УИХ-ын гишүүн О.Баасанхүүг тойрсон дуулиан сүүлийн үед татрахгүй байгаа. Тиймээс түүнийг сонгож урьсан юм. Энэ удаа би олон сэдвээр нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Уншигч та зарим үед уурсаж, зарим үед инээж бидэнтэй хамт байна гэдэгт би найдаж байна.


 

-Петрбургийн эдийн засгийн форумын үеэр танаас яриа авч байсан. Түүнээс хойш уулзалдсангүй. Сүүлийн үед таны нэр болон танай намын дотоод амьдралтай холбоотой шуугиан улс төрийн ертөнцөд өрнөж байна. Энэ үед таныг зочноор урьж, уншигчидтайгаа уулзуулмаар санагдаад.

-Баярлалаа. Надад ч гэсэн тантай уулзаж ярилцах таатай байна.

-Та төрийн ордонд 800 гаруй төлөөлөгчтэй МАХН-ын Их хурлыг зарлан хуралдууллаа. Энэ хурлаар таныг МАХН-ын даргаар сонгосон гэж ойлгосон. Гэвч энэ хурлыг хүчинтэй хурал биш гэж танай намын хэсэг бүлэг хүмүүс үзэж байгаа. Энэ асуултаар хоёулаа яриагаа эхэлье.

-2010 онд би МАХН-ын нэрийг авах асуудлаар өмгөөлөгчөөр ажиллах гэрээ байгуулан, ажлын хөлсөө тохироод ажилласан. Дараа нь Н.Энхбаяр даргын баривчилгааны өмгөөлөлд орлоо. Энэ үед надад улс төр гэдэг бол сонирхолтой биш байлаа л даа. Хуулчийн ажлаа хийгээд л явж байж. 2012 онд жагсаалтаар парламентад орох болсон. Эхний гурван хүнийг татсанаар наймд байсан би УИХ-ынгишүүнээр орж ажиллах боломж гарсан. Дөрвөн жил парламентад суулаа. Манай нам ч засаг барилцаж байлаа. МУ-ын Засгийн газрын Шадар сайд болон Сангийн, Барилгын, Эрүүл мэндийн, Батлан хамгаалахын яамны сайд, мөн Хууль зүйн, Боловсролын яамны дэд сайдууд гэх мэт бодлого тодорхойлох бүх яаман дээр манайхан байсан. Өнгөрсөн сонгуулиар буюу 6 дугаар сарын 11-ний өдөр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Эрдэнэтийн 49 хувийг Засгийн газар хуйвалдаад авлаа гэдгийг би мэдсэн. Засгийн газар гэдэг чинь манайхан. 268, 330 гээд хэдэн тогтоолууд гараад, Эрдэнэтийнхэнд би энэ асуудлыг шийдвэрлэнэгэж амлаж байлаа. Ингээд Эрдэнэтээс би сонгогдож УИХ-ын гишүүн болсон. Юун түрүүн намаа шинэчлэх ёстой юм байна гэж яс махандаа шингэтэл ойлгосон. Яагаад гэхээр С.Жавхлан бид хоёр нэг талаасаа их адилхан болсон байсан. С.Жавхлан бие даагч учраас Баянзүрх дүүргийн иргэдээ төлөөлнө, харин би МАХН-аас сонгогдсон мөртлөө Засгийн газар огцроход, төсөв батлахад, Эрдэнэтийн 49 хувь зэрэг шийдвэрлэх чухал чухал асуудал тулгарсан үед намаас маань ямар ч чиглэл өгөхгүй, бичиг ч ирэхгүй. Нэг ийм эзэнгүй сул гишүүн болсон байсан. Иймэрхүү байдлыг харсан намын гишүүд маань намын их хурлаа хийе гэж шаардах болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр даргад намын их хурлаа хийе, нэр дэвшигчээ гаргая. Нэгээр нь та гарна биз ээ, нөөцөд Л.Эрдэнэчулуун, С.Нарангэрэлээ гаргая гэж хэлсэн. Тэр үед энэ С.Ганбаатар чинь би ерөөсөө танай намаас дэвшихгүй, дэвшмээргүй байна. Би ерөөсөө өрсөлдөхгүй л гээд яриад явж байсан. Ерөөсөө ийм л юм ярьж байсан. Гэсэн ч Намын Их хурал ерөөсөө зарлаагүй. 

-Танай нам байгуулагдаад хэдэн жил болж байгаа билээ?

-2011 оноос хойш долоон жил болж байна. Энэ хугацаанд нэг ч их хурал хийгээгүй. Онц их хурлаар Улсын дээд шүүхэд бүртгүүлээд, түүнээс хойш дүрмийн хүрээнд нэг ч их хурал хийгээгүй. 

-Намын дүрмээр их хурал нь хэдэн жилд хуралдах ёстой байдаг вэ?

-Хоёр жилд нэг удаа ээлжит их хурал хийх ёстой.Ээлжит бус их хурлыг хэд ч хийж болно. Намын дарга дөрвөөс дээш удаа улиран сонгогдохгүй гэж заасан байгаа. 2019 он гээд тооцохоор үнэхээр цаашид ингэж дүрэмгүй, дур зоргоороо явах хэцүү болоод байна. Намын нэрээ бүртгүүлэх гэж бичгээ өгөөд жил гаруй хөөцөлдсөн. Үнэхээр яваагүй газар байхгүй. Би энэ намыг улс төрийн хүчин шиг хүчин болоосой гэж л тэгж зүтгэсэн. Гэтэл 2010 оноос хойш 7-8 жил болж байна. Нам шиг нам болж төлөвших юм уу, нэг хүний хувийн өмч шиг ингээд явах юм уу. Энэ олон мянган гишүүдийн хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлийг яах юм бэ. Ийм учраас би сая намын Их хурлаа хийсэн. Их хурлаа хийснээс хойш өдөр бүр хөөгддөг, туугддаг, доромжлуулдаг, гүтгүүлдэг болсон. Монголын ард түмэн харж байгаа. 

-Энэ бүх зөрчил Их хурлаа хийе гэсэн шаардлагаас л үүдэлтэй гэж та үзэж байна уу?

-Тийм. Өөр юм байхгүй.Бид нарт хувь, хувьсгалын ямар нэг өөр юм байхгүй. Гэтэл яагаад би нүдэнд орсон өргөс нь болчихов. Би харин ч тус болоод л явж байсан. Та санаж л байгаа шүү дээ. 2016 оны 9 сард Н.Энхбаяр даргыг барьж хорих гээд бөөн юм болсон. Тэр үед би УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий прокурор М.Энх-Амгалан нартай очиж уулзаад, Н.Энхбаяр даргыг тайван байлгаач ээ, МУ-ын ерөнхийлөгч байсан хүнээ хоёр удаа шоронд хийх гээд байгаа юм уу. Та нар болиочээ гэж ярьж хэлж, тэдэн дээр орж уулзаж л байсан. 

-Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой энэ сэдвээр уулзаж байсан гэж та хэллээ. Хэрэв нууц биш бол тэр танд юу гэж хариулж байсан бэ?

-2016 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээр би орсон. Ц.Элбэгдорж өрөөндөө согтуу байж байсан. Тэгээд надад “Н.Энхбаяр бид хоёр найзууд болсон. Танай Н.Энхбаярыг би ерөнхийлөгчид нэр дэвшүүлнээ” гэж хэлсэн. Сонинбайгаа биз. Та гайхах нь аргагүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг үү. Н.Энхбаяр дарга, Ц.Элбэгдорж хоёр нэг хүн болчихоод байгаа гэсэн үг мөн үү. Бүх зүйлийн араас харагдаж л байна шүү дээ. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр дарга гэдэг энэ хүмүүсийг МАХН-аар тоглохыг нь би зөвшөөрөхгүй. 

-Итгэх арга алга. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архи уудаггүй юм даа.

-Согтуурдаг юм билээ. Би харсан.

-Та анх жагсаалтаар орж ирээд, гишүүн болсон. Таныг бор оймсонд хавчуулагдаад ороод ирлээ гэх мэт гашуун шүүмжлэлүүд ороож л байсан. Гэхдээ МАХН гэдэг нам сонгуульд өрсөлдөх эрх бүхий улс төрийн хүчин нэрээ дэвшүүлж байгаа бол тухайн үеийн дүрмээр жагсаалтаар 10 хүн орж ирэх ёстой гэхэд тэрний нэг байтугай нэг номерт гарцаагүй таныг байна гэдэгт олон түмэн итгэж байсан. Гэтэл тэр үед та нарын тэмцлийн үед хамт байсан байгаагүй олон “дүр”-үүд таны урдуур орж ирсэн. Бүх юм хүн хоорондын харилцаанаас ихээхэн шалтгаалдаг. Тэр үеэс эхлээд л танд эгдүүцэл төрсөн байх гэж боддог. Ер нь эдүгээгийн хагарлын үүсэл эндээс эхэлсэн гэж хардаг.

-Даргаа, би сайд болвол ямар вэ гэж намайг асуухад, чи сайд болоод хэрэггүй ээ. Яагаад гэвэл бохир, заваан юм их хийдэг юмаа гэж Н.Энхбаяр дарга хэлж байсан. Одоо ингээд харж байхад намайг тэгж хамгаалж үлдсэнд нь баярладаг юм. Манай Ц.Оюунбаатар, Б.Баянсэлэнэ, Ц.Шаравдорж бүгдээрээ л нөгөө гурван үсэгтэй хэцүү нэртэд данстай болчихсон явж байгаа. Заримынх нь материал прокурорт ч оччихсон их төвөгтэй байгаа шүү дээ. Г.Шийлэгдамба таван жилийн ялтай шоронд байна.Тухайн үед би ямар азаар сайд болоогүй юм бэ гэж одоо боддог. Даргадаа баярладаг юм. (инээв) Нээрээ юмыг яаж мэдэх вэ, чи энэн дээр гарын үсэг зур гээд хууль бус юман дээр хуурч мэхлээд зуруулчих ч байсан юм билүү.

-Тэр үед томилгоо хийхэд та л үлдэж байсан л даа. Намынх нь нэрийг авч өгсөн О.Баасанхүүгээ яагаад сайдад нэр ч дэвшүүлдэггүй байна вэ гэсэн шахалт, турхиралт, өдөөн хатгалга тэр үед явж эхэлж байсан. Үүнийг нөгөө талаас таныг дэмждигчдийн хүсэл байсан гэж харж ч болох юм л даа.

-Байнгын хороон дарга нэг жил хийх ёстой байтал намайг үгэнд ордоггүй гэдэг нэр зүүлгээд жил ч болгоогүй.Би яг дээрх зөрчлүүдийг сөхөөд хэлэлцүүлэг хийх гээд 2013 онд Эрдэнэтийг худалдаж аваад, зарах гээд байна шүү гэж хашгирч явахад , ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө үйлдвэрээ угааж байгаа юм шиг л шампанск буудуулж байсан. Хэцүү нөхдүүд шүү дээ. С.Баярцогтын оффшорын мөнгөний хагас нь манай нөхдүүдийн заримд нь орсон байх магадлалтай гэж би хардаг. С.Баярцогт бол Н.Энхбаяр даргын “өргөмөл хүүхэд” гэж би ойлгодог ш дээ. (инээв) Энэ нөхдүүд өөрсдийнхөө эсрэг зогссон хүнд юу гэж дуртай байхав дээ. Би бол шударга байсан. Одоо ч шударгынхаа талд л зогсож байна.

-Солонгос руу Н.Энхбаяр даргыг эргэнгээ очиж уулзана гээд таныг нисэх гэж байхад би ярилцлага авч л байсан. Яагаад энэ хугацаанд та хоёрын харилцаа ийм төвшинд оччихов оо. Б.Тулгын тухайд бол би юу ч асуухгүй. Олон жил Н.Энхбаяр даргын хажууд шадарласан хүн. Энэ олон жилд яагаад Н.Энхбаяр та хоёрт дотносол, итгэлцэл бий болсонгүй вэ. Үнэт зүйлийн юм уу, хүн чанарын, эсвэл хүсэл мөрөөдлийн ялгаа байна уу?

-Н.Энхбаяр дарга ганцхан намайг гомдоогоогүй л дээ. Олон хүнийг гомдоосон байна. Энэ жагсаалт түүний улс төрийн бүх амьдралаар хэмжихэд хэтэрхий их тоо хөврөх юм билээ. Гомдоосон хүмүүс нь зөвхөн манай намаар тогтохгүй МАН-ын Сү.Батболд,С.Баяраар зогсохгүй АН-ын “Женко”, С.Эрдэнэ гээд зөндөө олон хүнийг гомдоосон байдаг. “Нэг, хоёр хүнийг гомдоосон бол асуудал надад байна гэж биүзнэ. Гэтэл нэг хэсгээр нь, бүүр нам намаар нь гомдооно гэдэгасуудал нь Н.Энхбаяртаа байна” гэж танд харагдахгүй байна уу. 

-Энэ сэдвийг түр орхиё. Саяхан Төрийн ордонд болсон намын Их хурлыг та зохион байгуулсан.Ингэхэд ямар мөнгөөр ийм их биелэгжүү хурал хийчихэв ээ?

-Харин би наад сэдэв рүү чинь орох гээд явж байна. Намын их хурлын санхүүжилтыг их сонирхож байх шиг байна. Жишээ нь, багаар бодоход 30 хүн таван сая төгрөг босгоод 150 саятай болох жишээний. Аливаа юмны нөхцөл, тохироо бүрдэх гэж нэг чухал хөшүүрэг байна шүү дээ. Г.Шийлэгдамба, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, Г.Дугаржав, С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр, У.Барсболд гэх мэтчилэн мөнгөтэй хүмүүсээ манай Н.Энхбаяр дарга гомдоосон байна. Таван сая төгрөг надад бол их мөнгө, энэ хүмүүс бол дэмжээд, дэмжээд таван сая төгрөг хандивлаад Их хурлын зардлыг босгоод ирж байгаа юм л даа. Орон нутгаас хүмүүсээ авчирна, буудалд байрлуулна. Автобус унаа хөлсөлнө. Манай Н.Энхбаяр дарга бол энэ бүхний зардлыг мэднэ. Н.Энхбаяр даргын мөнгө л бүхнийг шийдээд шийдээд явчихаж байгаа юм..

-Таны зохион байгуулсан хуралд Н.Энхбаярын мөнгө ямар хамаатай юм бэ?

-Н.Энхбаярын мөнгөний тухай яриагүй. Намайг ямар мөнгөөр, яаж хурал хийв гэж та гайхаад байгаа биз дээ. 

-Харин тийм. Би гайхаад байна. Өндөр үнэтэй Баянгол зочид буудалд яагаад төлөөлөгчдөө байрлуулав гэдгээс эхлээд асуух юм их байна. Мөнгөн дүнгээр тооцоод харахад өндөр өртөг харагдаад байна.

-Харин хэлээд байна шүү дээ. Манай Н.Энхбаяр дарга мөнгөтэй хүмүүсээ гомдоочихсон. Энэ хүмүүс нь хорсоод мөнгөө гаргаад, О.Баасанхүү гишүүнээ намаа шинэчлэх гэж байгаа бол зөв өө, зөв, намын Их хурлаа хий гээд мөнгө босгоод өгч байна шүү дээ. Тэр хүн яагаад ийм олон хүнийг гомдоосон юм бол оо. Өөрөө хэлэхдээ, “би хүн таньдаггүй” гэдэг. 

-Хүн танихдаа муу гэж үү. Н.Энхбаяр дарга уу?

-Тийм. Надад тэгж нэг бус хэлж байсан. Үнэндээ бол ард түмэн, намын гишүүд нь харин ч тэр хүнийг танихгүй байгаа юм. Хөшигний ард байдаг хүн, хөшигний өмнө байдаг хүн хоёр өөр болчихоод байна. Н.Энхбаяр гэж хоёр ба түүнээс дээш өөр хүн энэ улс төрд тоглоод байна шүү дээ. Тайзны ард нэг өөр Н.Энхбаяр ажллагаа хийж байдаг. Тайзны урд гарч ирээд нэг өөр дүр үзүүлдэг. 

-Бийлэгжүү болсон таны Их Хурал бол тодорхой хүмүүсийн хорсол дээр боссон гэж би ойлголоо.

-Тийм тийм, намаас гарсан хүмүүс ч байгаа тал талаасаа санхүүжилтийг босгоод өгсөн. О.Баасанхүү гишүүнээ, би ил оролцохгүй ээ, гэхдээ чамайг дэмжье, хандив өргөе гээд л тусалсан. Үр дүнд нь хийсэн хурал.

-Танд хэдэн жилийн өмнө би хүмүүстэй конъяак уу, анд яв ингэж байж эрчүүдийн хооронд нөхөрлөл үүсдэг юм биш үү гэж хэлэхэд, та би яахаараа эцэг, эхийнхээ үйлээ үзэж, өрөм зарж олсон мөнгийг авилгачдад зориулах ёстой юм гэж хэлж байсан. Тэр үед таныг маш нарийн хүн юм даа гэж бодож байсан. Ийм хүн өөрийн гэх мөнгийг Их хуралд зарцуулах уу гэж гайхаж байсан юм.

-Манай намд байсан У.Барсболд, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, Х.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр нарын маш олон гомдогсод сэтгэлээр, мөнгөөр, бодлогоор дэмжсэн юм. Энэ хурлаа хийх нь зөв, хийсэн нь зөв, үнэнийг илчлэх ёстой. О.Баасанхүү чи яагаад хөөгдөх ёстой юм гэж намайг дэмжсэн. Хоёрдугаарт, тийм олон хүнийг нэг дор байлгадаг том буудал ганцхан Баянгол зочид буудал байсан. Багтаамжаараа ийм буудал манай хотод байдаггүй юм байна л даа. Нэг тийм буудал нь хороололд байдаг юм байна.

-Та худлаа яриад байгаа юм биш биз. Өнөөгийн Ерөнхийлөгчийн ивээл дор л ингэж гараа хөдөлгөж байна уу гэж харж байна. Би тантай Ерөнхийлөгчийн ажлын өрөөний үүдэнд тааралдсан. Тэгээд хардлага маань лавшраад байх шиг?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар тодорхой хуулиудыг өөрчлөх ёстой юм байна гээд, ялангуяа янхны газрыг зохион байгуулаад биеэ үнэлэлт хийх юм бол Эрүүгийн хуульд зөрчил болгосон зөндөө алдаа байгаа. Энэ алдааны талаар би санал боловсруулж өгсөн юм. Хоёрдугаарт, Хойд Солонгос явах асуудал ҮАБ-тай холбоотой учраас ҮАБ-ын зөвлөл болон бусад асуудлаар хэлэлцэх, ярилцах зүйл байсан учраас би очиж уулзсан юм. Ерөнхийлөгчтэй уулзаж одонгоос өөр гуйх юм байдаггүй, өөр юу ч гуйх вэ дээ. 

-Хүмүүс Эрэлийн намтай бас л таныг харддаг юм билээ. Ямар нэг угшил байна уу?

-Огт тийм биш. Эрэлийн нам Х.Тэмүүжинтэй л холбоотой. Би бол АН-ын гишүүн байсан нь үнэн. 

-За, тэгээд Их Хурал амжилттай боллоо. Гэтэл тамгагүй О.Баасанхүү хүчин төгөлдөр бус дарга гээд маргааш нь нөгөө хэсэг нөхөд циркт хурал хийлээ. Тэр хурлаар таныг намаас хөөсөн.

-Энэ хурлыг би маш хэцүү байдалтай хийсэн. Зарим хүмүүс О.Баасанхүү төрийн ордонд тансаглалаа гээд л. Би өмнө нь Эрдэнэтийнхээ засаг дарга нарыг Их тэнгэрт амрааж л байсан. Их тэнгэр, төрийн ордонг аймаар хаалттай гэж би боддоггүй. Сая нэгдүгээрт аюулгүй байдал чухал байсан. Ядаж байхад настай, тэтгэврийн хүмүүс их байдаг. Тэднийг үс гэзэгнээс нь зулгаагаад, мандатуудыг нь ураад, иргэний үнэмлэхийг нь хугалаад, нүүр амыг нь маажаад ёстой аймаар байсан. Үнэндээ бага хэмжээний “дайн” л болсон. Ордон руу орох гээд 801 хүн ирсэн байдаг. Тэдэн рүү халдаад дайраад байдаг. 

-Таныг өөрийг тань хөгшин хүн зодоод байна гэж З.Баянсэлэнгэ мэдэгдэл хийгээд байсан биш билүү?

-Үгүй ээ, харин намайг зодох гэж байсан. Том том биетэй нөхдүүд хөгшин хүний мандат аваад зугатаахаар нь өгөөч гэсэн чинь над руу халдсан. Цээжний энэ гол хэсэг дээр (дарж үзүүлэв) бүтэлт өгөхөөр даралт хийж хүртэл халдсан. Тэгээд энэ байдлаас болоод 350 нь Их хуралдаа орж ирж чадаагүй, 500 нь хуралдаа орж ирсэн. Тэдэнтэйгээ би цэцэг өргөсөн. Ордон дотор байгаа нь гарч хоолоо идэж чадахгүй, гарахаар л зодуулаад байсан. Ингээд хоёр хуваагдчихаад шөнийн 12 цагт хамгаалалтын компани хөлсөлж байж, хаалгыг нь нээж оруулсан.Санал хураалт явуулах гээд тэгж оруулахаас өөр арга байгаагүй.Гэтэл талыг нь автобусанд суулгаад аль хэдий нь авч яваад архи уулгачихсан байсан. Цагдаа дуудаад ирэхгүй, танай намын дотоод асуудалд бид оролцохгүй гээд. Ер нь хүний амь нас ч хохирох шахсан шүү. 

-Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад, Н.Энхбаяр дарга, Б.Тулга нар таныг гадны төлөөлөгчидтэй сууж байхад дайрч орж ирээд цохиж зодсон гэх нэг яриа яваад байсан. Энэ үнэн юм уу?

-Зодох ч биш юм даа. Хаалга хүчтэй савж орж ирээд, зочдын дэргэд “Чи муу юу юм бэ, чи муу бос” гэж орилж хашгирсан л юм. Гараад ирсэн Б.Тулга нь тааралдаад үг хэл сөргөөд л өнгөрч байсан. 

-Таныг үр могой шиг аашилж байна, өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн хүнийг унагах гэж хөлийг нь хөрөөдөж байна, өөрийнхөө улс төрийн эцгийг гомдоож байна, хууль бус эргэлт хийх гэж байна гэж байна. Энэ тухайд та юу хэлэх бол?

-Намайг улс төрд оруулсан хүн бол Ц.Шинэбаяр гишүүн.

-Ингэхэд Ц.Шинэбаяр хаачсан бэ?

-Одоо гадаадад байгаа. Ц.Шинэбаяр гишүүн би энэ намаас явлаа, намайг маш их гомдоолоо. Миний дүү тэсэж байгаад, жагсаалтаар УИХ-д ороорой. Чи бол улс төрд ороорой, шинэ хүн байх ёстой, ах нь бол ингэж царай алдаж явахгүй ээ гэж хэлсэн. Намайг ингэж улстөрд оруулсан хүн Ц.Шинэбаяр гишүүн. Би тэр хүнд өртэй хүн. Н.Энхбаяр даргын хувьд би нэг талаасаа өртэй байх л даа, нөгөө талаасаа намайг энэ хүн намаас зургаан удаа хөөлөө. Намайг ингэж зургаан удаа хөөгдөхөд нь ард түмэн нь хөөгдөх ёстой хүн хөөгдөж байгаа юм шиг юу ч хэлэхгүй юм. Би явж болно ш дээ, надад АН мөнгө өгье гээд, МАН албан тушаал өгье хүрээд ир л гээд байсан. Гэтэл би намын үндсэн гишүүдээ хаяж болохгүй байна, тэднийгээ хайрлаад байна. Ядаж саяны дэнчин тавьж ирсэн 1000 гишүүнээ хайрлах ёстой. Би ямар Ч.Улаан, Д.Тэрбишдагва шиг улс төрд зурагдсан пянз болчихсон хүн биш. Тийм учраас би шинэчлэлийг эхлүүлээд, бүтээвэл бүтээгээд,зүтгэсэн шиг зүтгэхээр шулуудсан. Үнэндээ бүх юм амаргүй байна. Хууль шүүх нь ялзарсан юм байна. 

-Нэг талаасаа та босоод намаа авчихлаа. Гэтэл хүчингүй дарга гээд, нөгөөдүүл нь Н.Энхбаяр даргыг дахиад МАХН-ын даргаар сонгосон байгаа. Их л ойлгомжгүй байна л даа.

-Намын дүрмээрээ Их хурлаа 40 хоногийн дотор зарлах ёстой. Бид нар 10 сарын 31-ний өдөр 20 хүнээр шаардлага хүргүүлсэн. Гэтэл 74 настай Мянганбаяр гэдэг өвөө шигээ хүнийг 30 настай МАХН-ын Тамгын дарга шанаадаж унагаасан. Та бод доо. 74 настай хүнийг шүү дээ. Ийм л ялзрал нүүрэлчихээд байна. Тэр үед “Та нар ҮЭ-ийн байранд хурал хийх гэж байгаа юм уу, та нарыгбужигнуул, бусниул, зод, нүд, ал гэж байна, гишүүнээ болгоомжлоорой” гэсэн мэдээлэл нам дотроос надад ирсэн. Бага чуулганааТөрийн ордонд хийх гэж байтал М.Энхболдод мессеж ирсэн байгаа юм. Би М.Энхболдтой уулзтал, би мэдэхгүй, даргын эсрэг юмхийж чадахгүй, наадахаа өөрсдөө учраа ол, танай намын асуудал надад хамаагүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би төлбөрийг нь төлөөд Их тэнгэрт хийж, зодоон нүдээнээс салж байсан. 

-Хэзээ вэ?

-Сая өнгөрсөн 10 дугаар сард хийсэн бага чуулган. Энэний дараа бид Их хурлаа 9,10-ний өдрүүдэд хийнэ гээд нээлттэй ярьцгааж байсан. Бидэнд нуух юм юу ч байгаагүй. Гэтэл явсаар ийм байдал руу оруулчихлаа. Н.Энхбаяр дарга, Ц.Элбэгдорж хоёр нэг баг болсон учраас тэдний томилсон шүүгчид шударга ажиллана гэдэгт би эргэлзэж байна.

-Улс төрийн зарим нөхдүүд хальтирч унасан ч Ц.Элбэгдоржоос боллоо гэх нь халаг байх юм. Ц.Элбэгдоржгүй юм монголд ер нь байна уу. Яагаад танай намын энэ асуудалд бас хамаатай болоод явчихав аа. Үүнийгээ та тайлбарлана уу?

-Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёр найз болсон. 

-Ямар үндэслэл байгаа юм бэ?

С.Ганбаатарыг бүртгэх ёсгүй байтал бүртгэсэн нь хангалттай үндэслэл. Нэгдүгээрт, 50 сая вон авсан байсан. Хоёрдугаарт, дипломгүй хуурамч дипломтой хүнийг бүртгэж болохгүй биз дээ. Би зөндөө хэлсэн, гэтэл бүртгэсэн. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр дарга хоёр маш ойрхон байгаагийн нэг жишээ энэ. 

-Та хэзээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Н.Энхбаярын тухай ярилцсан юм бэ?

-Өнгөрсөн жилийн 12 сард би Ерөнхийлөгч дээр ороод “Сайн байна уу, 15 одон өгөөч” гэж гуйсан. Гэтэл урдаас “Битгий хуц, төрийн одон чамтай наймаалцахгүй. Яв, зайл” гэж загнасан. Ер нь Ерөнхийлөгч нараас өөр юу гуйх юм, яриад байх ч юм байхгүй ш дээ. Сайн уу, одон өгөөч л гэдэг. Тэр гуйлтаа хэлтэл намайг зүхэж хөөсөн. 

-Та хэнд одон авч өгөх гээд тэгээд явдаг хүн бэ ?

-Би аав, ээж, ах, дүүдээ авч өгөх гээгүй. Тойргийн хэддээ, намынхаа хэдэн ахмадад л авах ёстой одонг нь авч өгөх гэж царайчилж явсан нь тэр. Тойргийнхоо хэдэн эмээ, өвөө нартаа авч өгнө. Сайхан хүүхэд гаргадаг сайн эхнэрүүд, сайн твиттерчин гээд Алтан гадас одон аваад байхад, насаараа хөдөлмөрлөсөн, бөгтийсөн, уушигны хавдартай болсон 70-80 настай хүмүүст одон өгдөггүй шүү дээ.Намайг тэгж ороход халамцуу байсан. Иймэрхүү юмаа Н.Энхбаяраараа дамжуулж харьцаж бай. Бид хоёр учраа олсон, чи харсан биз дээ гэж хэлснийг нь би ойлгохдоо, Төрийн ордонд хоосон тогоо дөрвүүлээ өнгийсөн зургаар энэ хоёрыг холбоотой юм байна аа гэж ойлгосон. 

-Байзаарай, юун хоосон тогоо. Юун дөрвөл билээ?

-Яагаав, Н.Багабанди, П.Очирбат, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж дөрөв нэг хоосон тогоо руу өнгийчихсөн зураг хөрөг авахуулаад юм болоо биз дээ. Дахин эвлэрснээ баталгаажуулсан нь тэр. Энэ явдлын өөр нэг чухал баталгаа нь С.Ганбаатар байсан. Өмнө нь Н.Энхбаяр дахин нэр дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байсан.Ц.Элбэгдорж амлалт өгсөн байж л таарна. Ц.Элбэгдоржийн амлалтыг Ц.Шаравдорж замхруулсан. Залилангийн хэрэгтнийг Н.Энхбаяр даргатай уулзуулаад, нөгөө хүн нь хууль бус бичиг шүүхэд өгсөн байсан. Ялтай байгааг нь хүчингүй болгож өгнө үү гэж. Гавьяат хуульч хүн ийм юм хийж байгаа юм. Шүүх нэг удаагийн гаргасан шийдвэрээ өөрчлөх хууль зүйн үндэс байхгүй гэсэн шийдвэр гаргасан. 

-Ц.Шаравдорж тийм юм хиймээргүй юм.

-Үгүй үгүй,тэр байтугайг хийнэ. Н.Энхбарярт М.Энхболд, Сү.Батболд, У.Барсболд гэсэн том компьютер байсан. Ж.Бямбадорж, Ц.Шаравдорж, Ц.Нямдорж гэсэн гурван том нохой байсан. Одоо энэ гурван нохой л монголын хууль зүйн системийн тухайяриад сууж байна. Эд нарыг өөрчилмөөр байна.

-Одоо тэд нэг цул биш л дээ.

-Мэдэхгүй ээ, бүү мэд. Гайхаад л байна, би зурагтгүй л гээд нэг нь яриад байдаг юм. Одоо гэхэд Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрыг найз болсон байхыг би үгүйсгэхгүй. Над руу дайрах дайралт нь хэрээс хэтэрч байна. Огт хамаагүй хүнийг надтай холбож яриад л би гайхаад байна. 

-Танай намын Их Хурлын маргааш нь Б.Тулга ярилцлага өгсөн. О.Баасанхүү гишүүн маш удаан хугацаанд намтайгааямар ч холбоогүй байгаа гэж. Бидэнтэй ярьдаггүй, ирдэггүй, очдоггүй гадуур мэдэгдэл хийгээд яваад байдаг гэж тэр ярьсан л даа.

-Инээдэмтэй юм, хамгийн их холбоотой байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө С.Нарангэрэл багшаас 15 тэрбумыг нэхсэний дараа за, эд нар маш муу хүмүүс байна даагэж дотроо бодоод л өнгөрсөн. Тэрнээс өмнө Н.Энхбаяр даргатайгаа өглөөний цай өдөр болгон л уудаг байсан ш дээ. (инээв)

-Хамгийн сүүлд Н.Энхбаяр даргатай хэзээ ярьсан бэ?

-Ярьсан ярьсан. Намын Их Хурал болохын өмнө ч гэсэн “Даргаа хоёулханаа ярилцъя” гэж ярьсан. Би хөдөөнөөс ирж байсан. Бид хоёрын дунд зуучилдаг залуу байсан юм. Тэрнийг ална, хядна гээд утсаар сүрдүүлсэн байна лээ. Бихувь хүнийх нь хувьд Н.Энхбаяр даргыг дэмждэг. Нам гэдэг багийн тоглолт. Н.Энхбаяр, С.Ганбаатар УИХ-ын гишүүн болоод, парламентад гараад ирлээ гэхэд нөгөө З.Баянсэлэнгэ, Б.Тулга, Ц.Оюунбаатар нар нь бүгдээрээ сайд болох юм уу.Тэд нар 2012-2016 онд сайд хийж үзсэн учраас хуучин юмнууд руугаа л орно ш дээ. Зарим нь ичихгүй хулгай хийсэн байгаа. Нэг намынх учраас матаад байгаа юм шиг юм яримааргүй байна. Гэхдээ хулгай хийсэн нь буруу. Жишээ нь, С.Ганбаатар 50 сая вон гадаадын иргэнээс авсан нь үнэн. Яаж илчлэгдсэнийг хуулийн байгууллага нь мэдэж л байгаа шүү дээ. 

-Шүүхээр л тогтоогдоно биз дээ?

-Шүүхээр тогтоогдсон. 50 сая вон авсан нь үнэн.

-МАХН-аас сонгогдож УИХ-д дөрвөн жил суучихаад, өнгөрсөн сонгуулиар намаасаа нэр дэвшсэн, мөнгөгүй, ядуу нэр дэвшигчдээ огт бодоогүй. Зөвхөн өөрийнхөө хар толгойг бодоод Эрдэнэтэд очоод хэвтчихсэн гэж танд гомддог хүмүүс байдаг л юм билээ.

-Манай хүмүүс намайг улсын хэмжээнд яваагүй гэдэг. Яагаад гэвэл, С.Ганбаатар нэр дэвшихгүйгэж байгаад гэнэт дэвших болчихсон. 30 минутын өмнө шийдвэр гаргасан л гэдэг .

-Би парламентын сонгууль ярьж байна.

-Би ерөөсөө намтайгаа байнгын холбоотой байсан. Төрийн ордонд 2-3 удаа “Шинэ төр сэргэн мандахуй”, “Үндсэн хуулийн шинэ хэлэлцүүлэг зөв үү, буруу юу” гэж хэлэлцүүлэг хийхээр, ирсэн хүмүүсийг нь урвагч О.Баасанхүүгийн ажилд оролцлоо гээд байхаар би яах юм бэ. Би чинь сүүлдээ тагнуулч болчихоод байна.

-Ерөнхийлөгчийн сонгуульд таныг намынхаа эсрэг явсан гэж буруутгаад байдаг юм билээ. Та үүнд нэг хариулчихгүй юу?

-Би эсрэг явсан уу, тэд эсрэг явсан уу. Удахгүй шүүхийн шийдвэр гарна. 

-Та шүүхэд өгсөн юм уу?

Үгүй, өөр хүн өгсөн. Э.Эрдэнэжамъян өгсөн байна лээ. 

-Э.Эрдэнэжамъян МАХН-д ямар албан тушаал хашдаг билээ?

-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Орхон аймгийн намын хорооны дарга. 4222 хүн надад санал өгсөн учраас 4222 хүний гарын үсэг зуруулаад намайг эргүүлэн татна гэж яваа. (инээв) Ямар хүн тэрэнд ийм хууль бус юм зөвлөөд байна аа гэж гайхдаг юм. Эрдэнэтийн МАХН-ын хорооны дарга Д.Оюунбатаас “Дахин сонгууль болно, дараа нь би засаг дарга болоход хэрэгтэй байна. Би ингээд намын дарга болсон шүү” гээд Э.Эрдэнэжамъян намын тамга авсан тухай бөөн гомдол тэнд өрнөж байгаа. 

-Та өөрөө яагаад Э.Эрдэнэжамъян Эрдэнэтийн намын хорооны дарга болчихсон явааг мэдээгүй, сүүлд сонссон байгаа юм бэ?

-Шууд очоод намын дарга Д.Оюунбатаас намын тамгыг авсан тухай Эрдэнэтийнхэн ярьдаг. 

Засаг дарга байсан Д.Оюунбат мөн биз дээ?

-Тийм тийм. Удахгүй орон нутгийн сонгууль дахин явагдана гэж хэлээд тамга авсан тухай Д.Оюунбатыг ярьсан гэдэг. Ер нь бол нэг хүн хоёр албан тушаал хашна гэж байхгүй. Жишээ нь, Д.Амарбаясгалан гэдэг хүн нэг газар давхиж очоод намын даргыг дураараа авах тухай ойлголт байхгүй. Намын дүрмээрээ ч болохгүй.

-Ямар Д.Амарбаясгалан?

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар жишээ авч байна.Э.Эрдэнэжамъян чинь манай намын генсек шүү дээ. (инээв) 

-Ер нь бол та ерөнхийлөгчийн сонгуулиар намаа дэмжээгүй нь үнэн шүү дээ. Энэ явдал тэднийг илүү их уурлуулсан байх?

-Би дэмжсэн. Харин ч би сайн дэмжсэн учраас Орхон аймагт хамгийн өндөр саналтай байсан. Би зургаан удаа Орхон аймаг явсан. М.Энхболд Орхон аймагт очоод сайн юм болоогүйг та хараа биз дээ. Би яахаараа ажиллаагүй болчихдог юм. 

-Та өөрөө ерөнхийлөгчийн сонгуулийг дэмжих хүсэлгүй байна гэж Петрбургт надад өгсөн ярилцлагадаа байр сууриа илэрхийлж байсан.

-Улсын хэмжээнд би дэмжихгүй гэдгээ хэлж байсан. Улсын хэмжээнд өрсөлдөх байсан хүнийг би сонгоод, хөөцөлдөөд дийлээгүй. Тэр хүнийг маань хууль бусаар дэвшүүлээгүй.

-Орхон аймагт Н.Энхбаяр дарга С.Ганбаатарыг дагуулаад очиход, та хэдэн газар “Шинэ сонголтхийцгээе...О.Баасанхүү гэсэн том самбар өлгөсөн байсан. Оронд нь С.Ганбаатарынхаа зургийг тавих ёстой байсан, албаар эсэргүүцэж тийм тодорхой бус уриалга гаргасан гэх гомдол байдаг юм билээ.

-Шүүхээр шийдэгдэнэ. 

-Тэр самбарыг буулгуулж, эсрэг сурталчилгаа гэж урж хаясан гэдэг үнэн үү?

-Намайг цагдаад МАХН, МАН хоёр өгсөн байна лээ. Би ойлгоогүй, хэлж мэдэхгүй. Шинэ сонголт биш, зөв сонголт хийцгээе гэсэн бичигтэй самбар байсан юм. Дараа нь миний сонголт бол... тэр гэдэг дэс дараалалтай РR-ийн бодлого байсан. 

-Миний сонголт тэр гэдэг нь хэн байсан юм бэ?

-С.Ганбаатарыг нь л дэмжинэ ш дээ.

-Тэгээд намын эсрэг явлаа гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулиар 400 мянган хүний санал авлаа. Бидэнд хоёр сонголт үлдсэн.Нэг бол бууж өгөх, нөгөө бол луйвардуулснаа тогтоолгох. Яагаад гэвэл Баян-Өлгий аймагт 20 мянган хүн санал өгөхөд, МАН манай намаас өндөр гарсан гэж худлаа мэдээлсэн. Тэгэхэд нь би та нар хууль бус ажил хийлээ, огцор гэсэн албан бичиг СЕХ-д өгөөд, гараад иртэл баахан хүн жагссан байсан. Манай намынхан юм байхдаа, гэтэл АН-ын нөхдүүд байна. Та нар юу хийж байгаа юм бэ гэхэд, тэд СЕХ хууль бус юм хийгээд байгаа учраас жагсаж байна гэх юм. Өө, тэгвэл хамтдаа тэмцье гэтэл гэнэтхэн манай хүн “Энэ хоёр хүнийг дэвшихийг би зөвшөөрч байна” гээд гараад ирсэн. Албан ёсоор бууж өгсөн байсан. Ийм юманд би ямар буруутай юм бэ. 

-Та чуулганы танхимаас байнга live хийдэг бараг цорын ганц гишүүн. Энэ үйлдэл тань нэг талаас хүчирхийлэл, дарангуйлал болж харагддаг. Үүнийгээ больчихвол яасан юм бэ? Монголын хэвлэл мэдээлэл өнчин ганцаараа л тэмцэл хийж явдаг болохоор тань танд байнга нээлттэй байдаг гэж би боддог. “Open door” сонин гэхэд л үргэлж таны өмнө нээлттэй байсан. Одоо ч хоёулаа хэддэх ч юм ярилцлагаа хийгээд сууж л байна. Хэвлэл мэдээлэл нээлттэй байхад та яагаад live хийгээд, бусдыгаа хүчирхийлээд яваад байдаг юм бэ?

-Хоёр шалтгаан байна. Чуулган шууд бөгөөд ил тод хийнэ гээд хуультай. Хоёрдугаарт нь, 10 секундэд кноп дараад байгааг би хоёр секунд эсвэл дөрөв болгоо л гээд шахаад байгаа юм. Хүний өмнөөс кноп дарна гэдэг ёстой жинхэнэ хүчирхийлэл. Үүнийг л болиулах гээд тэмцээд байгаа юм. Нөхдүүд хүний өмнөөс кноп дарахгүй бол би олонх болж, миний санал дэмжигдэнэ. Нөхдийн ирц бүрдвэл би цөөнх. 

-Ойлголоо. Та парламентад тав зургаа дахь жилдээ сууж байна. Ер нь сөргөөцөлдөөгүй гишүүн бий юу. Их ховор үлдсэн байх аа. Нас харгалзахгүй хэрэлдэж, муудалцдаг гэх юм. Та ер нь хүнийг “та” гэж дууддаг уу. Зарим ажиглагчид таныгбиеэ тоосон, оддын өвчин туссан гэх юм. Би аль болох олон янзын асуулт тавих гэж яарч байгаа шиг та бас миний асуултаас өөрийгөөхамгаалах эрхтэй.

-Би илэн далангүй хэлэхэд, хэнтэй ч сөргөөцөлддөггүй. Бодит юмыг бодитоор нь л хэлдэг. Цаг хугацааны эрхээр миний зөв гэдэг нь харагддаг. Энэ гишүүд чинь хувийн хэвлэлтэй, мөнгөтэй, өмчтэй, янз бүрийн юмнуудтай учраас намайг шившгийн хөндийгөөр хөтлөх гээд нэр хоч өгөх, доромжлох, гутаах явдлыг бол байнга хийж байдаг шүү дээ. Та өөрөө ч маш сайн мэдэж байгаа. Гэхдээ би үнэний талд байдаг учраас надад айдас байхгүй. 

-Тантай олон түмэн, хэвлэл мэдээлэл хамт л “тулаан”-д явдаг гэж би хардаг.

-УИХ-ын гишүүд бол А зэрэглэлийн мэдээлэлтэй байгаа. Ард түмэн бол зөвхөн өгөгдсөн мэдээллээс л өөрсдөө дүгнэлт хийж байна. Жишээ нь, Тэд Эрдэнэтийн 49 хувийн тогтоолын эсрэг байгаа. Үнэнд гүйцэгдээд ирэхээр аяндаа тодорхой болно. Хэдэн хуйвалдагчид л хоорондоо хэлэлцээр хийгээд, тогтоол баталсан. Мэдээж хэрэг явдал ээдрээтэй явж байгаа ч үнэн ялна. Тухайн үедээ хүмүүсийн дургүй хүргээд байгаа мэт боловч цаг хугацаа нээрээ О.Баасанхүүгийн зөв байж гэдгийг харуулна. Гэр бүлийн хүчирхийлэл ялангуяа хүчингийн хэргийн талаар би Х.Нямбаатартай муудалцсан. Одоо үнэн байгаа биз дээ.16 настай охин нийгмийг цочроосон юм ярьж л байна.Яагаад гэхээр, эрүүгийн хуулийг хийхдээ, нэг ялтай болгосон аймшигтай заалт хийсэн тухай би яриад байгаа юм. 

-Сонгуулиас олон сарын өмнө “Би Эрдэнэтэд очиж нэр дэвшвэл” ямар вэ гэж таныг хэлэхэд би их гайхсан. Тэр үед Эрдэнэтийн асуудлыг хэн ч мэдээгүй байсан. Эрдэнэт бол газар газраас хүмүүс ирж төвлөрсөн сонирхолтой газар. Очсон нөхдүүд гараад л ирдэг. Зарим хүмүүс таныг ёстой нөгөө А зэрэглэлийн мэдээллээ ашиглаад, 49 хувийн асуудлыг барьж гүйж байгаад Эрдэнэтийнхний саналыг авчихсан зальтай нөхөр гэдэг.

-49 хувь гэдэг зүйл надад их том гай болсон шүү дээ. Яагаад гэвэл МАХН, АН хоёрыг Эрдэнэтийн 49 хувийг авчихлаа гэж ард түмэн бодож байсан. Гэтэл МАХН “Ямар сонин юм бэ. Бид нар анх удаагаа мэдлээ” гээд хэвлэлийн хурал хийсэн байдаг. Гэтэл Цогт-Очирын Жаргалсайхан гэдэг нэр дэвшигч нэг ч реклам хийгээгүй байж мянган хүний санал авсан.Эрдэнэтийн 49 хувийн тухай ярихад хэн ч итгээгүй. Жишээ нь, нэг нь би хорт хавдартай байна гэхээр нөгөө хүн яасан муу ёртой юм бэ гээд л байдагтай адил юм болсон. Уг нь эрт мэдээд эмчлүүлэх ёстой биз дээ. Эрдэнэтийн 49 хувь хулгайд алдагдсан байна аа гэхээр хүмүүс маш ихээр дургүйцэж, О.Баасанхүү худалч гэсэн сөрөг PR орж ирж байсан. Энэ сэдэв надад тус биш ус болсон.

-Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох төслийг та санаачилсан уу? Яагаад түүний нэрэмжит гэж ?

-Тэгсэн би санаачилсан. Эрдэнэт үйлдвэр Ю.Цэдэнбалын оролцоотой боссон. Дашийн Бямбасүрэн гуай Эрдэнэтэд очоод 51/49 болгоё хувиа авъя гэсэн чинь Төв Хорооноос нэг этгээд очоод наадуул чинь юу ч мэдэхгүй 51 хувиа үнэгүй ав гээд хэлчихсэн байгаа юм. Тэгэхээр Монголын хувь тэг болно биз.Танай Төв Хорооны хүн ингэсэн байна аа гэдэг мэдээлэл очиход Ю.Цэдэнбал дарга Орост эмчлүүлж байсан юм билээ. Тэгээд шууд протоколоо бэлтгээд, очиж хэлэлцээр хийгээд, ямар ч байсан 50 хувиа аваад үлдсэн гавьяатай хүн. Энэ бол 1974,1975 оны үед болсон явдал. Ю.Цэдэнбал даргын дараа өөр нэг том хүний ачийг санаж явах ёстой.

-Хэний ?

-П.Дамдин гуай. Захиргаадалтын үед заазуур Дамдин гэдэг хочтой энэ хүн үйлдвэрийг цаг хугацаанд нь барьж дуусга гэж шахсаар байж дуусгасан байдаг. П.Дамдин гуайн гавьяаг мартах учиргүй. Тийм учраас хөөцөлдсөөр байгаад миний болон олон хүний оролцоотойгоор Хөдөлмөрийн баатар цол олгосон. Одоо хүртэл П.Дамдин гуай надад баярлалаа гэж хэлдэг.

-Эрдэнэтийгсонгосон шалтгаан тань яг юу юм бэ. Үзэл санааны хөрс нь үү?

-Би бол жирийн ажилчны л хүүхэд. Одоо цагт мөнгөтэй, намтай айлын хүүхэд дээшээ яваад байна. Ядуу айлын хүүхэд хөргөгчөө, зурагтай зараад, хүнээс гуйлга хийх нь холгүй гүрийж байж сургууль төгсгөхөд, тэдэнд ажил амьдралтай хөл залгах шаанс улам л байхгүй болоод байна. Би Эрдэнэтчүүдтэй үнэн сэтгэлээ л барьж очоод нүүр тулсан. Та нарын хүүхэдтэй адилхан эгэл жирийн айлын хүүхэд Их Хуралд оръё, та нар минь дэмжиж байна уу. Би шударга ёсны төлөө зүтгэегээд үнэнээ хэлэхэд тэнд байгаа хүмүүс өөрийнхөө хүүхэд шиг л харж байгаа юм. Би тэр хүмүүсийн итгэл сэтгэлээр УИХ-д орж ирсэн болохоос бусад шиг мөнгөөр, шударга бус луйвраар орж ирээгүй. 

-Н.Энхбаяр гэдэг домгоор хөтлүүлж очоогүй бол яах бол?

-Тухайн үед намайг нэр дэвшихээс эхлээд л МАХН маань 100 хувь миний эсрэг байсан. Та болохоор намайг яагаад Эрдэнэтийг сонгосон юм гээд гайхаад байх юм. Би үнэнээ л ярьж байна. Яг болсон процесс гэвэл би тухайн үеийн шадар сайдын өрөөнд байж байтал, Н.Энхбаяр “Чи хаана дэвших вэ” гэж асуусан. Би Д.Одхүү Эрдэнэтэд дэвших гэж байгаа юм байна гэж айгаад, Чингэлтэйд дэвшинэ гэж хэлсэн. Тэгээд л мань хүн О.Баасанхүү 64 дүгээр тойрог гээд л бичээд авсан. Гараад талбай дээр Н.Энхбаяр даргатай хамт алхаж явтал утас нь дуугараад нэг хүн ярьсан. Тэр нь энэ МАН-ын Ө.Энхтүвшин дарга байсан. Ө.Энхтүвшин өөртөө зөөлөн хүн өгөөрэй гэж тэгэхэд гуйснаас болоод, Н.Энхбаяр дарга надад 64 дүгээр тойргийг өгөөгүй. Эрдэнэтийн тойрог эвгүй байхад л надад тэр тойргийг өгсөн. Би тэр шийдвэр гаргасан хурлыг бүр хаяад гарсан. Орой нь олон санаат оргож бусна гээд голсон тойргийг нь би авсан. Тэгээд яахав би тойрогтоо үнэнээ яриад л ганцаараа явсан даа. 

-Н.Энхбаяр дарга өөрийнхөө намын гишүүний төлөө биш, МАН-аас нэр дэвшиж буй хүний төлөө шийдвэр гаргасан гэх гээд байна уу?

-Би болсон явдлыг л ярьж байна. Би 64 дүгээр тойрогт 100 сая төгрөг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зарцуулсан. Тэрийг төл гэхээр “Үгүй ээ,тэр ямар хамаатай юм бэ, чи Эрдэнэт рүү яв” гээд л явуулж байсан. Тойргоо усална гэдэг чинь чинь гурил, будаа, хүүхдийн бэлэг гээд хамаг цаг заваа зарцуулдаг ажил шүү дээ. Гэтэл шууд нэг өдрийн дотор л хүний тойргийг булааж авна гэдэг аймшигтай байгаа биз. МАН-ын Ө.Энхтүвшинд МАХН тойргоо өгсөн нь бодитой үнэн болсон явдал. УИХ-ын гишүүн дөрөвхөн хүн байхад, МАХН хэрвээ тойрог өгөхгүй бол ичгэвтэр байдалд орох байсан учраас л надад гологдсон, бараг очоод унана гэж тооцсон тойрог өгсөн.

-Та хөөгдөж, туугдаж байхаар энэ намыг орхиж болдоггүй юм уу?

-МАХН гэдэг чинь миний аавын, ээжийн, өвөөгийн нам юм шүү дээ. Энэ нам хэн нэгэнд өмчлүүлэх ёсгүй. Би ийм өмчлөх гэсэн хуйвалдаан бүрийн эсрэг зогсоно. Н.Энхбаяр дарга МАХН-ын энгийн гишүүн нь байгаад, сайхан хамтраад ажиллаж болно шүү дээ. Би намаас хөөгөөгүй, заавал дарга байх ямар учиртай юм бэ. Би энэ их хүсэл тачаалыг нь ойлгодоггүй. “2020 он хүртэл энэ намаа аваад яв” гээд, дүүдээ үлдээж болно ш дээ. Ц.Элбэгдорж, Н.Багабанди, П.Очирбат, С.Баяр нь ч байна уу, тэд өөрсдийнхөө дүү нараар дамжуулаад л улс төрөө хийгээд явж болж л байгаа биз дээ. Гэтэл улаан цайм гарч ирээд, өөрөө бүхнийг хийнэ, өөрөө л ганцаараа шийдвэрийг гаргана, өөрөө л өмчилнө гэдэг нь харамсалтай байна. Яагаад дүүдээ нэг удаа итгэж болдоггүй юм бол доо. Би Н.Энхбаяр даргыг өмгөөлөхдөө хоёргүй сэтгэлээр л өмгөөлж байсан. Н.Алтанхуяг сайд мэдэж байгаа, би өдөр болгон л төрийн ордонд орж бүх л ерөнхийлөгч, сайдуудаас “Даргыг минь суллаад өгөөч” гээд гуйгаад явж байдаг байсан. Гэтэл хүмүүс дарга чинь чамайг яагаад байдаг юм бэ гэж урдаас гайхаж асуугаад байдаг. Би нээрээ, даргыг яасан юм бол. Солонгост байхад нь, шоронд байхад нь хамгийн олон удаа эргэсэн хүн нь би шүү дээ. 

-Та Г.Шийлэгдамба дээр очсон уу?

-Би хоёр удаа очсон.Одоо Амгаланд хоригдож байгаа. Таван жилийн ялтай. Манай МАХН мөнгийг нь сонгуульд ашиглачихаад, яллагдахад нь “Нам ашигласан гэж хэлсэнгүй дээ” гэсэн гомдолтой байна лээ. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна. Би тууштай байна л гэж хэлж байсан. 

-Золиослогдож яг л Гаалийн Баатар шиг хэлмэгдсэн гэж үү. Танай намынхан түүн дээр огт очдоггүй гэсэн. Энэ үнэн үү?

-Очдоггүй. Орон шоронд байгаа хүнээс зугтахыг л бодно шүү дээ.

-Яасан ч муухай юм бэ дээ.

-Би бол Г.Шийлэгдамбын эсрэг байгаагүй, харин Г.Шийлэгдамбыг миний эсрэг маш их турхирч байсан. 

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой асуух зүйл байна. Та Б.Хурцыг яагаад тэгж их дэмждэг юм бэ. Энэ тухайгаа ярьж болох уу?

-Би Б.Хурцыг дэмждэггүй. Сайн танихгүй. Гэнэтхэн намайг Б.Хурцыг дэмждэг хүн гээд л Ж.Батзандан яриад унасан.

-Та түүнийг дэмжиж саналаа өгсөн байсан.

-Энэ тухай Ж.Батзандан гарч ирээд, хэвлэлийн хурал хийхээр нь чамайг би дэмжинээ гэсэн чинь урдаас “Намайг Б.Хурцтай найзлуулаад өгөөч, чамайг их ойрхон байдаг гэх юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Энэ залууг би сайн мэдэхгүй. Тагнуул, АТГ-т байдаг л гэж мэднэ. Харин БЗД-ийн засаг дарга байсан нөгөө нохойны хөшөө босгодог Б.Батзоригийн найз юм байна лээ. Чи харин тойрог дээрээ Б.Батзоригийг биш өөр хүн дэвшүүлж өгөөч гэж Б.Хурцтай уулзаж байсан юм биш үү. Чамайг тэгж уулзаж байсан гэж шуудангийн ах хэлсэн” гэж хэлээд, би гараад явсан. Маргааш нь хуулийн дагуу бэлтгэсэн бичиг байхгүй, байнгын хорооны хурал дээр ороодирэхээр нь наад бичгээ хуулийн дагуу болгочих оо л гэж би хэлсэн. Гэтэл л Ж.Батзандан орилоод л, хашгираад л, чарлаад л унасан. Би тэгэхдээ ойлгож байна. Ж.Батзандан маань Цагаан шонхорын Ч.Энхтайван тэргүүтэй хүмүүст барьцаалагдсан хүн шүү дээ. Ингээд л Б.Хурцыг надтай холбоотой юм шиг болгоод орилоод явчихсан.

-Сая сүүлд Б.Хурцын асуудлыг чуулган дээр хаалттай хэлэлцүүлэг болгож өөрчилсөн нь таны шийдвэр биз дээ?

-Тэгэхгүй яах юм бэ. Цаазаар авахуулсан гурван хүний нэрийг асуугаад, хэлүүлэх гээд байсан. Би Хойд Солонгос яваад ирсэн байж байдаг. Ард түмний нүдэн дээр хариулах уу, хариулахгүй юу. Энэ чинь бас Монгол Төрийн асуудал шүү дээ.

-Төрийн нууц, Төрийн хар хайрцагны бодлого байх ёстой гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ...

-Тийм. Б.Хурцыг ажлаас нь халаагүй, шилжүүлэн ажиллуулж байгаа юм. Хуулинд халах, чөлөөлөх,шилжүүлэн ажиллуулах гурван заалт байна. Тагнуулд ил, далд гэсэн хоёр ойлголт бий. Ил тагнуулнь дипломат алба, далд тагнуул нь тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажил. Б.Хурцыг яагаад шилжүүлэн ажиллуулж байгааг би төрийн өндөрлөгүүдээс мэдсэн. Гэхдээ хэлж, ярьж болохгүй байна. Тийм учраас гадны тусгай албадуудад битгий захиалга өгөөд бай гэж зарим хүнд хэлмээр байна. Ж.Батзандан солонгосчууд Б.Хурцыг хөөж явуулна гэж маш буруу мэдэгдэл хийсэн. Солонгосын тусгай албадад захиалга өгөөд байна л гэсэн үг. УИХ-ын гишүүн хүн ийм мэдэгдэлхийдэггүй юм аа л гэж би хэлсэн.

-Монгол улсыг төлөөлж ажиллахаар явж байгаа хүнийг тойрсон баахан хар мэдээлэл шидэж, дотооддоо нүддэг нь бол нэг талаас таагүй явдал л даа.

-Б.Хурцыг ажлаас нь халаач, хэрэг төвөг байдаг юм бол шалгаач, яасан гайтай хүн бэ гэж би хэлээд байгаа юм. Тусгай хяналтын дэд хороонд би байсан. Дээрээс нь Хойд Солонгос-Монголын парламентын харилцааг хариуцсан бүлгийн дарга. Нарийн юмнууд их байгаа болохоор хуулийн дагуу бичгээ оруулаад ир гэж л Ж.Батзанданд хэлсэн. Өөр юм байхгүй. 

-Та намайг ямар зэрэглэлийн мэдээлэлтэй байдаг хүн гэж боддог вэ?

-Та хүссэнээ асуу л даа. Би таныг эзэмшсэн мэргэжилдээ эзэн хүн гэдгийг л мэднэ. Нэгэнт би ярилцлага өгөхийг, тэгэх тусмаа нэлээн дэлгэрэнгүй ярина гэдгийг зөвшөөрсөн учраас ямар ч асуултад чинь хариулна. 

-Хойд, урд аль Солонгосчуудтай холбоотойг сайн мэдэхгүй байна. Христийн шугамаар орж ирсэн бүсгүйчүүдтэй холбоотой таны нэг бичлэг байдаг гэх юм. Шашин бол ардаа маш их нууцыг тээж явдаг салбар . Нөгөө талдаа асар олон хүний сүсэг бишрэл, үзэл санааг агуулдаг гэдгийг мэднэ. Гэхдээ нэг тийм бохир бичлэг байгаа, тэрүүгээрээ таныг барьцаалагдсан гэсэн мэдээлэл далд яваад байна. Б.Хурцыг энэ бичлэгийг устгачихаач гэж олон сар гуйсан, цаадах нь “устганаа, устгана” гэсээр өдий хүрсэн гэх юм.

-Наадах чинь бол ёстой үлгэр. Би албан ёсоор хэлье. Би христийн шашинтайгаа нуудаггүй. Христийн шашин бол хэзээ ч тийм юм хийхгүй. Одоо бас ийм бичлэг гаргаж ирэх юм байна. Мэдэж авлаа .Гарах нь сайн. Янз бүрийн юм ярина л биз. Би тэрнээс айдаггүй. Эвлүүлгээгаргана л биз. 

-Ер нь бол таныг эмэгтэй хүнтэй холбож байсан баримт байхгүй. Залуу хүний хувьд цаашдаа эмэгтэйчүүд болон авилгын холбогдолтой баримт надаас гарахгүй гэж бардам хэлж чадах уу?

-100 хувь хэлж чадна. Одоо эвлүүлэг, монтажны ажил маш хялбар болсон энэ цаг үед миний эхнэр ч, би ч тийм дайралтаас айдаггүй. Яагаад гэвэл тиймэрхүү зүйл бол инээдэмтэй ажиллагаа.

-Эвлүүлээд гаргаад ирэхгүй юм бол ямар ч тийм асуудал байхгүй гэж хэлж байна уу?

-Олон нийтийн сүлжээгээр янз бүрийн л юм эвлүүлсэн бичлэг байнга л явж байдаг. Би харин сэргийлээд ҮАБ-ын дарга, Тагнуулын дарга нарт албан бичиг явуулсан. 

-Олон хүн таныг заналхийлсэн хүн учраас саяхан болсон Эрдэнэтийн форумд ирээгүй гэх юм. Үнэхээр тийм юм байгаа юу?

-Өнөөдөр ч гэсэн байнгын заналхийлэл янз бүрийн хэлбэрээр ирсээр л байгаа. Жишээ нь, Ц.Нямдорж гэдэг хүн Н.Энхбаяр гэдэг хүнээс айдаг. Н.Энхбаярт хар ном байдаг гэж зарим хүмүүс ярьдаг. Уншсан хүн нь ганцхан би. Тийм учраас олон хүний тухай би мэднэ. Цаашдаа бүүр олон зүйл мэдэх бололтой. Тиймээс энэ хүмүүс намайг шившгийн хөндийгөөр ямар нэгэн аргаар хөтөлж явахыг үгүйсгэхгүй. Шээс, баас гэж хоч өгнө. Нэг бол тагнуулч болгоно. Инээд л хүрэх юм. С.Ганбаатарын хэлж яриад байгаа юмыг хууль, шүүхээр шийдвэрлүүлье. Бид нар төртэй юм бол төрөөрөө шийдвэрлүүлье.Төргүй юм бол хувийнхаа хуулиар шийдвэрлэе. Би толгойтод арван жилээ төгссөн хүн, янз бүрийн төвшний хүн бас танина. Хүссэнээ л хэл, хий. Би айхгүй. 

-Таныг телевизэд ярилцлага өгч байхад С.Ганбаатар хажуугаар тань орж ирж үймүүлж байгаа нь их зохисгүй харагдаж байсан. Та харин беэ сайн барьж байна билээ?

-Гудамжны хүн гудамжныхаараа л байдаг юм байна. Ард түмэн тэнэг биш. С.Ганбаатар гадаадын иргэнээс 50 сая вон хахуульд аваад ард түмнээ доромжилсон. Тэр үйлдлээ хууль бусаар намайг илчилсэн гээд яриад байгаа нь тэнэг харагддаг. С.Ганбаатар хаалгаа онгойлгоод мөнгө авсан нь хамгийн том тэнэглэл. Бусад нь бол инээдэмтэй юм байна лээ гэж Ц.Нямдорж ярьдаг. Үнэн шүү дээ, ийм хүн ерөнхийлөгч болохын бол яах уу. Ерөнхийлөгч болоогүй нь болж дээ гэж би боддог. Ард түмэн үргэлж зөв шийдвэр гаргадаг гэж үзэж болохгүй ч түүний өрсөлдсөн сонгуульд зөв шийдвэр гаргасан л гэж би боддог. 

