Ер нь бол дипломатчидтайтай ярилцана гэдэг ойлголт байдаггүй юм шиг санагддаг. Тэтгэвэрт гарсан дипломатчид ч ам ангайхдаа тун дурамжхан байдаг. Тийм болохоор уулзсан, асуусан…гэх төдийхнөөр тодорхойлогдчихоод сэтгүүлчид үргэлж сэтгэл дундуур үлддэг. Ярилцах тухайд ч ганцхан ийм биш. Дипломатчидтай ойртоно, нөхөрлөнө, итгэлцэнэ гэх мэтийн асуудал байдаггүй юм шиг. Учир нь тэдэнд бусадтай харьцдаг нэг л зарчим байдаг. Тэр нь найрсгийн зарчим. Зан чанарын ямар ч тод давалгаа тэднээс илэрдэггүй. Ялдам, эелдгийн туйлууд болохоор нь хүмүүс нөхөрлөж байна гэж андуурдаг. Гэвч тийм биш байдаг л даа. Пүүжээ зөвлөх ч тэдний нэг.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн баримталж буй гадаад бодлого тойрсон асуудлууд бидний ярианы гол сэдэв байх нь ойлгомжтой. Гэвч  манайд улс төрийн өдөр тутмын хэрэг явдлууд л илүү чухалд тооцогддог болчихоод удаж байна. Та Ерөнхийлөгчид зөвлөх болоод тодорхой хугацааг өнгөрөөлөө. Ярих, дүгнэх цаг хугацаа болчихсон биз дээ. Эндээс эхлэх үү?

-Миний хувьд бол гадаад харилцааны салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа хүн л дээ.1989 онд Москвагийн Олон улсын харилцааны сургууль төгсөж ирээд голдуу баруун европын чиглэлээр ажиллаж байсан. Сургууль нь өөрөө Европын чиглэл, Азийн чиглэл гэх мэтээр эхнээс нь мэргэшүүлчихдэг.   Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаад нэг жил гаруй болж байна Мэдээж зөвхөн Европ биш Ази, Америк, Африк гээд бүх чиглэлээр ажиллах шаардлага тулгарсан гэсэн үг.  Гадаад бодлогын асуудал амаргүй ажил л даа. Мөн ийм эрч хүчтэй  ерөнхийлөгчийн зөвлөх байна гэдэг миний хувьд  шаргуу, санаачлагатай ажиллах зорилго тавигдаж байна.  Ерөнхийлөгчийн гадаад бодлогын асуудлаар ярихад юуны өмнө Монгол Улсын үндсэн хуулинд заагдсан заалтууд байдгийг сануулмаар байна. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхийлөгч гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэйгээр төлөөлдөг. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үйл ажиллагаанд нь шууд оролцдог цөөхөн салбарын нэг нь гадаад бодлого гэсэн үг. Тэрхүү шууд оролцоо гэдгийг  хүмүүс элчин сайдуудыг томилдог,  гадаадын элчин сайд нарыг авдаг гээд өнгөн талаас нь харах гээд байдаг л даа. Цаанаа бол гадаад харилцаанд аливаа улсын төрийн тэргүүн гэдэг тухайн орны тэргүүн дипломат, гадаад дахь  нүүр царай нь болж байдаг. Манайх шиг хоёр том орны дунд нь байдаг, гарцгүй, геополитикийн хувьд хүндрэлтэй байрлалтай улсын хувьд идэвхитэй гадаад бодлого баримталж байх ёстой. Үүнийг ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөв хэмээн үзэж, гадаад харилцаанд аль болох идэвхитэй байр суурь баримталж ажилладаг. Гэхдээ монгол төрийн гадаад бодлого өөрөө нэгдмэл нэг зүйл шүү дээ. Тэрнийг л Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад төлөөлөх үүрэгтэй. Ахин тодотгож хэлэхэд Ерөнхийлөгчийн бие даасан, тусдаа гадаад бодлого гэж байхгүй. Монгол Улсын гадаад бодлого бол нэгдмэл, нэгэн цул зүйл. Энийг нь тэргүүн зэрэгт авч явдаг, төлөөлдөг тэргүүн дипломатын үүрэг нь Ерөнхийлөгчид байгаа юм. Гадаад бодлогын ноён нуруу нь ердөө энэ ойлголт . Гадаад гадаад гээд яриад байхаар дотоодоосоо салангид тусгаар юм шиг сонсогдож байж мэдэх юм. Дотоод бодлогоосоо тасарсан гадаад бодлого гэж юу байхав. Гадаад бодлого гэдэг маань эргээд Монголын тусгаар тогтнолд, эдийн засагт, монгол түмэнд юу хэрэгтэй байна тэрийг л бий болгох, нөхцлийг нь бүрдүүлэх зорилготой.  Товчоор хэлэхэд манай язгуур эрх ашгаар л гадаад бодлогын зорилго тодорхойлогддог. Энэ утгаараа гадаад болон дотоод бодлого маань нэгдмэл зүйл гэсэн үг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд анхны ардчилсан ерөнхийлөгч гэж хүндлэгддэг. Өөрөө ардчилсан хөдөлгөөний анхны лидерүүдийн  нэг. Иймээс Ерөнхийлөгч гадаад бодлогын хувьд ардчилсан Монгол Улс гэсэн ийм имижийг, энэ нэр хүндийг эхнээс нь өндөрт авч явна, онцгойлон авч явна гэсэн ийм л зорилтыг тавьсан. Энэ нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэх үндэс суурь болох ёстой. Энэ чиглэл рүү  Ерөнхийлөгчийн хувьд нэлээн идэвхитэй ажиллаж байна. Өнгөрсөн жил  Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болж өнгөрлөө. Энэ ойн хүрээнд Монголын ардчилал өнгөрсөн 20 жилд юу ямар амжилт, ололтод хүрэв гэдгийг  гадаад ертөнцөд таниулах ажлууд нэлээд хийгдлээ. Хамгийн анхны арга хэмжээ л гэхэд 2009 оны 12 дугаар сарын 10-нд Ардчиллын 20 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Манай ардчиллын өнгөрсөн 20 жилийн туршлага, Зүүн Европын орнуудын туршлага гээд харьцуулж, алдаа оноог нь ярьсан чухал хурал болсон. Товчдоо хэлэхэд Ерөнхийлөгч жилийн туршид бидний туулсан замын туршлага юу байв, ямар амжилтад хүрэв, бас бүс нутгийн хувьд үлгэр жишээ гэгддэг Монголын  ардчиллын туршлагаас авах сайн тал нь юу байна гэдгийг сурталчилж явлаа.  Дээрээс нь ардчилсан Монгол Улс гэсэн энэ имижийг батжуулахын тулд олон улсын байгууллагуудын хүрээнд ч идэвхитэй ажиллах шаардлага байсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Шведийн Стокгольмд төвтэй “Ардчилал, сонгуулийн туслалцааны байгууллага”  гэдэг Засгийн газар хоорондын байгууллагад Монгол Улсыг гишүүнээр элсүүлье гэсэн санааачлага гаргасны дагуу 2010  оны 12 дугаар сарын эхээр Гана улсад болсон уг байгууллагын хурлаар нь Монгол Улс энэ байгууллагын гишүүнээр нь элслээ. Одоо манайх сонгуулийн тогтолцооны асуудлаар ид ярилцаж, сонгуулийн хуулийг  шинэчлэх тухай ярьж байна. Энэ байгууллага тухайлбал, сонгуулийн хуулийн талаар үнэтэй дэмжлэг, зөвлөлгөө өгдөг. Иймээс энэ талаарх хамтын ажиллагааны чиглэлийг нээж өгч буй юм.  Ардчилсан нийгмийн амин сүнс болсон шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах чиглэлээр ЕТГ-ын зүгээс энэ байгууллагатай хамтран ажиллаж, зарим үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Гадаад бодлогын энэ чиглэлийн хүрээнд  ил тод байдал, авилгын эсрэг тэмцэх,  иргэдийн оролцоо гээд ардчиллын голлох үнэт зүйлсийн бүх чиглэлээр Ерөнхийлөгч олон улсын хэмжээнд идэвхи гаргаж ажилласан гэж хэлж болно. Жишээлбэл, авилгалын эсрэг яаж үр дүнтэй тэмцэх вэ гэдэг асуудлыг ярьж байна. Авилга манай нийгмийн асар том асуудал болчихсон. Зөвхөн манайд ч биш бусад улсуудад гэсэн ч асуудал байна. Энэ чиглэлээр тухайлбал, Хойд Европын улсуудын туршлага байж байна. Тэнд яаж авилгагүй, хүмүүнлэг тогтолцоог бий болгож чадав гэдгийг нэлээд хэмжээгээр судалж үзлээ.  Ерөнхийлөгчийн өнгөрсөн оны 10 дугаар сард Финляндад, Данид хийсэн айлчлалын нэг гол зорилго нь энэ байсан гэж хэлж болно.  Тэдний энэ чиглэлд амжилт олсон нэг арга нь орчин үеийн технологи, түүний дотор мэдээллийн технологи ашиглаад төр, захиргааны бүх шийдвэр, үйл ажиллагааг олон түмэнд хүргэдэг, ил болгодог арга байна. Финлянд үүний тод жишээ.  Энэ дагуу Ерөнхийлөгч Монгол Улсын бүх шатны шүүх, шүүгчдээс гаргаж буй шийдвэрийг ил тод болгож тавих, интернетэд тавих  чиглэлийг өгсөн. Олон түмэн ямар шүүх, шүүгч ямар асуудлаар ямар шийдвэр гаргасныг мэдэх боломжтой болж байгаа юм. Түүнээс гадна Хойд Европын улсууд олон улсын тавцан дээр ардчиллын төлөө, хүний эрхийн төлөө маш тууштай байр суурьтай байдаг. Энэ бүлэг, энэ улсууд руу л  ойртох л гэж зүтгэж  байгаа юм ш дээ. Олон улсын хурлуудын үеэр мөн авилгын асуудал их яригдаж байна.  Давосын эдийн засгийн чуулга уулзалтаас хэрэгжүүлж буй “Авилгын эсрэг хамтдаа” гэсэн санаачилга байдаг. Ерөнхийлөгч сая Давсоын чуулга уулзалад оролцохдоо энэ санаачилгад Монгол Улсыг хамруулах талаар холбогдох хүмүүстэй нь уулзаж, хуралд нь оролцож үг хэлсэн. Үүний дагуу ирэх 3 дугаар сарын эхээр Давосын чуулганы хүмүүс ирж, энэ санаачилгын үйл ажиллагааг танилцуулах, улмаар Монгол Улсыг хамруулах ажлыг эхлүүлэхээр болоод байна. Төр, засгийн газрын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, хувийн хэвшлийг оролцуулдаг ихээхэн оновчтой байж болох санаачлага юм билээ. Энэ бүгд Ерөнхийлөгчийн гадаад бодлогодоо баримталж буй эхний чиглэл гэж хэлж болох юм даа.

-Хоёрдахь нь?

-Хоёрдахь чиглэлийн хувьд Ерөнхийлөгчийн өөрийнх нь итгэл үнэмшилтэй холбоотой, Монгол Улсын амин чухал эрх ашигтай холбоотой чиглэл юм.  Энэ бол  байгаль орчны асуудал. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал байж байна. Энэ чиглэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсын хэмжээнд идэвхитэй ажиллаж байгааг та бүхэн харж байгаа байх. Бид нар дотооддоо цөлжилт болохоо байлаа, бэлчээр болохоо байлаа гээд яриад суугаад байх биш, олон улсын хэмжээнд ч гэсэн энэ асуудлыг гаргаж тавьж, хамтарч шийдэлцэх арга замуудыг судлах ёстой гэж Ерөнхийлөгч үздэг.  

 
-Тэр үнэхээр энэ чиглэлээр эрч хүчтэй ажиллаж байгаа. Хамгийн ногоон  ерөнхийлөгч гэж хэлж болно?

-Баярлалаа. Ерөнхийлөгч  баруун төвийн нам болох Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон хүн. Саяханыг хүртэл баруун төвийн намууд бол үнэн хэрэгтээ ийм ногоон буюу  байгаль хамгаалах бодлогыг  төдийлөн анхаарч байгаагүй. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч хувь хүн, улс төрчийнхөө итгэл  үнэмшилээр  байгаль орчны талаар огт өөр, асар идэвхитэй бодлого явуулдаг, хүчирхэг байр сууринаас ханддаг хүн. 

-Дэлхийд очоод гаргадаг дуу хоолой, өөрийнх нь илэрхийлдэг байр суурийн бараг 80 хувь нь ногоон бодлого эзэлж байна. Тэгээд л ногоон ерөнхийлөгч гэж онцолсон юм?

-Бид байгаль орчны чиглэлээр маш их ажиллаж байна.  Давосын эдийн засгийн форумын “Байгаль орчны өөрчлөлтийн асуудлаарх дэлхий нийтийн зөвлөл” гэж байдаг. Тэрний гишүүнээр элсээч гэж урьсан. Гишүүнээр нь элсээд ажиллаж байна. Бараг л сар болгон видео хурал хийдэг. Дэлхийн тэргүүлэх  15 эрдэмтэн, улстөрчид гишүүнд нь ордог.  Британийн Ерөнхий сайд асан Тони Блейрээс эхлээд тэнд ажилладаг байсан.  Сая Давост очихдоо зөвлөлийнхөө  хуралд оролцож, байр сууриа илэрхийлж байгааг сэтгүүлчид та бүхэн харсан.  Хамгийн гол нь том онол яриад байх биш тодорхой үйл ажиллагаа, үр дүн хэрэгтэй байна гэдгийг ярьж, энэ дээр  лидерүүдийн үүрэг роль их байгааг сануулсан. Ерөнхийлөгч жишээ нь өөрөө санаачлаад  мод тарих өдөртэй болголоо, дээрээс нь бас анхаарч байгаа чухал асуудал бол усны асуудал байж байна. Усны асуудлаарх хуралдаанд өнгөрсөн ажил Давост болсон хуралдааныг удирдсан. Энэ жил бас оролцсон. Ус бол зөвхөн Монголын биш дэлхий дахины асуудал болчихлоо шүү дээ. Швейцарьт айлчлахдаа хүнсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Нестле компанид зочилсон. Үр дүнд нь Нестле компани болон Олон улсын санхүүгийн корпорацаас хэрэгжүүлж буй усны бодлого, усны менежментийн томоохон төсөлд Монгол Улсыг хамруулахаар боллоо. Ирэх 4 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотноо усны асуудлаарх Нестле компанийн удирдлага болон бусад холбогдох газрууд, дотоодын байгууллагууд оролцсон зөвлөлгөөн зохиохоор ажиллаж байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард Брюссельд болсон Ази-Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ийн дээд хэмжээний уулазлтын үеэр санал тавьж, улмаар АСЕМ-ийн ой болон усны аж ахуйн сайд нарын хурлыг энэ онд Улаанбаатарт хийхээр болсон. Энэ нь байгалдь орчны асуудлаар бусад улсуудын туршлагаас сонсох, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монголын байгаль орчинд үүсээд буй асуудлыг бусдад таниулж, ойлгуулах, олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулж, байгаль орчноо хамгаалах сэтгэхүй бий болгоход л чиглэгдэж байгаа юм шүү дээ.    

-Ерөнхийлөгч бол бусдыг их сайн сонсдог хүн. Унаган мэргэжилтэй нь ч холбоотой байх. Зөвлөхүүдээ хэр сонсдог вэ? 

-Сонсолгүй яахав. Сонсох гэж л зөвлөхүүдийн баг гэж ажиллаж байгаа юм шүү дээ. Тэднийг сонсдог тогтолцоо байна. Асуудал асуудлаар нь  хариуцсан найман зөвлөх байж байна. Зөвлөхүүд өөрийнхөө хариуцсан асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвлөх, мөн өөр хоорондоо зөвлөлддөг. Олон хүн хоорондоо яриад ирэхээр тэндээс янз бүрийн санаа гарч ирдэг. Хамгийн олон талаас ярилцсан зөв санаагаа ерөнхийлөгчид танилцуулна. Ерөнхийлөгч Монголын хүн болгонтой уулзаж санал бодлыг нь сонсох боломжгүй л дээ. Тиймээс зөвлөхүүд нь, Тамгын газрын ажилтан нар нь аль болох олон хүн, эрдэмтэн мэргэд, олон түмэнтэй уулзаж, тэдний санал бодлыг сонгож, бодлого чиглэл боловсруулж, Ерөнхийлөгчид танилцуулах зорилготой ажилладаг.  Энэ зорилгоор ЕТГ-ын дэргэд Иргэний танхим хүртэл байгуулаад байна.  Ерөнхийлөгч улс төрийн маш олон жилийн туршлага хуримтлуулсан хүн. Ерөнхий сайд хоёр удаа хийчихсэн , алдартай том сургууль төгссөн ийм хүн. Ер нь бол бараг бид нарын гаргасан саналаас илүү  Ерөнхийлөгч өөрөө олон санал, санаачлага гаргадаг даа. 

-Төрийн албанд байдаг зөвлөх гэсэн статус тойроод ажиглахаар нэг сонин дүр зураг харагддаг. Шулуухан хэлэхэд тэтгэвэртээ гарах цаг нь болчихсон, тэгсэн хэрнээ явж өгдөггүй, зайлуулах гэхээр гомдоод байдаг нөхдүүдийг л “за яахав, та ингээд сууж бай даа” гээд ам хаах нэрээр байлгадаг орон тоо төдий болгож, зөвлөх хэмээх идеалийг амьгүй албатууд болгочихсон. Ерөнхийлөгч бол тэр ойлголтод  салхи оруулсан. Тэр хамгийн залуу, дөнгөж сургууль төгсөөд ирсэн залууг, хэн ч танихгүй нөхрийг гэх мэт сонин сонин шийдвэрүүдийг гаргасан. Та хоёрын хувьд хувийн харилцааны ямар намтар байдаг вэ. Энэ талаар ярьж болох уу?

- Энд бол нуугаад хаагаад байх юм байхгүй л дээ. Ерөнхийлөгчтэй бол бараг нэг үеийн гэж хэлэхээр хүн шүү дээ би чинь. Би  Москвад сурч байсан. Ерөнхийлөгч Украйнд сурч байсан байх. Горбачевийн үеийн   оюутнууд  гэсэн үг. Тэндээс л өөрчлөлт шинэчлэлтийн үзэл санааг авсан хүмүүс гэж хэлж болох байх. Тэгээд 90 оноос хойш бол байнгын л холбоотой, бие биенийгээ таньдаг байсан. Зөвлөхүүдийн хувьд бол зарим талаараа амьгүй албат шиг байсан гэж таны хэлж байгаа үнэн байх. Би өөрөө төрийн албанд олон жил ажиллалаа. Ер нь бол төрийн алба маань өөрөө хүнийг харьцангуй хэвшмэл сэтгэлгээ, нэгэн хэвийн уур амьсгал руу оруулдаг муу талтай л даа.  Сургууль төгсч ирээд ажилладаг, яваад л байдаг,тэгээд л  хэлтэс, газрын дарга гээд дамжаад явдаг хэвшмэл замналууд ерөнхийдөө нийтлэг. 
Зөвлөхүүдийн үүргийг би юу гэж харж байна гэхээр ялангуяа шинэ санаа, идеа гаргах. Энэ тал дээр ихээхэн үүрэгтэй ажиллах ёстой гэж үзэж байна.  Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ихэнх нь энд тэнд сургууль төгссөн, өндөр мэргэжилтэй, тухайн салбараараа мэргэжсэн хүмүүс байгаа. Бид тэр хэвшмэл ойлголтуудыг эвдэх, дээрээс нь шинэ санаа, шинэ юмаар төрийн албыг баяжуулах  ийм л үүрэг хүлээсэн гэж ойлгож байгаа. Тэрнийхээ төлөө л чадлаараа ажиллана.  

-Ер нь хэдэн удаагийн албан ёсны айлчлал хийв ээ?

-Төрийн тэргүүн гадаадад айлчилна гэдэг гадаад бодлогоо хэрэгжүүлж буй арга зам юм. Харилцаагаа хөгжүүлье, эрчимжүүлье гээд олон газраас урилга ирнэ. Урилга ирсэн болгон руу нь яваад байвал бодлого биш болно биз дээ. Ер нь Ерөнхийлөгч аливаа гадаад оронд хийх айлчлал, олон улсын хуралд оролцохдоо гарах үр дүн нь юу юм, Монгол Улсын хөгжилд юу авчирч байгаа юм гэдгийг л эхний ээлжинд асууна. Зөвлөхийн хувьд үүнийг нь л эхний ээлжинд анхаарч ажилладаг.  Ерөнхийлөгч анхныхаа төрийн айлчлалыг Энэтхэгээс эхэлсэн шүү дээ. Энэтхэгт хийсэн айлчлалыг төрийн айлчлалын хэмжээнд хийсэн байгаа. Энэтхэг орон бол  манай оюун санааны томоохон түнш орон. Азийн хамгийн том ардчилсан орон. Тэгэхээр эндээс эхэлсэн нь зүгээр ч нэг сонголт байгаагүй.  Дараа нь өнгөрсөн онд БНХАУ-д айлчилсан. Агуулга ихтэй, чухал айлчлал болсон. . 

-Уучлаарай, таны яриаг таслачихъя. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч нэг хүнийхээ амийг гуйж байсан жишээ гадаад орнуудын практикт хэр олон байдаг юм бол. Тэр шийдвэрийг гаргахдаа тантай жишээ нь  зөвлөсөн үү? 

-Яг тэр айлчлал хийх үеэрээ гуйгаагүй юм шүү дээ. Сүүлд буюу өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятадад цаазын ял аваад буй Дамдины амыг хэлтрүүлж өгөхийг Хятад Улсын төрийн тэргүүнээс гуйсан юм. Тэр шийдвэрийг зөвлөлдсөн. Зөвлөхүүдтэйгээ  зөвлөж байгаад шийдсэн.  Төрийн тэргүүний хувьд айл гэрийг толгойлж буй аав шиг Ерөнхийлөгчийн хувьд нэг ч гэсэн хүнийхээ амийг хэтрүүлэх, амь насыг нь хамгаалахын төлөө явж байх ёстой гэсэн энэ итгэл үнэмшлээрээ л уг асуудалд хандсан байх. Одоо хүртэл хятадын талаас хариу өгөөгүй байгаа. Гэхдээ бас цаазалсан гэсэн албан ёсны мэдээ байхгүй байна. Одоо хүртэл бид итгэлээ алдаагүй. Ямар нэгэн байдлаар нааштай авч үзэх болов уу гэж хараад л байж байгаа шүү дээ. Хятадын айлчлалын үеэр Ерөнхийлөгч Өвөр Монголд очсон. Монголын соёлын өдрүүд болсон. Ерөнхийлөгч бол хажуу хавирганд байгаа монгол үндэстэн, монгол гаралтай хүмүүс маань яаж амьдардаг юм бол, ахуй амьдралтай нь танилцана гэсэн зорилго бас тавьсан байсан. Энэ үүднээс Хөх хотоос Эрээн хүртэл зориуд машинаар явж,  Өвөр монголын их талыг туулсан. Дээрээс нь монгол айлаар орсон. Тэр бол үнэхээр  сонин байсан. Энгийн нэг малчин айлаар орсон. Их сайхан илэн далангүй яриа болж байсан.  Хэл соёлоо хичнээн хүндэтгэлтэй хадгалж ирсэн байна. Үнэхээр сонирхолтой санагдаж байсан. 

-Тэд Монголын Ерөнхийлөгчийг хүлээж авахдаа ямархуу сэтгэгдэлтэй байх юм?

-Жирийн малчин айл байна лээ. Тэнд ч байгаль орчны асуудал л  яригдаж байна лээ. Өвгөний ярьж байгаар бол 60- 70-аад оны үед тэр тал өвс халиурсан өргөн тал байсан гэж байгаа. Гэвч одоо бол цөлжчихсөн. Цөлжилтийн асуудлаас болоод ямаа өсгөхийг хориглочихсон байж байна.  Бэлчээр нутгийн хуваарилалтад ороод өрөөсөө нүүдэллэдэггүй, нэг газар л хашуулчихсан байх жишээтэй. Иймэрхүү сонин юмнууд байна лээ л дээ. Гэхдээ монгол ахуй бол хэвээрээ. Бүгдээрээ гэртээ монголоороо ярьдаг. Хийж байгаа хоол хүнс бүгд  яг л байж байх юм. Дараа нь Ерөнхийлөгч Дэлхийн монголчуудын чуулга уулзалтад оролцож,  ОХУ-ын Буриад Улсад очсон. Буриадын хэд хэдэн аймгуудаар явж, Монголын түүхтэй холбоотой газраар хүртэл орсон. Буриад айлаар бас очсон.  Тэгээд буцаж ирэхдээ Хөвсгөл аймгаар, Ханх- Мондын боомтоор буцаж ирсэн. Энэ боомтыг олон улсын болгох бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. Бэлтгэл ажил нь цаад, наад талдаа ямархуу явагдаж байгаатай танилцсан.  Буриад айлаар очсон сэтгэгдэл ч бас өвөрмөц байсан. Өвөрмонголд ч, Буриадад ч монгол  айлууд бууз нь, чанаад өгч байгаа мах нь жишээлбэл, боорцог нь гээд бүгд л ижилхэн байж байх юм. Монгол ахуй гэж нэг ойлголт байнаа даа. Өвөрмонгол айл боорцог ид гээд тавиад өгч л байсан. Буриадад мөн л боорцгоо тавиад өгч байх жишээтэй. 

-Ерөнхийлөгч аваад л идэж байх юм уу. Шалгаж нягтлах асуудал байдаг биз дээ?

-Ер нь бол аюулгүй байдлын янз бүрийн юмнууд байдаг. Манай холбогдох албад өөрсдийнхөө шугамаар л тэрийгээ нягталдаг биз.

-Ерөнхийлөгч өөрөө бол цээргүй хүн шиг харагддаг ?

-Ер нь бол олон хүүхэдтэй айлд төрж өссөн хүн болохоор цэмцэгнээд байх  явдал байдаггүй шүү дээ. Өөрөө маш энгийн, зөвлөхүүдтэйгээ ч гэсэн их илэн далангүй харьцдаг.

-Айлчлалын бүрэлдэхүүнд ч өөрчлөлт хийсэн байна. Урлаг спортын шинэ залуу одуудыг айлчлалдаа авч явж байгаа. Урд нь ийм практик манайд байгаагүй ?

-Монголын нүүр царайг гадаадын орнуудад харуулах ёстой л доо. Амжилтаараа, сайн юмаараа бахархах ёстой.  Хоёрдугаарт, спорт, урлагаа дэмжих ёстой. Энэ үүднээс л хийж байгаа юм. Гадаад орнуудын Ерөнхийлөгчийн айлчлалд ч гэсэн ийм практик байдаг. Ерөнхийлөгчийн хувийн зочин гэж тодорхой хэмжээний хүмүүсийг авч явдаг. Залуучуудын төлөөлөл, урлагийнхны төлөөлөл, спортынхны төлөөлөл гэж авч явдаг. Ерөнхийлөгч урлагийг ч, спортыг ч анхаарах ёстой, дэмжих ёстой. Зүгээр дагуулаад явах биш, энэ хүмүүст бас тодорхой хэлхээ холбоо тогтоож өгөх, дэмжих ёстой гэсэн ийм байр сууринаас хандаж байгаа. Жишээ нь, буудлагын тамирчдыг, Гүндэгмаа, Хонгорзул нарыг Финланд, Дани явахад бүрэлдэхүүндээ оруулсан. Гүндэгмаад жишээ нь 2012 оны Лондонгийн олимпод оролцох, тэр болтол бэлтгэл хийх сумыг нь Финландын талаас авч өгөх жишээний. Япон явахдаа олимпын аварга Түвшинбаярыгаа дагуулаад явсан. Японы айлчлалын үеэр манай ҮБТД сургууль Японы Спортын сургууль хоёрын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Япончууд олимп, дэлхийн аваргуудаа танхимд суулгасан байсан. Бид ч олипмын аваргаа индэрт суулгаад сайхан, нүүр бардам л байсан. Швейцарт айлчлахдаа ОУ-ын Олимпын хороон дээр очлоо. Мөн л олимпын аварга Баатаржав гуайг бүрэлдэхүүндээ оруулж явсан. Дэлхийн хөл бөмбөгийн холбоонд уулзалт хийх үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хөл бөмбөгийн төслийн асуудал яригдсан.    

-Сая бол манай ерөнхийлөгч шуугиан тарьсан. За манайх тэд тэдэн онд Азийн хөл бөмбөгийг зохиоё, тэдэн онд олимп авъя. Бид яагаад чадахгүй гэж гэсэн… гэсэн асар том амбиц гаргаж тавьлаа. Энийг хийхдээ зөвлөхүүдтэйгээ хэр ярьсан бол?

Ерөнхийлөгчийн өөрийнх нь “Дэлхийн хэмжээнд мөрөөдье” гэдэг алдартай үг байгаа шүү дээ. Том юм мөрөөдөж байж том юманд хүрнэ гэсэн  Токиогийн их сургууль дээр хэлсэн үгийг нь сонссон биз дээ. Одоо ихэнх хүмүүс идеалист байхаа больж. Ихэнх нь прагматик болсон. Энэ прагматик орчинд дотор яаж хүмүүсийг яаж сэтгэл санааны хувьд босгох вэ гэсэн асуудал байна. Эх оронч үзэл, итгэл найдварын зул хэрэгтэй байна. Тэр л  хүмүүсийг босгодог. Ийм юм руу орох нэг том урсгал урлаг спорт. Олимпийн үзэл гэдэг бол үнэхээр хүн төрөлхтний хамгийн гэгээлэг үзэл байдаг. Жишээ нь Бээжин ямар утаатай, униартай хот байлаа. Бид мэднэ ш дээ. Гэтэл олимп авах зорилго дээрээ л Бээжинг “цэвэрлэсэн, угаасан”.  Олимпийн дараа Бээжин ямар цэвэрхэн хот болов. Одоо Өмнөд Африк дэлхийн хөл бөмбөгийн аварга зохион байгуулаад бас ямар хэмжээний бүтээн байгуулалт хийж үлдэв.  Катар арван хэдхэн жилийн өмнө ямархуу улс байв. Гэтэл одоо дэлхийн хөл бөмбөгийн аваргыг авах гэж байна. Иймэрхүү том мөрөөдөж байж л хажуу хавиргын том улсуудтай зэрэгцэх хэмжээний болох юм биш үү гэсэн ийм мөрөөдлийн үүднээс Ерөнхийлөгч саяны алхмаа хийсэн. Манай  улс бол дэлхийн хөл бөмбөгийн аваргыг авчих, олипмийн тоглолтыг зохиочих хэмжээний мөрөөдөлтэй байх ёстой гэсэн энэ үүднээс гаргаж тавьсан. Манай залуучууд дэмжиж, маш  сайхнаар хүлээж авч байна. 

-Энэ жил таны эрхэлж байгаа хүрээнд төлөвлөсөн Ерөнхийлөгчийн аппаратнаас гарах ямар сюрпризүүд байна?

-Энэ жил бол гадаад харилцааны хувьд тэмдэглэлт жил байгаа. Монголын тулгар төрийн 2220 жилийн ой болно. Энэ ойд энэ жилийн гадаад харилцааны үйл ажиллагааны нэлээд юм зориулагдана. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой. Үүнийг орчин цагийн Монголын дипломат алба, Гадаад яам үүссэний 100 жилийн ой гэж үздэг. Үүнтэй холбогдуулаад Ерөнхийлөгч санаачлага гаргачихсан байгаа. Тэр нь юу вэ гэхээр 1990 он буюу манайх нээлттэй гадаад бодлого явуулж эхлэх үе хүртэл Монгол Улс 98 оронтой дипломат харилцаатай байсан. Одоо бол 150 орчим орон болчихоод байна. НҮБ-ын гишүүн орон гэхэдбараг  200 шахам орон байна. Тэгэхээр энэ ойтой холбогдуулаад НҮБ-ын гишүүн бүх оронтой диполмат харилцаа тогтооё гэсэн санаачлагыг Ерөнхийлөгч гаргаад бүр 2009 онд гаргаад энэ чиглэлээр ажиллах чиглэлийг ГХЯ-нд өгсөн байгаа. Тэгэхээр гадаад харилцаанд тодорхой хэмжээний ахиц дэвшил гарах байхаа гэж бодож байна. Мөн ой тэмдэглэхийн гол урга учир нь өнгөрсөн түүхээс суралцах, одоогийн байдалтайгаа харьцуулан дүн шинжилгээ хийх явдал шүү дээ. Иймээс гадаадад Монгол улсыг төлөөлж суугаа элчин сайд нараа Улаанбаатарт цуглуулж, гадаад бодлого, гадаад харилцааны байдлаа нэг дүгнэж ярилцья, 100 жилийн өмнөх гадаад нөхцөл байдал ямар байв, одоо ямар байна гээд ярих юм их байна л даа. Энэ чиглэлээр ЕТг-ын зүгээс гаргасан санаачилгыг Гадаад харилцааны сайд дэмжиж, элчин сайд нарынхаа зөвлөлгөөнийг удахгүй хийх гэж байна. .    

-Манай ерөнхийлөгчийн гадаад ертөнц дэхь хувийн нэр хүнд өндөр байгаа. Саяхан барууны нэг том сэтгүүл дэлхийд гарч ирж байгаа шинэ удирдагчийн нэгээр нэрлэсэн байсан?

- Ер нь хувь хүний имиж тогтоно гэдэг бол хувь хүний өөрийнх нь чадвараас л хамаардаг асуудал. Олон улсын том хурлууд дээр хэлсэн үг, баримталж буй байр суурь гээд зөндөө үзүүлэлтүүдийг авч үзэж байгаа байх. Дээр нь бол тухайн хүний илтгэх чадвар байж байна, хүн татах чадвар байж байна, Монгол руу анхаарлыг төвлөрүүлэх хүчин зүтгэл, дээр нь хэлний болоод хувь хүний ерөнхий мэдлэг боловсролын асуудал, бусадтай харилцах техникийн асуудал байж байна. Энэ бүхэн цогц болж байж тэр хүний рейтинг гарч ирж байгаа шүү дээ. Өөрөө  сэтгүүлч ч хүн юм, хүн татах авъяастай  хүн юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувьд хувьд бол сонгогдсоноосоо хойш олон улсын хурлууд дээр үнэхээр маш олон шийдвэртэй алхамууд, оновчтой үгнүүд хэлсэн. Жишээ нь, өнгөрсөн 10 дугаар сард Брюссельд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын хуралдаан дуусах үеэр олон орны төрийн төрийн тэргүүнүүд, Гадаад хэргийн сайд нар Ерөнхийлөгчид хандаж, баяр хүргэж байсан. Хуралдаан дээр Ерөнхийлөгч хямралтай холбогдуулаад үгээ хэлсэн. Хямралаар далидуулж, эдийн засагт төрийн оролцоо их нэмэгдэж буй талаар Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж, үнэндээ өөрийн үзэл баримтлал болох ардчилал, чөлөөт зах зээлийн үзэл санаандаа  тууштай байгаагаа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон маш олон хүний анхаарлыг татсан, дэмжлэгийг нь хүлээсэн. Мөн хүний эрхийн асуудлаар жинтэй үг хэлсэнтэй нь холбогдуулан Азийнхан хүний эрхийн асуудлаар ингэж дуугарна гэж байдаггүй юм ш дээ. Та бол маш тууштай,  зоригтой дуугарч байна гэсэн талархлын үг их хэлж байсан.  Newsweek сэтгүүлээс дэлхийн шинэ гарч ирж байгаа лидерүүдийг тодруулсан байсан. 20 хүн нэрлэснээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 11-т нь шалгаруулсан байсан. Тэрэн дээр бол Копенгагенд болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хуралд хэлсэн үг, Оюутолгойн гэрээг батлах үеэр хэлсэн үгнүүдээс нь иш татаж оруулсан байсан.  

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав