Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяртай уулзах хүсэлтийг уйгагүй тавьсаар байлаа. Учир нь энэ хүн бол бүх сэтгүүлчийн төдийгүй Монголын олон нийтийн, улс төр, бизнесийн ертөнцийнхний хүсэн хүлээж байгаа зочин юм. Ярилцлага маань намрын налгар шар өдөр түүний шинээр төвхнөсөн ажлын өргөөнөө эхэллээ. Товлосон цагаа хэн хэн нь ягштал баримталсныг бугуйн цагаа инээвхийлэн харж нягталсан ерөнхийлөгчийн харцнаас илт. Шаргал өнгийн арьсан ботинк, цайвар богино куртка тэргүүтнээр энгийн хэрнээ нүнжигтэй хувцасласан Н.Энхбаяр дарга урьдын адил цэвэр цэмцгэр, өнгөлөг, басхүү цаанаасаа хийморьтой харагдана. Яриан дундаа нүд нь байн байн инээмсэглэлээр дүүрч, шогийн мэдрэмжээ эелдгээр „гайхуулдаг” нь хэвээрээ. Хэнтэй ч бардамнадаггүй, тэвчээртэй сонсдог нь янзаараа байгаа нь уулзалтын өнгийг найрсаг уур амьсгалаар бүрдүүлж байсан юм. Ингээд түүний ярианд анхаарлыг тань хандуулъя.
-Сайн байна уу. Тантай уулзаагүй уджээ. Бас Та их өнгөлөг, хийморьтой харагдаж байна?
-За, баярлалаа.
-Монголын ард түмэнд таны ямархуу байгаа, цаашид юу хийж ажиллаж амьдрах, ер нь юу бодож санаж яваа тэр чигээрээ сонин байгаа. Бидний яриа энэ бүхэнд тодорхой хариулт өгөөсэй гэж хүсч байна?
-Мэдээж хэрэг олны нүдэнд байнга харагдаж, тэдний хараа бараан дор төрд зүтгэж ирсэн хүний хувьд гэнэт үзэгдэхээ байчихаар хайж үгүйлэх, санаа тавих сэтгэл зүйн сонин агаар нийгэмд тодорхой хэмжээгээр бий болдог. Тэр ч үүднээс надтай уулзаж, дэлгэрэнгүй ярилцлага авах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр миний өнөөгийн амьдралын талаар сурвалжлага авах хүсэлт их ирж байх шиг байна. Би үүнийг сайн ойлгож байна. Тэгээд таны саналыг хүлээж авч, ярилцлагад тань орох шийдвэр гаргасан юм. Аливаа ярилцлага тухайн сэтгүүлчийн тавьсан асуултын хүрээнд л өрнөдөг. Тэгэхээр би тэр хүрээнд чинь, гэхдээ аль болох чин сэтгэлээсээ хариулж ярилцахыг хичээе.
-Баярлалаа. Албаа хүлээлгэн өгснөөс хойш таныг нэлээд хугацаагаар амрах байх гэж ойрын тань эх сурвалж хэлж байсан. Гэтэл Та ууланд авиралт хийхээр явчихсан нь хачирхалтай санагдсан?
-Сонгуулиас хойш наадам залгаад цөөн хоног амарлаа. Ууланд авирах дуртайг маань та бүгд мэднэ. Ууландаа авирлаа. Энэ удаа Увс аймгийн Хархираа ууланд авирсан. Хархираа уул бол 4059 метр өндөр уул шүү дээ. Авиралт маань өмнөх авиралтуудтай адил амжилттай болсонд баяртай байгаа. Уул бол хүний сэтгэлийн хатыг шалгадаг онцгой орчин. Гол нь өрөөлийг биш өөрийгөө ялах нь уулын спортын онцлог. Нөгөө “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад улсаа зас” гэдэг чинь энэ. Уулын тухай, яагаад энэ спортоор хичээллэх болсноо өмнө нь би таны ярилцлагад орж байх үеэрээ нэлээн дэлгэрэнгүй ярьж байсан санагдаж байна. Энэ сэдвээр бол би өдий төдий сонин ойлголт, өвөрмөц мэдрэмжүүдийг та бүхэнтэй хуваалцаж чадна.
-Та бол Монголын „хаан” байсан хүн. Төрийн том орон зайг эзэлж, төрийн зүтгэлтний амьдралаар амьдарч ирсэн. Гэвч одоо урьдынхаараа их тэнгэрийн өглөөг угтаж, дохио хангинуулсан хамгаалалтын цуваатайгаа саарал ордонд ирэхээ больсон. Энэ асуултаараа би таны одоогийн амьдралын өдөр тутмын хэв маягийг л сонирхоод байгаа юм?
-Амьдралын хэв маяг гэдэг зүйл өөрөө олон жилийн явцаар тогтож бий болдог эд л дээ. Тэгэхээр миний насны хүн амьдралдаа ямар нэг зүйл тохиолдонгуут амьдралынхаа хэв маягийг огцом өөрчлөөд байхгүй нь ойлгомжтой. Амьдралын ийм ерөнхий хэв маягт маань айхтар өөрчлөлт орсон зүйл одоогоор алга байна. Харин ажлын өрөө өөрчлөгдсөн нь үнэн. Саяхнаас би оффистой болсон. Нэг байр түрээслээд, тэндээ өөрийн ажлын өрөөг засаад байж байна.
Мэдээж хэрэг улс төрд ингэж их гүнзгий орсон хүний хувьд өөрийгөө шууд тэр орчноос тасалж авах амар биш л дээ. Ерөнхийдөө тооцож үзэхэд би 1996 оноос хойш ээлжийн амралт гэдэг юмыг авч үзээгүй явж иржээ. Яахав дунд нь гурав, дөрөв хоногоор хөдөө явах ч юм уу, эсвэл ууланд авирах ч юм уу, иймэрхүү хэлбэрээр түр амсхийх боломж өөртөө олгож байсан байх. Өөрөөр бол хорь, гуч хоногоор ч юм уу, эсвэл ямар нэг шалтгаан гаргаад үе үе амраад явчих ёс суртахууны эрх надад байсангүй. Амьдралын маань хэмнэл маш өндөр ачааллаар тодорхойлогдож ирсэн. 1992-1996 онд Соёлын сайд байх үедээ ачаалал арай гайгүй ажиллаж байсан юм уу даа.
Намын ажлыг авснаар ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Өрөөнд сууж биш, харин энгийн иргэд, гишүүдтэйгээ явж уулзах шаардлагатай байсан. Хөдөө их явна. Уулзалт гэсээр байтал оройтож айлд очно. Манай монголчууд ирсэн улсуудаа заавал дайлна. Хичнээн шөнө орой болчихсон байсан ч мах чанана. Шөлөнд нь гурил тасдаад хоол хийнэ. Тэрийгээ идээд л унтацгаана. Өглөө эрт босоод цаашаа машинд суугаад ахиад л давхина. Ийм нөхцөлд хүний бие организмд багагүй өөрчлөлт гардаг юм билээ. Би жишээ нь тэр үед жин нэмж эхэлсэн. Ядарч байсан. Тэгээд оройн хоолоо хассан. Ерөөсөө оройн хоол идэхээ больсон. Цөөхөн цаг унтаж амарч байгаа тохиолдолд энэ маш зөв алхам юм билээ. Тэгээд би жин хасч эхэлсэн. Дээр нь ядрахаа больсон. Ажиллах тусам сүүлдээ ямар ч их ажлын ачааллыг дааж сурдаг, бие организм ч тэр хэмнэлдээ дасан зохицдог. Сүүлийн арван хэдэн жилийн маань амьдрал яг л энэ хэмнэлд өнгөрсөн.
Хэдийгээр би улсынхаа Ерөнхийлөгчөөр ажиллахаа больсон ч урьдын адил олон цаг суудаг, бичдэг, уншдаг, олон уулзалтад ордог маань хэвээрээ. Унших харах юм, дээр нь бодох юм харин илүү нэмэгдсэн. Шөнийн 12 цаг өнгөртөл ажлын өрөөндөө суудаг байсан. Тэр л хэвээрээ байгаа. Манай хамгаалалтын албаны ажилтнууд намайг ойлгодог байх. Би хэзээ ч ямар нэгэн утга учиргүй тоглоом шоглоом хөөцөлдөж шөнө дөл болтол алга болж тэднийг хүндрүүлдэггүй байсан учраас...
-Хэдийгээр Та өөртөө өндөр ачаалал даадаг амьдралын хэв маяг бий болгосон, тэр байтугай бие организмаа хүртэл тэр хэмнэлдээ дасан зохицуулж чадсан ч бүхэлдээ таны амьдрал бусдын эрхэнд л явж ирсэн шүү дээ. Нэг талаас бол хамгийн гунигтай?
-Тийм ээ. Үнэндээ бол өөрийн эрхээр амьдраагүй л он жилүүд. Ер нь төрийн өндөр албан тушаалтан хүн өөртөө таарсан маягаар биш, өрөөл бусдад таарсан маягаар, тийм ажлын хэлбэр галбир олсон байх ёстой юм билээ. Жирийн хүн бол өөртөө таарсан хэв маяг, хэлбэр жаягтай байх нь зөв. Харин дээшээ гарах тусмаа өрөөлд таарсан амьдралын хэв маягтай байх ёстой болдог. Албан тушаал дээшлэх тусмаа хүний эрхээр амьдардаг. Ийм л ялгаатай юм билээ. Манайхан тэр дор байсан эрхээрээ, дор байсан галбираараа дээр гарч ирчихээд амьдрах гээд байдаг. Үүнийг л хаа хаанаа ойлгох ёстой. Тэгж байж энэ төрийн чинь нэр нүүр бүрэн бүтэн байна, аятай тохьтой, зүй зохистой харагдана шүү дээ.
Хэдэн жилийн өмнө надтай Цэдэнбал даргын сангийн улсууд уулзаж байсан. Тэгээд тэр хүний амьдралын тухай чин сэтгэлээсээ ярьж санал бодлоо солилцсон. Тэр үед надад олон зүйл бодогдож байсан. Цэдэнбал дарга бол 44 жил Монголын төр засгийн тэргүүнээр, тэр өндөр албан тушаалд зүтгэсэн хүн. Тэр хүний амьдралын түүхийг бид янз бүрээр л авч үздэг. Цэдэнбал дарга тийм ч алдаа гаргасан, тэгсэн, ингэсэн гээд л. Гэхдээ тэр алдаа нь яг өөрийнх нь алдаа юу, эсвэл тэр системийнх нь алдаа юу? Эсвэл тойрон хүрээлэгчдийнх нь алдаа юу, эсвэл бид бүхний ивээлд нь багтан явж ирсэн тэр орны алдаа юу гээд маргалдаад байх юм бол олон юм ярьж болох байх. Би тэгэхэд тэр сангийн улсуудад хэлж байсан юм. “Ю.Цэдэнбал дарга шиг 44 жил тэр том өндөр албан тушаалд байхдаа хийгээгүй алдааг бид дөрөвхөн жил, дөрөвхөн сар, дөрөвхөн хоногийн дотор гаргачих гээд байх юм байна шүү дээ. 44 жил гэдэг бол асар том цаг хугацаа. Тэр том цаг хугацааны туршид тэр том эрх мэдлийн оргилд ажиллахдаа тун бага алдахыг хичээж ажилласан нь харагддаг” гэж... Яг энэ өнцгөөс авч үзэхээр Ю.Цэдэнбал дарга өөрийн биш бусдын эрхээр амьдарсан, тэгэхдээ ихээхэн нямбай чамбай байхыг хичээж байсан гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Мэдээж хувь хүний хувьд амаргүй амьдрал туулсан биз ээ...
-Таны Төрийн ордныг орхин гарч байх үеийн бичлэгүүд орон даяар цацагдсан. Тамгын газрынхантайгаа гар барьж, амжилт хүсээд эргэхэд тань хуучин цагийн хамтран зүтгэгч, УИХ-ын гишүүн Энхтүвшин цэцэг барьчихсан зогсч байх нь сонирхолтой харагдаж байсан. Энэ бүхэн протоколын дагуухь үйл явдлууд уу, эсвэл?
-Бүх үйл явц протоколын дагуу явагдсан. Ажлаа хүлээлгэж өгөөд, хамтран ажиллаж байсан хүмүүстэйгээ салах ёс хийгээд машиндаа суугаад явах ёстой. Тэр дагуу бүх зүйл төлөвлөгдсөн байсан. Тэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд Энхтүвшин протоколын дагуу тодорхой үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Нэгдүгээрт, Энхтүвшин төрийн ёслолын дэг жаягийн дагуу тэнд үүрэг гүйцэтгэж байсан. Хоёрдугаарт, бид хоёр намын удирдлагын түвшинд нэгэн үе гарч ирж, нөхөрлөж, төрийн төлөө хамтран зүтгэж явсан нөхөд. Тэнд тийм эвгүй юм юу байхав. Би хэвийн л хүлээж авсан. Зүгээр учрал тохиолын хувьд сонин байж болох юм. Яагаад заавал энэ үед Энхтүвшин маань Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байж, намайг бусдаас сүүлд гар барин үдэж өгч таарсан юм бол. Бас л сонин тохиол. Протоколын дагуу та цэцэг өгөх ёстой л гэж хэлсэн гэсэн. Тэгээд л надад цэцэг бариулчихаа биз дээ (инээв). Энхтүвшин маань сэтгэлд нь жаахан хүндхэн байгаа болов уу гэмээр царайтай зогсч байсан.
-Саяхан миний эгчийн ажиллаж байсан сургууль дампуурсан юм. Хорин намрын есдүгээр сарын 1-ний өглөө сургуульдаа догдлон очсон хүн энэ удаа гэртээ санаа сэтгэлийн таагүй өнгөн дунд өдрийг өнгөрөөснөө ярихад зүрхээр хатгах шиг болсон. Ерөнхийлөгчийн тамгаа бусдад шилжүүлсний маргааш таны сэтгэл ямар байсан бол?
-Ямарваа нэг огцом өөрчлөлтийг хүлээж авахад сэтгэлзүйн хувьд тийм амар биш байдаг л даа. Гэхдээ би ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгавар болгох өдрийг хүртэл тодорхой хэмжээнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Байхгүй ч гээд яах билээ? Өөр нэг үнэн нь би ерөнхийлөгч чигээрээ төрөөгүй. Хэдийгээр энэ нь тэр бүр аавын хүүгийн хүрдэг оргил биш боловч албан тушаалын утгаараа авч болдог, бас өгч болдог зүйл. Энэ үүднээс ярьвал надаас өмнө олон аавын хүү ийм ажлыг авч ч байсан, өгч ч явсан. Дэлхий дээр халаагаа өгсөн олон ерөнхийлөгч байгаа. Би тэдний л нэг. Ямар нэгэн онцгой зүйл надад тохиолдоогүй... Харин улс оронд, ард түмэнд маань сайн үйлс уламжлагдаж, алдаа дутагдал байсан бол засагдаж байгаасай гэж боддог. Сүржигнээд байгаа юм биш шүү, ажил алба нь сүртэй юм шиг хүмүүст бодогддог учир дагаж үг нь тэгж санагддаг биз ээ.
-Сонгуулийн дараа таны ялагдлаа хүлээн зөвшөөрч хэвлэлийн бага хурал зарласан явдал Монгол төрийн түүхэнд том жишиг, тод жишээ болон үлдсэн байх. Улс төрийн ийм гоё соёлын ар талд чухам юу болж байсан нь сонин?
-Сонгуулийн тухай ярих юм бол мэдээж маш их юм байгаа. Яг энэ цаг мөчид бүгдийг багтаан ярих боломжгүй. Хэзээ нэгэн цагт би дурсамжаа бичих байх. Тэр үед бүгдийг бичиж үлдээнэ. Нэг хэсэг нь энэ сонгуулийн үр дүн яагаад ийм болчихов. Ёсоор нь шалгуулж, нягталсны дараа хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзэж байсан. Үнэн хэрэг дээрээ булхайтай болсон, цэвэр явагдаж чадаагүй гэдгийг сонгогчдоосоо авахуулаад улс төрийн хүрээнийхэн цөм мэдэж байгаа шүү дээ. Нарийн нягтлаад, батлаад, нотлоод яривал ярих юм зөндөө бий. Гэхдээ би энэ бүхнийг тэвчиж, Монголын нийгмийн ардчиллыг хамгаалж үлдэхийн төлөө л өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийе гэж шийдсэн. Миний хийсэн алхмын цаад мөн чанар ерөөсөө л энэ. Ардчилал гэдэг чинь ингэхэд юу юм бэ? Угаасаа хүн алдаж болдог. Гэхдээ тэрийгээ засах бололцоог нь олгодог ийм л тогтолцоо биз дээ. Тэгэхээр энэ сонгуульд ямар нэгэн булхай явагдаж, хаа нэгтэй нь алдаа гарч гэж бодъё. Ардчилалд үр дүн чухал нь чухал. Гэхдээ үйл явц тэрнээс чухал. Ардчилал бол гол нь үйл явц юм. Үр дүн гэдэг бол хэн нэгэн хүн ялах, эсвэл ялагдах тухай л асуудал. Мэдээж тухайн хүндээ юм уу, тэр хүнийг дэвшүүлж өрсөлдсөн улс төрийн намд ялах, ялагдах тухай асуудал үнэхээр чухал л даа. Гэхдээ ганцхан тэрэн дээрээ төвлөрөөд, тэр тусмаа сонгуулиас болж хоорондоо эцэс төгсгөлгүй маргалдаад, бүр ардчилалгүй болчих аюул ч бий шүү дээ.
Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний үйл явдал тод жишээ. Тэгэхээр миний хувьд харамсалтай үр дүн болж байгаа ч гэсэн энэ ардчиллын үйл явц өөрөө цаашаа явж байх ёстой. Дахиад сонгууль болно. Өнөөдөр ялсан нь маргааш ялагдаж, ялагдсан нь ялж ч болно. Энэ үйл явц дахин болдгоороо болно. Тэгэхээр тэр процессыг л зогсоож болохгүй. Процессыг зогсоохгүй байх л юм бол Монгол Улсад эцэстээ ардчилал бэхжинэ.
Ер нь төрийн өндөр албан тушаалтан хүн бусадтай барьцаж ажиллаж болохгүй. Бусадтай, эсвэл энгийн явж байгаа иргэнтэй адилхан биеэ авч явна гэж бодох ёсгүй. Хамгийн өндөр алба тушаалтан бол хамгийн их үлгэр жишээч байх ёстой. Энэ үүднээсээ Элбэгдоржийн сонгуульд ялсан нь биш, миний сонгуулийн дүнг хүндэтгэн хийсэн алхмаас ардчилал илүү бэхэжсэн биш үү гэдгийг ч бодох ёстой. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд тогтоосон буруу жишгийг би өөрийн алхмаар засах гэж хичээсэн юм. Ингээд шийдвэрээ гаргасан. Сонгуулийн үр дүнг хүлээн авч, процессыг цааш нь явуулах шийдвэр гаргасан. Харин энэ алхмаа яаж, ямар хэлбэрээр олон түмэндээ хүргэх вэ гэдгээ бодсон.
Ингээд би МАХН-ын дарга С.Баярыг өрөөндөө уриад „Би ийм алхам хийе гэж шийдлээ. Харин энийгээ хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдэх үү, эсвэл ард түмэндээ хандаж радио, телевизээр үг хэлэх хэлбэрээр хийх үү, яасан нь дээр вэ” гэж илэн далангүй зөвлөсөн. С.Баяр дарга тэгэхэд „Та үнэхээр эр хүн шиг шийдвэр гаргаж байгаа юм байна. Би таныг хүндэтгэж байна. Ийм шийдвэр гаргахад амаргүй. Би хувьдаа таныг ийм шийдвэр гарга гэж хэлж чадахгүй. Гэхдээ та ийм шийдвэр гаргаж чадсан байна. Таны энэ шийдвэрийг намын Удирдах зөвлөлд танилцуулъя” гэсэн.
Ингээд Удирдах зөвлөлийн гишүүдэд зар хүргэхээр гарсан. Би тэр хооронд нь гаргасан шийдвэрээ нягталж бодоод сууж байсан л даа. Тэгээд удалгүй Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулчихаад ирлээ гээд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Хүрэлсүхийн хамт орж ирсэн. С.Баяр дарга „За би таны шийдвэрийг намын Удирдах зөвлөлд танилцууллаа. Зарим нь цочирдож хүлээж авч байна. Эмэгтэй гишүүд маань нүдэндээ нулимс цийлэгнүүлж байна. Гэхдээ Ерөнхийлөгч маань ухаалаг шийдвэр гаргаж, Монголын улс төрд том жишиг тогтоолоо. Тийм учраас Ерөнхийлөгчийнхөө гаргасан энэ шийдвэрийг хүндэтгэж хүлээж авъя гэлээ. Бид үнэхээр зөв хүнээ дэвшүүлсэн юм байна. Зөв Төрийн тэргүүн юм байна гэж би сэтгэл хөдлөөд Удирдах зөвлөлийнхөндөө хэлчихлээ шүү” гэсэн.
Тэгээд хэвлэлийн бага хурал зарлахаар шийдсэн. Хуралд би өөрийн биеэр оролцож, өөрийн гаргасан шийдвэрээ танилцуулсан. Өнгөрсөн долдугаар сарын нэгний үйл явдлыг нүдээрээ харсан, сэтгэл зүрхээрээ туулсан, зогсоох гэж өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд, өөрт оногдсон хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд чадлаараа ажилласан хүний хувьд, дахиад ийм явдал Монголын түүхэнд давтагдах ёсгүй шүү гэж олон дахин хэлж байсан хүний хувьд, өөрийнхөө алхмаар, өөрийнхөө хувь заяан дээр тодорхой шийдвэрийг гаргасан. Миний хийсэн энэ алхам хүмүүсийн сэтгэл дотор ямар нэг дүнтэйгээр үлдсэн байх гэж бодож байна.
-Сэтгэл хөвсөлзүүлсэн ийм сайхан ярианы дараа хорон юм асуулаа гэж битгий гонсойгоорой. Асуултын өнгө ямар тавигдах нь гол биш. Хариулт авах нь бидэнд дандаа чухал байдаг. Нэг сонин асуулт тавьчих уу?
-Хэн нэгний захиалгаар хүмүүсийн санаа сэтгэлийг буртагласан бичвэр үйлдвэрлэж суух нэг хэрэг биз. Харин нүүр тулж байгаад шударгаар асуух нь өөр хэрэг биз. Энэ үүднээсээ би сэтгүүлчидтэй шууд ярилцлагад орохыг илүүд үздэг. Та ажлаа л хийж байгаа болохоор асуух гэснээ асуу. Би таныг ойлгож байна.
-Ардын уран зохиолч Тангадын Галсан гуайн амнаас „МАХН засуул хийж, Намбарын хүү барилдлаа. Харин энэ засуул аль бөхийг засчихав аа” гэсэн адармаатай үг унагасан тухай сонссон. Сонин үг байгаа биз?
-Яруу найрагчид угаасаа юмны цаад руу орж, нарийн мэдэрдэг. Тэрийгээ айхтар хоржоонтой гаргаж хэлдэг, нийгэмдээ тэр ухаанаараа ойлгуулах гэснээ хадаас хадсан юм шиг хэлээд үлдээчихдэг хэцүү улс. Тийм ч болохоороо үгийн урлагийн их мастерууд гэх мэт алдрыг олноосоо хүртдэг биз. Би Галсан гуайн тэр үгийг бас сонссон. Сонин үг байна лээ. Ингэж л харагдаж дээ гэж ойлгосон.
-Таны ахуй хангамжийн асуудлууд ингэхэд шийдэгдсэн үү. Хуучин Ерөнхийлөгч Н.Багабанди гуай энэ тал дээр сэтгэл дундуур бууж байсан шиг санагдаж байна?
-Би энэ талаархи хувийн байр сууриа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан С.Амарсанаа даргад илэрхийлсэн. П.Очирбат гуай, Н.Багабанди гуай нарын жишгээр л надад оногдох ахуй хангамжийн асуудлыг та нөхөд хөөцөлдөөрэй. Илүү ямар нэгэн юм хөөцөлдөх хэрэггүй шүү гэж. Яг тэр жишгээр асуудлыг боловсрууллаа. Засгийн газарт оруулахаар боллоо гэж надад тэр үед мэдэгдсэн. Хамгаалагч, туслах гэх мэтээр хэдэн ажилтны орон тоо баталж өгсөн гэж би ойлгож байгаа. Мөн 100 ам метр талбайтай байр байшин Засгийн газрын зардлаар барьж өгнө гэсэн шийдвэр гарсан юм билээ. Хамгийн сүүлд С.Амарсанаа даргын надад танилцуулснаар УИХ-ын шийдвэр зарчмын хувьд гарсан гэх боловч хэлбэржих ажил нь явагдаж байгаа гэсэн. Тэгэхэд би, та ерөөсөө энэ ажлыг битгий хөөцөлд гэж хэлсэн. Энэ асуудлыг шийдэж өгөхгүй байсан ч надад гомдох юм байхгүй.
-Яагаад?
-Үгүй, яах вэ дээ. Ер нь би юунд гомдох юм бэ. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг авч, хариуд нь ажлын ачааг их, хүнд гэж хэлэлгүй тээж, Монгол төрийн төлөө чадлынхаа хэрээр зүтгэлээ. Энэ бол их хувь заяа. Хийсэн бүтээсэн зүйлс, шийдвэрлэж чадсан, үр дүнг нь үзсэн том том асуудлууд, туулж ирсэн зам, давж ирсэн даваа болгон надад уулын оргилд гарсан юм шиг өөрийгөө ялсан амжилт болсон. Тэгэхээр миний сэтгэл ямар нэг байшингаар дутахгүй.
-Энгийн л айлуудын амьдардаг байрны хэмжээ, өртөг сонсогдож байна лээ. Гэхдээ та Монгол төрийн буулганд үсээ бууралттал зүтгэсэн хүний хувьд өгч байгаа багахан зүйлийг нь хүндэтгэлтэйгээр авах ёстой юм биш үү?
-Шийдэхэд хүндрэлтэй байвал яах вэ л гэж байгаа болохоос шийдээд өгвөл төрийнхөө хүндэтгэлийг авахгүй, үгүй гэх эрх надад байхгүй нь ойлгомжтой шүү дээ.
-Хүмүүсийн хуучин харилцаа сарниж, өөрчлөгдөх явдал сэтгэлд хамгийн эмзэг мэдрэмж төрүүлдэг. Таныг хүрээлж байсан хуучны гэх тэр агаарт ямар нэг өөрчлөлт гарсан уу. Эсвэл хүн гэдэг ийм л өөдгүй амьтан даа гэх бодолтой хараахан уулзаагүй явна уу?
-Ийм юм ажиглах дуртай хүнд хүмүүсийн өөрчлөгдөж байгаа төрх байдал тодорхой харагдах байх л даа. Гэхдээ би нэг зүйлийг бүр онцлон хэлье. Төрийн тэргүүнээр ажиллаж байгаа хүнд яг тийм айхтар голлосон дайсан, эсвэл салж хагацашгүй анд найз гэж байдаггүй юм. Байж болдог ч үгүй юм. Би үүнийг өөрийн амьдралаар ойлгож мэдсэн хүний хувьд хэлж байна. Миний энэ олон жилийн улс төрийн амьдралын явцад энэ л миний дайсан, энэ л миний нөхөр гэх эсрэг тэсрэг ойлголт алга болсон.
Ерөнхийлөгч хүн дайсангүй, бас найзгүй байдаг. Энэ шинж нь тухайн хүнийг ганцаардуулдаг, тэгж харагдуулдаг. Ийм л онцлогтой ажил. Энэ ажлыг үнэн сэтгэлээсээ хийх юм бол тэр хүн найзаасаа салах ёстой. Мэдээж энэ амархан биш. Дайсангүй болох ёстой. Тэр бас амархан биш. Та яагаад тэрийг “няц гишгэчихэж” чадахгүй байгаа юм бэ гэж асуудаг. Би тэгэхгүй. Яагаад гэвэл би Төрийн тэргүүн. Намайг дайснаа гэж бодож яваа тэр хүний араас хөөцөлдөж, яг тэр хүнтэй адилхан хэмжээнд доош орж дайсагналцаж болохгүй. Үүнтэй адилхан тэр чинь таны найз биз дээ. Яагаад гэх асуулт ирдэг. Уучлаарай. Энэ ойлголт мөн адилхан алга болдог юм. Би нэгэнт энэ төвшинд амьдарч сурсан учраас одоо албаа өгчихсөний дараа сэтгэлзүйн хувьд дайсан, нөхөр хоёрыг санагалзаж гансрахгүй.
-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга саяхан манай улсад айлчлаад явсан. Түүнийг таны оффист зочилж, удаан ярьж суусан гэж сонссон. Гадна, дотнын зочид төлөөлөгчид таныг зорьж ирж уулздаг хэвээрээ шив дээ?
-Ард түмнийхээ буянаар, тэднийхээ дэмжлэгээр энэ чухал албыг би хашиж ирсэн. Монгол орон ямар орон бэ гэдгийг Төрийн тэргүүнээр нь ямар нэг байдлаар дүгнэдэг. Хүссэн хүсээгүй. Яахав интернэт рүү ороод нутаг дэвсгэрийн хувьд ийм, хүн амын хувьд тийм, баялгийн хувьд ийм гэх мэт статистик мэдээллүүдийг үзэж танилцаад өнгөцхөн ойлголт авч болно. Гэхдээ Төрийн тэргүүн нь ямар хүн бэ гэдгээр нь ч улс орныг дүгнэдэг. Тийм учраас намайг хараад, надтай харилцаад, Монгол орныг минь битгий таагүй байдлаар ойлгоосой гэж би үргэлж бодож ирсэн. Надтай харилцаад миний сэтгэлийн доторхи чанар, миний боловсрол, миний соёл, миний ёс зүйг мэдрээд Монголын Төрийн тэргүүн ийм байгаа юм чинь улс орон нь гэрэл гэгээтэй сайхан орон байж таараа гэсэн анхны төсөөллийг ч болтугай аваасай гэж би хүсдэг байсан. Тийм учраас дэлхийн хэмжээний удирдагчидтай тэр төвшинд нь, тэр хэл соёлоор нь эн тэнцүү харилцах хэмжээнд өөрийгөө боловсруулж, хөгжүүлэхийг хичээж ирсэн. Зохих төвшинд очиж чадсан, эсэхийг тэр хүмүүс хэлэх байх. Ямар ч байсан дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тэр хүмүүс эргэж надтай уулзах, намайг дэмжих, харилцан бие биедээ хандсан ижил төвшний сайхан харилцаа тогтсонд баяртай байдаг. Энэ бол юугаар ч сольшгүй үнэтэй зүйл. Ухаантай хүмүүсийн сэтгэлийн соёл юм даа. Намайг Ерөнхийлөгч байхаа больсныг бүгд мэдэж байгаа. Тэд ч гэсэн хэзээ нэгэн цагт хашиж байгаа албаа бусдад шилжүүлнэ. Эргээд хорвоогийн нэгэн зайнд бид хүний ёсоор уулзана гэдгээ ч мэдэж байгаа. Хүнтэй биш, ажилтай нь дотно болдог улсууд байдаг л даа. Харин та бид хоёрын ярьж байгаа тэр хүмүүс бол тэгэх шаардлагагүй улсууд байгаа юм. Өөрсдөө том болчихсон, өндөрлөгт гарчихсан улсууд аливаа хүний албан тушаалтай нь биш, хүнтэй нь дотно болдог. Бан Ги Мүн гуай бид хоёр сайн анд нөхдийн харилцаатай учраас Монголд айлчлахдаа Ерөнхийлөгч байсан Энхбаяртай уулзана гээд хүрээд ирж байх жишээтэй. Бид өглөөний цай ууж, урьд нь ярилцаж зөвлөлөдөж байсан байгаль орчны асуудлаар, ядууралтай тэмцэх талаар, хөгжлийн тухай асуудлуудаар санал солилцсон. Миронов гуай бас сая ирээд явлаа. Халимагийн Ерөнхийлөгч, Буриадын Ерөнхийлөгч нар бас ирээд явлаа. Элчин сайдууд уулзаж санал бодлоо солилцож байна. Хуучин ямар байсан тэр л хэвээрээ.
-Одоогийн Ерөнхий сайд Баярыг тэр жил намын даргад өрсөлдөөд ялагдсаны дараа уулзаж ярилцлага авч байлаа. Тэр үед би түүнээс „Таны улс төрийн цаг одоо хэд болж байна вэ” гэж асуусан юм. Цаг эрт байна, дөнгөж өглөөний 7.30... гэсэн түүний хариулт тухайн үедээ шуугиан тарьсан. Энэ асуултыг өнөөдөр танд тавибал эмзэглэхгүй биз дээ?
-Миний хувьд нас, эрүүл мэнд, мэдлэг боловсролын хувьд ямар ч ачааг даагаад явахад саад бэрхшээл алга. Ийм тохиолдолд би өөрийн улс төрийн цагийг өглөөгүүр байна даа л гэж хэлнэ. Ер нь тухайн хүн өөрийнхөө цагийг өөрөө л тогтоодог шүү дээ. Цагаа яаж тогтооно, тэрийгээрээ л амьдарна. Жишээ нь, Зангад гуай, Хайдав гуай нар цагаа өглөөний цаг дээр тавьж тааруулаад орхичихсон байдаг байхаа...
-Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудал таны нөхөн сонгуульд өрсөлдөх эсэх болоод байна. Энэ тухайд та яг ямар байр суурьтай байна вэ?
-Энэ үнэхээр тийм сонин байна гэж үү?
-Сонгуулийн дараа хийлгэсэн тэр хэвлэлийн бага хурал дээр энэ талаар хөндсөн асуултад „сонирхолтой санаа байна” гэж хариулчихаад гараад явчихсан. Арай ахиад тэр үгээр ам хаах гэж байгаа юм биш биз дээ?
-Сүүлийн үед улс оронд маань болж байгаа явдлуудыг та бид бүгдээрээ ажиглан харж байгаа. Яахав, Энхбаяраар Монголын төр дутахгүй байна гэж бодъё. Гэхдээ миний туршлага, миний мэдлэг боловсрол, миний гадаадад танигдсан нэр хүндийг албан тушаалтай ч байсан, албан тушаалгүй ч байсан улс эх орон маань ашиглах ёстой гэвэл би байгаа бүхнээ өгөх л ёстой. Татгалзах эрх байхгүй.
-Битүү л хариулт байна. Ерөнхийлөгч байх үед тань таныг хамгийн их хэл аманд өртүүлдэг хувцас монгол дээл байсан. Хэдийгээр энэ хувцас танд сайхан зохидог ч урт шар дээлт гэх мэт нэр хочийг бас авчирсан. Ингэхэд тэр дээлнүүд төрийн музейд үлдсэн үү?
-Би албан ажлаа шилжүүлсэн л бол улсын зардлаар хийлгэсэн хувцсаа өгөх ёстой. Тэгэхээр тэр тангараг өргөх ёслолд зориулж хийлгэсэн дээл, малгай, гутал, бүсийг төрийн музейд шилжүүлнэ. Монгол үндэсний дээл хувцсаа өмссөний төлөө намайг баахан дайрч доромжилж байсныг би гайхдаг юм. Монгол Улсын Төрийн тэргүүн монгол дээл өмссөнөөрөө, дээл зохидгоороо, дээлэндээ дуртайгаараа гоочлуулж байна гэдэг уг нь ойлгоход бэрх, хачирхалтай зүйл л дээ. Ёстой л шүүмжлэх л гэж эрж хайж ядаж байсан үе байх.
Манай Энэбиш даргын надад хэлж байсан нэг үг байдаг юм. Тэр үед хүмүүс нэг их том нэвсгэр дээл өмсдөг болчихоод байсан цаг. Нөгөө бөхчүүдийн өмсдөг дээл моод болж байсан хэрэг. Тэр үед манай Эби дарга „Энхбаяр аа, бидэн шиг ийм төрийн хүмүүс дээлийг биедээ элбэг том биш, яг л сайхан тааруулж хийлгэх ёстой юм шүү. Тэр чинь л төрийн хүний дээл. Төрийн хүний дээл цэвэрхэн, цэмцгэр байх ёстой. Төрийн хүн майхан шиг том элбэг дээл өмсчихөөд явж байх нь хамгийн зохисгүй. Тэр хүн өөрөө цэмцгэр биш, төр нь өөрөө цэмцгэр биш харагдана шүү дээ” гэж хэлж байсан юм. Би Энэбиш даргын хэлсэн энэ үгийг оёдолчиндоо хүртэл хэлж байсан. Манай Энэбиш дарга өөрөө ч яг энэ горимоор хувцасладаг хүн байсан. Цэмцгэр, өөртөө яг таарсан дээлнүүд өмсдөг байсан. Харин сүүлийн үед харж байхад манайхан бүх юмаа томдуулдаг болсон нь анзаарагддаг. Би танд шог яриа маягаар хэлж байгаа юм шүү. Машин нь томдчихсон, дээл нь томдчихсон, хөөрөг нь томдчихсон. Нээрээ бүх юм нь томдчихсон харагдаж байгаа биз дээ. Албан тушаал нь томдчихсон. Ингэж өөрт нь томдсон юм эдэлж хэрэглэж, өөрт нь томдсон албан тушаалд очиж гаднаасаа тоглоом шоглоомын бай болж явах хэцүү харагддаг. Гэхдээ тэр хүнд өөрт нь гоё л байдаг байх даа. Та цааш нь ургуулаад бодоод үзээрэй. Би энэ үгийг зарим улстөрчидөд ч хэлж байсан.
Ер нь манай улс төр өөрөө улс орондоо ч “томдчихож” гэж. Улс төрийг хийж байгаа арга, улс төрийн явуулж байгаа үйл ажиллагаа улсдаа “томдчихоод” байна гэж. Ийм байр байдал эргээд улсаа “зовоодог” юм байна. Иргэдээ цөхрөөдөг юм байна... та нар хар даа гэж. Тэгэхээр урдаас та ямар хачин юм ярьдаг юм бэ? Хэнийг хэлээд байна аа? гэж инээлдэнэ. Би болохоор том хөөргөөр тамхилангуут нь за, хөөрөг нь томдчихож, жийп нь томдчихож гээд л эхлэх дуртай л даа. (инээв)
-Маш сонирхолтой, юм бодмоор яриа байна. Гэхдээ та нөхөн сонгуулийн талаар олигтой хариулт өгсөнгүй?
-Би танд өөрт байгаа бодлоо хангалттай л хэлсэн биш үү?
-Таны улс төрийн амьдралд нөхөн сонгууль үнэтэй үеийг нээж өгдөг шүү дээ. Завханы нөхөн сонгуульд ялалт байгуулснаар Энхбаярын гэх омог төгөлдөр үеийг эхлүүлж байлаа. Тэгэхээр энэ удаагийн нөхөн сонгуулийг та өөртөө өөр нэгэн шинэ үеийг нээх боломж гэж харж байхыг үгүйсгэхгүй?
-Тэр үед өвөрмөц шинэ бололцоо нээгдсэн л дээ. Хувь тавилангийн л асуудал. Тэр үед би намын дарга байсан. Нэр дэвших шаардлага ч, үүрэг ч байсан. Дэвшсэн. Нам маань, ард түмэн маань дэмжсэн. Таны асуултаар өдөөгдөөд эргээд бодоод үзэхэд нээрээ л тэр нөхөн сонгууль миний улс төрийн амьдралд шинэ хуудас эргүүлсэн байх юм.
Амьдрал үргэлжилсээр ахиад нэг нөхөн сонгууль явагдах гээд байж байна. Хэрэв ард түмэн таны оюун ухаан, туршлага, мэдлэг чадвар энэ төрд хэрэгтэй байна, та төрийнхөө төлөө зүтгэх ёстой. Танд биеэ нөөх, биеийн амрыг харж суух эрх байхгүй ээ, том том асуудлыг зөв зүйтэй шийдэхэд тусал, хүчин зүтгэ гэвэл надад үгүй гэж хэлэх эрх байхгүй. Энэ бол миний хамгийн тодорхой үзэл. Хэрэв ийм шаардлага байхгүй, бүх юм сайн сайхан байна гэвэл би „үгүй ээ, заавал би тэнд орох ёстой” гэж зүтгэхгүй.
Яахав ганц хоёр хүн Энхбаяр эргээд энэ нөхөн сонгуулиар дамжаад улс төрд идэвхтэй орох вий гэж их сандарч байгаа дүр зураг харагдаж байна. Их л айж байгаагийн илрэл болов уу. Захиалгатай нийтлэл бичүүлээд л. Захиалгатай хэвлэлийн бодлого явуулаад л, гүжирдээд л...
-Манай улс төрийн нэг хэсэг нь нөхөн сонгуулиар Энхбаяр ороод ирвэл яана. Путин ерөнхийлөгчөөс бууж ирээд Ерөнхий сайд болсон том жишээ хажууханд байна шүү дээ гэж байна. Харин нөгөө хэсэг нь Энхбаяр энэ сонгуульд орвол хэтэрхий жижиг тоглоомоор тоглож, доошоо орсон хэрэг болно. Монгол Улсын Ерөнхийлөгч гэх том алдрыг навс унагасан явдал болох биш үү гэлцэнэ. Бас нэг хэсэг түүний нас залуу. Улс төрийн амьдралдаа цэг тавихад дэндүү эрт. Дээр нь монгол төрийн хоймроос дэлхийд танигдсан фигур. Яагаад энэ бүхнийг ашиглахгүй гэж... гэх жишээтэй?
-Миний нас харьцангуй залуу байна. Амрах биш ажиллах үе яах аргагүй мөн. Хийх ажил зөндөө их байна.Тэгэхээр хийж бүтээе гэж бодож байгаа надаас зарим хүн айх хэрэггүй юм.
-Өөр нэг асуулт. Нөхөн сонгуульд өрсөлдөхгүйгээр улс төрд орон зайтай байх боломж танд байгаа юу?
-Байгаа. Хаана нь байвал надаас илүү их шаардаж, бүтээлгэж болох вэ гэдгийг ард түмэн, жирийн иргэд шийдэг. Би өөрийн биш бусдын буюу иргэдийнхээ эрхээр амьдардаг болоод удаж байгаа хүн шүү дээ.
-Намын бага хурал дотор танд дэмжлэг байгаа. УИХ-д бас байгаа. Нийгэмд мөн адил. Учир нь сонгогчдын тал хувь таныг дэмжиж саналаа өгсөн шүү дээ. Тэгэхээр таны өрсөлдөгчдийн айдас тодорхой хүчин зүйлс дээр тулгуурлаж байна. Ийм тохиолдолд та яагаад хүлээсэн, аядуу байр суурьтай байгаа юм бэ. Шууд цөм цохиод орж ирэх ёстой юм биш үү гэж өдөөн хатгавал та юу хэлэхсэн бол?
-Үнэнийг хэлэхэд олон талаас нь бодох ёстой. Өдөөн хатгалт ч, дэмжсэн, дэмжээгүй үг ч бодит байдлыг үнэн зөвөөр нь ойлгоход тусална.
-Улс төрийн амьдралд болж өнгөрсөн хэд хэдэн томоохон үйл явдлууд дээр та өөрийн байр суурийг илэрхийлээгүй байгаа?
-Өршөөлийн хууль гарлаа. Оюутолгойн гэрээ тойрсон асуудлууд байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Медведевийн айлчлал гээд хэд хэдэн томоохон үйл явдлууд боллоо. Би байр сууриа илэрхийлж болно. Ганцхан танай сонины зай талбай, цаг зав хэр байгааг мэдэхгүй байна.
-Өршөөлийн хуулийг хийх нь гэж таныг нэлээд хардсан. Хэрвээ хийчих юм бол Энхбаярт том шоу авчирна гэж. Гэтэл сонгуулийн дараа та зөвхөн долоон сарын нэгний үеэр яллагдсан залуус болон эхчүүдэд уучлал үзүүлээд л цааш нь болгоомжилчихсон?
-Өршөөлийн хуулин дээр таны хэлж байгаа хар сэр байсан. Зарим нь орж ирээд та ерөөсөө үүнийг хийчих гэж байсан. Нэг хэсэг нь болгоомжилж байсан. Маш олон байр суурийн дунд нягталж байж л шийдвэрээ гаргана шүү дээ. Долдугаар сарын нэгний үйл явдал дээр улс төрийн хариуцлагатай дүгнэлт гарахыг хүлээж байсан. Тэр дүгнэлт дээр нь тулгуурлаж ямар нэгэн шийдвэр гаргах ёстой. Харамсалтай нь УИХ тийм дүгнэлт гаргах ажлын хэсгийг тэр үед байгуулаагүй байсан. Би уг нь хэд хэд шаардсан юм. Тэгээд ажлын зай завсар гарсаар байгаад байгуулаагүй. Харин саяхан байгуулагдсан байна лээ. Тэр дүгнэлт гараагүй учраас би өршөөлийн хуулийг санаачилж чадаагүй. Хоёрдугаарт, хүүхэд эхчүүдийг ямар нэгэн хүлээлтгүйгээр чөлөөлчих юмсан гэсэн бодолтой байсан. Гэвч сонгуулийн өмнө чөлөөлчихвөл ёстой нөгөө шоу хийлээ, сонгуульд амжилттай оролцохын тулд л ийм юм хийлээ гэж мушгина. Тийм учраас би сонгуулийн дараа хүүхэд, эхчүүдэд уучлал үзүүлсэн. Тэр уучлалаар суллагдаж эрх чөлөөт амьдралтай болсон эхчүүд, хүүхдүүд маань ахин тийм алдаа бүү гаргаасай, дахин бүү хазгай гишгээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсч байгаа.
-Шинэ Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуулийн талаар нийгэмд олон янзын үнэлэлт дүгнэлт үүсээд байна. Та байр сууриа илэрхийлж болох уу?
-Харамсалтай нь энэ шинэ Өршөөлийн хуулийг санаачлах ажил дотор албан тушаалтны, шуудхан хэлэхэд авлигын хэрэгтэй холбоотой хүмүүсийг чөлөөлөх заалтыг хамтатгаад шургуулчихсан. Энэ Өршөөлийн хуулийн давалгаан дунд ийм зүй зохисгүй алхам хийсэн явдал үнэ цэнийг нь бууруулж, бохирдуулчихлаа. Тийм учраас энэ Өршөөлийн хууль шударга ёсыг тогтоохын төлөө хууль болж чадаагүй. Харин албан тушаалын алдаа дутагдал гаргасан хүмүүсийг хамгаалсан хууль болсон. Хуулийн энэ завсартай хэсэг яах аргагүй буруу болсон. Бүхэлд нь хуулийнхаа нэр хүндийг сэвтээсэн. Энэ мэтээр хэлмээр зүйл гарч байна.
-Оюутолгойн гэрээний талаар тантай уулзсаных бас л асуумаар байна. 34 хувийг жишээ нь дээшлүүлэх боломж үнэхээр байхгүй юу. 68 хувийн татварыг зөвхөн энэ гэрээн дээр хүчингүй болгосон нь зөв үү?
-Оюутолгойн гэрээний асуудал дээр би анхнаас нь нэг л зарчмын байр суурьтай байсан. Тэр байр суурин дээрээ л байгаа. Албан тушаал авахаараа байр суурь нэг болдог, өгөхөөрөө өөр болдог зарчимгүй улс төрийг шулуухан хэлэхэд би буруу гэж боддог. Нэгдүгээрт, энэ хоёр толгойн ордыг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулъя. Цаг хугацаа алдаж болохгүй гэсэн байр суурин дээр бид бүгдээрээ нэгдсэн. Гэхдээ өнөөдөр ний нуугүй хэлэхэд манай боловсон хүчний чадавхи ийм том компаниудтай, ийм чухал асуудлаар гэрээ хэлцэл хийх хэмжээнд хүрээгүй байгаа. Тэглээ гээд бидэнд ухрах, хойш суух эрх байхгүй.
Оюутолгойн гэрээн дээр би арай дэлгэрэнгүй ярьчихая. Асуудал маш харамсалтай байдлаар явчихлаа. Харамсалтай нь 51 хувиа ч бид авч чадахаа болилоо. Харамсалтай нь 30 жилийн, хорь хориор сунгасаар байгаад 70 жилийн гэрээ хийхээр явчихаж байх шиг байна. Уг нь 15 жил хангалттай шүү дээ. Гол нь нөөцийг нь тогтоож, ямар хэмжээний наймаа яриад байгаагаа мэдэхгүйгээр гэрээгээ хийх гэж байна. Гаднынхан тэртээ тэргүй ойлгож, хүлээж авахаар тохиролцож байсан зарчим дээр ухралт хийсэн гэрээ хийж болохгүй. Энийг засах хэрэгтэй. Засах ч ёстой. Үр хүүхдийнхээ ирээдүйг, улс эх орныхоо ирээдүйг ингэж хайш яйш шийдэж болохгүй. Уг нь тодорхой хугацааны дараа 51 хувийг монголын тал авч болох тухай би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа гадныхантай зарчмын хувьд тохиролцож байсан юм.
-Дараагийн нэг том үйл явдал Медведевийн айлчлал. Энэ үеэр их өрийн асуудал дахиж сөхөгдсөн нь хамгийн том дуулиан байлаа. Үнэхээр үлдэгдэл өр байсан юм уу. Эсвэл улс орныхоо нэр нүүрийг баасдаж, ирээдүйдээ өрийн данс тэврүүлэхийг хүсэмжилсэн увайгүй улс төр юм уу?
-Та өөрөө хэлчихлээ шүү дээ. Энхбаярын гавъяаг үгүйсгэхийг хүсч болно. Эх орныхоо ирээдүйгээр дэнчин тавьж байж үгүйсгэхийг оролдож болохгүй. Өргүй болсон гэд байхад яагаад дахин өртэй болох гээд байгаа юм бэ?
Энэ бол Монголын ард түмний хувь заяа, Монгол Улсын эрх ашгийн тухай асуудал шүү дээ. Медведев ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийх үедээ манайхан албан ёсоор өртэй холбоотой асуудал байгаа гээд анх удаа өндөр түвшинд хүлээн зөвшөөрчихөж байх юм. Нөгөө гадаад харилцаан дээр төрийн бодлогын залгамж чанар алдагдаж байгаа нь манайх шиг жижиг оронд хохиролтой тусна шүү дээ. Би төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа хүлээн зөвшөөрдөггүй байсан. Оросын нөхдүүд ч ойлгодог байсан. Нэг аж ахуйн нэгжийн шинээр хийх ёстой байсан бүртгэлтэй холбоотой процедурын алдаанаас болж их өрийн асуудлыг шийдвэрлэсэн асуудал, зарчим өөрчлөгдөх ёсгүй. Их өрийн асуудлаас “Монросцветмет”-ийн асуудлыг сугалж авч үлдэж болохгүй, бүхэлд нь шийдэгдсэн гэж үзэх ёстой гэсэн байр суурь баримталдаг байсан.
Гэтэл анх удаа манайх Төрийн тэргүүний хэмжээнд их өрийн асуудлаас шийдэгдээгүй үлдсэн юм байна гээд зөвшөөрчихөж байгаа байхгүй юу. Улс орноо өртэй болгочихож байнаа гэсэн үг. Энэ байдлаас болоод одоо 200 орчим сая шилжих рубль буюу 200 орчим сая ам.долларын асуудал гараад ирж байна. Их өрийн асуудлыг шийдэхдээ барьсан зарчмаар өрийн 98 хувийг хөнгөлөөд 2 хувийг нь төлсөн. Энэ зарчмаар шийдэгдвэл 4 сая ам.доллар төлнө гэсэн үг болж байна. Ядуу оронд их л мөнгө.
Оросын талыг буруутгаж болохгүй. Аль ч улс орон өөрийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой. Тэгээд ч нөгөө тал нь өртэй гэж Тамгын даргаараа хэлүүлээд өөрөө хүлээн зөвшөөрөөд байхад азны юм л гэж хандана шүү дээ. Дахин хэлэхэд жижиг орон гадаад бодлого дээрээ нэг л амтай, нэг л дуу хоолойтой байхгүй бол болохгүй. Улс орны эрх ашигтай холбоотой асуудлууд дээр өөр өөр байр суурь баримтлаад, нэг гарч ирсэн хүн өмнөхийнхөө хийсэн ажлыг үгүйсгээд байвал тухайн улс оронд хүнд тусна, бид өөрсдөө л хохирно. Үүнийг л би нөгөө “томдсон” улс төр гэх гээд байгаа юм.
-Төрийн дээд төвшнийхөн дотроос „Манай энэ цагийн төрөөс нэг тийм лэнсээ, дампуу шинж харагдахгүй байна уу” гэж асуух хүн цөөнгүй таардаг боллоо. Нээрээ ч ажил хийдэг, яралздаг, гялалздаг шинж үзэгдэхгүй байх шиг. Танд мэдрэгдэж байна уу?
-Нийгмийн зүгээс цэгцтэй байхыг шаардсан хандлага ажиглагдаж байна. Би бол хэн нэгэн хүнийг муулж, жижиг сажиг юмаар шүүмжилмээргүй байна. Ерөөсөө л өөрийнхөө баримталдаг зарчмаа хэлнэ. Албан тушаал өгсөх тусам хүний эрхэнд л ор. Ард түмнийхээ эрхэнд ор гэж. Өөрийн жаргалыг биш бусдын зовлонг бодож, түүнийг нь багасгах гэж зүтгэ. Энэ бол төрийн өндөр албан тушаалтны баримтлах цорын ганц зарчим.
-Миний асуултуудад цаг зав гарган хариулсан танд баярлалаа.
-Таны асуултууд дуусч байгаад бас баярлалаа.