-Өнгөрсөн УИХ-ын сонгууль болохоос олон сарын өмнө би Эрдэнэтэд очиж ажилласан. С.Зоригийн хэргийн золиос болсон тэр айлуудыг олж сурвалжилж хамгийн эхэлж цацсан. Тэр үед тэд О.Баасанхүү, Л.Цог гээдгишүүдэд өргөдөл, гомдол гаргаад их явсан гэж ярьж байсан. Гэвч та тоогоогүй. Би Эрдэнэтээс ирээд тантай уулзаад, энэ тухай танд хэлж байсан. Та санаж байгаа байх. Энэ хөөрхийлөлтэй айлуудын хувь заяа хаашаа, яаж шийдэгдэх нь вэ гэж одоо танаас асуумаар байна.

-14 мянган хуудас материал ил болсон гэж би ойлгож байгаа. Би өмгөөлөгч байсан хүний хувьд тэр материалыг уншина гэж бодож байгаа. ҮАБ-ын зөвлөлийн гишүүд нэгдмэл ойлголтод хүрэх ёстой гээд хурал хийгээд, тэр хуралнь дуусаагүй байна гэж би ойлгож байгаа. Тиймээс өнөө, маргаашгүй авч уншихад хэцүү байна. Байж болох бүх аргаараа тэр хүмүүст туслах гээд л би явж байгаа. Орилоод, хашгираад ил яриад яваад байх нь тус биш. Жишээнь, олон улсын парламентын холбоо руу захиа бичээд, тэднийг авчраад, бүх мэдээллээр хангаад, ШШБЕГ-аар дамжуулан уулзалт зохион байгуулах гээд их хөөцөлдсөн. ОУ-ын парламентын холбооныхон дүгнэлтээ гаргахдаа, хамгийн зөв бөгөөд хамгийн сайн ажилласан нь та байна гэсэн.

-Нэр нь ил болчихсон тэр хоригдол2-3 жилийн турш Б.Содномдаржаа руу маш олон мессеж бичиж дарамталсан байдаг.

-Ц.Амгаланбаатар бичсэн ч юм уу. Гүйцэтгэх ажлын шугамаар бичсэн ч юм уу, бид мэдэхгүй.

-Тэр мессежүүдийг би сайн санаж байна. Хоригдлууд утастай л байж байдаг шүү дээ. Надад ч шоронгоос их мессеж ирдэг л байсан. Ийм үйлдлүүд дээр ШШБЕГ-ын албан тушаалтнуудад нөхөн хариуцлага хүлээлгэх тухай зүйл заалт байдаг уу. Онц хүнд гэмт хэрэгтэн мессежээр хүн дарамтлаад л байж байдаг ?

-Шоронгоос над руу ч, тань руу ч мессеж ирж л байсан. Тэд нарыг бид мэддэг. Хүний амьдрал юм болохоор ийм мессеж ирлээ, ингэлээ, тэглээ гэж матдаггүй.Нарсны хууль, нарны хууль тусдаа байна. Энэ хэргээр одоохондоо гурван хүн шүүлээ гээд байгаа, тодорхой хүмүүс зарлагдах тухай ярьж байна. Хууль, хүчний байгууллагуудаас ил далдаар янз бүрийн шугамаар асууж л байна. Явц маш сайн байгаа тухай сонссон. 

-ТЕГ-ын мөрдөн байцаалтын хүрээнд Ц.Амгаланбаатарыг авчраад өргөж авсан эгчтэй нь олон жилийн дараа уулзуулж байгаа юм. Хөөрхий тэр эмэгтэй айна биз дээ. Өмнө нь эгчтэйгээ холбоотой байсан ч сүүлийн хоёр жил нь таг болсон гэдэг. Би амьдрах аргаа олчихлоо, мөнгө төгрөг авахгүй ээ гээд л сураггүй болсон гэж байгаа. Сүүлд тагнуулын мөрдөн байцаагчийн дэргэд тэгж уулзахдаа эгч нь “Чи яаж байгаа юм бэ дээ, олон жил айл саахалт явсан улсуудын амьдралыг орвонгоор нь эргүүлчихлээ. Ингэж гүтгэж болохгүй шүү дээ” гэж хэлэхэд эгчийгээ “ална шүү п... минь” гээд дайрахад мөрдөн байцаагч хараад зогсоод байсан гэдэг. Тэр хүн чинь ялтан. Энэ үйлдлийг би хувьдаа айлгаж дарамталсан явдал гэж үздэг. Надтай уулзахдаа эр эмэгтэй маш их айдастай байсан. Ийм аргачлалаар мөрдөн байцаалт явсаар л байх юм уу?

-Бүх мөрдөн байцаалт видео бичлэгтэй. 

-Тагнуулчид тэр бичлэгийг устгачихна. Замын цагдаа хүртэл өөрийнхөө зүй бус хэлсэн үгнүүдээ устгачихаад, иргэний хэлсэн үг нь бичигдсэн пайл гаргаж ирдэг. Ийм явдал түгээмэл. Хүссэнээ үлдээгээд, хүссэнээ арилгачих жишээтэй.

-Б.Содномдаржаа алсан гэдэг юм уу, Т.Чимэгээ алсан гэдэг ч юм уу ийм зүйл бихэлэхгүй. Хуулийнхан материалыг нь очоод уншиж болно гэж л хэлээд байгаа. 

-Тэр материал чинь зохиогчтой зохиомол материал.

-Гэхдээ М.Энх-Амгалан прокурор хэргийн ажлын хэсэг ахалж байсан. Маш олон мөрдөн байцаагч энэ хэрэг дээр ажилласан. Хоёр, гурван зуун хүн ажилласан гэж би ойлгосон. Хэрэг хуучрахгүй. Ийм дуулиантай хэрэг тодорхой төвшиндөө харагдаад, яригдаад л явдаг. Үйл үйлээ дагана гэж үг байдаг. Тийм учраас энэ асуудалд маш ул суурьтай хандах ёстой гэж би боддог. Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа гуайд би жоохон ч гэсэн тус хүргэе гэж боддог. Гурил, будаа байвал, цүнх сав байвал хүүхдэд нь өгөхийг хүсдэг. Би хэрэг шалгадаг, байцаадаг хүн биш. Хүний эрхийг зөрчиж байна уу, үгүй юу гэдгийг л нягтлах эрхтэй. Хоёрдугаарт нь, хэргийг ил болгон олон түмэнд сонсгох ийм л зорилготой. Тиймээс олон улсын парламентын холбоо энэ хэргийг ил болгох тал дээр нь ажиллаачээ, гэж би хэлээд байгаа. Ил болгох асуудлыг нягтлан үзээд, дүгнэлтээ явуулаачээгэсэн захиа надад ирсэн байгаа. Тун удахгүй энэ асуудлын гол захиалагч нь тодорхой болно. Улс төржиж байгаад шоронд тэр хүмүүсийг алчих вий дээ гэдэгт би их айж байгаа. Гэрчийг устгах ажиллагаа явчих вий гэж. 

-Магадлалтай.

-Хоригдлууд галуун цуваагаар суудаг, босохдоо л хутга зоохыг үгүйсгэхгүй. Тийм учраас энэ асуудалд хяналт тавьж ажилдаг хүн сая ажлаасаа халагдсан гэх мэтчилэн нарийн юм байгаа. Би Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэж ялгаварлаж хандахгүй. Энэ хүмүүс хийсэн гэж би хэлэхгүй. Шүүх эцсийн шийдвэр гаргадаг. Би өөрөө 15 жил хавтаст хэрэг уншлаа.Зохиомлыг зохиомол гэж, жинхэнэ хавтаст хэргийг жинхэнэ гэж ялгаж мэдэх туршлага надад бий. Бүх аргыг би мэднэ. Олон дуулиантай хэргүүд дээр ажиллаж байлаа. 

-Одоогийн ТЕГ-ын даргаар тавигдсан хүнийг энэ хэрэгт хүч тавин ажиллана гэдэгт итгэлтэй байна уу?

-Ерөнхий сайд М.Энхсайханаас хойш ТЕГ-ын бүтэц, ажлын чанар их муудсан. Гэхдээ домог шиг хүмүүс бол байгаа. Жишээ нь, хэвлэлийн салбар муудсан, гэхдээ үнэхээр сайн сэтгүүлчид байдаг шигтэй нэгэн адил. Жинхэнэ генерал болох хүмүүсийн л нэг. Агуу мэргэшсэн тагнуулч хүн гэж ойлгох хэрэгтэй. Одоо бол хэрэг үнэн зөвөөрөө гарна гэдэгт итгэлтэй байна.

-Хамгийн зөв, нүдээ олсон томилгоо гэж үү?

-Энэ хүнээс өөр хэн байх вэ дээ л гэж бодогдохоор.

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал жил гаруй яригдаж байна. Хэр ахицтай явж байна вэ?

-Би Орхон аймагт хэлэлцүүлэг хийгээд нэртэй, утастай нь 3500 хүнээс саналыг нь авсан. Энэхүү саналыг дүгнэхэд, өөрчлөх нь зөв гэсэн ойлголтонд би хүрсэн. Гуравхан зүйл дээр өөрчлөлт хиймээр байна. Нэгдүгээрт, засаг захиргаа, нэгжийн тухай хуулинд хот гэдэг статусыг оруулах, хоёрдугаарт, төрийн албан хаагчийн тогтвортой байдал буюу 60 тэрбумыг байлгахгүй баймаар юм байна лээ. МАХН ч, МАН ч, АН ч тэр чигээрээ 60 тэрбумынхан шүү дээ. Яриа хөөрөөг нь сонссон гээд байгаа бичлэгний золиос М.Энхболд болоод чичлүүлээд байгаа болохоос биш. Манай Г.Шийлэгдамба бас л 60 тэрбумын золиос.Харин ч АН-ынхныг бүр 180 тэрбумынхан гэж хэлмээр байдаг. Тэр ил тодоор мөнгөө авдаг, оронд нь албан тушаал өгдөг. Сонгуулийн нэрээр яриад 100 саяар босгоо тавьдаг шүү дээ. Гуравдугаарт нь, сонгуулийн хуулийг батлахдаа, сонгуулийн журам батлах гэсэн заалттай. Тэгтэл бид дандаа тогтолцоо батлаад байсан байна. Тиймээс тогтолцоо, журам батална гээд өөрчилмөөр байгаа юм. Энэ гурвыг 100 хувь өөрчлөх ёстой. Бусад бүх зүйл нь маргаантай. Маргаантай зүйлийг хөндвөл 50-70 хувийн эсэргүүцэлтэй тулна. Энэ гурав дээр хэн ч маргахгүй. Бид нар өөрчлөхийг зөвшөөрч байна. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй юу, үгүй юу энэ тэрийгээ орхиё. Миний хэлсэн гурвыг өөрчлөх тал дээр намууд ойлголцсон. Бүх хүмүүс зөвшөөрч байна. Яагаад гэвэл, саналын дүгнэлтийн ажлын хэсэгт ажиллаж байгаад асуухад, хамгийн давуу нь энэ гурван санал байна лээ. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй гэдэгт 70 хувь, эрхгүй гэдэгт 30 хувь нь санал өгсөн байсан. Нэг гараараа хориг тавиад, нөгөө гараараа хууль санаачлаад байгаа юм. Би 30 хувийн талд ормоор байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн эсрэг МАН-тай нийлчихлээ гээд доромжлуулна. Засгийн газрын хувьд зөвхөн Ерөнхий сайдыг томилно. Ерөнхий сайд бусдыг нь өөрөө томилно гэж. Ингэхээр хяналтгүй болно. Нөгөө сайдуудад ярих, хэлэх хүнгүй болчихно. Хэцүү юм өчнөөн байна. 

-Сонгуульд оролцож, УИХ-д орж ирж ажиллана гэдэг эдийн засгийн хөшүүрэг зайлшгүй хэрэгтэй зүйл. Та энэ асуудлаа яаж зохицуулж байна. Танд шашны замаар орж ирдэг хөрөнгө оруулалт байдаг гэж сонссон.

-Тийм юм байхгүй ээ. Би чинь баян хамаатантай хүн. Тэр хүн MCS, Петровисоос дутахгүй баян. Тэр ах маань намайг дэмждэг. 

-Тийм үү?

-Маш баян хүн байгаа. Чамайг элдвийн юмтай хутгалдуулмааргүй байна, ажлаа л сайн ий. Улс төрд хамгийн их амжилтыг гаргаарай л гэдэг. Хуучин Н.Энхбаяр даргыг дэмжиж байсан юм байна лээ. Н.Энхбаяр дарга харин эргээд хэлмэгдүүлсэн байдаг. Улс төрд нөлөөтэй тийм хүн байгаа. Бид хоёрын намын үзэл бодол өөр учраас улс төр ярьдаггүй. Зөвхөн садан төрлийн холбоотой. Би хадам аавынхаа зургийг зардагаа нуудаггүй. Манай аав, ээж хоёр ч хөөрхөн бизнестэй. 

-Аав, ээж хоёр нь өрмөө зарж байгаа юу?

-Өрмөө зараад л өргөжөөд явж байна. Манай тэр хамаатан бол их дэмжинэ. Намын үзэл, угшил өөр учраас хардаж сэрдэхийн нэмэр гээд хамаатан гэж би хүмүүст хэлдэггүй юм. Тийм болохоор би мөнгөн дээр айдаггүй.

-Шашнаар дамжиж мөнгө орж ирдэг л гэж сонссон. Христийн сүм олонбайдгийг хэлэх үү?

-Шашин чинь ядуу. Христийнхэн өөрт нь юм байхгүй мөртлөө байгаагаа хүнд өгчихдөг. Уг нь хүн өөрийгөө дүүргэж аваад, илүүгээ хүнд илүүчилнэ.Гэтэл Христийнхэн байхгүй мөртлөө байгаагаа л хүнд өгчихдөг. Өөрөө хувцас авахгүй, тэгсэн хэрнээ өөртөө байгаа нэг илүү хувцсаа хүнд өгчихдөг. Жишээ нь, долоо хоногт гурван удаа мацаг барьж, хоол хийх махаа цуглуулж байгаад хойд Солонгос хүмүүсийг авчраад мах шараад өгчихнө. Итгэл, үнэмшлийнх нь асуудал. Итгэдэггүй хүмүүс хөөх ямар баян юм гэж хараад байдаг. Мөнгөтэй байна гэж бодоод байдаг. Хүнийг эрхээ хасуулаад хоригдож байхад эргэ, өлсөж байхад нь хоолло, хувцасгүй байхад нь хувцаслана гэдэг чинь Есүст тусалж байгаатай адил гэж номлодог. Энэ итгэл, үнэмшил, номлолоосоо шалтгаалаад, бурхан бүх хүнд хайртай учраас би бурхныг хайрлаж байгаатай адил тусалла гэдэг юм. Би заримдаа итгэгчдэд гомддог л доо. Гурил, будаа байж л байна. Надад өгөөдөх л дөө. Ядарсан хүмүүст өгье л дөө , би танарт итгэдэг гэхээр “Уучлаарай гишүүнээ бид улс төрийн шалтгаанаар ажил хийдэггүй” гээд будаа ч өгдөггүй. Би ч та нарын залбирал байхад л болоо доо л гэдэг. Манай намын Их хурлын үеэр Ц.Шаравдорж маш муухай бүдүүлэг зан гаргасан. Христийн цуглаан гэж ярьсан. Ийм маягаар ардчилал, хүний эрх ярьдаггүй. Тэр Их хуралд ирсэн 1000 хүний хэн нь ямар шашинтайг би мэдэхгүй. Харин ч 2012 оноос хойш манай гишүүн энэ намынх юм чинь гээд МАХН-д гишүүнээр элссэн байхыг үгүйсгэхгүй. Би мэдэхгүй. Сонгуулиар тэд намдаа л саналаа өгнө. Хүнийг итгэл, үнэмшлээр нь ялгаварлаад, гүтгээд, доромжлоод байна гэдэг нь ардчилал байхгүй байгаагийнх. Аливаа юм аажим аажимдаа илчлэгдээд явах байх. Тийм болохоор би маш баян хамаатантай. Цагтаа онгоц оруулж ирж байсан компани. Тэгэхээр намайг элдэв юмаар хардаж сэрдээд нэмэргүй. 

-Н.Энхбаяр даргыг таны биед нэг бус удаа гар хүрсэн гэдэг яриа явдаг. Ер нь яг алгадаад авсан юм байна уу. Уг нь өөрөө характерийн хувьд их зөөлөн хүн. Тэгээд гайхаад л асууж байгаа юм.

-Надад нэг ч гар хүрээгүй. Тийм хүнээс үг сонсох гоё ш дээ. Мэдээж ажил хэргийн асуудал дээр чанга дуугаар пээ, паагаар дуудах нь энүүхэнд. Д.Эрдэнэбатын хэлснээр эр хүн гурван шанаа, гурван үг даахгүй юм бол эр хүн гэж хэлээд яахын гэдэг шиг Н.Энхбаяр дарга шиг хүнээс үг сонсох сайхан. Бид нарын саяны хийсэн намын Их хурал Н.Энхбаяр даргыг намын даргаар томилох зорилготой хуралбайсан.Гэтэл зодуулсан, нүдүүлсэн гомдолтой хүмүүс Н.Энхбаяр даргыг огцруулсан. Н.Энхбаяр дарга гомдоосон хүмүүсээсээ уучлалт гуйгаад, хамтраад ажиллая гэвэл бид үргэлж л нээлттэй. Намайг Н.Энхбаяр даргынхаа төлөө гэдэг үү, үгүй юу гэдгийг бурхан л мэднэ дээ. Гэтэл дарга би жинхэнэ тагнуулчаа илчиллээ гээд зурагтаар ярих юм.(инээв) ТВ 9-ийг хаана гээд, Н.Энхбаярыг хувьдаа завшсан гээд японоос шашны шугамаар бичиг ирж л байсан. Би өмгөөлөгч байхдаа японд очоод, уулзаад ирсэн. Бичлэг нь надад байж л байгаа. Уулзалтын дараа Японы элчин сайдын хуулийнзөвлөхийн хувьд Японы газар нутаг дээр гүйцэтгэх ажил хийсэн байна гэдэг гомдол гаргаад, Японы ЗГ-аас эсэргүүцэл тавиулж байгаад, тэр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл ТВ9 нь миний эсрэг санаа зовмоор юм хийгээд л байдаг. Цагтаа ТВ9-ийн хуулийн зөвлөхөөр би ажиллаж байлаа. Ажиллаж байсан байгууллага маань намайг балбаад байхаар би “Миний ах аргаа барах юм даа, яах гэж ингэдэг байна аа” л гэж бодох юм. Дундаа ганц вино тавьж байгаад, яг хуучнаараа хоёулаа юм ярих юмсан гэж би мөрөөддөг. Надад яагаад итгэдэггүйг нь би ойлгодоггүй. Явсаар байгаад энэ нь эргээд бидний харилцааг ийм байдалд хүргэчихлээ. Н.Энхбаяр дарга Э.Эрдэнэжамъянд, З.Баянсэлэнгэд, Б.Тулгад итгэдэг. Тэд нар нь Н.Энхбаяр даргад итгэдэггүйг бас бодох ёстой. Орон зай хараад байна уу, орилсноор нь илүү гэж хараад байна уу. Хамгийн ойрхон байсан нь ганцхан би шүү дээ. Би одоо ч ойрхон байгаа. Н.Энхбаяр дарга гомдоод байгаа байлгүй дээ л гэж боддог. Хүмүүс дарга таныг ингэлээ, тэглээ тайлбар хийгээч гэж над руу ярьдаг. Зурагтаар яриагүй л байна гээд би сууж л байдаг. Би зургадугаар сард тангараг өргөсөн байхад надад одоо болтол дарга баяр хүргээгүй. Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ хоёр даргатай утсаар яриад, таныг хэлж байна гээд баяр хүргэчих үү гэхэд, өө баяр хүргэе гээд утсаар хэлээд л өнгөрсөн. Яагаад ингээд байдаг юм бол, би ойлгодоггүй. 

-Нам нь нэг суудалтай болж байхад баярласан байлгүй дээ?

-О.Баасанхүү одоо ямар хэрэгтэй юм бэ. Сард төлдөг хоёр сая төгрөг нь хэрэгтэй биш юм бол наад балайгаа зайлуул л гэсэн байдаг. Хов жив байлгүй дээ гээд дуугүй яваад байтал зургаан удаа намайг хөөлөө.(инээв) Гэрээсээ зургаагийн зургаан удаа хөөгдсөн хүн яах вэ. Бас болохгүй биз дээ. Гэр бүлийн хүчирхийлэл болно шүү дээ. Тэгээд ч энэ нам нь хувийн өмч нь биш гэдгийг сануулж тэмцсэнийхээ төлөө би өнөөдөр адлуулж яваа шүү дээ.

-За, илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Шинэ оны ажилд нь амжилт хүсэе.

-Баярлалаа. Танд бас ажлын их амжилт хүсье.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав