2024 онд бид гадаадын болон дотоодын уран бүтээлчдийн олон сайхан номыг хүлээн авч уншина гэдэгт итгэлтэй байна. Харин тэдгээрээс ямар хэвлэлийн газрууд шинэ номоор уншигчдадаа баярлуулах болсныг энэ удаагийн нийтлэлээрээ толилуулъя.
МОНСУДАР
ВЛАДИМИР НАБАКОВ “LAUGHTER IN THE DARK”
Набаковын уг романы орос хэл дээрх анхны хувилбар нь тэртээ 1933 онд хэвлэгдэж байв. Харин өдгөө Монсудар хэвлэлийн газраас энэ онд уншигчдад хүргэхээр болжээ. Ийнхүү бид “Лолита” болон “Профессор Пнин”-ээс хойш Набаковын дахин нэг сонгодог бүтээлтэй эх хэлээрээ танилцах боломжтой болж байна.
Зохиолын эхлэлд Берлинд аж төрөн суудаг Альбинус хэмээх баян, нэр хүндтэй эрхэм залуухан эмэгтэйд дурлаж эхнэрээ орхиж буй талаар өгүүлнэ. Гэвч мөнөөх залуухан эмэгтэй Альбинусын хайрыг үл тоосноор аз жаргалтай амьдрал нь уй гунигаар солигдоно.
Ж.Р.Р.ТОЛКИН “БӨГЖНИЙ ЭЗЭН”
Толкины “Бөгжний эзэн” хэмээх алдарт цувралын эхний дэвтэр болох “Бөгжний ахан дүүс” роман бүрэн эхээрээ монгол хэлнээ орчуулагдаж буйг дуулгахад тун таатай байна. Зөгнөлт зохиол, домог үлгэрүүдийн гарамгай мастерийн эл бүтээл кино болсон цагаасаа өдгөөг хүртэл туульсийн киноны жанрт хүндтэй байр суурь эзэлсэн хэвээр байна.
Элф, хүн төрөлхтөн, оркуудын арми, шидтэнүүд, Ривендэлээс эхлэн замд гарсан бөгжний нөхөрлөлийн ахан дүүсийн адал явдлыг номоос шимтэн унших нь ямар мэдрэм төрүүлэх бол... Ахин нэг гайхалтай аялалын эхлэлд гарахад уншигч та бэлэн үү?
ХАРУКИ МУРАКАМИ “FIRST PERSON SINGULAR”
Японы эл алдарт зохиолчийн олон бүтээлүүд монгол хэлнээ хөрвүүлэгджээ. Харин “First Person Singular” хэмээх тус бүтээл нь уржнан жил дэлхийн уншигчдын хүртээл болсон юм. Харин бид энэ онд өөрсдийн эх хэлээр унших боломжтой болох нь ээ.
Зохиолын нэгдүгээр биеийн хүүрнэгчийн хэлээр өгүүлсэн найман өөр түүхийг бид туулна. Тэдгээрийн өгүүлэгч аялалын замдаа учирсан сармагчинд хүүрнэн өгүүлж байна. Зохиолчийн залуу насны дурсамж, хөгжмийн тухай бясалгал, бэйсболын талбайгаас эхлэлтэй дурлал гээд олон гойд түүхээр уншигчид аялана. Гол нь уг бүтээлийг дурсамж уу, уран зохиол уу гэдгийг уншигч өөрөө шийдэх юм.
ТАГТАА ПАБЛИШИНГ
ИТАЛО КАЛЬВИНО “ХЭРЭВ ӨВЛИЙН ШӨНӨӨР НЭГЭН АЯНЧИН...”
Итало Кальвино бол XX дугаар зууны хамгийн чухал зохиолчдын нэг. Тэрбээр дэлхийн II дугаар дайнд тулалдаж явсан агаад эхэн үеийн бүтээлүүдэд нь дайны үеэр үзэж туулсан бүхнийх нь нөлөө гүнзгий туссан байдаг. Түүний “Үл үзэгдэгч хотууд” хэмээх бүтээлийг нь Тагтаа хэвлэлийн газраас 2019 онд уншигчдын хүртээл болгож байв. Харин энэ удаад тэд бичлэгийн онцгой арга барил бүхий эл содон туурвилчийн өөр нэгэн алдартай бүтээл болох “Хэрвээ өвлийн шөнөөр нэгэн аянчин...” романыг орчуулагч Б.Дэлгэрмаагийн дуун хөрвүүлснээр уншигчдадаа хүргэхээр болжээ.
Тус бүтээлийн талаар утга зохиолч судлаач У.Бямбаням “Зохиолч энэ бүхнийг өөрөө зохиосон гэдгээ илчлээд зогсохгүй уншигчтай шууд харилцаж байна. Уран зохиол судлаачид үүнийг мета романы орчин үеийн жишээ гэх. Үнэхээр постмодерн хүүрнэл, мета романы бүхий л туршилтууд эл бүтээлд бий. Бүр таны юу хийхийг, яахыг хүртэл өгүүлэгч зааж зааварласаар зохиолын нэг хэсэг болгочихно” хэмээн “Хэрвээ Итало Кальвиног уншвал...” эсээндээ дурдсан байдаг.
ПИТЕР ХАНДКЕ “ЗҮҮДНЭЭС ЧИНАГШ УЙ”
Нобелийн шагналт Питер Хандкегийн “Хүүхдийн тууж” бүтээл нь Монсудар утга зохиол цувралаар уншигчдын хүртээл болж байв. Харин энэ удаад Тагтаа хэвлэлийн газраас “Зүүднээс чинагш уй” бүтээлийг нь албан ёсны эрхтэйгээр гаргахаар болсныг дуулгахад таатай байна.
Уг бүтээл нь зохиолчийн 1972 онд бичсэн хагас намтар бүхий зохиол юм. Тус бүтээлд амиа егүүтгэж мөнх бусыг үзүүлсэн өөрийн ээж Мариягийнхаа амьдралыг өгүүлдэг. Нэгэнтээ “Лос Анжелос Таймс” сонины тоймч Томас Курвен уг номыг “Манай үеийн герман хэл дээрх хамгийн чухал номуудын нэг” хэмээн тодорхойлсон байдаг.
СТИВЭН КИНГ “БИЧИХҮЙ”
Орчин цагийн аймшгийн зохиолын хаан Стивэн Кингийн олон роман, тууж, өгүүллэгүүд манайд орчуулагдсан байдаг. Түүний хамгийн гол зарчим бол өдөр бүр, ямагт бичих явдал. Кингийн уг ном нь зохиолч хүн бүрийн ширээн дээр байх ёстой хэмээдэг судлаачид ч бий.
Түүний бага насны төлөвшил, дурсамж, гол нь хэрхэн бичих болсон хийгээд амьдралын эхэн үеийн тэмцэл, үхэлд хүргэх дөхсөн ослын талаарх бодитой дурсамжууд эл номд бий.
Кинг бичихийг яг л байшин барихтай харьцуулжээ. Догол мөрүүд бол тоосго агаад дараагийн цогцолбор хаана хэрхэн эхлэхийг зөв шийдэж, тоосгоо зөв газарт байрлуулж чадвал хэн ч дуртай байшингаа барьж болно гэсэн үг. Тэрээр анх угаалгын машин, хатаагч хоёрын завсарт ширээ тавиад түүн дээрээ бичиж эхэлсэн бол өдгөө дэлхийн хамгийн алдартай зохиолчдын нэг, шилдэг борлуулалттай номын эзэн болсон билээ.
МИЛОРАД ПАВИЧ “ХАЗАР ХЭЛНИЙ ТОЛЬ”
XX дугаар зууны хамгийн сод зохиолчдын нэг бол Сербийн туурвилч Милорад Павич. Түүний “Салхины дотоод тал” бүтээл нь Д.Оюунчимэгийн орчуулгаар, “Загасны хайрсан бүрх” өгүүллэг нь Г.Аюурзаны монголчилсноор уншигчдад хүрчээ. Харин хамгийн их алдарт хүргэсэн роман нь “Хазар хэлний толь” юм.
Павичийн судлаачид дэлхийн уран зохиолын хамгийн ер бусын бичээч хэмээдэг. Түүнийг дэлхий дахинаа алдаршуулсан уг бүтээлийг “Одиссэй” туульсийг цахимжуулсан түүх гэж ч үздэг. Уг роман 1984 онд эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хувилбараар бичигдсэн агаад уншигчид алийг нь сонгох боломжтой. Гол нь эр хүн ертөнцийг өөрийнхөө гадна талд, харин эмэгтэй хүн “би” дотроо тээж явдаг гэх санаа илэрнэ. Цаг хугацааны урсгал хэрхэн задарч, өөр олон салааг бий болгож буйг ч мэдрэх боломжтой.
БОЛОР СУДАР
МИЛАН КУНДЕРА “ИНЭЭД ХИЙГЭЭД МАРТАХУЙН НОМ”
Энэ онд Болор судар хэвлэлийн газраас дэлхий дахинд алдаршсан нэлээдгүй олон бүтээлийг уншигчдад хүргэхээр зэхсэний нэг нь Чехийн алдарт туурвилч Милан Кундерагийн “Инээд хийгээд мартахуйн ном” роман. Эл бүтээл Кундерагийн бусад роман адил баялаг өгүүлэмжтэй агаад түүх, уран сэтгэмжээр баялаг.
1970 -аад оны сүүлээр уг бүтээл зохиолчдоо дахин шинэ амжилтыг авчирсан гэдэг. Хүний оршихуйн өөр, өөр талуудыг дүрүүдийнхээ дотор ихэсгэж, багасгаж, эсвээс онцлон цэгнэж, шинээр бий болгож, шинжилж, туршсан байдаг.
ХУЛИА КОРТАСАР “АНГИ ДЭВШИХ ТОГЛООМ”
Хулио Кортасар бол Аргентин улсаас төрөн гарсан хамгийн чухал зохиолчдын нэг. Түүний өгүүллэгүүдийн гүн санаа, илэрхийлэл, бичлэгийн арга барил нь тэр чигтээ нууцлаг, тааварлагдашгүй байдаг болоод түүний зохиолын баатрууд ямагт одоо цаг дээр оршдог.
Түүний дэлхийн уран зохиолд үзүүлсэн нөлөөг Гарсиа Маркес, Варга Льоса, Карлос Фуэнтес нартай харьцуулан авч үздэг. Илэрхийлэн бичих аргыг нь усны мандал дээр ойсон сарны гэрэл лугаа хэмээн зүйрлэх нь бий. Түүний “Анги дэвших тоглоом” нь ийнхүү 2024 онд монгол хэлт уншигчдын хүртээл болох нь ээ.
ФРЭНК ХЕРБЕРТ “МАНХАН ГЭТЭЛГЭГЧ”
Фрэнк Хербертийн тус бүтээлээс сэдэвлэн ижил нэрт кино зохиол хийсэн нь тун амжилттай болж үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн бол хоёрдугаар анги нь энэ жил нээлтээ хийнэ. Үүнтэй зэрэгцэн “Манхан” цувралын дэд дэвтэр болох “Манхан гэтэлгэгч” мөн уншигчдын хүртээл болох юм.
Цаг үе бүхэнд уран зөгнөлт зохиолын ертөнц гайхалтай туурвилчдаар дутаж байсангүй. Үүний нэг томоохон жишээ нь Хербертийн “Манхан” цуврал гэдгийг уншигчид андахгүй. Эхний дэвтрийг нь хэдийнэ таашаасан уншигчид дараагийн цувралыг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
НИЛ ПАБЛИШИНГ
РЮ МҮРАКАМИ “ТЭЭШ ХАДГАЛАХ САВНЫ ХҮҮХДҮҮД”
Японы өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг Рю Мүракамигийн “Бараг л нэвт харагдах цэнхэр” бүтээлийг Нил паблишингийн хамт олон уншигчдад хүргэсэн цаг тун саяхан. Харин тэд энэ онд “Coin Locker Babies” зохиолыг нь “Тээш хадгалах савны хүүхдүүд” нэртэйгээр уншигчдад хүргэхээр зэхэж байна.
Уг бүтээлийг судлаачид сюрреалист бүтээлийн том жишээ гэж үздэг. Зохиолд 1972 оны зун Токиогийн галт тэрэгний буудал дээр ээждээ хаягдаж зоос хадгалах шүүгээнд түгжигдсэн Хаши, Кику хэмээх хоёр хүүгийн тухай өгүүлдэг.
ХЕРМАН ХЕССЕ “ДЕМИАН”
Германы суут зохиолч Хермэн Хессегийн гар хүрсэн бүхэн дэлхийн уран зохиолд жинтэй хувь нэмэр оруулна. Түүний бичсэн туурвил бүхнээс амьдралын гүн ухаан, тухайн нийгмээс олж харсан жир бус мэдрэмжүүд уншигчийн дотор нэгэн зэрэг мэдрэгддэг.
“Демиан” бол Эмил Синклэйрийн залуу насны түүх юм. 1919 онд анх хэвлэгдсэн уг ном нь зохиолын түүхийг өгүүлэгчийн нэрээр хэвлэгдсэн боловч хожим Хэссэгийн бүтээл болох нь илэрч арав дахь хэвлэл дээр зохиолчийн албан ёсоор зохиолчийн нэрийг тавьж байжээ. Эмил Синклер гэдэг нь “төөрөгдлийн ертөнц” гэсэн утгатай үг юм.
ЁКО ОГАВА “ДУРСАМЖИЙН ЦАГДАА”
2020 онд Ёко Огава “Дурсамжийн цагдаа” бүтээлээ Мэн Бүүкерийн нэрэмжит утга зохиолын шагналыг хүртжээ. Үүнээс гадна тэрээр “Гэрийн үйлчлэгч ба профессор”, “Буудлын цахилдаг” зэрэг бүтээлүүдээрээ алдартай агаад Японы утга зохиолын томоохон шагнал бүрийг ширээндээ залсан нэгэн юм.
Өнгөрснийг хэрхэн хадгалж үлдэх вэ? Зохиолын эргэлтийн цэг дээр уг асуулттай нүүр тулдаг. Залуухан зохиолч өөрийн редакторыг аюулд орсныг мэдээд түүнийг шалны тавцангийн доор нуух төлөвлөгөө зохионо. Түүний амьдардаг арлын ихэнх оршин суугчид алдагдсан эд зүйлээ эргэн санах ой санамжгүй байдаг агаад бүгдийг санадаг цөөхөн хэд нь аливаа зүйлийг мартсан хэвээр нь байлгах үүрэг хүлээсэн дурсамжийн цагдаагаас болж ямагт айдас дунд аж төрнө.
CHIMEE ПАБЛИШИНГ
САЛМАН РУШДИ “ШӨНӨ ДУНДЫН ХҮҮХДҮҮД”
Энэтхэг-Английн суут зохиолч Салман Рушдигийн “Шөнө дундын хүүхдүүд” роман энэ онд уншигчдын хүртээл болно. Тус зохиолыг “Chimee” паблишингаас эрхлэн гаргах юм. Орчин үед үзэл санаа, зохиол бүтээлээрээ дэлхий дахинаа шуугиан тарьж, тэр ч байтугай Ислам шашинтнуудын зүгээс фатва буюу алах ялаар хүртэл шийтгэгдэж, оргон зугтаж амьдарч ирсэн, амьдаараа домог болсон зохиолч бол орчин цагийн үгийн их мастер Салман Рушди.
Түүний “Шөнө дундын хүүхдүүд” роман нь 1981 онд Бүүкэрийн шагнал хүртсэн агаад уг шагналын 25 болон 40 жилийн ойгоор шагналт бүхий л романуудын шилдгээр хоёр ч удаа нэрлэгдсэн байдаг. Энэтхэг орон Английн колоноос гарсан өдөр Салеем Синай хэмээх хүү төрдөг. Тухайн үед төрсөн хүүхдүүд бүгд жир бус. Ингээд Салеем Синайн ярих түүх эхэлнэ.
RITM ПАБЛИШИНГ
Б.ЦЭВЭГМАА “ОДОТ ТАЛДАА БУЦАХ САН”
“Одот талдаа буцах сан” Б.Цэвэгмаа гуайн хүүхэд ахуй цаг, орь залуу нас нь Японы эзэрхийллийн үед Хянганы их уулсын баруун хаяа Хөлөн Буйрын их талд өнгөрч, тэр хязгаар нутагт Япон багшийн байгуулсан охидын сургуульд орж япон хэл сурсан, Манжуурын цэргийн аравдугаар тойргийн Төмөр замын эмнэлгийн сувилагчийн курст суралцаж япон багш нараар сувилахуйн ухааныг заалгаж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байсан тухай, мөн хошууны бага сургуулиудад томилогдон хөдөөгийн хүүхдүүдийг соёлжуулж бичиг үсэгтэй болгохоор зүтгэж явсан, үл гүйцэгдэх гэнэхэн мөрөөдөлдөө хөтлөгдөн тэмүүлж, сэтгэл зүрхээрээ шатаж явсан Монголоо нэгтгэх Өвөрмонголын залуучуудын хөдөлгөөн монголчуудын хүсэл зоригоос дээгүүрх дийлдэшгүй хүчинд автагдан хэрхэн замхарсан хэрэг явдлууд болон газар усан дээрх бага балчир ганц охиноо хөтлөн хятадыг орхин гарч БНМАУ-д ирж монголоо гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлсэн тухайгаа он дарааллаар зураглаж бичсэн зохиогчийн амьдралын гунигтай боловч бадрангуй замналыг өгүүлсэн “Одот талдаа буцах сан” дурдатгал ном дахин хэвлэгдэн гарах гэж байна.
Үзэл бодол, итгэл үнэмшлээсээ хэзээ ч буцаж няцаж яваагүй, ямар ч бэрхшээлийн өмнө сөгдөж үзээгүй Хатан зоригт ээжийн язгуур монгол сэтгэлгээгээр туурвигдсан, эрх чөлөөт тусгаар орны үнэ цэнэ ямар чухал болохыг хойч үеийнхэндээ захимжилсан энэхүү ном нь намтар, дурсамж төрөлд багтах боловч уран зохиол мэт уншигдах нь япон хэл дээр анхлан бичсэн профессор Койбүчи Шиничи, монгол хэлнээ орчуулагч Дамдинбаяр нарын чадвар чансааг бэлхнээ илэрхийлнэ.
КИТ ЧЕСТЕРТОН “THE MAN WHO WAS THURSDAY”
Кит Честертон детектив уран зохиолын төрөлд өөрийн ул мөрийг тод үлдээж, уншигчдад гүн ухааны эргэлзээ үүсгэхүйц ээдрээ, зангилааг зохиолуудадаа шингээдэгээрээ ‘парадоксын ханхүү’ хэмээн нэрлэгддэг зохиолч, шүүмжлэгч билээ. Түүний ур чадварын бат нут илэрхийлэл болж, хожмоо детектив уран зохиолын төрлийг эргэлт буцалтгүй өөрчлөн, олон олон тайз, дэлгэцийн бүтээлийн эх сурвалж болсон “The man who was Thursday, “The man who knew too much” цуврал номыг Ритм Паблишингийн хамт олон монгол хэлнээ орчуулан хэвлэхээр ажиллаж байна.
ФИЛИП К.ДИК “DO ANDROIDS DREAM OF ELECTRIC SHEEP?”
Шинжлэх ухааны зөгнөлт уран зохиолыг Филип К.Дикгүйгээр төсөөлшгүй билээ. Дикийн зохиолууд шинжлэх ухааны уран зөгнөл, бодит нийгмийн шүүмж, философийн бодрол эргэцүүллийг нямбай сүлснээрээ онцгоы байдаг. Үүний нэгээхэн жишээ болсон “Do androids dream of electric sheep?” роман нь шинжлэх ухааны зөгнөлт зохиолын төрөлд анти-утопи, постапокалиптик шинжийг хамгийн урнаар шигтгэж, хожмоо бидний сайн мэдэх “Bladerunner 2049” тэргүүтэй олон олон дэлгэцийн бүтээлийн эх сурвалж болсон билээ.
HUMUUN ПАБЛИШИНГ
BRIANNA WIEST “THE MOUNTAIN IS YOU”
Энэхүү бүтээлд хүн өөрөө өөрийгөө чухамдаа хэрхэн хэмлэж, хорлож, тушдаг талаар өгүүлдэг. Хүн хэзээ, яагаад ийм үйлдэл гаргадаг мөн үүнээсээ хэрхэн бүр мөсөн салах тухай бүтээл. Зөрчилдөөн, зэрэгцэн орших хэрэгцээ нь хүн өөрийгөө хорлон хэмлэх зан авирыг бий болгодог ажээ. Иймээс л өөр ямар ч гарцгүй болох хүртэл бид өөрчлөгдөх гэж хичээдэггүй.
Бидэнд хор уршиг тарьдаг зуршлаа танин мэдэж, өөрийн бие болоод тархиа илүү сайн ойлгосноор сэтгэл зүйн чадамжтай болж, өнгөрсөнд үзэж туулснаа тавьж явуулж, хамгийн дээд боломж бололцоондоо хэрхэн хүрэх талаар сурч судалж байж сая өөрийн замдаа садаа болохоо болих ажээ. Зуун зууны туршид бид давж гарах боломжгүй мэт том сорилт бэрхшээлийг уултай адилтган үзэж ирсэн. Бид өөрсдийн уул даваагаа давж гэтлэхийн тулд траума, сэтгэлзүйн гэмтэл зэргээ таньж, тэсвэр тэвчээрийг олох дотоод үйлдлүүдийг хийх учиртай. Эцсийн дүндээ энэ бүхэн бид уул толгод, саад бэрхшээлийг бус өөрийгөө таньж мэдэх тухай юм.
JULIE ZHUO “THE MAKING OF A MANAGER: WHAT TO DO WHEN EVERYONE
Баяр хүргэе, та менежер боллоо! Үнэтэй дарс шимэн баяраа тэмдэглэж, цалингаа нэмүүлсний дараа бодит үнэн тан дээр тасхийтэл бууж ирэх болно. Би одоо юу хийх ёстой вэ? Харамсалтай нь, ихэнх шинэ менежерт энэ талаарх ямар ч ойлголт байдаггүй нь гашуун үнэн. Номын зохиолч Жюли Жуо 25 настайдаа Фейсбүүк компанийн менежер болон тушаал дэвшихэд түүнд яг л ийм мэдрэмж төрсөн аж.
Чадварлаг менежерүүд цаанаасаа төрдөггүй, харин тэднийг бүтээдэг юм хэмээн итгэлтэйгээр батлах зохиолч хэдхэн жилийн дотор Фейсбүүкийн бүтээгдэхүүн, дизайн хариуцсан дэд ерөнхийлөгч хүртэл карьераа бүтээж чадсан бөгөөд дээрх ойлгомжгүй асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгчээ.
“The Making of a Manager бол өдөр бүр тулгардаг асуудлуудыг жишээ болгон авч, гайхалтай сайн менежерийг жирийн нэг менежерээс хэрхэн ялгаж таних, ажилтнуудтайгаа даргалахгүйгээр хэрхэн итгэлцэл үүсгэх, итгэл найдвараа алдаж, хариулт олж чадахгүй үед хэрхэн тухай өгүүлжээ. Шинэ эсвэл олон жилийн туршлагатай менежерүүдэд, тушаал дэвших талаар бодож байгаа хэн бүхэнд зориулагдсан, сайн менежерийг бүтээхэд хэрэгтэй гарын авлага болсон эл ном нь менежментийн талаарх шилдэг бүтээлүүдийн нэг юм.
AVDAR ПАБЛИШИНГ
ЯСҮНАРИ КАВАБАТА “ЦАСНЫ ОРОН”
Японы алдарт зохиолчийн эл романд миний хүсдэг, таашаан уншдаг зохиолчдынх шиг тийм их адал, явдал, хурц үйл явдлууд гардаггүй. Гэлээ ч дүрүүд нь сэтгэл урах шиг болоод уншиж дууссаны хойно хэд хоног мөнөөх эмзэглэлээс ангижирч чадахгүй байж билээ. Гол дүрийн баатар Шимамура нь Японы хойд хэсэгт орших Хоккайдоо арлын их цасанд байх халуун рашааны амралтын газар гурвантаа очиж амарсан тухай өгүүлдэг. Тухайн үеийн улс орны хөгжлөөс тусгаарлагдан үлдсэн эл газарт гол дүрийн баатар маань Комако нэрт бүсгүйтэй учирснаар үйл явдал эхэлж эмэгтэй хүн хийгээд байгалын гоо үзэсгэлэнгийн тухай урт хөврүүлүүд, цасны орноос хайж олох ёстой нууцлаг зүйлийн эрэлд хатах Шимамурагийн адал эхэлдэг.
Кавабата хэзээ ч уламжлалдаа ширүүн хандаж байгаагүй. Зохиол бүрт нь их бага хэмжээгээр үндэсний үзэл ч тусгагдсан байдаг. “Цасны орон” хэмээх алдарт романдаа Хоккайдоо арлын цаст уулс, япончуудын энгийн хийгээд өвөрмөц төрхийг буулгасан. Эмгэнэл бол түүний уран бүтээлд ариун нандин төрхөөр буудаг цорын ганц зүйл. Өрөвдөлтэй, хөөрхий баатрууд нь хэзээ ч хэн нэгнээс тусламж хүсдэггүй учраас түүнийг дэлхий нийтээр унших дуртай байдаг.
BOOBOOKS
МА ЖИАН “RED DUST”
Тус хэвлэлийн газраас Ма Жианы хятад улсад хориотой “Хэлээ гарга” өгүүллэгийн түүврийг уншигчдад хүргэж байсан юм. Харин энэ онд “Улаан тоос” романыг орчуулан гаргахаар болжээ.
1983 онд улс төрийн буруу бодлогын эсрэг үзэл санаандаа үнэнч үлдсэн Ма Жиан эхнэр, охиноо орхиж Бээжин дэх амьдралаа хөсөр хаян аялахаар шийднэ. Түүний эхнэр өөр хүнтэй нэг хөнжилд орж, мөн Дэн Сяопины бий болгосон “Оюун санааны бохирдол” нэрийн дор шүүгдэж, хоригдох дээрээ тулаад байсан тэрээр ийнхүү Хятадын хамгийн алс, бөглүү хязгааруудад зорчдог. Гурван жил үргэлжилсэн эл аялал уулын тосгодын утаанд дарагдсан, ядуу зүдүү, харгис хэрцгий эх орныхоо өнцөг булан бүрийг туучин явсаар эцэст нь амар амгалан хязгаарт хүрч төгсөнө.
ЭРДЭМТ ПАБЛИШИНГ
KATHERINE ORMEROD “COCO RULES”
“Coco Rules” гэдэг нь Коко Шанелийн амьдралын дүрэм, гоо сайхны талаар баримталдаг зарчмуудыг орчин цагийн хэв маягт буулгах юм. Гэхдээ зохиолч Кэтрин Ормерод энэ цаг үед тохируулахдаа олон сонирхолтой жишээгээр баяжуулж эл номыг бичжээ.
Коко Шанель бол өөрийн өвөрмөц зан авир, хувцас загварын ертөнцөд өдгөө хүртэл гайхалтай үлгэр жишээ, эх сурвалж байсаар ирсэн. Тэрээр хувцас загварын талаарх өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн үгсийг ямагт хэлдэг байсныг өдгөө сонирхолтой жишээнд тулгуурлан буулгаснаас гадна Каролина Мэлисийн номд зориулсан зургийн ажил нь уншигчдын сонирхлыг өөрийн эрхгүй татах болно.
ДИАНА УИНН ЖОНС “CASTLE IN THE AIR”
Эрдэмт хэвлэлийн газрын “Нахиа” редакцийн хамт олон уржнан Уинн Жонсын “Хаулын нүүдэг цайз” хэмээх олон улсад алдартай хүүхдийн романыг уншигчдад хүргэсэн билээ. Харин энэ онд бид түүний “Castle the Air” бүтээлээр зорчих нь ээ. Уг зохиол магадгүй арабын үлгэртэй тун төстэй өгүүлэмжтэй санагдаж магад.
Алс холын Ингар нутгийн өмнө зүгт орших Занзиб хотод залуухан хүү Абдулла хивсний худалдаа хийн амьдардаг байв. Нэгэн өдөр үл таних хүн түүнд шидэт хивч зарснаас амьдрал нь тэр чигтээ өөрчлөгддөг. Английн алдарт уран зөгнөлт зохиолчийн тус ном адал явдалд дуртай бяцхан уншигчдын зүрх сэтгэлийг ховсдон татдаг, амттай зохиол юм.
ДЭВИД М.РУБЕНШТЕЙН “HOW TO LEAD”
“Хэрхэн манлайлах вэ?” Та магадгүй энэ асуултыг өөрөөсөө асууж байна уу? Тэгвэл хариултыг уг номоос олоорой. Зөвхөн олохоос гадна удирдахад суралцаж болох юм. Энэ бол удирдах ухааны талаар мэдлэг олгох хамгийн чухал номуудын нэг. Уншигч та уг бүтээлээс Билл Гейтс, Жефф Безос, Уоррн Баффет, Опра Уинфри болон өөр олон хүмүүсийн гайхалтай амьдрал, карьертай танилцахаас гадна, амьдралын зарчим, удирдахуйн философийг мэдэж авна.
Сүүлийн таван жилийн хугацаанд уг номын зохиолч Дэвид М.Рубенштейн дэлхийн хамгийн алдартай хүмүүсийг өөрийн шоундаа урьж хэрхэн амжилтад хүрсэн талаар нь ярилцжээ.
NOJO ПАБЛИШИНГ
ЖОН СТЕЙНБЭК “СУВД”
Америкийн Нобелийн шагналт зохиолч Жон Стейнбэкийн “Хулганууд ба хүмүүс”, “Уур хилэнгийн усан үзэм” зэрэг бүтээлүүд манайд орчуулагдсан билээ. Түүний бичлэгийн хэлбэр нь Уильяам Фолкнерынхтой төсөөтэй боловч үзэл санааны хувьд тэс ондоо.
Ножо хэвлэлийн газар энэ удаад “Хэлхээгүй сувд” цувралынхаа дараагийн номоор Стейнбэкийн “Сувд” туужийг уншигчдад хүргэх ажээ. Америк тивийн уугуул индианчуудын домгоос сэдэвлэн бичсэн эл туужаараа Жон Стейнбэк хөрөнгө, мөнгө бүх асуудлыг арилгаж чаддаг хэмээн итгэдэг хөөрхий хүмүүсийн золгүй хувь заяаг нэгэн гэр бүлээр төлөөлүүлэн харуулахыг зорьжээ. Уг бүтээл нь анх 1947 онд хэвлэгдэн гарсан цагаасаа өнөөг хүртэл уншигчдын талархлыг хүлээж, Латин Америкийн тууж дотор дээгүүрт бичигддэг байна.
АЛЕКСАНДР ГРИН “АРАНЗАЛ ДАРВУУЛТ ХӨЛӨГ”
Оросынн зохиолч Александр Грины “Аранзал дарвуулт хөлөг” гэх уянгын туужийг Г.Аким гуайн орчуулгаар дахин хэвлэх юм. Уг бүтээл зохиолчийн цаашдын туурвилд хамгийн гэрэл гэгээтэй замыг нээсэн, нээснээр барахгүй үл хумигдах тэрхүү гэрлээ тусгасаар байсныг судлаачид онцолдог.
Үлгэрч өвгөн Эгелийн Ассольд ярих түүх хэмээгээд зохиолыг хэдхэн үгэнд товчилж болно. Харин агуулга, үзэл санаа, ярих түүхийн баялаг өгүүлэмж нь уншигчийг зохиолоос хоромхон ч холдуудлдаггүй. Дээр нь орчуулагч Г.Акимийн зохируулсан хэл найруулга нь чухам л онож найрссан болохыг уншигчид хэлүүлэлтгүй мэдэх билээ.
АЛЬФА БҮҮК
Ф.М.ДОСТОЕВСКИЙ “КРОТКАЯ”
Түүний романуудын нүсэр байгууламжуудаас гадна туужуудын гүн санаа, хурц үйл явдал, дүрийнх нь дотоод монологийг тодорхойлж чадах бүтээлийн нэг бол “Ноомой эмэгтэй”.
Уг тууж гол дүрийн баатрын эхнэрийн үхлээр эхэлнэ. Үргэлжлэл нь тэр аяараа магадгүй наманчлал, тэрхүү наманчлалаас үүдсэн дүрийн монолог хэмээн тодорхойлж болохуйц өгүүлэмжээр баялаг. Юуны учир тэр эмэгтэй үхэв. Одоо цаашид хэрхэх билээ? Хэн нэгний оршихуйн утга учир хэн нэгэн байгаад, тэрхүү утга учир бүхий л итгэл найдвартай нь хамт булшлагдсан үед хүн наманчлахаас өөрийг хийж чадах сан бил үү.