Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэхүү албанд томилогдоод нэг жил болж байхад буюу яг одоогоос найман сарын өмнө авсан ярилцлага юм. Тухайн үед орон нутгийн сонгууль угтсан бужигнаан ид өрнөж, эргэн тойрныхон нь ч буруугаар ойлгоод төвөгтэй  байсан болохоор олон нийтэд уншуулаагүй. Сэтгүүлийнхээ ковер ярилцлагыг зарим долдойгоос нь болоод хүмүүст хүргэж чадаагүйдээ одоо ч уур минь гараагүй яваа болохоор өглөөний ургах нарнаас үдшийн бүрий болтол ажиллаж байгаа ч, үргэлж тал талын эрх ашиг тээсэн нүдүүрүүдээр балбуулж явааг нь хараад нэг хэсэг нь ч гэсэн уншаасай гэж бодон нийтэлж байна. Түүнтэй ярилцахад хөндлөнгийн ямар ч гар орж ирэхгүй, ямар ч монтаж, ямар ч төвөгтэй доль үсэрсэн хяналтууд хажууд бүртэлзэхгүй амар байдаг. Асууя гэснээ чөлөөтэй асууж авна. Ингэж түүнтэй энэ хугацаанд хийж амжуулсан ажлуудынх нь талаар ярилцсан юм. Мэдээж содон, сонирхолтой улстөрчийнх нь хувьд ч ганц нэг асуулт тавьж амжсан.

Ингээд манай есөн сарын өмнөх буюу өнгөрсөн намрын нэгэн гоё дугаарын маань ковер зочин, энэ цагийн улстөрчид дотроос өвөрмөц зан араншин, хурд, эрч хүчээрээ онцгой ялгардаг, шүүмжлэл магтаалаар зэрэг зэрэг хучуулж явдаг хамгийн дуулиантай улстөрч болох Хотын дарга Хишгээгийн Нямбаатарын ярилцлагыг уншина уу. 

Энэ ярилцлагыг уншиж байхдаа та яг над шиг эрчимлэг, нэг тийм өндөлзсөн, жирэлзсэн агаарт автах биз. Өөрийн эрхгүй тэр хэмнэлдээ оруулаад явчихдаг сонин хүн. Бас заримдаа ярилцлагаа зогсоож байгаад тас тас инээмээр хөгжилтэй хүн...

Мэдээж ажил хийж байгаа хүн ажил л ярина. Харин одоо бид өөрсдөө ажил хэрэг сонирхдог болмоор байна. Бүр ухамсартайгаар, хариуцлагатайгаар шүү...

- Таныг сайд байхад бид ярилцаж байсан. Өнөөдөр хотын захирагч Х.Нямбаатар миний өмнө сууж байна. Таны хотод ирж ажиллах болсон явдал мэдээж намын тань даалгавар байх л даа. Гэхдээ улстөрчийн хувийн шийдэл гаргаж таарна. 

- Тийм ээ, тэр мэдээж. 

- Энэ хачирхалтай, стандарт бус шийдлийг яагаад гаргах болов оо. Магадгүй энэ асуултыг асуух гэж л тантай би 11 сар хөөцөлдсөн байх ?

-1992 оны шинэ үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн назрын гишүүнээс нэг зэрэг татгалзаад, өөр албан тушаалд очиж байсан кейс байхгүй байх. Өнгөрсөн 2023 оны 9-н  сард дэгдсэн ногоон автобус тойрсон үйл явдал нийгмийн жигшил зэвүүцлийг асар их хүргэсэн. Гэхдээ шүүхийн шийдвэр эцэслэж гараагүй байхад энэ хэрэгт энэ буруутай, тэр гэмтэй гэж ярих нь илүүц байх. Олон нийт юун дээр жигшиж, зэвүүцсэн бэ гэхээр нийтийн тээвэр сайжирвал түгжрэлээс жоохон ч гэсэн ангижрах болов уу гэсэн хүлээлттэй байсан. Гэвч төрийн худалдан авах ажиллагааг хууль зөрчиж явуулсан. Идэх идэхдээ бидний зовлонгоор зоолж, баахан хуучин автобус оруулж ирж шахсан нь жигшил зэвүүцлийг нь төрүүлсэн. Үүссэн нөхцөл байдал дээр  одоогийн Ерөнхий сайд дүн шинжилгээ хийгээд хотод эрс өөрчлөлт хийх, үүний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах хүн томилж байж  үлдсэн 8- 9 сарын хугацаанд сонгуульд бэлдэж орох ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол МАН 2024 оны сонгуульд дахиж сэхэл авахгүйгээр ялагдах урьдчилсан нөхцөл байдал бүрдлээ гэсэн дүгнэлтийг хийв үү гэж би харсан.

- Яаж ч хараад стандарт бус шийдэл юм даа ?

-Мэдээж хувь улстөрчийн үүднээс надад маш хэцүү байсан. Хүлээж авах боломжгүй санал гэж би хэлж ч байсан.  Та санаж байгаа бол би ХЗДХ-ын сайдын ажлын хажуугаар Монгол Улсын засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх томоохон мега төслүүдийн бараг бүгдийнх нь ажлын хэсгүүдийг ахалж ажиллаж байсан. Бүх ажлууд урагшилсан. Нийт 56 ажил. Тэрнээс дөрвөн том ажлын хэсгийн ажлыг дутуу орхиж явсандаа одоо ч гэсэн сэтгэл гонсгор байдаг. Жишээ нь, Францын Аревагийн төсөл гэхэд манай эдийн засаг хөгжлийн яамны сайдын  сейфэнд хадгалагдаж байсан. Огт хөдлөөгүй байсан тэр төслийг би өөрөө ахалж ажиллая гээд ажилласан. Аревагийн төслийн үндсэн 10-аад төслийг айлын талтай тохиролцсон. Тухайлбал, Гэрээний үндсэн эдийн засгийн загварчлал нь урьд хожид хийж байгаагүй, рояалтигаараа санхүүжих хувь хишиг хүртэх загвар дээр бид тохирсон, үнийн шатлалуудтай. Бид хөрөнгө оруулалт хийхгүй Оюунтолгойн гэрээний алдаан дээр дүгнэлт хийж, үнэ төлбөргүйгээр 10 хувийг эзэмшинэ. Үнэ 110 доллараас дээш гарвал рояалти хэдэн хувь, 150-170 хувь хүрвэл рояалти хэдэн хувь гэсэн үндсэн шатлалуудтай, ингээд эдийн засгийн модел дээрээ тохирчихсон байсан. Намайг ажлаа өгснөөс хойш долоо хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчлахдаа гэрээнд гарын үсэг зурсан. Мөн “China energy” -тэй хамтарсан төслийн үндсэн нөхцлүүд дээр ажиллаад нэлээн урагшилчихсан байсан. Гэвч тэрнээс хойш нэг ч цэг, таслал, үг тавьсангүй. Оюутолгойн татварын асуудлаас бусад бүх асуудлууд хэрэгжчихсэн. Татварын 12 маргаантай асуудлаас 9 дээр нь зөвшилцсөн байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ч урагшаа алхсангүй. Нэг цэг, таслал тавьсангүй. Хийгээгүй үлдээсэн энэ хэдэн ажлыг хийчих юмсан гэж би хичээн ажиллаж байсан болохоор харамсдаг.

- Би ерөнхий сайдтай ярилцахдаа асуусан. Таны авлигалтай хийсэн энэ тэмцэлд  хамгийн том түшиг болсон, ХЗДХ-ийн яамыг амжилттай удирдсан улстөрчийг яагаад хөдөлгөж байгаа юм бэ. Энэ тэмцлээ үр дүнд хүрсэн гэж тооцож байна уу гэж... Ийм шийдэл бол хүлээж авч байгаа улстөрчийнх нь хувьд тэр чигээрээ эрсдэл шүү дээ. 30 жил алдаатай бодлогоор яваад ирчихсэн, цементэн ширэнгэ гэгддэг болчихсон, ийм зовлон руу ирье гэх “галзуу” шийдвэрийг танаас өөр гаргах хүн байхгүй.

-Би энэ хотдоо хайртай. Бид бүгдээрээ хайртай. Би биш, та биш юм бол хэн энэ хотыг өөрчлөх юм. Аливаа юм гар хүрч байж, гүн рүү нь орж ноцолдож байж өөрчлөлт гардаг. Би тэгж л боддог. Мэдээж гурван жил ноцолдсон, бүх ажлууд нь гоё жигдрээд явж байгаа ажил, карьер бүх зүйлээ хаяад тодорхойгүй ирээдүй рүү орж ирэх хүн бараг байхгүй байх л даа. Би  өнгөрсөн жилийн 9 сарын сүүлээр УИХ-ын гишүүний ажлаасаа татгалзаж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарласан. Хотод маш хүнд рейтингтэй, таны хэлснээр өнгөрсөн 30 жилийн төлөвлөлт бодлогын алдааны хамгийн том золиос болсон байгууллагыг удирдаж ажиллахаар ирнэ гэдэг тийм амархан сонголт байгаагүй.

-Олон жилийн өмнө та хотын сэдвээр подкастууд хийж байсныг санаж байна. Улаанбаатарчуудаа машинаас татгалзуулмаар байна, нийтийн тээврийн салбараа үүний тулд босгож ирэх ёстой гээд...

- Тийм. Хотын зовлон бүгдээрээ миний зовлон. Бид бүгдиийн асуудал. Бид өөрсдөө л энэ бүхнийг шийднэ. Би ингэж л боддог байсан. Дотроо тээж яваа зүйлсээ гаргаж ирж, залуучуудтайгаа санал бодлоо солилцож явсан үе. Үүнийг ингэж л өөрчлөх ёстой. Нийслэлийн нийтийн тээврийн бүх төрөл хэлбэрийг хамгийн логиктой уялдаа холбоотойгоор шийдэж байж Улаанбаатарчуудыг машинаас татгалзуулж, нийтийн тээврээр зорчуулдаг болгоно. Гэр хорооллын хамгийн бугшсан, утааны хамгийн том голомттой хэсгүүдийг чөлөөлж байж, орон сууцжуулах бодлогыг  явуулна. Энэ бодлогыг Төр хийх ёстой гээд тэр үед ярьж байлаа. Та тэрийг санаж байгаа нь сайхан байна. Өнгөрсөн 11 сарын хугацаанд олон жил гацсан байсан метроны төслийг хөдөлгөлөө. Надаас үл шалтгаалах байдлаар метро 2028-2029 онд ашиглалтад орохоор байна. Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны үлгэрчилсэн загварын дагуу энэ худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Чингэлтэй, Хайлааст, Долоон буудал орчмын айлуудыг нүүлгээд эхэлчихсэн. Энэ жил араас нь барилга барих олон улсын нээлттэй тендерүүдийг зарлаад явж байгаа. Бид судалгаа хийлгэж үзсэн. Тэгэхэд метронд иргэдийн итгэл тийм ч өндөр биш байсан. 2000-аад оны эхэн үед Н.Энхбаяр даргын Засгийн газар байгууллагдаад мянганы замын төсөл эхэлж байхад энэ бол “мянгуужингийн үлгэр” гээд зарим хэсэг маань эсэргүүцэж л байсан. Одоо 21 аймаг байтугай 300 гаруй сум маань Улаанбаатар хоттой засмал замаар холбогдчихлоо. Бид өөрсдөө прогрессив сэтгэж явах ёстой. Түгжрэл дээр гэхэд өнгөрсөн арван хэдэн жилд дандаа “косметик” мэс засал хийж ирсэн. Сая би 20 минутын хот төслийн Үндэсний хорооны сайдтай хамт төлөвлөгөө гаргалаа. Богино, дунд, урт хугацаанд юу хийх, аль аль ажлуудаа эхлүүлэх вэ гэдэг үндсэн төлөвлөгөөгөө хийж, ойлголцож авлаа. Хэдийгээр хоёр өөр намын хүн ч гэлээ энэ түгжрэлийн асуудал маань хамтын зовлон. Ийм зүйл дээр талцах, намчирхах шаардлага бидэнд байхгүй л дээ.

- Улаанбаатар хотын олон даргатай ярилцаж байлаа. Та энэ хотын хэд дэх дарга билээ ?

- Би хийж бүтээсэн ажил минь үлдээсэй л гэж бодож явдаг. Ирэнгүүтээ хамгийн түрүүнд байгууллагын ой тоолоод, өмнөх дарга нараа тоолоод, хананд зурагаа өлгүүлэх гэж хамгийн сайн зураач хайж давхих дургүй.

-Тэд юу ярьдаг байсан бэ гэхээр Улаанбаатар хот эрх зүйн хувьд өрөөл татуу байна. Эрх зүйн чадамжгүй байна. Энэ хотод эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй байна гэж ярьдаг байсан. Та ирээд энд дутуу дулимаг байсан зохицуулалтуудыг нь хийлээ. Бараг хоёр  сарын дотор хотын гол хуулиудыг батлуулчих шиг болсон. Иргэд мэдээгүй болов уу ?

- Тийм байх. Ажил хүлээж аваад 11 сарын хугацаанд 60 хууль батлууллаа.  Улаанбаатар хот хөгжөөгүй үндсэн суурь шалтгааны нэг нь эрх зүйн орчин. Өөрөөр хэлбэл бүх зүйлүүд дээр Засгийн газар, салбарын яамдууд чагталдаг байсан. Хоёрт, өнгөрсөн 30 жилийн гунигт амьдрал бол төсөв ширтсэн хөгжлийн бодлоготой явж ирсэнд байсан. Хотыг 2020 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжээгүй дүгнэлтийг би уншсан. Тэнд ерөөсөө л санхүүгийн чадамжгүйн улмаас Улаанбаатар хотын 2020 он хүртэлх төлөвлөгөө хэрэгжээгүй. Хоёрт нь, ямар ч бодлогогүй, төлөвлөлтгүй газар олголт хийсэн нь Улаанбаатар хотын хөгжөөгүй нэг гол шалтгаан болсон гэх дүгнэлт хийсэн. Миний өмнөх засаг дарга Д.Сумъяабазар даргын хувьд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 30 жилийн дараа шинэчлэн батлуулж чадсан. Засаг захиргаа, нутгийн нэгжийн тухай хуулийг шинэчлэн батлуулж эрх зүйн реформ хийх эхлэлийг нь маш сайн тавьсан. Миний давуу тал юу байсан гэхээр би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа хамтарч ажиллаж байсан багаа бараг тэр чигт нь нүүлгэж авчирч байгаад эхний нэг сарын дотор дүн шинжилгээ хийж, дүгнэлтүүдээ гаргасан. Ингээд хоттой холбоотой 60 хууль батлуулсан. Их хурлын таван тогтоол гарсан.

- Онцлог хуулиудаас энэ ярилцлагын үеэр иргэдэд танилцуулбал сайн сан. Жишээлбэл, өрийн удирдлагын тухай хууль байна ?

- Маш чухал хууль. Нийслэл өрийн удирдлага зохицуулдаг эрхээ өөрөө авсан. Зөвхөн төсөв шүтдэг гунигт амьдралаар 30 жилийг ардаа өнгөрөөсөн гэж түрүүн онцолж хэлсэн дээ. Сая бонд гаргалаа. Эхний 500 нь арилжаалагдсан. Дараагийн 500-г арилжих гэж байна. Тэрний дараа гадаад бонд  500 сая доллар гаргана. Одоо бид замаа засаад дуусах гэж байна. Эрчим хүчний хамгийн том проблемтэй асуудал байсан. Өнгөрсөн жил 200мвт дутсан бол энэ өвөл 200мвт-аа нөхөж байгаа. Бөөрөлжүүтийн төсөлд бид 300 тэрбумын зээл хийсэн. Ахиад олон улсын санхүүгийн корпорацид 300 тэрбумын бонд бичиж өгөөд 50мвт-ын баттерей станцын тендер шалгаруулаад гэрээ хийгээд одоо хэлэлцээр хийж байна. Энэ өвлөөс өмнө угсарч өгөх ёстой. Ингэсэн ч цаана нь эрчим хүчний дутагдал гарна. Ирэх жил бидний гэрээ ёсоор бөөрөлжүүтээс ахиад 150 мвт-ыг авна. Ингэж гэрээ дуусна. Бөөрөлжүүт эргээд төслөөсөө манай эргэн төлөлтийг хийж дуусна. Хэрэв төлж чадахгүй бол бид станцыг нь буцааж авна. Барьцаалж авна. Бид хэрэв зүгээр ангайгаад суугаад байсан бол эрчим хүчний асуудлаа шийдэж чадахгүй байсан. Бид айгаад суугаад байсан бол өнөөдөр замуудаа засаж чадахгүй байсан. Юм хийхээр шүүмжлэх юм гарч ирдэг. Ширээнээсээ зуураатай хүн яадгийг мэдэхгүй юм. Ширээнээсээ босож ирээд юм хийхээр тал талаас нүддэг гэдгийг мэднэ. Зам солихын тулд бордюр солио гээд улсын стандарт байгааг би яалтай билээ дээ. Замыг сүүлийн 30 жил байгаагүйгээр цэгцэлж, борооны ус зайлуулах системүүдийг хоёр жил дараалан хийх зураг төсөв гаргасан. Богд уулнаас наашаа урсаж ирдэг усыг тосож авах үерийн далан хийгээгүй 30 жил болсон. Энэ том ажлыг барьж аваад хийж дууслаа. Ийм түвшний ажлыг сошиалаар нэг ч ярьж байгаа юм алга. Тийм байгаа биз.

- Ширээний ардаас харж дассан хотын дарга гэдэг том албан тушаалтныг та гудамжинд гаргаад, тогонд залгачихсан юм шиг гүйж байдаг дүр болгоод хувиргачихлаа. Гудамжинд гарч ажиллахаас өөр аргагүй байна уу. Эсвэл та ажлыг ерөөсөө ингэж орж хийдэг юм уу ?

- Сүүлийн үед төрийн алба маш их суларсан. Яг танай үеэр төрийн албанд чин сэтгэлээсээ ханддаг удирдлагууд нь одоо бараг дуусаж байна. Үнэнийг хэлэхэд төрийн албаны ажил хариуцсан хүмүүсийн ажилд хандах хандлага төдийлөн сайн биш байна. Энэ нь юутай зөрчилдөж байна вэ гэхээр би өөрөө хар ярианы хэлээр бол жаахан тийм ядаргаатай талдаа хүн. Хүний хийсэн юм санаанд таардаггүй. Би хотын тэр хэдэн хуулиудыг хүртэл их хурал руу оруулахдаа хамгийн сүүлийн уншилтыг ихэвчлэн өөрөө хийж байж, өөрөө их хурал дээр гишүүдтэй үзэж байж, хамгийн сүүлийн хэлэлцүүлэгүүд дээр хүртэл өөр илүү үзэл санаа байна уу гэдгийг манаж байж батлуулдаг. Миний зарчим ийм. Манай удмынхны ч чанар байж магадгүй. Миний эмэг эх иймэрхүү хүн байсан. Яндангийн Баян гэж Хэнтий аймгийн Батноров сумын 2-р багийн малчин. Би эмээтэйгээ ойрхон өссөн л дөө. Хүний оёсон шидсэн дээл, товч шилбийг дандаа голдог. Өөрөө хийж байж санаа нь амардаг. Хүний хийсэн цагаан идээг голдог. Тийм хөгшин байсан. Надтай царай төрх ойролцоо. Тэр хөгшний хажууд би өссөн. Ажилд хандах хандлагын хувьд, нэг л тийм санаанд хүрэхгүй байхаар би өөрөө газар дээр нь очиж үздэг. Яармагийн гүүрэн дээр намайг та хэдэн шөнө очиж байгаа гэж бодно. Тэгж явж байж энэ ажил урагшилж байна. Сүүлийн үед манай улсад ажиллах хүчний нөөцийн маш гүнзгий дутагдал үүссэн. Замын компаниуд хөдөлмөр хамгааллын хувцасгүй, гадна талдаа хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааны самбаргүй. Шаардагддаг наад захын шаардлага хангахгүй. Шалтгаан нь мэргэжлийн хүмүүс байхгүй болсон. Мэргэжлийн бус орчинд ажил явагддаг болсон. Яагаад гэхээр хүний нөөцийн дутагдалд хаа сайгүй орчихсон. Энэ байдал танай салбарт ч байна. Төрийн ордонд ч байна. Гадаа зам талбайн цэвэрлэгээ, уул уурхайн салбарт гээд хаа сайгүй нэрвэгдсэн байна. Гүн гүнзгий дутагдалд орчихсон гэж бүр онцолж хэлж байгаа юм. Одоо монголд хамгийн элбэг мэргэжил юу байна гэхээр сошиал дээр зөвхөн амаа ажиллуулдаг, юу ч хамаагүй барьж авч шүүмжилж, нийгмийг хутгах ажил эрхэлдэг бүтэн давхарга үүссэн. Ийм төрлийн шантааж хийдэг бүтэн эгнээ үүссэн гэсэн үг. Шантааж хийж орлого олдог бүтэн армитай улс орон боллоо. Өвөл болохоор арай дээгүүр зиндааныхан нь бүгд халуун оронд очоод хэвтчихдэг. Бүгд ажил хийхгүй атлаа амьдраад байдаг.  Дээр үед бичигдсэн Ц.Дамдинсүрэн гуайн “ Хэлдэг гурав, хийдэг ганц ” гэдэг өгүүллэг шиг.

-Орчин үеийн дарга хүний хэв шинж өөрөө их өөр болсон шүү дээ. Манайхан болохоор дарга гэхээр нэг том “нударга” хүсээд байдаг. Дарга бол хамгийн нийтийн мэргэшил... 

-Дарга гэдгийг хуучныхаараа л хараад байна л даа. Манайд 1990 онд орчуулга хийхдээ менежер гээд орчуулчихгүй. Дарга гээд үлдээчихсэн. Би бол хотын бүх ажлыг удирдан зохион байгуулж, менежмент хийж хөдөлгөж хөгжүүлэх үүрэг хүлээсэн менежерийн ажил хийдэг л хүн.

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер гэж албан тушаал одоо байдаг уу?

-Байгаа. Хуучин Ус сувгийн удирдах газрын дарга байсан Ц.Төрхүү гэж залуу байгаа. Ц.Төрхүү олон жил хотод ажиллаж байгаа. 

- Ерөнхий менежер  нь хотын даргаасаа том “дүр” байсан ч юм шиг үе бас байсан. Тэгээд л асуусан юм.

-Яагаад гэхээр тэр үед жинхэнэ менежергүй байсан байх л даа. Архины дэлгүүрийн зөвшөөрөл өгдөг. Ерөөсөө бүх юмны зөвшөөрлийг өгдөг. Байшингийн нэг давхрыг сэтлэх зөвшөөрөл өгдөг л хүн байсан байх. Би энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн бүх зөвшөөрлийг дүүргүүд рүү шилжүүлсэн. Хог цэвэрлэгээ, зэрлэг нохой муурын устгалыг хүртэл хот дээр төвлөрүүлж байсан. Одоо бүгдийг нь дүүрэг рүү шилжүүлсэн.

- Дунд голын асуудал дээр нэлээн шүүмжлүүлэх шиг боллоо. Чухам ямар байдал үүссэн юм бэ. Энэ талаар тодруулмаар байна. 

- 1966 оны их үерийн дараа 1974 он хүртэл Туул, Дунд, Сэлбэ голыг хотын захиргаа аж ахуйн аргаар далантай болгосон юм байна. Тэрнээс хойш нэг ч удаа голын лаг, хагшаасыг жинхэнэ ёсоор нь цэвэрлээгүй. Үерийн ус урсаад голууд руу ордог сувагчлалыг нэг ч удаа цэвэрлээгүй байна гээд бод л доо. Өнгөрсөн жил багахан үер болоход бүгд элс шуудайгаа бариад гүйж байснаа мартчихаад байх юм. Сая хэчнээн их малтаж ухаж байж метр гаруй лаг хагшаас буюу лаг шаварыг бүгдийг нь сэндийшүүллээ. Үүний үр дүнд үер болоогүй. Шавар сордог хөвөгч насосуудыг тавиад ажиллаж байна. Энэ гол доороо чулуутай гол юм байна. Лаг хагшаасыг сорох явцад маш их ахуйн хог хаягдал, цементийн хаягдал гарсан. Одоогоор 2-3 хүний цогцос олдсон. Энэ их лаг шавараас цаашид хэд олдохыг таашгүй. Нохой муур, адуу малын хэчнээн сэг зэм гарч ирж байна. Инженерийн бүтээн байгууллалтуудыг цэвэрлэх стандарт гэж бас бий. Өөр сэдвүүдээр улс төр хийгээсэй гэж хүсэж байна. Дандаа хот тойрч шүүмжлэл хийж байсан хүмүүсийн цаад юм өнөөдөр ил харагдаж байна л даа.  Зорилго нь нэр дэвших байсан юм байна. Би хожуу анзаарлаа. Олонд танигдаж авах зорилго байдаг юм байна. Надтай ноцолдвол оноо авдаг юм шиг байгаа юм. Намайг утга учиргүй харааж, муулж гүйдэг хүмүүст би гомддоггүй. Энэ муу хэдийгээ ажилтай төрөлтэй, хоолтой ундтай байлгаж байна. Цаанаас нь захиалга өгч гөвүүлж байгаа хүмүүс цалинг нь харин гүйцэд өгөөсэй л гэж би боддог. Дээр нь нэмж хэлэхэд твиттер дээр онцгойлж намайг нүддэг хэдэн хүмүүст нэг ч төгрөг өгөхгүй гэдгээ энэ ярилцлагаар дамжуулж хэлмээр байна. Би нэг ч төгрөг өгч чадахгүй шүү.

-Нийтийн тээврийн асуудал бол том зовлон. Та ид хэрүүл шуугиан дэгдсэн үед ирсэн. Өмнөх ногоон автобусны хэрэг шийдэгдээгүй байна. Ногоон автобусны өмнө улаан автобусны хэрэг гэж байна. Энэ хэргүүд ер нь юу болж байгаа бол ?

- Тэрийг АТГ шалгаад дуусаж байгаа байх. Миний нэг муу зан юм уу, сайн зан юм уу бүү мэд. Би бол сайн зан гэж бодож байгаа. Өмнө нь хийж байсан ажилтайгаа эргэж хутгалддаггүй. ХЗДХ-ын яамаар эргэж би нэг ч удаа ороогүй. Тэнд юу болж байна. Шинэ сайд чинь ямар томилгоо хийж байна гээд асууж сураглаад зарим хүмүүс хуучин ажлаараа эргэлдээд байдаг юм шиг байгаа юм. Би сая СХД-ийн намын хороог Н.Алтаншагай гэж залууд хүлээлгэж өгсөн. Сая над руу ярьж байсан. Дүүргийн иргэдийн хурлын нэр дэвшилттэй холбоотой зөвшилцөх зүйл байна гэнэ. Би зөвшилцөхгүй ээ. Бүгдийг чи өөрөө намын хорооны даргын хувьд сонгож нэр дэвшүүл. Яагаад гэвэл чиний ажил ингээд эхэлж байгаа юм гэж би хэлсэн. Би бүх дүүргүүдийн иргэдийн хурлын нэр дэвшилтэд оролцоогүй. Манайханд нэг ийм айдас байдаг. Энэ фракц гарч ирвэл миний эсрэг явна. Намайг буулгах байх гэх мэт.  Хүн ажлаа хийгээд өөрийн гэсэн зарчмаа бариад ажиллаж байхад хэн ч огцруулж чадахгүй.

-Та автобус ахиад оруулж ирнэ гэж мэдэгдсэн. Хэчнээн автобус гэсэн бэ ?

-Би 31 урт автобус оруулж ирэх гэж байгаа. Нээлттэй тендерийн дагуу хамгийн бага үнийн санал өгсөн аж ахуйн нэгж ялсан байсан. 

-Автобус баазын хүний нөөц нь хувийн хэвшилд хамрагддаг уу,  төрд байдаг уу ?

- Нийтийн тээврийн менежмент нийтийн тээврийн газарт харьяалагддаг. Нийт аж ахуйн нэгжийн 70 орчим хувийг өнөөдөр хувийн аж ахуйн нэгжүүд авч явж байна. 

- Автобусны жолооч нарт тавигддаг стандарт байдаг байх. Энэ талын асуудал ёс суртахуун болоод чадамжийн хувьд ч нэлээд унасан гэж иргэд шүүмжлэх юм ?

- Стандарт шаардахаас өөр арга алга. Одоогийн байдлаар мянган автобусанд камер программ суулгасан. Одоо 200 гаруй автобусанд суулгана. Энэ программ хангамж, камерууд архи уусан байна уу, үгүй юу гэдгийг төвд мэдээлнэ. Урд талын машинтай хэт ойртож байна уу, үгүй юу гэдгийг төвд мэдээлнэ. Тамхи татаж байгаа эсэхийг мэдээлнэ. Хурд хэтрүүлэх, утсаар ярьсан эсэхийг мэдээлнэ. Бүхэлд нь хянана. Сүүлийн үед маш олон жолооч нар ажлаас халагдаж байгаа. Хамгийн бага нь  3.5 сая төгрөгийн цалин авч байгаа. Дээшээ 5- 6 сая төгрөгийн цалин авч байна. Би УИХ гишүүн, засгийн газрын гишүүдийг, тамгын газрынхныг  автобусаар яваач гээд автобус аваачиж өгсөн.

-Төрийн албан хаагчдыг хэт их дарамталж байна. Одоо бүр автобусаар хүчээр зөөх гэж тулгаж байна?

-Бид түгжрэлээ шийдье гэвэл бүх нийтийн хандлагыг л өөрчилнө. 2006 онд Жайкагийн хийсэн судалгаагаар Улаанбаатарчуудын 54 хувь нь нийтийн тээврээр зорчиж байсан. 2023 оны 11 сард хийсэн судалгаагаар Улаанбаатарчуудын 23 хувь нь нийтийн тээврээр зорчиж байгаа. Одоо энэ оны төгсгөлд парк шинэчлэлт хийгдэж дуусахаар энэ тоог 32 хувьд хүргэнэ гэж байгаа. Одоо урт автобусуудаа дандаа хүн ихтэй чиглэл буюу М-2, М-3 гэдэг чиглэлүүдэд тавих гэж байна.

-Такси үйлчилгээ UB Cab гэдэг ганцхан компани дээр явж байна. Энэ рүү ч өрсөлдөөн орж ирэхгүй байх даа ?

-Зам таг гацсан байхад хаагуур нь такси, хаагуур нь автобус явах юм бэ. Бид эхлээд car sharing буюу нийтээрээ машинаа шэйрлэж унадаг болж байж хөдөлгөөний нягтаршлыг 40 хувь бууруулна.

- Ахиад л хүмүүсийн уур хилэнг хөдөлгөдөг шийдвэрүүд яригдаж байна. Буруу рультэй машины импортыг хориглох тухай яриа гардаг ч хэн ч үүнийг барьж авдаггүй. Хэдийгээр бодлогын хувьд зөв гэдгийг мэдэж байгаа ч дарга нар зүрх гаргадаггүй. 

-Үндэсний хороон дээр урт, дунд хугацааны бодлогын төлөвлөлт, богино хугацаанд хийгдэх төлөвлөлтүүдийг ярилцчихсан. Энэ шууд маргааш гарах шийдвэр биш. Үе шаттай явагдана. 2024 оны эхний 7 сарын байдлаар Улаанбаатар хотод 88 мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлсэн байна. Энгийн логикоор бодоод үз. Бид мянган метро бариад, мянган хурдны зам бариад энэ утаа, түгжрэлийн асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр  том бодлогын асуудлыг хамт зэрэгцүүлж шийдэж байж энэ асуудал явна. Хоёрт,  монгол хүний сонин менталитет байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө машиныг унаад гэрээсээ гарсан бол яг л Ганчимэгийн гэрийн үүдэнд очиж байж айл руу очих үйлдлээ зөв гэж үздэг. Тэрнээс автобусны шугам чиглэлээр суугаад 500 метр алхаад очихыг айл руу очих хэвийн зорчилт гэж үзэхгүй байгаа нь л бидний том асуудал болоод байна. Нэг айл 2-3 машинтай болчихлоо. Тэгэхээр энэ байгаа байдлаа хар л даа. Иймэрхүү эмзэг сэдвүүд дээр бүх цаг үеийн улстөрчид дандаа ард түмнийхээ төлөө гэж буруу дуугарч иржээ. Манай агуу их удирдагч Ц.Элбэгдорж агуу их удирдагч Э.”Бат-Үүлийг өрөөндөө оруулж ирж загнаад. “Чи буруу рультэй машиныг хязгаарлах бодлогоо боль” гэж аашилж байсан бичлэгийг бид нар мэдэж байгаа шүү дээ. Тэр үед автомашины тоо хэд байсан гээч. Ц.Элбэгдоржийн ноёрхлын үед манай улсын нийт бүртгэлтэй автомашины тоо 325 мянга байсан. Одоо сая гарчихсан явж байгаа. Сүүлд яагаад машин их нэмэгдсэн гэхээр иены ханш 25 хувиар сулраад ченжүүдийн ашиг үндсэн ашиг дээр нэмэх 25 хувь болсон. Ингээд импортын давалгаа улам ихээр нэмэгдсэн. Валютын нөөц 4.9 тэрбум байсан. Саяхан миний авсан мэдээгээр 4.3 тэрбум болсон. Энэ цаашид үргэлжлээд явбал ханшинд инфаркт өгнө.

-Том  худалдааны төвүүдийг хотын зах руу гаргах бодлого сүүлийн 10-аад жил яригдаж байна. 22-ын товчооны тэнд автомашины худалдааны зах барьчихсан. Гэтэл хот дотор “Да хүрээ” гэдэг зах нь байсаар л байгаа.

-Та 22-ын товчооны зах дээр очиж үзсэн үү. Машин дүүрэн байгаа биз. Тэнд ч дүүрэн байгаа, “Да хүрээ” нь ч дүүрэн байгаа. Яагаад 100 айлын худалдааны гудамжийг, “Нарантуул”, “Хархорин” захууд гарахгүй байгаа үндсэн шалтгааныг бид нар харахгүй байгаа. Энэ хүмүүст ашигтай бол гарна. Гэтэл одоо эндээ ашигтай байгаа болохоор гарахгүй байна шүү дээ. Бүх улс орнууд тойрог хурдны замынхаа гадна талд, орц гарцан дээр захуудаа байрлуулдаг. Манайхан Берлины Б-5 руу их зорчдог. Би саяхан очсон. Тэгсэн нэг ийм хөгжилтэй онигоо гарсан байна билээ. Б-5 гэдэг хурдны замын хажууд outlet 20-хон километрт байгаа. Манай нэг наймаа хийх сонирхолтой нөхөр европын виз даруулаад онгоцны буудал дээр очоод аяллын зорилго гэдэг дээрээ Б-5 гээд тавьчихсан байсан гэнэ. Энэ бас л нэг юм хэлж байгаа биз.  

Манайх тойрог хурдны замаа шийдэж чадаагүй учраас эд нар хотоос гарахгүй байгаа. Тойрог хурдны замаа шийдээд, тойргийн гадна талд гаргавал энэ хүмүүсийн бизнес яг урьдын хэвээр цэцэглэнэ. Тийм учраас хүссэн ч, эс хүссэн ч тойрог хурдны замын PMC буюу зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаж байгаа. Олон улсын нээлттэй тендер. Та түрүүн яриаг маань тасалчихсан. Ямар ямар эрх зүйн шинэчлэлт хотын хууль эрх зүйн дутуу орчныг бүтэн болгож орж ирэв ээ гээд. Нэг том шинэчлэл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хот өөрөө шийдэхээр болсон. Үүнтэй холбоотой Туулын хурдны зам гэдэг Туул голын хойд хөвөөг дагасан баруунаас зүүн чиглэсэн 33 км замыг хотоос мөнгө гаргахгүй эргээд тарифаараа хөрөнгө оруулалтаа нөхөх хурдны замын гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулах тендерийг зарлах гэж байна. Эдгээр том бүтээн байгуулалтууд хотод явагдана. Метро баригдана. Хойд талын гэр хороолол дээр “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвийн 20 гаруй мянган айлын орон сууцны барилга угсралтын ажлын тендер зарлагдаад эхэлж байна. Эдгээр ажлууд хийгдсэнээр урт хугацаандаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл гэдэг асуудал шийдэгдэнэ. Гэхдээ хамтдаа түрүүн ярьсан захиргааны бусад аргуудыг хослуулж хэрэглэхгүйгээр явагдахгүй. Би Эдийн засгийн хөгжлийн сайдтай хэд хоногийн өмнө хуралд суусан. Л.Гантөмөр сайд аа, ирэх жил макро эдийн засагт томоохон бүтээн байгуулалттай холбоотой ханш, төлбөрийн тэнцэл гэдэг зүйл дээр асуудал үүснэ шүү. Тиймээс арга хэмжээ авах ёстой шүү гэдгийг хэлсэн. Яагаад гэхээр надад зөвлөж байгаа гадны зөвлөхүүд яг энэ зөвлөгөөг өгсөн. Дээр нь барилгын материалын хомсдол үүснэ. Энэ ханш, төлбөрийн тэнцэл асуудал үүсгэхээс гадна барилгын материал, хүний нөөцөд хомсдол үүснэ. Энэ дээр төр, засаг арга хэмжээ авах ёстой гэдгийг ярьсан. Гадны энэ зөвлөгөө бол маш олон жил зовлон үзсэн хүмүүсийн зөвлөгөө. Энэ том бүтээн байгуулалттай зэрэгцээд дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд асар том идэвхжил гарч ирнэ. Яагаад гэвэл ирэх жил эдийн засаг руу зөвхөн хот дангаараа том төслүүдээрээ дамжуулж бараг 2 их наяд төгрөгийн мөнгөн урсгал хийх гэж байна. 

- Барилга барих ёсгүй газруудад хууль бус арга замаар барилга барьсан компаниудад том цохилт ирсэн. Outlet-ийг гэхэд  буулгалаа. Ганцхан эднийх л байсан юм уу ?

-НОСК буюу Нийслэлийн орон сууцны корпораци анх байгуулагдсан зорилгоосоо хазайсан. Монгол улсын хамгийн том СӨХ болсон. Хэдэн байр л хүнд түрээсэлж, СӨХ-ийн арчлалт хийдэг. НОСК-ийг би ямар бүтэц руу оруулж байна гэхээр СӨХ-ийн ажил хийдгийг, түрээсийн орон сууцны ажил хийдгийг тусад нь компани болгож гаргана. НОСК хойд гэр хорооллын газар чөлөөлөлтийг хариуцдаг. Барилгын компаниудад барилга барих талбайг нь бэлдэж өгдөг. Барилга баригдангуут газар чөлөөлсний хөлсийг ашигтай талбайн 20-30 хувийг аваад, авсан талбайгаараа дараагийн газар чөлөөлөлтөө хийдэг. Ийм орон сууцны бодлогын газар болгох гэж байгаа. Хоёрт, хотод таны хэлж байгаа  зогссон олон балгасууд байгаа. 10- 20 жил болсон балгасуудыг бүгдийг нь НОСК худалдаж аваад, гүйцээгээд ойр орчмыг нь тохижуулж өгдөг байгууллага болно.  

- “Богд ар” хорооллын нэг сүмийн барилга, “Буян”-гийн Б.Жаргалсайханы “Хангай” зочид буудлын барилга гээд олон жилээр гацсан барилгын асуудлуудыг танаас сонирхож болох уу. Хөрөнгө оруулалтаас болсон ч юм бий байх, өөр ч шалтгаантай гацсан барилгууд олон. 

- Барилгын бат бөхийн шинжилгээ хийлгэх асуудал яригдаж байгаа. Шинжилгээний дараа шийдэгдэх байх. 

- Хөрөнгө оруулалтаас болж гацсан төслүүд дээр өөр шийдлүүд гаргах ёстой болов уу. Хот бодлогоор дэмжиж гацаанаас гаргах ч юм уу ?

- Бид хоёрын энэ богинохон цагт би өөрийнхөө дотор бодож байгаа бүх зүйлээ гарган ярьж амжихгүй. Би дотроо оргилсон их хүсэл мөрөөдөлтэй, дэврүүн хүн.

-ТҮК-ийн ажилчдын цалинг нэмлээ. Ирээд хийсэн хамгийн гоё ажлын тань нэг.  Эд маань хэдэн төгрөгийн цалин авдаг болсон бэ. Энэ хотын хамгийн эрт босдог, бас хамгийн орой харьдаг хүмүүс тэд болов уу. Хүнд нөхцөлд ажилладаг.

-Манай ТҮК-ийн ажилчид 3.000.000 саяаас дээш цалин авдаг. Дээр нь ажлынх нь орчныг техникжүүлэх ажлыг хийж байгаа. Энэ долоо хоногт эхний техникүүдээ хүлээж авах гэж байна. Нөгөө алдарт нээлттэй тендерийн нэг зовлон нь энэ. Би 10 сар гаруйн турш нэг тендерээ хөөцөлдөөд эхний гурван багцаа авах гэж байна. Дараагийх нь ахиад л бүтэлгүйтчихлээ. Ахиад л нээлттэй тендер зарлана. Манай улсын цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгал гээд олон зүйл байна. Цаашид бид илүү техникжүүлэх ёстой. Гэхдээ мянган сайн техникээр авч чадахгүй нарийн тоосонцор, бохирдол руу энэ хэд маань ухахаас өөр аргагүй байна. Манайхан нуух ухлаа гээд, хог цэвэрлэлээ гээд загнаад байгаа. Яахав ээ, шүүмжлэлгүй ардчилал гэж байхгүй. Бид тэр болгонд хариу өгдөггүй. Зөвхөн урагшаа хараад зүтгэж байгаа. Дээр нь ТҮК-ийн ажилчдын нийгмийн баталгааг хангах талаар тодорхой асуудлуудыг НИТХ-д оруулж батлуулах гэж байна. Дотоодод сурч байгаа хүүхдүүдийнх нь их дээд сургуулийн төлбөрийг хотоос хариуцна. Гадаадад сурч байгаа нэг хүүхдийнх нь төлбөрийг хариуцна. Сая  Германы техникум-д ТҮК-ийн ажилчдаас 50 хүүхэд шалгаруулаад, хэлний бэлтгэл нь дуусаад, одоо виз нь гараад явах гэж байна. Би өөрөө ажилчин ангиас гаралтай хүн. Аль болох тэднийхээ хүүхдүүдийн ирээдүй, өөрсдийнх нь нийгмийн асуудлыг илүү сайжруулахын төлөө зүтгэнэ.  Бусад улс орнууд ялангуяа азийн бусад орнууд нийгмээрээ нийтийн ухамсраа дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажил руу идэвхийлэн явж байна. Манайд л энэ талын ажлуудыг хийхгүй байна. Улам л харанхуй болж, улам л бүдүүлэг аашилцгааж байгаа нь  гайхаш төрмөөр.

- Хогны үйлдвэрүүдийг л хот хөдөөгүй байгуулмаар байна. Энэ талаар танд сайн мэдээ байгаа гэж сонссон. 

-Хог боловсруулах хоёр үйлдвэрийг морингийн даваа, цагаан даваан дээр тендер зарлах гэж байна. Одоо засгаар найман журам батлуулчихвал тендер зарлана. Засаг даргын ажил хийж байгаа хүн гурван чиглэлээр мэргэших ёстой. Нэгт, улстөрч байх ёстой. Хоёрт, төрийн албаа мэддэг, энгийн үгээр цаас нухдаг, гадарладаг байх ёстой. Гуравт, аж ахуйн ажил хийдэг, хурдтай сэтгэдэг байх чухал. Энэ гурвын нийлбэр болсон хүн байх ёстой. Улс төрөө мэдэхгүй, улстөрчийн хувьд нөлөөлөлгүй бол хийж байгаа ажил нь явахгүй. Төрийн ажил мэдэхгүй цаас нухахгүй, төрийн ажлын эрэмбэ дараалал, явцийг мэдэхгүй бол бүтэхгүй.

- Нүүлгэлттэй холбоотой зардлыг би шүүмжилж бичээд байгаа болохоор тэрийгээ асууя. Энэ тантай шууд утгаараа хамаагүй зүйл. Хуучин хотын захиргаа руу Улсын дээд шүүх нүүж ирж байгаа. Хотын захиргаа яармагт баригдсан шинэ байр луу нүүсэн.  

-Ар талын өндөр хар барилгыг Улсын дээд шүүх Засгийн газрын тогтоолоор авсан. Хуучин хотын захиргааны байшин хотынхоо мэдэлд хэвээрээ байгаа.

- Тэрбумаар хэмжигдэх зардлууд гарах нь. 2.6 тэрбумаар хоёр байгууллага нүүж сууна гэдэг арай хэтэрсэн зардал гэж бодож байна. 

- Бид зардлаа хэмнэж байгаа. Нэгдүгээрт, хүргэлтийн систем алдаатай хийгдсэн. Хоёрт, Улаанбаатар хотын их өгөгдлийн ситем, серверийг бүгдийг нь нүлгэж байгаа юм шүү дээ. Нийт зардал нь 1.4 тэрбум. Улаанбаатар хот цаашид дижитал хот болж байгаа. 11 сард зарлана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Б.Ганчимэг гэж хүн гэрээсээ гараад олон зуун камерт өртөж ажил руугаа ирээд, эргээд олон камерт өртөж буцна. Б.Ганчимэг гэж хүн автомашинтай явахдаа хэдэн удаа дүрэм зөрчиж байна тэр тохиолдол болгон нь торгууль болж очно. Хотын иргэдээ бид зан үйлийнх хувьд ч урамшуулдаг тогтолцоо руу шилжих гээд аппликешн программ хангамжаа бэлдчихсэн байж байна.

-Яармаг руу нүүсэн танай хүмүүс хэцүү байгаа байх даа. 

-Нэгэнт гарсан засгийн шийдвэр. Бид хэрэгжүүлнэ.

-Манай хотод ахиж барилгын том төслүүд явагдах уу. Боломж хэцүү, дээрээс нь дагавар хотуудын тухай бодлого зарлагдсан. 

-Явна.

-Барилгын төслүүд явж байгаа, ахиад ч явна гэж та хэллээ. Гэхдээ хууль бус явдлуудаас үүдсэн асар олон гажуудал байна. Жишээ нь, “Богд Асар” ХХК дуудлага худалдаагаар 3.3 тэрбум төгрөг төлж газар авсан. Гэвч газраа эзэмшиж, ашиглаж чадалгүй 15 жил болжээ. Хувийн хэвшлийнхэн газраа дуудлага худалдаагаар худалдаж аваад нэг ч тоосго тавьж чадаагүй 15 жил болж байна гэхээр аймшигтай байгаа биз. Хуучин хотод эрх мэдэлтэй байсан  бүлэглэл, хүчний бүлэглэлүүд гээд тал талын хавсарсан дарангуйлалд өртсөн ийм компаниудын талаар та мэдэж байгаа юу ?

- Тэр төслийг мэдэж байгаа. Шүүх шийдвэрээ гаргачихвал бид ажил эхлүүлэх зөвшөөрлийг нь өгнө. Хоёрт, таныг залуухан сэтгүүлч байхад 1990 оны 4 сарын 20-нд шиг санаж байна. Өдөр андуурч байж магадгүй. БНМАУ-ын үед хоёр хууль батлагдсан. Нэг нь төрийн захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хор хохирлыг барагдуулах тухай хууль. Хоёр дахь нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүхийн хууль бус ажилллагааны улмаас иргэнд учирсан гэм хорыг барагдуулах тухай хуулийг баталсан. Ингэснээр Монгол Улс анх удаагаа эрх зүйт төртэй боллоо. Төр нь иргэнийхээ өмнө хариуцлага хүлээдэг тогтолцоотой боллоо гэдэг хуулиа баталж гаргасан. БНМАУ-ын үед батлагдсан ч одоо хүчингүй болоогүй хэд хэдэн хууль эрх зүйн акт байна. Жишээлбэл, улсын үйлдвэрийн газар онцгой дэглэм тогтоох хууль байна. Өчигдөр мэдээ харж байлаа. ОХУ-ын хууль зүйн сайд, Зөвлөлт холбоот улсын үед батлагдсан одоо болтол хүчингүй болоогүй хуулиудаа нэг талдаа цэгцэлнэ гээд ярьж байна билээ. Энэ бол улс болгонд байгаа проблем. Энэ хоёр хууль бол дараагийн эрх зүйн актуудад өөр хууль болоод шилжээд явчихсан. Захиргааны ерөнхий хууль, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиараа. Тэгэхээр хийх, засварлах ажил мөн ч их байгаа биз. 

- Сонирхолтой баримт байна. Ингэхэд орон нутгаас иргэд Улаанбаатарт нүүж ирсээр л байгаа юу. 

-Нүүж ирж байгаа. Гэхдээ бид газар олголтыг зогсоочихсон. 0.7-га олгодог байдлыг зогсоосон. Утаатайгаа тэмцье гэчихээд өдөр болгон дүүргийн засаг дарга нь хэдэн зуугаар нь 0.7-гийн газрын зөвшөөрөл хамаа намаагүй зураад байдагт ямар логик байна вэ. Үүнийг зогсоосон. Машины дугаар олголт дээр хязгаарлалт тогтоох хууль батлагдсан. Удахгүй үйлчилж эхэлнэ. 

-Мотоцикл, скүүтэрийг их шүүмжилж байна. Чанга дуугаар орилуулан давхидаг мотоциклыг хөдөлгөөнд хүндрэл учруулж байна гэж иргэд ихээр шүүмжлэх юм?

-Энэ тээврийн цагдаагийн ажил. Дуу чимээний бохирдол гаргаж байгаа. Би зөрчлийн тухай хуулинд үүнийг оруулаад батлуулчихсан. Шинэ ХЗДХ-ийн сайдаас хэрэгжилтийг нь хангаачээ гэж сэтгүүлчид та нар шахмаар байна. Би ч гэсэн ирсэн гомдлуудыг тийшээ явуулж байгаа. 

 - Та өөрийнхөө удирдлаганд ажиллаж байгаа хүмүүсийг өглөө 07 цагт ажилдаа ирэхийг шаарддаг гэсэн үү ?

-Үнэн. Ерөөсөө бүх юм сонголт. Шөнө орой утсаа салгах ёсгүй. Тулгамдаж байгаа асуудлыг хариуцсан мэргэжлийн байгууллагууд, инженерын албад бэлэн байдалд ажиллаж амьдрах ёстой. 

- Цэрэгжсэн дэглэм шиг ийм шаардлаган дор ажиллах хэцүү байх. 

-Бид ажил хийнэ гэж л ирсэн. Өнгөрсөн нэг жилийн турш хамтран ажилласан хэдэн чимээгүй баатрууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэд бол инженер техникийн ажилчид. Улаанбаатар хотод энэ жил урьд хожид байгаагүй том инженерын шугам сүлжээг шинэчлэх ажил амжилттай хийгдсэн. Маш олон жил гацсан хотын төвийн дулаан эрчим хүчийг нэмэгдүүлэх 2а, 2б гэдэг шугамыг бүтэн шинэчилж дуусгалаа.  Улаанбаатар хотын төв руу ирж байгаа том шугам 11-ын Г, Д гэдэг шугам одоо дуусаж байна. 18 жил яригдсан “Туул-1” коллекторыг энэ жил эхлүүлж, ирэх жил дуусгана. Яагаад гэхээр төв цэвэрлэх байгууламжид холбогдох Налайхаас эхлэлтай 33 км шугам. Өмнө нь 18 жил үлгэн салган хийгээд ихэнх нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Үүнийг сая бондын мөнгөөр босголоо. Гэр хороолол руу татах шугам сүлжээний ажлууд зарлагдаад явж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын шугам сүлжээг өргөтгөх ажил дээр бондоос хэдэн төгрөг босгож оруулаад явж байна. Ирэх жил бондуудын эргэн төлөлтийг графикийн дагуу төлж дуусгана. Ирэх жил эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийг эхлүүлнэ. Хоёр том хог цэвэрлэх байгууламжаа эхлүүлнэ. Тойрог хурдны замуудаа эхлүүлнэ. Метроны барилгын ажил  эхэлнэ. Улаанбаатар хотын хэд хэлэн холбоос замуудыг дуусгана. Ирэх жил замын сангийн хөрөнгөөр шүүмжлэл дагуулсан бордюр хийхгүй. Ирэх жил зөвхөн хорооллын дундах замуудыг бүтэн шинэчлэнэ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот цаашид дандаа төлөвлөлтийн дагуу хөрөнгө оруулалт хийнэ. Ярьдаг, хийдэггүй хүмүүсийг ажиллуулахгүй. Би сая авто замын хөгжлийн газрын даргаар АНУ-д төгссөн, тэндээ ажиллаж байсан Б.Одбаярыг тавьсан. Ерөнхий архитектураар Японд хот төлөвлөлтөөр төгсөж, доктор хамгаалсан Ч.Төгсдэлгэр гэж залуу эмэгтэйг томилсон. Одоо цаашид Улаанбаатар хотын инженерийн албыг дандаа мэргэжлийн хүмүүсээр удирдуулах зорилго тавьж байгаа. Мөн Жайко олон улсын байгууллагаас буурал толгойтой silver зөвлөхүүдийг авж ажилууллахаар гэрээ хийгдэж байна. Бүх инженерийн албанд зөвлөхүүдийг ажилуулна. Хуучин социализмын үед орос зөвлөхүүд ажилладаг байсан. Яг тэрэнтэй адилхан. Ус суваг, дулаан, хот байгуулалт, зам гээд бүх байгууллагууд дээр Жайкогоос хүмүүс авчирч ажилуулахгүй бол болохгүй байна. 

- Тантай ярилцахаар тэр чигээрээ эрчимлэг агаарт орчихдог. Гэхдээ сайхан байна. Амжилт хүсье. Дараа уулзахад олон том төслүүдийн  ард гарчихсан, оволзсон их ажлуудыг эхлүүлчихсэн байх нь ээ...

-Шинэ Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе. Нэг хэсэг нь зүтгэх биш, нийлээд хамтдаа зүтгэе. Сошиалаар амаа уралдуулах биш. Ажил хийцгээе. Ажил хийгээд явахад үр дүн гардаг. Жишээ нь, газрын албаныхан газрын наймаа хийгээд байна гэдэг шүүмжлэл хэчнээн жил явлаа. Үүнийг бүрэн зогсоосон. 

-Танд угаасаа өгөх газар ч байхгүй биз дээ ?

- Байхгүй. Гэхдээ өмнө нь олгосон шийдвэрүүдээ цуцлаад л олгоод байсан байх юм. Бид бүх юм дууссан хойно ирсэн. Таны хэлдэг үнэн. 650 мянган га газрыг өнгөрсөн жилүүдэд олгосон байна. Одоо газрын алба газраа буцааж нөхөн олговортой чөлөөлж, дахин төлөвлөж, дуудлага худалдаагаар олгоно гэдэг бодлогын өөрчлөлт руу явж байгаа. 

- Газар гэснээс та зарим компанийн эзэмшилд байсан газрыг чөлөөлсөн. Хуучин хотын мэдэлд байсан зарим байгууллагыг буцаан авчирч байна. Зарим нь таныг булаагч, нураагч гэж байвч нөгөө талдаа хотын асуудлууд руу шууд нүүр тулан орж, шийдвэрлэж чадаж байна гэж үнэлж байх юм. 

- Алдагдсан өмчийг эргүүлэн авах гэж олон байгууллагатай хэлэлцэж, хэрэлдэж яваа маань үнэн.  Үүний нэг нь, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хууль бус хувьчлал. Анх 1993 онд 30 хувь,  2001 онд дахин 19 хувийг нь нэмж хувьчилсан байдаг. Гэтэл 2006 онд нийслэлийн эзэмшлийн хоёр хувь гэнэт алга болж, нөгөө тал 51, хот 49 хувийн өмчлөгч болчихсон байсан. 30 гаруй жилийн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ашиг гэж 34 сая төгрөг л авсан байх жишээтэй. Түүгээр зогсохгүй эргэн тойрны 20-иод га газрыг нь зарчихсан байсан. Одоо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мэдэлд 12.8 га газар үлдсэн байдаг. Иймд 51 хувийг эзэмшиж байсан талтай уулзалт, хэлэлцээр хийсний үр дүнд 51 хувиа үнэ төлбөргүйгээр эргүүлэн буцааж авч чадлаа. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн 100 хувь орон нутгийн өмчит болж, энэ жил наадмын үетэй нийлээд, оны эцэст 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах төлөвлөгөө батлагдаад байна даа. Яаж ч бодсон энэ бол үр дүн байх л даа. Нийслэлийн өмчтэй холбоотой өөр ч хууль бус явдлууд бий. Жишээ нь, “Хатанбаатар” эмнэлгийн менежментийн гэрээг буцаах процесс. Энэ эмнэлэг менежментийн гэрээтэй хэрнээ 2022 он хүртэл урсгал зардлаа хотын төсвөөс хариуцуулж явсан байдаг. Үнэхээр байж боломгүй явдал. Ж.Хатанбаатар гэдэг энэ хүн эмнэлгээс гадна хуучин эмийн үйлдвэр, Гачуурт дахь эм тариалах талбай, Зайсан дахь сэргээн засах эмнэлэг гээд бүгдийг нь авсан байна. Улсад нэг ч төгрөг төлдөггүй, ажилчдынхаа нийгмийн даатгалыг ч сүүлийн нэг жилд төлөөгүй. Энэ мэт асуудлыг хуулийн хүрээнд засаж шийдэхээр ажиллалаа. Мэдээж дайралт, эсэргүүцлүүд гарна. Ерөнхийдөө Улаанбаатар хотын өмч хөрөнгийг хамгаалах, эргүүлэн авах эдгээр ажлыг өнгөрсөн 11 сарын хугацаанд хийлээ. Бүртгэлээс нь эхлээд л өөрчилсөн. Улаанбаатар хот жил болгон төсвийн зардлаар тодорхой бүтээн байгуулалтын ажил хийдэг. Гэтэл эдгээр өмч хөрөнгүүдийг өмчлөх, хянах, хувьчлах, түрээслүүлэх тогтолцоо, бүртгэл нь excel программ дээр явж ирсэн байх жишээтэй. Энэ бол үнэхээр аймшигтай явдал. Арай л байгаа биз. Шинэ программ хангамж хийлгээд ажиллаж байна.

- Урт цагааныг өөрчлөх төсөл ямар шатандаа яваа вэ ?

- Нийслэлд өмнө нь ажиллаж байсан тодорхой албан тушаалтнуудтай хамаарал бүхий хүмүүс сүүлийн 10 гаруй жилд нэг ч төгрөгийн түрээсийн төлбөр  төлөлгүй, ашиг олж байсан газрын нэг бол Урт цагаан. Нийслэлийн үе үеийн хэд хэдэн дарга нар Урт цагааныг буулгах дүгнэлттэй, шинээр барих төлөвлөгөөтэй байсан ч ажил хэрэг болгож чадаагүй байдаг. Харин одоо барилга угсралтын ажил нь эхэлчихсэн, газар доор нь автомашины зогсоолтой, ногоон байгууламж бүхий талбайг бий болгохоор бэлтгэл ажил хангагдаад явж байна.

Ийнхүү бидний ярилцлага өндөрлөлөө. Үргэлжлүүлж ирэх намар заавал ярилцахаар төлөвлөсөн байгаа. 

Эрхэмсэг уншигч таныг ажил хэрэгч, өрнүүн агаарт хэсэг ч гэсэн оруулж ирж чадсан байх хэмээн найднам

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (7)

иргэн
иргэн

олон ажилтай нүүр тулж,  урагшлуулж яваа юм байна аа. 

Танд амжилт хүсье. Унагаж, огцруулахын дон шүгэлсэн түмэн минь энэ ярилцлагыг уншаарай


УБ хотын унаган иргэн
УБ хотын унаган иргэн

Сэтгэл сэргээсэн  сайхан ярилцлага байна. Хотын дарга, сэтгүүлч та хоёрт баярлалаа. 

Олон  ажил хийж гүйцэтгэж,  урагшлуулж бас олон ч  ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. 

Танд танай хамт олон Амжилт!


Хөрс
Хөрс

Заваарсан юм бэ?

зочин
зочин

Үнэхээр сэтгэлд юм бодогдуулсан ярилцлага байна. Манай дээр байгаа 126 ийм болоосой. Юм хийсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж манай монголчууд яг хэлсэн байдаг юм. Танд ажлын өрнүүн их амжилт хүсье.


дүнхүү
дүнхүү

Үнэнхүү дүнкхүү коммунист новшийн яриаг унших цаг алга даа. Орж ирээд зургийг нь л харав

эргүүста
эргүүста
, дүнхүү

Үнэнхүү дүнкхүү коммунист новшийн яриаг унших цаг алга даа. Орж ирээд зургийг нь л харав

Яаааоааг

Энэ заяагүй ста үнэндээ яаж ч хичээгээд амжкуээээээ

O
O
, эргүүста
, дүнхүү

Үнэнхүү дүнкхүү коммунист новшийн яриаг унших цаг алга даа. Орж ирээд зургийг нь л харав

Яаааоааг

Энэ заяагүй ста үнэндээ яаж ч хичээгээд амжкуээээээ


Tanai site bur araishdeeeee🙏ugasa ganchimeg gej ulsturchdiin buunii nohoi, altanhuyg muyg mungunii tuluu iim erguu teneg companyd ajillaj yadag bna😭zavaan novshnud

, иргэн

олон ажилтай нүүр тулж,  урагшлуулж яваа юм байна аа. 

Танд амжилт хүсье. Унагаж, огцруулахын дон шүгэлсэн түмэн минь энэ ярилцлагыг уншаарай


Gutsoooo

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав