилхан байна. Ингээд манай төрийн албан хаагч, төр нийгмийн төлөө ажилладаг хүмүүс бүгд зээлийн барьцаанд буюу өрөнд оржээ. Хүмүүсийн бухимдаад байгаа гол юм нь энд байна. Хоёрдугаарт, миний харж байгаагаар 2200 гаруй компани бүрэн дампуурсан, бүр алга болсон байна. Хаачсан нь мэдэгдэхээ байсан. Миний хувьд 1992 оноос “Нарантуул” гэдэг компанийг авч явж байгаа. 1995 оноос хойш яг иргэдтэй нүүр тулсан бизнес хийж байгаа надаас өөр хүн байхгүй. Тэрийг сүүлд манай дээр гарсан хоёр гурван галаар жишээ авч ярьж болно. Шууд иргэдэд нөлөөлдөг бизнес юм байна гэдгийг ингэж сүүлийн дөрвөн жил хатуу ойлгож авсан гэх үү дээ. Английн сэтгүүлд Монголын иргэдэд нөлөөлдөг хоёр зүйл байна. Нэг нь “Эрдэнэт” гэж үйлдвэр, нөгөө нь “Нарантуул” гэж худалдааны төв зах байдаг юм байна. Тэр хоёр байгууллагын үйл ажиллагаа нь Монголын ард түмнийг авч явдаг юм байна гэж бичсэн байсан. “Эрдэнэт” бол татвараар иргэддээ нөлөөлдөг. Би бол өдөр тутмын амьдралаар нөлөөлдөг юм байна л даа. Энэ нь ч сүүлийн дөрвөн жилд батлагдсан. Өөрийн чинь асуултанд товчхон хариулахад сүүлийн дөрвөн жил компаниудын төлөө Төр засгаас ямар ч арга хэмжээ авсангүй. Өмнө нь байгуулагдсан 2200 гаруй том, жижиг компани алга болсон. Одоо ч нэмэгдээд алга болоод л байна. Компани алга болно гэдэг маань татвар, бас олон зуун ажлын байр алга болно гэсэн үг. Үүний төлөө төр засаг нь санаа зовсонгүй. Зовох гээд ч чадсангүй. Үнэ тогтворжих хөтөлбөр, Шинэчлэлийн Засгийн газар, Шийдлийн Засгийн газар гээд хуучин социализмын үед нэрлэгддэг нэр томъёог их хэрэглэлээ л дээ. Одоогийнхоор пиар, тэр үеийнхээр намын сурталчилгаа гэсэн үг юм уу даа. Тэрийгээ манай Ардчилсан намынхан их сайн хийж сурсан байна. Өөрсдөө ч их олон онигоонд орлоо. “Хэний гавьяа вэ” гэж хийгээд онигоо болоод тэрийгээ дор нь залруулж байх жишээтэй. Хуучин социализмын үед хэрэглэдэг байсан нэр томъёог ардчилал гэдэг нэрийн дор хэлбэр дүрс, агуулгыг нь өөрчилж оруулж ирэх гэж их зүтгэлээ. Гэвч өнөөдөр иргэдийн амьдрал 2008, 2012 онуудынхаас дээшилсэнгүй. Би бол дордсон гэж үзэж байгаа. Миний ярьж байгаа зүйл, ард түмний ярьж байгаатай нийлнэ.

-Таныг “Нарантуул” зах дээгүүрээ байнга очиж, иргэдийнхээ дунд явж байдаг гэж сонссон. Тэнд ажилладаг хүмүүс ер нь багасч байна уу. Урдхан талд нь өрсөлдөгч зах нээгдсэн. Энэ нь хуучин “Нарантуул”-ын амьдралд нөлөөлсөн үү?

-Гарсан. Борлуулалт их муу болсон. Хүний хөдөлгөөн их саарсан. Хөдөлгөөн саарна гэдэг маань түрээслэгч нарын борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний борлуулалт саарсан гэсэн үг. Гэхдээ манай “Нарантуул”-д улсын хэмжээний асуудал төвлөрч байдаг болохоор гүйлгээ зогссон гэж хэлж болохгүй. Гэхдээ багассан. Хоёрдугаарт, манайхаас 21 аймаг, 333 сум, Улаанбаатар хотын дүүргүүд, мөн захын хорооллын дөнгөн данган амиа зогоож байгаа дэлгүүрүүд ирж юмаа авна. Хөдөлгөөн багассан гэдэг маань худалдааны сүлжээ болсонтой бас холбоотой. Дээр үеийнхээр бол “Бөөний бараа бааз” шиг. Гар утсаар захиалгыг сумаасаа энд худалдаа эрхэлж, түрээсэлж байгаа хүмүүс рүү ярьж өгдөг болсон. Нутгийнх нь машин бэлэн байна. Тэдэн номерийн машинд бараагаа ачаарай гээд л хэлчихнэ. Тэгээд л мөнгөө шилжүүлчихдэг. Одоо тийм сүлжээ бий болсон. Би үүнд их баяртай байдаг. Хүмүүс гаднаас нь хараад бохир заваан, гадаа үйл ажиллагаа явуулдаг гэж ярьдаг. Хятадад хүртэл захын хорооллоороо заваан л байгаа. Манайхаас долоон дор зах Эрхүү, Москвад ч байж л байна. Харин бид чадах ядахаараа сайжруулаад л явж ирлээ.

-Хуучин манайд цөөхөн хэдэн бизнесмэн байлаа. Тэд нар бол одоогийнх шиг лиценз зарах мэтээр гэнэт баяжигчид биш. Зүтгэж, зүдэрч гарч ирсэн л дээ. Ганзагын наймаан дээрээс боссон. Одоо тэдний нөгөө талд бизнесийн шинэ үеийнхэн зогсож байна. Хаанаас, юунаас, яаж босч ирсэн нь мэдэгдэхгүй бизнесмэнүүд гарч ирсэн. Энэ дунд та хэд амь бөхтэй амьдарч байна.

-1991-1994 онд ганзагын болон, машины наймаа хийж боссон компаниуд ихэнх нь өнөөдөр байгаа. Нөгөө хэд маань явж л байгаа. Тэрний нэг нь би яах аргагүй мөн. 1992 оноос хойш улсад өгдөг татвараа өгч, олон хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн даатгалыг нь төлж, тэдний аж амьдралыг авч явсаар ирсэн. Арын амьдралыг нь гэр оронтой нь хариуцна. Яг тэр жишгээрээ л явж байгаа. Чиний сая хэлдэг шинэ нөхдүүд гарч ирсэн нь үнэн. Гэхдээ хаанаас баяжсан нь мэдэгдэхгүй биш мэдэгдэнэ. Бүгдээрээ гарын үсэгнээс баяжсан нөхдүүд. Та яагаад шууд хэлэхгүй байна вэ. Улс төрд орогнож, гарын үсгээр хөлжигсөд шүү дээ. Эднийг манай иргэд төрөөс төрсөн тэрбумтан, олигархиуд гэж нэрлэдэг. Ерэн хэдэн онд биднээс л царай алдан сонгуульд орж, гадаад руу явах замын зардлаа төлүүлж, гутал хувцсаа солиулж байсан нөхдүүд өнөөдөр их хуралд бөөнөөрөө байгаа. Бид нараас илүү баян, илүү мөнгөтэй болсон. Тэд бүлэглэл байгуулсан. Энэ улс төрийг завааруулах, хоорондоо үгсэн нийлж төрийн өмчийг идэж уух, байгалийн баялаг, ордуудыг гадныханд худалдах ажил эрхэлж тэд хөлжсөн. Энэ бохир үйл ажиллагааныхаа төлбөр болох шан харамжаар баяжсан тийм нөхдүүд л Монголоор дүүрэн байна. Миний унаагүй машин, суугаагүй орон сууцанд амьдарч байгаа гарын үсгээр баяжсан луйварчид өнөөдөр пиг болсон. Би 2008 онд их хуралд байхдаа хэлсэн. Тухайн үед надад эрүү үүсгэж байсан. “Оюутолгой”-оос болж би 2012 онд сонгогдох эрхээ луйварчингуудад алдсан. “Оюутолгой”-н гэрээг анхнаас нь бүтэхгүй гэрээ байна гээд зургаан сар эхний хэлэлцүүлгийг нь хойшлуулж байсан.

 
-“Оюутолгой”-н төсөл дээрх байр сууриасаа болж таныг намаасаа нэлээн алсарсан болов уу гэж хардаг?

-Үнэний ортой. Би энэ намын байранд нь хүртэл хандиваа өгөөд л явж байсан хүн. Тэгж насаараа зүтгэчихээд 76 хүн нэр дэвшээд, яг ганцаараа унахад жаахан эвгүй л юм билээ. Тухайн үед 76 хүн дотор би насныхаа ахмадаар эхний тавд эрэмблэгдэж байсан.

-Бага хурал дээр унахад уу?

-Тийм. Би 1994 оноос хойш намд хандив өгсөн. Ардчилсан намд ч бас ялгаа байхгүй. Ганц би ч биш манай бүх бизнесмэнүүд энэ хоёр намыг аятайхан нам байгаасай, төр улсдаа түшиг яваасай гэж л дэмжсэн. Тэрнээс биш томорчихоод биднийг эргээд шорон оронд аваачиж хийгээрэй гэж ерөөсөө хандив өгөөгүй ш дээ.

-Үйлээ үзэж олсон хэд дээрээ босч байсан тэр үе тань бол бизнесийн ариун үе. Зовлон туулж хатуужсан үе л дээ. Одоогийн бизнестэй тийм үечлэл ярих бололцоогүй юм. Анх бизнесээ сонгохдоо яагаад хар захыг сонгосон юм бэ?

-Бид нар зах дээр л наймаа хийдэг байсан шүү дээ. Зах дээрээ багтаж ядаад л. Улаанбаатар хотын түгжрэл анх Дэнжийн мянгын захаас үүссэн гэдгийг мэдэх үү. Ингэж л явлаа даа. Хүн хамгийн сайн мэддэг, мэдэрдэг юмаа л барьж авдаг биз дээ. Тэр жишгээр л би энэ бизнес рүү орсон.

-Хойд Дэнжийн мянгын хуучин зах одоо таны мэдэлд үү?

-Тийм. Сүүлд нь хоёр давхар хүнс, барааны дэлгүүр барьсан. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд гэр хорооллынхон тэнд л амьдарч байна даа.

-Ер нь тэгээд иргэдийн борог амьдралтай зууралдах харилцаа бол асар хүнд харилцаа л даа. Одоогийн бизнесменүүд хээнцэр бизнесээр л амьдарч байна. Энд соёлын асар том ялгаа бас байгаа.
 

Манай цагаан цамц, улаан зангиатай ярвагар гишүүд БИ захаар ордоггүй гэж ярьдаг юм

 -Манай цагаан цамц, улаан зангиатай ярвагар гишүүд би захаар ордоггүй гэж ярьдаг юм. Орж үзээгүй олон жил болжээ ч гэж байх шиг. Тийм юм яриад хэрэггүй л дээ. Дэнжийн мянгын захыг бид өөрсдөө л босгосон. Манай Женко Баттулга гэхэд эхнэртэйгээ тэнд юм оёж зардаг л байсан. Би Оросуудтай наймаа хийгээд юм аваачиж зараад л. Тэгж явах үеэс л захыг өөрчлөх юмсан гэж боддог байсан. Тэгж байтал 1995 онд өмч хувьчлалаас тогтоол нь гарсан. Тэгээд зах төрийн мэдэлд байх хэрэггүй юм байна. Хотын мэдлээс нь гаргаад хувьчилсан нь дээр гээд хувьчилсан. 11 компани өрсөлдөж төсөл шалгаруулаад хоёр нь үлдэж дуудлага худалдаанд орсон. Манай Женко Баттулга хүртэл оролцсон. Тухайн үед надад ялагдаж байсан. Дараа нь төслөө хэрэгжүүлэх гээд бүтэхгүй болохоор нь одоогийн “Нарантуул”-ын талбай дээр нүүлгэн шилжүүлж ирсэн. Намайг барилга барьж байхад тухайн үед барилга барьдаг хүн бараг байхгүй байсан. Монголд анх хувийн хэвшлийн хүн 12 давхар барилга барихад хүмүүс гайхаж байсан. Эхэлж байхад хүмүүс шоолдог байсан. Чи одоо 12 давхар буудал барих юм уу гээд шоолоод инээж байсан. 1995-2000 оны хооронд “Нарантуул худалдааны төвийг барьсан. Тэр үед Ардчилсан нам төрийг дөрвөн жил барьсан. 1990-2000 оны хооронд Монгол Улсад баригдсан хамгийн том барилга байгууламж нь манай худалдааны төв болж байсан. Тэгэхэд надад нэг ч хүн баяр хүргээгүй. Нэг ч талархлын хуудас өгөөгүй. Би ч тууз хайчлаагүй. 9 сарын 1-ний өглөө эндээ энгийн л цуглаж байсан. Дэнжийн мянгад шахцалдаж байсан хүмүүс энд ирээд талд нь хүрэхгүй байсан. Тийм л худалдааны төвийг барьж, босгож явлаа. Өнөөдөр иргэдтэйгээ яаж юмны үнийг өсгөхгүй нэг хэмжээнд барих вэ гэдэг бодлогоор хамтарч зүтгээд 21 дэх жилдээ орж байна.

-Энэ олон жилд улсад төлсөн татвараа та цээжээрээ мэддэг үү?

-Янз бүрийн татвар нийлээд 200-гаад тэрбум төгрөг төлсөн байдаг. Нэг ч удаа татвараас зайлсхийж байгаагүй.
 

-Таныг нэг бус удаа хорьж байсан. Тэр ямар учиртай юм бэ?

-Би гурван удаа хоригдсон. Дандаа татвар нуусан гээд барьдаг. Тийм өргөдөл, гомдол ирсэн гээд л худлаа шалтаг гаргаж ирээд л барьж байсан.

-Та ер нь төрд хэдэн жил ажилласан бэ?

-Би төрд 11 жил ажилласан.

-МАН-тай яаж хувь заяагаа холбосон юм бэ?

-1989 онд Сүхбаатарын район гэж байхад дүүргийн Намын хорооны дарга Дамдин гэж хүн байсан. Тухайн үед инженер, техникийн хүмүүс намд элсэхэд хэцүү байсан юм шүү дээ. Хоёр жил намын орлогч гишүүнээр явдаг байсан. Тэгээд 1989 оны 10 сард элссэн.

-Хааяа таны өгдөг ярилцлагуудыг ажиглахаар өнөөдрийн намтай үзэл бодол нийлэхгүй байгаа шинж ханхалдаг. Тэр голомтноос жаахан алсарсан, энгийн үгээр гомдсон үнэр мэдрэгддэг. Хүнд өөрийн цаг үе гэж байдаг. Жишээлбэл, таныг Н.Багабанди, Н.Энхбаяр, Л.Энэбиш дарга нарыг намын удирдлагад байхад найз нөхөд байсныг мэдэх юм. Ялангуяа Л.Энэбиш даргатай ойр байсан. Он жилүүдийг хуваалцаж явсан үнэтэй хүмүүс амьдралаас алга болоход амьдралын орчин эвдэгддэг. Үүнээс үүдсэн сэтгэл санааны хүчин зүйлстэй холбоотой юу, үгүй юу? Зайдуухан дуугаа хураагаад ажиглаж байгаа байдлын шалтгааныг л асуугаад байна.

-Саналгүй яахав. Тэр үеийн миний дарга нар шиг хүмүүс одоо байхгүй. Л.Энэбиш дарга, Л.Алтангэрэл, С.Мөнхжаргал тухайн үеийн Л.Жавзмаа, Х.Цэндсүрэн дарга гээд хотын олон дарга байсан. Бид хорин нэг, хоёртой сургууль төгсөөд ирж байсан. Би сантехникийн слесариас ажлаа эхэлсэн хүн. Их дэлгүүрээс баруун дөрвөн зам хүртэл ажилладаг V конторт байсан. Дараа нь дэвшээд VIII конторт сантехникийн инженерээр нэхмэлийн шар, био комбинатыг тэр чигээр нь хариуцаж ажиллаж байсан. Тэгээд дэвшээд хотын захиргаанд гачигдалтай иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр гурван жил ажилласан. Тэгж ажиллахад дарга нарын арга барилыг сурдаг л юм билээ. УИХ-д суусан дөрвөн жилд ч, компанийн ажлаа ч тэр л анхны үед авсан арга барилаараа хийж ирсэн. Тухайн үеийн дарга нар бидэнд үүрэг өгөөд дараа нь өөрсдөө биечлэн шалгадаг тийм л зарчимтай ажилладаг байсан. Биелүүлээгүй бол тухайн үед намаас авах арга хэмжээ их хатуу байсан. Дараа нь цалин хасах арга хэмжээ байсан. Мөн гадаад явах томилолт болон амралтын хоногоосоо хасуулдаг арга хэмжээ авдаг байсан. Бүр болохгүй бол ажлаас нь халдаг. Ажлаас халагдах шиг гутамшиг байсангүй. Тийм хөдөлмөрийн дэвтэртэй хүнийг хаана ч очсон ажилд авдаггүй байлаа. Насаараа хохирох аюултай үзэгдэл. Тийм учраас бид хүмүүжилтэй ажилласан. Тэр үеийн миний дарга нарын хүнтэй ажилладаг арга барил одоо ч надад хэрэг болж байна.

-Төрийн нуруунд сэлгээ орж, шинэ хүмүүс ирээд цааш явдаг нь жам. Энэ л төрийн хүн юм даа гэх хүн одоо танд харагддаг уу?

-Байхгүй болсон. Энэ УИХ дотор нэг ч хүнийг нэрлэж чадахгүй байна. 2008 онд УИХ-д сууж байхдаа үүдэнд хойшоо хараад суудаг байсан. Тэгээд л тэр хүмүүсийг хараад, харьцуулаад байж байхад намайг удирдаж байсан дарга нарын зиндаанд хүрэх нэг ч хүн байхгүй байсан. Худлаа ярьж хуйвалдсан, хувийн эрх ашгийг ард түмний өмнө тавьсан, хуулийн гадуур ажиллах сонирхолтой нөхдүүд л инээгээд сууж байдаг байсан. Өнөөдөр ч мөн адил. Би бүгдийг нь таньж мэдсэн. Энэ Ардчиллынхан чинь анх манай дарга нараас байр гуйгаад л явж байсан нөхдүүд ш дээ. 1990 онд Ардчиллынхан л хамгийн эхэнд орон сууцаар хангуулж байсан. Ерөөсөө тэдний хамгийн эхэнд тавьж байсан шаардлага нь байр нэхэх байсан. Одоо бүгд мартаа биз. Тэгээд л бүгдийг нь орон сууцтай болгож өгч байсан. 1989 оны 12 дугаар сард анхны жагсаал Залуучуудын ордны зүүн тийшээ харсан тавцан дээр болсон. Намар нь гэхэд ихэнх нь орон сууцтай болж байсан. Би ордерийг нь бичиж, дарга нараар гарын үсэг зуруулдаг байсан болохоор их сайн санадаг юм. (инээв)

-Та төрөөс байр авч үзсэн үү?

-Авалгүй яахав. Би орон сууц нийтийн аж ахуйн наймдугаар конторт инженер, манай эхнэр хорооллын конторт ажилладаг байсан улс шүү дээ.Бид ном ёсоороо л авч байсан.

-Та хоёр хоёулаа инженер юм уу?

-Тийм.

-Та хаана төгссөн бэ?

-Политехникийн дээд сургуулийн сантехникийн ангийг төгссөн. Л.Энэбиш дарга сантехникийн анги төгссөн хүн. Манай Ц.Баасанжав дарга дулааны инженер. Тэр үед мэргэжлийн хүмүүс хотыг удирддаг байсан. С.Мөнхжаргал дарга архитектурч мэргэжилтэй. Г.Мөнхбаяр ч дулааны инженер. Одоо хот гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүс л удирдаж байна. Тэгвэл эхлээд усан хангамжаа сайжруулаад, ариутгалын байгууламжаа барьчихгүй яасан юм бэ. Хот юунаас эхэлдгийг асуувал мэдэхгүй ш дээ. Хотыг яаж төлөвлөдгийг мэдэхгүй.
 

1987 онд л одоогийнхоор бол би олигархи болчихсон байсан байна шүү дээ 


-Завхан аймгаас та хэзээ анх гарсан бэ?

-Манай аав намайг хоёр настай байхад гарсан. Тэгээд л хотын Гандангийн дэнжид өссөн дөө. Хүй таслагдаад амьсгал авсан газар бол яах аргагүй Завхан аймгийн Баянтэс сум.

-Эцэг эхээс олуулаа юу. Танайх хэр амьдралтай айл байв?

-Эцэг эхээс долуулаа. Аав маань хүний бага эмч. Ээж маань хүүхдийн хувцасны үйлдвэр, цэргийн гар үйлдвэр, оёдлын үйлдвэрийн нэгдэлд нормын ажил хийдэг оёдолчин хүн байсан. Бид ажилчин ангийн хүүхдүүд. Гандангийн дэнжийн олон сайхан лам нарын дунд өссөн.

-Төрсөн нутаг тань Хутагтуудын өлгий. Удам дамжсан лам байдаг уу? Танайхныг нэлээд шашинтай айл гэж сонссон.

-Миний ээжийн аав сайн лам хүн байсан. 1937 онд хэлмэгддэгийн даваан дээр арай гэж хар болсон байдаг.

-Бизнесмэнүүдийн хөгжил харагддаг л даа. Анхны бизнесменүүдийн стиль санаанд тодхон байдаг. Би саяхан Женко Баттулгын номыг уншсан. Бас л сайхан ном байна билээ. Та ч гэсэн бас тэдний нэг. Түрүүлж мөнгө барьж байсан болохоор түрүүлж хэв маяг тээнэ. Машины моод тодорхойлдог ч юм уу. Савхин хувцас өмсөж, хар шил зүүцгээгээд л. Хаммер гэхэд та анх унаж байсан. Залуу насны аагаар тэгж стиль имиж бүрдүүлдэг хугацаа хэр удаан үргэлжилдэг эд байна вэ. Та тэр үедээ ямар Сайхансамбуу байсан бэ?

-Би 27 насандаа анх хувийн “Газ-24” машин авч унаж байсан. Тэр чинь 1987 оны 1 дүгээр сарын 3-нд социализмын үед. Тэгэхэд актлагдсан машин тухайн үеийн яамаар дамжиж зарагдсан. Тэр үед партизан, ардын жүжигчин, гавьяат, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн гээд цөөхөн хүнд өгдөг байсан. Тухайн үед алдар цуутай байсан Х.Баямөнх аварга хүртэл 21 унадаг байсан. Манай хадам аав хоёр дайнд оролцсон ахмад дайчин байсан. Хадмынхаа нэр дээр хөөцөлдөөд 23.100 төгрөгөөр 1987 онд анх хувийн машин авч унаж байсан.

-Ямар өнгөтэй байсан бэ?

-Хар өнгөтэй. Тэр үед над шиг хувийн машинтай залуу байгаагүй. (инээв) Сайхан л байдаг байсан.

-Тэр машинаа хэдэн жил унав?

-Гурван жил унаад зарсан. Тэгээд Оросоос шинэ “Лада 21-07” авч унасан. Дараа нь шинэ загварын Москвич авч унасан. Хотын захиргаанд ажиллаж байхад хувийн тэрэгтэй хүн ганцхан би байсан.

-Тэр үед та мөнгөө яаж олох вэ?

-Эхнэр бид хоёр хоёулаа тус тусдаа 750 төгрөг авдаг байсан. Тэгээд жилдээ нэг удаа 13 дахь сарын цалин авдаг байсан. Бас өөрөө Орос руу наймаа худалдаа хийнэ. Тэгээд 1991, 1992 онд болоод Германаас машин зөөж эхэлсэн. Хамгийн эхэлж өвгөн бенз оруулж ирж байсан. 1987 оноор яривал одоогийнхоор би олигархи болчихсон байсан байна ш дээ. (инээв) Хувийн сонирхолтой нөхөр гээд бас нүд үзүүрлэгддэг л байсан. Заримдаа машинаа хол нууж тавьдаг байлаа.

-Гоё машин, жинс, хар шилтэйгээр та хэдийг анх харж байсан.

-1991 оноос хойш хоёр Герман нэгдээд тэгээд л барууны урсгал руу орсон. Би залуугаасаа хөдөлмөрөөрөө сайхан амьдрах ёстой юм байна гэдгийг гүн бат ойлгосон хүн. Аавын маань хоёр ах тээврийн мундаг жолооч нар байсан. Тэр нь хүүхдэд их нөлөөлдөг юм байна лээ. Долдугаар анги төгсөөд 14-хөн настай хүүхэд одоогийн “Өгөөж”-ийн гуравдугаар дэлгүүрт зуны амралтаараа хоёр сар 260 төгрөгний цалинтай ачигчийн ажил хийж эхэлсэн. Бие том, чадалтай ч байсан. Архи, тамхи хэрэглэх биш. Өдөртөө Хятад гуанзанд хоолоо цадталаа идчихнэ. Мөнгөө хадгалаад намар форм, хичээлийн хэрэгслэлээ өөртөө болон дүү нартаа авч мөнгөний үнэ цэнийг мэддэг болсон.

-Та айлын том нь уу?

-Би дундах нь. Манай хоёр ах мөнгөний үнэ цэнийг мэдэхэд нөлөөлсөн.

-Зарим бизнесмен ичмээр харамч байх. Зарим нь яаж зовж олсноо ч тооцохгүй цацаад үрээд л, шатаад дуусчихдаг. Энэ балансыг зохицуулсан хүмүүс л бизнест амжилт олдог юм болов уу. Таныг зарим нь харамч, зарим нь цүл пал хамаагүй хүн гэх юм. Спортод гэхэд та нэлээд хөрөнгө оруулсан байдаг юм билээ. Жишээлбэл: Боксын холбоонд. Тэр үед хэн спортод хөрөнгө оруулдаг байлаа. Энэ бол бас нэг соёл юм даа. Одоо бол спортын холбоодыг авч явж байгаа хүмүүст гоё сурталчилгаа очдог болж,тэр үед бол хэн ч тоож хардаггүй байсан юм шиг ээ?

-1990-ээд онд манай улс маш хүнд байсан. Урлаг, спорт хоёр үнэхээр доошоо орсон байсан. Тэр үед урлагийнхныг мөн ч их ивээн тэтгэсэн дээ. Эртээд Бавуугийн Лхагвасүрэн гуай надтай уулзаад ярьж байна лээ. Б.Лхагвасүрэн гуай “Нарны домог” гэж жүжгээ биччихээд тавих гээд хөрөнгө мөнгө байхгүй зогсчихсон байсан. Тэгээд театрын дарга Дорж намайг дагуулаад Б.Лхагвасүрэн гуай дээр орж байсан. Их хурлын гишүүн байсан. Ороод уулзсан чинь би нэг жүжиг бичсэн юм. Жүжгээ тавих гээд мөнгөгүй байна. Чи нэг туслаач гээд. 1993 он юм уу даа. Тэгээд хэдэн төгрөг болдог юм бол гэсэн таван сая төгрөг гэнэ. Тэр үеийн таван сая төгрөг өнөөдрийн бараг 500 сая төгрөг байх. Тэр олон хүнийг хувцаслах, торго дурдан энэ тэр гээд. Тэгээд би таван сая төгрөг өгсөн. “Нарны домог” гэж Чингис хааны тухай гурван ангитай жүжиг байсан. Тэгэхэд Доржийн хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан. Эртээд Б.Лхагвасүрэн гуай уулзаад чиний ивээн тэтгэсэн тэр жүжиг маань хориод жил Драмын театрын нүүрийг тахаллаа даа гэж байсан. Хаашаа л явна тэрийгээ авч яваад тавьдаг байсан гэж. Тэгээд би сайн юманд хөрөнгө оруулсан юм байна даа гэж бодсон.

-Дуу бүжгийн чуулга уу?

-Тийм. Ардын дуу бүжгийн чуулга. Дараа нь мөнгө нь хүрэхгүй Сэвжидийн Сүхбаатар, одоо филармонийн дарга Даваасүрэн тэр хоёр найруулж байсан. Дараа нь бас би хоёр саяыг нэмж өгсөн. Тэгээд долоон сая болсон. Энэ бол хамгийн том жишээ нь. Тэгээд энэ эстрадын дуучин, хошин шогийнхон гээд бүгдэд нь л хандив өгсөн дөө.

-Одоо спортын холбоодоор хүмүүс гангардаг, улс төр хийдэг, чимэг болгодог болж. Та босгож ирэх, амьтай голтой байлгах гэж явсан хүн. Ийшээ хөрөнгө оруулсан тань үзэл санааны ямар нөлөө өгөв?

-Би урлагт бол ингэж хөрөнгө оруулж байжээ. Спорт бол 1998 онд Ж.Наранцацралт Ерөнхий сайд болоод Боксын холбооны ерөнхийлөгч байсан. Намайг дуудлаа. Чи энэ холбоог аваад яваач би хотын дарга ч хийлээ мөн ч олон газраас мөнгө гуйлаа. Миний тамир барагдлаа. Сүүлдээ надад мөнгө өгөх хүн олдохоо байсан. Хоёрдугаарт, би ерөнхий сайд ч болж байна. Би бодож бодож чамд өгөхөөр шийдлээ. Чи л энэ холбоог амжилтанд хүргэх ганц найдвар байна гэж хэлээд өгсөн. Би ч авъя л гэсэн. Боксын Энхбат энэ тэртэй найз байсан. Хүн амьтанд зодуулчихгүй юмсан гэж л анх сонирхож ганц нэг цохилт, техник сурч байсан. Ямар ч байсан хоёр хүн дайраад ирэхэд хоёр хүнтэйгээ л байя гэж бодохгүй юу тэр үед. Яг хөөгөөд, хичээллээд явах юм бол боксын спорт хүнд шүү дээ. Тэгээд Ж.Наранцацралт сайд надад холбоог өгчихлөө. Тэгээд би аваад 2005 оны Афиний олимп хүртэл авч явсан. Олимпийн аварга төрүүлэх нөхцөл бололцоо, бэлтгэл сургуулилт хийх бүх нөхцөлийг нь хангаж олимпийн аварга төрөхөд бэлэн болгоод л өгсөн. Намайг байхад Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёр жаахан хүүхдүүд хичээллэж эхэлж байсан. Э.Бадар-Ууган бол 2004 оны олимпийн аварга болчих, олимпод орох дөхсөн хүүхэд. Хамгийн сүүлд олимпийн эрхийн төлөө Казакын боксчинтой таараад нэг оноогоор ч билүү ялагдаж байсан. Бид нар бол ганц У.Мөнх-Эрдэнийг л олимпийн эрх авахуулах зорилготой байсан.

Эр хүнийг сэтгэлийн тэвчээр, ноён нуруу нь чимдэг ч юм билүү

-Та одоо тэр холбоотойгоо холбоотой байдаг уу?


Холбоотой. Олимпийн аварга төрүүлээд, олимпийн аваргатай болчих юм бол Монгол Улс нэг л мундаг улс болчих юм шиг хүн бүрт тийм хүлээлт байсан. Спортыг тэгж ойлгуулж ухуулдаг байсан. Социализмын үед бол төрөөс мөнгийг нь гаргаж хөрөнгөтөн орон руу тэмцээнд явуулдаггүй тийм л зовлонтой байсан. 1990 оноос явдаг болсон боловч мөнгөгүй болсон. Явдаг арга байдаггүй. Тэгээд дандаа л өөрийн зардлаар авч явна. Сүүлдээ би бүр энэ ажилд гүн орсон. Тамирчдаа дандаа өөрөө дагуулж явдаг. Олимпийн аваргатай болохын тулд яах ёстой вэ гэхээр гадаад харилцаагаа сайжруулмаар байдаг. Гадаад харилцаагаа сайжруулъя гэхээр тэр холбооны хүмүүст нэр хүндтэй болмоор байдаг. Тэр хүмүүсийг дайлж цайлна гэхээр нутагт нь очиж ая тал засах хэрэгтэй байдаг. Өөрийнхөө холбоог ойлгуулах, улсынхаа чадал чансааг зөв ойлгуулах хэрэг гарна. За, тэгээд сайн шүүгчтэй болох асуудал бас тулгардаг. Манайд шүүгч байдаггүй. Батбилэг гэж нэг шүүгч байсан. Нэг шалтгаанаар шүүх эрхийг нь хасаад хаячихсан. Тэгээд Оюунболдоор ахлуулаад шинэ шигшээ баг бүрдүүлсэн. 1999 оноос явсаар байгаад л 2008 онд олимпийн аваргатай болсон. П.Сэрдамба мөнгөн медаль, Э.Мөнх-Эрдэнэ шагналт 5-р байрт орж манай бокс хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Жудод бол ганцхан Н.Түвшинбаяр л алт аваад ирсэн. Манайхыг хэн ч ярьдаггүй. Жудо бол өглөөнөөс эхлээд л нэг өдөр барилдсаар байгаад л медалиа зүүдэг. Манай бокс бол 140, 150 орон ордог. Олимпийн нээлт эхлээгүй байхад л манай боксын тэмцээн эхэлсэн явж байдаг. Тэгээд олимпийн хаалттай хамт дуусдаг. /инээв/ Хаалт болохын урд өдөр нь медалиа авч зүүсэн. Тэгэхээр Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган хоёр бол адилхан анхных нь. Танай Булганыхан юм л бол бид анхдагч л гэдэг. Боксын тэмцээн өдөртөө зодолдоод дуусдаг байсан бол бараг л зүүчих байсан байх. Төрлийнх нь онцлог юм даа. Би олимпийн аварга төрүүлэх гэж нийтдээ 750 сая төгрөг зарсан. Энэ хүүхдүүдэд цэвэр цэмцгэр бэлтгэлийн хувцаснаас эхлүүлээд зардал гардаг. Би ер нь бандаашыг нь л авч өгөөгүй байх. Бусдыг нь бол олон жил үүрсэн дээ. “Mongolia” гээд биччихсэн бас нэг фирмийн хувцас байх хэрэгтэй. Оймсноос авахуулаад ер нь бүх юмыг өөрөө Герман руу Мюнхэнд очиж зургийг нь гаргаж өгч хэвлүүлдэг, оёулдаг байлаа. Өөрийнхөө улсын далбааны өнгөөр хийлгэх гээд. Сүүлдээ би бүр өөрөө тэмцээнд нь дагаад л явдаг байсан. Уг нь манай П.Сэрдамба алт авах байсан… Ингээд бид олимпийн аваргатай болсон. Хоёр олимпийн аварга зэрэг төрсөн. Дараа жил нь манай П.Сэрдамба Милан руу яваад л шууд дэлхийн аварга болсон. Тэгээд баатар цолыг нь өгсөн. Би П.Сэрдамбыг олимпийн аварга л гэж үздэг. Дараа жил нь Х.Цагаанбаатар энэ хоёр дэлхийн авварга болоод хоёулаа Хөдөлмөрийн баатар авсан.

-Одоо тэр холбооны Ерөнхийлөгч нь хэн бэ?

-Ажнайн Бат-Эрдэнэ хийж байгаа.

-Улстөрч ерөнхийлөгчтэй байгаад ер нь ямар хэрэгтэй байдаг юм бэ?

-Яахав санхүүжилтийг нь сайн хийх байх, өөрөө боломжийн компанитай, манай шилдэг бизнес эрхлэгч гэж үзээд өгсөн байх. Тэгж бид олимпийн аваргатай болж байсан. Х.Баттулга бид хоёр 2008 оны олимпод бэлдэж нэлээн хамтарч ажилласан. Өмнө нь хэзээ ч байгаагүй юмнуудыг хийсэн шүү дээ. Спортын ордонд жудогийн битүү дэвжээ зассан. Эдгээрийг хийхдээ дан өөрийн хөрөнгөөр хийсэн. Гэхдээ бид өөрийн хөрөнгөөр хийхдээ татвараас нуугдаж барьсан зүйл байхгүй. Түрүүний чиний хэлдгээр тэр мөнгөөрөө бид ийш тийшээ зугаалаад, казинод тоглоод ч юмуу явж болох л байсан. Гэвч бидэнд тийм сэтгэл байсангүй. Бид зовж компаниа байгуулсан. Би өмнө нь хэлсэн Х.Баттулга, Буянгийн Жагаа, Эрэлийн Эрдэнэбат бид нар казино руу ороогүй ш дээ. Одоо Б.Эрдэнэбат хичнээн сайхан байшин үйлдвэрлэх комбинат барьж байна. Хэт багаас нь эхлүүлсэн болохоор арай нэг дампуурчихгүй, төр засаг ирж дарамтлаад байхгүй бол зөнгөөрөө яваад л байна.

-Улс төр бол бизнесийн хүний амжилтыг булаадаг гэж дэлхийн олон ажиглагчид хэлдэг. Улс төр рүү л орвол балардаг гэж. Тэрний хамгийн том жишээ “Эрэл”-ийн Эрдэнэбат гуайг яриад байдаг. Улс төрд орсноор таны бизнесийн амжилт саарсан эсвэл аюул занал нэмэгдсэн гэх юм уу сөрөг ямар шинжүүд гарсан бэ?

-Би улс төр рүү ороход миний бизнес яг хэвээрээ байсан. Улс төрөөс дөрвөн жил завсардахад миний бизнес бүр дээшээ явсан. Би 1,2 сая тонн нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах болон бүх судалгааг хийж дууслаа. Гэтэл сая нэг юм тендер зарлалаа. Тэгсэн тэр компани нь заавал гадны компанитай нийлсэн консерциум байх ёстой гээд материалыг маань авсангүй. Би наадхыг чинь өөрийнхөө хөрөнгөөр барих гэж байгаа юм гээд сонссонгүй. Монгол хүн чаднаа. Бид барьж байх хооронд хүнээ сургана, бэлдэнэ гээд мянга дахин амаараа хэлээд бүтсэнгүй. Тэгээд орж чадсангүй дээ. Би Ерөнхийлөгч дээр Ерөнхий сайд дээр орж уулзана гэж бодож байгаа. Буцааж орж танилцуулна. Маш их хөрөнгө зарсан. Монголын занарын ордыг маш сайн судаллаа. Ер нь ямар бүтээгдэхүүн, юу гаргадаг, хаана ямар нөөц байгааг иж бүрнээр нь судалж авлаа. Хэрэв би гишүүн байсан бол энэ бүхнийг хийж чадахгүй л дээ.

-Зарим улстөрчид таныг шүүмжилж байдаг л даа. Мэдээж энэ хүн бол тэсвэр тэвчээртэй, хийсэн юмтай хүн. Энэ хүнтэй жишихийн аргагүй ч хүмүүс үе үеийн парламентад байсан. Гэхдээ хөгжлийн том том бодлогуудыг дан эсэргүүцдэг. Жишээ нь, уул уурхайн бизнесийг гудамжны хөдөлгөөний аманд аваачиж хийсэн хүн гэдэг. Хэзээ нэгэн цагт уулзвал асууна гэж боддог байлаа. Таны улс орны хөгжлийн тухай өөрийн хүсэл мөрөөдөл, бодлого яагаад олонтой тохирдоггүй юм бэ?

-Дандаа буруу шийдвэр гаргадаг. Бүлэг болон Байнгын хорооны хурал дээр ярих нь ярьдаг юм. Би Төсвийн байнгын хороонд байдаг болохоор ихэнх төсөл орж ирдэг байсан. Тэгж тэгж байгаад буруу шийдвэр гаргана. Ийм нөхдүүдтэй тэмцэхгүй гээд яах юм бэ.

-Түүнээс уул уурхайг хөгжүүлэхийг хатуу эсэргүүцдэг хүн биш биз дээ?

-Яалаа гэж. Уул уурхайтайгаа хамт байгаль орчноо ярихгүй бол болохгүй ш дээ. Би эсрэг гөжиж суусаар байгаад бүх юмыг байхгүй болгосон юм яриад байгаа юм. Жишээ нь эд Оюутолгой, Бороогийн алтны уурхайг дампууруулж хаялаа ш дээ. Монголд юу наалдав. Юу ч наалдсангүй. Үүнийг наалддаг болгоё л гэж би ярьсан. Ухах хэрэгтэй ш дээ. Гэхдээ гадны лайварчдад алдчихгүйхэн шиг өөрсдөө ашиглах хэрэгтэй. Гэтэл бид өөрсдөө ядуураад Африк шиг болж байна. Толгойны хэд нь л баяжаад байдаг. Засаг солигдохоор нөгөө хэд нь гадагшаа гараад л зугатаана ш дээ. Иргэд зугатааж чадахгүй юм чинь нутагтаа л үлдэнэ шүү дээ. Тэрний эсрэг л ярьсан. Бороогийн алтны нөөц байхгүй болсон. Тэгээд хар л даа. Хариу нь гарсан л байгаа биз дээ.

-Одоо бол манай бизнесмэнүүд онгоцтой болцгоож. Эрэгтэй хүний мөнгөнд ханах, тайтгарах, романтик үе нь дуусч тогтох үе нь ямар үе байдаг юм бэ. Та онгоц авъя гэж ер нь бодож байсан уу?

-Бодолгүй яахав. Би өөрөө хүүхэд байхдаа нисгэгч болохыг мөрөөддөг байсан. Мөрөөдөл бүтээгүй. Одоо яахав дээ, барууныхан шиг нисдэг тэрэг авъя гэвэл болохоор байна л даа. Гэхдээ манай гэр бүлийн хүн ерөөсөө зөвшөөрдөггүй. Онгоц осолтой гээд их дургүй.

-Сая доллар барьж үзэж байсан тухай дурсамж Женкогийн номонд байсан. Хэдэн сэтгүүлч тэгж асууж байсныг мэдэхгүй. Ер нь бол улс орныг хэдэн бизнесмэн авч явж байна. Тэд маань муугаар голдуу хэлүүлэх юм.

-Манайхан өнгөтэй өөдтэй яваагаа үргэлж л мэрж байдаг. Хэзээ энэ зан нь алга болохыг ёстой таашгүй.

-Манай баячууд казино, хар шил, жинс, гоё машин гэж баахан давхиж байснаа эхнэрээ сольдог. Та тэрийг твиттер хуудсандаа бичсэн байсан. Эхнэрээ сольсон эрчүүдэд итгэдэггүй гэж. Бид шилжилтийн үеэ тууллаа. Амьдрал бол таашгүй. Өөрөө хүсч салаагүй хүмүүс ч олон. Өөрийн эрхгүй хоёр дах гэрлэлт зохиосон улсууд зөндөө. Таны шүүмжлэл маяг хөөж, аагархаж омогшиж байгаад эхнэрээ сольсон хүмүүс рүү чиглэсэн юм шиг байгаа юм.

-Улс төрд орчихоод бусдыг хайрлана гэж худлаа ярих ямар хэрэг байна гэж л бичсэн. Тийм юм байхгүй. Анх суусан эхнэртээ гоё юм ярьсан байж таарна. Үхвэл хамт үхнэ, сэхвэл хамт сэхнэ гэж. Хорвоогийн жаргал зовлонг хамт туулна, ихэнхийг нь би үүрнэ гэдэг ч юм уу. Анх эхнэртэйгээ гэрлэхдээ өгсөн амлалтууд байдаг ш дээ, эр хүнд. Нэг хоёр хүүхэдтэй болсон байж болно. Зарим нь мэдрэл муутай ч юм уу, бэрхшээлтэй хүүхэд төрсөн тохиолдол ч байгаа. Тийм эхнэр, хүүхдээ хаяж байгаа хүн төрд гараад ардын хүүхдийг хайрлана гэдэг бол худлаа. Сонгуулийн үеэр худлаа хүүхэд тэвэрсэн зураг авахуулаад л нуль жүжиг. Би тийм үзэгдлийг л таашаадаггүй байхгүй юу.

-Энэ бол улс орны соёл, амьдралын гоо сайхан, гэр бүлийн соёл зэрэг ойлголтуудад хэрэгтэй мессэж л дээ. Гэхдээ хувь заяагаар тийм байдалд орсон эрчүүд бүгд л танд дургүй болсон байх.

-Тийм хүмүүс нь олон биш цөөхөн хэдэн хүн байгаа. Тэд нар уурлаад яахав дээ. Үнэнийг нь хэн нэг нь нэг удаа ч болов хэлэх л ёстой ш дээ.

-Та эхнэртэйгээ хэдэн жил амьдарч байна?

-Дөчин жил амьдарч байна. Анх 19 настай их сургуульд орохдоо л танилцаж байсан. Ер нь бол суугаад салж болно. Тэрний цаана маш олон зүйл байгаа. Хүүхдийн асуудал байна. Тэр хүүхдийн байдал ямар байх билээ. Мөнхийн нүдэндээ нулимстай байгааг нь хараад би их өрөвддөг. Яаж ч нулимсаа арчсан аавыгаа гэх бодол хүүхдийн нүдэнд үлдсэн л байдаг юм даа. Эр хүн тавьсан тангаргаа гэр бүлийнхээ өмнө биелүүлж амьдрахыг хүсэх нь зөв ёс суртахуун л гэж би боддог. Муу болох нэг нь болно л биз. Би авч хэлэлцэхгүй.

-Амьдрал урт юм болохоор залуу зандан насанд салхи шуурга шиг явахад сэтгэл санааны хувьд донсолгох учралууд тохиолддог. Ийм зүйлд та яаж ханддаг байсан бэ?

-Эр хүний тэвчээр гэж нэг ойлголт бий. Эр хүнийг сэтгэлийн тэвчээр, ноён нуруу нь чимдэг ч юм билүү. Монголчуудын эртний түүхэнд эхнэр, хүүхдээ хаяад явж байсныг нэг ч удаа би уншиж үзээгүй. монголчууд гэр бүлийн талаар ямар их дэг жаягтай, хатуу байсан юм бэ. Тийм нэг том дарга, бүр дээр үеийн ноёд ч юм уу эхнэр хүүхдээ хаяад, ахиад тэрэнтэй суужээ гэсэн талаар та ер нь уншиж байсан уу. Чингис хаанаас хойдхыг нь бид уншиж байна. Ёстой байдаггүй юм билээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр эр хүмүүс тэвчээртэй байх ёстой. Эхнэрийн уурлах яахав. Юу ч гэж хэлж болно. Тэр тэвчээр их сайн юманд хүргэнэ шүү гэсэн утгатай л юм би хэлсэн. Эхнэрийн үгнээс өөрийнхөө болохгүй байгаа зүйлийг олж хараад засах хэрэгтэй. Тэрийг тэвчихгүй хаячихаж байгаа нь олхиогүй эрийн л шинж. Би 57 хүрч байна. Өнгөрсөн туршлагаасаа тэгж л бодсон. Эцэг эхтэйгээ өссөн хүүхэд их өөр байдаг. Эцэггүй өссөн эр бай, эм ч бай хүүхдүүд их өөр байдаг. Хойч үеийнхэнд зориулж л би таны анзаарсан тэр үгийг хэлсэн. Нэгэнтээ хаяад явсан хүмүүстэй юу ч яриад нэмэргүй. Нэг ч гэсэн хүн миний хэлснийг уншаад тэвчээртэй байх ёстой юм байна, эхнэр хүний үгийг дааж сурах ёстой юм байна гэж дотроо бодох хэрэгтэй.

-Бизнест амжилт олоход авч явдаг гол чанар юу юм бэ?

-Хамгийн эхэнд эхнэр байдаг.

-Би таныг за гэвэл ёогүй, андгайндаа байдаг, хүний итгэлийг алдахгүй байх гэх мэт зүйлсийг дурьдах болов уу гэж бодож байлаа.

-Амьдралд олон хүнд хэцүү зүйл тохиолддог. Тэгэхэд хамгийн түрүүнд хүн эхнэр рүүгээ гүйж байгаа юм. Тэрнээс аав ээж рүүгээ гүйдэггүй шүү дээ. Орой гэр рүүгээ муухай царайлаад ороход эхнэр л хардаг. Сайн мууг эхнэр л хамт мэдэрдэг. Үхэх гээд хэвтэхэд эхнэр л толгой түшдэг. Ямар нэгэн баяр болоход хүн гэр рүүгээ л гүйдэг биз дээ. Энэнд л их нарийн учир холбоос байх шиг санагддаг юм даа.

-Хэлсэндээ хүрдэггүй хүмүүс бизнесээс арчигддаг юм шиг байна лээ.

-Арчигдахаас гадна номоороо болж байна гэсэн үг. Хүний бас нэг хувь гэж байна.

-Хамтарч бизнес хийгээд дайсан болсон хүн танд байдаг уу?

-Байхгүй. Би ер нь хүнтэй нэг их хамтраагүй. Өөрөө л болгох гэж зүтгэдэг.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээ эрхлүүлсэн үү. Шар сэтгүүлүүд танай гэр бүлийг онцолж их бичих юм. Тийм юманд та яаж ханддаг вэ?

-Эхлээд хүүхдүүд маань их эмзэг хүлээж авдаг байсан. Одоо тоохгүй болсон. Тэгж муугаар бичсний хүчинд хүү маань хуульч болсон. Сэтгүүлчид манай хүүг хуульч болгож өгсөн дөө. 1990-2000 оны үед бичсэн сэтгүүлүүд борлуулалт сайтай байсан байх. Зарим нь үнэнээ хэлж л байсан. Бичсэн сонин маань өдөртөө борлочихлоо гэж. Рок попынхонтой үерхээд нийлсэн чинь хар тамхи татдаг энэ тэр гээд бичсэн юм шиг байгаа юм. Охиныг маань сахиусан тэнгэр энэ тэр гээд л элдвээр оролдоно. Бүгдээрээ л бичүүлсэн дээ. Охин маань Оксфордод төгссөн.

-Та өвөө болсон уу?

-Зургаан ач байна. Хүү маань Германд дунд сургууль төгсөж ирээд, Герман хэлний багш, орчуулагч мэргэжлээр энд төгссөн. Одоо хоёулаа гадаад явах ямар ч сонирхол байдаггүй. Зөвхөн Монголдоо гэдэг шиг улсууд болсон. Тийм хүүхдүүдийг янз бүрээр бичээд л. Алтан обудтай машин унадаг ч гэх шиг. Манай хүүхдүүд машин, бизнес сонирхдоггүй. Хоёулаа төрийн алба хашаад явж байгаа. Төрд ажиллах дуртай юм билээ. Охин хааяа ээждээ тусалдаг. Хүү бүр оролцдог ч үгүй.

-Ашиг орлого нэмэгдэхийн хэрээр хүсэл мөрөөдөл тэлдэг биз. Монголчууд үүнийг зарим нь шунал гэж ярьдаг. Бизнес тэлээд ирэхээр за яахав, би энэ төвшинд хүрлээ, болно гээд хөөсөө дарах зүйл ер нь байдаг уу?

-Өргөжүүлье томоохон ажил хийе гэдэг бол хүн бүрт л байдаг мөрөөдөл. Тийм мөрөөдөл бизнес хийдэг хүмүүст илүү бий. Тэр нь буруу замаар биш зөв замаар байх ёстой. Олсон орлогоосоо улсад татвараа төлөөд компанид цэвэр ашиг үлдэж байгаа юм. Өөртөө бас зориулна. Тэрнээсээ хандив тусламж гээд энд тэнд өгнө. Үлдсэнээр нь бизнесээ өргөжүүлэх ажил хийдэг. Ийм энгийн логикоор л явдаг. Илүү сүртэй юм байхгүй дээ.

-Цөөхөн хэдэн бизнесмэнүүдтэй байх үед үүдээр нь дүүрэн хүмүүс л сууж байдаг байсан. Одоо тийм юм байх уу?

-Тийм байсан. Одоо ч иргэдийг хүлээж авч байгаа. Одоо ингээд сууж байхад чөлөө зайгүй утас дуугарч байгаа биз. Тусламж юм гуйсан хүмүүс л ярьдаг юм даа.

-Та тэднээс залхдаг уу?

-Залхана гээд яахав. Бололцооны юм байвал шийдээд, тусламж үзүүлдэг. Байх байхгүй үе гэж байна. Ойрын үед хохирлоо барагдуулах, шатсан барилгаа сэргээн засах ажилд илүү зардал гаргаад явж байна. Уг нь шатаагүй бол тэр мөнгөөр чинь өөр бусдад хэрэгтэй юм хийгээд өргөжүүлээд явж байгаа ш дээ. Монгол хүмүүст хэрэгтэй зүйл их байна ш дээ. Заримыг нь дангаар хийж хүч хүрэхгүй юм.

-Би танд тохиолдсон нэг үйл явдлын талаар бичиж байсан юм. Таныг гурван удаа барьсан гэж байсан ш дээ. Нэгэнд нь тохиолдсон залуу юм шиг байна. Тэр залууд цаазын ял сонсгох гээд явж байхад нь “За яахав бид хоёр муухай газар сайхан танилцлаа. Миний дүү цаазаар авахуулж, залуу насаа үгүй хийж болохгүй шүү, ядарвал ах руугаа хандаарай” гээд утасныхаа дугаарыг өгөөд явсан юм шиг байгаа юм. Цаазаар авахуулж болохгүй шүү гэсэн үгийг бодож тэмцсээр байгаад сүүлдээ бүр болохоо байгаад таны утсыг яаж ч хадгалсан юм. Тэгээд холбогдоод та тэр залуугийн араас Увс руу очоод аав ээжтэй нь уулзаад, гянданд хүртэл эргэж очсон юм гэнэлээ. Энийг хүмүүс мэдэхгүй л дээ. Улстөрчид бол камертай хүн дагуулж яваад бужигнуулах байх л даа. Энэ ямар тохиол байсан юм бэ?

-1995 онд татвар нуусан хэргээр баривчлагдаад би “Ганц худаг”-т хоригдсон. Тэгсэн манай камерт Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Нямцэрэн гэж нөхөр байсан. 2 жил 8 сар мөрдөнд суусан байсан. Уг нь намайг айлгах гэж аймаар амьтан руу оруулсан юм шиг байгаа юм. Хоёр хүн амины хэрэгтэй. Тэгээд ороод нөгөөдөхтэйгөө танилцсан даа.

-Таны хажууд жаахан хүүхэд байсан биз дээ?

-Хүүхэд. Яаж орсон гэхээр контейнер ухаж байгаад орсон байсан. Манайх Ялалт кино театрын тэнд байсан. Ярьж байсан чинь миний контейнерийг ухсан хүн байдаг юм байна. (инээв)

-Тийм үү. Би тэрийг мэдээгүй. Таныг тэр үед олж уулзсан бол сурвалжлага маань илүү гоё болох байжээ.

-Манай контейнерийг ухаад машин дотор байсан цахилгааны багаж, хөгжмийг суга татаж аваад явсан байсан. Би контейнерээ ухуулсан болохоор ухсан контейнер чинь хаана хаана байсан гэж асуухгүй юу. Ярьсаар байгаад минийхийг ухсан байж таардаг юм. Тэгсэн тэр нөхөр хоёр хүн амины хэрэгт холбогдоод 2 жил 8 сар суусан байсан. Ахиад хэрэг нь задарсан гээд сууж байсан юм билээ. Би 14 хоноод гараад явсан. Тэр нөхөр хүн алаагүй нь мэдэгдэж байгаа байхгүй юу. Хилс хэрэг тохогдсон. Тэрнийг хүн амины хэрэгт хилсээр тохсон байцаагч нь Хурандаа цолоор шагнуулаад, СБД-ийн цагдаагийн хэлтсийн дарга болсон. Илрээгүй байсан хүн амины хэргийг илрүүлсэн гээд цол, албан тушаал нэмдэг байсан юм байна лээ. Одоо би цаазын ял л сонсох байх, даанч надад өмгөөлөгч олдохгүй юм. Уг нь эхээс 11-үүлээ. Бүгдээрээ Увсад байдаг. Холбоо барьдаг хүн байдаггүй. Өөрөө гарч чаддаггүй. Намайг бол манайхан үхсэн гэж бодож байгаа байх. Намайг амьд мэнд байгааг мэдэгдэж туслаач гэсэн. Тэгээд надад нэг өмгөөлөгч олж өгч аминд минь орооч гэсэн.

-Хүн нь гайгүй хүн байсан уу?

-Зүгээр л нэг хулгайч хүүхэд л байхгүй юу. Яриагаар нь бол хулгайч хүүхдэд хүн амины хэрэг тохсон юм шиг байгаа юм. Тэгээд би тэр хүүхдийг өрөвдсөн. Аав ээж нь Увсад хаачсныг нь мэддэггүй сууцгааж байгаа. Уг нь гарсан хүн болгонд л хэлсэн юм байна лээ. Холбоо барилгүй 2 жил 8 сар сууна гэдэг хэцүү ш дээ. Увсын хүүхэд болохоор надад их гоё цай чанаж өгдөг байсан. Би 14 хоног нэг ч хоол идэлгүй тэр хүүгийн цайг ууж байгаад гарсан. Тэгээд гарч ирээд гавьяат өмгөөлөгч Цэрэндулам гэж өмгөөлөгчийг аваад материалыг нь танилцуулсан. Тэгсэн энэ чинь болмоор юм байна. Хүн амины хэрэгт тохогдсон юм байна гээд. Манай тэр өмгөөлөгч Л.Энэбиш даргыг байхад хотын захиргаанд хуулийн хэлтсийн дарга байсан. Их сайхан хүн байсан. Тэгсэн энэ цаазын ял авахгүйгээр болох юм байна. Хэлмэгдсэн хүн байна. Би 20-25 жилийн ялан дээр буулгаж чадах юм байна гэсэн. Тухайн үед 400 мянган төгрөгөөр хөлсөлж авсан. Цэрэндулам гуай нэг сар өмгөөлсөн. Өмгөөлөгч байхгүй болохоор шүүх хурлыг нь хийдэггүй юм байна ш дээ. Би 2008 онд Эрүүгийн хууль санаачилсан нь үүнээс болсон юм шүү дээ. Маш олон хүн хэлмэгдэж шоронд ордог юм байна лээ. 100 хүний 80 нь хэлмэгддэг. Тэгээд өмгөөлсөн чинь нөгөө цаазын ялыг нь таван жил гянданд, хорин жил чанга дэглэмтэй хорих ангид хоригдохоор ялласан. Дараа нь “Тахир соёот” руу явахгүй юу. Нэг өдөр туслах ороод ирлээ. Тэгсэн Нямцэрэн гэж хүнээс танд захиа ирлээ гэнэ. Тэгсэн захиаг нь үзсэн нөгөө Нямцэрэн байна.

-Танд жигтэйхэн баярлаж уу?

-Баярлахаас гадна олон жил гянданд суугаад өвчин тусаад эм тариа бас мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би “Тахир соёот”-од эргэж очсон. Дараа нь таван жилийн гяндан дуусаад “Авдрант”-ад байхад нь бас эргэж очсон шүү.

-Таны зургийг гуунд хийгээд хүзүүндээ зүүчихсэн байдаг байсан гэж дуулсан.

-Зүүсэн байна лээ. Өдөр шөнөгүй л залбирдаг юм байна лээ. Дараа нь “Амгалан”-д ирээд. Тэр ерөөсөө над руу л захиа бичдэг байсан. Дэглэм нь буураад л яваад байсан. Өнгөрсөн жилийн намар гараад ирсэн. Над дээр нэг өдөр л ороод ирсэн.

-Өтөлж үү?

-Үгүй. Ял дуусаад гараад ирлээ гэж байна. Ажил байдаггүй, таньдаг хүн ч алга гэнэ. Тэгээд өөрийнхөө аж ахуйн хашааны манаачаар аваад байж байсан чинь шүүхийн шийдвэрийнхэн араас нь мөшгиж байцаагаад Увсын харьяатай хүн байна гээд Увс руу хөөгөөд явуулсан. Яваад дөнгөж дөрөвхөн хонож байна.

-Яаж байгаа юм бол доо?

-Мэдэхгүй. Тэр хүний сургийг гаргаж өглөө, цаазын ялаас мулталлаа, ажилд оруулаад харуул хийлгэж байсан чинь дарамтлаад Увс руу хөөгөөд л явуулсан. Би тэр хүнийг энгийн амьдралд нь оруулах гээд зүтгээд байдаг. Манай хуулийн байгууллага хот орноос хөөгөөд байдаг.

-Шорон оронд олон жил суугаад эвдэрч үү?

-27 жил суугаад гарсан. Эвдэрсэн юм байхгүй. Одоо бол шоронд хоолоо идээд, зурагтаа үзээд, сонингоо уншдаг юм байна лээ. Бас дусал, тариа хийлгэнэ. Одоо тэр Нямцэрэн энгийн хүн болчихоод явж байгаа. “Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна” гэдэг чинь энэ л юм билээ. Хичнээн олон жилийн ял авсан ч гэсэн эр хүн туулаад гараад ирж байгаа юм. Кино хийнэ гээд нэг хүн над дээр ирж л байсан. Уг нь өвөрмөц амьдрал мөн үү мөн. Гэхдээ би тэр саналыг нь нэг их тоогоогүй. Зүгээр л Монголын нэг иргэн нөгөөдөө тусалсан л үйл явдал. Сүржигнэх хэрэггүй гэж хэлсэн.

-Ерээд оны үед олон хүн намаа хаяад гарч байсан. Тэр үед танд өөр сонголт хийх бодол төрж байсан уу?

-1991 оны намар 11 дүгээр сард би ажлаасаа гарсан. Тэгээд л бизнес рүү орсон. Хуулийн хэлтэс гэж байсан чинь татан буугддаг юм байна. Батчулуун хуулийн хэлтсийн дарга байсан. Квотоор улсын бага хурлын гишүүн байсан. Одоо энэ СЕХ-ны Ц.Болдсайхан ажилгүй болонгуут Л.Энэбиш даргын туслах болсон. Ц.Болдсайхан бид хоёр зэрэгцээд улс төрөөр явсан бол би аль хэдийнэ хотын дарга болоод аягүй бол Ерөнхий сайд ч болчих байсан байх. (инээв)

-Ц.Болдсайхан дарга олон жил улс төрийн шунал, амбицгүйгээр явсан л даа. Ер нь цаг үеийн савалгаанд намаа солих бодол танд орж ирж байгаагүй юу?

-Үгүй. Ерөөсөө тэгж бодож байгаагүй. Би улс төрөөр явъя гэж ч бодож байгаагүй.

-Хандив өгч босголцсон МАН-ын гоё цагаан ордноороо одоо та ордог уу?

-Үгүй.

-Яагаад?

-Мэдэхгүй. Надад хүсэл байдаггүй. Гишүүнээс болиод Төрийн ордон руу ганцхан удаа М.Энхболд даргатай уулзах гэж орж байсан. Шинэ намын байр барихад би нэг тэрбум төгрөг хандивлаж байсан. Нэг давхрыг нь авна гээд дайрвал дайрах л байсан. Надад тийм совесть алга л даа. Нам бол буяны байгууллага ч биш. Хүн гомдоогоод байдаг ч газар биш. Нам бол хүн биш, албан байгууллага ч биш. Удирдаж багаа хүмүүсээсээ л шалтгаална. Нам төлөвшинө гэж их ярих юм. Намын төлөвшилт гэж байхгүй. Удирдаж байгаа хүмүүс төлөвшиж хүн төрхөндөө орвол намын нэр хүнд аяндаа өснө. Намын нэр барьж биенээ шүүмжлэх бол улстөрчид дотор л байдаг зүйл. “Нарантуул”-ын захирал гэхээр намайг ард түмэн илүү сайн таньдаг юм ш дээ. УИХ-ын гишүүн байсан гэдгээр биш.

-Намын удирдлагууд тухайн цаг үедээ босогч маягийн сөрөг гишүүддээ дургүй байдаг шиг.

-Аль ч нам тийм. Гишүүн байхдаа бас олон л юм хийсэн. Бас хийх гэж ч хичээсэн. Шагналыг нэг утга учиртай болгоё гээд хууль санаачилсан. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр унагасан. Эрүүгийн хуулийг бас унагасан. Их гоё нь дандаа манай намынхан унагана. Ганц хуулийг л боловсруулж батлуулсан. Урт нэртэй хуулийг долоон хүний бүрэлдэхүүнтэй хийсэн. Тэр хууль батлагдсан. Тэрийг өөрчилнө гээд айлгаад байна ш дээ, одоо. Ой модтой, усны эх булагтай газар алт хайхаа больё гэж байсан. Одоо яригдаад байгаа Ноён уул гэхэд үүнд хамаарагддаг л байхгүй юу.

-Уул уурхайн хөгжилд саад болсон хэдэн популистуудын хийсэн хууль гэж нэршсэн л дээ.

-Яалаа гэж. Ер нь алт ухах монгол хүнд хэзээ ч зохидоггүй юм билээ. Тэгээд л Богд хаан монгол хүнээр алт ухуулдаггүй. Орос, хятад хүмүүсээр алтаа ухуулаад тэндээсээ татвараа авдаг байсан. 11, 12 хувийн рояалтын татвар авдаг байсан байгаа юм. Бүр 20 хувь ч авдаг байсан. Тэгэхээр тэр хүн алтны лайг мэддэг байсан байна, тийм үү. Ийм л юм.

-Таныг намаасаа гарах гэнэ гээд шуугиад л байсан. Гарсан. Сонин шийдвэр?

-Гарсан.

-Х.Баттулгад тохиолдож байгаа үйл явдлыг та яаж хардаг вэ?

-Энэ үйл явдал чинь 1990 оны сүүлээр 2000 оны эхээр надад тохиолдсон зүйл. Би үүнийг даваад туулсан хүн. Өөрийн нам төр барьж байхдаа хүнд хэцүү үед нь хандив өгсөн, чирч явсан хүмүүсээ эргээд дарамтлана гэдгийг би яс махандаа шингэтэл ойлгосон хүн. Тэрийг Х.Баттулга яг үзлээ.

-Загдын Түмэнжаргал гуайн шүлэг байдаг юм. “Миний авч өгсөн гутлаар чи миний толгой руу өшиглөж байна уу” гэж.

-Одоо яг энэ хүн дээр болж байна. Би наадхыг чинь 1995, 2000, 2003 онд үзсэн. Тэр үед манай нөхдүүд дандаа төрж байсан. Би дэмжээд, ивээн тэтгээд тугийг нь бариад явж байсан хүн. Гэвч тэд маань л намайг боомилж, гөрдөж, гүтгэж, хорьж барьж байсан.

-Та Шүгдэн гэдэг бурхан шүтдэг юм уу?

-Үгүй. Шүгдэнгийн талаар надад далай багш, Чойжин гуай хоёр сайн ойлгуулсан.

-Би бас Далай ламын Чойжинтой хоёр, гурван удаа уулзаж байсан. Ярилцлага өгвөл надад өгнө гэдэг. Их сайхан хүн шүү. Амьдралыг нь уншсан. Таны дотор байдаг бурханы тухай ойлголт, шашны үзэл ямар вэ. Гадуур Чингис хаан тодруулах, мөнгө даллах гээд янз бүрийн үзэгдлүүд явж байна. Эдгээр үзэгдлүүдэд санхүүжилт өгөөч энэ тэр гээд ирдэг байж магадгүй. Таны хандлага?

-Над дээр ирдэггүй. Ирсэн ч хүлээж авахгүй. Хандив гэснээс. Над дээр цоо эрүүл 20, 30, 40 настай улсууд орж ирээд хандив гуйхаар ёстой нэг уур хүрдэг. Цоо эрүүл хүн байдаг. Тэгээд би чи өөрөө хөдөлмөрлөх чинь дутсан байна гэж хэлдэг. Тэрнээс нэг гаргүй, хөлгүй, хараагүй хүн байвал өөр ш дээ. Тийм хүнийг хоосон гаргаж ерөөсөө болохгүй. Заавал нэг юм өгөөд гаргах хэрэгтэй. Би тийм хүмүүсийг гар хоосон буцааж үзээгүй. Харин давардаг хүмүүс байдаг. Хүний өгсөн хандивыг голох, чамлах хүн байдаг. Бурхан багшийн сургаалд “Өглөг багаддаггүй” гэж заасан байдаг. Хүний аз жаргал гэдэг өөрийнхөө байгаа хэмжээнд байгаагаараа байх л юм шүү дээ.

-Би гадаа ирээд таны машиныг аль нь юм бол доо гээд их харлаа. Их энгийн машин унадаг гэж байсан. Одоо та ямар машин унаж байгаа вэ?

-Дөрвөлжин бенз “G Class” унаж байгаа. Чойжин гэснээс Чойжинтой удаан суугаад ярихаар шал ондоо юм ярьдаг юм. Тийм хүмүүсийн яриаг сонсохоор заримдаа утгагүй юм шиг санагддаг. Хиймэл ч юм шиг. /инээв/ Тэдний гүн ухаан талаас тайлбарлахаар хүний амьдрал их ондоо юм байна лээ л дээ. Хүн байна гэдэг нэлээн бодолтой байхгүй бол хамаагүй байж болохгүй юм байна лээ. Уржнан жил Отгонтэнгэрийн тэнд хоёр “Очирваань” сахиус бүтээсэн юм. Чойжин буух энэ зан үйл чинь Монголоос гаралтай юм билээ. Гарах гарахдаа Отгонтэнгэрийн Бадар хундаганаас үүдэлтэй домогтой юм билээ. Цогт тайж кинон дээр гардаг шүү дээ. 1911 оноос хойш манайхан таслаад хаячихсан. Богдын дүү Чойжинлхам сүүлд Чойжинг буулгасан юм билээ. Одоо Төвдүүд залгамжлаад аваад явж байгаа.

-Тэр Чойжин багшийн бууж байхыг харсан уу?

-Харсан. Монголд удахгүй буух юм гэсэн.

-Буух үедээ их өөр болох уу?

-Өөр болно. Тэгээд юм хэлдэг. “Цогт тайж” кинон дээр Чойжинг буулгаад арслан Тайжийн тухайд тэр хүнийг эмэгтэй хүнээр аргалж болох юм байна гэж. Төвдүүд Арслан тайжийн хүчийг нь сулруулах гэж тэр шүү дээ. Чойжин хамгийн гол нь ирээдүйг урьдчилан харна. Тайлбарыг нь тусгай лам нар чагнаж аваад бичдэг. Тэр бууж байхдаа хэлж байгаа үгэн дотор нь монгол үгнүүд их байдаг. Тэр буусан үедээ хэлсэн үгийг нь дүрсээр тэмдэглээд, тайлаад далай багшид танилцуулдаг юм байна лээ. Их учиртай эд л дээ. За, хоёулаа өндөрлөх үү.

-За, цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав