Эдүгээ боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрт хэрхэн хандаж, ямар шийдвэр гаргаж буй талаар Боловсролын шинэхэн сайд П.Наранбаяртай ярилцлаа. “Шинэ монгол” сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг түүнийг боловсролын асуудалд ойр, зөв бодлого хэрэгжүүлэх зоригтой, мэдлэг боловсролтой нэгэн гэж хүмүүс хардаг. Тиймдээ ч хүлээлт өндөр байгаа. Энэ жилийн хувьд хичээлийн эхний жилүүдэд гардаг сөрөг хандлага, хичээлийн жилийн нээлттэй холбоотой дуулиант асуудлууд төдийлөн гарсангүй. Ийнхүү түүнийг хэрхэн, ямар бодлого баритлан ажиллах талаар асуухаар “Interview” сэтгүүлийнхээ шинэхэн дугаарын зочноор урьсан билээ.

-Намрын улирал бол ид ажлын цаг. Таны хувьд шинээр томилогдсон албан тушаалын байдлаас гадна хичээл, сургууль эхлэхтэй холбоотойгоор хамгийн их ачаалалтай улирал байдаг болов уу?

-Ер нь намар цаг бол хамгийн сайхан улирлын нэг. Гэхдээ нүүдлийн шувуудыг харахаар хөнгөн гуниг, гансрал төрдөг. Жишээ нь, япон хүн сакура нь сэмэрч унахыг хараад хорвоогийн мөнх бусын тухай бодох нь элбэг. Харин монгол хүний хувьд царцаа дуугарахаа болих, шувууд буцахыг харах үедээ авсан мэдрэмжээрээ бүтээсэн олон шүлэг, дуу байдаг. Намар болохоор хүүхдүүд сургуульдаа явна, нутаг эзгүйрнэ. Нөгөө талдаа мэдээж ажил, мэргэжилтэй холбоотойгоор ачаалал үүснэ. Зарим нэг сөрөг асуудлууд гарч ирнэ. Ер нь есөн сарын эхээр нийгмийн амьдрал бужигнаад эхэлдэг дээ. Харин энэ жилийн хувьд ачаалал харьцангуй гайгүй байгаа. Мэдээж олон асуудлууд бий. Тэр бүгдийг шат шатандаа шийдээд явна. Гол нь энэ удаагийн хичээлийн жилийн бүтэц, ажлын бүх төлөвлөгөөгөө долоодугаар сард аль хэдий нь гаргачихсан. Үүн дээр нэмээд сарын болон жилийн ажлын төлөвлөгөөнүүд хийгдсэн. Тогтмол ажлын төлөвлөгөөг мөн хийгээд өгчихсөн. Бүгд эмх цэгцтэй, төлөвлөгөөний дагуу явж байгаа. Сургуулийн төлөвлөлт бол нийгмийн төлөвлөлт юм. Учир нь сурагчдын шалгалт өгөх, хичээлийн амралтын өдрүүд нь тодорхой байвал эцэг эхчүүд өөрсдийн ажлыг ч зохицуулна. Тиймээс сургууль, цэцэрлэг өөрөө нийгмийн цөмд байдаг. Үүн дээрээ суурилаад бүх нарийн төлөвлөгөөг гаргаад өгчихсөн учир энэ жил их амар байгаа гэх дуу, хоолой нийгмийн зүгээс ч мөн сонстож байна. Элсэлтийн ерөнхий шалгалт хэзээ авах, олимпиадууд хэзээ болох зэрэг бүх зүйл нь тодорхой болсон. Бодлого тогтвортой болоод ирэхээр хүмүүс ажлын хэрэгжилтээ толгой өвтгөлгүй явуулдаг. 

-Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд бий. Тэдгээрийн хувьд анги танхим хүрэлцээгүй байгаа гэх асуудал хөндөгдсөөр байгаа... 

-Тийм ээ. Нийслэлийн хэмжээнд гурван ээлжтэй сургуулиудын асуудал үүссэн нь үнэн. Гэхдээ нийт 36 сургуулиас 25-ыг нь шийдчихсэн. Харин өргөтөл нь бүрэн баригдаж дуусаагүй сургуулиуд бий. Энэ хугацаанд түрээсэлж байгаа газар нь сургуулийн орчин хангахгүй байгаа талаар эцэг эхчүүд мэдүүлж байгаа. Шат шатандаа ажлаа хэрэгжүүлж, шийдээд явж байгаа. 

-Та багадаа ямархуу хүүхэд байсан бэ. Намрыг ер нь хэрхэн төсөөлдөг байв? 

-Багадаа гэрээс гардаггүй. Номын, мөрөөрөө л хүүхэд байсан. Ном унших дуртай. Намар болоход хичээл ном цугладаг. Заримдаа гэнэт зуны даалгавараа санаж бажга авна шүү дээ. Мөн хичээл эхлэхэд өөрийгөө хэр өндөр болсон бол, ангийнхантайгаа уулзахад тэд яаж өөрчлөгдсөн байх бол гэж төсөөлнө. 

-Та олон ном гаргасан. Хамгийн сүүлд “Зүймэл” нэртэй нийтлэлийн номоо уншигчдад хүргэсэн. Анх яг ямар бүтээл уншаад номд дурласан бэ? 

-Даниель Дефогийн “Робинзон Крузо”. Анх уншчихаад мэл гайхаж, цэл хөхөрсөн дөө. Би эзэнгүй арал дээр очвол амьдарч чадах болов уу гэж бодсон. Бүр найзуудтайгаа нийлээд ууланд төөрөх гэж оролдсон. Нар нэлээд гудайж, гэдэс ч учиргүй их өлсөж байлаа. Гэхдээ дан хөвгүүд байсан болохоор хэн нэг нь буцах тухайд үг унагаж зүрхлээгүй. Учир нь “Хэн нь зоригтой болохоо харуулах” гээд байна шүү дээ. Тэгтэл нэг маань шуудхан гэрийн зүг замаар ороод алхдаг юм. Гэтэл тэнд зогсож байсан хүүхдүүд чив чимээгүй, нэг ч үг дуугаралгүй араас нь дагаад алхаж билээ. Ийм нэгэн зугаатай дурсамж бий. Шөнө оройтож ирэхэд ээж будаатай хуурга хийчихсэн байсан. Тэр хоолны амтыг би одоо хүртэл санадаг.

-Ном гэснээс сурах бичиг, гарын авлагын ном зүйд зориулсан статистик тоон мэдээллийг хэвлээд гаргачихсан байдаг. Гэтэл тэдгээрийг цахимд байрлуулчихад болох агаад цаас гарздах, мөнгө төгрөг төсөвлөх шаардлагагүй хэмээн дийлэнх үзэж байгаа. Тэдгээр тоон мэдээлэл, ном зүй, тайлангийн гарын авлагыг цахимаас л авчихад болох зүйлс. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Аль аль хувилбар нь бий. Цахим дээр бол бүгд байгаа. Ороод харахад асуудалгүй. Харин цаасан хэлбэрийн хувьд зорилтот бүлгийнхэнд зориулж цөөн тоогоор гаргадаг. Хүн бүр компьютертэй, цахим орчны мэдлэгтэй биш шүү дээ. Үүнээс гадна дэлгэцийн хамаарлаас холдох зорилготой хүмүүс ч бий. Нөгөө талдаа цаасан хэвлэл үлддэг давуу талтай. Цахим руу хэн ч, хэзээ ч ороод юуг нь ч өөрчилчих юм билээ. Энэ утгаараа илүү чанартай эх сурвалж болж үлддэг. 

-Монголд боловсролын систем унасан, гадаадын орнуудаас хамаагүй доод түвшинд оччихсон талаар сүүлийн хэдэн жил ярьж байна. Та энэ системийн дотор нь, гадна нь ч байсан хүн. Хамгийн анх шийдвэрлэх албан тушаалд томилогдоод юуг нь өөрчлөхийг хүсэж байсан, одоо ямар асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа вэ? 

-Тийм. Би найман жил сургуулийн захирал хийхдээ үргэлж системийн дотор байжээ. Харин дөрвөн жил НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах үедээ гадна талд гарсан. Одоо бол буцаад дотор нь орж ирлээ. Шийдвэр гаргах түвшний албан тушаалд анх удаагаа томилогдож байна. Мэдээж шинэчлэсэн юмс ч байна, шийдэх ёстой асуудлууд ч байна. Ер нь бол их хөшингө байдал мэдрэгдсэн. Хамгийн гол нь орчин AI хурдтайгаар хөгжиж буй энэ нөхцөлд илүү хүмүүнлэг тал руу нь удирдан чиглүүлж, хүүхдүүдийг бүтээлч болгон хөгжүүлэх шаардлагатай байгаа. Гэхдээ яг зориглоод уг ажлын төслийг боловсруулж, төлөвлөгөөг нарийн гаргаад системийг нь монголд нэвтрүүлэх гэхээр асуудлууд гарч ирнэ. Жишээлбэл, нэг ангид байгаа хүүхдийн тоо их, багшийн ачаалал өндөр гэх мэт бодит бэрхшээлүүдтэй нүүр тулгарч байна. Гэхдээ PSA-гийн шалгалтад нэг сонирхолтой дүн гарсан. 

-Тэр нь юу вэ. Олон төрлийн судалгаа байдаг шүү дээ... 

-Монгол хүүхдүүд сургуульдаа явах дуртай гэх хариулт нь Финляндын түвшинд очсон байна. Солонгос, японоос дээш гарсан гэсэн үг. Энэ бол тун сайн хэрэг. Монгол хүүхдүүд сурах хүсэл тэмүүлэлтэй байна, тэдний аав, ээж сургуулийг тодорхой хэмжээнд үнэлж байгааг эндээс харж болно. Яг үүн дээр тулгуурлаад уг гарсан үр дүнг эвдэхгүйгээр цааш явах боломжууд бидэнд бий. Аль ч улсад боловсрол нурлаа, уналаа гэж шүүмжилдэг. Тэгэхээр бид юуг нь авч үлдэж, болохгүй байгаа ямар асуудлыг өөрчилж, хувиргах вэ гэдэг л хамгийн чухал. Одоогоор бол цахим шилжилт рүү орж байна. Гэхдээ цахим шилжилт бүхнийг шийдэхгүй гэдэг нь ойлгомжтой. Интернетийн өндөр хурд, ухаалаг төхөөрөмж байхгүй л бол хэчнээн гоё агуулгыг бэлдээд ч сурагчдадаа хүргэж чадахгүй биз дээ. Тиймээс үүн дээр цогц шийдэл гаргахыг эрмэлзсэн, хүлээлттэй байгаа. Зарим нь дэлгэцийн хамаарлаас болж хохирвол хэн хариуцлага хүлээх юм. Нүсэр их гэрийн даалгавартаа төвлөрөөд мөнөөх цахим дээрх агуулгыг анзаарахгүй өнгөрөөчих хүүхдүүд ч олон. Иймээс танхим, цахим хосолсон тэнцвэрийг хадгалах нь их чухал. 

-Гэрийн даалгавар гэснээс манайхны нэг алдаа энэ. Зургаан цогцолбортой эх өгчихөөд жаран хуудас даалгавар шаарддаг. Үүнтэй холбоотойгоор шинэ зөвлөмж гаргаж сургуулиудад хүргэсэн бил үү? 

-Тийм ээ, бид зөвлөмж явуулсан. Хүүхдэд хэт их ачаалал үүсгэсэн гэрийн даалгавар өгөхгүй байя. Даалгаврын ачааллыг хорь, арван минутаас хэтрүүлэхгүй байхыг даалгасан. Угтаа бол 10 минутын дүрэм. Эхлээд 20 минутын даалгавар өгөөд дараа нь 30 минут болгох байдлаар нэмэх хэрэгтэй. 

-Минутын уншлагыг эргэн харах цаг нь болжээ гэж та хэлсэн. Шуудхан хэлбэл, олон жил тогтсон эл журмыг халах хэрэгтэй гэсэн. Гэтэл зарим эцэг эхчүүд, багш нар минутын уншлага хийж, унших чадварыг ахиулах нь зөв гэж үзсээр байгаа. 

-Уншихийг болиулна гээгүй. Харин минутын буюу түргэн уншлагын тухайд ярьсан. Ер нь хүний хэл зүйн эрхтэн өөрөө хэчнээн дээд түвшинд байлаа ч минутад 300-гаас илүү үг хэлж чадахгүй. Хүүхэд уншсан юмаа ч ойлголгүй дуржигнуулаад өнгөрдөг. Гэтэл бидний нүд минутад тэр байтугай үгийг харж чадна. Тиймээс унших, уншаад ойлгох, ойлгосноо дүрслэн бодох, илэрхийлэх, хэрэгжүүлэх, төсөөлөн бодох чадваруудыг дээшлүүлэх нь илүү том зорилго. 

-Аутизмтай хүүхдүүдийн асуудал манайд эмзэг байна. Цэцэрлэгийн нэг ангид 1-3 хүүхэд авах ёстой гэж хуульчилсан ч хэрэгжүүлэхгүй байна. Улсын цэцэрлэг атал тэр хүүхэдтэй багш нар огт ажилладаггүй. Ийм хүүхдүүд хоол ундны тал дээр ч асуудалтай байдаг. Ангид байгаа ганцхан хүүхдэд иддэг хоолыг нь өгөх сэтгэлгүй. Гэрээсээ хийж ир гэдэг. Эцэг эх нь маш эрт хоолыг нь бэлдээд хүргэж өгнө. Халааж өгч байгаа нь ч эргэлзээтэй. Дээр нь манай хотын бөглөрөл... Тэгэхээр гэр бүл нь ажил хийх боломжгүй болж байгаа юм. Гэтэл тэр багшид сар бүр 200 мянга төгрөг олгогддог. Хүүхэд хөгжихгүй, нийгэмшихгүй, харин ч ялгаварлагддаг орчин болж хувирсан. Энэ талаар та юу хэлмээр бна? 

-Аутизмтай хүүхдийн асуудал манайд яалт ч үгүй эмзэг байгаа нь үнэн. Тиймдээ ч хувьсах зардлыг нь гурав дахин өсгөж өгсөн. Санхүүг нь шийдсэн чинь сургуульд хамрагдах нь эрс өсөж, 80 хувь руу орсон. Одоо харин яг чиний хэлээд байгаа шиг чанарын асуудал яригдана. Энэ бол тун чухал. Тийм хүүхдүүдээр тусад нь нэг анги бүрдүүлээд сургах боломжгүй. Учир нь тэд бусад хүүхдүүдийн дунд байж, нийгэмшиж, мөнөөх аутизмтай хүүхэд өөртэй нь хүн шиг харилцаж, ойлголцож, гадуурхахгүй байгаа мэдрэмжийг авах нь чухал. Тиймээс гагцхүү багш нарын ойлголтыг өөрчилж, энэ бол нэг төрлийн өвчин гэдгийг мэдүүлэх шаардлагатай байгаа. Тэр талын ажлуудыг бодлоготойгоор хэрэгжүүлнэ.

-Аутизм өөрөө дэлхий нийтэд бүрэн гүйцэд тайлагдаагүй, эмчлэгдэх аргыг нь бүрэн нээгээгүй байна. Гэвч ийм хүүхдүүд маш ихсэж байгаа. Манайд энэ хэсгийнхэн хувийн хэдхэн цэцэрлэгээр хязгаарлагддаг. Сэтгэлээрээ зүтгэж байгаа цөөн хүмүүсийн нуруун дээр л явж байна. Улс анхаарахгүй юм уу? 

-Харин тийм. Энэ бол нэг төрлийн тархины өвчин. Гэтэл дээхэн үед бол мунхаг, тэнэгдүү болчихсон гэдэг ойлголттой байсан. Түүнээсээ одоог хүртэл ихэнх нь салаагүй. Гэтэл энэ төрлийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгт хамрагдах шаардлагатай. Хүсэлтийн хувь ч өндөр гарсан. Энэ нь чухал судалгааны үр дүн. Ажиллах хүчийг эрчимжүүлж, дорвитой шийдвэрүүдийг цаашид хэрэгжүүлэх талаар судалж, анхаарах болно. 

-Ер нь танд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудал хариуцсан зөвлөх бий юу? 

-Орон тооны бус зөвлөхөө томилоогүй байна. Удахгүй томилно. Гэхдээ энэ талын асуудлыг хариуцсан мэргэжилтэн бол байгаа. Би саяхан Нагояагийн их сургуулийн хүмүүстэй уулзсан. Тэгээд нэг сонин судалгаа сонссон. Аутизмтай хүүхдүүд хүнээс илүү амьтадтай ойлголцдог. Жишээ нь, нэг хүүхдийг морьтой ойр байлгахад тэд хоорондоо ойлголцож, харилцаж чаддаг. Үүгээрээ заримдаа тэдгээр хүүхдүүд ид шидтэй ч мэт онцгой сэтгэгдлийг бусдад үлдээсэн байгаа юм. Түүнийхээ дараа мөнөөх хүүхдүүд нийгэмшихэд сайн нөлөөтэй эсэхийг судлахад эерэг үзүүлэлт гарсан. Өвчин нь илааршиж эхэлсэн. Тун сонирхолтой. Энэ мэтээр судалж л байна. 

-Жил бүр маш олон ном, сурах бичиг хэрэггүй болж хаягддаг. Тоо баримт ч аймшигтай. Тэгэхээр нэгдсэн системийн дагуу чанартай сурах бичиг гаргаж, түүнийгээ мөрдүүлэх асуудал олон жил эцэг эх, сурагчдын толгойны өвчин байсан. Дээр нь сурах бичгүүд зузаан, хүнд, даалгавар маш их. Энэ асуудал дээр ямар байрь суурьтай байгаа вэ? 

-Хүүхдэд юу уншуулах вэ гэдэг хамгийн эхний асуудал. Тиймээс унших бичгийг дахин шинээр боловсруулах нь нэн ойрын хийх ажил байгаа. Хүүхдийн сэтгэхүйд тохирсон, утга зохиолд хөтөлсөн, сэтгэлгээг задалсан сурах бичиг бидэнд хэрэгтэй гэдэг нь үнэн. Гэхдээ унших гэдэг маань дан ганц уран зохиолтой хамаагүй. Шинжлэх ухааны баримтууд, найруулга зүйн бүхий л төрөл зүйл хамаарна. Ингээд бодохоор бүх л төрлийн хичээлийн системд сурах бичиг голлоно. Тиймээс их даалгавраар шахдаггүй, чанарт илүү анхаарсан сурах бичгүүдийг боловсруулах судалгааны баг ажилдаа орчихсон яваа. Тун удахгүй энэ талын асуудал улам тодорхой болно. Эерэг үр дүнд хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Нөгөөтэйгүүр ахлах сургуулийг төрөлжүүлэх боломжийг эрэлхийлж байна. Хүн бүр их дээд сургуулийг зорих албагүй. Гурван жил сураад л бүрэн дундын гэрчилгээтэй, мэргэжлээрээ ажиллах эрхээ авчихна. Тийм хүн ямар ч IT-гийн газар очиж, үнэмлэхээ үзүүлээд ажилд орох боломжтой нөхцлийг хангаж өгнө. Ер нь бол бид хөгжлийн шатандаа яваа. Гэхдээ үүнээс илүү хөгжих боломжтой байсан боловч цаг хугацаа их алдсан. Тэр алдсан хугацааг хэрхэн нөхөж урагшлах вэ гэдэг л чухал. Тиймээс мэдлэгтэй, мэргэжилдээ сайн боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Гол нь нийгэм тийм зүйл хүсэж байна гээд асуудлыг шууд хүчээр шийдчихэж болохгүй. Мэдээж нийгэм юу шаардаж байгааг үргэлж сонсож, хүлээн авах болно. Харин түүн дээрээ нарийн төлөвлөгөө боловсруулж, өөрчлөлийг шат шатандаа хэрэгжүүлэх нь л чухал юм.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав