Намрын номын баяр Улаанбаатар хотын төв талбайд энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. Та бүхэн номын баярын үйл ажиллагаанд зочилж, бүх төрлийн ном худалдан авах, зохиолчдын гарын үсгийг цуглуулах, дурсгалын зураг татуулах зэрэг олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой.
Ингээд уншигчдадаа номын баяраас авах боломжтой, шинээр гарсан онцлох 10 бүтээлийн тухай хүргэе.
Д.Урианхай | “САЛХИ УНШСАН, ОДОО...” (өгүүллэгүүд)
Хэвлэлийн газар | AUM publishing
Азийн тэргүүн яруу найрагч, зохиолч Дамдинсүрэнгийн Урианхайн "Салхи уншсан, одоо..." өгүүллэгийн түүврийг уншигчдадаа хүргэж байна.
Эл түүвэрт зохиолчийн сүүлийн жилүүдэд бичсэн шинэ өгүүллэгүүд багтжээ.
Түүний өгүүллэгүүд нь хүн хоорондын харилцаа, өнөөгийн технологи давамгайлсан нийгэмд хэрхэн мөн чанараа гээлгүй "хүн хэвээр үлдэх",
үнэт зүйлсээ дотоод сэтгэлдээ яахин ухамсарлах талаарх сэдвийг уудалснаас гадна оюун ухамсарт бодгаль гэх тодорхойлолт үнэхээр бидэнд нийцэж байгаа юу гэдгийг эргүүцүүлсэн зэрэг олон агуулгыг бүтээл тус бүрдээ хөнджээ.
Мөн тус өгүүллэгүүд нь Д.Урианхай зохиолчийн гүн ухааны эргэцүүлэл, модерн бичлэгээс гадна хүний зан авирын мунхаг талыг дүрүүдээрээ товойлгон гаргаж, мөнөөх эрс дорой чанарыг нь амьтан, эсвээс байгалийн хүншүүлсэн дүрслэлээр эерэгээр нөхжээ.
П.Дэлгэрбаяр | “ТОЙРОГ” (кино тууж)
Хэвлэлийн газар | AUM publishing
AUM паблишингийн тууж, өгүүллэгийн түүврийнхээ цувралынхаа тоог энэ удаад найруулагч, кино зохиолч П.Дэлгэрбаярын "Тойрог" туужаар нэмлээ.
Үйлийн үрийн сэдвийг нэлээд өргөн тойрогт гүнзгий хунгар үүсгэн оруулж, түүн дотуур чөлөөтэй эргэлдэх сэтгэхүйн цар хүрээ, бичлэгийн этгээд өнгө туужийн өгүүлэмжийг хэрхэн бий болгож, дүрүүдийг дам бэлгэдлээр илэрхийлснээрээ онцлогтой.
Хүний оюун ухааны цар хүрээнээс давсан ер бусын хүчин бодитоор оршдог агаад үүн дотор нэгэнт гишгэсэн л бол ямар нэгэн өнцөггүй тойрог дотроос гарах боломжгүй.
Сун Вон Пёнг | “БҮЙЛС” (роман)
Хэвлэлийн газар | Тагтаа
Тагтаа хэвлэлийн газар Өмнөд Солонгосын зохиолч, кино найруулагч Сун Вон Пёнгийг "Бүйлс" романыг уншигчдад хүргэхэд бэлэн болжээ.
Уг роман нь зохиолчийн анхны бүтээл бөгөөд 2016 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш хориод хэлнээ орчуулагдаж, сая гаруй хувь борлогдож, залуу уншигчдад зориулсан шилдэг бүтээлд олгодог “Чанби” шагналыг хүртсэний сацуу BTS хамтлагийн гишүүн RM хамгийн дуртай номоороо нэрлэж, мөн хамтлагийн Мин Юнги буюу Август-Ди энэхүү номоос сэдэвлэн "Амигдала" дуугаа бичиж, дэлхий дахины уншигчдын талархлыг хүлээсээр буй.
Алекситимия буюу мэдрэмж, сэтгэл хөдлөлөө таньж, илэрхийлж эс чадах эмгэгтэй Юнжэ, эцэг эхээсээ төөрч амьдралын түмэн нугачаан дунд унаж боссоор өсвөр насанд хүрсэн Гон хэмээх үе тэнгийн хоёр хөвгүүний түүхээр дамжуулан хүмүүний оршихуй, ганцаардал, нөхөрлөл, энэрэн нигүүлсэхүйн тухай өгүүлэх хурдтай өрнөл, өвөрмөц дүрүүд бүхий сэтгэл хирдхийлгэм атлаа халуун дулаан бүтээл юм. Уг романыг Б.Дэлгэрмаа монгол хэлнээ хөрвүүлжээ.
Этгар Керет | “БУРХАН БОЛОХЫГ ХҮСДЭГ АВТОБУСНЫ ЖОЛООЧ” (өгүүллэгүүд)
Хэвлэлийн газар | Тагтаа
Богино өгүүллэгийн мастер, Израил-Польшийн зохиолч Этгар Керетийн тус номыг орчуулагч Б.Сувддуламын хөрвүүлснээр Тагтаа хэвлэлийн газрын зүгээс уншигчдад анх удаа хүргэж байна.
Амьдралын түмэн өнгө хийгээд олон далайцтай сэдвийг инээд хоржоон, ёгтлол егөөдөл, уран сэтгэмжээр сүлэн асар бага орон зайд багтааж чаддагаараа алдартай бэсрэг өгүүллэгийн сод туурвилч тэрбээр “Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч (2004)”, “Сураггүй болсон Киссинжер (2007)”, “Гэнэт хаалга тогшив (2012)”, “Алив, нисээч (2020)”, “Автомат засвар (2025)” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Циркчидтэй хамт дутаасан аав (2004)”, “Урт үстэй муужгай хүү (2020)” зэрэг хүүхдийн ном, “Сайнаар дурсах долоон жил (2013)” хэмээх намтар, дурсамжийн ном бичжээ.
Мөн өгүүллэгүүдээс нь сэдэвлэсэн богино хэмжээний 60 гаруй кино бий. Түүний бүтээлүүд дэлхийн 48 орны хэлээр орчуулагдсан юм.
Салман Рушди | “ШӨНӨ ДУНДЫН ХҮҮХДҮҮД” (роман)
Хэвлэлийн газар | CHIMEE
Рушдигийн хамгийн чухаг бүтээлүүдийн нэг бол Бүүкерийн шагналт бүх романуудын шилдгээр хоёр ч удаа нэрлэгдсэн “Шөнө дундын хүүхдүүд”.
Энэтхэг улс Британийн колоничлолоос гарсан шөнө Египедийн цаг хонх цохихтой уралдан хийгээд удаалж төрсөн 1001 хүүхэд, тэдний дундаас онцгой шид өвлөсөн боловч ямар нэгэн байдлаар бие эрхтний согогтой мэндэлсэн Салем Синайгийн өгүүлэн буй түүхээр дамжуулан өөрийн эх орны тусгаар тогтнолын үеийн улс төрийн түүхийг Рушди уран зохиолын ертөнцөд шинээр бүтээдэг. Учир нь Салемийн хувь тавилан, энэ бие махбод нь улс эх орныхоо хувь тавилантай салшгүй холбоотой.
Хүүхдүүдийн ид шид өвлөсөн хийгээд биеийн зарим эрхтнээсээ ичгүүр мэдрэх тэрхүү бодит ахуйн дүрслэлүүдийн уран зөгнөлийг шидэт реализмын түүчээгээр үргэлжлүүлэхдээ Энэтхэг улсын тухайн үеийн нийгмийн хүмүүсийн сэтгэлзүй, улс төрийн эргэлт, хүлээснээс ангижирсан шинэ төрийн онцлогийг гүнзгий хөндөн гаргадаг.
Ч.Мөнхбаяр | “ЮУ Ч БИШ” (тууж)
Хэвлэлийн газар | Хар муур
Монголын уран зохиолд анхны модерн бичлэгийн аргыг туршиж, шинэ эрэлхийлэл, илэрхийллийг бий болгосон Ч.Мөнхбаярын бүтээлүүд дүрслэлийн цоо шинэ, онцгой жишээ болсон юм.
Өдгөө түүний бүтээлүүд худалдаанд үгүй байсан бөгөөд Хар муур хэвлэлийн газрын зүгээс энэхүү содон туурвилчийн туужийг “Юу ч биш” нэрийн дор эмхэтгэн уншигчдад дахин хүргэж байгаа нь тун олзуурхууштай.
Ж.Дэвид Кресвелл | "СУДАЛГААНЫ ДИЗАЙН: ЧАНАРЫН, ТООН, ХОЛИМОГ АРГЫН ХАНДЛАГА"
Хэвлэлийн газар | Монсудар
Уг номыг эрдэм шинжилгээний сэтгүүлийн өгүүлэл, докторын диссертаци, магистрын дипломын ажлын төсөл, саналыг боловсруулах гэж буй, эсвэл судалгааны санхүүжилтийн төлөвлөгөө гаргахад арга зүйн дэмжлэг шаардагдаж буй оюутан, судлаач, багш хэн бүгдэд зориулсан болно. Номыг илүү өргөн хүрээнд судалгааны аргын хичээл сургалтад зориулсан лавлах, сурах бичгийн аль ч утгаар хэрэглэж болно.
Энэхүү ном нь судалгааны санал, судалгааны төсөл боловсруулахын тулд судалгааны хүрээ, судалгааны үйл явц, судалгааны бүрдлийг хэрхэн тодорхойлох асуудлыг хөндсөн бөгөөд хүмүүнлэг, эрүүл мэнд, нийгмийн шинжлэх ухааны салбарт чанарын, тоон болон холимог аргын судалгаа эрхэлдэг хүмүүст зориулж чанарын, тоон, холимог гэх судалгааны гурван хандлагыг хооронд нь харьцуулан авч үзсэн. Чанарын судалгаа хүчээ авахын зэрэгцээ, холимог аргын судалгаанууд шинээр бий болж, тоон судалгааны бүтээл ч олширсон нь судалгааны эдгээр гурван хандлагыг харьцуулан авч үзэхэд хүргэсэн юм. Бид харьцуулалт хийхдээ судалгааны гурван хандлагад орших философийн үзлийн (philosophical assumptions) тайлбараас эхэлж, улмаар сэдвийн судлагдсан байдлын тоймыг хэрхэн боловсруулах, онол хийгээд концепцийн хүрээг хэрхэн ашиглах талаар хэлэлцэн, эрдэм шинжилгээний ажилд баримтлах ёс зүйн хэм хэмжээ болон “үзэг цаас нийлүүлэн бичих дадал хэвшил”-ийн ач холбогдол зэрэг асуудлыг хөндсөн болно.
Ж.Р.Р.Толкин | “БӨГЖНИЙ ЭЗЭН: ХААН ЭРГЭЖ ИРСЭН НЬ” (роман)
Хэвлэлийн газар | Монсудар
Толкины "Бөгжний эзэн" цувралын гутгаар дэвтэр "Хаан эргэж ирсэн нь" зохиол монгол хэлт уншигчдад хүрэх гэж байна. Тус бүтээлийг "Монсудар" хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж буй юм.
Британийн зохиолч, хэл зүйч Жон Рональд Руэл Толкин 1892 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Өмнөд Африкийн төв хэсэгт байх Блумфонтейн хотноо төржээ. Толкины уран бүтээлийн замнал 1937 онд Хоббит хэмээх бүтээлийг нийтлүүлснээр эхэлжээ. Хоббит зохиол гарсан даруйдаа уншигчдыг байлдан дагуулж, зохиолчийн баялаг уран сэтгэмж олон шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан юм. Толкин хүүхэд ахуй наснаасаа л эртний болон дундад зууны үеийн үлгэр домгуудыг ихэд сонирхож, Дундад газар хэмээн нэрийдсэн үлгэр домгийн ертөнцийг өөрийн төсөөлөлдөө бүтээж эхэлсэн ажээ. Тэрхүү ертөнц нь тун ч нарийн зураглал бүхий байгаль газар зүй, түүхтэй агаад , хүмүүсээс гадна хоббитууд, элфүүд, одойчууд, гоблинууд гэх зэрэг өвөрмөц оршин суугчид, тэр бүү хэл өөрийн гэсэн тусгай хэлтэй.
Зохиолч 1954 онд "Бөгжний эзэн" хэмээх удаах номыг арван долоон жилийн хугацааг зарцуулан бичиж дуусгасан юм. "Хаан эргэж ирсэн нь" бол Ж.Р.Р.Толкины Бөгжний эзэн хэмээх XX зууны уран сэтгэмжийн яруу тод, алдар суут сод бүтээлийн төгсгөл ном билээ.
Халил Жибран | "ЗӨНЧ" (роман)
Хэвлэлийн газар | Арвис
Ливан улсаас гаралтай нэрт яруу найрагч, зураач Халиль Жибраны “Зөнч” зохиол болбоос 115 хэлнээ орчуулагдаж, 100 гаруй сая хувь борлогдсон бүтээл билээ.
“Зөнч” бол цэвэр яруу найраг ч биш, цэвэр философи ч биш, хүний амьдралдаа санаж баримталбаас зохих зүйлсийг үргэлжилсэн үгийн яруу найраг хэлбэрээр буулгасан, нууцлаг агаад философилог өнгө аястай бүтээл юм.
Номын үйл явдал Альмустафа хэмээх зөнч, арванхоёр жилийн цөллөгийн дараа нутаг буцахынхаа урьд өдөр Орфалес хотын иргэдэд өөрийн бодрол ухаарлыг хуваалцаж байгаагаар өрнөдөг.
Тэрбээр хайр, гэрлэлт, хүүхэд, ажил хөдөлмөр, баяр, гуниг, эрх чөлөө, нөхөрлөл зэрэг олон сэдвийг хамран сургаалт үгсээ айлдана. Ийн амьдралын бүх л тохиол учралыг хөндсөнөөрөө, хүмүүсийг өөрсдийн зүрх сэтгэлийн гүн рүү аялахыг урин дуудсанаараа энэ зохиол бүх үеийн, бүх төрлийн хүмүүсийн сэтгэлд нэвтрэх увдисыг олжээ.
П.Майнбаяр | “ЦААСНААС АМИЛСАН ХҮН” (роман)
Хэвлэлийн газар | Хувь хүн
Яруу найрагч, зохиолч П.Майнбаярын “Цааснаас амилсан хүн” роман уншигчдад хүрэхэд бэлэн болжээ. Зохиолч өмнө нь хүүрнэл зохиолын төрлөөр “Хагас нь элс, хагас нь эс” нэртэй өгүүллэгийн түүврээ уншигчдад хүргэсэн юм.
Түүний хүүрнэл яруу найргийн дүрслэл зонхилхоос гадна, дүрийн өгүүлэмжийн дотоод дуу хоолой уншигчийг эргэцүүлэлд хөтөлж, гүн ухааны шинжтэй агуулгаар үйл явдлын дотоод шугамыг бий болгодог билээ.