Утга зохиолын “Everywriter” сайт дээр “literary magazine listing” гэж булан бий. Үүнд дэлхийн алдартай утга зохиолын топ 50 сэтгүүлийн жагсаалтыг гаргасан байдаг. Мэдээж хамгийн өндөр үнэлгээг “The New Yorker”, “Paris Review”, “New England Review”, “Tin House” зэрэг хүртжээ. Энэ жагсаалт 2003 оноос эхлэн дэлхийн сонгодог яруу найргийг хэвлүүлж, задлан шинжлэл хийж, найрагчдын дотоод дуу хоолой болсон гэх тодотголтой “Narrative” болон 1987 онд анх хэвлэгдсэн цагаасаа хойш өдгөө хүртэл гарч буй, утга зохиолын сэтгүүлийн сүүлийн үеийн олон нэр хүндтэй шагналыг хүртсэн “Witness” хүртэл үргэлжилдэг.

Уг цувааг харахад нэг зүйл тун тодорхой. Хүн төрөлхтөн утга зохиол, урлагийг үргэлжид хэлэлцэж, цаг ямагт хэрэглэж ирсэн бөгөөд цаашид ч хөсөр хаячихгүй гэдэг нь ойлгомжтой. Хамгийн гол нь ямар нэгэн шинэ содон зүйлээр үргэлж баяжиж, өргөжин тэлж байдаг уран зохиолын асар том хүрээнд хөл тавихдаа аль номыг дэлгэхээ мэдэхгүй зогсож буй уншигч эдгээр сэтгүүлтэй танилцаад авахад харамсах зүйл үгүй. Мэдээж дотоод агууламж, ном шиг хэлбэртэй форматаараа загварын болон бизнес сэтгүүлээс эрс ялгарна. Нэг ёсондоо бичвэрийн олон төрлийн багтаасан “антолог ном” хэмээн тодорхойлж болох юм.

Харин манайд олон жилийн түүхтэй “Цог” сэтгүүлээс өгсүүлээд “Улирал ба зохиолч”, “Tagtaa review”, “Үндэсний уран зохиол” зэрэг сэтгүүл, “Утга зохиол урлаг”, “Залуу нас”, “Амралтын шуудан” сонинууд гэх мэтээр уран зохиолын ертөнцөд өрнөж буй үйл явдал, мэдээ мэдээлэл, бичих үйлсийн талаарх авах мэдлэг хязгаарлагдана. Гэвч эдгээр сэтгүүл, сонин уншигчдын хувьд үүргээ тун сайн биелүүлж байгаатай маргах зүйл үгүй. Цөөхөн ч гэсэн утга зохиолын сэтгүүл, сонинтой улс шүү, бид. Харин үүн дотроос уран зохиолын сайт манайд ховор. Тэр дундаа бичихийг хүссэн хэн нэгэн өөрийнхөө сэтгэж, яг л С.Анударын өгүүллэг шиг зоримогоор бичиж эхлэх, цаашлаад хөгжих, уран зохиолд улам улмаа дурлах, энэ талын уран бүтээлийн талаарх мэдээ мэдээлэл болоод тэдгээрийн тухайд өгүүлсэн мэргэжлийн шүүмжлэгчдийн бичвэр, сонирхолтой арга хэлбэрийг турших оролдлогыг чөлөөтэйгөөр эхлүүлэх боломжийг залууст олгосон вэб сайт байсангүй. Бид ч мөн энэ тухай ярилцаад л байдаг. Харин хэн ч ажил болгож, зоримогоор эхлүүлсэнгүй. Учир нь уран зохиолын сайт бусад мэдээ мэдээллийн сайтуудтай адил санхүүгийн найдвартай эх үүсвэртэй байх хэцүү. Ямар ч цалин хөлсгүй, орлогогүй вэб сайт ажиллуулаад суухыг татвартаа туйлдаж ядсан энэ нийгэмд хүсэх монгол иргэн үгүй. Гэвч дуртай юм аа хийх, түүнээсээ, амьдралын нуугисан бүрэнхийгээс аз жаргалтай мэдрэмжийг хүртэж чаддаг хүмүүс бидний дунд оршдог нь гэгээн зүйл билээ.

Тийм л сэтгэлтэй, сайхан яруу найраг, сайн зохиолд хайртай, үзэл санаа нэгтэй хэсэг залуус нийлж “Усны гудамж” буюу бусаддаа хүртэл “хөгжих” боломжийг олгох утга, уран зохиолоор дагнасан вэб сайтыг үүсгэн байгуулж өдгөө нэг жилийн ойтойгоо золгож байна. Тус сайтын эрхлэгчээр Ө.Сумъяа, редактораар С.Энхцэцэг, дизайнер, редактораар Э.Доржсүрэн, нийтлэлчээр М.Дэвээжаргал, эдийн засагч, менежерээр С.Энхчимэг нарын залуус ажиллаж байна. 

Алгасаж болох асуултууд

Ер нь хүмүүс яагаад бичдэг вэ? Тэгэхээр чухам хошин асуулт болчих ч юм уу. Тэгвэл уран зохиол бидний амьдрал яагаад хэрэгтэй байдаг вэ? Эртний үлгэр, домог, туульсаас өдгөө хүртэлх асар их түүхтэй хүн төрөлхтний уран зохиол, тэдгээрийг туурвигчид, шимтэн уншигчид “бичихүйн тухай”-д хэрхэн авч үзэж байв. Үүнд олон ч алдартай зохиолчид өөр өөрсдийнхөөрөө хариулсан нь бий. Тэгвэл “Усны гудамж” сайтын залуус өөрсдөө уран бүтээл туурвихаас гадна, туурвин бичих хүсэлтэй хүмүүсийн дэмжин ажиллаж байгаа харагддаг. Энэ бүхний эцсийн үр дүн бол уран зохиол.

Тэгэхээр уран зохиол бидэнд ямар хэрэгтэй вэ? Уран зохиол гэж чухам юу юм бэ? Дэлхийд нэр алдраа түгээсэн хаад, өрлөг жанжид, баатруудаас илүүтэй бидний чихэнд Хомер гэсэн нэрийг шивнэх төдийд дүр нь дотроос тодордог вэ? Хэдэн зууны турш уншигдах уран зохиол бүтээхийн тулд Диккэнс, Толстой, Достоевскийн туурвилууд шиг нүсэр романуудыг бичих шаардлагатай юу? Нэг бол Борхесийн өгүүллэг, Ричардсоны туужис л байхад хангалттай юу? Магадгүй энэ олон асуулт байдаг учраас л тэд бичдэг байх. Ерөөсөө аль ч салбарт асуултын тэмдэг олон байдаг болохоор л хариулт эрэн бэдэрч шинэ нээлтийг хийдэг. 

Оюуны хэрэгцээ үгүй бол яах вэ?

Бичих гэдэг чухам оюуны үйл хэрэг мөн. Тиймээс хүн төрөлхтөнд оюуны хэрэгцээ, зайлшгүй шаардлагатай байсан учраас өдгөө хүртэл утга, уран зохиолыг оршихуй хүлж, магад оршихуйгаа түүнд хамаатуулж ирсэн байдаг. Тийм хэрэгцээ үгүй болчихвол магад адгуусан төрөлтнөөс ялгаагүй, нөгөө талаар ирээдүйн бараан талыг ёгтолж бичсэн Брэдбёригийн “Фаренхайтын 451 хэм”, Оруэллийн “Амьтны ферм”, “1984”, Уэлсийн “Цаг хугацааны машин” зэрэгт гардаг шиг хүн нийгмийн асар том механих хөдөлгүүрийн эрэг, боолтноос ялгаагүйд хувирна. Нийгэм өөрөө ерөөс аварга механик хөдөлгүүр болж хувирах биз. Өдгөө технологийн асар хурдацтай хөгжил дамавгайлсан энэ цаг үед оюуны хэрэгцээнээсээ ангижирвал “робот”-оос ялгаа юун. 

Тэгээд улс, үндэстэн бүхэн түүхийнхээ ямар ч цаг үед сэтгэлгээний хөгжил, сэхээлэг давхрагыг уран зохиол, тэдгээрийг туурвин бүтээгчидтэй л холбож ирсэн байдаг шүү дээ. Үгүй ядаад Марвелийн супер баатруудтай кино дээр Флаш нэгэн орос гэр бүлийг аварчихаад хэлийг нь мэдэхгүй тул “Достоевский” гээд гүйгээд явчихдаг. Тэд аль нэг улс төрийн зүтгэлтэн, ухуулагч, цэргийн томоохон удирдагчийн нэрийг дурссангүй. Бидний зан араншин, амьдралын талаарх эргэцүүлэл, сайн муу хүний ялгаа гээд ойлгож хүчрэмгүй олон асуултад уран зохиол, тэдгээрийн дотор орших дүрүүд дөхүү хариулт өгдөг. Аливаа хэцүүг тунгаан бодох, тань мэдэх дөт зам өөрөө уран зохиолтой ямагт холбоотой.

Уран зохиол уншихын ач холбогдол

Эхлээд утга зохиол болон уран зохиолын ялгааг тайлбарлах гээд үзье. Д.Галбаатарын “Утга зохиолын онол”-ын номд бичсэнээр “Уран зохиол бол үг, хэлний ид шидийг нээн ашиглаж, уран дүрээр амилуулж, түүгээрээ хүний амьдралын үзэгдэл, нийтлэг түгээмэл зүй тогтлыг гол дүрийн баатрын үйл хөдлөл, сэтгэлзүй, хүн хоорондын харилцаа зэрэг цогболборуудын нийлэгжилтээр хүний сэтгэлийн дотоод ертөнц рүү нэвтрэхийг хэлнэ. Уран зохиол нь дүрслэл болон илэрхийллийн хүрээнд хүний сэтгэл, оюуны цар хүрээн дэх далд ертөнцийг нээн харуулж чаддаг чанараараа бусад урлагийн төрлүүдээс давуу байр суурийг эзэлдэг. Уг төрөл зүйлд роман, жүжиг, өгүүллэг, тууж, шүлэг, найраглал гэх мэт уран зохиолын төрөл зүйлүүд хамаарагддаг” байна. 

Харин утга зохиолд бол цагаан цаасан дээр хараар бичсэн бичгийн бүхий л төрөл зүйл болоод сэтгүүл зүйн бүтээлүүд, захидал, нийтлэл, өргөдөл, хууль, удирдамжаас гадна тэдгээрийг найруулан буулгаж бүтээсэн ном, товхимол, боршур зэргийг бүхэлд нь хамааруулан нэрлэдэг. 

Өдгөө хэвлэвэл ном үүссэнээс хойш даруй 500 гаруй буюу хагас сая жил өнгөрсөн. Гэвч хүн төрөлхтөн утга, уран зохиолыг аж төрөхүйгээс огтхон ч салгаж, олон зууны туршид цаг хугацааны дунд гээсэнгүй. Бид үгээр харилцаж, ярилцаж байгаа цагт уран зохиол оршиж, түүнийг бүтээдэг суутнууд төрсөөр байдаг. Үүнээс гадна уран зохиолын бичвэрүүд ямар ч хэлбэр дүрстэй болсон бай бидний амьдралыг үргэлж баяжуулж нэг хэсэг нь болон хувирсаар байх нь зайлшгүй. 

Уран зохиолд үүрэг байдаггүй. Ерөөс жинхэнэ уран зохиол ямар ч үүрэггүй гэж томоохон судлаачид, уран бүтээлчид үзсээр ирсэн. Жишээ нь оёдолчин хүн сайн хувцас бүтээх, жолооч зорчигчоо аюулгүй хүргэж өгөх гээд мэргэжил бүхэнд оноосон үүрэг, дүрэм журам бий. Харин уран зохиолд үүрэг гэж бий бол тэр нь “гумманистууд”-ыг бэлдэх юм. Энэ нь уран зохиолыг уншсанаар илүүтэй тодрон гарч хувь хүний оюун сэтгэлгээнд боловсорсноор үйлдийг ч илүүтэй хөнгөн, гүн агуулгатай болгодог энэрэнгүй үзэлтнүүдийг төлөвшүүлэх гэх санаа. Жишээ нь уран зохиолд дурласан, уран зохиолын боловсрол сайтар эзэмштлээ уншсан хүнээс хүнлэг бус үйлдэл гарах нь их ховор байж болно.

Магадгүй “Парисын дарь эхийн сүм”-ийг уншаад Квазимодогийн Эсмеральдад дурласан тэр их шаналан зовлонг мэдэрчихсэн хүүхэд бие эрхтний дутагдалтай хэн нэгнийг шоглож тохуурхахгүй байх жишээтэй. Яагаад гэвэл, Квазимодо тийм царай төрхтэй төрсөн ч сэтгэл зүрх нь бусадтай л адил шаналан зовлонтойг таньчихсан хэрэг. Эсвээс Чарьлз Диккэнсийн “Оливер Твист” байж болно. Энэхүү бүтээлийг уншсан хүүхэд нийгмийн ялгарал, баян ядуугийн ангилалд огтхон ч ач холбогдол өгөхгүй цэвэр хүн чанарыг чухалчилдаг занг олох жишээний. (У.Бямбанямтай хийсэн “Анир гүм дэх цаг хугацаа” ярилцлагаас зочны ярианы жишээг хуулбарлав)

Тийм л хүүхдүүд хүний амьдрал доод шатандаа ч, дээд шатандаа ч эд баялаг, хоосон гуйранч байгаагаас үл хамаараад нэг л шугамд ижил өрнөдгийг мэддэг. Энэ үүднээс харвал уран зохиолыг ойлгож унших нь амьдралыг таних, ойлгох, боловсролоос шалтгаалан төлөвших хамгийн дөт зам болж буй хэрэг. Энэ нь шашин шүтлэг, гэгээрлээс ч эрхэм байх талтай.

Хүүхэд ба ном

Нэгэнт уран зохиол унших, ном бүтээлийн тухай өгүүлснийх хүүхдийн талаар мартаж болохгүй. Судалгаанаас үзэхэд хүүхэд бага насандаа номын гол баатрын үйл явдлыг сонирхож эхлэхийн зэрэгцээ сэтгэл хөдлөлд нь өөрчлөлт ажиглагддаг байна. Дөнгөж хэлд орсон хүүхэд “Энэ юу вэ” гэсэн асуултыг тавьж эхлэхээс авхуулан түүнд зурагт ном үзүүлж ажиллахад сайн үр дүн гардаг ажээ.

Английн их зохиолч Чарьлз Диккэнс хүүхдүүдийг зохиолын баатар болгон урладаг. Түүний “Дэвид Коппэрфилд”, “Оливер Твист”, “Зул сарын хүүрнэл”, “Домби хүү хоёр” зэрэг зохиолуудад хүүхдүүд маш сул дорой эмзэг гэдгийг тодотгож өгдөг. Мөнхүү томчуулын ертөнцөөс хэчнээн өөр газарт хүүхэд амьдардаг гэдгийг уншигчдад ойлгуулна. Гэвч тэр л амархан эмзэглэдэг, эвдэрдэг хүүхдүүд хэзээ ч сайхан сэтгэл, баатарлаг зоригоо алдаггүй гэдгийг эцсийн хүүрнэл болгодог. Тиймээс л хүүхдэд хэрэгтэй ном бүтээх нь томчуудад ч тустай үйл хийхийн нэр болж буй юм.

XIX зуунаас тусдаа салбар болон хөгжиж ирсэн хүүхдийн уран зохиолд Виллиам Голдингийн “Ялааны хаан”, Люс Кэроллын “Алиса гайхамшгийн оронд”, Ж.К.Роулингийн “Харри Поттер”, К.Левисийн “Хувцасны шүүгээн дэх арслан ба шулмын домог” |Нарниа|, Толкений “Бөгжний эзэн”,“Хоббит”, Марк Твений “Хаккэлбэрри Финнд” тохиолдсон адал явдлууд” зэрэг зохиолууд чухал үүрэг гүйцэтгэсэн. Өмнө нь зөвхөн хүүхдүүдэд зориулсан үлгэрүүд л байв. Дорнын зохиолууд сургаалийн шинжтэй. Харин уран зохиолд дээрх дүрүүд гарч ирсэн ч гэлээ хүүхдүүд үлгэрт гардаг өнөөх шидэт ертөнцөөс огтхон ч уйдсангүй. Санхүүгийн асуудлаас болж үргэлж л томчуудын хатуу шүүлттэй тулгарч ирсэн хүүхдийн уран зохиолыг тэгэхээр үлгэрээс салгах аргагүй гэх бодол толгойд эргэлдэнэ. Учир нь Сатэрлэндийн өгүүлснээр “Хүүхэд үргэлж эмнээс илүү чихэрт дуртай улс” байдаг билээ. 

Уншигч

Английн судлаач Жорж Сатэрлэнд уран зохиолыг “Үг, үсэгний Бүгд Найрамдах улс” гэж тодорхойлсон байдаг. Гэтэл уншигчдийн дунд хэн нь хамгийн шилдэг вэ? гэсэн асуулт зайлшгүй урган гардаг. Мэдээж энэ нь тэдний хооронд нь уралдуулах гэсэн явцуу ойлголт биш гэдгийг анхаарууштай. Гол нь хэрхэн сайн ном, сайн зохиол, сайн уран зохиолыг таньж, мэдэж хүртэх вэ хэмээх агуулгатай илүү холбоотой. 

Уран зохиол уншихад бидэнд заримдаа сонголт байдаггүй. Учир нь Толстойн “Анна Каренина”, Хомэрийн “Илиада”, “Одиссэй”, Дантэгийн “Тэнгэрлэг туульс”, Шекспирийн жүжгүүдийг заавал унших шаардлагатай болно. Уран зохиолын боловсролын системийн хүрээнд иймэрхүү сонгодог бүтээлүүд шалгалтын ном л гэсэн үг. Үүнээс гадуур бол унших номоо уншигч өөрөө л сонгодог. Харин заавал унших номын жагсаалтыг үзэж, түүнд нэрлэгдсэн бүтээлүүдийг уншиж боловсрол эзэмшсэний дараа уянга, детектив, намтар, хувь хүний хөгжил зэрэг төрөл зүйлүүдийн алинд нь илүү дуртай вэ гэдгээ уншигч өөрөө сонгоно гэсэн үг. Тиймдээ ч уран зохиолын ном уншихад зохиол, уран бүтээлчээс илүүтэйгээр хэн нь хамгийн шилдэг зөвлөгч вэ гэвэл уншигч өөрийгөө нэрлэхэд л хангалттай. 

Сонгодог зохиол, сайн номын тухай

“Ном бүхэн өөрийн цаг хугацаа, номыг бүтээгч өөрийн арга барилтай байдаг” хэмээн доктор Д.Галбаатар хэлжээ. Номын арга хэмжээ, фестиваль, яармаг худалдаа, уран зохиолын шагнал зэрэг олон хүчин зүйлсээс хамааралтайгаар тэдгээрийн хэм хэмжүүрийг бүтээдэг. Гэвч сайн номыг зөвхөн уншигч, цаг хугацаа тодорхойлдог гэх нь бий. Харин нийтлэг ойлголтоор аливаа уран бүтээл уншигч бүрээс өөр, өөр тайлбар асуултуудыг нэхдэг байх нь зүй ёсных. Үнэндээ уран зохиол тайлбарлахыг бус асуулт үлдээхийг чухалчилдаг. Олон эргэлзээ тээнэгэлзэлд хөтөлдөг, мөнхүү нэгэн хэсэг уншигчдыг бус бүхэл бүтэн нэгэн үеийг төлөөлж араасаа дагуулсан, шинэ давалгаа эхлүүлсэн бүтээлүүдийг олж унших нь магад хамгийн зөв сонголт байж мэднэ. 

Жишээ нь уран зохиолын хийсвэрлэл, уран сэтгэмжийн гайхамшигт нэгэн шинэ давалгааг бүтээсэн нь 16-рзууны үеийн буюу Сэргэн мандлын дунд үеийн Франсуа Раблэгийн “Гаргантюа ба Пантагрюэль” түүнээс 19-р зуун хүртэлх хугацаанд мэндэлсэн Льюс Кэроллын “Алиса гайхамшгийн оронд” зэрэг зохиолуудын зааг, хоорондын цаг хугацаа, уран зохиолд үзүүлсэн нөлөөг эш татахад хангалттай юм.

Нөлөөлөл

“Нийтээрээ уншиж байсан нь сайхан юм аа гэхэд нийтээрээ ижил ойлгож байсан нь эмгэнэл (инээдэм ч юм уу) байв”.

Монголын уран сайхны шүүмж судлалд том орон зайг эзэлдэг Соргодогийн Энхбаярын “Обломов маягийн алхайрал гэж юу вэ? буюу <<Баабар маягийн мэдэмхийрэл гэж юу вэ?>>” хэмээх шүүмжид ийм нэгэн өгүүлбэр бий. Үүнийг нийгмийн нийтийн сэтгэлгээний цөмд аваачиж бодвол хүний оюун санааг хулдаж, оюуны хэрэгцээг нь цензурдаж, хавчсан, уран зохиолоос гадуур нийгэм бол иргэдийг нэг зорилгод, нэг үзэл санаанд л нэгтгэн барихыг чухалчилдаг гэх учир шалтгааны үндэс ургана. Тийм улс гүрэн нэн тэргүүнд уран зохиолоо шүүдэг.

Гэвч үрээд л, бид өөрсдөө үрэгдээд л дуусдаг цаг хугацааны харгис араншин дор аливааг хийж бүтээх, үнэ цэнтэй зүйлсээ хамгаалж үлдэх нь чухал санагдана. Тийм хүсэл эрмэлзэл, бусдад хэрэгтэй оюуны хэрэгцээг “Усны гудамж” сайтын залуус бий болгож өөрсдийн болоод дээд үеийнхээ ч зарим “хэнээрхэг” эрхмүүдэд ч нөлөөлж, бүтээн туурвих хүсэлтэй залуус, дүү нараа уриалж байна. Гэвч эцсийн зорилго нь дээр өгүүлсэн шиг уран зохиолын төлөө байх биз ээ.

Жич: “Усны гудамж” сайтын хамт олон энэ сарын 24 -нд “Reba Cafe-д “Бичээчийн өдөрлөг” нэртэй арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тэд уг арга хэмжээндээ “СПОНСОР” хайж байгаа бөгөөд орчин цагийн монголын уран зохиолд хувь нэмэр оруулж, эл салбарыг дэмжих хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, хэн бүхэнд нээлттэй тул эрхэм уншигч та бүхнийг тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Аргаж хэмжээний талаар дараах линкээр зорчиж мэдээлэл авах боломжтой.

https://www.facebook.com/events/1369557567428053



Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав